| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Пагма |
| Хэргийн индекс | 309/2025/00944/И |
| Дугаар | 309/ШШ2026/00726 |
| Огноо | 2026-03-23 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 309/ШШ2026/00726
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Пагма даргалж, тус шүүхийн хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* *******ны ******* тоотод оршин суух ******* овогт *******гийн *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорнод аймаг, сум, 4 дүгээр баг, *******ын тоотод оршин суух овогт ын д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “Нэг гүү, хоёр унаганы хохирол төлбөрт 9,000,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уянга
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч Б.д холбогдуулан “Нэг гүү, хоёр унаганы хохирол төлбөрт 9,000,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Нэхэмжлэгч Ц.******* нь 2020 оноос эхлэн өөрийн гэсэн хурдан удмын адуутай болохоор төлөвлөн цуглуулж эхэлсэн бөгөөд хадам ааваасаа /Дорнод аймгийн Баянтүмэн сумын харьяат аймгийн алдарт уяач Г.Ганхуяг нь аймаг, сумандаа хурдан адуутай гэдгээрээ алдаршсан хүн байдаг/ 2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хурдан хээр азарганых нь төл болох зээрд зүсмийн хязаалан гүүг 4,000,000 төгрөгөөр худалдан авсан. Тухайн гүү нь 2025 онд зургаан настай хоёр дахь удаагаа унагалах гээд хээл тээж байсан, цаашид зөндөө унагалах залуу гүү байсан. 2025 оны 04 сарын 01-ний өдөр тавин хувьтай залуу азарганд хээлтүүлсэн хурдан удмын хоёр гүүгээ Дорнод аймгаас Улаанбаатар хот руу ачуулахаар фэйсбүүк зар үзэхэд "Дорнод Улаанбаатар ачаа тээврийн групп" нэртэй зарын бүлэгт Билэг Эрдэнэ нэртэй хаягнаас “Дорнодоос УБ адуу ачна 90118498 90414179” гэсэн зар байсны дагуу холбогдож нэг хээлтэй гүүг 200,000 төгрөг, нийт 400,000 төгрөгөөр ачуулахаар хоорондоо утсаар ярьж урьдчилгаа 200,000 төгрөгийг хариуцагч Б.Билэг-Эрдэнийн ХААН банкны 5466050273 тоот дансанд 80862390 дугаараа бичин 2025 оны 04 сарын 02-ны өдөр шилжүүлсэн. Хариуцагч хоёр гүүг Баянтүмэн сумаас 2025 оны 04 сарын 02-ны өдрийн 14.00 цагийн орчимд ачиж хөдөлсөн бөгөөд арван хоёр цаг яваад ирэх газарт хорин дөрвөн цагийн дараа буюу 2025 оны 04 сарын 03-ны өдрийн 14.00 цагийн үед Төв аймгийн Сэргэлэн суманд авчирсан. Гүүнүүдээ буулгах гэтэл хурдан хээр азарганы төл болох зээрд гүү маань үхсэн байсан. Хариуцагч буруугаа хүлээж 5,000,000 төгрөгийг 20 хоногийн дотор олж өгөхөөр тохирсон ч “өгч чадахгүй шүүх цагдаадаа ханд” гээд холбогдохоо байсан. Гэтэл амьд ирсэн шарга гүү хээл алдаж амьгүй унага гаргасан. Хоёр гүүтэй хамт том биетэй эрлийз хоёр адуу байсан. /Булган сумаас ачиж ирсэн/ Энэ бүхэн тээвэрлэлтийн явцад жолооч хариуцлага алдсанаас болсон учир хурдан удмын нэг гүү, хоёр унаганы амь хохирлын төлбөрт 9,000,000 төгрөгийг хариуцагч Б.эс гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэв.
2. Хариуцагч Б. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие 2025 оны 04 сарын 02-ны өдөр Дорнод аймгийн Баянтүмэн сумаас Ц.*******ын гэх 2 адууг ачаад 14:00 цагийн үед хөдөлсөн нь үнэн. Мөн Булган сумаас өөр 2 адуу ачсан байсан. Дээрх 2 адуу нь нилээн догшин, хөтлөхөд жолоо тархиа мэдэхгүй адуу байсан бөгөөд миний бие ямар хурдан удмын, ямар үүсэл гаралтай адуу гэдгийг нь сайн мэдэхгүй юм. Адууг ачаад замдаа явж байхад зөвхөн нэг адуу нь ойчиж, унаж тусаад байн байн машинаа зогсоож, адууг босгож явсаар Хэнтий аймагт ирсэн. Энэ тухай Ц.*******т утсаар ярьж, явж болохгүй байна гэж хэлсэн бөгөөд Хэнтийгээс цааш явахдаа унаж ойчих болгонд утсаар мэдэгдэж, босгоод, Ц.******* ч өөрөө утсаар яаж байна? Хаана явна? хэмээн ярьж байсан. Багануурт ирээд үнэхээр ядруу муудаад байгааг нь, явж болохгүй байгаагаа хэлсэн боловч тусламж үзүүлэхгүй, ямар ч байсан ямар нэг аргаар амьд л авчирч үзээрэй гэсэн. Ингээд цааш байн байн зогсож, босгож явсаар Төв аймгийн засмал замын уулзвар дээр ирээд “Одоо болъё оо, бүр явахгүй боллоо, босохгүй нь ээ. Өөрсдөө ирж аваарай” гэж дуудсан юм. Гэтэл “гайгүй байлгүй дээ, одоо 3-4 км газар яваад буулгана” гээд ирээгүй. Ингээд Ц.*******ын хүсэлтээр цааш явсаар адууг буулгах газар буюу Төв аймгийн Сэргэлэн суманд ирэхэд тус адуу нь амьд байсан хэдий ч бусад адууг буулгаж байх хооронд үхсэн юм. Тухайн үед миний бие энэ асуудлыг шийдвэрлэх, шалгуулах, хуулийн газар, цагдаа дуудах санал гаргасан боловч Ц.******* нь “хэрэггүй ээ, тусламж үзүүлээгүй миний буруу ч байгаа” гээд салаад явцгаасан болно. Харин 2 дахь адуу нь ямар нэгэн асуудалгүй тээвэрлэгдэж, буулгах газар буюу Төв аймгийн Сэргэлэн суманд амьд хүлээлгэн өгсөн билээ. Тиймээс миний бие тус 2 адууг тээвэрлэхэд ямар нэгэн хариуцлага алдаагүй, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй хийгээгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгч талаас бүртгэлийн 0304 дугаартай эрх олгосон итгэмжлэл, Сачин-Овоо мал эмнэлгийн тодорхойлолт, малын гарал үүслийн бичиг, ХААН банкны дансны дэлгэрэнгүй хуулга, Ц.*******, Г.Нарангэрэл нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, утасны дуудлага, мэссэжний зураг болон фэйсбүүк чатаар харьцсан тухай гэрэл зургууд, хоёр гүүний гарал үүсэл, үрэгдсэн байдал, тамга зэргийг харуулсан гэрэл зургуудийг шүүхэд гаргаж өгсөн ба хариуцагч хариу тайлбараас өөр баримт өгөөгүй.
4. Шүүх нэхэмжлэгч талын хүсэлтээр шинжээч томилж үнэлгээ гаргуулах ажиллагааг хийсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудтай харьцуулан шинжлэн судалсны үндсэн дээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Ц.******* нь тус шүүхэд хариуцагч Б.д холбогдуулан “Нэг гүү, хоёр унаганы хохирол төлбөрт 9,000,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн дэмжиж оролцсон болно.
Хариуцагч Б. нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...миний бие тус 2 адууг тээвэрлэхэд ямар нэгэн хариуцлага алдаагүй, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй хийгээгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн тайлбарыг шүүхэд өгсөн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар:
-Нэхэмжлэгч Ц.*******, хариуцагч Б. нар нь 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Дорнод аймгийн Баянтүмэн сумаас Төв аймгийн Сэргэлэн сум руу 2 тооны адууг тээвэрлэн хүргүүлэх, нөгөө тал хөлсийг төлөх талаар амаар харилцан тохиролцсон байх бөгөөд уг тохиролцсоны дагуу нэхэмжлэгч нь 2 тооны хээлтэй гүүг Дорнод аймгийн Баянтүмэн сумаас Төв аймгийн Сэргэлэн сум руу хүргүүлэхээр Б.Билэг-Эрдэнийн тээврийн хэрэгсэлд ачуулж хөлсийг төлсөн.
-2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн суманд тээвэрлэж ирсэн 2 тооны адууг хүлээн авах үед 1 хээлтэй гүү нь үхсэн, тээвэрлэгдэж амьд ирсэн гүү нь удалгүй хээл хаясан гэх үйл баримтууд тогтоогдож байна.
Үүнээс үзэхэд талууд ачааг тээвэрлэн тогтоосон газарт хүргүүлэх, нөгөө тал хэлэлцэж тохирсон хөлсийг төлөх талаар харилцан хүсэл зоригоо илэрхийлж, хэлцлийн гол нөхцөл /тээвэрлэх зүйл, нөхцөл, үнэ хөлс г.м/-ийн талаар хэлэлцэн тохиролцож, гэрээг амаар байгуулснаар гэрээ хүчин төгөлдөр болсон байх ба талуудын хооронд Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1.1, 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр тээвэрлэлтийн гэрээ байгуулагдсан байна. Талууд уг гэрээг бичгээр байгуулаагүй хэдий ч талуудын тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар дээрх гэрээг үгүйсгэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Талуудын хооронд ийнхүү амаар байгуулагдсан гэрээний дагуу нэхэмжлэгч Ц.******* нь 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Дорнод аймгийн Баянтүмэн сумаас Б.Билэг-Эрдэнийн тээврийн хэрэгсэлд ачуулсан 2 гүүгээ 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн суманд хүлээн авах үед 1 хээлтэй гүү нь үхсэн үйл баримттай талууд маргадаггүй.
Нэхэмжлэгч Ц.*******ын ачуулсан 2 тооны гүү хурдан удмын угшилтай, улмаар тавин хувийн цустай азарганд хээлтүүлсэн, үхсэн хээр гүүгээ 4,000,000 төгрөгөөр худалдаж авсан гэх тайлбар нь хэрэгт авагдсан ХААН банкны дансны дэлгэрэнгүй хуулга, Ц.*******, Г.Нарангэрэл нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, утасны дуудлага, мэссэжний зураг болон фэйсбүүк чатаар харьцсан тухай гэрэл зургууд, хоёр гүүний гарал үүсэл, үрэгдсэн байдал, тамга зэргийг харуулсан гэрэл зургуудаар батлагдаж байна.
Мөн Дорнод аймгийн Баянтүмэн суман дахь “Сачин-Овоо” мал эмнэлгээс өгсөн малын гарал үүслийн бичгээр ачигдсан 2 тооны гүү нь хээлтэй эрүүл гүү байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч Ц.*******ын тээвэрлэлтийн явцад 1 хээлтэй гүү үхэж, улмаар нэг гүү хээл хаяж үхсэн унага гаргасан гэх тайлбар үндэстэй байна.
Иргэний хуулийн 393 дугаар зүйлийн 393.1 дэх хэсэгт тээвэрлэгч ачааг хүлээн авснаас хойш хүлээлгэн өгөх хүртэлх хугацаанд ачаа алдагдсан, дутсан, гэмтсэн, түүнчлэн тээвэрлэлтийн хугацаа хоцроосны хариуцлагыг бүхэлд нь буюу хэсэгчлэн хариуцна гэж заасан.
Иймд нэхэмжлэгч Ц.******* нь тээвэрлэлтийн улмаас үхсэн нэг гүү, хоёр унаганы хохирлыг тээвэрлэлт хийсэн хариуцагч Б.эс шаардах эрхтэй гэж үзнэ.
Харин хариуцагч Б. нь тухайн 2 тооны гүүг тээвэрлэхэд ямар нэгэн хариуцлага алдаагүй, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй хийгээгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж тайлбар гаргасан боловч энэ талаарх нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй тул түүний тайлбар нотлогдохгүй байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1-д бусдын …эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр …ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын …эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх үүрэгтэй талаар тус тус зааснаас гадна мөн хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д “Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж заасан.
Хууль болон гэрээнд ийнхүү зааснаас үзвэл хариуцагч Б.Билэг-Эрдэнийн нь тээвэрлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй үйлдэлтэй нэхэмжлэгч Ц.*******т учирсан 9,000,000 төгрөгийн хохирол шалтгаант холбоотой байх тул тээвэрлэлтийн улмаас үүссэн хохиролд 9,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Ц.*******т олгох үндэстэй гэж шүүх үзлээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 309/ШЗ2025/03889 дугаартай захирамжаар хариуцагч Б.Билэг-Эрдэнийн дансны зарлагын хөдөлгөөнийг 9,000,000 төгрөгийн хэмжээнд зогсоох шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан бөгөөд хуульд зааснаар уг арга хэмжээ нь шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлэхийг дурдах нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд: Нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158,950 төгрөгийг сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.эс улсын тэмдэгтийн хураамжид 158,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.*******т олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 393 дугаар зүйлийн 393.1-д зааснаар хариуцагч Б.эс тээвэрлэлтийн улмаас үүссэн хохиролд 9,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.*******т олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158,950 төгрөгийг сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.эс улсын тэмдэгтийн хураамжид 158,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 309/ШЗ2025/03889 дугаартай захирамжаар авсан Б.Билэг-Эрдэнийн дансны зарлагын хөдөлгөөнийг 9,000,000 төгрөгийн хэмжээнд зогсоох шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг гарснаас хойш ******* хоногийн дотор зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт гардуулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 7 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ПАГМА