| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 146/2018/0053/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/65 |
| Огноо | 2018-08-27 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Н.Батмөнх |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 27 өдөр
Дугаар 2018/ШЦТ/65
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сарантуяа даргалж,
Нарийн бичгийн дарга А.Батцог,
Улсын яллагч: Н.Батмөнх,
Насанд хүрээгүй хохирогч О.А,
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.М,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч С.Чулуунбаатар,
Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Хонгорзул,
Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч: И.Ө,
Өсвөр насны шүүгдэгч Ө.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн өсвөр насны шүүгдэгч Л тайж овогтой Ө.Б-д холбогдох эрүүгийн 1727000770018 дугаартай хэргийг 2017 оны 07 дугаар сарын 17-ны
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, .... оны ... дугаар сарын ...-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, оюутан, ам бүл 5, аав, ээж, дүү нарын хамт Өвөрхангай аймгийн ............ тоотод оршин суух, гавъяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Л тайж овогтой Ө.Б,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Өсвөр насны яллагдагч Ө.Б нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрт 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 12б ангийн сурагч О.А-ийг зодож биед нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Ө.Б мэдүүлэхдээ:
Би А-ийг санаатай гэмтээнэ гэж бодоогүй. О.А гудамжнаас гарч надтай зодолно гээд хувцасаа тайлсан гарч ирсэн. О.А эхлээд намайг өшиглөсөн тэр үед би өшиглөсөн хөлийг нь барьж аваад нөгөө хөлийг нь ташаад газарт унагасан. Тэгээд босож ирэхдээ О.А-ийн гар нь хугарсан байсан гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогч О.А мэдүүлэхдээ:
Ө.Б нь өмнө нь буюу 2017 оны 09 дүгээр сарын 02-ны орой намайг спортын ордоноос гараад явж байхад над руу халдаж байсан. Намайг байнгын дээрэлхэж байсан. Бид хоёрыг зодолд гэж ангийнх нь хүүхдүүд намайг дарамталсан. Ө.Б намайг эхлээд нэг унагаасан. Тэгээд босоод ирэхэд намайг дахин унагаж нүүр лүү өшиглөсөн. Тэр үед миний гар хугарсан байсан гэв.
Насанд хүрээгүй хохирогч О.А-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
"...2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр сургуулийн ард манай ангийн болон нөгөө 12в ангийн ихэнх хүүхдүүд байж байхад А бид 2 зодолдсон. ...Бминий нүүр лүү нэг удаа өшиглөсөн. Тэрний дараагаар ахиж намайг Б унагасан. Тэр үед би гараараа тулж ойчсон. Тэрнээс болж миний зүүн гарын тохой хэсгээр гэмтсэн.. Би гомдолтой байна. Хохирлоо төлүүлж авмаар байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/,
Гэрч С.М-гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
"...Миний хүү А-ийг сургууль дээрээ байж байхад нь Ө.Б гэж хүү дуудаж байгаад үүрч шидэж унагааж байгаад миний хүүгийн нүүр хэсэг рүү 1-2 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 54 дүгээр хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Х.Д-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
"...Б, А 2-ыг зодолдох үед би хамт байсан. Манай ангийн Б, Аийг үүрээд шидсэн. Тухайн үед хамт байсан хүүхдүүд бүгдээрээ салгах гээд очсон чинь Аийн гар эвгүй болчихсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 56-57 дугаар хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Л.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
"...Б А-ийг унагаатал гар нь эвгүй болчихсон...дайрсан тэгэхээр нь нэг цохиод үүрээд шидсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 157 дугаар хуудас/,
Насанд хүрээгүй гэрч П.Ц-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
"...Би 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Б А зодолдох үед хажууд нь байсан...Б А-ийг цохиод үүрээд шидсэн тэгтэл манай ангийн А-ийн гар нь эвгүй болчихсон..." гэх мэдүүлэг /хх-ийн 159 дүгээр хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Б.Б-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: "...А, Бхоёр зодолдсон тэгээд Б, А-ийг газар унагаасан тэр үед А-ийн гар хугарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 60 дугаар хуудас/,
Насанд хүрээгүй гэрч С.Б-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...Б, А хоёр зодолдсон..." гэх мэдүүлэг /хх-ийн 62 дугаар хуудас/,
Насанд хүрээгүй гэрч А.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
"...Би тэр 2 хүүхдийг танина. А нь манай ангийн хүүхэд харин Бнь нөгөө ангийн сурагч байгаа юм. ...А Бнар зодолсон. Б, А-ийг унагаасан тэр үед манай ангийн Баттөмөр салгасан тэр үед А-ийн гар нь хугарсан байсныг нь мэдсэн. Тэрний дараагаар сургуулийн багш Б-ийг дуудсан. Ирээд А-ийн гарыг барьж үзээд гар нь хугарсан талаар хэлсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 68-69 дүгээр хуудас/,
Өсвөр насны яллагдагч Ө.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...Маргааш сургууль дээр хичээл тарсан байхад уулзах гэсэн чинь А өөрөө хувцасаа тайлаад надтай зодолдох гээд намайг эхэлж өшиглөсөн. Тэрний дараагаар би түүнийг түлхэж унагаасан. ...Манай ангийн Д-ыг манай сургуулийн 10 дугаар ангийн сурагч Б наад бөмбөгөө өг гэж хэлсэн. Тэр үед Д ах захаа мэдэхгүй ямар хүүхэд вэ гэж хэлээд Б-ийн цээж хэсэг рүү зөөлөн цохиж байсан. Тэгээд анх хэрүүл маргаан эхэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 77 дугаар хуудас/,
Гэрч И.Ө-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...Миний хүү Б нь Өвөрмонголын өөртөө засах орны Шилийн хотын Ажил мэргэжилийн дээд сургуульд малын эмч мэргэжилээр суралцдаг юм. Хичээлдээ явчихсан байгаа. Айлын дунд хүү бөгөөд дээрээ нэг эгчтэй, дүүтэй. Зан байдлын хувьд өрөвчхөн сайхан сэтгэлтэй, хамт олон ангийн найз нөхдийн хүрээнд нийтэч, урлаг спортоор Улс болон аймагт удаа дараа амжилт гаргаж байсан. Энэ талаар нь сургуулийн удирдлага болон Өвөрхангай аймгийн спорт хорооний газар мэднэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 112 дугаар хуудас/,
Гэрч Б.О-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...Миний хүү 2000 оны .. дугаар сарын ...-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн. Зан байдлын хувьд өрөвчхөн сайхан сэтгэлтэй, хамт олон ангийн найз нөхдийн хүрээнд нийтэц, урлаг спортоор удаа дараа амжилт гаргаж байсан. ...Миний хүү Ө.Б нь Өвөр Монголын өөртөө засах орны Шилийн хотын “Ажил мэргэжилийн дээд сургуульд” малын эмч мэргэжилээр суралцдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 136-137 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн №422 тоот актын:
1. О.А-ийн биед зүүн гарын атгаалны дотор булууны хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй.
3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь гэмтэлийн эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна.
4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт /хх-ийн 71 дүгээр хуудас/,
Насанд хүрээгүй хохирогчийн өвчний түүх, хохирлын баримтууд /хх-ийн 12-21, 27-53 дугаар хуудас/,
Өсвөр насны шүүгдэгч Ө.Б-гийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчийн хувийн хэргийн хуулбар, Хархорин сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн тодорхойлолт, Шилийн гол Ажил мэргэжлийн дээд сургуулийн гадаад харилцааны төвийн тодорхойлолт /хх-ийн 89-93 дугаар хуудас/,
Өсвөр насны шүүгдэгч Ө.Б-гийн насыг тоолсон мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 131 дүгээр хуудас/,
Хохирол төлсөн талаарх баримт /хх-ийн 81 дүгээр хуудас/,
Өсвөр насны шүүгдэгч Ө.Б-гийн бичгийн баримтыг хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 132 дугаар хуудас/,
ЦЕГ-ын лавлагааны санд бүртгэгдээгүй тухай урьд шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 86-88 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар
Өсвөр насны шүүгдэгч Ө.Б нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрт 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр насанд хүрээгүй хохирогч О.А-ийг зодож биед нь хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь
Насанд хүрээгүй хохирогч О.А-ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэрхэн хохирсон талаар өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №422 тоот актын: “...1. О.А-ийн биед зүүн гарын атгаалны дотор булууны хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй. 3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт /хх-ийн 71 дүгээр хуудас/, Насанд хүрээгүй гэрч Х.Д, Л.Э, П.Ц, Б.Б, С.Б, А.Б нарын мэдүүлэг /хх-ийн 56-57, 60, 62, 68-69, 157, 159 дүгээр хуудас/, Өсвөр насны шүүгдэгч Ө.Б-гийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдаж шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хархорин сум дахь сум дундын Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, өсвөр насны шүүгдэгч Ө.Бгийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангасан, тэрээр гэм буруутай байна гэж шүүх дүгнэв.
Иймд өсвөр насны шүүгдэгч Ө.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Ө.Б нь тухайн гэмт хэргийг үйлдэх үедээ 18 насанд хүрээгүй байсан нь нас тоолсон тэмдэглэлээр /хх-ийн 131 дүгээр хуудас/ тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 3-т “...шүүх гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан..., ...эсхүл ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж болно...” гэж заасан ба энэхүү хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжтой байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан ялыг оногдуулахгүйгээр тэнсэж 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэсэн ч түүнд гэм бурууг нь ухамсарлуулах, амьдрах зөв арга барилд сургах, гэмт хэрэг дахин үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар оршин суух газар, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэв.
Өсвөр насны шүүгдэгч Ө.Б-г хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмээ авсан 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлж, уг хугацаанд хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг түүний хууль ёсны төлөөлөгч И.Ө, эх Б.О нарт даалгаж, мөн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгуулагад даалгах нь зүйтэй байна.
Өсвөр насны шүүгдэгч Ө.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Насанд хүрээгүй хохирогч О.А-ийн хууль ёсны төлөөлөгч С.М нь хохирол 5 664 460 төгрөг нэхэмжилснээс нотлох баримтын шаардлага хангасан бодит хохиролд 1 728 926 төгрөг байгаагаас 2017 оны 10 дугаар сарын 09-ны өдөр төлсөн 500 000 төгрөгийг /хх-ийн 81 дүгээр хуудас/ хасч үлдэх 1 228 926 төгрөгийг иргэний хариуцагч И.Өаас гаргуулж насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгчид олгож, нотлох баримт гаргаагүй 1 940 534 төгрөг болон нотлох баримтын шаардлага хангаагүй 1 995 000 төгрөг /үүнд: төлөгдсөн эсэх нь тодорхойгүй - гипс гэх 25 000 төгрөг хх-ийн 37 дугаар хуудас, -хагалгаанд гэх 450 000 төгрөг хх-ийн 44 дүгээр хуудас, юунд зарцуулсан нь тодорхойгүй Хаан банк гэх 20 000 төгрөг хх-ийн 49б тал, Өмгөөлөгч авах эсэх нь талуудын эрхийн асуудал бөгөөд өмгөөлөгчтэй байгуулсан гэрээ нь иргэд хоорондын сайн дурын үндсэн дээр хийгдсэн хэлцэл ба зайлшгүй өмгөөлөгч оролцуулах Эрүүгийн хуулийн зохицуулалтад хамаарахгүй тул өмгөөллийн хөлс 1 500 000 төгрөг хх-ийн 30 дугаар хуудас, бүгд 1 995 000 төгрөг/, нийт 3 935 534 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Ө.Б нь шүүхээс хүлээлгэсэн дээрх албадлагын арга хэмжээ, үүргийг биелүүлээгүй мөн санаатай гэмт хэрэг үйлдсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг, өсвөр насны шүүгдэгч Ө.Б нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт хураагдсан өсвөр насны шүүгдэгч Ө.Б-гийн иргэний үнэмлэх, Е1999532 дугаартай гадаад паспортыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц түүнд буцаан олгохыг тус тус дурдах нь зүйтэй.
Өсвөр насны шүүгдэгч Ө.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Өсвөр насны шүүгдэгч Л тайж овогтой Ө.Б-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 3-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Ө.Б-д эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1, 4-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Ө.Б-д 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлж, уг хугацаанд хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг түүний хууль ёсны төлөөлөгч И.Ө, эх Б.О нарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5, 8.7 дугаар зүйлийн 2-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Ө.Б-д 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг авсан хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
5. Үүрэг хүлээлгэсэн өсвөр насны шүүгдэгч Ө.Б-д хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан 1 жилийн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгуулагад даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Ө.Б нь шүүхээс хүлээлгэсэн дээрх албадлагын арга хэмжээ, үүргийг биелүүлээгүй мөн санаатай гэмт хэрэг үйлдсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг дурдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар насанд хүрээгүй хохирогч О.А-ийн хууль ёсны төлөөлөгч С.М нь хохирол 5 664 460 төгрөг нэхэмжилснээс нотлох баримтын шаардлага хангасан бодит хохиролд 1 228 926 /нэг сая хоёр зуун хорин найман мянга есөн зуун хорин зургаа/ төгрөгийг иргэний хариуцагч И.Ө-аас гаргуулж насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгчид олгож, нотлох баримт гаргаагүй болон нотлох баримтын шаардлага хангаагүй 3 935 534 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
8. Өсвөр насны шүүгдэгч Ө.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт хураагдсан өсвөр насны шүүгдэгч Ө.Б-гийн иргэний үнэмлэх, Е1999532 дугаартай гадаад паспортыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц түүнд буцаан олгохыг тус тус дурдсугай.
9. Өсвөр насны шүүгдэгч Ө.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурьдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл өсвөр насны шүүгдэгч Ө.Б-д авсан хувийн баталгаа гаргах болон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.САРАНТУЯА