Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 209/МА2022/00041

 

*******ны
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

                                                                             Хэргийн индекс: 135/2022/00072/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Байгалмаа даргалж, шүүгч Г.Давааренчин, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  02 дугаар сарын 15-ны өдрийн  233 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******т холбогдох     

Нэхэмжлэлийн шаардлага: “3,000,000 төгрөг гаргуулах” тухай,

Иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнхболдын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн, 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

******* нь 2013 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн ******* тоот гэрээгээр 5,000,000 төгрөгийн FT-250 маркын тракторын иж бүрдлийг хамт урьдчилгаа 40 хувь болох 2,000,000 төгрөг төлөн үлдэгдэл 60 хувь болох 3,000,000 төгрөгийг 2016 оны 07 сарын 31-ний дотор төлөхөөр гэрээ байгуулсан.

Иймд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан анз 1,000,000 төгрөг, гэрээний үлдэгдэл 2,000,000 төгрөг нийт 3,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

  1. Хариуцагчийн  татгалзал, тайлбарын агуулга:
  2. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагчаас хугацаа хэтэрсэн өр 2,000,000 төгрөг, анз 1,000,000 төгрөг нийт 3,000,000 төгрөг шаардсан байна.

2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр гэрээний үлдэгдэл үүргээс 1,000,000 төгрөгийг төлөхдөө гүйлгээний утган дээр пад тракторын зээлийн эргэн төлөлт гэж бичиж төлсөн. Одоо үндсэн төлөлтөөс 1,000,000 төгрөг дутуу боловч нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлагыг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр гаргасан байгаа тул шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэхээр байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

  1. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6, 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар нэхэмжлэгч ******* хариуцагч *******т холбогдуулан 2013 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн БОТ/2013/399 тоот гэрээний үүрэг үлдэгдэл төлбөр 2,000,000 төгрөг, алданги 1,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнхболд давж заалдах гомдолдоо:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн зүгээс дараах гомдол гаргаж байна.

4.а. Анхан шатны шүүх нь зээлдэгч талд илүү боломжийг олгосон. Иргэний хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх заалтад тухайн шаардлагад хөөн хэлэлцэх богиносгосон хугацаа тогтоосон байсан ч шүүхийн шийдвэрийн үндсэн дээр уг шаардлага хуулийн хүчин төгөлдөр бол түүний хөөн хэлэлцэх хугацаа арван жил байна.

4.б. Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-т зааснаар үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасан тул санд учирсан хохирлыг нөхөн төлүүлж татвар төлөгчийн зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцэв.

Гомдлыг хангах үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

           Анхан шатны шүүх хариуцагч *******т холбогдуулан гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 2,000,000 төгрөг, алданги 1,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, хуульд нийцсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнхболдын гомдлыг хангах үндэслэл хэргийн үйл баримт болон нөхцөл байдал, талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримт зэргээс  тогтоогдохгүй байна.

Хэргээс судлан үзвэл:

Хэрэгт авагдсан нэхэмжлэлийн шаардлагын агуулгаас үзэхэд  нэхэмжлэгч тал нь талуудын хооронд   зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж  гэрээний үүргийн гүйцэтгэл болон  гэрээний хариуцлага  болох  “алданги”  зэргийг гаргуулахаар шаардсан, хариуцагч тал зээлийн гэрээ байгуулсан болон бага оврын тракторыг зээлээр худалдан авсан талаар маргаагүй, харин гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргажээ.

Хэрэгт авагдсан  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А-134 дугаар “Хөдөө ахуйг дэмжих санд хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай” тушаал, /хх 12 тал/

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 16 дугаар “******* байгуулах, орон тооны хязгаарыг батлах тухай” тогтоол /хх 13 тал/ зэрэг бичгийн баримтуудаас үзвэл: Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албыг байгуулж, Тариаланг дэмжих сангийн  санхүүгийн тайланд бүртгэлтэй хөрөнгө, өглөг, авлага, ...г  Хөдөө аж ахуйг дэмжих санд  балансаас балансад шилжүүлэхээр тус тус  шийдвэрлэж,  *******нд улсын бүртгэлийн гэрчилгээг дахин олгосон байна. /хх 11 тал/

Талуудын байгуулсан 399 тоот гэрээгээр зээлдэгч талын хүлээсэн үүрэг 2016 оны 07 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон, А.Мөнхцэцэг гэрээний үүргийг хугацаанд нь зохих ёсоор биелүүлээгүй үед нэхэмжлэгч Хөдөө аж ахуйг дэмжих сан гэрээний 5.2-д зааснаар зээлдэгчээс зээлийн үнэ, төлбөрийг графикийн дагуу төлөөгүй тохиолдолд зээлдүүлэгчийн лизинг хариуцсан ажилтан зээлдэгчийн бүх орлогод хяналт тавьж төлбөрийг төлүүлэх арга хэмжээ авах үүргээ хэрэгжүүлээгүй байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэснээр болон гэрээний 3.2 т зааснаар нэхэмжлэгч ХААД сан хариуцагч А.Мөнхцэцэгээс гэрээний үүргийн гүйцэтгэлийг 2016 оны 07 дугаар сарын 31-ээс хойш шаардах эрхтэй: Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1.гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэснээр шаардах эрхийн хугацааг шаардах эрх үүссэн хугацаа болох 2016 оноос 07 дугаар сарын 31-нээс тооцвол 2019 оны 07 дугаар сарын 31-ээр байхаар, шаардах эрхийн хугацаа тасалдах байдал үүссэн эсэхийг тогтоосон нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх боломжгүй юм.

Дээрх нэхэмжлэлд хавсаргаж, хэрэгт авагдсан Монгол Улсын Засгийн газрын тогтоол  2020 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр, Монгол Улсын  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын тушаал 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр тус тус гарсан байх бөгөөд  энэ хугацаанаас хойш 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр  нэхэмжлэгч ******* нь шүүхэд гэрээний үүрэгтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааг тасалдуулаагүй гэх үндэслэл болохгүй.

Харин  нэхэмжлэгч нь гэрээний хугацааны дотор болон гэрээний хугацаа дуссанаас хойш 2019 оны 07 дугаар сарын 31-ний дотор  гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардаж байсан гэх баримт хэрэгт авагдаагүй, талуудын тайлбарт ч энэ талаар тусгагдаагүй  байна.

             Хэргээс үзэхэд хариуцагч ******* нь  хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг мэдээгүй байхдаа үүргийн гүйцэтгэлийг зөвшөөрсөн, эсхүл  үүргийг гүйцэтгэсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тэрээр  шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж  үүрэг гүйцэтгэхээс татгалзсан  тайлбарыг гаргасан түүний татгалзал Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасанд нийцэж байна гэж үзнэ. 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн гэж үзэв.

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ ХЭСЭГ:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  02 дугаар сарын 15-ны өдрийн 233 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнхболдын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар  нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг тул  давж заалдах гомдол гаргахдаа чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4.  Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

                          

        

 

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Х.БАЙГАЛМАА

                                                     ШҮҮГЧИД                                Г.ДАВААРЕНЧИН

                                                                        Л.АМАРСАНАА