2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 191/шш2026/00474

 

 

 

Б, Сүхбаатар, Чингэлэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

 Нэхэмжлэгч: У********* тоотод байрлах А******* финанс ББСБ ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: У************ тоотод оршин суух, Боржигон овогт Б******* Б******* /РД:ЧА*******/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: У************* тоотод оршин суух, Боржигин овогт Л******* Б******* /РД:ЧА*******2/ нарт холбогдох

 

45,947,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлтэй,

Барьцаа хөрөнгө чөлөөлүүлэх тухай хариуцагч Б.Б*******ы сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч Л.Б*******, хариуцагч Л.Б*******ы өмгөөлөгч Г.У, хариуцагч Б.Б*******ы итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нар шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Л.Б*******, Б.Б******* нар нь А******* финанс ББСБ ХХК- тай 14 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 27/14 тоот Зээлийн гэрээ байгуулж, 15,000.000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай, бизнесийн үйл ажиллагааны зориулалтаар зээлж авсан болно.

Мөн талуудын хооронд байгуулсан дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 14 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 27/14 тоот Зээлийн барьцааны гэрээ байгуулж, Б.Б*******ы өмчлөлийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, Нийслэлийн Б дүүргийн хороо, Б -р гудамжны 04 тоот хаягт байршилтай, 40 м.кв талбайтай хувийн сууц болон Г- гэрчилгээний дугаартай, 700 м.кв талбай бүхий газар зэргийг барьцаалсан.

Гэтэл зээлдэгч нар нь зээлийн гэрээний хавсралт-1-д заасан хуваарийн дагуу зээлийн эргэн төлөлтийг хийгээгүй бөгөөд манай компанийн зүгээс удаа дараа зээлийн төлбөрөө төлөхийг шаардаж байнгын холбоотой байж, зээлийн эргэн төлөх хугацааг зээлдэгч нарын хүсэлтээр хойшлуулсаар ирсэн.

Зээлдэгч нарын зүгээс зээлийн хүүний төлбөрт 2,733,500 төгрөгийг цувуулан хийсэн боловч 24 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар зээлдэгч нар нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн төлбөрт 15,000,000 төгрөг, хүүгийн төлбөрт 61,894,000 төгрөгийг төлөөгүй байна.

Компанийн зүгээс зээлдэгч нартай уулзаж эвлэрлийн журмаар шийдэхээр тохиролцож байсан тул зээлдэгч нарын хүндэтгэх шалтгааныг харгалзан үзэж үндсэн хүүгийн 50 хувиас чөлөөлж үлдэх 30,947,000 төгрөгийн хүү, үндсэн зээлийн төлбөр 15,000,000 төгрөг нийт 45,947,000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна.

Нэхэмжлэлийн шаардлага: Иймд зээлийн гэрээний үүрэгт 45,947,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү- дугаартай, Нийслэлийн Б дүүргийн хороо, Б -р гудамжны 04 тоот хаягт байршилтай, 40 м.кв талбайтай хувийн сууц болон Г- гэрчилгээний дугаартай, 700 м.кв талбай бүхий газар зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангуулна уу гэв.

 

Хариуцагч Л.Б******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа А******* финанс ББСБ-ийн нэхэмжлэлтэй Л.Б*******, Б.Б******* нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 45,947,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хариуцагч Л.Б******* миний бие бүхэлд эс зөвшөөрч дараахь тайлбарыг гаргаж байна.

Миний бие Л.Б******* нь өөрийн найз нар болох Д.Ц, Д.Т нартай хамтран бизнесийн үйл ажиллагаа эрхэлж байх хугацаанд өөрийн зүгээс тодорхой хэмжээний санхүүжилт гаргах болон бусдаас ( найз Н) мөнгө зээлсэн байсан бөгөөд миний гаргаж байсан санхүүжилт болон тухайн найзаас зээлсэн төлбөрийг төлөх зорилгоор Д.Ц, Д.Т нар нь өөрсдийн нэр дээр зээл авч төлөхөөр бид 3 харилцан ярилцан тохиролцсон байсан.

Улмаар Д.Цын найз болох Б.Б*******ы үл хөдлөх хөрөнгийг барьцаанд тавьж зээл авахаар болж А******* финанс ББСБ- эзэн Д.А Д.Ц, Д.Т, Л.Б*******, Б.Б******* бид 4 хамт уулзсан бөгөөд тухайн зээлийн гэрээ байгуулдаг өдөр буюу 14.09.02-ны өдөр зээл авах болон зээлийн гэрээ байгуулах үед Д.Ц, Д.Т нар нь иргэний үнэмжлэх, бичиг баримтгүй ирсэн байна гээд миний бичиг баримтыг ашиглан гэрээ байгуулаад асуудлаа тухайн өдөртөө багтаан шийдэе гэсэн бөгөөд миний бие тухайн зээлийн гэрээнд гарын үсэг зурахдаа согтууруулах ундаа хэрэглэсэн, халамцуу байсан бөгөөд бид 3 хамтдаа зээлийг төлнө гэж ойлгосон бөгөөд зээлийн гэрээ болон барьцааны гэрээний талаар ойлголтгүй, ямар эрх үүрэг хүлээх талаар ойлголтгүйгээр зурсан байсан.

Улмаар ББСБ-иас зээлийг хүлээн авсан даруйд Д.Ц, Д.Т нар тухай зээлийн гэрээнд дурдсан үнийн дүнгээс хөрөнгөө барьцаалж өгсөн Б.Б*******д 350,000 төгрөг, Зээлийн шимтгэл 5,000 төгрөг, зээл авахад тусалсан хүмүүсд гээд 600,000 төгрөг зэрэг зүйлсийг хасч тооцон үлдэгдэл 13,845,000 хэрхэн хуваан авч, хэн хэн нь хариуцах талаар миний тэмдэглэлийн дэвтэрт Д.Таар бичүүлэн авсан байдаг.

Миний зүгээс өөрийн найз Н зээлсэн 2,500,000 төгрөгийгтухайн зээлийн мөнгөнөөс төлж үлдэгдэл 2,115,000 төгрөгийг өөрөө авсан бөгөөд Зээл буцаан төлөхөд миний зүгээс зөвхөн 2,115,000 төгрөгийг л төлөх үүрэгтэй байсан.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдаад байгаа төлсөн мөнгийг зөвхөн миний бие дангаар төлсөн бөгөөд тухайн үед төлбөр төлсөнтэй холбоотой аливаа баримт ББСБ-иас надад өгөөгүй, Зээлийн төлбөр хэд хэдэн удаа нэхэгдэх үед нь үлдэгдэл төлбөрийг Д.Ц, Д.Т, Б.Б******* нар төлнө, надад хамааралгүй талаар А******* финанс ББСБ-ийн эзэн Д.А бид 4 хамт очиж уулзан хэлж байсан. Д.Ц, Д.Т нарын зүгээс ч бид хариуцан төлнө гэж ББСБ байгууллагад хэлсэн.

Зээл төлөгдөхгүй байгаа талаар Д.А утсаар хэд хэдэн удаа холбогдоход нь Миний зүгээс өөрийн хариуцсан зээлээ төлсөн миний хариуцах төлбөр үлдээгүй, үлдэгдэл төлбөрийг Д.Ц, Д.Т нар хариуцна, төлөхгүй бол Б.Б*******ы барьцаа хөрөнгийг борлуулж зээлээ төлүүлээрэй гэж тухай бүрт хэлж байсан.

Иймд миний зүгээс тухай зээлийн гэрээнд гарын үсэг зурахдаа дангаар хариуцах талаар ойлгоогүй, би зөвхөн бичиг баримттай болохоор гэрээнд гарын үсэг зурж байна гэдгээр ойлгосон.

Мөн тухай зээлийг миний бие төлөх үүрэгтэй бол зээлээс төлсөн төлбөрийг хасах ёстой гэж үзэж байгаа бөгөөд хэрэгт авагдсан Зээлийн гэрээнд хүү тооцох хугацаа нь 6 сар байхаар тусгасан байх бөгөөд зээл, зээлийн хүүтөлөх хугацааг сунгаж байсан гэрээ дахин хийгээгүй атлаа нийт 10 жилийн хүү тооцон нэхэмжилж байгаа нь илт үндэслэлгүй гэж үзэж байна.

Мөн тухайн зээл төлөгдөхгүй тохиолдолд Б.Б*******ы барьцаалсан хөрөнгийг зарж борлуулах замаар зээлийн үлдэгдэлээ төлүүлэх боломж ББСБ-нд байсан гэж үзэж байгаа болно. гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Г.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг 2 үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэл тодорхойгүй байна. Баримт судлахад мөн талуудын талбарын харахад талуудын хүсэл зоригийн хувьд хэргийн оролцогчдын хүрээнд биш өөр этгээдүүд рүү хальсан байна. Гэсэн хэвий ч гэрээ байгуулагдсан, хэн аль нь үгүйсгэхгүй байгаа. Зээлийн гэрээний дагуу 15,000,000 төгрөгийг банк бусаас гаргасан, хуваарийг хавсралтаар өгсөн, үүргээ гүйцэтгэхгүй бол барьцаа хөрөнгөөр хангуулна гээд гэрээ байгуулсан. Хоёулангаас нь 45,000,000 төгрөгийг гаргуулах уу, хэнээс нь хэдэн төгрөгийг шаардаж байгаа нь тодорхойгүй байна. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг нөхөн тодорхойлж шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүсэж байна. Зээлийн гэрээний үндсэн зээлд маргахгүй, гэтэл хүү нь 30,967,000 төгрөгийн хүү шаардаж байна. Банк бус санхүүгийн байгууллага нь тодорхой зохицуулалтын дагуу зээлийн хүү нэмэгдүүлсэн хүүг тооцдог. Хэрэгт авагдсан баримтын хүрээнд хариуцагч нараас үндсэн хүү, болон нэмэгдүүлсэн хүүд хэдэн төгрөг шаардаж байгаа нь тодорхойгүй байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх үндэслэл болж байна. Зээлийн хүү нэмэгдүүлсэн хүү нь хэд вэ, хариуцагч нарт хэрхэн хуваарилах боломжгүй нөхцөл байдал үүсэж байна. Барьцааны гэрээнд Л.Б******* гарын үсэг зурсан ч гэсэн гэрээтэй холбоотой зээлдэгчийн адил Б.Б******* барьцаа хөрөнгөөр хангах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахыг Б******* гүйцэтгэх боломжгүй, учир нь барьцааны гэрээнд дурдсан хөрөнгүүдийг эзэмших бөгөөд өмчлөх харилцаанд оролцож байгаагүй. Хөөн хэлэлцэх хугацааны хувьд 14 оны 9-р сарын 02-ны өдрийн 27/14 дугаартай гэрээ байгуулагдаж талууд гарын үсэг зурсан. Гарын үсэг зурсан болон хугацаатай холбоотой маргаан байхгүй. Хэрэгт авагдсан баримтын хувьд 6 сарын хугацаатай гэрээ байгуулсан 15 оны 3-р сарын 02-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дуусгавар болж, зээлийн барьцааны гэрээтэй холбоотой бичилтүүдэд гараар хөтөлсөн зүйл байхгүй, зээлийн гэрээний хугацааг 15 оны 3-р сарын 02-ны өдрөөр зээл төлөх үүрэг дуусгавар болох буюу Иргэний хуулийн 72.1т зааснаар 15 3 3-ны өдрөөс зээлийн барьцааны гэрээтэй холбоотой үүргийг гүйцэтгэхийг шаардах эрх үүсэж, 75.2.1 3 жил, 76.1т шаардах эрх үүсэн үеэс тооцно гэсэн байгаа. 18 оны 3-р сарын 03-ны өдрөөр банк бус санхүүгийн байгууллага шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжтой бөгөөд Иргэний хуулийн 82.1т заасан үндэслэлээр шаардах эрх хэрэгжүүлэхтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир 82.1т заасан үндэслэлээр хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэж үзэж байна. Шүүхэд гаргаан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага 24 оны 10-р сарын 23-ны өдөр шаардсан байгаа юм. Ерөнхий хугацаагаар нь тоолсон ч дууссан байна. Ерөнхий хугацаанд хамаарах тухайн хуулийн зохицуулалт байхгүйг шүүгч анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Барьцаа хөрөнгөтэй холбоотой асуудалд үйлчлүүлэгчийн зүгээс мөн тайлбар хэлсэн. Үндсэн үүргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тохиолдолд барьцаа хөрөнгө, нэмэгдэл үүргийн гүйцэтгэл хангуулах хугацаа мөн дуусна гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.Б*******ы итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл ба шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Б******* нь А******* финанс ББСБ ХХК-тай 14.09.02-ны өдөр 27/14 дугаартай Зээлийн гэрээ, Зээлийн барьцааны гэрээг тус тус байгуулж 15,000,000 төгрөгийн зээл авсан ба тухайн үед Б*******ы өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болон газрыг 6 сарын хугацаатай барьцаанд тавихаар тохиролцож барьцаалсан. Улмаар А******* финанс ББСБ ХХК-тай Л.Б******* нь зээлийн гэрээ байгуулснаас хойш 11 жил болсон байгаа бөгөөд зээлийн гэрээний дагуу төлбөр гаргуулах хөөн хэлэлцэх дууссан байна. Иймд Б.Б*******ы өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө болон газрыг барьцаанаас чөлөөлж өгнө үү.

Зээлийн гэрээний хугацаа сунгах хүсэлтийг гаргаж байсан гэсэн ч хэрэгт авагдсан нотлох баримт байхгүй, зээлийн төлөлтийн дансны хуулга зээлийн гэрээнээс харахад зээлийн гэрээний шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуссан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Зээлийн гэрээний 6.5 дах заалтыг харахад зээл авсан нь харагдаж байна. гэв.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд.

Нэхэмжлэгч талаас гаргасан нотлох баримтууд: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 24.10.22№/24 итгэмжлэл, нэхэмжлэгч хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, Зээлийн гэрээ 14.09.02№27/14, Зээлийн барьцааны гэрээ 14.09.02№27/14, Зээл төлөлтийн дансны хуулга,

 

Хариуцагч талаас гаргасан нотлох баримтууд: хариуцагч Б.Б*******аас А.Н олгосон 24.11.04 итгэмжлэл, хариуцагч Л.Б*******ы иргэний үнэмлэхийн хуулбар, хариуцагч Л.Б*******ы хариу тайлбар, өмгөөлөгч Г.Уын хариу тайлбар, хариуцагч Б.Б*******аас Д.Бд олгосон 25.09.01 итгэмжлэл, Б.Б*******ы сөрөг нэхэмжлэл, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа,

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч А******* финанс ББСБ ХХК нь хариуцагч Б.Б*******, Л.Б******* нарт холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт 45,947,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Б дүүргийн дугаар хороо, Б дугаар гудамжны 4 тоот хаягт байршилтай 40 м.кв талбайтай, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй хувийн сууц болон Г- дугаарт бүртгэлтэй 700 м.кв талбайтай газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасан.

3. Хариуцагч нар нь нэхэмжлэлийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан бөгөөд хариуцагч Б.Б******* нь А******* финанс ББСБ ХХК, Л.Б******* нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсанаас хойш 11 жил болж, төлбөр гаргуулах хөөн хэлэлцэх хугацаа дууссэн хэмээн барьцаа хөрөнгүүдийг чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, талууд маргаж байна.

4. Хэрэгт авагдсан нотлох баримтууд ба шүүхийн хэлэлцүүлгээр дараах үйл баримт тогтоогдож байна.

5. Зээлдүүлэгч А******* финанс ББСБ ХХК болон зээлдэгч Л.Б******* нарын хооронд 14 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 27/14 дугаартай Зээлийн гэрээ байгуулагдаж, нийт 15,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сард 3,5 хувийн хүүтэй, зээлдэгч нь гэрээнд заасан үүргээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд үндсэн хүү, түүний хувиар нэмэгдүүлсэн хүүг тус тус төлөх нөхцөлтэйгээр зээлдүүлсэн байна.

6. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах буюу Л.Б*******д олгосон 15,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Б.Б*******, Л.Б******* нар нь А******* финанс ББСБ ХХК-тай 14 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 27/14 дугаартай Зээлийн барьцааны гэрээ байгуулж, Б.Б*******ы өмчлөлийн, Б дүүргийн дугаар хороо, Б дугаар гудамжны 4 тоот хаягт байршилтай 40 м.кв талбайтай, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй хувийн сууц болон Г- дугаарт бүртгэлтэй 700 м.кв талбайтай газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалуулсан байна.

6.1. Хариуцагч тал татгалзлын үндэслэлээ тайлбарлахдаа, зээлийн болон барьцааны гэрээнд хариуцагч нар хэн аль нь зээлдэгч ба барьцаалуулагч нарыг төлөөлж гарын үсэг зурсан боловч зээлийн болон барьцааны гэрээний удиртгал хэсэгт зээлдэгчээр Л.Б*******ыг тодорхойлсон тул зээлийн гэрээний үүргийг хоёр хариуцагчаас шаардахгүй, нэхэмжлэлийн нийт дүнг хоёр хариуцагчид хэрхэн ногдуулсан нь тодорхойгүй хэмээн маргасан боловч хариуцагч нар нь гэрээ тус бүрийн хүчин төгөлдөр эсэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй.

6.2. Гэвч 14 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 27/14 дугаартай Зээлийн гэрээний удиртгал хэсэгт зээлдэгчээр Лхагвасүрэн овогтой Б*******, 14 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 27/14 дугаартай Зээлийн барьцааны гэрээний Нэгдүгээр зүйл Нийтлэг үндэслэлийн 1.1.-д ...А******* финанс ББСБ ХХК-иас Л.Б*******д олгосон 15,000,000 төгрөгийн 14 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 27/14 дугаартай Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг гэж тус тус заасан боловч зээлдэгч ба барьцаалуулагчаар Б.Б*******, Л.Б******* нар гарын үсгээ зурж, хүсэл зоригоо илэрхийлж, үүрэг хүлээсэн байх тул Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.-д Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна. 198 дугаар зүйлийн 198.1.-д Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна. гэж тус тус зааснаар Л.Б*******, Б.Б******* нарыг зээлдэгч гэж үзэх үндэслэлтэй байна.

6.3. Улмаар, хариуцагч нарт нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэн ногдуулж шаардсан нь ойлгомжгүй гэх татгалзал үндэслэлгүй буюу хоёр хариуцагчид холбогдуулж зээлийн гэрээний үүрэг гүйцэтгүүлэхээр шаардсан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодорхойгүй гэж үзэхгүй.

7. Талуудын байгуулсан дээрх зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан өгөх үүргийг тус тус хүлээх зохицуулалттай нийцсэн, хүчин төгөлдөр байна.

8. Мөн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар байгуулсан 14 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 27/14 дугаартай Зээлийн барьцааны гэрээ мөн өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн нь хэргийн материалаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т ...үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх гэж заасантай нийцсэн, хүчин төгөлдөр байна.

9. Нэхэмжлэгч нь дээрх зээлийн болон барьцааны гэрээний дагуу шаардах эрхээ хэрэгжүүлж 24 оны 10 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахаасаа өмнө 14 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан 6 сарын хугацаатай зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлэх шаардлагыг зээлдэгчид тавьж байсан эсэхээ шүүхэд нотлоогүй ба зээлийн гэрээний 6 сарын хугацааг сунгасан эсэх үйл баримт тогтоогдоогүй.

10. Хариуцагч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэмээн үүрэг гүйцэтгэхээс татгалзаж, маргасан нь үндэслэлтэй байна.

11. Тодруулбал, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1.-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил; гэж заасан бөгөөд уг хугацаа дууссан болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ ба зохигч талуудын хэн альны тайлбараар тогтоогдож байна.

12. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлд зааснаар, хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан эсхүл талууд зээлийн гэрээ хугацааг сунгасан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, Зээлийн гэрээнд заасан төлбөр гүйцэтгэх сүүлийн хугацаанаас хойш зээлдүүлэгч төлбөр шаардаж байсан эсэх үйл баримт тогтоогдсонгүй.

13. Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсний үр дагаварыг Иргэний хуулийн 82 дугаар зүйлд заасан бөгөөд мөн зүйлийн 82.1.-д Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй. гэж зааснаар, зээлдэгч нь үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй тул зээл, түүний хүүг гаргуулах, төлбөрийн үүргийг барьцаа хөрөнгөөр гүйцэтгүүлэхээр шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно.

14. Хариуцагч Б.Б*******ы гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд, 14 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 27/14 дугаартай Зээлийн барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр үйлчлэх боломжгүй буюу талуудын мөн өдөр байгуулсан Зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дуусч, үүрэг гүйцэтгэгдэхгүй тул барьцаа хөрөнгө болох Б.Б*******ы өмчлөлийн, Б дүүргийн дугаар хороо, Б дугаар гудамжны 4 тоот хаягт байршилтай 40 м.кв талбайтай, Ү- хувийн сууц болон Г- дугаарт бүртгэлтэй 700 м.кв талбайтай газар зэрэг үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаанд байлгах, барьцаалуулагч нь өөрийн өмчлөх эрхтэй үл хөдлөх эд хөрөнгүүдийг захиран зарцуулах эрхээ уг гэрээний дагуу хязгаарлуулах үндэслэлгүй.

15. Дээр дурдсанаар, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хууль зүйн үндэслэлгүй байх тул барьцаа хөрөнгийн өмчлөгч Б.Б*******ы өмчлөх эрх нь зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй байх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2.-т Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй. гэж зааснаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 1, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 175 дугаар зүйлийн 175.1-д тус тус заасныг баримтлан, хариуцагч Д.Б*******, Л.Б******* нараас 14 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 27/14 дугаартай Зээлийн гэрээний үүрэгт 45,947,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Б дүүргийн дугаар хороо, Б дугаар гудамжны 4 тоот хаягт байршилтай 40 м.кв талбайтай, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй хувийн сууц болон өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г- дугаарт бүртгэлтэй 700 м.кв талбайтай газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгөөөр хангуулах тухай нэхэмжлэгч А******* финанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т тус тус заасныг баримтлан, Б.Б*******ы өмчлөлийн, Б дүүргийн дугаар хороо, Б дугаар гудамжны 4 тоот хаягт байршилтай 40 м.кв талбайтай, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй хувийн сууц болон өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г- дугаарт бүртгэлтэй 700 м.кв талбайтай газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг А******* финанс ББСБ ХХК-тай байгуулсан 14 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 27/14 дугаартай Зээлийн барьцааны гэрээний дагуу барьцаалсан барьцаанаас чөлөөлсүгэй.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1-д тус тус заасныг баримтлан, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 457,885 төгрөг, хариуцагч Б.Б*******ы төлсөн 70,0 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч А******* финанс ББСБ ХХК-иас 70,0 төгрөг гаргуулж хариуцагч Б.Б*******д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дугаар зүйлийн 1.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА