Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 2026/ДШМ/11

 

2025             12            24                                                                               2026/ДШМ/11

 

 

Л.А-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Сайнхүү,

хохирогч П.О-гийн өмгөөлөгч Э.Чулуунцэцэг,

нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/2362 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.А-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2406001813696 дугаар хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Ганбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

М- овгийн Л-ын А-, ......., /РД: Л-/,

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 180 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр хэсгийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял, нийт биечлэн эдлэх ялыг 1,300,000 төгрөгөөр тогтоож шийдвэрлэсэн,

БА-ол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 2022/ШЦТ/592 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2023/ШЦТ/715 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,800,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,  

Шүүгдэгч Л.А- нь 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 43 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Х-” нэртэй караокед үйлчлүүлж байхдаа хохирогч П.О-тай тухайн үед үүссэн маргааны улмаас үл ялих зүйлээр шалтаглан маргалдан улмаас түүний биед дух дагз, зулайн хуйханд язарсан шарх, духанд зулгаралт, зүүн зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстад цус хуралт, зөөлөн эдийн няцрал, гадна салстад язарсан шарх, зүүн бугалгад цус хуралт, зүүн дээд 1, 2, /21,22 шүд/-ний сулрал бүхий хөнгөн хохирол учруулсан,

Мөн 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, “Х-” төвд Э.Х-ыг зодож биед нь зүүн нүдний ухархайн дотор хана, хамар яс, таславчийн мурийлт, дух цээжин зулгаралт, 2 нүдний зовхи, зүүн нүдний алимны салст, хамар цус хуралт, нүдний зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Л.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...шүүгдэгч Л.А-ыг хоёр түүнээс олон хүнийг зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Л.А-д 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.А-ын зорчих эрх хязгаарлах ялыг түүний оршин суух газар болох Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчиж, шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суух газраа өөрчлөх, зорчихыг анхааруулж, зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.А- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Л.А-ас нийт 8,734,546 төгрөгийг гаргуулж, хохирогч П.О-д олгох, шүүгдэгч Л.А-ас 150,000 төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төрийн санд төлүүлж, хохирогч Э.Х- нь цаашид гарах эмчилгээний зардал болон сэтгэл санааны хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон 3 ширхэг СиДи-г хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Л.А- давж заалдах гомдолдоо: “... би Хөвсгөл аймгийн Мөрөн суманд эцэг Л-, эх Н-ийг асардаг бөгөөд эцэг, эх маань эмнэлгийн заалттай асаргаанд байдаг болно. Би Хөвсгөл аймаг болон Улаанбаатар хотын чиглэлд сардаа хэд хэдэн удаа ирж очин эцэг, эхийгээ асарч, эм тариа зөөдөг учир энэхүү зорчих эрхийг хязгаарласан шийдвэр нь эцэг, эхийгээ асарч, эм тариаг нь зөөх боломжгүй болгож байгаа нь эцэг, эх хоёрын маань эрүүл мэндийн байдлыг дордуулах нөхцөл бүрдэж байгаа тул дээрх шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, уг ялыг хөнгөрүүлж өөрчилж өгнө үү...” гэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч Э.Чулуунцэцэг тус шүүхэд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт тохирох ял шийтгэл оногдуулсан гэж үзэж байна. Шүүгдэгч “настай эцэг, эхээ асардаг, хөдөө явах шаардлагатай” гэж байгаа боловч үүнтэй холбоотой нотлох баримтыг ирүүлээгүй байна. Тиймээс шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Прокурор Ц.Сайнхүү тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокурорын зүгээс “шүүгдэгч шүүх хуралдаанд оролцохгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж, давж заалдах гомдлоосоо татгалзсан” гэж үзэж байна. Анхан шатны шүүх шүүгдэгчийн гэм бурууд тохирсон ял шийтгэл оногдуулсан. Шүүгдэгч урьд хүний эрүүл мэндэд санаатайгаар хөнгөн, хүндэвтэр хохирол учруулж, тус төрлийн гэмт хэрэгт 3 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан мөртлөө дахин 2 хүний эрүүл мэндэд хохирол учруулж, засарч, хүмүүжилгүй хуулийг үл ойшоож байна. Тиймээс эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх боломжгүй гэж үзэж байна. Шүүгдэгч давж заалдах гомдолдоо “эцэг, эхээ асардаг” гэж байгаа боловч холбогдох баримтыг ирүүлээгүй, шүүгдэгч оногдуулсан ялыг хэрэгжүүлэхгүй байх зорилгыг агуулж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна” гэв.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж, дараах байдлаар дүгнэлт хийв. Үүнд:      

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 16.2 дугаар зүйл, 32.3 дугаар зүйлд зааснаар тухайн шүүгдэгчид холбогдох хэргийн бодит байдлыг тогтоох ажиллагаа болон тус хэрэгт цугларч, бэхжигдсэн нотлох баримтын эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн эсхүл оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэж үзэх үндэслэл, үйл баримт тогтоогдсонгүй.        

2. Анхан шатны шүүхээс хэргийн бодит байдлыг тогтоож, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэхдээ шүүх хуралдааны оролцогч, талуудын эрхийг хангаж, тэдний шинжлэн судалсан нотлох баримт болон санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, үнэлсний үндсэн дээр шүүгдэгч Л.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хэргийн зүйлчлэлийн талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Тодруулбал, шүүгдэгч Л.А- нь :

2.1. 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 05-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 43 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Х- нэртэй караокед үйлчлүүлж байх үедээ хохирогч П.О-г үл ялих зүйлээр шалтаглан маргалдан улмаас түүний биед дух дагз, зулайн хуйханд язарсан шарх, духанд зулгаралт, зүүн зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстад цус хуралт, зөөлөн эдийн няцрал, гадна салстад язарсан шарх, зүүн бугалганд цус хуралт, зүүн дээд 1, 2, /21,22 шүд/-ний сулрал бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлд “...иргэн П.О- нь 2023 оны 12 дугаар сарын 04-с 05-нд шилжих шөнө 03 цагийн үед Баянзүрх дүүргийн 43 дугаар хороо Х- караокед үл таних хүнд зодуулсан...” /1хх11/,

- хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх13-14/,   

- хохирогч П.О-гийн: “...Би 2023 оны 12 дугаар сарын 04-өөс 05-нд шилжих шөнө 02 цагийн үед би Ө- /Ө-/, М- /М-/, Б- /8Б-/, Б-, Г- 1Г-/-ын хамт Баянзүрх дүүргийн 43 дугаар хороо, Х- гэх караоке руу орсон... би текнээс юм авах гэж байгаа юм аа гэж хэлтэл тэр залуу би тек нь байна, 1 номерын өрөө рүү ороод ир гэж хэлсэн. Би өрөө рүү ортол өндөр том биетэй хар куртиктэй залуу нүүр луу 1 удаа цохисон. Би гайхаад яаж байгаа талаар асуухад дахин 1 удаа цохисон, би бултаад доогуур нь хамж унагаасан. Би босоод зугтах гэтэл намайг тэр залуу пивоны шилээр хэд хэдэн удаа цохисон....” /1хх18-19/,

 “... Би эсэргүүцэх чадваргүй болтлоо зодуулаад байж байтал эргүүлж намайг сандал дээр суулгаад дахин 2-3 удаа нүүр лүү өндөр том биетэй залуу цохисон... тэгээд маш их цус алдсан... өндөр том биетэй залуу миний нүүр лүү 3 удаа цохисон...нүд, шүдний гэмтлийг А- учруулсан...” гэх мэдүүлэг /1хх24/,

- гэрч Э.С-ийн: “...Би 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр манай найз А-ын төрсөн өдөр болоод би, А- болон түүний найзуудтай хамт Баянзүрх дүүргийн 43 дугаар хороо Х- караокед тэмдэглэсэн...Би унтаж байгаад шил хагарах дуугаар сэрээд хартал хүмүүс бужигналдаад гарч байсан. Гадаа гартал А- хүмүүсээс зугтаад алга болчихсон...би хэн нэгнийг цохиж гэмтэл учруулаагүй...” /1хх26/...А-ыг архи уухаараа агсам болсон талаар ярьж байсан...” /1хх31/,

- гэрч А.Б-ын “2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр найз А-ын төрсөн өдөр болж Баянзүрх дүүргийн 43 дугаар хороо, Х- нэртэй бааранд найз А-, С- болон өөр танихгүй 2 эмэгтэйн хамт орж дуу дуулж, архи пиво уусан...Намайг унтахад А-, С- нар суугаад үлдсэн...Хүмүүс орилолдоод шил хагарах чимээгээр сэрэхэд А- нэг танихгүй залуутай зууралдаад зогсож байхаар нь С- бид 2 салгасан, тухайн үед тэр танихгүй залуугийн толгой нүүр хэсэг цус болсон байсан, А-ас өөр зодолдсон хүмүүс байхгүй, С- бид 2 зодоонд оролцоогүй” /1ххх216/ гэсэн мэдүүлгүүд,

- шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 145 дугаартай шинжээчийн “...П.О-гийн биед дух, дагз, зулайн хуйханд язарсан шарх, духанд зулгаралт, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстад цус хуралт, зөөлөн эдийн няцрал, гадна салстад язарсан шарх, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь 1-3 хоногийн доторх хугацаанд үүссэн байна...” гэх дугнэлт /1хх39/,

- шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1163 дугаартай шинжээчийн “... П.О-гийн биед дух, дагз, зулайн хуйханд язарсан шарх, духанд зулгаралт, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстад цус хуралт, зөөлөн эдийн няцрал, гадна салстад язарсан шарх, зүүн бугалганд цус хуралт, дээд 1, 2 (21, 22 шүд)-ний сулрал гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь мохоо болон ир ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих, зүсэх механизмаар үүсгэгдэх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Шүдний эмчийн үзлэгээр зүүн дээд 1, 2 (21 , 22 шүд)-ний сулралтай байсан ба энэ нь хохирлын зэрэгт өөрчлөлт оруулахгүй болно...” гэх нэмэлт шинжээчийн дүгнэлт /1хх50/,

- хохирогч П.О-н гар утсанд байсан гэх бичлэгийг 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх139/,

- хохирогч П.О- нь 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн хооронд нийт 150,000 төгрөгийн эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл /1хх143/,

 - шүүгдэгч Л.А-ын “... өөрийн гаргасан гэмт буруугаа зөвшөөрсөн тухай мэдүүлэг”   /1хх33-34, 153/ зэрэг нотлох баримтуудаар, мөн

2.2. 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, “Х-” төвд Э.Х-ыг зодож биед нь зүүн нүдний ухархайн дотор хана, хамар яс, таславчийн мурийлт, дух цээжин зулгаралт, 2 нүдний зовхи, зүүн нүдний алимны салст, хамар цус хуралт, нүдний зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь :

- гэмт хэргийн талаар Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /1хх222/,

- хохирогч Э.Х-ын: “... 2024 оны 04 дүгээр сарын 04-ний орой 18 цагийн үед хоёр найзтайгаа уулзаад тэр хоёр хүнээс салаад орой 22 цагийн үед Чингэлтэй дүүрэг, Найман шарга худалдааны төвийн урд байрлах Х- төвийн 8-р давхарт байх 1001 нэртэй баар руу ганцаараа орсон. Тухайн бааранд ороод согтууруулах ундааны зүйл захиалж уусан нэг хүнтэй хамт сууж юм ярьж байсан. Тэгсэн гэнэт л миний нүүр руу хөлөөрөө өвдөглөөд, заамдаж аваад нүүр руу цохисон, дахиад жижиг ширээгээ цээж хэсэг руу цохисон, тэнд байсан хүмүүс бид хоёрыг салгасан....Зодуулаад хамар дахин хугарч, мурийсан, зүүн нүдний дор хавдаж хөхөрсөн, нүд улайж хавдсан, шүүх эмнэлэгт үзүүлнэ, тухайн хүнийг дахиад харвал танина.” гэх мэдүүлэг /1хх225/,

- шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 4838 дугаартай шинжээчийн “Э.Х-ын биед зүүн нүдний ухархайн дотор хана, хамар яс, таславчийн хугарал, таславчийн мурийлт, дух, цээжинд зулгаралт, 2 нүдний зовхи, зүүн нүдний алимын салст, хамарт цус хуралт, нүүрний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дугнэлт /1хх228/,

- таньж олуулах ажиллагаа явуулсан “...5 гэж дугаарласан хүний зургийг би таньж байна, энэ залууг А- гэдэг, баарны хүнээс би асуугаад холбогдоход нэрээ хэлсэн, намайг зодсон залуу мөн байна”, гэрэл зургийн тэмдэглэл /1хх230-232/,

- камерын бичлэгт үзлэг хийсэн “хар өнгийн өмдтэй хэвтэж байсан эрэгтэйг өндийж босож ирэхэд нь наана нь сууж байсан эрэгтэй босож ирээд баруун хөлийн өвдгөөр өшиглөж байна, хэвтэж байсан эрэгтэй тухайн эрэгтэйг гараараа түлхэж унах ба цагаан өнгийн цамцтай эрэгтэй хөлөөрөө өшиглөх, 2-уулаа барьцалдсан үед хэвлий хэсэг руу мөн өшиглөж байв... хүмүүс 2 тийш нь салгаж суулгасан байхад цагаан өнгийн цамцтай зодсон эрэгтэй нь цамцаа тайлж сандал авч хохирогчийн зүүн мөр, цээж хэсэг руу сандлаараа цохиж байв.” гэх тэмдэглэл /1хх233-236/,

- Л.А-ын “...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн тухай мэдүүлэг...” /2хх63/ гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тус тус нотлогдсон байна.         

Тухайн нотолгооны эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, эх сурвалжаа харилцан нотолсон, хангалттай байх шалгуурт нийцсэн байх тул шүүгдэгч Л.А-ын үйлдсэн “2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинж хангагдсан гэж үзнэ. 

Хохирогч нарын эрүүл мэндэд тус бүр учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгчийн гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой буюу тухайн гэмтлүүдийг шүүгдэгчээс өөр этгээд учруулаагүй, өөр бусад шалтгаанаар тухайн гэмтэл үүсээгүй болох нь тогтоогдсон байх тул шүүгдэгчийн үйлдсэн тухайн гэмт хэргийн шинж, бодит байдлыг үгүйсгэх үндэслэлгүй байна.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн эсэх нь хуулиар баталгаажуулснаар түүний эрхэд хамаарах ба тус эрхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд тухай бүр танилцуулж тайлбарласан буюу түүний эрх зөрчигдөөгүй, харин шүүгдэгч өөрийн гэм буруугаа зөвшөөрсөн байгааг тэмдэглэх нь зүйтэй.        

3. Тухайн гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирол, хор уршгийн талаар анхан шатны шүүх зохих дүгнэлт хийсэн, энэ талаар шүүгдэгчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд гомдол санал гаргаагүй байна.

Харин хохирогч П.О-д учирсан сэтгэцийн хор уршгийг нөхөн төлүүлэх төлбөрийн хэмжээг тогтоохдоо гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, тухайн цаг хугацаанд учирсан хохирол, түүний хор уршигт хамаарах шалгуурыг баримтлаагүйг зөвтгөх шаардлага үүссэн байна. Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2, 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран гэмт үйлдэл төгссөн үеийг гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаанд тооцож, улмаар тухайн хугацаанд мөрдөгдөж байсан хууль тогтоомжийн дагуу гэмт хэрэг, түүний улмаас учирсан гэм хорын асуудлыг хянан шийдвэрлэх үндэслэлтэй” гэж үзнэ.

Шүүгдэгч Л.А- нь хохирогч П.О-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан цаг хугацаа 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө болсон, тухайн цаг хугацаанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550.000 төгрөг байсан болох нь Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2022 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 10 дугаартай тогтоолоор баталгаажсан байх тул хохирогч П.О-н сэтгэцэд учирсан хор уршгийн төлбөрийн хэмжээг 550.000 төгрөгийг 10 дахин ихэсгэснээр буюу 5.500.000 төгрөгөөр зөвтгөн тогтоож, мөн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төрийн санд гэснийг Эрүүл мэндийн даатгалын санд гэж өөрчилж, түүнчлэн цаашид гэм хорын хохирол нэхэмжлэх эрхийг нийт хохирогч нарт нээлттэй үлдээхээр өөрчилж, бусад хохирол, хор уршигт хамаарах хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.  

4. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын буюу учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг бүх талаас нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, шалгууртай байдаг. 

Тус эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзах шалгуур, шаардлагыг нотолж буй баримт, талуудын санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, үнэлэх замаар ялын төрөл,  хэмжээг хэрхэн оногдуулах нь шүүхэд олгогдсон эрх хэмжээний асуудалд хамаарна.  

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Л.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулахдаа дээр дурдсанаар харгалзвал зохих шалгуур, шаардлагын талаар зохих дүгнэлт хийсэн, тус оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, аюулын хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэрэгт тохирсон талаарх улсын яллагчийн санал дүгнэлтийг үгүйсгэх боломжгүй гэж үзэв. 

Харин анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.А-ын зорчих эрх хязгаарлах ялыг түүний оршин суух газар болох Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох”-оор зөв, үндэслэлтэй тогтоосон атлаа мөн тусад нь 4 дэх заалт болгож “шүүхээс тогтоосон чиглэлээр зорчиж, шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суух газраа өөрчлөх, зорчихыг анхааруулах” гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “зорчих эрхийг хязгаарлах ялын үндсэн хэлбэр”-ийг хуульчлан баталгаажуулсан бөгөөд тэдгээрээс аль тохирохыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан шалгуур, шаардлагын хүрээнд дүгнэлт хийсний эцэст зөв, оновчтой сонгож оногдуулах үндэслэлтэй болно.

Хэрэв Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зорчих эрхийг хязгаарлах ялын үндсэн хэлбэрүүдийг зөв, ялгамжтай сонгож оногдуулахгүйгээр бүгдийг эсхүл заримыг нь холимог байдлаар тус тусад нь заалт болгон тогтоох нь тухайн ялын хуулийн үндэслэл, зорилго, утга агуулга, хэрэгжилтэд нийцэхгүй буюу зөрчил үүсгэхэд хүргэнэ.

5. Иймд, дээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч Л.А-ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь : 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/2362 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

4 дэх заалтыг хүчингүй болгож,

7 дахь заалтын: “... шүүгдэгч Л.А-ас нийт 8,734,546 төгрөгийг гаргуулж,…” гэснийг “...шүүгдэгч Л.А-ас нийт 6,314,546 төгрөгийг гаргуулж,...” гэж, “...,Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төрийн санд...” гэснийг “...Эрүүл мэндийн даатгалын санд...” гэж,

8 дахь заалтын: “Хохирогч Э.Х-...” гэснийг “Хохирогч Э.Х-, П.О- нар...” гэж тус тус өөрчилсүгэй. 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.А-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.         

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг  дурдсугай.     

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                                   Г.МӨНХТУЛГА

 

           ШҮҮГЧ                                                                                 Т.ШИНЭБАЯР

 

           ШҮҮГЧ                                                                      Г.ГАНБААТАР