Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 2026/ДШМ/139

 

2026           01            29                                                                               2026/ДШМ/139

 

Н.М-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж, шүүгч Л.Одончимэг, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Сайнхүү,

хохирогч А.Б-ийн өмгөөлөгч Б.Цэнгүүн,

цагаатгагдсан этгээд Н.М-, түүний өмгөөлөгч О.Мягмарсүрэн, Э.Түвшинбаяр,

нарийн бичгийн дарга Э.Даваадулам нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2025/ШЦТ/2507 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч  прокурор Ц.Сайнхүүгийн бичсэн 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 52 дугаартай прокурорын эсэргүүцэл, хохирогч А.Б-ийн гаргасан давж заалдах гомдлоор Н.М-т холбогдох 1706 03662 1505 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.   

Б- овгийн Н-н М-, ........., ял шийтгэлгүй, /РД: Н-/;                        

Цагаатгагдсан этгээд Н.М- нь хохирогч А.Б-ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Н- хотхоны 405 дугаар байрны 1 тоотын 4 өрөө орон сууцыг 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Д.Г-, Б.Б- нараар дамжуулж 100.000.000 төгрөгөөр барьцаанд тавьж, итгэмжлэн хариуцуулж өгснийг 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий хүн болох Ц.У-т бэлэглэлийн гэрээгээр, улмаар 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Ц.У-ийн хийж өгсөн итгэмжлэлээр өөрийн дүү Д.Д-д 100.000.000 төгрөгөөр худалдаж, хохирогч А.Б-өд 241.306.500 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Н.М-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Баянзүрх дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.М-т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан буюу “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, шүүгдэгч Н.М-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, хэргийг прокурорт очтол Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, шинэ суурьшил, Нийслэл Д- гудамж 405 дугаар байр, 1 тоот хаягт байрлах 4 өрөө орон сууцны шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан прокурорын 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн №122 дугаартай тогтоолыг хэвээр үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М-т холбогдох эрүүгийн 1706 03662 1505 дугаартай хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж шийдвэрлэжээ.  

Прокурор Ц.Сайнхүү бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Цагаатгах тогтоол нь хууль ёсны үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй, тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: Н.М-ийн үйлдлийг ... завших гэмт хэргийн шинжгүй гэж үзэж, хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийж, хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгасан нь хууль зүйн үндэслэлгүй. Шүүх цагаатгах тогтоол гаргахдаа зөвхөн яллагдагчийн мэдүүлэг болон худалдах, худалдан авах гэрээ зэрэг нотлох баримтуудыг цагаатгах тогтоолын үндэслэл болгосон бөгөөд ингэхдээ хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон бусад яллах талын нотлох баримтуудыг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ дурдаагүй, түүнчлэн хохирогч болон гэрч нарын мэдүүлгээр тухайн 4 өрөө орон сууцыг барьцаалан 100.000.000 төгрөгийн зээл авсан, ингэхдээ Н.М- нь “худалдах, худалдан авах гэрээ хийхгүй бол болохгүй, зээл өгөх боломжгүй” гэж хэлсний дагуу уг гэрээг хийсэн, зээлээ буцааж төлсний дараа байрыг буцаан авах талаар тохиролцсон байсан, мөн зээлж авсан мөнгөний эргэн төлбөрт 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 30.000.000 төгрөгийг Н.М-т буцааж өгсөн нөхцөл байдал тогтоогдсон байхад дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан, дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй, дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэхэд нөлөөлсөн байх тул шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ. Тухайлбал, хавтаст хэрэгт авагдсан хохирогч А.Б-ийн “... уг байрыг Б- нь Г-ын төрсөн ах болох Ц-ийн банк бус санхүүгийн байгууллагад 50.000.000 төгрөгөөр тавихаар боллоо, Г- бид хоёр цуг явж байна гэсэн. Гэтэл Б- нь тус орон сууцыг Ц-ийн эхнэр М-ийн нэр дээр шилжүүлсэн байсан. ...” гэх мэдүүлэг, гэрч Д.Г-ын “...Анхнаасаа уг байрыг зарах зорилго надад болон Б-өд ч байгаагүй. Уг байрыг зарах зорилгоор гэрээ байгуулаагүй. ... М- нь өөрөө хэлэхдээ “100.000.000 төгрөгийг 1 сарын хугацаанд орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулж, уг мөнгөний хүү мөнгө болох 10.000.000 төгрөгийг гэрээнд нийлүүлж тусгаж өгнө” гэсэн ийм нөхцөлийг тавьж, зөвшөөрөхгүй бол 100.000.000 төгрөгийг чинь гаргаж өгөхгүй, зээл олгох боломжгүй гэсэн зүйл тухайн үед ярьсан. Тэгээд тухайн үед гэрчилгээг барьцаанд тавьж, бэлэн мөнгө гаргаж өгөх хүн олдохгүй байсан болохоор яах аргагүй уг М-ийн тавьсан шаардлагыг зөвшөөрч уг гэрээг байгуулж байсан юм. ... Гэвч тухайн үед барьцааны болон зээлийн гэрээ байгуулаагүй. ...” гэх мэдүүлэг, гэрч Б.Б-ын “...Тэгэхэд одоо надад мөнгө олдохгүй байна, Г-ын нэр дээр миний нэг байр байгаа, чамд таньдаг ББСБ-ын хүн байгаа бол 100.000.000 төгрөг гаргаад өгчих, барьцаанд байр тавь, тэндээс өөрийнхөө мөнгийг ав гэж хэлсэн. Иймд би хүмүүстэй ярилцаж байгаад Ц- гэх хүн рүү Г-, Б- нарыг явуулсан. Миний таньдаг Ц- Ц- гэх хүн дээр очиж барьцаанд тавьчих гэж хэлсэн. Ц-ийн төрсөн дүү Г- болж таарсан. ...” гэх мэдүүлэг зэргийг анхан шатны шүүх ямар нотлох баримтаар үгүйсгэсэн нь ойлгомжгүй, зөвхөн худалдах, худалдан авах гэрээг дурдаж, Н.М- нь өөрийн өмчлөлийн байрыг бусдад зарсан нь зөв гэсэн агуулгатай дүгнэлт хийж цагаатгах тогтоол гаргасан нь үндэслэлгүй байна. Мөн Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн обьект нь хуулиар хамгаалагдсан өмчийн тодорхой хэлбэр буюу байгууллага, аж ахуй нэгж, иргэний өмч хөрөнгөө өмчлөх, захиран зарцуулах, эзэмших эрх юм, харин обьектив тал нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан идэвхтэй үйлдэл байдаг, үндсэн шинж нь хууль дүрэм, гэрээ, хэлцэл, албан ажлын хүрээнд итгэмжлүүлэн хариуцуулсан, өөрийнх нь эзэмшилд хууль зүйн дагуу шилжүүлсэн эд хөрөнгийг өмчлөгч этгээдэд буцаан өгөөгүй байх, өөрийн үзэмжээр ашиглах зэргээр илэрдэг. Дээрх хуулийн тайлбараар тус 4 өрөө орон сууцыг Д.Г-ас 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр худалдах, худалдан авах гэрээгээр Н.М-ийн өмчлөлд очсон байх боловч гэрч, хохирогч нарын мэдүүлгээр барьцаанд тавихын тулд худалдах, худалдан авах гэрээ хийх ёстой гэж тохиролцсоноор уг байр нь худалдагдаагүй, барьцаанд тавигдсан гэж үзнэ. Энэ нь хууль, гэрээгээр өөрийн өмчлөлд орсон эд хөрөнгө гэж үзэх бөгөөд Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан завших гэмт хэргийн обьектив талын шинжийг хангаж байна. Дээрх гэмт хэргийн субьектив тал нь өөрийн үйлдлийг хууль бус гэдгийг ухамсарласан байх ёстой боловч хохирогч А.Б- нь уг байрыг худалдаагүй, барьцаанд тавьсан гэдгийг хэлж, байраа буцааж авна гээд 30.000.000 төгрөг өгсөн, Н.М- нь авсан үйлдлээс харахад Н.М- нь уг байр А.Б-ийн өмчлөлийн байр гэдгийг мэдсэн, цааш нь зарж болохгүй, завшиж болохгүй талаар мэдсэн гэж үзэх бүрэн боломжтой. Улмаар уг байрны талаар маргаан үүсээд явж байхад Н.М- нь 2018 оны 06 дугаар сарын 22-нд гэр бүлийн хамаарал бүхий хүн болох Ц.У-т бэлэглэлийн гэрээгээр, улмаар Ц.У-ийн хийж өгсөн итгэмжлэлээр өөрийн нэрээр төрсөн дүү Д.Д-д 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 100.000.000 төгрөгөөр худалдсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн талаар: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй”, мөн зүйлийн 1.10 дахь хэсэгт заасан “илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон.” гэж улсын яллагчаас дүгнэж байна. ... Анхан шатны шүүхээс шүүгдэгчийг цагаатгах болсон нотлох баримтын талаар, хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, улсын яллагчийн гаргасан дүгнэлт зэргийг хэрхэн үгүйсгэсэн талаар цагаатгах тогтоолд дурдаагүй. ... Мөн Н.М-т холбогдох хэргийг хэрэг бүртгэлтэд буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзнэ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “энэ зүйлийн 1.9-д заасан буюу нэмэлт нотлох баримтыг цуглуулах бүхий л ажиллагааг хийсэн боловч шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдоогүй гэх үндэслэлийн дагуу шүүх хэрэгсэхгүй болгосон бол хэргийг хэрэг бүртгэлтэд буцаана” гэж заасан байна. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх дэх хэсгийн 1.1, 1.3-т заасан үндэслэлээр хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Хохирогч А.Б- тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүхийн дүгнэлт нь ... хэрэгт авагдсан нотлох баримтад нийцэхгүй бөгөөд үндэслэл бүхий гараагүй байна.

Нэг. Хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй тухайд: Тухайн үйл баримт болох цаг хугацаанд шүүгдэгч Н.М- нь тухайн орон сууцны өмчлөх эрхийг зөвхөн барьцаалах зорилгоор түр хугацаанд өөрийн нэр дээр шилжүүлэн авсан болох нь Д.Г-ын шүүх хуралдаанд өгсөн болон хэрэгт гэрчээр өгсөн ... мэдүүлэг, гэрч Б.Б-ын ... мэдүүлэг, шүүгдэгчид хохирогчийн зүгээс зээлийн төлбөрт 30.000.000 төгрөгийг буцаан төлснийг хүлээн авсан баримт, гэрч Д.Ц-ийн утасны яриа зэргээр бүрэн тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн өөрийн хадам дүүгээс харилцан тохиролцож худалдан авсан гэдэг нь огт худал болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн тогтоогдсон. Мөн уг байрыг 100.000.000 төгрөгөөр зарах ямар ч үндэслэлгүй болох нь гэрч Б.Цэцэгнуурын мөрдөн байцаалтын болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр бүрэн тогтоогдсон ба уг үл хөдлөх хөрөнгийн үнэ нь ямар ч нөхцөлд 100.000.000 төгрөгийн үнэтэй биш болох нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүдээр тодорхой болсон. Аливаа хөрөнгийг шударгаар олж авах үндсэн нөхцөл нь хууль ёсны Иргэний хуульд нийцсэн хүчин төгөлдөр гэрээ хэлцлийг үндэслэн авах явдал бөгөөд аливаа байдлаар өмчлөх эрхийг бүр мөсөн худалдаж авч байгаа гэж ойлгож мэдсэн, тийм хүсэл зориг бүхий нөхцөлийг ойлгодог. Шүүгдэгч Н.М- уг орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн авч байхдаа уг гэрээ нь үнэн бодит хүсэл зоригийг үндсэн дээр хийгдээгүй, зөвхөн хөрөнгийн барьцаа болгож өөрт өмчлөх эрхийг түр шилжүүлэн авч байгаагаа мэдэж байсан бөгөөд уг зээлийн төлбөр болох 110.000.000 төгрөг эргэн төлөгдсөн дариуд өмчлөх эрхийг буцаан шилжүүлэх болохоо ухамсарлан зөвшөөрч байсан ба уг орон сууцны өмчлөх эрхийг өөртөө аваагүй болохоо бүрэн мэдэж байсан. Хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг, бусад нотлох баримтууд буюу яллах дүгнэлтэд тодорхой дурдсан үйл баримтуудаар шүүгдэгч нь энэхүү үл хөдлөх хөрөнгийг зээлийн төлбөрийг эргүүлэн төлөх хүртэл л хугацаанд өөрийн нэр дээр барьцаа байдлаар байлгаж, бусдад шилжүүлэхгүй байх үүргийг хүлээсэн ба энэ байдлаар өөрийн өмчлөлд түр шилжүүлэн авч, төлбөр төлөгдөнгүүт буцаан шилжүүлж өгөх санал санаачилгыг шүүгдэгч өөрөө гаргаж, түүний санал санаачилгаар энэхүү гэрээ хийгдсэн. Гэтэл шүүгдэгч нь уг хууль бус гэрээгээ үндэслэж, зөвхөн гэрээний гадаад илэрхийллийн хэлбэрээр улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгдсэн байгаа байдлаа ашиглан халхавчилж, үл хөдлөх хөрөнгийг хохирогчид буцаан өгөхгүй байх, өөрөө зарж ашиг олох гэмт хэргийн сэдэлтээр бусдад зарсан мэт байдал үүсгэж, өөрийн эгч дүү нарын нэр дээр бодит бусаар удаа дараа шилжүүлсэн байдаг. Гэтэл шүүх дээрх нөхцөл байдалд огт дүгнэлт хийлгүйгээр шүүгдэгчийг уг үл хөдлөх хөрөнгийг шударгаар олж авсан гэж дүгнэсэн явдал нь түүнийг 100.000.000 төгрөгийн зээл олгоод түүнээсээ 30.000.000 төгрөгийг буцаан авч, зөөхөн 70.000.000 төгрөг төлөөд 300.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн байрыг өөрийн өмчлөлд шилжүүлж авч байгааг хүлээн зөвшөөрсөн, шударга бус, гэмт хэргийн замаар түүнийг хөрөнгөжүүлсэн шударга бус шийдвэр гаргасан болно. ... Шүүхээс шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэснээр бусдыг хуурч, итгэл үнэмшил төрүүлэн, гэрээний хэлбэрийн шаардлага хангасан байдлаар аливаа хөрөнгийг өөрийн нэр дээр болгож чадсан нөхцөлд тухайн хөрөнгийг үнэн бодит байдлаар худалдан авсан эсэхийг нь огтхон ч дүгнэн үзэхгүйгээр хууль бусаар хөрөнгөжих нөхцөлийг үүсгэж, энэ байдлаар хохирогчийг улам бүр хохироосон шийдвэрийг гаргасан байна.

Хоёр. Шүүх гэрчийг шүүхэд санаатай худал мэдүүлэг өгсөн гэж ямарч үндэслэлгүйгээр дүгнэсэн болно. Уг хэргийн гэрч Д.Г- анх мөрдөн байцаалтад мэдүүлэг өгсөн цаг хугацаанаасаа эхлэн уг үл хөдлөх хөрөнгийг зарах талаар өөрийн ах Д.Ц- болон түүний эхнэр Н.М- нартай огт ярилцаж байгаагүй, бидний хооронд ийм үйл явдал болоогүй гэдгээ тогтвортой тодорхой мэдүүлж ирсэн бөгөөд үүнийгээ ч шүүх хуралдаанд туйлын тодорхой эргэлзээгүй мэдүүлсэн. Гэтэл шүүхээс уг гэрчийн мэдүүлгийг худал гэж үзэн, улмаар зөвхөн энэ дүгнэлтээ үндэслэн шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн ба яагаад энэхүү гэрчийн мэдүүлэг худал байгаа болох нь хэрэгт авагдсан ямар нотлох баримтуудаар тогтоогдож байгаа талаар тодорхой дүгнэлтийг хийгээгүй, улсын яллагчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл зэрэг нь тодорхойгүй, хэрэг хянан шийдвэрлэх хууль ёсны шаардлагыг огт хангаагүй шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч нь үнэн бодит байдлаар уг байрыг 100.000.000 төгрөгөөр худалдан авсан гэдгийг нотолж тогтоосон ямар ч баримт байхгүй байхад зөвхөн шүүгдэгчийн мэдүүлгийг л үндэслэж, гэрчийн мэдүүлгийг худал гэж үзсэн байх ба гэрчийн мэдүүлэг хэрэгт авагдсан бусад нотлох баримт болох хохирогч болон бусад гэрч нарын мэдүүлэг, зээлийн төлбөр буцаан шилжүүлсэн үйл баримт, үл хөдлөх хөрөнгийн бодит үнэ цэнэ зэрэг үйл баримтаар үнэн зөв болох нь нотлогдсон. Гэтэл шүүх энэ байдалд огт дүгнэлт хийгээгүй ба уг хэргийн нөхцөл байдлыг улсын яллагч бүрэн дүүрэн сэргээн тогтоож, яллах дүгнэлтийг хууль ёсны дагуу үйлдсэн байгааг үндэслэлгүйгээр үгүйсгэсэн. Шүүхийн гаргасан цагаатгах тогтоолд шүүгдэгчийг яллах үндэслэл болж байгаа нотлох баримтуудыг шүүх ямар учраас үгүйсгэсэн, шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болон үүнийг баталж байгаа нотлох баримтыг яаж сэргээн дүгнэж байгаа талаараа нэг бүрчлэн тодорхой дурдаагүй, ял сонсгох үндэслэл болсон нотлох баримтыг өөрөөр тайлбарлаагүй ба зөвхөн “...шүүгдэгч Н.М- орон сууцыг худалдах- худалдан авах гэрээний дагуу үнийг төлж эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан...” гэсэн ерөнхий дүгнэлтээр цагаатгаж шийдвэрлэсэн байна. ...

Гурав. Улсын яллагчийн яллах дүгнэлт үндэслэл бүхий тухайд: Эрүүгийн хуульд заасан завших хэргийн тухайд бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг гэмт этгээд өөрийн захиран зарцуулах боломжид хууль бусаар халдаж байгаагаар тодорхойлогдох ба эд хөрөнгө бусдын итгэмжлэл, хариуцлагад хууль ёсоор шилжих гэдгийг хохирогч өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн эсхүл хууль буюу гэрээнд зарим тохиолдолд итгэлцлийн үндсэн дээр захиран зарцуулах эрхгүйгээр бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээхийг хэлдэг. Шүүгдэгч нь тухайн үл хөдлөх хөрөнгийг өөрийн өмчлөлд улсын бүртгэлд бүртгүүлсэн байгаа боловч эд хөрөнгийг бүр мөсөн зарах, захиран зарцуулах эрхгүй байсан ба түүний өөрийн өмчлөлд байлгаж байсан зөвшөөрөгдсөн хэмжээ хязгаар, хараа хяналтдаа байлгаж буй эрх хэмжээ нь зүйлчлэлийн гол шалгуур бөгөөд тухайн хөрөнгийг хууль ёсоор худалдаж аваагүй, өөрийн нэр дээр түр байлгаж байсан бөгөөд бусдад зарах эрх байхгүй байсан. Иймд улсын яллагчийн энэхүү зүйлчлэл үндэслэл бүхий бөгөөд шүүгдэгчийн гэм бурууг бүрэн нотолсон гэж үзэж байна. Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн 2025ШЦТ/2507 тоот цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлж өгнө үү. ...” гэжээ.

Хохирогч А.Б-ийн өмгөөлөгч Б.Цэнгүүн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хохирогчийн хувьд тухайн байрны өмчлөх эрхийг олж авсан үндэслэл нь анхдагч шинжтэй байна. Уг байрны өмчлөх эрх анх Ц- гэдэг хүний нэр дээр шилжсэн бөгөөд Ц- нь уг өмчлөх эрхийг Б-, Г- нарын тайлбарласнаар М- гэх банк бус санхүүгийн үйлчилгээ эрхэлдэг этгээдийн нэр рүү шилжүүлж, барьцаанд тавих байдлаар ашигласан. Өөрөөр хэлбэл, тухайн үед барьцаанд тавихдаа зөвхөн барьцааны гэрээний хэлбэрээр бус, барьцаа зээл олгож буй этгээдүүдтэй байгуулсан хэлцлийн үндсэн дээр өмчлөх эрхийг М-ын нэр рүү шилжүүлсэн бөгөөд улмаар М-аас буцаан Г-ын нэр рүү шилжүүлж, дараа нь М- гэдэг хүний нэр дээр шилжүүлсэн ийм процесс дараалан явагдсан. Энэхүү шилжилт хөдөлгөөний явцад эргэн төлөх нөхцөлтэй мөнгөн харилцаа үүсэж, 100 сая болон 70 сая төгрөгийн дүнтэй зээл, төлбөрийн харилцаа явагдсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог. ... Уг байрыг шилжүүлэхдээ энэ нь жинхэнэ худалдах, худалдан авах хэлцэл бус, харин буцаан төлөгдөх нөхцөлтэй, дүр үзүүлсэн хэлцэл байсан гэж үзэх үндэслэлтэй. Учир нь тухайн үед уг байр цаашлаад гуравдагч этгээдэд зарагдахгүй, тухайн этгээдийн нэр дээр түр хугацаанд байршина гэж ойлгож, зээлийг авч, улмаар 30 сая төгрөгийг буцаан төлсөн үйл баримтууд хэрэгт авагдсан. ... Мөн тухайн байрны анхны өмчлөгч Ц-, түүнчлэн өмчлөх эрхийг дамжуулан шилжүүлж байсан М-, Г- нар нь өмчлөх эрх хэдийгээр өөрсдийн нэр дээр бүртгэгдсэн боловч бодит байдал дээр хохирогчийн нэр лүү шилжсэнд тооцогдох бөгөөд уг байрыг захиран зарцуулах эрх хохирогчид байсан, төлбөрийг нь бүрэн авсан гэж мэдүүлсэн байдаг. Цагаатгах тогтоолд дурдагдсан гэрчийн мэдүүлгүүд яагаад бодит бус гэж үнэлэгдсэн талаарх асуудалд улсын яллагчийн саналыг дэмжиж байна. Учир нь, шүүгдэгчийн мэдүүлэг болон хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд хоорондоо эрс зөрүүтэй байгаа бөгөөд Г- гэх гэрчийн мэдүүлэг нь мөрдөн шалгах ажиллагаа эхэлснээс хойш шүүхийн шат хүртэл ямар нэгэн байдлаар өөрчлөгдөөгүй, тогтвортой байсаар ирсэн. Иймд уг нөхцөл байдлыг бүхэлд нь харгалзан үзэж, хохирогчийн гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд Н.М-Хэлэх тайлбаргүй” гэв.

Цагаатгагдсан этгээд Н.М-ийн өмгөөлөгч О.Мягмарсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч бидний зүгээс үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Нэгдүгээрт, прокурорын гаргасан эсэргүүцлийн агуулгаас харахад хоёр үндэслэлийг дурдаж байна. ... Анхан шатны шүүх нь Н.М-т холбогдох хэргийг шийдвэрлэхдээ яллах дүгнэлтийн хүрээнд болон хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд тогтоогдсон үйл баримтуудад дүгнэлт хийсэн... Шүүх дүгнэлт хийхдээ Г- гэх гэрчийн мэдүүлгийг улсын яллагч гол нотлох баримтын эх сурвалж гэж үзсэн боловч уг мэдүүлэг нь хохирогч болон шүүгдэгчийн мэдүүлэг, мөн 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн худалдан авах, худалдах гэрээ зэрэг бусад нотлох баримтуудаар няцаагдаж, үгүйсгэгдсэн байна. Иймд шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэх үндэслэлээр гаргасан прокурорын эсэргүүцэл нь үндэслэлгүй. Хоёрдугаарт, прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ноцтой зөрчил гарсан гэсэн үндэслэлээр эсэргүүцэл гаргасан. ... 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлд нэмэлт, өөрчлөлт орж, уг зүйлийн нэг дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр цагаатгасан тохиолдолд хэргийг хэрэг бүртгэлтэд буцаахгүй байх зохицуулалт шинээр нэмэгдсэн. Прокурорын эсэргүүцэлд дурдсан бусад холбогдох заалтууд мөн адил 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн нэмэлт, өөрчлөлтөөр орсон зохицуулалтууд болно. Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ноцтой зөрчил гарсан гэх прокурорын хоёр дахь үндэслэл үгүйсгэгдэж байна. Гуравдугаарт, Ц- болон Б- нар арилжааны гэрээ байгуулж, уг гэрээний дагуу маргаантай хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь Б- болсон гэж үзвэл энэ нөхцөл байдал нь мөрдөн шалгах ажиллагаагаар нотлогдон тогтоогдоогүй байна. Ц- нь тухайн гурван лангууг Б-ийн өмчлөлд бүрэн шилжүүлсэн гэх үйл баримт нотлогдоогүй. Иймд Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан өмчлөлд халдсан гэмт хэргийн шинж үгүйсгэгдэж байна. Мөн уг зүйлд заасан “хариу төлбөргүйгээр итгэмжлэн хариуцуулсан” гэх нөхцөл байдал мөн адил тогтоогдоогүй бөгөөд энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Эцэст нь, бусдын эд хөрөнгийг худалдан авч, өмчлөх эрхийг бий болгон, түүнээ захиран зарцуулж байгаа энгийн иргэний эрх зүйн харилцааг гэмт хэрэг болгон үзэж, “хөрөнгө өгсөн нь гэмт хэрэг” гэх агуулгаар яллах дүгнэлт үйлдсэнийг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн уг хэлцэл нь худалдах, худалдан авах гэрээ биш, барьцааны гэрээ, баталгааны шинжтэй зээл байсан гэх агуулгаар яллах дүгнэлтэд дурдсан нь мөрдөн шалгах ажиллагаагаар нотлон тогтоогоогүй бөгөөд шүүх энэ талаар үндэслэлтэй дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Иймд прокурорын эсэргүүцэл болон хохирогчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд Н.М-ийн өмгөөлөгч Э.Түвшинбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Б- болон шүүгдэгч М- нарын хооронд ямар нэгэн эд хөрөнгөтэй холбоотой харилцаа үүссэн талаарх бичгийн нотлох баримт хэрэгт огт авагдаагүй. 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс өмнөх болон түүнээс хойш, мөн тухайн өдөр Б-, М- нар хоорондоо эд хөрөнгийг барьцаалах, худалдах, борлуулах, шилжүүлэхтэй холбоотой аливаа харилцаанд орсон, уулзсан гэх баримт, бичиг хэрэгт байхгүй байна. Мөн 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр завших гэмт хэргийн объект гэж үзэгдэж буй үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн авахтай холбоотойгоор гэрч Г-ас тухайн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн лавлагааг М-т гаргаж өгсөн. Уг лавлагаанаас харахад тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Б- гэдэг хүн нэг ч удаа бүртгэгдэж байгаагүй нь тодорхой харагдаж байна. М- нь улсын бүртгэлээс гаргасан албан ёсны лавлагааг үндэслэн уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь Г- байна гэж ойлгосон байсан. Үүнийг тухайн лавлагаанд огт дурдагдаагүй, өмчлөгчөөр бүртгэгдэж байгаагүй Б- гэдэг этгээдийг уг хөрөнгийн жинхэнэ өмчлөгч байсан гэж үзэх, улмаар “түүний хөрөнгийг завших” гэсэн итгэл үнэмшил, санаа зорилго М-т байж болзошгүй гэж үзэх боломжгүй. ... Харин хэрэгт гэрчээр мэдүүлэг өгч буй хэд хэдэн этгээдүүд тодорхой хугацаанд өмчлөгчөөр бүртгэгдэж байсан бөгөөд хамгийн сүүлд Г- өмчлөгчөөр бүртгэгдэж байгаад М-т шилжүүлсэн болох нь тогтоогдож байхад Б-ийн хөрөнгийг завшсан гэж дүгнэх нь үндэслэлгүй.  Мөн Б- нь Ц-аас эд хөрөнгө хүлээн авсан үйл явдал тогтоогдож байгаа боловч Б- уг хөрөнгийг хэнд итгэмжлэн хариуцуулсан бэ гэвэл Г-д итгэмжлэн хариуцуулсан байдаг. ... Иймд прокурор нь гэмт хэргийг хэн үйлдсэн болохыг тогтоож чадаагүй, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг буруу тодорхойлсон гэж үзэх үндэслэлтэй байна. Б- болон М- нарын хооронд эрх зүйн харилцаа үүсээгүй нөхцөлд М- нь Б-ийн өмнө хариуцлага хүлээх боломжгүй юм. Харин бодит харилцаа нь Б- болон Г- нарын хооронд үүссэн бөгөөд Г- нь Б-ийн өмнө тодорхой хэмжээний хариуцлага хүлээх этгээд мөн гэж үзэж байна. Г- нь тодорхой хэмжээний мөнгийг авч, үүнээсээ 50 сая төгрөгийг Б-өд өгсөн гэж мэдүүлж байгаа. Иймд Г- нь энэ хэрэгт хохирсон этгээд биш бөгөөд харин дундаас 50-60 сая төгрөгийг өөртөө үлдээсэн нөхцөл байдал харагддаг. Иймд Г- нь хохирол амссан этгээд бус, харин тодорхой хэмжээнд ашиг хүртсэн этгээд гэж үзэх нөхцөл байдал үүсэж байгаа бөгөөд бодит байдал дээр хариуцлага хүлээхгүйгээр үлдэж байна. Дээр дурдсан бүх нөхцөл байдлыг харгалзан үзвэл анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэл болон хохирогчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Прокуророос Н.М-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан буюу “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүнд холбогдох эрүүгийн 1706 03662 1505 дугаартай хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй, шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол”, мөн 1.3 дахь заалт “...дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол;” давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгохоор хуульчилсан.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.” гэж, шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтцэд тавигдах шаардлагыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Гучин зургаадугаар бүлэгт хуульчилсан бөгөөд шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй нөхцөлд хуулийн ноцтой зөрчил гэж үзэхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад тус тус заасан.

Шүүх хэргийн бодит байдлыг талуудын тэгш эрх, мэтгэлцээний үндсэн дээр тогтоох бөгөөд хэргийн бодит байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоохын тулд нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх шатанд бүхий л ажиллагаа хуульд нийцэж явагдсан эсэхийг хянаж шалгах, нотлох баримтуудыг үнэлэхдээ гэмт явдлыг бүтэц, сэдэлт, санаа зорилго, орон зай, цаг хугацаа, шалтгаант холбоо зэрэгтэй хамааралтай эсэхийг сайтар нягталсны эцэст дүгнэлт хийж, шийдвэрлэх үүрэгтэй.

Тухайлбал, гэрч Д.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... М- нь өөрөө хэлэхдээ “100.000.000 төгрөгийг 1 сарын хугацаанд орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулж, уг мөнгөний хүү мөнгө болох 10.000.000 төгрөгийг гэрээнд нийлүүлж тусгаж өгнө” гэсэн ийм нөхцөлийг тавьж, зөвшөөрөхгүй бол 100.000.000 төгрөгийг чинь гаргаж өгөхгүй, зээл олгох боломжгүй гэсэн зүйл тухайн үед ярьсан. Тэгээд тухайн үед гэрчилгээг барьцаанд тавьж, бэлэн мөнгө гаргаж өгөх хүн олдохгүй байсан болохоор яах аргагүй уг М-ийн тавьсан шаардлагыг зөвшөөрч уг гэрээг байгуулж байсан юм. Анхнаасаа байрыг 100.000.000 төгрөгийн барьцаанд тавих зорилготой байсан. Гэвч тухайн үед барьцааны болон зээлийн гэрээ байгуулаагүй. ...” /6 хх 44/ гэсэн мэдүүлгийг анхан шатны шүүх цагаатгах тогтоолдоо ямар нотлох баримтаар няцаан үгүйсгэсэн талаарх үндэслэлээ заагаагүй, энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

Түүнчлэн, хохирогч А.Б- “... би Ц-, М- нарыг дуудаад өөрийн найз М-тай цуг уулзаж, Ц-, М- хоёрт 10.000 ам доллар буюу 25.000.000 төгрөг, бэлнээр 5 сая төгрөг, нийт 30.000.000 төгрөгийг хүлээлцэж, баримт үйлдэн гарын үсэг зурсан...” /1 xx-48/, “...Ц-, Н.М- хоёр хамт сууж байгаад “Г-, Б- хоёр удахгүй хүүгээ төлөөд авна” гэсэн гэхээр нь би “Танай хүү өндөр учраас уг мөнгөнөөс илүү авсан мөнгөний үлдэгдлээс 10.000 ам доллар болон 5.000.000 төгрөгийг буцааж өгье...” гэтэл М- тоолж хүлээж аваад гарын үсэг зурсан /4 xx-77/ гэсэн мэдүүлгүүд, хохирогч А.Б-, гэрч Д.Г- нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл “... хохирогч А.Б-ийн хариулт: Дараа нь би байрыг худалдсан гэдгийг мэдэж, Ц-, М- хоёрт Б-ын өгсөн 50.000.000 төгрөгөөс 30.000.000 төгрөгийг буцааж өгсөн...” /3 xx-149/ гэх асуудлыг учир холбогдлын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийх зайлшгүй шаардлагатай.

Үүнээс гадна, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “энэ зүйлийн 1.9-д заасан буюу нэмэлт нотлох баримтыг цуглуулах бүхий л ажиллагааг хийсэн боловч шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдоогүй гэх үндэслэлийн дагуу шүүх хэрэгсэхгүй болгосон бол хэргийг хэрэг бүртгэлтэд буцаана” гэж заасан байхад Н.М-т холбогдох хэргийг мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, хэргийг хэрэг бүртгэлтэд буцаасан нь буруу болжээ.

Иймд прокурор Ц.Сайнбилэгийн бичсэн эсэргүүцэл болон хохирогчийн гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хүлээн авч, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2025/ШЦТ/2507 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2025/ШЦТ/2507 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Н.М-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                                       П.ГАНДОЛГОР

ШҮҮГЧ                                                                       Л.ОДОНЧИМЭГ

            ШҮҮГЧ                                                                       М.АЛДАР