Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2022/0301

 

 

“Бк” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа

Илтгэсэн шүүгч Н.Хонинхүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч “Бк” ХХК-ийн захирал Х.Ц,

Нэхэмжлэлийн шаардлага: “Х - аймгийн Д - сумын 4 дүгээр баг Баян-Овоо, Хасар гудамж 201 тоот хаягт байрлах, ШГ загварын 1.4 мвт-ын дулааны шугам сүлжээний нэгдсэн халаалтын зуухны ашиглагчаар “ХИД” ХХК-ийг сонгон шалгаруулсан Сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 03 дугаар хурлын тэмдэглэлийг хүчингүй болгуулах, Х - аймгийн ЗД-ын2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 9/513 тоот шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох тухай”,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Х - аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 15 дугаар,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна,

Хэргийн индекс: 127/2021/0014/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Бк” ХХК нь Х - аймгийн Засаг дарга, Х - аймгийн ЗД-ын 2021 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн А/52 тоот захирамжаар байгуулагдсан Сонгон шалгаруулалтын ажлын хэсэгт тус тус  холбогдуулан “Х - аймгийн Д - сумын 4 дүгээр баг Баян-Овоо, Хасар гудамж 201 тоот хаягт байрлах, ШГ загварын 1.4 мвт-ын дулааны шугам сүлжээний нэгдсэн халаалтын зуухны ашиглагчаар “ХИД” ХХК-ийг сонгон шалгаруулсан Сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 03 дугаар хурлын тэмдэглэлийг хүчингүй болгуулах, Х - аймгийн ЗД-ын 2021 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн 9/513 тоот шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох”-оор  маргасан байна.

2. Х - аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 15 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтаар: Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.1.2-ын а дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 1, 78 дугаар зүйлийн 2-ын 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан, Х - аймгийн Д - сумын 4 дүгээр баг Баян-Овоо, Хасар гудамж 201 тоот хаягт байрлах ШГ загварын, 1.4 мвт-н дулааны шугам сүлжээний нэгдсэн халаалтын зуухны ашиглагчаар ХИД ХХК-ийг сонгон шалгаруулсан, Сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 03 дугаар хурлын тэмдэглэлийг хүчингүй болгуулах, Х - аймгийн ЗД-ын2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 9/513 тоот шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгч “Бк” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ. Үүнд:

3.1. Шийдвэрийн 6 дахь хуудсаны 2 дахь догол мөрөнд: Эдгээр тогтоол, захирамжийг гаргахдаа Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйл, 18.1.3-ын “м”, 29 дүгээр зүйлийн 29.1.6-гийн “а” дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1, 77 дугаар зүйлийн 1, 77 дугаар зүйлийн 2.2, 78 дугаар зүйлийн 2.1 дэх заалтуудыг тус тус үндэслэжээ.

3.2. Гэтэл Х - аймгийн ИТХ-ын 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 07 дугаар тогтоол, Х - аймгийн ЗД-ын 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн А/52 дугаар захирамжуудад дурьдсан дээрх заалтууд Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Аймгийн засаг даргад “Сонгон шалгаруулалт явуулах” эрх олгосон нэг ч заалт байдаггүй бөгөөд зарим тохиолдолд дээрх тогтоол шийдвэрүүдэд дурьдсан хуулийн заалт ч байдаггүй.

3.3. Шүүхээс дээрх тогтоол, захирамжуудын үндэслэх заалтуудыг дурьдсаар атлаа хуульд нийцсэн байна гэж дүгнэн шийдвэрлэсэн нь илт үндэслэлгүй, хууль бус шийдвэр болоод байна.

3.4. Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо захиргааны эрх бүхий байгууллага болох Х - аймгийн Д - сумын ЗД-ын тамгын газартай 2020 оны 11 дүгээр сард Дулааны эрчим хүчээр хангах гэрээ байгуулсак дээрх гэрээ өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилсэн хэвээр атал гэрээг цуцлах, гэрээг дуусгавар болгох, хэрхэн шийдвэрлэсэн талаар нэг ч мэдэгдэл ирүүлээгүй, шийдвэр гаргаагүй мэдэгдээгүй атлаа сонгон шалгаруулалт гэх зүйл зарлан гуравдагч этгээдэд хууль бусаар шилжүүлсэн үйлдэл түүнтэй холбоотой гарсан тогтоол шийдвэрүүдийг хүчингүй болгуулах шаардлага гаргасан. Гэтэл шийдвэрт өмнөх гэрээг хэрхэн шийдвэрлэсэн талаар үндэслэх хэсэгт нэг ч тодорхой заалт оруулаагүй өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн дээрх үндэслэл шаардлагыг орхигдуулан шийдвэрлэсэн.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Шүүх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангасангүй. Үүнд:

2.1. Нэхэмжлэгч “Бк” ХХК нь Х - аймгийн Засаг дарга, Х - аймгийн ЗД-ын 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн А/52 тоот захирамжаар байгуулагдсан Сонгон шалгаруулалтын ажлын хэсэгт тус тус  холбогдуулан “Х - аймгийн Д - сумын 4 дүгээр баг Баян-Овоо, Хасар гудамж 201 тоот хаягт байрлах, ШГ загварын 1.4 мВт-ын дулааны шугам сүлжээний нэгдсэн халаалтын зуухны ашиглагчаар “ХИД” ХХК-ийг сонгон шалгаруулсан Сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 03 дугаар хурлын тэмдэглэлийг хүчингүй болгуулах, Х - аймгийн ЗД-ын2021 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн 9/513 тоот шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох тухай” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж анхан шатны шүүх тус шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэжээ.

2.2. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ “ ... тус сонгон шалгаруулалтад манай байгууллага оролцсон ба 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр “ХИД” ХХК-ийг шалгаруулсан нь хуульд нийцээгүй ... Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5.1.5, 8.1, 11.2, 12, 14, 15 дахь хэсэгт заасан нийтлэг болон тусгай шаардлагуудыг тухайн сонгон шалгаруулалтад тавиагүй, Татвар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, Шүүхийн тодорхойлолтууд гэх мэт бүхий л сонгон шалгаруулалтад тавигддаг шалгуурыг огт тавихгүйгээр илт хууль бус, ашиг сонирхлын зөрчилтэй сонгон шалгаруулалтыг явуулсан ...” гэж,  нэхэмжлэлийг эс зөвшөөрч  хариуцагч Х - аймгийн ЗД- “ ... сонгон шалгаруулалтыг нээлттэй зохион байгуулсан. Сонгон шалгаруулалтад “Бк” ХХК болон “ХИД” ХХК оролцож, шаардлагад заасан дулаан үйлдвэрлэсэн 3 жилийн ажлын туршлага, бизнес төлөвлөгөөний тооцоо судалгаа, гүйцэтгэх хугацааг заасан үндэслэлээр “ХИД” ХХК-ийг сонгон шалгаруулсан. Сонгон шалгаруулалт Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн дагуу явагдсан тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлд заасан үндэслэлээр шүүхэд гомдол гаргах эрхгүй ... ” гэж, хариуцагч Сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн ахлагч “ ... Бк ХХК нь Д - суманд төвлөрсөн дулаан хангамж шугам сүлжээг угсарч гүйцэтгэн, дутуу ажлыг дулааны улиралд хийж гүйцэтгэх үүрэг даалгаврын биелэлттэй улсын комисс хүлээн авсан. Үүнээс хойш зүгшрүүлж, тохируулах хугацаандаа ашиглалтыг хариуцан авч явж байсан учир Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн дагуу цаашид үйл ажиллагааг нь доголдолгүй авч явах аж ахуйн нэгжийн сонгон шалгаруулалтыг явуулсан ... батлагдсан тодорхой зураг төсөвтэй бол Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу явуулах байсан. Иймээс тухайн хуулийн үндэслэлээр гомдол гаргах нь үндэслэлгүй ... ” гэж, гуравдагч этгээд “ ... нэхэмжлэгч төсөл сонгон шалгаруулах ажилд оролцохоор хүлээн зөвшөөрч сонгон шалгаруулалтад оролцсон ... 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр сумын төвийн нэгдсэн дулааны зуух, шугам сүлжээг хүлээлцэх томилогдсон комиссын актаар манай компанид хүлээлгэн өгч, түүнээс хойш иргэн, аж ахуй нэгж байгууллагуудад “ХИД” ХХК дулааны эрчим хүчээр хангах үйлчилгээ үзүүлж байна. “Бк” ХХК нь одоогоор ямар нэгэн үйлчилгээ үзүүлж байгаа зүйл байхгүй ... Д - сумын төвлөрсөн дулаан хангамжийн шугам сүлжээний ашиглагчийг сонгон шалгаруулах нь төсвийн хөрөнгөөр хийгдэхгүй тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу явагдаагүй, харин Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн дагуу явагдсан … сонгон шалгаруулалтын урилгын дагуу оролцогч нь уурын зуух ашиглах эрчим хүчний тусгай зөвшөөрөлтэй байх шаардлагатай байсан. Нэхэмжлэгч “Бк” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнээс үзэхэд уг тусгай зөвшөөрлийг эзэмшээгүй ...” гэсэн үндэслэлээр тус тус маргасан байна.

2.3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д “Энэ хуулийн 52.2.4-т заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дараахь зүйл хамаарна:”, 52.5.1-д “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн”, 106 дугаар зүйлийн 106.3.1-т “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох”, 106.3.2-т “захиргааны акт, захиргааны гэрээ нь илт хууль бус болохыг тогтоох” гэж тус тус заасан.

2.4. Дээрх хуульд заасны дагуу нэхэмжлэгч нь захиргааны акт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн тухайд “илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэл гаргах боломжтой байхаас гадна нэхэмжлэгчээс “захиргааны актыг хүчингүй болгуулах түүнийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг гаргасан тохиолдолд шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар тухайн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй нь тогтоогдсон бол  холбогдох захиргааны актыг хүчингүй болгох шийдвэр гаргах боломжтой бөгөөд ийнхүү шийдвэрлэхийн тулд захиргааны акт хууль бус байх, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдсон байх гэсэн хоёр шаардлага зэрэг хангагдсан тохиолдолд шүүх тухайн захиргааны актыг хүчингүй болгож шийдвэрлэх хууль зүйн боломжтой байна.

2.5. Нэхэмжлэгч “Бк” ХХК  “Х - аймгийн ЗД-ын 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 9/513 тоот шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох тухай” хэмээн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дээрх зүйл заалтуудад заасан “захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох”, “захиргааны акт хууль бус бөгөөд нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн болох нь тогтоогдсон бол хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын алинд ч хамаарахгүй байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байх бөгөөд нэхэмжлэгчид хүргүүлсэн Х - аймгийн ЗД-ын 2021 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн 9/513 тоот “... сонгон шалгаруулалтанд ирүүлсэн танай санал, тусгай зөвшөөрөл, туршлагын шаардлага хангаагүй байх тул татгалзсан болохыг мэдэгдье ...” гэсэн утга агуулга бүхий албан мэдэгдэл хууль бус болох нь, түүнчлэн уг албан бичгийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тус тус тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүх “ ... нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь Захиргааны ерөнхий хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцэхгүй … сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр гаргасан шийдвэрийн дагуу нэхэмжлэгчид хүргүүлсэн мэдэгдэл байна …” гэсэн дүгнэлтийг хийж, нэхэмжлэлийн тус шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна. 

2.6. Мөн анхан шатны шүүх “Сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 03 дугаар хурлын тэмдэглэлийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

2.7. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Х - аймгийн иргэдийн ИТХ-ын Т-ийнхуралдаанаас 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 07 дугаар тогтоол гаргаж уг тогтоолоор “тус аймгийн Б, Г, Д - сумдын төвлөрсөн дулаан хангамжийн шугам сүлжээний ашиглагчийг сонгон шалгаруулж, ашиглалтын гэрээ байгуулж ажиллахыг аймгийн ЗД- /Ц.Идэрбат/-д үүрэг болгож” шийдвэрлэсэн, тус тогтоолын дагуу аймгийн ЗД- 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр А/52 дугаар захирамжаар Б, Г, Д - сумдын төвлөрсөн дулаан хангамжийн шугам сүлжээний ашиглагчийг холбогдох хууль тогтоомжийн дагуу сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийг 5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 03 дугаар хуралдаанаар дээрх гурван сумдын төвлөрсөн дулаан хангамжийн шугам сүлжээний ашиглагч компаниудыг шалгаруулах үйл ажиллагаа явагдсан, уг сонгон шалгаруулалтад нэхэмжлэгч “Бк” ХХК нь Х - аймгийн Д - сумын дулааны шугам сүлжээний нэгдсэн халаалтын зуухны ашиглагчийн сонгон шалгаруулалтанд оролцсон, Сонгон шалгаруулалтын ажлын хэсэг Х - аймгийн Д - сумын дулааны төвлөрсөн шугам сүлжээний нэгдсэн халаалтын зуухны ашиглагчаар “ХИД” ХХК-ийг сонгон шалгаруулсан үйл баримт тогтоогдсон байна.

2.8. Нэхэмжлэгчээс дээрх ажлын хэсгийн хуралдаанаар гуравдагч этгээдийг шалгаруулсан  дүгнэлтийн агуулга, үндэслэлийг баримтаар няцааж маргаагүй буюу өөрөөр хэлбэл, “Д - сумын төвлөрсөн шугам сүлжээний нэгдсэн халаалтын зуухны ашиглагчаар шалгарсан “ХИД” ХХК-ийг шалгаруулсан нь шударга бус манай компани илүү давуу байсан” гэж маргаагүй харин “... тус сонгон шалгаруулалтад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан хэм хэмжээ, шалгуурыг баримтлаагүй, тус хуульд заасан шалгууруудыг тавиагүй ... Татвар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, Шүүхийн тодорхойлолтууд гэх мэт бүх сонгон шалгаруулалтад тавигддаг шалгуурыг огт тавихгүйгээр илт хууль бус, ашиг сонирхлын зөрчилтэй сонгон шалгаруулалт болсон ...” гэсэн үндэслэлээр маргасан байх тул шүүх нэхэмжлэгчийн маргасан хүрээнд дүгнэлт өгч нэхэмжлэлийн тус шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

2.9. Тодруулбал, Х - аймгийн иргэдийн ИТХ-ын Т-д болон Аймгийн ЗД-ын нэр бүхий сумдын төвлөрсөн дулаан хангамжийн шугам сүлжээний ашиглагчийг сонгон шалгаруулах ажлын хэсэг байгуулсан, улмаар сонгон шалгаруулалт явуулсан шийдвэрүүдэд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3-ын “м” дэх хэсэгт “орон нутгийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах, бий болгох талаар тухайн Хурлаас Засаг даргад олгох эрх хэмжээг тогтоох, хяналт тавих”, 29 дүгээр зүйлийн 29.1.6-ын “А” дахь хэсэгт “хууль тогтоомж, Засгийн газар, Хурал, ЗД-ыншийдвэрийг сурталчлах, биелэлтийг нь хангах ажлыг нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд зохион байгуулах”, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Төрийн өмчийн эд хөрөнгийг эрх бүхий байгууллагын шийдвэрээр концессийн болон түрээсийн гэрээгээр, мөн хуулиар зөвшөөрсөн бол үнэ төлбөргүйгээр бусдад эзэмшүүлж, ашиглуулж болно”, 77 дугаар зүйлийн  77.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн өмчийн зүйлсийг хүн амаа төлөөлөн өмчлөгч нь байна”, 77.2.2-т “иргэдийн ИТХ-ын Т-д , ЗД-аас орон нутгийн өмчийн хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ хэрэгжүүлэх талаар зохиосон ажил, үр ашгийн тайлан, нэгдсэн тооллогын дүнг жил бүр хэлэлцэж, дүгнэлт, чиглэл өгөх”, 78 дугаар зүйлийн 78.2.1-д “иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас олгосон эрх хэмжээний дотор орон нутгийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах” гэж заасныг тус тус баримталсан байна.

2.10. Нэхэмжлэгчээс “Сонгон шалгаруулалтыг явуулахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан нийтлэг болон тусгай шалгууруудыг тавиагүй, төвлөрсөн дулаан хангамжийн шугам сүлжээний ашиглагчийг сонгон шалгаруулах нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуульд заасан “ажил, үйлчилгээ”-ний нэг хэлбэр” гэж маргасан байх боловч энэ талаарх хууль зүйн үндэслэл, баримт нотолгоог шүүхэд гаргаж мэтгэлцээгүй, нэхэмжлэгчийн маргаж буй захиргааны шийдвэр нь Х - аймгийн Д -, Г, Б сумдад барьж, 2020 онд ашиглалтад оруулсан төвлөрсөн халаалт, гадна цэвэр усны шугам сүлжээний ашиглагчийг сонгон шалгаруулах, улмаар шалгарсан аж ахуйн нэгжтэй ашиглалтын гэрээ байгуулах зорилгын хүрээнд гарсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул анхан шатны шүүхийн “хариуцагчийн эдгээр үйл ажиллагааг төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах ажиллагаа биш байна” гэж дүгнэснийг үгүйсгэх үндэслэлгүй байна.

2.11. Өөрөөр хэлбэл, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, уг ажиллагаанд хяналт тавих, гомдол гаргаж шийдвэрлүүлэх, энэхүү хуулийг зөрчигчдөд хариуцлага хүлээлгэхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.”, 3 дугаар зүйлийн 3.1-д “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад энэ хуулийг дагаж мөрдөнө” гэж зааснаас үзэхэд төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр аливаа бараа, үйлчилгээг худалдан авах ажиллагаатай холбоотой харилцаанд тус хууль мөрдөгдөхөөр байна.

2.12. Харин Х - аймгийн иргэдийн ИТХ-ын Т-ийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн “Эд хөрөнгө ашиглуулах тухай” 07 дугаар тогтоолоор Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1-т “Төрийн өмчийн эд хөрөнгийг эрх бүхий байгууллагын шийдвэрээр концессийн болон түрээсийн гэрээгээр, мөн хуулиар зөвшөөрсөн бол үнэ төлбөргүйгээр бусдад эзэмшүүлж, ашиглуулж болно”,  77 дугаар зүйлийн 1-т “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн өмчийн зүйлсийг хүн амаа төлөөлөн өмчлөгч нь байна”, 2-т “Орон нутгийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах талаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараахь бүрэн эрхтэй: 1/-т “орон нутгийн өмчийн эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалтын байдлыг хянан шалгах буюу түүнд тавих хяналт шалгалтыг зохион байгуулах” гэж заасныг үндэслэн нэр бүхий сумдын төвлөрсөн дулаан хангамжийн шугам сүлжээний ашиглагчийг холбогдох хууль тогтоомжийн дагуу сонгон шалгаруулж ашиглалтын гэрээ байгуулж ажиллахыг аймгийн Засаг даргад үүрэг болгож шийдвэрлэснээс үзвэл аливаа бараа, ажил үйлчилгээг төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах талаар шийдвэрлээгүй, харин сумдын төвлөрсөн дулаан хангамжийн шугам сүлжээ ашиглагчийг сонгон шалгаруулахтай холбоотой асуудлыг зохион байгуулахыг даалгасан байх тул шүүх нэхэмжлэгчийн “... уг захиргааны үйл ажиллагаанд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан журмын дагуу явуулах байсан ...” гэх агуулга бүхий тайлбар, гомдлыг хүлээн авах үндэслэлгүй. 

2.13. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Х - аймгийн ЗД-аас тус аймгийн Б, Г, Д - сумдын төвлөрсөн дулаан хангамжийн шугам сүлжээний ашиглагчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн А/52 дугаар захирамжаар байгуулсан байх бөгөөд уг Ажлын хэсэг сонгон шалгаруулах ажиллагааг явуулсан, нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахыг хүссэн тус Ажлын хэсгийн 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 03 дугаар хуралдааны тэмдэглэлд дээрх сумдын төвлөрсөн дулаан хангамжийн шугам сүлжээний ашиглагч компанийг шалгаруулсан байна.

2.14. Тус сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн хуралдааны тэмдэглэлээс үзвэл “... Д - сумын төвлөрсөн халаалт, шугам сүлжээний ашиглагч байгууллагын сонгон шалгаруулалтад “Бк” ХХК, “ХИ” ХХК-ууд санал ирүүлсэн” гэж тусгагдсан байх бөгөөд ажлын хэсгийн дарга, гишүүдээс “... “ХИД”ХХК ирүүлсэн материал шаардлагад нийцсэн сайн материал байна .. туршлага, санхүү, хүний нөөцийн хувьд шаардлагад нийцэж байна ... Д - суманд тодорхой эдийн засгийн үзүүлэлттэй болон тухайн нэмэлж ажлыг өөрийн хөрөнгөө оруулалтаар санхүүжүүлэх бизнес төлөвлөгөөгөө дэлгэрэнгүй хийж, санхүүгийн тооцооллоо ирүүлсэн байна ... бизнес төлөвлөгөөгөөр Д - сумын дулаанд холбогдоогүй дөрөв таван байгууллагыг 170-аад сая төгрөгийн өөрийн хөрөнгөөр 9 дүгээр сарын 20 гэхэд дулааны системд холбоно гэсэн санал ирүүлсэн байна ... эдгээр саналыг харгалзан үзээд “ХИД” ХХК-ийн Д -ын төвлөрсөн ... сүлжээний ашиглагчаар сонгох нь зөв ... “ХИД” ХХК-ийн хувьд бизнес төлөвлөгөө, санхүүгийн чадавх, ажиллах хүчний нөөц, сүүлийн гурван жилийн дулаан үйлдвэрлэл, түгээлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулсан туршлага нь өрсөлдөгч компаниасаа илүү байгаа учраас сонгох саналтай ... “ХИД” ХХК-ийн хувьд манай аймагт нилээн хөрөнгө оруулалт хийсэн, зургаа долоон суманд үйл ажиллагаа явуулдаг туршлагатай компани гэж үзэж байна ... Д - суман дээр “ХИД” ХХК-ийг дэмжих саналтай ...” гэх зэрэг саналуудыг гаргаж, ажлын хэсгийн 100 хувийн саналаар Д - сумын төвлөрсөн халаалт, шугам сүлжээний ашиглагчаар “ХИД” ХХК-ийг шалгаруулсан байна.

2.15. Нэхэмжлэгчээс тухайн сонгон шалгаруулалтын зөвхөн Д - сумын төвлөрсөн халаалт, шугам сүлжээний ашиглагчийг сонгох шалгаруулалтад оролцсон, энэхүү шалгаруулалтыг эс зөвшөөрсөн агуулгаар нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан атлаа Сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 03 дугаар хуралдааны тэмдэглэлийг бүхэлд нь хүчингүй болгуулах шаардлага гаргасан нь ойлгомжгүй байх бөгөөд тэрээр Х - аймгийн иргэдийн ИТХ-ын Т-ийн2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн “Эд хөрөнгө ашиглуулах тухай” 07 дугаар тогтоол,  Сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн даргын 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн аймгийн Засаг даргад хүргүүлсэн “ ... Д - ... сумын төвлөрсөн дулаан хангамжийн шугам сүлжээний ашиглагчаар шалгарсан “Хангай илч дулаан” ХХК-тай гэрээ байгуулахыг санал болгосон” агуулгатай Зөвлөмж хүргүүлэх тухай 01, Аймгийн ЗД-ын 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Д - сумын Засаг даргад хүргүүлсэн “ХИД” ХХК-тай ашиглалтын гэрээг 2021 оны 03 дугаар сарын 25-ны дотор байгуулж ажиллах тухай албан бичиг, Х - аймгийн ЗД-ын2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/157 дугаар “Төвлөрсөн дулаан хангамжийн шугам сүлжээг хүлээлцэх ажлын хэсэг байгуулах тухай” захирамж, “ХИД” ХХК-ийн захирал болон Д - сумын ЕБС захирал, Сумын эрүүл мэндийн төвийн эрхлэгч, Сумын ЗД-ын Тамгын газрын дарга зэрэгтэй байгуулсан “Дулааны эрчим хүчээр хангах гэрээ”-үүдтэй маргаагүйг дурдах нь зүйтэй байна.

2.16. Мөн  нэхэмжлэгч нь анхнаасаа шүүхэд хандаж “ХИД” ХХК-ийг сонгон шалгаруулсан Сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 03 дугаар хурлын тэмдэглэлийг хүчингүй болгуулах, Х - аймгийн ЗД-ын 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 9/513 тоот шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж өөрчлөөгүй байх тул анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасантай нийцсэн байх тул нэхэмжлэгчийн “... Д - сумын ЗД-ын тамгын газартай 2020 оны 11 сард дулааны эрчим хүчээр хангах гэрээ байгуулсан. Уг гэрээ өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилсэн хэвээр байгаа атал гэрээг цуцлах, дуусгавар болгох, хэрхэн шийдвэрлэсэн талаар нэг ч мэдэгдэл ирүүлээгүй атлаа сонгон шалгаруулалт зарлаж гуравдагч этгээдэд хууль бусаар шилжүүлсэн. Үүнтэй холбоотой гаргасан тогтоол шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлага гаргасан боловч шийдвэрийн үндэслэх хэсэгт өмнөх гэрээг хэрхэн шийдвэрлэсэн талаар нэг ч тодорхой заалт оруулаагүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагыг орхигдуулан шийдвэрлэсэн ...” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

Эдгээр болон бусад үндэслэлээр анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэгт авагдсан баримтад тулгуурлан маргааны үйл баримтад үндэстэй зөв дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Х - аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 15 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                              Д.БАТБААТАР

 

 

ШҮҮГЧ                                                                   Д.ОЮУМАА

 

 

ШҮҮГЧ                                                                    Н.ХОНИНХҮҮ