Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 03 өдөр

Дугаар  2026/ДШМ/160

 

  2026            02            03                                         2026/ДШМ/160

 

Д.О-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж, шүүгч Л.Галбадар, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Нямжав,

шүүгдэгч Д.О, түүний өмгөөлөгч Н.Жамъян,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2025/ШЦТ/2537 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.О, түүний өмгөөлөгч Н.Жамъян нарын гаргасан давж заалдах гомдлоор Д.О-т холбогдох 2306037472893 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Д.О, 0000 оны 00 дугаар сарын 00-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 00 настай, эрэгтэй, дээд боловсролтой, 00 мэргэжилтэй, “00” ажилтай, ам бүл 1, 00 тоотод түр оршин суудаг, /РД:0000000000/;

Шүүгдэгч Д.О нь “00” банк ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулж зээл төлүүлэлтийн газарт мэргэжилтнээр ажиллаж байхдаа “2023 оны 06 дугаар сарын бонус цалин өгсөнгүй” гэх шалтгаанаар итгэмжлэн хариуцуулсан ажлын хэрэгцээний Ленова тинк Т14 Жэн3 17 Ар Ти 48 Ки Эс 9 Ти загварын зөөврийн компьютерыг ажлаас халагдахдаа хүлээлгэж өгөлгүйгээр хувьдаа завшсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Д.О-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх:  Шүүгдэгч Д.О-ыг “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн ” гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.От 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.О-аас 3,078,120 төгрөгийг гаргуулж “00” банкны хууль ёсны төлөөлөгч Д.Д-д олгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.О давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би 37 настай дээд боловсролтой. Миний бие 00 банканд 2012 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс  2023 оны 06 дугаар сар хүртэл тасралтгүй 11 жил ажилласан. Ажиллаж байх хугацаандаа өндөр гүйцэтгэлтэй ажиллаж ирсэн. Би 2007 онд мориноос унасны улмаас зүүн нүдний хараа 100 хувь харах боломжгүй болсон. 50 хувийн хөдөлмөрийн чадвараа алдаж одоогийн байдлаар групп тогтоолгосон. Би өөрийн үйлдлээ гэмт хэрэг гэдгийг бүрэн ухамсарлаагүй. Хууль эрх зүйн мэдлэггүйн улмаас хохирол барагдуулах шүүхийн завсарлага авч чадаагүй. Хоригдсон хугацаандаа өөрийнхөө гэм бурууг ухаарч Хаан банканд хохирол төлбөрийг 100 хувь бүрэн барагдуулсан. Миний анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, хохирол төлбөрөө барагдуулсан, эрүүл мэндийн хувьд хөдөлмөрийн чадвараа 50 хувь алдсан, групп тогтоолгосон зэргийг харгалзан үзэж нийгмээс тусгаарлалгүйгээр өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Д.О-ын өмгөөлөгч Н.Жамъян давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Д.О-ын тухайд анхан шатны шүүх хуралдаанд хууль зүйн туслалаа авч чадалгүй өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцсон юм байна лээ. Миний үйлчлүүлэгч өөрт нь өгөх ёстой цалин урамшууллаа өгөхгүй байхаар нь өөртөө туслах замаар зөөврийн компьютерыг авсан гэж тайлбарладаг. Гэвч миний үйлчлүүлэгч мөрдөн шалгах ажиллагааны явцад зөөврийн компьютерыг авсан гэдэг дээрээ маргаагүй. Шүүх хуралдаанд оролцох явцад прокурорын зүгээс эрүүгийн хариуцлагатай холбоотой санал хэлэхдээ торгох ялыг санал болгосон. Мөн хохирол төлбөр төлөхтэй холбоотой завсарлага авах эрхтэйг нь анхан шатны шүүхээс тайлбарласан хэдий ч Д.О үүнийг ойлгоогүйн улмаас эрх зүйн байдлаа дордуулсан. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, прокурорын зүгээс торгох ял санал болгосон нөхцөл байдлыг харгалзан үзээд шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэх боломжтой. Өөрөөр хэлбэл хорих ялын эдлээгүй үлдсэн хугацааг торгох ялаар сольж өгнө үү гэж өмгөөлөгчийн зүгээс хүсэж байна. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би анх 2023 онд энэ хэргийн талаарх гомдлыг гаргаж байсан. Манай байгууллагын зүгээс зөөврийн компьютерыг тодорхой хугацааны дотор сольдог. Шүүгдэгч зөөврийн компьютерыг 2023 оны 04 дүгээр сард авсан байдаг. Үүний дараа 2023 оны 06 дугаар сард ажлаас халагдсан. Анхны өртөг нь 5,399,000 төгрөг байсан. Тэр талаар нь нягтлан бодох бүртгэлийн баримтад тусгагдсан. Элэгдэл хорогдлын тухайд шүүгдэгч ажлаас гарсан тухайн хугацаанд элэгдэл хорогдол огт үүсээгүй байсан. Тиймээс шинжээчийн гаргасан үнэлгээ үндэслэлгүй байна гэж үзэж байна. Бидний зүгээс энэ хэрэгт ял оногдуулахтай холбоотой бус хохирлоо барагдуулна уу гэх байр сууринаас хандаж байгаа. ...” гэв.

Прокурор М.Нямжав тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокурорын зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй байх тул хэвээр үлдээх саналтай байна. Шүүгдэгч талаас хорих ялыг өөрчлөх агуулгаар давж заалдах гомдол гаргасан байна. Хуульд заасны дагуу ялын төрлийг өөрчлөх нь шүүхийн бүрэн эрхийн асуудал тул үүнтэй холбоотой хэлэх тайлбаргүй. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О, түүний өмгөөлөгч Н.Жамъян нарын гаргасан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

1. Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Шүүгдэгч Д.О нь “00” банк ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулж зээл төлүүлэлтийн газарт мэргэжилтнээр ажиллаж байхдаа “2023 оны 06 дугаар сарын бонус цалин өгсөнгүй” гэх шалтгаанаар итгэмжлэн хариуцуулсан ажлын хэрэгцээний “Ленова тинк Т14 Жэн3 17 Ар Ти 48 Ки Эс 9 Ти” загварын зөөврийн компьютерыг ажлаас халагдахдаа хүлээлгэж өгөлгүйгээр хувьдаа завшсан болох нь:

Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д: “...2023 оны 06 дугаар сарын 12-ноос хойш ажлаа таслаад, ажилдаа ирэхгүй байсан учраас удирдлагын шийдвэрээр ажлаас нь халсан. ...Гэтэл Д.О нь зөөврийн компьютерыг авчирч өгөөгүй. ...2023.05.23-ны өдөр 5,399,900 төгрөгөөр худалдан авсан. ...Д.О нь манай байгууллагад 10 гаран ажил ажиллаж байгаа, дотоод дүрэм журмаа мэддэг. ...” гэх мэдүүлэг /хх 39-40/,

Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д дахин: “...Манай байгууллага / 00 банк/ Д.О нарын хооронд ямар нэгэн өр авлагын асуудал байгааг мэдэхгүй. ..Д.О-тай холбогдохоор би нөүтбүүкийг чинь өгөхгүй, заримдаа нөүтбүүк чинь байхгүй гэж хэлдэг. ..Та нар намайг ажлаас шалтгаангүйгээр халсан гэж хэлдэг. ...” гэх мэдүүлэг /хх 72/,

00 ХХК болон шүүгдэгч Д.О нарын хооронд байгуулсан ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ /2022.08.29/ хх 42-43, 57-66

00 банк ХХК-ний хүний нөөцийн удирдлагын газрын захирал Н.А-ын 2023.07.03-ны өдрийн “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах” тухай: “...Д.О нь шууд удирдлагадаа урьдчилан мэдэгдэж албан ёсоор чөлөө авалгүй 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс хойш ажилдаа ирэлгүй тул ажил тасалж ноцтой зөрчлийг гаргасан тул 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөр тасалбар болгон сахилгын шийтгэл оногдуулж, хөдөлмөрийн гэрээг цуцалсугай. ...”  тушаал /хх 49/,

00 банк ХХК-ний хүний нөөцийн удирдлагын газрын захирал Н.А-ын 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн “Эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж, төлбөр төлүүлэх тухай” тушаал: “...Д.О нь ажил үүргээ гүйцэтгэх явцдаа ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулсан тул эд хөрөнгийн бүрэн хариуцлага ногдуулсугай. Банканд учруулсан эд хөрөнгийн хохирол 5,287,402 төгрөгийг 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдөрт багтаан төлж барагдуулахыг Д.О-т үүрэг болгосугай. Хохирол төлбөр барагдуулах ажилд хяналт тавихыг зээл төлүүлэлтийн газрын захирал Ж.Г-д даалгасугай. ...” тушаал /хх 50/,

00 банк ХХК болон шүүгдэгч Д.О нарын хооронд 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан эд хөрөнгө хариуцах ажилтантай байгуулах эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, бараа хүлээн авсан тухай хуудас: Lenovo Thinkpad T14 GEN3 I7 32GB PF48KS9T ашиглалтад авсан огноо 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр, анхны өртөг: 5,399,900, үлдэгдэл өртөг: 5,287,402, төлөв: хэвийн, эд хөрөнгө хариуцагч Д.О /хх 51-56/

шүүгдэгч Д.О-ын авч явсан компьютерт үнэлгээ хийсэн Дамно ХХК-ний: “...3,078,120 төгрөгөөр үнэлэгдэв” гэх тайлан  /хх 93-95/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

2. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

3. Прокуророос шүүгдэгч Д.О-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг сэргээн тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянасны үндсэн дээр гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг гарсан байдал, гэм буруугийн хэлбэрийн талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Д.О-ын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг үндэслэлтэй тайлбарлан зүйлчилсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

4. Шүүгдэгч Д.О болон түүний өмгөөлөгч Н.Жамъян нараас “...хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэх давж заалдах гомдлыг гаргасан боловч давж заалдах шатны шүүх хуралдаанд “...анх удаа гэмт хэрэг үйлдсэн, прокурорын зүгээс торгох ял санал болгосон нөхцөл байдлыг харгалзан, хорих ялын эдлээгүй үлдсэн хугацааг торгох ялаар сольж өгнө үү. ...” гэж гомдлын агуулгаа өөрчилж оролцлоо.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээний агуулгад нийцүүлэн мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрлөөс сонгож, уг ялын хэмжээг зүй зохистой тогтоох нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахад чиглэдэг.

Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, шүүгдэгчийн хувийн байдал, ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлын талаар бодитой дүгнэлт хийж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцэх учиртай.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлаас гадна түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, тухайн гэмт хэргийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, үр дагавар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээг сонгон ял шийтгэл оногдуулах, эсхүл ял оногдуулахгүйгээр тэнсэх, ялаас чөлөөлөх, түүнчлэн хуульд зааснаас багасгаж ял оногдуулдаг.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар хорих ял шийтгэснийг буруутгах үндэслэлгүй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно” гэж тус тус хуульчилжээ.

Иймд, давж заалдах шатны шүүх бүрэн эрхийнхээ хүрээнд шүүгдэгч Д.О-ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэгтээ харамсаж буй түүний хандлага, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн түүний хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 3,078,200 /гурван сая далан найман мянга хоёр зуу/ төгрөгийг төлсөн, хохирогч байгууллага болон прокурорын зүгээс “эрүүгийн хариуцлагын талаар саналгүй” гэсэн тайлбар зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрх хязгаарлах ялын төрлөөс Д.О-т нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон хэрэглэж, мөн зүйлд зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Оын 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 64 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар дүйцүүлж /64*8=512 цаг/, түүнд оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасаж, түүний эдэлбэл зохих нийтэд тустай ажил хийлгэх ялыг 208 цагийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт найман цагаас дээшгүй хугацаагаар” тогтоож, эдлүүлэхээр тусгав.

5. Харин, хохирогч байгууллага болох 00 банк ХХК-ын зүгээс шүүгдэгч Д.О-т итгэмжлэн хариуцуулсан “Ленова тинк Т14 Жэн3 17 Ар Ти 48 Ки Эс 9 Ти” загварын зөөврийн компьютерын үнэлгээг түүнд итгэмжлэн хариуцуулсан /2023.05.23/ өдрөөр тооцож 5,399,900 төгрөгийг нэхэмжилсэн байх бөгөөд шүүгдэгчийн зүгээс хохиролд 3,078,200 /гурван сая далан найман мянга хоёр зуу/ төгрөгийг төлсөн баримтыг давж заалдах шатны шүүхэд гаргаж өгсөн.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад 2023 оны 06 дугаар сард үйлдэгдсэн гэмт хэрэгт хамаарах эд хөрөнгийн үнэлгээний тайланг 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар гаргасан нь гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд эд зүйлийн бодит өртгөөс зөрүүтэй байдлыг үүсгэсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Иргэний нэхэмжлэлийг хэлэлцээгүй орхисон бол нэхэмжлэгч түүнийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй.” гэж,

мөн хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Иргэний нэхэмжлэл гаргаагүй боловч гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл шийтгэх тогтоол гаргахдаа цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг заана.” гэж тус тус заажээ.

Дээрх хуулийн зохицуулалтын агуулгаас үзэхэд, гэмт хэргийн улмаас хохирогч / 00 банк/, түүний хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн  хохирлоос үлдэх 2,321,700 /хоёр сая гурван зуун хорин нэгэн мянга долоон зуун/ төгрөгийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

Иймд дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтүүдийг оруулж, шүүгдэгч Д.О болон түүний өмгөөлөгч Н.Жамъян нарын гаргасан “...ял шийтгэлийг хөнгөрүүлэх” талаарх агуулга бүхий гомдлуудыг тус тус хангав.

6. Хохирогч байгууллага болох 00 банк ХХК-ны зүгээс Д.О-т холбогдох хэрэг давж заалдах шатны шүүхэд ирсний дараагаар Ц.А-г “...шүүхэд хуралдаанд оролцуулж тайлбар, мэдүүлэг өгөх эрхээр хангаж өгнө үү. ...” гэсэн утгатай хүсэлт гаргаж, итгэмжлэл хийж ирүүлсэн байх бөгөөд Ц.А нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатад хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдоогүй байх тул давж заалдах шатны шүүх хуралдаанд түүнийг оролцуулаагүй болохыг магадлалд тэмдэглэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2025/ШЦТ/2537 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтын: “...Д.О-т 06 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. ...” гэснийг “...Д.О-т 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй. ...” гэж өөрчилсүгэй.

2. Тогтоох хэсэгт:

-“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-ын цагдан хоригдсон 64 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцон, 512 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг түүний эдлэх ялаас хасаж, Д.О-ын биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг 208 /хоёр зуун найман/ цагийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт найман цагаас дээшгүй хугацаагаар тогтоосугай.” гэсэн,

-“Шүүгдэгч Д.О нь 208 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.” гэсэн,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар хохирогч “00 банк” ХХК, түүний хуулийн ёсны төлөөлөгч нь эд хөрөнгийн хохирлын зөрүү мөнгийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайн хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Д.О-аас жич нэхэмжилсүгэй.” гэсэн нэмэлт заалтуудыг тус тус оруулсугай.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, 6 дахь заалтаас “...цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тоолсугай. ...” гэсэн хэсгийг хасаж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

4. Шүүгдэгч Д.О-ыг нэн даруй суллаж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсныг өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

5. Шүүгдэгч Д.О нь хохирогч байгууллага болох 00 банканд 3,078,200 төгрөгийг төлсөн болохыг дурдсугай.

6. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Н.БААСАНБАТ

ШҮҮГЧ                                                               Л.ГАЛБАДАР

ШҮҮГЧ                                                               Д.МӨНХӨӨ