Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 389

 

Ш.Н-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 33 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 434 дүгээр магадлалтай, Ш.Н-д холбогдох 1903005160326 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Одгэрэлийн гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1974 онд төрсөн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, түүхч, эрх зүйч мэргэжилтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ш.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ш.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгийн торгох ял шийтгэж шийдвэрлэсэн байна.

 

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ш.Н-г 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэхээр тогтоосугай.” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Одгэрэлийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Одгэрэл гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.1-д заасан үндэслэлээр дараах гомдол гаргаж байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “зам” гэж тээврийн хэрэгслээр зорчиход зориулсан зурвас газрыг, зорчих хэсэг болон түүний хажуугийн хөвөө, явган хүний зам, тусгаарлах зурвас замд хамаарна, мөн 3.1.5-д “замын хөдөлгөөн” гэж нийтийн хэрэгцээний зам дээр явганаар болон тээврийн хэрэгслээр хүн ачаа шилжих үйл ажиллагааг гэж тодорхойлсон. Гэтэл энэхүү нөхцөл байдал нь нийтийн эзэмшлийн зам дээр замын хөдөлгөөнд оролцож байхад бус байгууллагын эзэмшлийн хашаан дотор бүр барилга руу орох гарцан дээр болсон тул Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиар шийдвэрлэсэн нь буруу гэж үзэж байна. Шүүгдэгч Ш.Н нь засварын газрын доод давхар руу машинаа засуулахаар оруулах үед уруудах үйлдэл хийх явцад тормоз гүйцэд бариагүйгээс аль болох эрсдэл гаргахгүйн тулд грашны дотор руу биш, баруун тал руу мушгиж хана мөргөх арга хэмжээ авсан нь аргагүй нөхцөл байдалд хийгдсэн үйлдэл юм. Үүнийг гарцаагүй байдал гэж үзэж байна. Учир нь машин доош уруудахаар зогсож байх үед грашны дотор талд хүмүүс бөөгнөрөн зогсож байсны дээр дотроо 3 хүнтэй приус маркийн машин зөрж гарахаар тулж зогссон байсан байна. Иймд граш руу шууд өнхрүүлээд оруулсан тохиолдолд илүү эрсдэлтэй нөхцөл байдал үүсэх нь тодорхой байсан байна. Хавтаст хэрэгт авагдсан хэргийн газрын CD-ны бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэлийн 33 дахь секундэд "... саарал автомашин зогсоолоос гэнэт хөдлөн огцом доошоо буухад зам дээр зогсож байсан хар өнгийн хувцастай эрэгтэйг мөргөж, шахаад автомашинаа баруун тал руу дарахад хаалганы баруун талд зогсож байсан бараан өнгийн хувцастай эрэгтэй хүнийг 37 дахь секундэд мөргөөд зогссон” гэж тэмдэглэсэн байгаа нь гарцаагүй байдлыг нотолж байна гэж үзэж байна. Анхан болон давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тулгарсан аюулыг өөр арга хэрэгслээр арилгах боломжгүй нөхцөл байдалд энэ хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж бусдад хохирол учруулсныг гэмт хэрэгт тооцохгүй... гэж заасан байх тул гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн хянаж дүгнэлт хийгээгүй байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн байна.

 

Хяналтын шатны шүүх хуралдаанд хяналтын прокурор А.Оюунгэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Ш.Н нь Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан нь тогтоогдсон. Хэргийн материалтай танилцахад техникийн шинжээчийн дүгнэлтүүд эргэлзээтэй буюу осол тээврийн хэрэгслийн бүрэн байдлыг хангаагүйгээс гарсан эсвэл жолооч аюул саад учрахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зогсоох арга хэмжээ аваагүйгээс болсон эсэх нь тодорхойгүй  байна. Дээрх асуудалд дүгнэлт хийлгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож хэргийг прокурорт буцаах нь зүйтэй. Мөн осол болсон газар нь Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.18-д заасан талбайд хамаарч байгаа бөгөөд энэ талаар шинжээчээс тодруулах нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Одгэрэлийн гаргасан гомдлыг үндэслэн Ш.Н-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Шүүгдэгч Ш.Н нь 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 14 цаг 50 минутын үед “Тоёота Эстима” загварын 71-09 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Нисдэг машин” худалдааны төвийн зогсоол руу орохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиглэл өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Ц.Э-г ханатай хавсарч мөргөн, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

 

Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ш.Н-н гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шүүгдэгчид хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулжээ.

 

Уг гэмт хэрэгт Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч нарын хүний биед шинжилгээ хийсэн дүгнэлтүүдээс гадна Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн зүгээс Ш.Н нь Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т заасан жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангах, мөн дүрмийн 12.3-т заасан Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөн гэх дүгнэлтийг гаргажээ.

 

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад Ш.Н нь тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийн цахилгаан хураагуурын хэсэг ашиглалтад тэнцэхгүй болсны улмаас  хөдөлгүүр гэнэт унтрах, энэ шалтгаанаар тормозын систем доголдох болсныг мэдсэн атлаа замын хөдөлгөөнд оролцон засварын газарт жолоодон ирж, улмаар засварын газрын огцом налуу орцоор орох үедээ дээрх эвдрэлийн улмаас удирдлага алдагдан хашлага мөргөж хөдөлгөөн бүрэн зогссон байна. Энэ үед ойролцоо байсан хохирогч болон бусад хүмүүс туслаж тээврийн хэрэгслийг буцаан түрж, хашлагаас холдуулсны дараа Ш.Н нь жолоодлогыг зогсоож орцыг чөлөөлөх өөр бусад арга хэмжээг  авах ёстой байтал уг тээврийг хэрэгслийг дахин жолоодсоноор хяналтаас гарч, хохирогч Ц.Э-г мөргөн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан нь Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т заасан “жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангах” тухай заалт болон тээврийн хэрэгслийн ашиглалтын журмыг зөрчсөн гэж үзэхээр байна.

 

Харин “Тоёота Эстима” маркийн тээврийн хэрэгсэл нь цахилгаан болон бензин хосолсон тэжээлийн хөдөлгүүртэй жолоодлогын системтэй бөгөөд цахилгаан хураагуур унтарсан эсхүл хэвийн бус ажиллаж байгаа тохиолдолд тормозны систем бүрэн ажиллагаагүй болдог тул Ш.Н-г Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн талаар гаргасан шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс Ш.Н-н гаргасан үйлдэл нь гарцаагүй байдалд хохирол учруулсанд хамаарах тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх гомдлыг гаргажээ.

 

Гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал буюу Эрүүгийн хуулийн 4.3 дугаар зүйлд заасан гарцаагүй байдалд бусдад хохирол учруулсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд тулгарсан хөндлөнгийн хууль бус аюулыг өөр арга хэрэгслээр арилгах боломжгүй нөхцөл байдалд учирч болох байсан хор, хохирлын хэр хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан үйлдэл хийж бусдад хохирол учруулах байдлаар илэрдэг тул аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг санаатай зөрчин аюул, осол бүхий нөхцөл байдлыг өөрөө буй болгож бусдад хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй хамаарах тул өмгөөлөгчийн гомдлыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Одгэрэлийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 261 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 516 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Одгэрэлийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

                                      ДАРГАЛАГЧ                                      Б.ЦОГТ

                                     ШҮҮГЧ                                                Б.АМАРБАЯСГАЛАН                          

                                                                                                Б.БАТЦЭРЭН

                                                                                                Ч.ХОСБАЯР

                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН