Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2018/0477

 

2018 оны 08 сарын 30 өдөр

   Дугаар 221/МА2018/0477

            Улаанбаатар хот

 

“Б.Х.Т.Н”

НҮТББ-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, С.Э,  нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Энхчулуун, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, Ч.Д, хариуцагчийн өмгөөлөгч Э.Энх-Эрдэнэ, гуравдагч этгээд “Т.с.т” ТӨААТҮГ-ын төлөөлөгч Б.Н, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ж.Ариунаа нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2018/0366 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ж.Ариунаа нарын  давж заалдах гомдлоор, “Б.Х.ТН” НҮТББ-ын нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүхийн шийдвэрийн 1 дэх заалтаар: “Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1, 29 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 6, 3 дахь хэсэг, 32 дугаар зүйлийн 1, 2, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.2-т заасныг тус тус баримтлан “Б.Х.Т.Н нийгэмд үйлчилдэг ТББ-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Төсвийн байгууллагуудад хийх бүтэц, зохион байгуулалтын зарим арга хэмжээний тухай” 55 дугаар тогтоолын 3 дахь хэсгийн 6 дахь заалт /Эрүүл мэнд, спортын яамны харьяа Т.с.т/-ыг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

Хариуцагч Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д давж заалдах гомдолдоо: “...1.Нэхэмжлэгч “Б.Х.Т.Н” ТББ нь Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 55 дугаар тогтоолын 3 дахь хэсгийн 6 дахь “Эрүүл мэнд, спортын яамны харъяа Т.с.т” гэсэн хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлдог.

Нэхэмжлэгчээс зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүхээс нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн хүрээнд хэргийг хянан хэлэлцэж, тухайн актын үйлчлэлийн улмаас нэхэмжлэгчийн ямар эрх нь зөрчигдөж байгааг шалгаж, хэрэв нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тохиолдолд эрх нь сэргэдэг байх ёстой.

Маргаан бүхий Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Төсвийн байгууллагуудад хийх бүтэц, зохион байгуулалтын зарим арга хэмжээний тухай" 55 дугаар тогтоолын 3 дахь хэсгийн 6 дахь “Эрүүл мэнд, спортын яамны харьяа Т.с.т” заалтыг хүчингүй болгуулснаар нэхэмжлэгчийн ямар эрх нь сэргэх, тус актын холбогдох заалт нэхэмжлэгчид шууд чиглэсэн эсэх талаар нэхэмжлэгч тайлбарлаж чадахгүй байхад анхан шатны шүүхээс маргааны үйл баримтыг хуульд нийцүүлэн зөв дүгнэлгүй “...Эрүүл мэнд, спортын яамнаас ирүүлсэн саналд Т.с.т-ийн талаар тусгагдаагүй, Сангийн яамны саналыг авсан эсэх нь тодорхойгүй, урьд ямар статустай хуулийн этгээд байсныг өөрчилж, шинээр Эрүүл мэнд, спортын яамны харъяа Т.с.т гэсэн Төрийн өмчит үйлдвэрийн газар байгуулсан нь тодорхойгүй ..., маргаан бүхий тогтоолын нэр /тэргүү/ тогтоолын төслийн хавсралттай зөрүүтэй ...” гэх зэргээр дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангаж чадсангүй.

 2. Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Төсвийн байгууллагуудад хийх бүтэц, зохион байгуулалтын зарим арга хэмжээний тухай” 55 дугаар тогтоолын 3 дахь хэсгийн 6 дахь “Эрүүл мэнд, спортын яамны харьяа Т.с.т” заалтаар төр өөрийн өмчөө шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгчээс маргааны үндэслэлээ тайлбарлахдаа Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлаж буй “Т.с.т”-ийн иж бүрэн барилга, байгууламжийн өмчлөлийн асуудлыг тайлбарладаг бөгөөд маргаан бүхий захиргааны акт нь ямар хуулийг зөрчин гарч, тэр нь нэхэмжлэгчийн ямар эрхийг зөрчиж байгаа талаар тайлбарлаж чаддаггүй.

“Б.Х.Т.Н-ийн төв зөвлөл” ТББ нь өөрөө анх 1929 онд улс орныг батлан хамгаалах хүч чадлыг бэхжүүлэхэд идэвхитэй туслах үндсэн үүрэгтэй “М.У.Х.Я.Т.Э” гэсэн нэртэйгээр Батлан хамгаалах яамны харъяанд байгуулагдаж байсныг, ...байгуулагдсан цагаасаа төрд харъяалагдаж, зохион байгуулалт, удирдлага нь төрөөс томилогддог, төрөөс өгсөн чиглэлийн дагуу үйл ажиллагаагаа явуулж, улсын төсвөөс санхүүжиж байсан нь тогтоогдож байна” гэж Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2017/00591 дүгээр шийдвэр, Улсын Дээд шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 001/ХТ2017/01173 дугаар тогтоолоор тодорхой дүгнэж маргааны зүйл болоод байгаа одоогийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Т.С.Т”-ийн иж бүрэн барилга байгууламжийг Төрийн өмч болохыг баталгаажуулсан.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх заалтад “Төрийн өөрийн өмчид энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаас бусад төр эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулж болох дараах эд хөрөнгө хамаарна”, 2 дахь хэсэгт “Төрийн өмчит үйлдвэрийн газарт эзэмшүүлсэн эд хөрөнгө”, 9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “хуульд өөрөөр заагаагүй бол төрийн өмчит хуулийн этгээдийг байгуулах, өөрчлөх, татан буулгах тухай шийдвэр гаргах, түүний дүрмийг батлах” гэж тус тус зааснаар Засгийн газар Төрийн өөрийн өмчлөлийн талаарх бүрэн эрхээ хэрэгжүүлж, өмчлөлийн эд хөрөнгөө “Т.с.т” ААТТӨҮГ-т эзэмшүүлсэн.

Гэвч анхан шатны шүүх “... энэхүү шүүхийн шийдвэр нь Т.с.т гэх хуулийн этгээдийн болон түүний эд хөрөнгийн өмчлөлийн асуудлыг шийдвэрлэсэн шийдвэр биш бөгөөд өмчлөгчийг тогтоох асуудал захиргааны хэргийн шүүхийн харъяалан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй ...” гэж дүгнэсэн атлаа төр өөрийн өмчөө шийдвэрлэсэн Монгол Улсын Засгийн газрын тогтоолын холбогдох заалтын хэрэгжилтийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөөгүй нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2018/0366 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд “Т.с.т” ТӨААТҮГ-ын өмгөөлөгч Ж.Ариунаа давж заалдах гомдолдоо: “...Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэг /10 дах тал/-т анхан шатны шүүх Засгийн газрын 55 дугаар тогтоолын 3 дах хэсгийн 6 дах заалт хуульд нийцээгүй” гэж үзэж дүгнэлтээ хийсэн байна. Үүнд, Эрүүл мэнд, спортын яамны саналыг саналыг аваагүй, Сангийн яамны санал авсан эсэх нь тодорхойгүй гэж үзсэн байна. Гэтэл шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгч Засгийн газраас явууулсан төсөлд Яамдууд тусгайлан /үгүйсгэсэн эсхүл өөрчилсөн/ санал өгөөгүй бол, тэнд санал харагдахгүй бөгөөд Засгийн газрын хуралдаанаар дэмжиж төслийг баталдаг гэдгийг Засгийн газрын Тоггоолын төсөлд санал авах, нэгтгэх талаар тодорхой тайлбарыг өгсөн ба энэ ажиллагааг хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй юм.

Мөн Засгийн газрын 55 дугаар Тогтоолын төслийн хавсралт 2-ын 2 Б-ийн хүснэгтээр үзүүлсэн мэдээлэлд “уг байгууллагын статус тодорхой бус буюу өөрөөр хэлбэл төсөвт байгууллагын статусгүй ...” гэсэн өгүүлбэр дээр ажиллаж нэрний зөрүүн дээр нэлээд ач холбогдол өгч дүгнэлт хийсэн байдаг ба улмаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Хэрэв анхан шатны шүүхэд Т.с.т гэдэг байгууллагын статусын асуудал тийм чухал бөгөөд шийдвэрийн гол үндэслэл болох байсан юм бол яагаад энэ байгууллага хэрхэн бий болсон, хэн цалинг нь олгож, ашиглалтыг хариуцдаг байсан, төсвийн байгууллага биш байсан юм бол ямар статустай байгууллага байсан, яагаад тэгвэл энэ байгууллагыг төсвийн байгууллага гэсэн ангилалд оруулж, өмчийг нь Төр мэдэж хуваарилаад байгаа талаар ямар ч дүгнэлт хийсэнгүй вэ.

Нөгөөтээгүүр, Т.С.Т-ийн хөрөнгө болох буудлагын спортын барилга байгууламжийг Төрийн өмч болохыг тогтоосон Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2017/00591 дүгээр шийдвэр, Улсын дээд шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 001/ХТ2017/01173 дугаар тогтоолоор, энэ байгууллага нь анхнаасаа Төрийн хөрөнгөөр бий болсон, Төрөөс санхүүжиж үйл ажиллагаагаа явуулдаг байсан зэргийг хангалттай нотлох баримтуудын үндсэн дээр тогтоосон байхад ийнхүү нэгэнт шүүхээр хэлэлцэгдэж тогтоогдсон үйл баримтыг ямар ч нотлох баримтгүйгээр үгүйсгэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т заасныг зөрчлөө.

Анхан шатны шүүхээс Засгийн газрын 55 дугаар тогтоолын 3 дах хэсгийн 6 дах заалт нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болохыг тогтоож байна” гэж Үндэслэх хэсэгт бичсэн боловч нэхэмэлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн талаар үндэсэл бүхий дүгнэлт /энэ талаар нэг ч өгүүлбэр байхгүй/ хийгээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4, 52.5 дэх заалтуудыг зөрчсөн байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “манай байгууллагын өмчлөлийн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгүүдийг хууль бусаар авсан” зэргээр хөрөнгийн маргааныг гаргаж тавьсан боловч шүүх энэ талаар ямар нэгэн дүгнэлт хийсэнгүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж байгаа нөхцөл байдлыг шалгаж үзээгүй, үүний улмаас нэхэмжлэгчийн ямар эрх, ашиг сонирхол зөрчигдсөн эсхүл зөрчигдөөгүй талаар дүгнэлт хийж чадаагүй гэж үзэж байна. Харин хэрэгт маргаж буй хөрөнгийн өмчлөлийн асуудлыг шийдсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа билээ.

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Төсвийн байгууллагуудад хийх бүтэц, зохион байгуулалтын зарим арга хэмжээний тухай” 55 дугаар тогтоолын 3 дахь хэсгийн 6 дахь хэсэгт Засгийн газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д заасан бүрэн эрхийн хүрээнд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нийцүүлэн Төр өөрийн өмчөө шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй болно.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2018/0366 дугаар шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.3.1, 106.3.12-т нийцээгүй байх тул 128/ШШ2018/0366 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож. нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Төсвийн байгууллагуудад хийх бүтэц, зохион байгуулалтын зарим арга хэмжээний тухай” 55 дугаар тогтоолын 3 дахь хэсгийн 6 дахь заалтаар төр өөрийн өмчөө шийдвэрлэсэн ...“Б.Х.Т.Н-ийн төв зөвлөл” ТББ нь анх ...“М.У.Х.Я.Т.Э” нэртэйгээр Батлан хамгаалах яамны харьяанд байгуулагдаж байсныг ...байгуулагдсан цагаасаа төрд харьяалагдаж, зохион байгуулалт, удирдлага нь төрөөс томилогддог, төрөөс өгсөн чиглэлийн дагуу үйл ажиллагаагаа явуулж, улсын төсвөөс санхүүжиж байсан нь тогтоогдож байна” гэж ...шүүхийн шийдвэр ...тогтоолоор тодорхой дүгнэж, маргааны зүйл болоод байгаа одоогийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Т.С.Т”-ийн иж бүрэн барилга байгууламжийг төрийн өмч болохыг баталгаажуулсан ...төр өмчөө шийдвэрлэсэн. Монгол Улсын Засгийн газрын тогтоолын холбогдох заалтын хэрэгжилтийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөөгүй нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй ...” гэх давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

Төсвийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.10, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5, 22 дугаар зүйлийг үндэслэж, Улсын Их Хурлын 2014 оны 70 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгын хүрээнд “нэр бүхий байгууллагуудыг аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газар болгож өөрчлөн зохион байгуулсан, өөрчлөн байгуулагдсан байгууллагын бизнес төлөвлөгөө, төсвийг баталж, үйл ажиллагаанд нь хяналт тавьж, төрийн захиалгат ажил, үйлчилгээг эдгээр байгууллагаар гэрээний үндсэн дээр санхүүжүүлэн гүйцэтгүүлэх, цаашид мэргэжил, арга зүйн удирлагаар хангаж ажиллахыг холбогдох сайд, Төрийн өмчийн хороонд даалгаж” шийдвэрлэсэн Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Төсвийн байгууллагуудад хийх бүтэц, зохион байгуулалтын зарим арга хэмжээний тухай” 55 дугаар тогтоолын 3 дахь заалтын 6-д “Эрүүл мэнд, спортын яамны харьяа Т.С.Т” гэж заасныг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн хүрээнд хүчингүй болгох үндэслэлгүй байна.

Төсвийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Засгийн газар төсвийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 10.1.10-т “Улсын Их Хурлын шийдвэрээр байгуулахаар хуульд зааснаас бусад тохиолдолд төсвийн байгууллагыг шинээр байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах” гэж, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд “Засгийн газар нь төрийн өмчийн бүрэн бүтэн байдлыг Улсын Их Хурлын өмнө хариуцах бөгөөд энэ талаар дараахь бүрэн эрхтэй”, 9 дүгээр зүйлийн 5/-д “хуульд өөрөөр заагаагүй бол төрийн өмчит хуулийн этгээдийг байгуулах, өөрчлөх, татан буулгах тухай шийдвэр гаргах, түүний дүрмийг батлах”, 22 дугаар зүйлд “Төрийн өмчит үйлдвэрийн газар ба албан газрыг Засгийн газрын буюу хуулиар тусгайлан олгосон эрх бүхий байгууллагын шийдвэрээр байгуулах бөгөөд уг шийдвэр гарсан өдрөөр байгуулагдсанд тооцож дор дурдсан журмаар бүртгэнэ:” гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл Засгийн газар нь төрийн өмчийн бүрэн бүтэн байдлыг Улсын Их Хурлын өмнө хариуцагчийн хувьд төрийн өмчит үйлдвэрийн газрыг  байгуулах эрхтэй байна.

Хариуцагч талаас “...уг тогтоолыг Засгийн газар ...өөрт хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд гаргасан, ...нэхэмжлэгч Т.С.Т-ийн хөрөнгийн өмчлөгч биш бөгөөд өмчлөгч болохоо нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй ...2017 оны 10 дугаар сард Улсын дээд шүүхээр өмчлөлийн маргааныг эцэслэн шийдвэрлэж, Т.С.Т-ийн хөрөнгийн өмчлөгч нь төр болохыг тогтоосон, ...төрөөс бүрэн санхүүжилт аваад явж байсан байгууллагыг аж ахуйн тооцоон дээр өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар явах нь зүйтэй гэж үзэж, төр нэг институцын байгууллагаа аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газар болгож, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөд оруулж шийдвэрлэсэн нь хуулиар тогтоосон бүрэн эрхийн хүрээнд гарсан шийдвэр ...нэхэмжлэгч 55 дугаар тогтоолын улмаас ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгаа талаар тайлбарлаж чаддаггүй ...өмчлөх эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандаж байгаа гэж тайлбарладаг, өмчлөх эрхийн асуудлыг шүүхээс нэгэнт шийдвэрлэсэн тул дахин шийдвэрлэх боломжгүй ...55 дугаар тогтоол ямар хуулийн зүйл, заалтыг зөрчсөн талаар тайлбар гаргаагүй ...” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан нь үндэслэлтэй байна.

 Нэхэмжлэгчээс “...хэдийгээр манай байгууллага төрийн бус байгууллагын статустай хэдий ч өөрсдийн үйл ажиллагааг хэнээс ч хараат бус, өөрийн үйл ажиллагааны орлогоор санхүүжүүлж, бүтэц зохион байгуулалтаа өөрсдөө шийдвэрлэж ирлээ ...бид төрийн зарим чиг үүргийг хэрэгжүүлж, салбарын яамтай байгуулсан гэрээний үндсэн дээр тамирчид, дасгалжуулагчдыг бэлтгэх, бэлтгэл хангуулах чиглэлээр хамтран ажиллаж байгаа ...бидний хамтын ажиллагаа, гэрээний үндсэн дээр олгогдсон санхүүжилтийн хөрөнгө, манай бүтцийн нэгж болох “Т.С.Т”-ийг ...булаан авах, манай байгууллагын өмчлөлийн ...хөрөнгүүдийг ...төрийн мэдэлд авч, ...цааш хувьчлах өөр бусад аргаар хувьдаа авах зорилгоор 2015 оны Засгийн газрын 55 дугаар тогтоолын 3 дахь заалтад оруулсан ...өмчлөх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй боллоо ...“ гэх үндэслэлээр маргаан бүхий актыг хүчингүй болгуулахаар маргасан байх боловч нэхэмжлэгчийн “өмчлөх эрхтэй” гэж үзэж буй Буудлага спортын төвийн иж бүрэн барилга байгууламж, эд хөрөнгийг төрийн өмч болохыг хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоож шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэлийн хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Төсвийн байгууллагуудад хийх бүтэц, зохион байгуулалтын зарим арга хэмжээний тухай” маргаан бүхий 55 дугаар тогтоолын 3 дахь заалтыг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

Тухайлбал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 001/ХТ2017/01173 дугаар тогтоолоор “ ...Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Иргэний хуулийн /1963 оны/ ...зүйлд “...” гэж тус тус заажээ. Хуулийн энэхүү зохицуулалтын агуулгаас үзвэл тухайн барилга байгууламжийг улсын хөрөнгө оруулалтаар барьж гүйцэтгэсэн нь хэргийн баримтаар тогтоогджээ. Харин Б.Х.Т.Н-ийн төв зөвлөл ТББ нь уг цогцолборыг эзэмшиж, ашиглаж байжээ ...маргааны зүйл болох дээрх хөрөнгийг төрийн өмчид бүртгээгүй явдал нь хариуцагчийн өмч гэж үзэх үндэслэл болохгүй ...нэхэмжлэлд дурдсан хөрөнгүүд нь төрийн өмчид хэвээр байна ...Тухайн үед болон одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийн холбогдох зохицуулалт болон хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтаас үзвэл маргаж буй барилга улсын хөрөнгө оруулалтаар баригдсан, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1/д заасан төрийн өмчид хамаарч байна ...газар төрийн өмчид байгаа нь ...тогтоогдсон, энэ тохиолдолд ...тухайн газар дээр баригдсан байшин барилга газрын бүрдэл хэсэг ...барилга байгууламж, түүний дагалдах хэрэгсэл болох цардмал зам, цэцэрлэгжүүлсэн талбай, хашаа зэргийг төрийн өмч гэж үзнэ ...” гэж дүгнэсэн байна.

Ийнхүү нэхэмжлэгчийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэх ёстой гэж үзэж буй Буудлага спортын төвийн иж бүрэн барилга байгууламж, эд хөрөнгийг нэгэнт төрийн өмч болохыг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоосон байх тул төр өмчлөгчийн хувьд Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 55 дугаар тогтоолын маргаан бүхий 3 дахь заалтын 6 дахь хэсгээр “Эрүүл мэнд, спортын яамны харьяа “Т.С.Т”-ийг аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газар болгож өөрчлөн зохион байгуулж, өөрчлөн байгуулагдсан байгууллагын бизнес төлөвлөгөө, төсвийг баталж, үйл ажиллагаанд нь хяналт тавьж, төрийн захиалгат ажил, үйлчилгээг эдгээр байгууллагаар гэрээний үндсэн дээр санхүүжүүлэн гүйцэтгүүлэх, цаашид мэргэжил, арга зүйн удирлагаар хангаж ажиллахыг холбогдох сайд, Төрийн өмчийн хороонд даалгаж шийдвэрлэсний улмаас нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Төрийн бус байгууллагын тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно: ”4 дүгээр зүйлийн 1/-т ”төрийн бус байгууллага” гэж иргэд, төрийн байгууллага /хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх байгууллага/-аас бусад хуулийн этгээдээс нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс сайн дурын үндсэн дээр байгуулагдан үйл ажиллагаагаа төрөөс хараат бус, өөрийгөө удирдах зарчмаар явуулдаг ашгийн төлөө бус байгууллагыг”, 2/-т ”нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага” гэж соёл, урлаг, боловсрол, хүмүүжил, шинжлэх ухаан, эрүүл мэнд, спорт, байгаль орчин, орчин ахуйн хөгжил, хүний эрх, хүн амын тодорхой бүлэг, давхаргын эрх ашгийг хамгаалах, энэрлийн зэрэг чиглэлээр нийгмийн тусын тулд үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагыг” гэж тус тус заажээ.

Хэрэгт авагдсан 000011598 тоот улсын бүртгэлийн гэрчилгээ, Б.Х.Т.Н-ийн дүрэм зэргээс үзвэл нэхэмжлэгч нь нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхлын үүднээс сайн дурын үндсэн дээр батлан хамгаалах үзэл баримтлалыг хэрэгжүүлэхэд туслах, биеийн тамир, спортыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх үндсэн үйл ажиллагааг эрхлэхээр байгуулагдсан, үйл ажиллагаагаа төрөөс хараат бус, өөрийгөө удирдах зарчмаар явуулдаг ашгийн төлөө бус, нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага байна.

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа “...манай байгууллага төрийн бус байгууллагын статустай хэдий ч өөрсдийн үйл ажиллагааг хэнээс ч хараат бус, өөрийн үйл ажиллагааны орлогоор санхүүжүүлж, бүтэц зохион байгуулалтаа өөрсдөө шийдвэрлэж ирлээ ...бид төрийн зарим чиг үүргийг хэрэгжүүлж, салбарын яамтай байгуулсан гэрээний үндсэн дээр тамирчид, дасгалжуулагчдыг бэлтгэх, бэлтгэл хангуулах чиглэлээр хамтран ажиллаж байгаа ...” гэж дурдсанчлан нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагын хувьд нэхэмжлэгч нь өөрийн дүрмийн зорилгын хүрээнд өөрсдийн үйл ажиллагааг хараат бусаар явуулж, үйл ажиллагааныхаа орлогоор санхүүжиж, бүтэц зохион байгуулалтаа өөрсдөө шийдвэрлэн, төрийн зарим чиг үүргийг гэрээний үндсэн дээр хэрэгжүүлж, бусад этгээдүүдтэй гэрээ байгуулж, тамирчид дасгалжуулагчдыг бэлтгэх, бэлтгэл хангуулах талаар хүн амын тодорхой бүлэг, давхаргын эрх ашгийг хамгаалах чиглэлээр нийгмийн тусын тулд үйл ажиллагаа явуулах, эрхээ хэрэгжүүлэхэд маргаан бүхий тогтоол саад болно” гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгчийн “...манай хөрөнгүүдийг төрийн мэдэлд авах оролдлогыг Төрийн өмчийн хороо 2012 оноос оролдож, 2012 онд 323, 2013 онд 435 дугаар тогтоолууд гарсан, эдгээр тогтоолуудыг эс зөвшөөрч маргаснаар Захиргааны хэргийн шүүх дээрх тогтоолуудыг бүгдийг хүчингүй болгосон, Төрийн өмчийн хороо 2013 оны 435 дугаар тогтоолоор маргаж байх явцад Засгийн газар 55 дугаар тогтоолоор манай “Т.С.Т”-ийг Эрүүл мэндийн яамны харьяа “аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газар” болгон өөрчлөн зохион байгуулсан нь хууль бус ...” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

Хэдийгээр Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 529 дүгээр шийдвэр, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн шүүх хуралдааны 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 107 дугаар тогтоолоор “Т.С.Т”-ийн хөрөнгийг Соёл, спорт, аялал жуулчлалын яамны нэгдсэн бүртгэл, тайлан тэнцэлд хамруулах, “Т.С.Т”-ийн хуулийн этгээдийн статусыг тодорхой болгох ажлыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн Төрийн өмчийн хорооны 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 435 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 74 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 136 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн шүүх хуралдааны 2013 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 110 дугаар тогтоолоор Т.С.Т-ийн хөрөнгийг Төрийн өмчид хүлээн авч бүртгэхийг тус хорооны хяналт шалгалтын газрын даргад даалгаж шийдвэрлэсэн Төрийн өмчийн хорооны 2012 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 323 дугаар тогтоолыг илт хүчин төгөлдөр бус болохыг тогтоож шийдвэрлэсэн байх боловч цаг хугацааны хувьд сүүлд хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэр болох Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 001/ХТ2017/01173 дугаар тогтоолоор “Буудлага спортын төвийн иж бүрэн барилга, байгууламж, эд хөрөнгийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1/-д заасан төрийн өмчид хамаарч байна” гэж дүгнэж, “Буудлага спортын төвийн иж бүрэн барилга байгууламж, эд хөрөнгийг төрийн өмч болохыг тогтоолгох тухай” Төрийн өмчийн хорооны нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, тус шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байх тул төрийн өмчийн бүрэн бүтэн байдлыг Улсын Их Хурлын өмнө хариуцах хуулиар хүлээсэн үүрэг бүхий этгээд болох Засгийн газар нь төрийн өмчит хуулийн этгээдийг байгуулах, өөрчлөх, татан буулгах тухай шийдвэр гаргах, түүний дүрмийг батлах хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд 2015 оны 55 дугаар тогтоолоор “Т.С.Т”-ийг аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчлөн байгуулж, тус төвийг Эрүүл мэнд, спортын яаманд харьяалуулсныг  хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т “Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараахь шийдвэрийг гаргана:”, 106.3.1-т “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” гэж зааснаас үзвэл маргаан бүхий захиргааны акт хууль бус байх, тус актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдсон байх гэсэн хоёр нөхцөл зэрэг хангагдсан тохиолдолд шүүх маргаан бүхий актыг хүчингүй болгосон шийдвэрийг гаргахаар байна.

Нэхэмжлэгчээс ”...бидний хамтын ажиллагаа, гэрээний үндсэн дээр олгогдсон санхүүжилтийн хөрөнгө, манай бүтцийн нэгж болох “Т.С.Т”-ийг ...булаан авах, манай байгууллагын өмчлөлийн ...хөрөнгүүдийг ...төрийн мэдэлд авч, ...цааш хувьчлах өөр бусад аргаар хувьдаа авах зорилгоор 2015 оны Засгийн газрын 55 дугаар тогтоолын 3 дахь заалтад оруулсан ...“ гэх үндэслэлээр, харин хариуцагчаас “...нэхэмжлэгч Т.С.Т-ийн хөрөнгийн өмчлөгч биш ... маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй, хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд төр хөрөнгийн өмчлөгчийн хувьд шийдвэр гаргасан ...” гэж тус тус маргасан байхад шүүх хэргийн оролцогчдын хөрөнгийн өмчлөлийн асуудлаарх маргасан гол үндэслэлд, түүнчлэн маргаан бүхий тогтоолын улмаас нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснээр нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэх эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн сэргэх талаарх асуудалд тус тус дүгнэлт хийж хэргийг шийдвэрлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2018/0366 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төсвийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.10, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5/, 22 дугаар зүйлд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ” Б.Х.Т.Н” НҮТББ-ын “Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 55 дугаар тогтоолын 3 дахь хэсгийн 6 дахь “Эрүүл мэнд, спортын яамны харьяа Т.С.Т” гэсэн заалтыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, гуравдагч этгээд “Т.С.Т” Төрийн өмчит ААТҮГ-ын өмгөөлөгч Ж.Ариунаа нарын давж заалдах гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлснийг дурдаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээд Т.С.Т” Төрийн өмчит ААТҮГ-аас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                           Н.ХОНИНХҮҮ