2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 193/ШШ2026/00439

 

 

 

 

 

 

 

          2026             03           13

                                 193/ШШ2026/00439

            

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч П.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,******* тоотод оршин суух, *******ийн ******* /РД:*******/-гийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: *******,******* хороонд байрлах, ******* /РД:/,

Хариуцагч: *******, хороо, өөрийн байранд байрлах /РД:/ нарт холбогдох

 

Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, төрөхийн өмнөх жирэмсний тэтгэмж 6,403,423 төгрөг болон амаржсаны тэтгэмж 6,403,423 төгрөг, нийт 12,806,846 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаан:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н., С.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.ын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:  Би Г.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцож байна. Г.******* бол миний эхнэр юм. Манай эхнэр Налайх дүүргийн эрүүл мэндийн төвд 2022 оноос 2024 оны 3 дугаар сар хүртэл ажилласан. Ажиллах хугацаандаа нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал зэрэг бүх татвар, шимтгэлээ цалингаасаа хасуулж төлөөд, ямар нэгэн өр, шимтгэлийн үлдэгдэлгүй байсан. Үүний дараа буюу 2024 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс жирэмсний амралтаа авч, 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдөр төрсөн.  Ажиллах хугацаандаа ямар нэгэн асуудал, зөрчил гаргаж байгаагүй, хэвийн сайн ажиллаж байсан. Тэр үедээ нийгмийн даатгалд ямар нэгэн өргүй байсан тул жирэмсний тэтгэмж болон амаржсаны тэтгэмжээ авсан. Г.******* хүүхэд асрах чөлөөтэй байхдаа дахин бие давхар болж, 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн. Г.******* жирэмсний тэтгэмж болон амаржсаны тэтгэмжээ авах гэхэд Нийгмийн даатгалын газраас танд тэтгэмж авах эрх үүсээгүй байгаа тул олгохгүй гэж хэлсэн. Тэгтэл Г.*******гийн ажил олгогч нийгмийн даатгалын шимтгэлийг 2024 оны 10 дугаар сараас хойш огт төлөөгүй байсан. Би *******д, т тус тус хүсэлт өгч шийдвэрлүүлэх гэтэл хэн ч шийдвэрлэж өгөөгүй, шүүхээр асуудлаа шийд гэж хэлсэн. Иймд төрөхийн өмнөх жирэмсний тэтгэмж болон амаржсаны тэтгэмж 12,806,846 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нийгмийн даатгалын газрын байцаагчийн тооцоогоор 12,661,314 төгрөг гэсэн дүнг гаргасан нь үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагаас 145,540 төгрөгөөс татгалзаж байна. Нэхэмжлэлийн шаардлагын хувьд мөнгөө л гаргуулах хүсэлтэй байгаа учраас нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх шаардлагаасаа мөн татгалзаж байна. ******* болон Налайх дүүргийн Нийгмийн даатгалын газраас нийт 12,661,314 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

           Хариуцагч Налайх дүүргийн нийгмийн даатгалын газрын шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н., С. нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгч Г.*******гийн тухайд тэрээр 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс хүүхэд асрах чөлөө авсан бөгөөд уг хугацаанд дахин жирэмсэлсэн. Улмаар 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс жирэмсний амралтаа авч, жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах хүсэлтээ ирүүлсэн. Нэхэмжлэгчийн 2024 оны жирэмсний болон амаржсаны тэтгэмж өмнө нь олгогдсон. Харин 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхэлсэн жирэмсний амралттай холбоотой тэтгэмж олгогдоогүй. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д тэтгэмжийн даатгалын шимтгэлийг нийтдээ 12 сар ба түүнээс дээш хугацаанд, үүнээс жирэмсний амралт авахын өмнөх сүүлийн 6 сар тасралтгүй төлсөн тохиолдолд даатгуулагч эх жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй гэж заасан байдаг. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1., 32 дугаар зүйлийн 32.2.2., 32.2.5.-д ажил олгогч нь даатгуулагчийн цалин хөлс болон түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүр тооцон суутгаж, ажил олгогчийн өөрийн төлөх шимтгэлийн хамт тухайн сард нь нийгмийн даатгалын санд төлөх үүрэгтэй. *******ийн хувьд 2022 оноос эхлэн нийгмийн даатгалын шимтгэлийн өр үүсэж эхэлсэн. Эхний үед тодорхой хэмжээгээр шимтгэл төлдөг байсан боловч 2024 оны 10 дугаар сараас эхлэн шимтгэлийг маш бага хэмжээгээр төлөх болсон. Эрүүл мэндийн төвийн хариу тайлбарт нийгмийн даатгалын тайланг тогтмол илгээдэг гэж дурдсан боловч бодит байдал дээр шимтгэл төлөлт хангалтгүй байгаа. Гэтэл 2025 оны 12 дугаар сарын 15-ны байдлаар тухайн эрүүл мэндийн төвөөс нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй, өртэй байсан. Манай байгууллагаас хариуцагч Налайх дүүргийн эрүүл мэндийн төвийг хариуцагчаар татаж, нийгмийн даатгалын санд төлөх ёстой 2,700,000,000 төгрөгийн өр гаргуулах нэхэмжлэлийг шүүх хүлээн авч, иргэний хэрэг үүсгэсэн. Энэ нэхэмжлэлд нэхэмжлэгч Г.*******гийн төлөх ёстой нийгмийн даатгалын шимтгэлийн өр багтсан байгаа. Энэ байдлаас шалтгаалан буюу шимтгэл төлөгдөөгүй тохиолдолд тэтгэмж бодогдох, эрх үүсэх боломжгүй байдаг. Иймд тухайн хугацаанд тэтгэмж олгох эрх үүсээгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн тэтгэмжийг олгох үүрэг нь ажил олгогчид хамаарах бөгөөд нэхэмжлэгчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцах ёстой гэж үзэж байна гэв.  

 

               Хариуцагч Налайх дүүргийн эрүүл мэндийн төвийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.ийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгч Г.******* нь 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр тус эрүүл мэндийн төвтэй хөдөлмөрийн гэрээ байгуулж, их эмчээр ажиллаж байгаад 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс төрсний дараах хүүхэд асрах амралт авсан. Чөлөөний хугацаанд дахин жирэмсэлж, 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр жирэмсний амралтаа авсан.  Нийгмийн даатгалын газар нь Г.*******гийн нийгмийн даатгалын шимтгэл 2024 оны 10 дугаар сараас хойш төлөгдөөгүй тул тэтгэмж авах эрх үүсээгүй гэсэн хариуг хүргүүлсэн. Гэвч Г.******* нь 2024 оны 3 дугаар сард төрсөн бөгөөд хүүхэд асрах амралтын хугацаанд дахин жирэмсэлж жирэмсний амралт авсан. Иймд жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх нээлттэй гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн шаардсан мөнгөн дүнгийн хувьд маргахгүй. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д нийгмийн даатгалын байгууллага гэж нийгмийн даатгалын санг бүрдүүлж, даатгуулагчдад тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн нөхөн сэргээлтийн зардал, төлбөр олгох үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээдийг ойлгоно гэж заасан. Мөн уг хуулийн дагуу тэтгэмж гэдэг нь даатгуулагч хөдөлмөрийн чадвараа түр алдах, жирэмсний болон амаржсаны амралт эдлэх, ажилгүй болох зэрэг тохиолдолд нэг удаа олгогдох мөнгөн хөрөнгө юм. *******ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлттэй холбоотой үүссэн өр нь тус байгууллагын удирдлага, ажил олгогчийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалаагүй бөгөөд Монгол Улсын эрүүл мэндийн салбарт үүссэн санхүүгийн нөхцөл байдалтай холбоотой юм. Тодруулбал, Эрүүл мэндийн даатгалын сангаас олгож буй гүйцэтгэлийн санхүүжилт, Сангийн яамнаас олгож буй санхүүгийн квоттой шууд холбоотой. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлттэй холбоотой үүссэн өр, хүндрэлтэй нөхцөл байдлын талаар 2023, 2024, 2025 онуудад Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, мөн т 30 гаруй удаагийн албан бичиг хүргүүлж, үүссэн нөхцөл байдал болон санхүүгийн хүндрэлтэй асуудлын талаар тайлбарласан. Налайх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс нэхэмжлэгч Г.*******гийн хуульд заасан эрхийн хүрээнд гаргасан өргөдлийг шийдвэрлэхдээ тэтгэвэр, тэтгэмж олгох үүргээ хэрэгжүүлэхгүй, нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй байдлыг ажил олгогчийн буруутай үйл ажиллагаа мэтээр тайлбарлаж, тэтгэмж олгохоос татгалзсан нь нэхэмжлэгчийг бодитоор хохироосон гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгч Г.******* тэтгэмжээ авч чадахгүй байгаа нь ажил олгогчийн буруутай үйл ажиллагаанаас бус, харин ын эс үйлдэхүй, буруу тайлбартай холбоотой гэж үзэж байна. Нийгмийн даатгалын шимтгэл тухайн үед төлөгдөөгүй байсан ч тэтгэвэр, тэтгэмжийг эхлээд олгож, дараа нь шимтгэлийг нөхөн төлүүлэх боломж хууль, журмын хүрээнд бий. Иймд Налайх дүүргийн Нийгмийн даатгалын газраас уг мөнгийг гаргуулан нэхэмжлэгч Г.*******д олгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч талаас нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Налайх дүүргийн*******ны Засаг даргын тодорхойлолт, Налайх дүүргийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 330 дугаартай албан бичиг, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хөдөлмөрийн гэрээ, албан тушаалын тодорхойлолт зэргийг баримтаар өгсөн.

 

Хариуцагч Эрүүл мэндийн төвөөс *******ийн төсвийн тайлан, 2025 оны 01, 4, 5, 6, 7, 8, 9, 12 дугаар сарын Төрийн сангийн гүйлгээ хийсэн цахим баримт зэргийг баримтаар өгсөн.  

Хариуцагч Нийгмийн даатгалын газраас Г.*******гийн жирэмсний тооцоолол,    Налайх эрүүл мэндийн төвийн 2025 оны 01-12 сар хүртэлх нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаар баримт, Налайх дүүргийн нийгмийн даатгалын газрын 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дугаартай албан бичиг, Налайх дүүргийн нийгмийн даатгалын газрын 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн дугаартай албан бичиг, Налайх дүүргийн нийгмийн даатгалын газрын 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн дугаартай албан бичиг, *******ийн 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 01/330 дугаартай албан бичиг, Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дугаартай албан бичиг зэргийг баримтаар өгсөн.  

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.

 

         2.Нэхэмжлэгч Г.******* хариуцагч *******, т холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, төрөхийн өмнөх жирэмсний тэтгэмж 6,403,423 төгрөг болон амаржсаны тэтгэмж 6,403,423 төгрөг, нийт 12,806,846 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

            Шүүх хуралдааны явцад нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, тэтгэмж 12,806,846 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас тэтгэмж 12,661,314 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, үлдэх хэсгээс татгалзсан болно.

 

Мөн нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Налайх дүүргийн эрүүл мэндийн төвд холбогдох нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа “ нь Налайх дүүргийн эрүүл мэндийн төвд холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэхээр шүүхэд хандсан. Тухайн шаардлагад Г.*******д холбогдох шимтгэл багтсан” гэх үндэслэлээр татгалзсан болохыг дурдах нь зүйтэй.

 

3.Хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

- Нэхэмжлэгч Г.******* нь *******д 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн гэрээгээр эх барих, эмэгтэйчүүдийн эмчээр ажиллаж эхэлсэн,

- Нэхэмжлэгч Г.******* нь 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс төрсний дараа хүүхэд асрах чөлөөтэй байсан,

- Нэхэмжлэгч Г.******* нь хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаандаа дахин хүүхэд төрүүлж 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс хүүхэд асрах чөлөөгөө үргэлжлүүлсэн,

- Нэхэмжлэгч Г.*******гийн 2024 оны 10 дугаар сараас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй гэх зэрэг үйл баримтууд тогтоогдож байна.

 

4.Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: “...Жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг хуульд зааснаар авч чадаагүй. Эрүүл мэндийн төв нь нийгмийн даатгалын газар өгөх ёстой гээд, Нийгмийн даатгалын газар нь эрх үүсээгүй тул эрүүл мэндийн төвөөсөө ав гээд намайг хохироосон...” гэж тайлбарласан.

 

Хариуцагч Налайх дүүргийн Эрүүл  мэндийн төв нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: “...Манай байгууллага бол төрийн үйлчилгээний байгууллага юм. Бидний хувьд ажил олгогчийн үүргээ биелүүлж, зохих тайлангаа хугацаандаа хүргүүлсэн. Төсвийн байгууллага учраас олгогдсон төсвийн хэмжээнд захиран зарцуулах эрхтэй. Нийгмийн даатгалын газарт өртэй боловч огт өгөхгүй гэж маргаагүй. Бид олгосон төсвийн хэмжээнд нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг төлж байгаа. Тэтгэмж авах эрх үүсээгүй гэх шалтгаанаар нэхэмжлэгчид тэтгэмж ө гөхгүй байгаа нь буруу. Тэтгэмж авах эрх үүсээгүй учраас олгохгүй гэсэн хуулийн зохицуулалт байхгүй...” гэж тайлбарласан.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: “...*******д холбогдох Нийгмийн даатгалын шимтгэлийн өр 2,7 тэрбум хүрсэн. Бид үнийг төлүүлэхээ шат дараалсан арга хэмжээ авч байгаа. Ажил олгогч Нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд зааснаар төлөхгүй бол даатгуулагчид тэтгэмж авах эрх үүсэхгүй. Эрх үүсэхгүй учраас Нийгмийн даатгалын газар тэтгэмж олгох боломжгүй. Харин даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч төлөх ёстой...” гэж тайлбарласан.

 

5. Зохигчид нэхэмжлэгчийн амаржсан хугацаа, тэтгэмжийн үнийн дүнд маргаагүй боловч тэтгэмж авах эрх үүссэн эсэх, уг тэтгэмжийн мөнгийг хэн олгох үүрэгтэй эсэхэд маргасан.

 

Нэхэмжлэгч Г.******* 2026 оны жирэмсний болон амаржсаны тэтгэмжээ шаардсан.

 

Нэхэмжлэгч Г.******* нь ******* хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдөр амаржиж, хүүхэд асрах чөлөөтэй байхдаа 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн амаржсан байна.

 

Нэхэмжлэгч Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1.-д заасан хугацаанд харъяа Нийгмийн даатгалын газарт хүсэлтээ гаргахад тэтгэмж авах эрх үүсээгүй гэсэн хариуг өгсөн.

 

Нэхэмжлэгч Г.*******гийн 2024 оны 04 дүгээр сараас 2024 оны 09 дүгээр сар хүртэл ажил олгогч ******* нь бичилт хийж, нийгмийн даатгалын шимтгэлийг зохих ёсоор төлсөн. Харин 2024 оны 10 дугаар сараас 2025 оны 11 дүгээр сар хүртэл бичилт хийсэн боловч ажил олгогчоос төлөх нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй байна.

 

“Нийгмийн даатгал" гэж даатгуулагч, ажил олгогч, төрөөс хуульд заасны дагуу нийгмийн даатгалын санд урьдчилан шимтгэл төлж сан бүрдүүлэх, даатгуулагч өндөр наслах, хөдөлмөрийн чадвараа алдах, жирэмсний болон амаржсаны амралт эдлэх, хууль тогтоомжид заасан тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн нөхөн сэргээлтийн зардлын төлбөр олгох, ажил олгогчид үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардал олгох, шимтгэлийн хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх нийгмийн хамгааллын арга хэмжээг гэж Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д заажээ.

 

Монгол Улсын нийгмийн даатгалын тогтолцоо нь эв санааны зарчимд суурилсан хуваарилалтын тогтолцоо бүхий шимтгэлд суурилагдсан байх үндсэн зарчимтай.

Тодруулбал, даатгуулагч (ажилчин, ажил олгогч, төр, хуулийн этгээд) зүгээс зохих журмын дагуу шимтгэл төлж, нийгмийн даатгалын сан бүрдүүлэх, даатгалд заасан нөхцөл бүрдсэн тохиолдолд даатгуулагч эргүүлэн авч эрсдэлээ нөхөн хангах юм.

 

Жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх нь даатгуулагч (ажилчин, ажил олгогч, төр, хуулийн этгээд) зохих шимтгэлийг хугацаандаа төлж нийгмийн даатгалын санд төвлөрүүлснээр нээгдэх юм. Өөрөөр хэлбэл нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй бол жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхгүй байхаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.-д заажээ.

 

Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.-д заасан өрийг Нийгмийн даатгалын байцаагч нь мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.10.-д заасан эрхийн хүрээнд нийгмийн даатгалын өрийг барагдуулах боломжтой. Нийгмийн даатгалын байгууллага, улсын байцаагчид олгосон эрх хэмжээ хязгаарлагдмал учраас хуулийн байгууллагад  хандан шийдвэрлүүлэхээр хуульчилсан байна.

 

нь *******д шимтгэлийг өрийг барагдуулах талаар мэдэгдэж, өр төлөх нарийвчилсан хуваарь, гэрээ үйлдэх санал гаргасан ч ******* саналыг хүлээн аваагүй байна.

 

Тус дүүргийн Нийгмийн даатгалын газар нь шимтгэлийн өрийг барагдуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан гэх үйл баримтад хариуцагчид маргаагүй. Өөрөөр хэлбэл хариуцагч нь хуульд заасан үүргээ биелүүлсэн тул хариуцагч Нийгмийн даатгалын газрын буруутгах боломжгүй байна.

 

6.******* нь Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.34.-д заасан төсвийн дагуу төрийн чиг үүрэгт хамаарах ажил, үйлчилгээг хэрэгжүүлдэг ашгийн төлөө бус хуулийн этгээд боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1.-д заасан ажил олгогч юм.

 

Хөдөлмөрийн тухай хууль болон Нийгмийн даатгалын ерөнхий хууль нь ажил олгогч төрийн байгууллага эсэхээс үл хамааран ажилтан, ажил олгогч бүрд адил тэгш үйлчлэх зарчимд тулгуурладаг.

 

Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.6.-д “Энэ хуулийн 7.2.4-т заасан даатгуулагчийн хөдөлмөрийн чадвараа түр алдсаны, жирэмсний болон амаржсаны тэтгэмж авч байх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс ажил олгогчийн төлөх шимтгэлийн хувь хэмжээгээр тооцож, ажил олгогч сар бүр нийгмийн даатгалын зохих санд төлнө” , Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.-д “Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг нийтдээ 12 сар ба түүнээс дээш хугацаанд, үүнээс жирэмсний амралт авахын өмнөх сүүлийн 6 сард тасралтгүй төлсөн дараах даатгуулагч эх жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй” гэж тус тус заажээ.

 

Ажилтныг хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд ажил олгогчийн төлөх шимтгэлийн хувь хэмжээгээр тооцож, ажил олгогч сар бүр нийгмийн даатгалын зохих санд төлөх үүрэг ажил олгогч *******д оногдсон байна.

 

Хариуцагч Налайх дүүргийн эрүүл мэндийн төв хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа, ажлын гүйцэтгэлийн үр дүнгээр санхүүжилтийн эх үүсвэр нь тодорхой хугацаагаар хойшлогдож нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй нь хүндэтгэн үзэх шалтгаан гэж тайлбарласан.

Гэтэл ажил олгогч  ******* нь ажлын гүйцэтгэлийн үр дүнгээр санхүүжилтийн эх үүсвэрийг улсын төсвөөс авч, төсвийн иж бүрэн, үнэн зөв байдлыг хангаж, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх нь тухайн төсвийн байгууллагын төсвийн захирагчийн үүрэг, хариуцлага байдаг.

 

Ажил олгогчийн төсвийн тэнцэл алдагдалтай, хүрэлцэхгүй байгаа нь хуульд заасан үүргээ биелүүлэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

 

******* нь тодорхой хэмжээгээр шимтгэлийн өрийг төлдөг гэж тайлбарлах боловч тэргүүн ээлжинд өрийг суутгаж байгаа нь “Үүрэг гүйцэтгэгч нь ижил төрлийн хэд хэдэн үүргийн гүйцэтгэлийг хангах үүрэгтэй бөгөөд үүргийн гүйцэтгэл нь бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол үүрэг гүйцэтгэгч аль нэг үүргийг сонгож гүйцэтгэх эрхтэй. Үүрэг гүйцэтгэгч ийм сонголт хийгээгүй бол төлбөрийн хугацаа болсон өрийг тэргүүн ээлжинд төлүүлнэ” гэх Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1.-д нийцнэ.

 

нь үүрэг гүйцэтгэх дарааллын дагуу үүргийг тооцсон тул үлдэх хэсгийг хангуулахад хүрэлцэхгүй учраас Г.*******гийн нийгмийн даатгалын шимтгэл суутгагдаагүй байна.

 

Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.6.-д “Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл нь төлөгдөөгүй, дутуу, эсхүл хугацаа хожимдож төлөгдсөн, шимтгэл төлөлтийн тайланг ирүүлээгүй, тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн нөхөн сэргээлтийн зардлын төлбөр авах баримт бичгийг даатгуулагчид болон нийгмийн даатгалын байгууллагад хуульд заасан хугацаанд гаргаж өгөөгүйн улмаас тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн нөхөн сэргээлтийн зардлын төлбөрийг авч чадаагүй, эсхүл хугацаандаа бүрэн аваагүй бол учирсан хохирол, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхэд гарсан зардлыг ажил олгогчоор төлүүлэх[1]” гэж заажээ.

Ажил олгогчийн буруутай ажиллагаанаас шалтгаалан даатгуулагчид тэтгэмж олгогдох үндэслэлгүй болсон бол олгогдвол зохих тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээгээр, ажил олгогч Иргэний хуулийн гэм хор учруулснаас үүсэх үүргийн холбогдох зохицуулалтаар эд хөрөнгийн хариуцлага хүлээнэ.

 

Ажилтан Г.*******гийн нийгмийн даатгалын сангаас жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах байсан 12,661,314 төгрөгийн хохирол нь ажил олгогч *******ийн буруутай үйл ажиллагаатай шууд шалтгаант холбоотой байна.

 

Иймд Налайх дүүргийн эрүүл мэндийн төвөөс 12,661,314 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.*******д олгож шийдвэрлэв.

 

         7.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилан шийдвэрлэв.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1.,116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.6.-д зааснаар хариуцагч Налайх дүүргийн эрүүл мэндийн төвөөс 12,661,314 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.*******д олгож, хариуцагч т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас 145,540 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх тухай шаардлагаас татгалзсан татгалзлыг баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 290,060 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагч Налайх дүүргийн эрүүл мэндийн төвөөс 290,060 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       П.НЯМСҮРЭН

 

 

 

 

 

 

 

[1] "Даатгуулагчид учирсан хохирол" гэдгийг ажил олгогчийн дээрх буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан даатгуулагчид нийгмийн даатгалын харилцааг зохицуулсан хуулиудын дагуу олгогдвол зохих тэтгэвэр, тэтгэмжийг авч чадахгүй болох, эсхүл хугацаа нь хойшлогдох, тогтоогдвол зохих тэтгэвэр бага хэмжээгээр тогтоогдох, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхийн тулд тодорхой зардал гаргах зэргээр нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж авах эрх нь зөрчигдсөнөөс даатгуулагчид учирсан эдийн хохирлыг ойлгоно., Улсын дээд шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 47 дугаар тогтоол