Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 2026/ДШМ/140

 

2026           01            29                                                                               2026/ДШМ/140

 

Ц.Ч-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж, шүүгч Л.Одончимэг, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор П.Итгэл,

шүүгдэгч Ц.Ч-, түүний өмгөөлөгч Б.Гомбодорж, Ж.Буджав,

нарийн бичгийн дарга Э.Даваадулам нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2025/ШЦТ/2706 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Ч-, түүний өмгөөлөгч Б.Гомбодорж нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ц.Ч-т холбогдох 2503 00000 1006 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.   

Ө- овгийн Ц-гийн Ч-, ........., ял шийтгэлгүй, /РД: Ц-/;                        

Шүүгдэгч Ц.Ч- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байх ба 2025 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 16 цаг 10 минутын үед Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Сэлхийн замд “Toyota Prius” загварын Ц- УЕК улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Ц.Ч-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Ц.Ч-ийг “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ч-т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ч-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.  

Шүүгдэгч Ц.Ч- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие эмээгийн хамт хоёулаа амьдардаг буюу бага байхад аав, ээж хоёр минь салж, би эмээ дээрээ өссөн. Эмээ минь харвалт өгч байсан бөгөөд одоогоор эмчийн хяналтад байдаг. Мөн би дээрээс нь 8 сард машин лизингээр авсан, өр зээлтэй байсан. Тухайн үед найз охиноороо машинаа жолоодуулж явсан юм. Найз охин минь надтай бага зэрэг маргалдсанаас болоод түрхэн зуур ойрхон явчихаад ирсэн. Тэр үед замын жолооч ах намайг согтуу машин дээрээ байхыг хараад машиныг замаас гаргаад цагдаад дуудлага өгсөн. Би гэм буруугаа сайн ойлгож, хийсэн алдаандаа гэмшиж байна. Дахин ийм алдаа гаргахгүй гэдгээ амлаж байна. Надад оноосон 6 сарын хорих ялыг нийтэд тустай ажил хийх, эсхүл зорчих эрхийг хязгаарлах, мөнгөн торгууль болгон өөрчилж өгөхийг хүсэж байна. ...” гэв.

Шүүгдэгч Ц.Ч-ийн өмгөөлөгч Б.Гомбодорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч Ц.Ч-ийг анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон бөгөөд үүнтэй ямар нэгэн байдлаар маргаантай зүйл байхгүй гэдгийг дурдах нь зүйтэй. Харин анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг хөнгөрүүлэх, өөр төрлийн эрүүгийн хариуцлага хүлээлгэх агуулгаар энэхүү гомдлыг гаргаж байна. Хавтаст хэрэгт цугларсан болон шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Ч-ийн хувьд Эрүүгийн хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй харин эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх боломжтой гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Учир нь, шүүхийн шийтгэх тогтоолд биеийн байцаалт хэсэгт “ ..., 24 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Ц-” ХХК-д ажилладаг, ам бүл 2, эмээгийн хамт ...оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,” гэж түүний хувийн байдлыг тодорхойлсон юм. Түүнийг ийнхүү тодорхойлсон хувийн байдал, түүнийг гэм буруутайд тооцсон зүйл, анги болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг, уг гэмт хэрэгт оногдуулах хариуцлагаас үзвэл хөнгөн төрлийн гэмт хэрэг байгааг шүүхээс харгалзан үзэхийг хүсэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг хэрэглэвэл түүний хувийн байдал, гэмт хэргийн шинж чанар нийцэхээр байна. Мөн шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн байна. Шүүх Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан хуулийн зохицуулалтыг заавал хэрэглэхээр үүрэг болгосон зохицуулалт биш гэдгийг бидний зүгээс сайтар ухамсарлаж буй хэдий ч шүүх хэрэглэх эрх хэмжээ нь нээлттэй, хуулиар олгогдсон байгаа юм. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан эрүүгийн хариуцлага болох зургаан сарын хугацаагаар хорих ял оногдуулах эрх нь зөвхөн шүүхэд байдаг ба шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс шүүхийн шийдвэрийг буруутгаж байгаа бус харин шүүгдэгчид аль болох эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хуульд зааснаар хөнгөн төрлийн эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх буюу нийтэд тустай ажил хийх ялаар шийтгэх, эсхүл түүнд оногдуулсан хорих ялыг биеэр эдлүүлэхгүйгээр тэнсэн хянан харгалзах шийтгэл оногдуулах боломжтойг анхаарч үзэхийг хичээнгүйлэн хүсэж байна. Мөн Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан тэнсэх зохицуулалтыг хэрэглэхийг хориглосон, хязгаарласан зүйл байхгүй байна. Үүнээс гадна шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилго, мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо гэж дурдан түүнд 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан хууль зүйн үндэслэлээ тайлбарлажээ. Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог бөгөөд шүүгдэгч Ц.Ч-т оногдуулсан хорих ял нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна. Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт 4 төрлийн ялын санкци байх бөгөөд үүнд торгох, нийтэд тустай ажил хийх, зорчих эрхийг хязгаарлах, хорих ял оногдуулахаар тус тус хуульчилсан. Эдгээр эрүүгийн хариуцлагаас хорих ял оногдуулж байгаа нь Ц.Ч-ийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх зорилгод нийцсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Магадгүй шүүгдэгчид нийтэд тустай ажил хийх, зорчих эрхийг нь хязгаарлах зэрэг хариуцлагыг оногдуулбал харин ч түүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх үндсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэх байсныг нэмж дурдах нь зүйтэй. Иймд шүүгдэгч Ц.Ч-т оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг өөр төрлийн ялаар сольж, эсхүл хохих ялыг тэнсэж хянан харгалзахаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ц.Ч-ийн өмгөөлөгч Ж.Буджав тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн ноцтой зөрчил гаргасан гэж үзэж байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.2, 15.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь тухайн ангиллын шалгалтад тэнцсэн үеэс үүсэж, жолоодох эрхийн үнэмлэх нь уг эрхийг баталгаажуулсан баримт бичиг болох нь хуулийн зохицуулалтаас тодорхой харагддаг. Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаанд шүүгдэгч Ц.Ч- нь 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр шалгалтад тэнцсэн, жолоодох эрхийн үнэмлэхийг 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдөр олгосон байсан. Тэгэхээр шүүгдэгч нь 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй болсон гэж хууль зүйн дүгнэлт хийх үндэслэлтэй. Хууль зүйн онолд бодитойгоор үүссэн субьектив эрхийг л хасах боломжтой бөгөөд эрх нь бодитой үүсээгүй тохиолдолд “эрх хасах” бус “эрх олгохоос татгалзах” гэсэн ойлголт хэрэглэгддэг. Иймд шүүгдэгчийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан этгээд гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийг Улсын дээд шүүхийн тайлбарт “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн гэж тухайн эрх нь бодитой үүсээд, согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас уг эрхийг хасуулсан этгээдийг ойлгоно, харин тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эсхүл уг эрх нь дуусгавар болсон этгээд нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн субъект болохгүй” гэж тайлбарласан. Гэтэл шүүгдэгч Ц.Ч- нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан этгээд биш байхад анхан шатны шүүхээс түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэнд тооцож, ял шийтгэл оногдуулсан нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Мөн анхан шатны шүүх шүүгдэгчийн үйлдлийг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт хамааруулан дүгнэсэн боловч тухайн заалтыг мөн адил буруу тайлбарлаж хэрэглэсэн нь харагдаж байна. Иймд шийтгэх тогтоол нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байх тул давж заалдах шатны шүүх хуульд нийцсэн шийдвэр гаргаж өгнө үү. ...” гэв.

Прокурор П.Итгэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа харгалзан үзэх хэд хэдэн зохицуулалт бий. Үүнд, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон давтамжийг харгалзана үзнэ. Шүүгдэгч нь тухайн оны 5 дугаар сард жолоодох эрхээ хасуулсан бол дахин 8 сард ижил төрлийн үйлдэл гаргасан. Тэрээр 3.45 хувийн согтолттой байсан. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулсан. Ц.Ч-ийн үйлдэл нь нийгэмд аюултай, цаашлаад өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндтэй холбоотой асуудал үүсгэх боломжтой юм. ... Зөрчлийн тухай хуулийн 5 дугаар бүлгийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-5.4 хүртэлх заалтуудад ижил төрлийг шийтгэл оногдуулахаар хуульчилсан. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож байгаад эрхээ хасуулах нь дахин тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохоос, цаашлаад зөрчил болон гэмт хэргээс урьдчилсан сэргийлсэн зохицуулалт юм. Иймд өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Ц.Ч- болон түүний өмгөөлөгч Б.Гомбодорж нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Ц.Ч- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байх ба 2025 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 16 цаг 10 минутын үед Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Сэлхийн замд “Toyota Prius” загварын Ц- УЕК улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодсон гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч Ц.Ч-ийн яллагдагчаар өгсөн “... 2025 оны 08 дугаар сарын 31-ний өдөр найзтайгаа хамт 0,5 литрийн 4 лааз пиво хувааж уугаад байж байтал найз охин над дээр ирэхээр нь тэндээ бид гурав юм ярьж сууж байгаад манай найз охины гэр лүү явахаар болсон. ... би машинаа замаас гаргах гээд хөдөлгөөд зам дээр буцаж эргээд шороотой хэсэг рүү оруулаад байрлуултал машинтай хүн хүрч ирээд яасан эвгүй явдаг юм, уучихсан юм уу гэсэн...” /хх 32/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 2/,  Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл “... “Тоёота приус” загварын Ц- УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоодон замын хөдөлгөөнд оролцож явсан Ц.Ч-ийг драйгер багаж ашиглан шалгахад 3.50 хувийн тоон үзүүлэлт илэрсэн...” /хх 3/, согтуурсан, мансуурсан хүнийг саатуулах тухай эрх бүхий албан тушаалтны тогтоол /хх 5/, Жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх 9/, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн “... Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2-т зааснаар холбогдогч Ц.Ч-т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 7 хоног баривчлах шийтгэл оногдуулсугай...” гэсэн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ЗШ/4665 дугаар шийтгэвэр /хх 17-19/, АСАП сангийн лавлагаа зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ц.Ч-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Ч-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Шүүгдэгч Ц.Ч-оос “... оногдуулсан 6 сарын хорих ялыг нийтэд тустай ажил хийх ял, эсхүл зорчих эрхийг хязгаарлах, торгох ял болгон өөрчилж өгнө үү” гэсэн, түүний өмгөөлөгч Б.Гомбодоржоос “... Ц.Ч-т оногдуулсан хорих ял нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэглэж  өгнө үү...” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргажээ.

Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх эрх хэмжээг хуулиар шүүхэд олгосон.

Шүүгдэгч Ц.Ч- нь гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч боловч түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, нийгэмд аюултай үйлдлийн хоорондох хугацаа болон хувийн байдал зэргээс үзэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалтыг хэрэглэх боломжгүй, өөрөөр хэлбэл анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэлийн төрөл, хэмжээ нь түүний гэм бурууд тохирсон гэж үзэв.

Иймд шүүгдэгч Ц.Ч-, түүний өмгөөлөгч Б.Гомбодорж нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Ц.Ч- нь анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс энэ өдрийг хүртэл нийт 59 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2025/ШЦТ/2706 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Ч-, түүний өмгөөлөгч Б.Гомбодорж нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ч- нь 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс хойш 59 /тавин ес/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                        П.ГАНДОЛГОР  

 

ШҮҮГЧ                                                                                 Л.ОДОНЧИМЭГ

 

            ШҮҮГЧ                                                                       М.АЛДАР