Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2022/0324

 

                                                  Г.Г-ийн нэхэмжлэлтэй,

захиргааны хэргийн тухай

 

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн

Илтгэсэн шүүгч Н.Хонинхүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч Г.Г-,

Нэхэмжлэлийн шаардлага: “Ургах наран малчны бүлгийн үйл ажиллагааг хяналт шалгалтын дүнгээр цуцалж өгөхгүй, гэрээг дүгнэхгүй байгаа сумын ЗД -ын эс үйлдэхүй  хууль  бус болохыг тогтоох, “Ургах наран” бүлгийн үйл ажиллагаа нь хууль бус болохыг тогтоож, 2011 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн  А/82 дугаар  захирамжаар олгогдсон 931 га  газрыг ашиглах эрх,  гэрээг цуцлахыг даалгах”,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Д-  аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 09 дүгээр,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Г.Г-,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Э,

Хариуцагч Э.Н,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э,

Гуравдагч этгээд Б.М, түүний өмгөөлөгч Ч.Э,

Гуравдагч этгээд Д.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох,

Хэргийн индекс: 116/2021/0026/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Г.Г- нь Д аймгийн Б сумын ЗД-д холбогдуулан “Ургах наран малчны бүлгийн үйл ажиллагааг хяналт шалгалтын дүнгээр цуцалж өгөхгүй, гэрээг дүгнэхгүй байгаа сумын ЗД -ынэс үйлдэхүй хууль  бус болохыг тогтоох, “Ургах наран” бүлгийн үйл ажиллагаа нь хууль бус болохыг тогтоож, 2011 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн  А/82 дугаар  захирамжаар олгогдсон 931 га  газрыг ашиглах эрх,  гэрээг цуцлахыг даалгах”-аар маргасан байна.

2. Д аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 09 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: Газрын тухай хуулийн  52 дугаар зүйлийн 52.2, 52.5, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгч Г-ын Г-ийн, Б сумын  ЗД-д холбогдуулан  гаргасан,  “...сумын ЗД -ынэс үйлдэхүй хууль бус  болохыг тогтоох,  “Ургах наран”  бүлгийн үйл  ажиллагаа нь хууль бус болохыг тогтоож, Сумын ЗД -ын2011 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/82 дугаар  захирамжаар олгогдсон 931 га газрыг ашиглах эрх, гэрээг цуцлахыг даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. Шүүх нь хэргийг болон нэхэмжлэлийн агуулгад дурьдагдсан бодит нөхцөл байдлыг зөв үнэлж дүнэхгүйгээр хэт нэг талыг барьсан. Үүсээд байгаа бодит байдал, нэхэмжлэгчийн ямар эрх ашиг яаж хөндөгдсөнөөс болж сумын ЗД-д д хэрхэн хандаж, эцэст нь ЗД-д д малчны бүлэгт газар ашиглуулахаар хийсэн “Хөдөө аж ахуйн зориулалтаар газар ашиглах гэрээ”-г ЗД-д цуцлах эрхтэй тул цуцлахыг даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон гэж үзэж байна.

3.2. Шүүх хуралд манайх тайлбар хэлэх гэхээр тэр хамаагүй гээд доорх шалтгааныг яриа боломж олгоогүй. Нэхэмжпэлийн шаардлагыг ойлгомжгүй байна гэж янз бүрээр асуусаар өөрчлүүлсэн. Бид тус гэрээг хууль зөрчсөн гээгүй , “ бид “ гээд бичихээр малчны бүлгийн гишүүдийн өмнөөс иргэн Г.Г- гомдол нэхэмжлэл гаргах эрхгүй мэт тайлбарласныг зөвшөөрөхгүй байна.

3.3. Бүлгийн гишүүн Б.М нь бүлгийн гишүүн болох малчин өрх Г.Г, Д.Н бидний гишүүний эрх ашгийг болон дүрмээ зөрчиж, олон улсын төслийн байгууллагаас өгсөн хөрөнгөөр баригдсан худаг, хашаа, саравчийг энэ хугацаанд дангаараа эзэмшиж, ашиглаж, манай малыг услуулахгүй манай малыг 1 удаа ч саравчинд оруулж үзээгүй, худгийг түгжчихээд услуулдаггүй, тэгээд ч гаргасан худаг нь усны нөөц гарц багатай.

3.4. Б.М - нь дүрмээ зөрчиж хуурамч протокол үйлдэн салчны бүлэгт биднийг 100 хувь оруулсан мэт гарын үсгийг хуурамчаар зурж, өөрийн хүүхдээс эхлэн, энд тэндээс авчирсан айлын хүмүүсийг малчны бүлгийн гишүүн болгож, бусдын малыг олгосон бэлчээр нутагтаа маллаж, мөнгө авч олон айл буулгаж, манайд анхнаасаа бүлэг болохоос өмнө байсан айлын малыг манайхыг авчирсан болгож, манайхыг үр хүүхдийнхээ малыг байлгаж харалцаж ирж очихоор бэлчээр талхаллаа, олон мал байлгалаа, айл буулгалаа, худагт мал услуулахгүй гэж хөөж тууж элдвээр дарамталж хамтран ажиллах эвлэрэх нөхцөлгүй болгосон.

3.5. Монгол хүн болохоор айл амьтны явуул малыг өөрийн малаа услахдаа хамт усалчихвал энд тэндээс мал авчирч хулгайгаар усаллаа гэдэг байсан. Би эхний 3 сар л малаа усалсан. Тэгээд худгаа түгжээд, түлхүүрийг өгөхгүй болсноос хойш бид малаа нутгийн бусад айлын худагт тууж очиж усалдаг, явдал даахгүй малаа ус зөөж 5 жил усалж байсан. Анх малчны бүлэг болохоос өмнө Ч гэдэг айл манайд малаа тавьж, ирж очиж малаа харалцдаг байсан. Тэтгэвэрт суугаад мал дээрээ ирж бууж дээрх хавчлага шахалтанд орох болсон. Тиймээс бид Ч-тай хамтарч тусдаа худагтай болохоор шийдэж өөрсдийн зардлаар 8,500,000 төгрөгөөр өрмийн худаг ухуулсан.

3.6. Үүнээс болж малчны бүлгийн эзэмшил газарт зөвшөөрөлгүй худаг ухсан гэж маргаан үүсгэж худгийг даруулахаар М иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ нэхэмжлэл гаргахаас өмнө мал услуулахгүйгээс болж зодолдож малчин Г-д гэмтэл учруулсан. Үр хүүхдүүдийг минь мөн адил зодож, биед нь халдах асуудлууд гарч байсан. Бид Б сумын Засаг захиргаанд “бие дааж бэлчээр устай больё, өвөлжөө хаваржааны газар хуваарилж өгөөч, малыг хөөж туугаад болохгүй байна” гэдэг санал, хүсэлт өргөдөл гаргаж байсан.

3.7. Тэгэхэд та малчны бүлгийн гишүүн, малчны бүлэгт ашиглуулахаар газар олгосон учир бэлчээр олгох боломжгүй гэж байсан. Бид энэ газартаа хэсэг газрыг зааж хуваарилж өгөөч ч гэж хүссэн. Б.М-ийн хэл ам, түрэмгий зангаас сумын удирдлагууд төвөгшөөж шийдвэр гаргаж чаддаггүй байсан. Бидний өргөдөл гомдлын мөрөөр сумаас ажлын хэсгийн хүмүүсийг очиж шалгахад ажлын хэсгийн хүмүүсийг барьж авч зодож байсан. Ингэж шийдвэрлэхгүй байсаар хэдэн жилийн нүүр үзсэн ба манайхны ухуулсан худгийг даруулна гэж иргэний шүүхэд хандсан асуудал шийдэгдэх хугацаанд мөн ЗД-д газар ашиглуулах гэрээгээ хянаж үзэх, малчны бүлгийн гишүүн бидний эрх ашиг зөрчигдөж худаг, бэлчээрээ ашиглаж чадахгүй, малыг минь машин унаагаар хөөдөг, эцэст нь хэн нэгний эрүүл мэнд, амь биед ч халдаж болзошгүй байгааг өргөдөлдөө бичиж хандахад иргэний шүүхийн шийдвэрийг харъя гэсэн.

3.8. Манайхыг түр цаашаа буучих гээд байсан газраас минь өөр газарт ч байлгаж байсан. Ингээд ЗД-д нар солигдож өөрчлөгдөн шийдвэрлэж өгөхгүй болохоор аймгийн ЗД-д д болон сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд ч хандсан. Тэд засаг даргыг шийд гэж байсан ба гэрээг цуцлах чиглэл ч өгсөн байсан. Гэтэл шинэ ЗД-д  Н - би шинэ хүн танилцаагүй мэдэхгүй гэж, мөн малчны бүлгийн ажлыг шалгая дүгнэе гэж хэдэн сар болсон.

3.9. Хөдөө аж ахуйн зориулалтаар газар ашиглах гэрээний 7-р зүйлд ЗД -ынэрх бүрэн тусгагдсан бөгөөд 7.2.1-д “гэрээнд заасан бэлчээр болон худгийг гэрээнд заасан зориулалтаар ашиглаагүй”, 7.2.3-т “эргэн төлөх ёстой төлөлтийг хуваарийн дагуу төлөөгүй төлөхөөс татгалзсан”, 7.2.5-д “ашиглаж буй газраа доройтолд оруулсан, гэрээ болон төлөвлөгөөг зөрчиж малын тоо толгойг хэтрүүлсэн” гэж заасан үндэслэлээр сумын ЗД-д  хугацаанаас өмнө гэрээг цуцалж болно гэсэн заалттай.

3.10. Төслийн худагт манай малыг услуулахгүй 8 жил болсон. Төслийн хашаа саравчийг бүр ч ашиглаагүй. Үүнийг шүүхээс зориулалтын дагуу ашиглаж байна, эрх нь зөрчигдсөн болох нь тогтоогдохгүй гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй байна. Гэрээнд оруулсан хөрөнгийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу хийгээгүй, эхний хэдэн сар л төлсөн. Манайх худгийг 3 сар ашигласан, уг хугацаанд хэдэн төгрөг ноогдох юм түүнийгээ л төлнө. Саравчинд нэг ч удаа малаа хашиж ашиглаж үзээгүй. Төслийн мөнгөний хөрөнгөөр авсан илүү мод банзыг М аймаг руугаа л зөөсөн .

3.11. Адуу бэлчээр сүйтгэлээ, талхаллаа гэж байнга ад үздэг. Манай хүүхдийн хэдэн адуу бий, үгүйсгэхгүй. Гэхдээ л эднийх дангаараа 300 толгой малтай атлаа манайхыг буруутгадаг. Ийм байхад шүүх нь “гэрээний улмаас нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдөж байгаа нь баримтаар тогтоогдохгүй байна” гэж дүгнэсэн байна. Бид нэхэмжлэлдээ “гэрээ” бидний эрх ашиг, сонирхлыг зөрчөөд байна гээгүй. Малчны бүлгийн дарга, гишүүн миний эрхийг зөрчиж суух, байх боломжгүй болгож байна. Би нутаг усандаа мал аж ахуйгаа эрхлээд амьдармаар байна. Ядаж бэлчээр хуваарилаад өгчих гэхэд ч шийдвэрлэхгүй байгаа учир уг гэрээний дагуу малчны бүлэг бүхлээрээ ашиглаж чадахгүй зөрчилтэй учир ЗД-д  эрхийнхээ хүрээнд цуцлах эрхтэй, энэ ажлаа хийж өгөөч л гэсэн.

3.12. Малчны бүлэг эвлэж нэгдээд хурлаа хийж чаддагсан бол юу гэж ЗД-д  хандах вэ, эвлэж нэгдэж чадахгүй, бие биеэ барьж авч зодож, доромжилж, эрүүгийн хэрэг үүсгүүлж үр хүүхдүүдийг нь энд тэнд өгч шийтгүүлж, бүлгийн дарга ч өөрөө шийтгүүлж л байна. Цаашдаа яахыг хэлэх боломжгүй. Эвлэж ойлголцож болохгүй юу гэхэд аль аль нь одоо ч эвлэрэхгүй гэж байна.

3.13. Малчны бүлгийн ажиллагааг бодитой дүгнэж газар ашиглах гэрээг цуцалж болно. Тэгвэл газраа чөлөөлүүлэх үр дагавар үүснэ. Нутгийн малчин өрхдөө бэлчээр өвөлжөө хаваржааны газрын асуудлыг шийдэж өгч болно. Гэтэл ЗД-д  ямарч шийдвэр гаргахгүй байгаа болно. Олон улсын байгууллагын хөрөнгө оруулалттай төсөл болохоор хөндөж болохгүй гэх ойлголт байхгүй шүү дээ. Тэр төслийн хүрээнд төслийн зүгээс сонгон шалгарсан малчны бүлгийн холбогдолтой бүх эрх зүйн бичиг баримтыг төслөөс боловсруулсан.

3.14. Бүх малчны бүлгийн Хөдөө аж ахуйн зориулалтаар газар ашиглах гэрээ ижил байгаа. Тэд заавал малчны бүлэг дүгнэсний дараа сумын ЗД-д  дүгнэнэ гэсэн зүйл гэрээнд байхгүй. Зөрчилтэй байвал ЗД-д  шууд цуцалж болох заалттай. Гэтэл шүүх “ЗД-д  нь ....гэрээг шууд дүгнэх боломжгүй, ... захиргааны байгууллага нь гэрээний үүргийн биелэлт, тухайн газрын зориулалтын дагуу ашиглаж байгаа, бодит нөхцөл байдлыг тогтоох боломжтой” гэж хэт өрөөсгөл дүгнэлт хийсэн.

3.15. Малчны бүлгийн үйл ажиллагааг зогсоох гэдэг утга санаа нэхэмжлэлийн шаардлагад орсон нь оновчгүй байж болох ч үнэхээр ЗД-д  газар ашиглах гэрээг цуцлавал, малчны бүлгийн үйл ажиллагаа зогсох эсвэл өөрчлөгдөх, өөр тийш шилжих үр дагавар гарна гэдэг утгаар оруулсан болохыг тайлбарлах нь зөв байх.

3.16. Анх малчны бүлэг болохыг М санаачилж, танай энэ газарт бүлэг байгуулъя гэж ятгаж манайхыг зөвшөөрүүлсэн. Нэгэнт эвлэлдэх нэгдэх эрхтэй учир нэгдсэн ч , эв санаа нэг биш нэгдэж ажиллаж чадахгүй болж салж болохгүй гэх юм байхгүй. Гэтэл салах гэхээр бид өөрсдийн анхнаасаа 20 гаран жил амьдарч байсан бэлчээр нутаг дээрээ үлдэж чадахгүй, мал хүнгүй идээшиж дассан бэлчээр ус нутаггүй болж хохироход хүрч байна.

3.17. Олон Улсын байгууллагын мөнгийг ганцаараа завшиж, түүнээс гадна бидний олон жил нутагласан газарт бүлэг болъё гэж ирчихээд одоо биднийг газар усгүй бэлчээргүй болгож байгаа нь бидний эрх ашгийг дэндүү хөндөж хохироосон асуудал болж байна. Иймд бидний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Шүүх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангасангүй. Үүнд:

2.1. Нэхэмжлэгч Г.Г нь анх Д аймгийн Б  сумын ЗД-д холбогдуулан “Б сумын  ЗД-д гэрээний үүргээ хэрэгжүүлж “Ургах наран” малчны бүлгийн үйл ажиллагааг зогсоож,  сумын ЗД -ын2011 оны 10 дугаар сарын 10-ны өдргийн А/82 дугаар захирамжийн дагуу байгуулсан “Газар ашиглуулах тухай гэрээг цуцлахыг даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Ургах наран малчны бүлгийн үйл ажиллагааг хяналт шалгалтын дүнгээр цуцалж өгөхгүй, гэрээг дүгнэхгүй байгаа сумын  ЗД -ын эс үйлдэхүй  хууль  бус болохыг тогтоох, “Ургах наран” бүлгийн үйл ажиллагаа нь хууль бус болохыг тогтоож, 2011 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн  А/82 дугаар  захирамжаар олгогдсон 931 га  газрыг ашиглах эрх,  гэрээг цуцлахыг даалгах” гэж тодруулсан байна.

2.2. Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ: “2011 онд АНУ болон Засгийн газруудын хооронд хийгдсэн Мянганы сорилтын гэрээнд тусгасан Хот орчмын бэлчээрийг сайжруулах төслийн хүрээнд төсөлд шалгарч мал ахуйн хагас эрчимжсэн фермер байгуулах төслөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр санхүүжилт авч ажиллах болсон ... гэвч төслийн санхүүжилтийн дагуу хашаа, худгаа барьж дуусаад тэр цагаас хойш бүлгийн ахлагч Б.М -, гишүүн Г.Г нар нь дангаараа хашаа саравчийг өмчилж, давуу эрх эдэлж эхэлснээр маргаан үүссэн ... малчны бүлгийн зөрчилтэй асуудлыг шалгуулах, худаг усны ашиглалт бэлчээрийн даац болон ЗД-тай байгуулсан бүхий л гэрээнүүд зөрчигдөөд байгаа асуудлаар хөндөж “Ургах наран” бүлгийн үйл ажиллагааг зогсоож холбогдох гэрээнүүдийг цуцлуулахаар 2017 оноос эхлэн сумын ЗД-д , ИТХурал, Хэрлэн сумандаа ч олон удаа өргөдөл гомдлоо гаргаж байсан ... ЗД -ынхувьд арга хэмжээ авах, гэрээг дүгнэх, гэрээг цуцлах бүрэн эрхтэй хэдий ч ямар ч ажиллагаа хийлгүй өнөөдрийг хүрсэн ... ” гэж, хариуцагч татгалзлын үндэслэлээ “ ... ЗД-д гомдол гаргасны дагуу албан ёсоор дүгнэлт гаргаагүй хэдий ч тухай бүрт нь ажлын хэсэг шалгаж ажиллаж байсан, хамгийн сүүлд ... хяналт шалгалтын танилцуулга дээр тухайн маргаан нь шүүхийн шатанд хэлэлцэгдэж байгаа тул хойшлуулах дүгнэлт гаргасан байсан ... дэмжлэг үзүүлсэн ажлууд дээр хяналт тавьж ажиллах боломжтой. Гэхдээ яг бүлгийн үйл ажиллагааг зогсоох эрх байхгүй ... эвлэлдэн нэгдсэн хүмүүс бүлгийг тараах эсэх нь өөрсдийнх нь бүрэн эрх байх ... бүлэг сум хөгжүүлэх санд 8.4 сая төлбөрийг гэрээгээр төлөх үүрэг хүлээсэн ... төрийг хохироох үйлдэл гаргасан, бүлэг өөрсдөө хэлэлцээд талууд гэрээг дүгнэх тухай заалт байгаа. Асуудлаа хэлэлцээд цаасаар дүгнэлтээ өгсөн зүйл байхгүй ... ” гэж, гуравдагч этгээд Д.Н татгалзлын үндэслэлээ “Бидний эрх маш их зөрчигдөж байна Б сумын ЗД-д  энэ асуудлыг шийдвэрлэх бол-омжтой гэж үзэж нэхэмжлэл гаргасан. Худгаас болж олон ч удаа зөрчил гаргасан. Мал аж ахуйн асуудлаас болж байнга хэрүүл хийдэг. Чулуунбаатар гэх айлтай бид хамтран зээл авч худаг ухуулсан. Одоо ч тухайн худгаасаа малаа усалж байна. Худаг гарнаас хойш бас л мөн хэрүүл салахгүй байна” гэж, гуравдагч этгээд Б.М - татгалзлын үндэслэлээ “ ... Мянганы сорилтын сангаас зарласан шалгаруулалтанд оролцох зорилгоор иргэдийн өөрсдийн санаачлагаар бүлгийг байгуулсан тул захиргааны зүгээс хүчээр таслан зогсоох хууль зүйн боломжгүй ... газар ашиглах гэрээний аливаа үүргээ бүлгийн гишүүний хувьд нэхэмжлэгч мөн адил тэгш хүлээх үүрэгтэй ... өөрт ногдох төлбөрөө нэхэмжлэгч огт төлөөгүй, мөн өөрийн малаас гадна, бусдын олон тооны бод малыг хөлсөөр харах, даац хэтрүүлэх, худгийн  усны нөөцийг шавхах болсонтой холбоотойгоор  бидний хооронд маргаан үүссэн ... сумын ЗД-д Газрын тухай хуулиар үүрэг болгоогүй үйлдлийг даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон нь хуульд нийцээгүй, хэрэгжих боломжгүй ... ” гэж тус тус тайлбарлан маргажээ.

2.3. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Монгол Улсын болон АНУ-ын Засгийн газруудын хооронд хийгдсэн мянганы сорилтын сангийн гэрээнд тусгагдсан “Хот орчмын бэлчээрийн төсөл”-д “Ургах наран” бүлэг шалгарч, Д аймгийн Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2011 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн “Бэлчээрийн газар ашиглуулах тухай” 21 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Ургах наран” бүлгийн 2 өрхийн 4 гишүүнд газар ашиглуулахаар баталж, тус тогтоолын дагуу сумын ЗД -ын2011 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/82 захирамжаар 931 га газрыг “Ургах наран” бүлэгт ашиглуулахаар шийдвэрлэсэн, “Ургах наран” малчны бүлэг Б - сумын ЗД-д  нарын хооронд 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр “Хөдөө аж ахуйн зориулалтаар газар ашиглах тухай гэрээ,  “Хамтын ажиллагааны гэрээ, “...төслийн хүрээнд  малчдын бүлэгт оруулсан хөрөнгө оруулалтыг  сум  хөгжүүлэх санд эргэн төлөх гэрээ”-г тус тус байгуулсан байх бөгөөд эдгээртэй оролцогчид маргаагүй байна.

2.4. Нэхэмжлэгчээс Хөдөө аж ахуйн зориулалтаар газар ашиглах гэрээний 7-р зүйлд  заасны дагуу 931 га газрыг “Ургах наран” бүлэгт ашиглуулахаар шийдвэрлэсэн захирамжийг хүчингүй болгуулах”-аар Д  аймгийн Б сумын ЗД-д 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр, Д-  аймгийн ЗД-д д 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр,  Б сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр тус тус өргөдөл гаргаж байжээ.

2.5. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд гуравдагч этгээд Б.М-ээс нэхэмжлэгч Г.Г болон иргэн Б.Ч нарт холбогдуулан иргэний хэргийн шүүхэд “Ургах наран бүлгийн эзэмшлийн газар дээр зөвшөөрөлгүй баригдсан гүний худгийг буулгуулах тухай” нэхэмжлэл гаргасан, Д-  аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 405 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хангаж, Д-  аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 25 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үйл баримтууд тус тус тогтоогдсон байна.

2.6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5, 106 дугаар зүйлийн 106.3.14-д зааснаар захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн бол захиргааны хэргийн шүүх шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгаж шийдвэрлэх учиртай.

2.7. Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд “... нэхэмжлэгчээс гаргаж байсан хүсэлтүүдийг шийдвэрлэхээр ажлын хэсэг гарч газар дээр нь очиж ажиллаж байсан, тухай үед бүлгийн гишүүд нь бүлгийн газар дээр байрлах худагтай холбоотойгоор шүүхэд маргаантай байсан тул сумын ЗД-д  маргаан бүхий хэргийг шийдвэрлэж дууссаны дараа асуудлыг шийдье гээд хойшлуулсан  ...” гэж тайлбарласан байна.

2.8. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан “Ургах наран малчны бүлгийн үйл ажиллагааг хяналт шалгалтын дүнгээр цуцалж өгөхгүй, гэрээг дүгнэхгүй байгаа сумын  ЗД -ын эс үйлдэхүй  хууль  бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийн хүрээнд шүүх хариуцагчийг “хууль бус эс үйлдэхүй гаргасан” гэж үзэх үндэслэлгүй байна.

2.9. Учир нь, хэрэгт авагдсан Б сумын ЗД-д  болон “Ургах наран” малчны бүлгийн хооронд 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр байгуулагдсан “Хөдөө аж ахуйн зориулалтаар газар ашиглах тухай гэрээ”-ний 10 дугаар зүйлийн 10.3-д “ЗД-д ас даалгасны дагуу ЗД -ынтамгын газраас томилсон төрийн эрх бүхий албан хаагч болон малчдын бүлгээс сонгогдсон төлөөлөгч нар бэлчээр, худаг ашиглалт, хөрөнгө оруулалтын эргэн төлөлтийн хэрэгжилтийг хангаж, хянаж, зохион байгуулна. ЗД-д ас даалгасны дагуу гэрээний хэрэгжилтэнд холбогдох төрийн албан хаагчид хяналт тавина” гэж заасны дагуу хариуцагч Д аймгийн Б сумын ЗД-д  нь нэхэмжлэгчийн гаргасан өргөдлийг хүлээн авч, Б сумын ЗД -ын2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” А/74 дүгээр захирамжаар “Тус сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулсан, оршин байгаа иргэн, аж ахуй нэгж байгууллагын эзэмшсэн, ашигласан өмчилсөн газартай холбоотой үүссэн маргаан, гомдол санал”-ыг хянаж шийдвэрлэх ажлын хэсгийг байгуулж ажиллуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагч эс үйлдэхүй гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна. 

2.10. Харин Б - сумын ЗД –ын 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” А/74 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн дүгнэлтэд нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын аль аль нь “Хөдөө аж ахуйн зориулалтаар газар ашиглах тухай гэрээ, “Хамтын ажиллагааны гэрээнд заасны дагуу газар, бэлчээр ашиглалттай холбоотой зөрчил дутагдал гаргасан талаар дүгнэгдсэн байх бөгөөд хариуцагч нь тус ажлын хэсгийн дүгнэлтэд үндэслэн Ургах наран бүлэгтэй байгуулсан гэрээнүүдэд дүгнэлт өгөх, улмаар тус бүлэгт газар эзэмшүүлсэн шийдвэрийг хүчингүй болгох эсэх талаар шийдвэр гаргах бүрэн эрхтэй, энэ нь хариуцагчийн бүрэн эрхэд  хамаарч байх тул шүүх “Ургах наран малчны бүлгийн үйл ажиллагааг хяналт шалгалтын дүнгээр цуцалж өгөхгүй, гэрээ дүгнэхгүй байгаа” гэх шууд үзэх үндэслэлгүй байна. Иймд хариуцагчаас гэрээг дүгнэж шийдвэр гаргаагүй гэж буруутгах, маргаан бүхий А/82 захирамжийг хүчингүй болгохыг шүүх шууд даалгаж шийдвэрлэх боломжгүй.

2.11. Учир нь, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн ЗД-д  газрын харилцааны талаар дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 20.2.1-т “нутаг дэвсгэртээ газрын талаар төрөөс явуулах нэгдсэн бодлого, газрын тухай хууль тогтоомж, ... хэрэгжилтийг зохион байгуулж хангах”, 20.2.2-т “газар эзэмшигч, ашиглагчаас газар, түүний баялгийг хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах”, 40 дүгээр зүйлийн 40.1-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн ЗД-д  дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно:”, 40.1.1-т “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн”, 52 дугаар зүйлийн 52.10-т “бэлчээр ашиглах асуудлаар гарсан аливаа маргааныг багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцэж зохицуулна. Эс тохиролцсон тохиолдолд сумын ЗД-д  шийдвэрлэнэ”, 60 дугаар зүйлийн 60.1.2-т “газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүссэн маргаан, газар ашиглах гэрээний нөхцөл, болзлын талаар газар эзэмшигч ба ашиглагчийн хооронд үүссэн маргааныг зохих шатны ЗД-д ” гэж, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т “Сумын ЗД-д  харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 59.1.1-т “хууль тогтоомж, ... хэрэгжүүлэх”, 59.1.13-т “нутаг дэвсгэрийнхээ газрыг зүй зохистой ашиглах, бэлчээр, газар тариалангийн үйлдвэрлэлийг дэмжих, үржил шимийг нь дээшлүүлэх, байгаль орчныг хамгаалах бусад арга хэмжээний хөтөлбөрийг боловсруулж Хуралд өргөн мэдүүлэх, батлагдсан хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах”, 59.1.15-т “сумын ЗД -ынолгосон газар эзэмших, ашиглах эрхийн талаарх иргэд, аж ахуйн нэгж, байгууллага хооронд үүссэн маргааныг Газрын тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх” гэж тус тус заажээ.

2.12. Дээрх хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд Сумын ЗД-д  нь харьяа нутаг дэвсгэрийнхээ газар, тэр дундаа бэлчээрийг ашиглах, эзэмших талаарх Газрын тухай хуулийн хэрэгжилтийг зохион байгуулж, хангах, газар эзэмшигч, ашиглагчаас газар, түүний баялгийг хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах хүрээнд газар эзэмших, ашиглах эрх олгосон шийдвэрийн дагуу газар эзэмшигч, ашиглагчаас газрыг зүй зохистой, ашиглаж хамгаалж байгаад хяналт тавьж, газар эзэмших, ашиглахтай холбоотой иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хооронд үүссэн маргааныг Газрын тухай хуульд заасан үндэслэл журмын хүрээнд шийдвэрлэх хуулиар хүлээсэн бүрэн эрх, үүрэгтэй байна.

2.13. Нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын хэрэг хянан шийдвэрлэж ажиллагааны явцад гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл “Ургах наран” малчны бүлэг Б сумын ЗД-д  нарын хооронд байгуулагдсан 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн “Хөдөө аж ахуйн зориулалтаар газар ашиглах тухай гэрээ, “Хамтын ажиллагааны гэрээ, “төслийн хүрээнд  малчдын бүлэгт оруулсан хөрөнгө оруулалтыг  сум  хөгжүүлэх санд эргэн төлөх гэрээ”-г тус тус зөрчсөн болох нь тогтоогдсон, “Ургах наран” малчны бүлэг нь дотооддоо маргаантай байгаа болох нь Д-  аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 405 дугаар шийдвэр, Д-  аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 25 дугаар магадлал зэргээр тогтоогдсон байх тул хариуцагч нь дээрх хуульд заасан бүрэн эрх, үүргийн хүрээнд “Ургах наран” малчны бүлгийн гишүүдийн газар эзэмших, ашиглах талаар гарч буй маргааныг хянан үзэж, тус бүлэгт газар эзэмшүүлсэн шийдвэрээ өөрчлөх, эсхүл хүчингүй болгох эсэх талаар шийдвэр гаргах боломжтой байна.

2.14. Харин хариуцагчийн ажлын хэсгийн дүгнэлт болон нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын газар эзэмшиж, ашиглаж байгаа байдалд үндэслэн гаргасан дараа дараагийн шийдвэр, үйл ажиллагаатай холбогдуулан эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн гэж үзсэн этгээдээс холбогдох байгууллага, албан тушаалтанд гомдол, нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэйг дурдах нь зүйтэй байна.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдол, тайлбарын хүрээнд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Д-  аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 09 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Г.Г-ийн -давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                   Д.БАТБААТАР

 

ШҮҮГЧ                                                                       Н.ДОЛГОРСҮРЭН

 

 

ШҮҮГЧ                                                                      Н.ХОНИНХҮҮ