Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 03 өдөр

Дугаар  2026/ДШМ/161

 

  2026            02            03                                         2026/ДШМ/161

 

Н.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж, шүүгч Л.Галбадар, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Энэрэл,

шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч М.Ариунболд, Т.Дэлгэрбаяр,

хохирогч Г.М, түүний өмгөөлөгч Ц.Бат-Өлзий,

иргэний хариуцагч Д.Т,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/2590 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Б-ын өмгөөлөгч Т.Дэлгэрбаяр, М.Ариунболд, иргэний хариуцагч Д.Т нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Н.Б-д холбогдох 2305009920652 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б, 0000 оны 00 дугаар сарын 00-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 00 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто замын инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт 00 тоотод орших бүртгэлтэй, /РД:000000000/,

Шүүгдэгч Н.Б нь “Үйлдвэртээ тендер авах гээд ажил хөөцөлдөж байна”, “Баянгол дүүрэгт байгаа өөрийн өмчлөлийн 2 өрөө байрыг шилжүүлнэ”, “Хан-Уул дүүрэгт захиалсан 3 өрөө байраа зөрүү 40,000,000 төгрөг өгвөл шилжүүлнэ”, “Алтны хайгуул хийдэг сүүлийн үеийн төхөөрөмж захиалгаар худалдаад авчихвал өмнө нь авсан бүх мөнгөө буцаагаад өгнө” гэж Г.М-ийг хуурч, 2014 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр Г.М-аас 12 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн нийт 140,796,000 төгрөгийг өөрийн Хаан банкны 00000000 дугаартай данс болон бусдын дансаар шилжүүлэн авч, бусдад их хэмжээний хохирол учруулсан залилах гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Н.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Н.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 3 (гурав) жилийн хорих ял шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-аас 86,302,000 (наян зургаан сая, гурван зуун хоёр мянган) төгрөгийг, иргэний хариуцагч Д.Т-аас 19,494,000 (арван есөн сая, дөрвөн зуун ерэн дөрвөн мянган) төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Г.Мт олгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.Б-ын өмгөөлөгч Т.Дэлгэрбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч Н.Б хохирогчоос мөнгө төгрөг авсан асуудал болон түүнийгээ эгүүлэн төлөх асуудалд маргах зүйлгүй гэдгээ илэрхийлсэн, хохирол төлбөрөөс 35,000,000 /гучин таван сая/ төгрөгийг анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн үед төлж барагдуулсан байна. Үлдэгдэл төлбөр 86,500,000 төгрөгийг төлөхөө илэрхийлэн төлбөр барагдуулах гэрээг байгуулсан.

Энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7-д заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан хорихоос өөр төрлийн ял /торгох/ оногдуулах боломжтой байсан ч хорих ял оногдуулсан нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх, ашигтай хуулийг хэрэглэх зарчмыг харгалзан үзсэнгүй гэж;

Шийтгэх тогтоолд түүнийг амар хялбар аргаар мөнгө олох гэсэн гэмт үйлдлийн сэдэл зорилготой байсан гэж дүгнэж хорих ял оногдуулсан нь үндэслэлгүй байна гэж;

Гэтэл хурлын хэлэлцүүлэгт бизнесийн үйл ажиллагаа болон доголдол мөн мөнгийг эгүүлэн төлөхөө илэрхийлсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгийг мөрдөн шалгах ажиллагааны бүх үе шатанд мэдүүлж байсан төдийгүй хохирогч Г.М нь мөнгө төгрөг зээлдүүлээд буцаан авч байсан байр орон сууц, мөнгөний орон өгөх гээд гэрчилгээ гараагүйгээс аваагүй гэж мэдүүлсэн зэргээс үзэхэд эдний дунд зээлийн итгэлцлэлийн иргэний эрх зүйн харилцаагаар үүссэн өр авлага байсан нь тогтоогджээ. /Мөн шүүгдэгч, хохирогч нар нэг нутаг усны буюу Булган аймгийн Могод сумын хүмүүс ажээ./

Тиймээс урьд нь олон удаа мөнгө төгрөг авч өгдөг өөрөөр хэлбэл зээлийн харилцаа тэдний дунд удаа дараа байсан байх бөгөөд энэ талаар шүүгдэгч х.М шүүхийн хэлэлцүүлэгт хэлж байсан нь шийтгэх тогтоолд мөн тусгагджээ.

Гэвч зээлийн харилцаанаас үүссэн өглөг авлагын асуудлыг өөрөөр хэлбэл зээлдэгч нь бизнесийн буюу гэрээний эрсдэл орсон байдлыг зээлдүүлэгч хохирогч хүлээн зөвшөөрөхгүйгээр /Х.М/ цагдаад гомдол санал гаргаснаар эрүүгийн хэргийн шүүхээр шийдвэрлэгдсэн байна уу гэж үзэж байна.

Гэвч Н.Бын хувьд хохирогчоос авсан мөнгийг төлнө гэдгээ илэрхийлж байгаа бөгөөд Төлбөр барагдуулах гэрээ байгуулсан үлдэгдэл мөнгийг аль болох барагдуулах болно гэсэн нөхцөл байдал нь;

Түүнд оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-ийн 1.3-д заасан бие махбодын болон сэтгэл санааны албадлагын эд хөрөнгийн болон бусад байдлаар эрхшээлд орсны улмаас гэмт хэрэг үйлдсэн бол гэсэн заалтанд хамаарна гэж харж байгаа нь тэрээр бие мах бодь сэтгэл санааны нөхцөл байдал нь подагра хэмээх өвчний улмаас үүдэн хэвтрийн байдалд 2018 оноос орсноос хөдөлмөрийн чадварын алдалтын 70 хувийн группд орсон баримт хавтас хэрэгт авагдсан байгаагаар тогтоогдоно.

Түүний биеийн эрүүл мэндийн байдал хөдөлмөрийн чадвар алдалтын 70 хувиар групп тогтоогдсон, хохирол төлбөр төлсөн, төлөх хэлцэл байгуулсан зэргээс үүдэн түүнд оногдуулсан хорих ялыг торгуулийн ялаар солих үндэслэлтэй гэж үзэж байх тул дээрх нөхцөл байдлуудыг харгалзан шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Н.Б-ын өмгөөлөгч М.Ариунболд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж хорих ялыг хөнгөрүүлж торгох ялаар шийтгэх тухай гомдлын үндэслэл: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхээс 2305009920652 тоот дугаартай эрүүгийн хэргийн шүүгдэгч Н.Б-д гурван жилийн хорих ялыг оногдуулсан.

Анхан шатны шүүхэд шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн шүүх хуралдаанаас өмнө хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлээд гэрээ байгуулан, гэм буруутайтайд тооцогдон, шүүх хуралдааныг завсарлага авч ял шийтгэл оноох хурлаас өмнө 35,000,000 /гучин таван сая/ төгрөгийн хохирлыг төлж барагдуулан, шийтгэх тогтоолоор 86,302,000 төгрөгийн хохирол төлөхөөр шийдвэрлэгдсэн.

Анхан шатны шүүх хуралдаан дээр өөрийн биеийн эрүүл мэндийн байдлаа тодорхойлж, хөдөлмөрийн чадвар алдалтын 70 хувьд ба түүнээс дээш хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай, байнгын нарийн мэргэжлийн эмчийн хяналтанд байдаг болохоо нотлох баримтаар нотолж гаргаж өгсөн. Эрүүл мэндийн сайд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн дугаар А/807, А /216 тоот "Жагсаалт, шалгуур үзүүлэлт, маягт шинэчлэн батлах тухай” тушаалын 1-т заасан байнгын асаргаатай байх эмчийн дүгнэлттэй, тулгуур эрхтнүүдийн хөдөлгөөн хязгаарлагдсаны улмаас өөртөө үйлчлэх боломжгүй нөхцөл байдал үүсдэг. Усанд орох хувцсаа товчлох сахал хумс авах хоолоо халбагадах гэм үйлдлийг дангаар хийж чаддаггүй байдаг.

Цагдан хорих байранд орсноос хойш 2 хоногийн дараа тулай өвчний байдал хүндэрч камерын өрөөнд байх боломжгүй болж эмнэлэгт өнөөдрийг хүртэл хэвтэн эмчлүүлж байна. Цагдан хорих байрны эмнэлгийн нөхцөлд эрүүл мэндийн байдал дээрдэхгүй, гадуур гарч нарийн мэргэжлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Давж заалдах шатны шүүх хурлаас өмнө өмгөөлөгчийн зүгээс эрүүл мэндийн байдлыг тодорхойлсон эмчийн бичиг болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн талаарх нотлох баримтыг хүргүүлэх болно. Эргэлтээр очих үед босож хөдөлгөөн хийж чадахгүйн улмаас орж өрөөнд нь тулай болон ревматизмын хавсарсан гэх мэт хүндрэлүүд бодитоор бий болсон.

Мөн хохирол төлбөрийг барагдуулах талаар хохирогч талтай холбогдож байгаа тул давж заалдах шатны шүүх хурлаас өмнө хувийн байдал болон хохирол төлбөрийг төлсөн эсэх талаарх баримтуудыг давж заалдах шатны шүүхэд гаргах болно. Холбогдсон зүйл ангийн хувьд торгох ял оноох боломжтой, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, үйлдэгдсэн цаг хугацаа, нийгмийн аюулын хэр хэмжээ, хохирол төлбөр төлсөн байдал, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзэхийг хүсье.

Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/2590 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хорих ялыг хөнгөрүүлж торгох ялаар шийтгэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Н.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Миний хувийн байдлыг харгалзан үзэж надад оногдуулсан хорих ялыг торгох ялаар сольж өгнө үү. ...” гэв.

Иргэний хариуцагч Д.Т давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс дансанд орсон мөнгийг Б.Э, Д.Т нар нь өөрсдөд нь хамаагүй гэдгийг мэдсээр байж үрэгдүүлсэн, мөнгийг Н.Б-д өгөөгүй, Б.Э мөрийтэй тоглоод дуусгасан учраас Иргэний хариуцагч Д.Т-аас 19,494,000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.М-т олгохоор шийдвэрлэсэн гэдэгтэй гомдол гаргагч би санал нийлэх боломжгүй, шүүхийн энэхүү дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байгаад гомдолтой байна. Н.Б гэгч нь залилах гэмт хэргийг үйлдэхдээ манай нөхрийг таньдаг байжээ. Би Н.Б гэдэг хүнийг огт танихгүй, уулзаж байгаагүй, утсаар харилцах ямар ч боломж байхгүй, шилжиж орсон мөнгийг би огт аваагүй, Б.Э Н.Б-тай хамт захиран зарцуулсан байхад намайг нөхөртэйгөө хамт үрэгдүүлсэн гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

Би Б.Э-тай гэрлэлтээ батлуулаагүй хэдий ч 2000 оноос хамт амьдарч дундаасаа нэг хүүтэй болсон. Хүү маань өнөөдөр 11 настай. Хүү бид хоёр түрээсийн байранд амьдардаг ба миний бие одоогоор тодорхой эрхэлсэн ажилгүй байгаа.

Нөхөр маань олон жил гадаадад ажиллаж амьдарч байгаа. Хааяа Монголдоо ирэхээрээ миний Хаан банкны дансыг гэр бүлийн хэрэгцээнд ашиглаж байсан. 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр нөхөр маань миний Хаан банкны 00000000 дугаартай дансыг найз Н.Быг гуйхад нь өгснөөр хохирогч Г.М нь 19,494,000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн байгаатай маргаагүй. Хэргийг мөрдсөн мөрдөгч миний дансны хуулганд үзлэг хийж хохирогчоос шилжиж орсон мөнгийг Б.Э нь 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 0000000 гэсэн дансанд хэсэгчлэн шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь Н.Б сүүлийн мөнгөө авлаа гэсэнд яагаад ач холбогдол өгөөгүй, мөнгийг яг хэн авсан гэдгийг яагаад тогтоогоогүйд гомдолтой байгаа.

Түүнчлэн манай нөхөр Б.Э гэрчийн мэдүүлэг өгөхдөө ... 6,250,000 төгрөгийг Н.Б-д төлөх үлдэгдэлтэй гэдгээ мэдүүлсээр байхад надаас 19,494,000 төгрөгийг бүхэлд нь гаргуулж байгаа нь буруу гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хариуцах этгээд нь Б.Э, Н.Б нар байх бөгөөд тэднийг Иргэний хариуцагчаар тогтоох байсан. Иймд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн нь биш надаас 19,494,000 төгрөгийг хохирогчид гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, бусдын захиран зарцуулсан мөнгийг Д.Т би төлөх нь шударга бус учраас шийтгэх тогтоолын 5 дах заалтыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Хохирогч Х.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хуралдаанаас хойш 15,000,000 төгрөгийг надад дансаар шилжүүлсэн. Үлдэгдэл мөнгөнд тээврийн хэрэгсэл өгөхөөр шүүгдэгчтэй тохиролцсон байгаа. Нэрийг нь шилжүүлж өгөөгүй байгаа. Удахгүй шилжүүлж өгнө гэж хэлсэн. Гомдол байхгүй учраас хөнгөрүүлж өгнө үү гэж хүсэж байна. ...” гэв.

Хохирогч Х.М-ийн өмгөөлөгч Ц.Бат-Өлзий тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Н.Б 2014 оноос 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр хохирогч Г.М-аас Баянгол дүүрэгт хоёр өрөө байр, Хан-Уул дүүрэгт гурван өрөө байр, тоног төхөөрөмж авч өгнө гэх зэргээр хуурч төөрөгдүүлж залилж 140,796,000 төгрөгийг шилжүүлэн авсан байдаг. Энэ үйлдэл гэмт хэрэг анхан шатны шүүхэд нотлогдсон. Шүүгдэгч Н.Б өөрийн гэм буруу болон үйлдсэн үйлдэл дээрээ маргадаггүй. Энэ хэрэг шүүхийн шатанд  байхад шүүгдэгч Н.Б 35,000,000 төгрөгийг данс руу шилжүүлж өгсөн. Давж заалдах шатны шүүхэд хэрэг ирэхэд 15,000,000 төгрөгийг шилжүүлсэн. 19,494,000 төгрөгийг иргэний хариуцагч Д.Т төлөхөөр шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байна. Үлдэгдэл 70,000,000 төгрөг үлдсэн ба үүнд гуравдагч этгээдээр дамжуулж орж ирсэн RX загварын машиныг Г.М-т шилжүүлж өгсөн. Одоогийн байдлаар хохирогч Г.М унаад явж байгаа. Энэ хэргийн дараа тухайн тээврийн хэрэгслийн нэрийг шилжүүлж өгнө гэж хэлсэн. Тиймээс энэ гэмт хэргийн хохирол бүрэн төлөгдсөн. Иргэний хариуцагч Д.Т-ийн хохирогчид төлөх 19,494,000 төгрөгийн тухайд хамгийн сүүлд 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр алтны уурхайн хайгч тоног төхөөрөмж аваад өгье гэж шүүгдэгч гуравдагч этгээд болох Д.Т-ийн дансаар мөнгийг шилжүүлж авсан байдаг. Энэ нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн бүрэлдэхүүнд давхар орж байгаа боловч тухайн данснаас шүүгдэгч өөрөө авч чадаагүй байдаг. Өөрөөр хэлбэл Д.Т болон түүний нөхөр буцааж тухайн мөнгийг шүүгдэгч Н.Б-д шилжүүлээгүй үйл баримт байдаг. Тиймээс анхан шатын шүүхээс тухайн мөнгийг иргэний хариуцагч Д.Т төлөхөөр шийдвэрлэсэн. Тиймээс шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан ялыг солих тухай давж заалдах гомдлыг хүлээж авах үндэслэлтэй байна. ...” гэв.

Прокурор Г.Энэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд Э, Д.Т, Н.Б нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар Д.Т-ийн дансаар 19,494,000 төгрөг орсон нь тогтоогдсон. Иргэний хариуцагч Д.Т дансаар нь мөнгө орсонтой холбоотой огт маргадаггүй. Д.Т-ийн дансаар орсон мөнгийг Э гэрчээр мэдүүлэг өгөхдөө хувийн хэрэгцээндээ зарцуулсан гэдгээ хүлээн зөвшөөрч 6,000,000 төгрөгийг төлж барагдуулсан талаараа мэдүүлдэг. Гэвч энэ талаарх баримтыг гаргаж өгөөгүй байна. Дансаа ашиглуулсан иргэний хариуцагч Д.Т өөрийн дансанд шилжсэн төлбөрийн хариуцлагыг хүлээж иргэний хариуцагчаар татагдсан нь үндэслэлтэй. Иргэний маргаантай асуудлын хүрээнд хохирогч болон шүүгдэгч нарын хооронд ямар нэгэн гэрээ байгуулагдаагүй. Зохиомол байдлыг зориудаар бий болгох гэсэн аргыг ашиглан хохирогчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэж прокурорын зүгээс дүгнэлт хийхдээ хоёр өрөө байр болон өөртөө байгаагүй эд хөрөнгийг байгаа мэтээр хохирогчид итгүүлээд өөрийн ажил хөдөлмөрийн эрхлэлтийг тайлбарлаж өөртөө итгэл төрүүлж хохирогчийн мөнгийг шилжүүлэн авсан гэх дүгнэлтийг хийсэн. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байна гэж үзэж байна. Учир нь хоёр өрөө байр болон алтны төхөөрөмж гэдэг эд зүйлс шүүгдэгчид байгаагүй болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон. Хэргийн үйл баримт хангалттай тогтоогдсон гэж үзэж байна. Шүүгдэгч анхан шатны шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байр суурьтай оролцсон боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэрэг үйлдсэнтэй холбоотой маргаж байсан. Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байсан боловч хүлээн зөвшөөрсөн гэдгээ шилжүүлэн авсан мөнгөө хүлээн зөвшөөрсөн гэх агуулгаар тайлбарлаж байсан. Гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрөх гэх ойлголт нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон нөхцөл байдал, хэргийн үйл баримтад хийсэн хууль зүйн дүгнэлт, гэмт хэргийн хэлбэр, прокурорын зүйлчлэл зэрэгтэй маргаагүй байхыг ойлгодог. Хохирол, хор уршгийн талаар прокуророос 140,000,000 төгрөг гэж тооцсон боловч 19,000,000 төгрөгийг би хариуцахгүй гэж анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч тайлбарласан. Тиймээс шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн гэж прокурорын зүгээс үзэхгүй байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг нь 2-8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан. Хохирогчид учирсан их хэмжээний хохирол, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, санаа сэдэл, хэлбэр зэрэг нөхцөл байдлыг бүх талаас нь харгалзан үзээд 3 жилийн хорих ялыг шүүгдэгчид оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан зохицуулалтын талаар шүүгдэгчийн өмгөөлөгч нар тайлбарлаж байна. Уг хуулийн зохицуулалт нь заавал хэрэглэх хуулийн зохицуулалт биш. Хэрэглэж болохоор буюу шүүхэд эрх олгосон зохицуулалт гэж үзэж байна. Шүүгдэгчид анхан шатны шүүхээс 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон түүний хувийн байдал зэрэгт нь тохирсон байна гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-ын өмгөөлөгч Т.Дэлгэрбаяр, М.Ариунболд, иргэний хариуцагч Д.Т нарын гаргасан гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

1. Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Шүүгдэгч Н.Б нь “Үйлдвэртээ тендер авах гээд ажил хөөцөлдөж байна”, “Баянгол дүүрэгт байгаа өөрийн өмчлөлийн 2 өрөө байрыг шилжүүлнэ”, “Хан-Уул дүүрэгт захиалсан 3 өрөө байраа зөрүү 40,000,000 төгрөг өгвөл шилжүүлнэ”, “Алтны хайгуул хийдэг сүүлийн үеийн төхөөрөмж захиалгаар худалдаад авчихвал өмнө нь авсан бүх мөнгөө буцаагаад өгнө” гэж Г.М-ийг хуурч, 2014 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр Г.М-аас 12 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн нийт 140,796,000 төгрөгийг өөрийн Хаан банкны 00000000 дугаартай данс болон бусдын дансаар шилжүүлэн авч, бусдад их хэмжээний хохирол учруулсан залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хохирогч Г.М: “...Би Н.Б-тай 2012 онд танилцаж байсан. ...Бид 2 уулзаж ярилцаж байгаад би түүнд хандаж “би байр авах гээд мөнгө цуглуулж байгаа” гэж хэлэхэд “....би чиний мөнгийг өсгөөд өгье. ...” гэж хэлэхээр нь “...юунд зарцуулах гэж байгаа. ...” талаар асуухад “...барилгын хоолой хийх үйлдвэр барих гэж байгаа. ...” гэж хэлсэн. ...Тэгээд би түүнд итгээд 75 сая төгрөг зээлэхэд буцаагаад өгсөн. ...Тэгээд түүнийг өмнө нь өгдөг байсан тул итгээд 140,000,000 төгрөг зээлсэн. ...” гэх мэдүүлэг /1хх 46-47/,

хохирогч Г.М дахин: “...Н.Б 2014 оны 03 дугаар сард над руу залгаж “...би үйлдвэртээ тендер авах гээд ажил хөөцөлдөж байгаа. ...мөнгө дутаад байна мөнгө зээлээч” гэхээр нь би зөвшөөрч 2014 оны 03 дугаар сарын 11-ний өдөр өөрийн 00000000 тоот данснаас түүний 00000000 дугаартай данс руу 2,000,000 сая төгрөг, 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 2,900,000 төгрөгийг шилжүүлсэн.

2014 оны 08 дугаар сарын эхээр Н.Б надад хандаж “...Баянгол дүүрэгт надад 2 өрөө байр байгаа чи 80,000,000 төгрөгт бодоод авчих, чи миний данс руу 75,000,000 сая төгрөг хийчих” гэхээр нь би түүнд итгэж 2014 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Бын 00000000 тоот данс руу өөрийн 00000000 тоот данснаас 75,000,000 сая төгрөгийг шилжүүлсэн. ...Надаас мөнгө авсан байж надад зарсан байраа зааж өгөхгүй, түр хүлээж бай гээд байсан. ...Тухайн байрны гэрчилгээг асуух үед “...одоо удахгүй гаргаж өгнө. ...” гэж хэлсэн. ...Би тухайн байранд оршин сууж байхад үл таних хүн ирээд “гар” гээд байхаар нь энэ талаар Н.Б-д хэлэхэд “...наад хүн чинь хамаагүй, би мэдэж байгаа. ...чи надад 20,000,000 сая төгрөг өгөх юм бол байрын гэрчилгээг чиний нэр дээр гаргаад өгье” гэхээр нь би түүнд мөнгө өгөөгүй.

Н.Б надад хандаж “...чи наад байраа суллаад өгчих би Хан-Уул дүүрэгт 3 өрөө байр захиалсан байгаа. ...чи надад 40 гаран сая төгрөг нэмээд өгчих. ...” гэхээр нь би түүнд итгээд өөрийн 00000000 дугаартай данснаас түүний /шүүгдэгч Н.Б-ын/ 00000000 тоот данс руу 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр  3,000,000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 20,000,000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 2,000,000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 10,000,000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 1,375,000 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 3,000,000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 2,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн.

Мөнгө өгсний дараа би Н.Б-аас “...байр юу болж байна. ...” гэж асуухад “...түр хүлээж бай. ...” гэдэг байсан. ...Тэгээд би Б-аас “...байр чинь худлаа юм байна. ...мөнгөө авъя. ...” гэхэд “...би нэг ажил хөөдөлдөж байгаа. ...” гэхээр нь би итгээд хүлээсэн.

...2022 оны 09 дүгээр сарын эхээр Н.Б-тай Төв аймгийн Баян суманд алтны уурхай дээр очсон. ...Н.Б надад хандаж “...алтны хайгуул хийдэг сүүлийн үеийн тоног төхөөрөмж худалдаад авчих. ...би захиалдаа аваад өгье тухайн төхөөрөмжөөр би хайгуул хийгээд, чамаас авсан бүх мөнгөө буцаагаад өгье. ...” гэхээр нь би “...та тэр багажаа хаанаас авах юм бэ. ...” гэж асуухад “...тухайн төхөөрөмжийг АНУ-аас авах юм бол үнэ хөлс их байна манай найз н.М гэх хүн Турк улс руу захиалаад өгөх юм тэр хүний эхнэр Д.Т-ийн /иргэний хариуцагч/ данс руу мөнгөө хийчих. ...” гэхээр нь би түүнд итгээд 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр байгууллагын 00000000 тоот данснаас 000000000 Д.Т гэсэн данс руу 19,494,000 төгрөгийг шилжүүлсэн. ...Мөнгө хийсний дараа Н.Баас алтны хайгуулын багаж ирсэн эсэх талаар асуухад “...Мөнхбаатар багажийг авч яваад Өмнөговь аймгийн цагдаагийн газарт хураалгачихсан байна. ...” гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /1хх 49-51/,

гэрч Б.Э /иргэний хариуцагч Д.Т-ийн нөхөр/: “...2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр найз Н.Б /шүүгдэгч/ залгаад “...миний дансыг хаачихаж чиний данс руу мөнгө хийгээд авч болох уу. ...” гэж асуухаар нь би “...манай эхнэрийн /иргэний хариуцагч Д.Т/ 00000000 дугаартай данс руу хийчих гэхэд удалгүй манай эхнэрийн данс руу 19,494,000 төгрөг орж ирсэн. ...2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр өөрийн гар утсан дээрээ татсан цахим мөрийтэй тоглоомыг тоглох гэхэд мөнгө байхгүй байсан тул эхнэрийн дансаар нэвтрэн орж, орж ирсэн 19,494,000 төгрөгөөр тоглоод бүгдийг нь алдсан. ...Би эхнэрт хандаж “...Н.Б мөнгө хийх гэсэн юм аа, чиний данс руу хийлгэчих үү. ...” гэж асуух үед эхнэр асуудалгүй мөнгө хийгээрэй. ...” гэж хэлээд түүний данс руу мөнгө хийлгэсэн. ....” гэх мэдүүлэг /1хх 53-54,

иргэний хариуцагч Д.Т : “...Миний дансанд 19,494,000 төгрөг орж ирэхээр нь нөхрөөсөө асуухад “...манай найз Н.Б-ын мөнгө байгаа юм аа түр байлгаж бай. ...” гэж хэлсэн. ...2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр ажилдаа явчаад ирэхэд манай нөхөр “...нөгөө мөнгө байхгүй болсон мөрийтэй тоглоод алдсан. ...” гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /1хх 56-57/,

шүүгдэгч Н.Б-ын Хаанбанкны 00000000 тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хохирогч Х.М-аас шүүгдэгч Н.Б-ын данс руу мөнгө шилжүүлсэн гүйлгээ/ /1хх 70-71, 74-85, 113-114/,

иргэний хариуцагч Д.Тын 000000000 тоот данс руу хохирогч Г.М-с 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр “Багажны үнэ” гэсэн утгаар 19,494,000 төгрөгийг шилжүүлсэн дансны хуулга /1хх 89/,

хохирогч Г.М-ийн 000000000, 0000000000 тоот дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл: хохирогч Г.М-ийн дээрх тоот данснаас 2014 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 121,275,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 19,494,000 төгрөгийг шүүгдэгч Н.Б руу шилжүүлсэн /1хх 163-164/,

шүүгдэгч Н.Б-ын 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 2027 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл Хөдөлмөрийн чадвар алдалтыг 70 хувиар тогтоосон акт /2хх 60/

шүүгдэгч Н.Б-аас хохирогч Г.М-т 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 15,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 20,000,000 төгрөг, нийт 35,000,000 төгрөгийг төлсөн баримт /2хх 101-102/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

2. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

3. Прокуророос шүүгдэгч Н.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй, анхан шатны шүүх гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг гарсан байдал, гэм буруугийн хэлбэрийн талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Н.Б-ын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг үндэслэлтэй тайлбарлан зүйлчилсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх төдийгүй шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч Т.Дэлгэрбаяр, М.Ариунболд нараас гэм буруугийн талаар маргаагүй.

4. Иргэний хариуцагч Д.Т-аас: “...надаас гаргуулахаар заасан 19,494,000 төгрөгийг надаас гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул шийтгэх тогтоолын 5 дахь заалтыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэх гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй болохыг дараах байдлаар тайлбарлаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно. ..” гэж, 8.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... иргэний хариуцагчаар татахдаа мөрдөгч, прокурор, шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана.. .” гэж, мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж тус тус хуульчилсан.

Дээрх хуулийн зохицуулалтаас харахад гэмт хэрэг үйлдээгүй, гэмт хэрэгт хамтран оролцоогүй боловч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хариуцвал зохих этгээдийг мөрдөгч прокурор, шүүх тогтоол, шүүгчийн шийдвэрээр иргэний хариуцагчаар татаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулдаг ба хэргийн оролцогч буюу иргэний хариуцагч нь “шүүх прокурор мөрдөгчийн ажиллагаа шийдвэрт энэ хуульд заасан журмын дагуу гомдол гаргах, хавтас хэргээс өөрт хамааралтай хэсэгтэй танилцах, нэмэлт ажиллагаа хийлгэх хүсэлт гаргах...” зэрэг хуулиар олгогдсон эрхтэй.

Шүүгдэгч Н.Б нь хохирогч Г.М-т “...алтны тоног төхөөрөмж авчих манай найз н.М гэж хүн Турк улс руу захиалаад өгөх юм тэр хүний эхнэр Д.Т-ийн /иргэний хариуцагч/ данс руу мөнгөө хийчих. ...” гэхээр нь Д.Т-ийн данс руу 19,494,000 төгрөг шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон байна.

Гэтэл шүүгдэгчийн найз гэх н.М-ын эхнэр нь Д.Т гэх этгээд биш байна.

Улмаар шүүгдэгч Н.Б нь хохирогч Х.Мт өөрийн найз н.М-ын эхнэр Д.Т /М-ын эхнэр биш шүүгдэгчийн найз болох Б.Э-ы эхнэр/ руу мөнгө хийчих гэж итгүүлэн 19,494,000 төгрөгийг өөрийн найз болох Б.Э-ы эхнэр болох иргэний хариуцагч Д.Т-ийн данс руу шилжүүлсэн байна.

Хэрэгт авагдсан гэрч Б.Э /иргэний хариуцагч Д.Т-ийн нөхөр/: “...2022.10.21-ний өдөр найз Н.Б /шүүгдэгч/ залгаад “...миний дансыг хаасан байгаа чиний данс руу мөнгө хийгээд авч болох уу. ....” гэж асуухаар нь би “...манай эхнэрийн /иргэний хариуцагч Д.Т/ 00000000 дугаартай данс руу хийчих гэхэд удалгүй манай эхнэрийн данс руу 19,494,000 төгрөг орж ирсэн. ...2022.10.22-ны өдөр өөрийн гар утсан дээрээ татсан цахим мөрийтэй тоглоомыг тоглох гэхэд мөнгө байхгүй байсан тул эхнэрийн дансаар нэвтрэн орж орж ирсэн 19,494,000 төгрөгөөр тоглоод бүгдийг нь алдсан. ...” гэх мэдүүлэг /1хх 56-57/,

хохирогч Г.М: “...Н.Б надад хандаж “...алтны хайгуул хийдэг сүүлийн үеийн тоног төхөөрөмж худалдаад авчих. ...би захиалаад аваад өгье тухайн төхөөрөмжөөр би хайгуул хийгээд, чамаас авсан бүх мөнгөө буцаагаад өгье гэхээр нь би “...та тэр багажаа хаанаас авах юм бэ. ...” гэж асуухад “...тухайн төхөөрөмжийг АНУ-аас авах юм бол үнэ хөлс их байна манай найз Мөнхбаатар гэж хүн Турк улс руу захиалаад өгөх юм тэр хүний эхнэр Д.Т-ийн /иргэний хариуцагч/ данс руу мөнгөө хийчих” гэхээр нь би түүнд итгээд 2022.10.21-ний өдөр байгууллагын 000000000 дугаартай данснаас 000000000 Т гэсэн данс руу 19,494,000 төгрөг хийсэн. ...” гэх мэдүүлэг /1хх 49-51/,

иргэний хариуцагч Д.Т-ийн 00000000 тоот данс руу хохирогч Г.М-аас 2022.10.21-ний өдөр “Багажийн үнэ” гэсэн утгаар 19,494,000 төгрөгийг шилжүүлсэн дансны хуулга /1хх 89/ зэрэг баримтуудаас үзэхэд шүүгдэгч Н.Б-ын хууль бус худал амлалтад хохирогч Х.М хууртан иргэний хариуцагч Д.Т-ийн данс руу мөнгөө шилжүүлэн өгч, залилах гэмт хэргийн хохирогч болсон байх бөгөөд шүүгдэгчийн энэхүү хууль бус үйлдлийн үр дүнд иргэний хариуцагч Д.Т нь 19,494,000 төгрөгийг өөртөө авсан нь гэрч, хохирогчийн мэдүүлгээр тогтоогдсон байна.

Хохирогч Г.М нь тухайн 19,494,000 төгрөгийг иргэний хариуцагч Д.Т-т шилжүүлж, Д.Т-ийн нөхөр Б.Э нь дээрх  мөнгийг мөрийтэй тоглоом тоглож алдсан учир иргэний хариуцагч Д.Т-ийг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих этгээд гэж дүгнэж, шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй бөгөөд Д.Т-аас 19,494,000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.М-т олгохоор шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдээгүй, хамтран оролцоогүй боловч хуульд заасан үндэслэлээр гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэг бүхий этгээдийг иргэний хариуцагч гэж үзэх тул “19,494,000 төгрөгийг надаас гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэснийг хүчингүй болгож өгнө үү” гэх агуулга бүхий Д.Т-ийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Харин, иргэний хариуцагч Д.Т нь өөрийнх нь данснаас гарсан 19,494,000 төгрөгийг хэн, хэрхэн яаж зарцуулсан талаарх холбогдох баримтаа бүрдүүлэн холбогдох этгээдээс Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарлав.

5. Шүүгдэгч Н.Б-ын өмгөөлөгч Т.Дэлгэрбаяр, М.Ариунболд нараас: “...Н.Б-ын биеийн эрүүл мэндийн байдал, хөдөлмөрийн чадвар алдалтын 70 хувиар групп тогтоогдсон, хохирол төлбөр төлсөн, төлөх хэлцэл байгуулсан зэргээс үүдэн түүнд оногдуулсан хорих ялыг торгуулийн ялаар сольж өгнө үү. ...” гэх гомдлын хувьд;

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээний агуулгад нийцүүлэн мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрлөөс сонгож, уг ялын хэмжээг зүй зохистой тогтоох нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахад чиглэдэг.

Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, шүүгдэгчийн хувийн байдал, ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлын талаар бодитой дүгнэлт хийж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцэх учиртай.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлаас гадна түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, тухайн гэмт хэргийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, үр дагавар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээг сонгон ял шийтгэл оногдуулах, эсхүл ял оногдуулахгүйгээр тэнсэх, ялаас чөлөөлөх, түүнчлэн хуульд зааснаас багасгаж ял оногдуулдаг.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 03 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэснийг буруутган дүгнэх боломжгүй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно” гэж тус тус хуульчилжээ.

Иймд, давж заалдах шатны шүүх бүрэн эрхийнхээ хүрээнд шүүгдэгч Н.Б-ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэгтээ харамсаж буй түүний хандлага, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хөдөлмөрийн чадвараа 70 хувиар алдсан түүний хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан нийт хохирлоос /121,302,000 төгрөг/ 35,000,000 төгрөгийг анхан шатны шүүх хуралдаанд төлсөн, давж заалдах шатны шүүх хуралдаанд 15,000,000 төгрөгийг төлсөн, үлдэх 71,300,000 төгрөгт шүүгдэгч нь хохирогчид “Lexus RX” загварын тээврийн хэрэгслийг өгч нэр дээр нь шилжүүлж өгөхөөр хэн аль нь харилцан тохиролцсоныг хохирлыг бүрэн төлж барагдуулсанд тооцон хохирогч болон түүний өмгөөлөгч нараас “...хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан, гомдол, саналгүй, хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэх тайлбар зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “торгох” ялыг сонгон хэрэглэж, мөн зүйлд зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-ын 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 77 хоногийн нэг хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгөөр тооцон 1,155,000 төгрөгийг түүнд оногдуулсан 10,000,000 төгрөгийн торгох ялаас хасаж, түүний эдэлбэл зохих торгох ялыг 8,845,000 төгрөгөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

Шүүгдэгч Н.Б нь хохирогч Х.М-т төлбөл зохих хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Н.Б-ын өмгөөлөгч Т.Дэлгэрбаяр, М.Ариунболд нарын гаргасан “...хорих ялыг хөнгөрүүлж торгох ялаар шийтгэж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг тус тус хангаж, энэ талаар зохих өөрчлөлтүүдийг шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт оруулж, харин иргэний хариуцагч Д.Таас гаргасан “...19,494,000 төгрөгийг надаас гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэснийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/2590 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтын: “...шүүгдэгч Н.Б-д 3 жилийн хорих ял шийтгэсүгэй. ...” гэснийг “...шүүгдэгч Н.Б-д 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. ...” гэж өөрчилсүгэй.

2. Тогтоох хэсэгт:

-“ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-ын цагдан хоригдсон 77 хоногийн нэг хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгөөр тооцон, 1,155 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,155,000 төгрөгийг түүний эдлэх ялаас хасаж, Н.Б-ын биечлэн эдлэх торгуулийн ялын хэмжээг 8,845,000 /найман сая найман зуун дөчин таван мянга/ төгрөгөөр тогтоож, торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.” гэсэн,

-“Шүүгдэгч Н.Б нь 8,845,000 төгрөгийн торгох ялыг 1 жилийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай. ...” гэсэн нэмэлт заалтуудыг оруулсугай.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтыг хүчингүй болгож, 8 дахь заалтаас “...шүүгдэгч Н.Б-ын эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай. ...” гэсэн хэсгийг хасаж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

4. Шүүгдэгч Н.Б-ыг нэн даруй суллаж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсныг өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

5. Шүүгдэгч Н.Б нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

6. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Н.БААСАНБАТ

ШҮҮГЧ                                                               Л.ГАЛБАДАР

ШҮҮГЧ                                                               Д.МӨНХӨӨ