Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2022/0326

 

      

Д.З-ын нэхэмжлэлтэй,

захиргааны хэргийн тухай

 

 

          Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа

Илтгэсэн шүүгч Н.Хонинхүү

авж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагч А аймгийн ИТХ-ын дарга Б.Б, гуравдагч этгээд М.Батжаргал,

Нэхэмжлэлийн шаардлага: А аймгийн ИТХ-ын 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн “Аймгийн ЗД-ыгогцруулах тухай” 06 дугаар тогтоол, 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн “Аймгийн ЗД-д нэр дэвшүүлэх тухай” 06 дугаар тогтоолыг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгохыг хариуцагчид даалгуулах,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Ө аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 03 дугаар,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Д.З,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Б,

Хариуцагч П.Г,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Т,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.А,

Гуравдагч этгээд М.Б,

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч А.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул

Хэргийн индекс: 109/2021/0045/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.З- нь А аймгийн ИТХ , тус хурлын нэр бүхий 14 төлөөлөгчид холбогдуулан “А аймгийн ИТХ-ын 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Аймгийн ЗД-ыгогцруулах тухай 06 тоот тогтоол, 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Аймгийн ЗД-д нэр дэвшүүлэх тухай 06 тоот тогтоолыг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгохыг хариуцагчид даалгуулах”-аар маргасан байна.

2. Ө аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 03 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 26 дугаар зүйлийн 26.1, 27, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай /2006 оны/ хуулийн 32 дугаар зүйлийн 32.2, 32.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.З-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, А -аймгийн ИТХ-ын 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 06, 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 06 дугаар тогтоолуудыг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгохыг хариуцагч А -аймгийн ИТХ -д даалгаж, 2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. Нэхэмжлэгчээс 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр “А аймгийн ИТХ-ын 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн “Аймгийн ЗД-ыг огцруулах тухай” 06 тоот тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгохыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

3.2. Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн “Аймгийн ЗД-д нэр дэвшүүлэх тухай” 06 тоот тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгохыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэн гаргаж, шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б “ тус тогтоолууд нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6-д заасан илт хууль бус захиргааны акт болно” гэж тайлбарласан бөгөөд анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн тухайн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

3.3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 болон 106 дугаар зүйлийн 106.3-т зааснаас үзэхэд захиргааны актыг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, даалгах нэхэмжлэлийн шаардлагууд нь тус бүрдээ өөр хуулийн үндэслэлтэй бөгөөд үүсэх үр дагавар нь ялгаатай байна.

3.4. Нэхэмжлэгч шүүхэд хандаж нэхэмжлэл гаргахдаа тухайн захиргааны актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдөж байгаа болон зөрчигдсөн эрхээ хэрхэн сэргээлгэхийг хүсч байгаа болохоо зааж, нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө хуульд нийцүүлэн тодорхойлох үүрэгтэй. Гэтэл шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэснээс хэрхэн биелэгдэх нь ойлгомжгүй, эрх зүйн үр дагавар нь тодорхойгүй шүүхийн шийдвэр гарсан байна.

3.5. Мөн нэхэмжлэгчээс аймгийн ИТХ-д хандан гаргасан ямар өргөдөл, гомдлыг хариуцагч шийдвэрлэхгүй орхигдуулсан эс үйлдэхүй байгаа талаар нэхэмжлэлийн үндэслэлд заагаагүй, шүүхээс хийсэн дүгнэлт байхгүй атлаа маргаан бүхий захиргааны актыг “хүчингүй болгохыг хариуцагч А аймгийн ИТХ -д даалгаж” шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлгүй болжээ.

3.6. Түүнчлэн, аймгийн ИТХ-ын 14 төлөөлөгчийг хариуцагчаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулсан боловч тэдгээрийн ямар шийдвэр, үйл ажиллагаа нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн нь тодорхойгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлага бүрэн хангагдсанаар төлөөлөгч нартай холбоотой ямар шийдвэр гарсан нь ойлгомжгүй үлдсэн.

3.7. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан.

3.8. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай /2006/ хуулийн 32 дугаар зүйлд “ЗД-ыг огцруулах саналыг дээд шатны Засаг дарга буюу Ерөнхий сайдад хүргүүлэх бөгөөд саналыг ажлын 5 хоногт хянаж огцруулах эсэх асуудлыг шийдвэрлэнэ”. Мөн хуулийн 26 дугаар зүйлд зааснаар “хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгох бөгөөд эрх бүхий албан тушаалтан ирүүлсэн эхний нэр дэвшигчийг томилохоос татгалзах эрхтэй байна.

3.9. Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд тухайн тогтоолууд нь эрх зүйн шууд үр дагавар бий болгох шинжийг агуулаагүй, өөрөөр хэлбэл, аймгийн ЗД-ыгтомилох болон чөлөөлөх асуудлыг шийдвэрлэх бүрэн эрх нь Ерөнхий сайдад хамаарах бөгөөд аймгийн ИТХ-ын тогтоол гарснаар шууд үр дагавар үүсгэхгүй болно. Иймд А аймгийн ИТХ-ын 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн “Аймгийн ЗД-ыгогцруулах тухай” 06 тоот тогтоол, 2021 оын 08 дугаар сарын 17-ны өдрийн “Аймгийн ЗД-д нэр дэвшүүлэх тухай” 06 тоот тогтоол нь захиргааны актын шинжийг агуулаагүй тул захиргааны хэргийн шүүх тухайн нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэх үндэслэлгүй байжээ.

3.10. Тухайн маргааныг хянан шийдвэрлэхдээ ч анхан шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлаж, үйл баримтыг үнэн зөв дүгнэж чадаагүй. Шүүхийн шийдвэрт “Засаг даргын саналыг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор буюу маргааны тохиолдолд ирсэн бичгийн бүртгэлд бүртгэгдсэн 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс тооцоход 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн дотор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг хуралдуулж саналыг шийдвэрлэхээр байжээ. Гэтэл ... саналыг хэлэлцүүлэх ээлжит бус хуралдааны товыг зарлахгүйгээр тодорхойгүй шалтгаанаар удаа дараа Тэргүүлэгчдийн хуралдааныг хойшлуулсан нь дээрх хуулийн хугацааг үндэслэлгүйгээр хэтрүүлсэн хууль бус шийдвэр гэж үзэхээр байна” гэжээ.

3.11. Гэтэл Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай /2006/ хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д зааснаар Хурлын хуралдааныг товлон зарлах, түүний бэлтгэлийг хангах асуудал нь Хурлын Тэргүүлэгчдийн бүрэн эрхэд хамаарч байна. Иймд аймгийн 21 иргэдийн төлөөлөгч Хуралдан 95.2 хувийн саналаар дэмжигдэн шийдвэрлэсэн тогтоолыг Тэргүүлэгчдийн хурал товлон зарласан хугацаагаар дүгнэж хууль бус шийдвэр гэж үзсэн нь үндэслэлгүй болсон.

3.12. Түүнчлэн, 2021 оны 06, 07 дугаар саруудад короно вируст цар тахлын улмаас хорио цээрийн дэглэмтэй байсан, аймгийн Онцгой комиссын 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 1541 дугаартай албан бичгээр “7 хоног гэрийн тусгаарлалтын дэглэм сахих, 14 хоногийн хугацаанд ямар нэгэн хурал зохион байгуулахгүй байх” тухай шаардлага ирүүлсэн зэргийг шүүхээс дүгнэж, харгалзан үзсэнгүй.

3.13. Шүүхээс мөн Захиргааны ерөнхий хуулийн 26 болон 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг явуулаагүй, тайлбар гаргах боломж олгоогүй гэжээ. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай /2006/ хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 “Засаг дарга гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдсон, түүнчлэн хууль тогтоомж зөрчсөн буюу чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй бол тухайн шатны хурал түүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө огцруулах саналыг дээд шатны Засаг дарга буюу Ерөнхий сайдад хүргүүлнэ” гэж заасан.

3.14. Нэхэмжлэгч нь Засаг даргаар ажиллаж байхдаа хууль тогтоомж зөрчсөн буюу чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй болох нь удаа дараа ирүүлсэн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын өгсөн чиглэл, шаардлага, Төрийн албаны зөвлөлийн зөвлөмж, тогтоол, үүрэг өгсөн албан бичгүүд, Авилгатай тэмцэх газрын шаардлага албан бичгүүд зэргээр бүрэн нотлогдсон байна. Иймд нэгэнт тогтоогдсон хуулийн зөрчил нь сонсох ажиллагаа явуулаагүйгээс хүчингүй болох үндэслэлгүй бөгөөд нөгөөтэйгүүр, сонсох ажиллагаа явагдсан ч салбар бүрийн захиргааны байгууллагаас тогтоогдсон зөрчил үгүйсгэгдэх боломжгүй нөхцөл байгааг шүүхээс үнэлж дүгнээгүй байна.

3.15. Нэхэмжлэгч засаг дарга Д.З-ын хууль ёсны эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй захиргааны шийдвэр гарах талаар урьдчилан мэдэгдсэн, тайлбар гаргах, оролцох бүрэн боломж байсан. Аймгийн ИТХ нь улс төрийн хувьд хоёр намын төлөөлөгчид нэг хүний саналын зөрүүтэй олонх хүч түрэн шийдвэрлэх боломж байхгүй нөхцөл байдалтай байсан.

3.16. ИТХ, Тэргүүлэгчдийн Хуралд Д.З-ыг оролцох боломж олгосон боловч өөрөө оролцоогүй, 2021 оны 06 дугаар сарын 03- ны өдрийн Тэргүүлэгчдийн хуралдаанд засаг даргын орлогч В.Мөнхбатыг өөрийн өмнөөс оролцуулж байсан. Эдгээрээс дүгнэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байх тул хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

4. Гуравдагч этгээд дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:                                          

4.1. Нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус атал тодруулаагүй тухай: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь тодорхой бус атал шүүх түүнийг тодруулах арга хэмжээ авалгүйгээр хэргийг шийдвэрлэлээ.

4.2. Тодруулбал, нэхэмжлэгч нь шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Үүнд; А аймгийн ИТХ-ын 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Аймгийн ЗД-ыгогцруулах тухай 06 тоот тогтоол, 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Аймгийн ЗД-д нэр дэвшүүлэх тухай 06 тоот тогтоолыг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгохыг хариуцагчид даалгуулах нэхэмжлэлийг гаргасан.

4.3. Захиргааны хэргийн шүүхээс гарах шийдвэрийн төрлүүдийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т заасан. Хэрэв нэхэмжлэгч нь дээрх хоёр тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргаж байгаа бол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т заасан шийдвэрийг гаргуулахыг шүүхээс хүсэх буюу маргаан бүхий хоёр тогтоолыг “хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлага гаргах учиртай.

4.4. Гэтэл нэхэмжлэгч нь тийнхүү дээрх хоёр тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Харин “хүчингүй болгуулахыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Хэрэв ийнхүү даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа бол дээрх хоёр тогтоолтой маргахгүй, харин хоёр тогтоолыг хүчингүй болгохгүй байгаа эс үйлдэхүйтэй маргах билээ.

4.5. Энэ нөхцөлд хариуцагч нь тийнхүү эс үйлдэхүй гаргасан эсэх эсвэл татгалзсан шийдвэр гаргасан эсэхийг шүүх дүгнэж, тийнхүү татгалзсан шийдвэр эсвэл эс үйлдэхүй байгаа бол маргаан бүхий хоёр тогтоолыг хүчингүй болгохыг хариуцагчид даалгах билээ. Гэтэл нэхэмжлэгч нь хууль бус гэж үзэж үндэслэлээ тайлбарлах боловч тус тогтоолыг “хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй.

4.6. Харин “хүчингүй болгохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Тийм боловч хариуцагч нь хүчингүй болгохгүй байгаа эс үйлдэхүй гаргасан эсэх талаар огт тайлбарлаагүй байна. Иймд нэхэмжлэгч нь дээрх хоёр тогтоолтой маргаж байгаа эсэх эсвэл тэдгээрийг хүчингүй болгохгүй байгаа эс үйлдэхүйтэй маргаж байгаа эсэхийг тодруулах; Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т заасан шийдвэрийг эсвэл 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасан шийдвэрийг гаргуулахыг хүсэж байгаа эсэхийг тодруулах шаардлагатай байсан. Үүнийг тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь процессын хувьд зөрчил болсон юм.

4.7. Шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасныг удирдлага болгосон байна. Өөрөөр хэлбэл, шаардагдах захиргааны акт буюу дээрх хоёр Тогтоолыг хүчингүй болгох акт гаргахыг хуралд даалгах агуулгаар шийдвэр гаргасан байна. Ийнхүү шийдвэрлэхийн тулд дээрх хоёр тогтоолыг хүчингүй болгохоос татгалзсан шийдвэр эсвэл эс үйлдэхүй байх шаардлагатай билээ. Гэтэл нэхэмжпэгч нь тэр агуулгаар хариуцагчид хандаж байгаагүй, шүүхэд ч тийнхүү агуулгаар маргаагүй. Шүүх ч хариуцагч хууль бус эс үйлдэхүй, татгалзал гаргасан тухай шийдвэртээ тайлбарлаагүй байна.

4.8. Шүүх гагцхүү нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргааныг шийдвэрлэх, түүнээс халихгүй байх үүднээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах шаардлагатай юм. Нэхэмжлэлийн шаардлага нь тодорхой бус үед шүүх маргааныг шийдсэнээр энэ зарчим алдагдаж байна. Тодруулбал, хэрэв нэхэмжлэгч нь маргаан бүхий хоёр тогтоолыг хүчингүй болгуулахыг хүсэж байгаа бол шүүх “даалгах” шийдвэр гаргасан нь нэхэмжлэлийн шаардлагаас хэтэрсэн хэрэг болно.

4.9. Шүүх хуралдааны товыг надад мэдэгдэж, хуралдаанд оролцуулаагүй тухай: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т “Шүүх хэргийн оролцогчийг шүүхийн мэдэгдэх хуудсаар ... шүүх хуралдаанд дуудан ирүүлнэ” гэж, 59.2-т “Шүүх хуралдаанд ирвэл зохих оролцогчдод шүүх хуралдаан хаана, хэзээ болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар тэдгээрийн оршин суугаа газрын, эсхүл ажлын газрын хаягаар мэдэгдэнэ” гэж тус тус заасан. Гэвч хуульд заасан журмын дагуу надад шүүх хуралдааныг товыг мэдэгдсэнгүй.

4.10. Хуулийн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т шаардлагатай тохиолдолд утсаар мэдэгдэж болох тухай заасан байна. Надад хуралдааны товыг 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр мэдэгдсэн тухай шүүгчийн туслах баримт үйлдсэн байна. Гэвч энэ нь дараах байдлаар тус тус үндэслэлгүй юм.

4.11. Хуульд гагцхүү шаардлагатай тохиолдолд утсаар мэдэгдэх тухай заасан. Тийнхүү хүндэтгэн үзэх шалтгаан буюу утсаар мэдэгдэх болсон нөхцөл байдал бий болсон зүйл байхгүй. Иймд утсаар бус мэдэгдэх хуудсаар мэдэгдэх учиртай. Хэрэв утсаар мэдэгдсэн бол баримтжуулахаар заасан. Шүүгчийн туслах өөрөө тэмдэглэл үйлдэж байгаа нь ийнхүү баримтжуулсан гэж үзэх үндэслэл болохгүй юм.

4.12. Учир нь, хуульд шүүгчийн туслах тэмдэглэл үйлдэх тухай зохицуулалт байхгүй. Мөн миний утас руу мессэж бичсэн бол түүнийг зургаар баталгаажуулах зэрэг баримт бүрдүүлэх учиртай юм. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь заалт болон 71 дүгээр зүйлийн 71.1-т “... долоо, түүнээс доошгүй хоногийн өмнө ... хурлын товыг мэдэгдэнэ” гэж заасан журам зөрчигдсөн юм.

4.13. Аймгийн ИТХ-ын 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Аймгийн ЗД-ыгогцруулах тухай 06 тоот тогтоол, 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Аймгийн ЗД-д нэр дэвшүүлэх тухай 06 тоот тогтоол нь захиргааны акт биш болох тухай: Нэхэмжлэгч нь тус тогтоолуудтай маргаж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэхдээ хүчингүй болгуулах эсвэл хүчингүй болгохыг хуралд даалгахыг хүсэж байгаа эсэх нь тодорхой бус.

4.14. Захиргааны ерөнхий хуулийн 37.1-т “Захиргааны акт гэж ... эрх зүйн шууд үр дагавар бий болгосон ... захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан. Үүний дагуу маргаан бүхий 2 тогтоол нь эрх зүйн шууд үр дагавар бий болгож байж захиргааны актын шинжийг хангах юм. Шүүх тодорхой дүгнэлт өгөх учиртай атал тийнхүү дүгнэлт хийсэнгүй.

           4.15. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18.1.1.г-д “ЗД-ыгтомилуулах, чөлөөлөх болон огцруулах санал гаргаж... уламжлах” гэж, 32.2-т “... тухайн шатны Хурал түүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө огцруулах саналыг дээд шатны Засаг дарга буюу Ерөнхий сайдад хүргүүлнэ” гэж тус тус заасны дагуу гарч байгаа санал юм. Үүнтэй холбоотой дараах үндэслэлээр эрх зүйн үр дагавар бий болгохгүй, захиргааны актын шинжийг хангахгүй юм. Үүнд;

4.16. Тус хуулийн 32.3-т “... Ерөнхий сайд энэ хуулийн 32.2-т заасан саналыг ажлын 5 хоногт хянаж огцруулах эсэх асуудлыг шийдвэрлэнэ” гэж, 32.8-д “Ерөнхий сайд ... саналыг хүлээж аваагүй бол ... саналыг нэг жилийн дотор дахин тавихгүй ...” гэж тус тус заасан. Хуулийн эдгээр заалтуудын дагуу ЗД-ыгогцруулах тухай Хурлын саналыг Ерөнхий сайд хүлээн авахаас татгалзах бүрэн эрхтэй. Өөрөөр хэлбэл, огцруулах эсэх асуудлыг Ерөнхий сайд шийдвэрлэх бөгөөд Хурлын санал бус Ерөнхий сайдын шийдвэр нь эрх зүйн шууд үр дагавар үүсгэж буй юм. Иймд хурлын 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 06 тоот тогтоол нь захиргааны акт биш юм.

4.17. Мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “... Засаг даргад... нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно” гэж, 26.4-т “Энэ хуулийн 26.2-т заасан нэр дэвшигчийг... эрх бүхий албан тушаалтан томилохоос татгалзвал ...” гэж тус тус заасан. Хуулийн эдгээр заалтуудын дагуу ЗД-ыгтомилуулах тухай Хурлын саналыг Ерөнхий сайд хүлээн авахаас татгалзах эрхтэй.

4.18. Иймд хэрэв нэхэмжлэгч нь тус хоёр тогтоолыг хүчингүй болгуулахаар маргаж байгаа бол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-т “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэж, 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-т заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч ... хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгох, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байсан юм.

4.19. Харин маргаан бүхий тогтоолуудыг хүчингүй болгохгүй байгаа эс үйлдэхүйтэй маргаж байгаа бол түүнийг нь тодруулж авсны үндсэн дээр маргааныг шийдвэрлэх учиртай. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1.         Анхан шатны шүүхийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу хариуцагч болон гуравдагч этгээд нарын гаргасан давж заалдах гомдлын дагуу хэргийг бүхэлд нь хянаад нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэх үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Д.З нь харицагч А аймгийн ИТХ, А аймгийн ИТХ-ын төлөөлөгч Р.Н, Э.Б, Д.Ө, П, Г.Г, Ч, Б, Д, Н.Б, Д, Б, Ц, А, Т.Ц нарт холбогдуулан анх шүүхэд “А аймгийн ИТХ-ын 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Аймгийн ЗД-ыг огцруулах тухай 06 дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгохыг хариуцагчид даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “А аймгийн ИТХ-ын 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 06 дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгохыг хариуцагчид даалгах” гэж нэмэгдүүлсэн байна.

3. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “ ... миний бие ... А аймгийн Засаг даргаар томилогдон, ... 2020-2024 оны засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрөө батлуулан тодорхой хэмжээнд хэрэгжүүлэн ажиллаж байтал тодорхой үндэслэлгүйгээр ... огцруулах саналыг аймгийн ИТХ-ын дарга Б.Б д хүргүүлсэн ... Хурал 15 хоногийн дотор уг саналыг хуралдаанаараа хэлэлцэж олонхын саналаар шийдвэрлэхээр хуульд заасан. Гэтэл ... 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүргүүлсэн саналыг хуулийн ... дагуу 2021 оны 06 дугаар сарын 05-ний дотор ... хэлэлцэх ёстой атал ... хурлын шийдвэр 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр буюу 2 сарын дараа хурал зарлаж байгаа нь хуулиас давсан ... хуулиар олгосон хүрээ хязгаарын дотор, хуульд заасан журмын дагуу шийдвэр гаргаагүй ... хугацаа дууссан байхад хурлын төлөөлөгч нар хуралдаж шийдвэр гаргаж байгаа нь ашиг сонирхлын зөрчилтэй байна ... захиргааны албан тушаалтан шийдвэр гаргахдаа ашиг сонирхлын зөрчилд орж болзошгүй тохиолдолд түүнээс татгалзах замаар хуулийн зөрчил гаргахаас сэргийлдэг. Гэтэл хурлын төлөөлөгч нар хуралдаж хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргаж байгаа нь ... хардах үндэслэл болж байна. Иймд ... А -аймгийн ИТХ-ын 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 06 тоот, 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 06 тоот тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгохыг хариуцагчид даалгаж өгнө үү” гэж тайлбарлажээ.

4. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллаагын журмын зөрчил гаргасан байх тул давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтад дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

4.1. Тодруулбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д “Энэ хуулийн 52.2.4-т заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дараахь зүйл хамаарна”, 52.5.1-д “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн”, 106 дугаар зүйлийн 106.3.4-т “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох;” гэж тус тус зааснаас үзвэл захиргааны хэргийн шүүх захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгаж шийдвэрлэх учиртай.

4.2. Зөрчигдсөн эрхээ сэргээлгэхийг хүсч шүүхэд хандаж байгаа нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4-т зааснаар нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа ямар нэгэн эргэлзээгүйгээр, биелэгдэх боломжтойгоор тодорхойлох учиртай бөгөөд нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байгаа тохиолдолд үүнийг тодруулах нь шүүхийн үүрэг юм.

4.3. Гэтэл хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь маргаан бүхий 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн “Аймгийн ЗД-ыгогцруулах тухай” 06 дугаар тогтоол, 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн “Аймгийн ЗД-д нэр дэвшүүлэх тухай” 06 дугаар тогтоолуудыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгохыг хариуцагчид даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байхад анхан шатны шүүх эдгээр тогтоолыг хүчингүй болгуулахаар хариуцагчид хандаж байсан эсэх,  хариуцагч гаргасан хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан эсхүл шийдвэрлэхгүй эс үйлдэхгүй гаргасан эсэх болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-д заасан аль шаардлага болох тодорхойгүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамд нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл, шүүх хариуцагч маргаан бүхий актуудыг хүчингүй болгоогүй нь хууль бус эсэх, хүчингүй болгохыг даалгах эсэхэд дүгнэлт хийх хууль зүйн боломжгүй байхад анхан шатны  нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахгүйгээр шууд хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь буруу юм.

4.4. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд нь А аймгийн ИТХ-ын 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 06 дугаар тогтоолыг үндэслэн нэхэмжлэгч Д.З-ыг  2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 129 дүгээр захирамжаар А аймгийн Засаг даргын албан тушаалаас огцруулж, улмаар А аймгийн ИТХ-ын хуралдааны 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 06 дугаартай тогтоолыг үндэслэн 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 139 дүгээр захирамжаар гуравдагч этгээд М.Батжаргалыг А -аймгийн Засаг даргаар томилсон үйл баримт тогтоогдох бөгөөд нэхэмжлэгчийн маргаж буй тогтоолуудыг хүчингүй болгуулахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэснээр түүний зөрчигдсөн гэх эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн сэргэх нь ойлгомжгүй байна.

4.5. Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан үүргээ биелүүлээгүй, дээрх байдлаар маргааны гол зүйл, нэхэмжлэлийн шаардлага, түүний хууль зүйн үндэслэлийг бүрэн тодруулаагүй, нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэх хууль ёсны эрх, ашиг сонирхол хэрхэн сэргэх боломжтой талаар нягталж дүгнэлт хийгээгүй байх тул давж заалдах шатны шүүхээс үүнийг зөвтгөж, шийдвэр хууль зүйн үндэслэлтэй эсэхэд дүгнэлт хийх боломжгүй төдийгүй хариуцагч болон гуравдагч этгээд нарын гаргасан “... нэхэмжлэгч нь дээрх хоёр тогтоолтой маргаж байгаа эсэх эсвэл тэдгээрийг хүчингүй болгохгүй байгаа эс үйлдэхүйтэй маргаж байгаа эсэхийг тодруулах; Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т заасан шийдвэрийг эсвэл 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасан шийдвэрийг гаргуулахыг хүсэж байгаа эсэхийг тодруулах шаардлагатай байсан. Үүнийг тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь процессын хувьд зөрчил болсон юм ... ” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлтэй байна.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т “Нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдох захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлсэн захиргааны байгууллага, албан тушаалтныг хариуцагч гэнэ” гэж зааснаар нэхэмжлэгч хариуцагчийг тодорхойлох эрхтэй ч тухайн хариуцагчаар тодорхойлогдсон захиргааны байгууллага, албан тушаалтан нь захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлсэн байхыг хуулиар зохицуулжээ.

5.1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагчаар А аймгийн ИТХ -, мөн тус хурлын нэр бүхий 14 төлөөлөгчийг тодорхойлсон байх бөгөөд шүүхээс нэр бүхий 14 төлөөлөгчийн ямар захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлсэнтэй нь холбогдуулан тэдгээрт нэхэмжлэлийн шаардлага хэрхэн хариуцагдах талаар нэхэмжлэгч хэрхэн маргасан нь тодорхойгүй байхад А -аймгийн ИТХ-ын нэр бүхий  14 төлөөлөгчийг хариуцагчаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамд нийцээгүй байна.

5.2. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2006 он/-ийн 23 дугаар зүйлийн 23.7-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын хуралдаанд тухайн хурлын нийт төлөөлөгчийн олонхи хүрэлцэн ирсэн бол хүчинтэйд тооцно.”, 25 дугаар зүйлийн 25.1-д “Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах ... “, 32 дугаар зүйлийн 32.6 “Хурлын төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүй нь ЗД-ыгогцруулах саналд гарын үсэг зурж Хурлын даргад өргөн мэдүүлсэн бол Хурал 15 хоногийн дотор уг саналыг хуралдаанаараа хэлэлцэж олонхын саналаар шийдвэрлэнэ” гэж тус тус зааснаас үзвэл аймгийн  нутгийн өөрөөр удирдах байгууллага нь ИТХ -, тухайн хурал нь хуульд заасан тооны төлөөлөгчдөөс бүрдэх бөгөөд хурал хэлэлцсэн асуудлаар буюу ЗД-ыгогцруулах асуудлыг олонхын саналаар шийдвэрлэж тогтоол гаргахаар хуульчилжээ.

5.3. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч хариуцагчаар А -аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг тодорхойлж, тус хурлын 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн “Аймгийн ЗД-ыгогцруулах тухай” 06 дугаар тогтоол, 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн “Аймгийн ЗД-д нэр дэвшүүлэх тухай” 06 дугаар тогтоолуудтай маргасан, мөн ЗД-ыгогцруулах санал гаргасантай төлөөлөгч нарын саналтай маргаагүй байхад шүүх нэр бүхий 14 төлөөлөгчийг тусгайлан хариуцагчаар тодорхойлсныг тодруулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн төдийгүй тухайн төлөөлөгч нар нь дангаараа А аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргасан дээрх тогтоолыг хүчингүй болгох эрх хэмжээгүй байхад тухайн тогтоолуудыг хүчингүй болгуулахыг тэдгээрт даалгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.

6. Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэнтэй холбогдуулан хариуцагч болон гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлын бусад үндэслэлд дүгнэлт хийх шаардлагагүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ө аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 03 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар гуравдагч этгээдийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

                       

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Д.БАТБААТАР

 

 

 

ШҮҮГЧ                                                                 Д.ОЮУМАА

 

 

 

ШҮҮГЧ                                                                  Н.ХОНИНХҮҮ