| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сугар Болортуяа |
| Хэргийн индекс | 2503 00073 0967 |
| Дугаар | 2026/ДШМ/04 |
| Огноо | 2025-12-23 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ц.Ганцэцэг /цахимаар/ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 2026/ДШМ/04
М.Б-од холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ц.Ганцэцэг /цахимаар/,
яллагдагч М.Б-ын өмгөөлөгч Х.Даваахүү,
хохирогч Б.Т-,
нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2025/ШЗ/7057 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ганцэцэгийн бичсэн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 51 дугаартай эсэргүүцэлд үндэслэн М.Б-од холбогдох 2503 00073 0967 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Болортуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б- овгийн М-ын Б-, ........, урьд ял шийтгэлгүй, /РД:М-/,
М.Б- нь 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 18 цагийн орчимд, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Наран авто худалдааны төвийн гаднаас Тоёота приус 30 маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийг жолоодон тус төвийн В1 зогсоол руу ухарч замын хөдөлгөөнд оролцохдоо, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.14-т заасан “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэх заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Т-ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: М.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Т- нь гэмтлийн улмаас хэрэглэсэн гэх эм, тарианы талаарх баримтуудыг гаргаж өгсөн ба мөрдөн шалгах ажиллагааны явцад дээрх нотлох баримтуудыг хавсарган шинжээчийн дүгнэлт гаргах бүрэн боломжтой байсан боловч уг баримтуудыг хэрэгт хавсаргалгүйгээр шинжээчийн дүгнэлт гаргуулсан, уг дүгнэлтүүдэд хохирогчийн ямар эм тариаг хэдий хэмжээгээр, ямар хугацаанд хэрэглэсэн талаарх баримтгүй тул урагт нөлөөлсөн эсэх талаарх дүгнэлт гаргах боломжгүй гэжээ.
Энэ талаар хохирогчоос шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...бие давхар болсон байснаа мэдээгүй байсан тул эмчийн заавраар эм, тариа хэрэглэсэн. Улмаар дараа нь бие давхар гэдгээ мэдээд дээрх шалтгааны улмаас хэрэглэсэн эм тариа нь урагт хортой байсан тул үр хөндүүлсэн тухайгаа мэдүүлж, энэхүү нөхцөл байдлыг тогтоолгохоор мөрдөгчид хандсан бөгөөд тухайн мөрдөгч нь Эрүүл мэндийн яамнаас дүгнэлт гаргах үедээ дуудна, тэр үед баримтуудаа аваад очоорой гэж хэлсэн боловч дуудалгүй дүгнэлт гаргасан байсан. ...” гэв.
Иймд хохирогч Б.Т-ын ослын улмаас зайлшгүй хэрэглэсэн гэх эм, тарианы талаарх нотлох баримтуудад үндэслэн Шүүх шинжилгээний тухай хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу нэмэлт шинжилгээ хийлгэх нь зүйтэй байна.
Тээврийн Прокурорын газраас М.Б-од холбогдуулан яллах дүгнэлт үйлдэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 18 цагийн орчимд гэжээ. Яллагдагч М.Б- нь тээврийн хэрэгслээр ухрах үйлдэл хийхдээ хохирогч Б.Т-ыг мөргөсөн гэх бөгөөд тухайн үедээ хохирогч Б.Т- нь цагдаагийн байгууллага болон түргэн тусламжийн байгууллагад хандаагүй байна. Улмаар осол гарсан өдрийн маргааш буюу 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс биеийн байдал муудаж, эмнэлэгт хандсан талаар хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн болно.
Харин хохирогч Б.Т- нь 2 сарын дараа 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэст өргөдөл гаргасны дагуу гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан байна. Хохирогч Б.Т-ын эрүүл мэндэд учирсан хохирлын зэргийг тогтоосон Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 580 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...Б.Т-ын биед баруун далны хамрын дээд, доод булчин, далны доод булчингийн шөрмөсний хэсэгчилсэн урагдал, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. ...” гэжээ.
Дээрх шинжээчийн дүгнэлтэд дурдагдаж буй хохирогч Б.Т-ын биед учирсан “баруун далны хамрын дээд, доод булчин, далны доод булчингийн шөрмөсний хэсэгчилсэн урагдал, зөөлөн эдийн няцрал гэмтэл" нь учирсан даруйдаа мэдэгдэхгүй байх боломжтой эсэх, өөрөөр хэлбэл уг гэмтэл биед учирсан үед хүн хэвийн явах боломжтой эсэх талаар шинжээчээс зайлшгүй тодруулах зайлшгүй шаардлагатай.
Тодруулбал, хохирогч мөргүүлсэн даруйдаа ямар нэг гэмтэл үүсээгүй тул яллагдагчтай уулзаад зүгээр байна гэж хэлээд явуулсан атлаа маргааш нь эмнэлэгт үзүүлж мөрний шөрмөс урагдсан байсан тухай мэдүүлжээ. Түүнчлэн гагцхүү яллагдагч хохирогчийг араас нь нуруу хэсэгт нь машинаар мөргөсөн нь хяналтын камерын бичлэгээс тодорхой харагдаж байх бөгөөд тухайн үйлдлийн улмаас мөрний шөрмөс урагдсан эсэхийг тогтоогоогүй байна.
Өөрөөр хэлбэл, хохирогч хэрэг учрал гарсан тухайн өдөр өөр бусад байдлаар гэмтэл авсан эсэх, гэмт хэрэг, зөрчлийн талаар аливаа гомдол мэдээлэл гаргасан эсэх, өөр бусад байдлаар эмнэлгийн байгууллагад хандсан эсэхийг тогтоох зайлшгүй шаардлагатай байна.
Иймд мөн дээрх үндэслэлээр Шүүх шинжилгээний тухай хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу нэмэлт шинжилгээ хийлгэх нь зүйтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад “...шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол...” гэж заасанчлан яллагдагч М.Б-од холбогдох эрүүгийн 2503 00073 0967 дугаар хэргийг Тээврийн Прокурорын газарт буцаах нь зүйтэй гэж шийдвэрлэжээ.
Прокурор Ц.Ганцэцэг давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...М.Б- нь хохирогч Б.Т-ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдсон болно.
Улмаар 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн шүүхийн санаачилгаар зарласан урьдчилсан хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нар аль аль нь оролцсон бөгөөд хохирогч Б.Т-ын хувьд өөрийн эрүүл мэнд, бэртэл гэмтэлтэй холбоотой болон ураг эндсэн асуудалтай холбоотой ууж хэрэглэсэн эмийн жор зэргийг авчирсан байдаг. Хохирогч Б.Т-ын хувьд “миний хувьд осолд орсон үедээ жирэмсэн гэдгээ өөрөө мэдээгүй байсан, эмчийн бэртэл гэмтэлд бичиж өгсөн эм тариаг ууж хэрэглэж байсан, эх барих, эмэгтэйчүүдийн судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн гаргасан дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд ураг эндсэн асуудал дээр одоо маргаан байхгүй, дахин болон нэмэлтээр дүгнэлт гаргуулах шаардлагагүй талаараа ярьж тайлбарласан болно. Мөн түүнчлэн уг ослын улмаас өөрийн биед учирсан баруун далны хамрын дээд, доод булчин, далны доод булчингийн шөрмөсний хэсэгчилсэн урагдал, зөөлөн эдийн няцрал гэмтэлтэй холбоотой хохирол, сэтгэцийн хор уршгийг нэхэмжилнэ гэсэн болно.
Мөн шүүхийн урьдчилан хэлэлцүүлэгт шүүгчийн зүгээс хохирогчийн биед учирсан “баруун далны хамрын дээд, доод булчин, далны доод булчингийн шөрмөсний хэсэгчилсэн урагдал” гэмтлийг тухайн цаг хугацаанд авсан эсэх, учирсан даруйдаа мэдэгдэхгүй байх боломжтой эсэх, өөрөөр хэлбэл уг гэмтэл биед учирсан үед хүн хэвийн явах боломжтой эсэх талаар шинжээчээс зайлшгүй тодруулах шаардлагатай гэж дүгнэсэн.
Уг гэмтэл биед учирсан үед хүн хэвийн явах боломжтой эсэх талаар шинжээчээс зайлшгүй тодруулах шаардлагатай ажиллагаа нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа биш бөгөөд дахин болон нэмэлт дүгнэлт гаргуулах шаардлагагүй, дүгнэлт гаргасан шинжээч эмчийг шүүх хуралдаанд оролцуулан асууж тодруулах боломжтой юм.
Мөн хохирогч Б.Т-ын биед учирсан гэмтэл болох “баруун далны хамрын дээд, доод булчин, далны доод булчингийн шөрмөсний хэсэгчилсэн урагдал” гэмтэл дээр яллагдагч, түүний өмгөөлөгч нарын зүгээс маргадаггүй, шинжээч томилуулах шаардлагагүй гэсэн болно.
Учир нь дээрх зам тээврийн осол нь 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 18 цагийн орчимд гарсан бөгөөд ослыг харуулсан хяналтын камерын бичлэг хэрэгт авагдсан болно.
Тухайн цаг хугацаанд хохирогч, яллагдагч нар харилцан тохиролцож салсан боловч, маргааш өглөө нь хохирогчийн баруун дал орчмоор хөндүүрлэж өвдөж байсан тул 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хохирогч ГССҮТ-д очиж үзүүлсэн, мөн хохирогч Б.Т- нь 2024.12.03-аас 2024.12.18-ны өдөр хүртэлх хугацаанд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Монгол Японы эмнэлэгт хэвтэж “баруун мөрний үеийг дурангийн аргаар шалгаж гэмтсэн бүтцийг сэргээх” мэс засалд орж, сэргээн засах өдрийн эмчилгээнд хамрагдсан баримтууд хавтаст хэрэгт авагдсан болно.
Ингээд Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024.12.26-ны өдрийн 580 дугаартай “...Б.Т-ын биед баруун далны хамрын дээд, доод булчин, далны доод булчингийн шөрмөсний хэсэгчилсэн урагдал, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо” гэх 580 дугаартай дүгнэлтийг гаргахдаа:
2024.10.28-ны Толгойн КТГ, 2024.10.28-ны өдрийн хүзүүний КТГ, 2024.10.31-ний өдрийн баруун талын мөрний үеийн СРТ, 2024.11.16-ны өдрийн Очирваань эмнэлгийн ЭХО, 2024.12.24-ний Дархан детект эмнэлгийн дотрын тасагт хэвтэж эмчлүүлсэн тэмдэглэл зэрэг эмнэлгийн баримтуудад үндэслэн уг дүгнэлтийг гаргасан болох нь тогтоогдож байна.
Уг шинжээчийн дүгнэлтүүдийг яллагдагч болон түүний өмгөөлөгч нараас хүлээн зөвшөөрч байгаагаа урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд илэрхийлсэн бөгөөд гэмт хэрэг гарснаас хойш, гомдол мэдээлэл гаргах хүртэлх хугацаанд хохирогч, яллагдагч нарын хувьд хоорондоо холбоотой байсан, баруун далны хамрын дээд, доод булчин, далны доод булчингийн шөрмөсний хэсэгчилсэн урагдал гэмтэл авсан талаар яллагдагч мэдэж байсан зэрэг нь тогтоогдсон болно.
Улмаар уг хэргийг прокурорт буцааж нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагагүй, хавтаст хэргийн хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх бүрэн боломжтой байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.
Хохирогч Б.Т- тус шүүх хуралдаанд ирүүлсэн болон гаргасан тайлбартаа: “...“Б.Т-ын хувьд, урагт гэмтсэн асуудал дээр одоо маргаан байхгүй дахин болон нэмэлтээр гаргуулах шаардлагагүй талаар ярьж тайлбарласан болно." гэснийг зөвшөөрөхгүй байна. Тухайн үед шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хурлыг дууссаны дараа прокурор Ц.Ганцэцэг надад чи урагтай холбоотой ямар нэгэн маргаан байгаа юу, маргаан байвал цаг хугацаа орно, харин хохирлоо барагдуулах тал дээр “анхаарсан нь дээр биш үү” гэхэд би “сайн мэдэхгүй байна аа ургийн маань асуудалтай холбоотой бичиг баримт дутуу байгаад гайхаад байна аа, урагтай холбоотой нотлох баримтуудаа танд өгөх ёстой юу” гэх 5 минут ч хүрэхгүй яриа нэг л удаа болж өнгөрсөн бөгөөд цаг хугацааны хувьд хурдан дуусгаж энэ залуугаас салмаар байна. Ингэж ярих бүрд сэтгэл санаа хэцүү байгааг ярьсан болно.
Прокурорын бичсэн эсэргүүцэлд дурдагдсан “эх барих эмэгтэйчүүдийн судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн гаргасан дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэх энэ яриа огт болоогүй. Хүлээн зөвшөөрч байсан бол би урьдчилан хэлэлцүүлэгт нотлох баримтаа барьж очихгүй байсан. Байцаагч хэлэхдээ эрүүл мэндийн яамнаас дуудна, хэрэглэсэн эм тарианы баримтаа аваад очоорой гэж хэлдэг байсан боловч намайг салбар зөвлөлийн яам болон эм зүйч нар огт дуудалгүй дүгнэлт гаргасан байсан.
Урьдчилсан хэлэлцүүлгээр шүүгчийн гаргасан “Нэмэлт шинжилгээ хийлгэх нь үндэслэлтэй байна” гэх хэсгийг дэмжиж байна. Энэ хэргээс болж ураг хагалгаанд ороход хүргэсэн байхад намайг хохироосон М.Б- надад итгээгүй өдийг хүртэл явж байгаа учир үнэнийг нотлохыг хүсэж байна. Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийн энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн миний бие 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдөр осол болсноос өмнөх хугацаанд ямар нэгэн байдлаар гар, мөрөндөө гэмтэл авч, өвдөж, эмнэлгээр үзүүлсэн тохиолдол байхгүй учраас шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 580 дугаартай шинжээчийн дүгнэлтийг зөв гарсан гэж үзэж байгаа. Энэ хэсэгт дахин шинжээч томилох шаардлагагүй гэх прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. ...” гэв.
Яллагдагч М.Б-ын өмгөөлөгч Х.Даваахүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэрэг шүүхэд очсон. Шүүхээс шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг зарлаж, эдгээр байдлуудыг тогтоох шаардлагатай гэж үзсэн. Миний хувьд шүүгч хэргийг тал бүрээс нь бодитой тогтоох шаардлагатай гэж үзэж, шүүгчийн захирамж гаргасан гэж үзэж байгаа. ...” гэв.
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар М.Б-од холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж эсэргүүцэл, давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
Тээврийн прокурорын газраас М.Б-ыг 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 18 цагийн орчимд замын хөдөлгөөнд оролцохдоо, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.14-т заасан заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Т-ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлснийг шүүх хүлээн авч, шүүхийн санаачилгаар урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг зарлаж, хэргийг хянан хэлэлцээд “...хохирогч Б.Т-ын ослын улмаас зайлшгүй хэрэглэсэн эм, тарианы талаарх нотлох баримтуудад үндэслэн Шүүх шинжилгээний тухай хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу нэмэлт шинжилгээ хийлгэх, ...Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 580 дугаартай шинжээчийн дүгнэлтэд дурдагдаж буй хохирогч Б.Т-ын хувьд учирсан “баруун далны хамрын дээд, доод булчин, далны доод булчингийн шөрмөсний хэсэгчилсэн урагдал, зөөлөн эдийн няцрал гэмтэл” нь учирсан даруйдаа мэдэгдэхгүй байх боломжтой эсэх, өөрөөр хэлбэл уг гэмтэл биед учирсан үед хүн хэвийн явах боломжтой эсэх талаар шинжээчээс тодруулах зайлшгүй шаардлагатай. ...” гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд хохирогч Б.Т- нь “...10 дугаар сарын 28-ны өдөр төв гэмтэл дээр очсон. Миний гар үрэвссэн, нурууны 3 үе зөөлөн эдийн гэмтэлтэй гэсэн. Үүний дагуу антибиотикууд надад бичиж өгсөн. 10 хоног эмчилгээ хийлгэхдээ “zaltiron” гэх тариа тариулсан. Уг тариа нь ургийн артерийн цоорхой үүсгэдэг гэсэн. Би эдгээр хэрэглэсэн эм, тарианы баримтаа аваад Өргөө амаржих дээр очиж үзүүлэхэд савандаа дөнгөж орж байгаа ураг тул эрсдэлтэй, тээх боломжгүй гэж хагалгаанд орсон. ...Надад эдгээр баримтууд байсан. Би канондож өгсөн. Хэргийн материалд байсан. Тэгтэл яагаад ч юм алга болчихсон байсан. Би нийт 4 эмнэлэгт хэвтсэн. 4 эмнэлгийн баримтаас ганцхан энэ эмнэлгийн баримтыг үлдээсэн байсан. Намайг 9 дүгээр сарын 15-ны өдөр хэргийн материалтай танилцахад “zaltiron” гэх тариа хийсэн баримт авагдаагүй байсан. Би энэ талаар хариуцсан байцаагчид хэлэхэд шүүх шинжилгээний хариу ирчихсэн, ямартай ч энэ баримтаа өөртөө байлгаж байгаарай, чамайг дуудна гэсэн. ...” гэх тайлбарыг гаргасан бөгөөд тус тайлбартай холбогдуулан эмийн жорын баримт, “гэмтэл согог судлалын үндэсний төвийн үзлэгийн баримтууд, “Нил фарм”-ын төлбөрийн баримт, эмнэлгийн магадлагаа, “Бионика” ХХК-ийн төлбөрийн баримт, “zaltiron” тарилгын мэдээлэл зэрэг нийт 7 хуудас баримтуудыг гарган өгсөн ба мөн хавтас хэргийн 53-61 дүгээр талд хохирогч Б.Т-ын үр хөндүүлсэнтэй холбоотой “Үр хөндөлтийн түүх”-ийн баримтууд авагджээ.
Дээрх хэрэгт авагдсан нотлох баримтуудад дүгнэлт хийхэд анхан шатны шүүхийн “эм тариа хэрэглэснээс үүдэж ураг авхуулах нөхцөл байдал үүссэн эсэхэд нэмэлт шинжилгээ хийлгэх шаардлагатай” гэсэн дүгнэлт үндэслэл бүхий байна.
Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ” мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоосон байх ёстой.
Хэрэгт авагдсан баримтуудаас дүгнэхэд, М.Б-ын зам тээврийн осол гаргасан үйл баримтаас үүдэн хохирогч Б.Т-ын хэрэглэсэн эм тариа нь урагт сөргөөр нөлөөлөх нөхцөл байдлыг үүсгэсэн эсэх, ураг хөндөгдсөн эсэх асуудлыг зөв, хөдөлбөргүй тогтоох, энэ талаар тусгай мэдлэг эзэмшсэн, мэргэжлийн шинжээч томилж дүгнэлт гаргуулах нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн хэр хэмжээг тогтооход чухал ач холбогдолтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэж, шүүгчийн захирамжийн энэ хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Тодруулбал, мөрдөгч, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй бөгөөд хуульд заасан энэхүү үүрэг хэрэгжсэний дараа шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
Харин шүүгчийн захирамжийн “...Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 580 дугаартай шинжээчийн дүгнэлтэд дурдагдаж буй хохирогч Б.Т-ын хувьд учирсан “баруун далны хамрын дээд, доод булчин, далны доод булчингийн шөрмөсний хэсэгчилсэн урагдал, зөөлөн эдийн няцрал гэмтэл” нь учирсан даруйдаа мэдэгдэхгүй байх боломжтой эсэх, өөрөөр хэлбэл уг гэмтэл биед учирсан үед хүн хэвийн явах боломжтой эсэх талаар шинжээчээс тодруулах зайлшгүй шаардлагатай. ...” гэсэн хэсгийг хүлээн авах шаардлагагүй гэж үзэв.
Хавтас хэргийн 138-139 дүгээр талд Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 580 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “1.2. Б.Т-ын биед баруун далны хамрын дээд, доод булчин, далны доод булчингийн шөрмөсний хэсэгчилсэн урагдал, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 3.4. Дээрх гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. 5. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. 6. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. 7. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.” гэж дүгнэсэн ба энэхүү шинжээчийн дүгнэлт нь Шүүх шинжилгээний тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцсэн төдийгүй энэ талаар эргэлзээ үүсэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.
Иймд прокурор Ц.Ганцэцэгийн бичсэн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 51 дугаартай эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авч, яллагдагч М.Б-од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2025/ШЗ/7057 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Ц.Ганцэцэгийн бичсэн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 51 дугаартай эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авч, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Яллагдагч М.Б-од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ
ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА