Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 209/МА2022/00045

 

*******ын нэхэмжлэлтэй
 иргэний хэргийн тухай

                                                                             Хэргийн индекс: 135/2021/01273/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч Г.Давааренчин, Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  02 дугаар сарын 28-ны өдрийн 285 дугаар шийдвэртэй,

Хүсэлт гаргагч *******ын хүсэлттэй,

Хүсэлт: “Нөхөн олговор *******,*******,******* төгрөг гаргуулах” тухай,

Иргэний хэргийг хяналтын прокурор Д.Номин-Эрдэнийн гаргасан гомдлыг үндэслэн, 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Х.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

Миний төрсөн ээж болох ******* нь өөрийн төрсөн эцэг ******* хэлмэгдсэний нөхөн олговор болох *******,*******,******* төгрөгийг өвлөн авахаар шийдвэр гарсан байсан боловч миний ээж ******* нь 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр насан эцэслэсэн тул уг өвийг хүү нь болох ******* миний нэр дээр өв залгамжлалын гэрчилгээ гарсан. Иймд нөхөн олговор болох *******,*******,******* төгрөгийг олгож өгнө үү гэжээ.

  1. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, 13 дугаар зүйлийн 13.2.2, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сүхбаатар дүүргийн санхүүгийн хэлтсээс нөхөн олговорт *******,*******,******* төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******од олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч *******ын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, төрийн сангийн данснаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

3. Хяналтын прокурор Д.Номин-Эрдэнэ давж заалдах гомдолдоо:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол  гаргаж байна.

Анхан шатны шүүх хууль зөрүүтэй тайлбарлан хэрэглэсэн.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасан нөхөх олговрыг нэхэмжлэх эрхтэй этгээдийг уг хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1-10.1.3-т заасан этгээд хамаарна, өөрөөр хэлбэл нөхөх олговрын нэхэмжлэх эрхтэй этгээд нас барсан тохиолдолд түүний өв залгамжлагчийг хамаатуулан ойлгохгүй буюу хуулийг дэлгэрүүлэн тайлбарлах боломжгүй юм.

Нэхэмжлэгч ******* нь хэлмэгдэгч ******* зээ хүү байх бөгөөд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2-т заасан нөхөх олговрыг авах нэхэмжлэл гаргах эрхтэй этгээдэд хамаарахгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ :

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзлээ.

2. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

3. Прокурор “... анхан шатны шүүх, Улс төрийн хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 10 дугаар зүйлийн 10.1.3 дахь хэсгийг хэргийн үйл баримтад буруу тайлбарлан хэрэглэсэн, ...хуулийн 13.2.2-т заасан ...*******,*******,******* төгрөг  гэснийг хууль тогтоогчийн зорилгоор тайлбарлавал уг нөхөх олговор нь зөвхөн тухайн зүйл, заалтад нэрлэн заасан этгээдэд хамаатай гэж үзэхээр, уг нэмэлт өөрчлөлтөөр хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1, 13.2.2-т зааснаас үзэхэд хуулийн 13.1-т заасан олговрыг авах эрхтэй этгээдээс ялгаатай, хязгаарлагдсан, ...хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4-т заасан нэхэмжлэх эрхтэй этгээд нас барсан тохиолдолд түүний “өв залгамжлагч”-ийг хамаатуулан ойлгохгүй, ...******* нь хэлмэгдэгч ******* зээ хүү байх бөгөөд дээрх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2-т заасан нөхөх олговор авах нэхэмжлэл гаргах эрхтэй этгээдэд хамаарахгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулах”  гэсэн агуулга бүхий гомдол гаргасан байх ба уг гомдлыг хүлээн авах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

4. Хэргээс үзвэл: хүсэлт гаргагч ******* нь миний төрсөн ээж Маналжав овогтой нь өөрийн төрсөн эцэг ******* хэлмэгдсэний нөхөх олговор болох *******,*******,******* төгрөгийг өвлөн авахаар шийдвэр гарсан байсан боловч ээж маань 2020 оны 03 дугаар сарын 11-нд нас эцэслэсэн тул уг өвийг хүү нь болох ******* миний нэр дээр өв залгамжлалын гэрчилгээ гарсан. Миний нагац өвөө Г.Маналжав 1938 онд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн, түүний хоёр хүүхэд болох миний ээж , ******* нар нь нас барсан. Ээжийг маань нас барсны дараа цагаатгалын газраас утсаар яриад Маналжав гуайн хүүхдүүд нь нас барсан тул ач, зээ нарт нь нөхөх олговор олгох ёстой гэсний дагуу бид цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комисстой холбогдож баримт материал цуглуулж эхэлсэн. Өв залгамжлах гэрчилгээнээс манай ах дүү нар татгалзаж, над дээр гэрчилгээ гарсан. Иймд хуульд заасны дагуу нөхөх олговрыг гаргуулж өгнө үү гэсэн агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.  

5. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд:  Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 1-р хурлын тогтоолоор Гомбожавын Маналжав нь 10 жил хорих ял шийтгүүлж, 1992 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 103 дугаар магадлалаар цагаатгагдсан болох нь БНМАУ-н Дээд Шүүхийн Цэргийн коллегийн 1992 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 103 дугаар магадлал /хх-11/-н хуулбар, Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын 2019 оны 04 дүгээр сарын 08-ний өдрийн 05/1376 дугаар архивын лавлагаа /хх-10/ зэргээр тогтоогдсон байна.

6. Хэрэгт Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйл нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн нөхөх олговор олгох тухай Гуравдугаар бүлэгт эд хөрөнгийн эрх зөрчсөнөөс учирсан хохирлыг нөхөх олговор хэлбэрээр нөхөн төлөх хэсэгт хамаарч байх тул хэлмэгдэгч өөрөө, эсхүл түүний  эхнэр, хэлмэгдэгчийн төрсөн хүүхэд нөхөх олговор шаардах эхтэй байна.

7. Хэлмэгдэгч Г.Маналжав агсан нь *******, М.******* гэсэн хоёр хүүхэдтэй болох, Г.Маналжав өөрөө болон түүний эхнэр , хүү М.*******, охин ******* нар нас барсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, нас барсны  гэрчилгээ /хх-7/, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2022 оны 02 дугаар сарын 18-ний өдрийн нас барсны бүртгэлийн лавлагаанууд /хх-50-53/ зэргээр тогтоогдож байна. 

8. Хууль тогтоогчоос Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “энэ хуулийн зорилт нь ...хэлмэгдэгчдийг цагаатгаж нэр төрийг нь сэргээх, тэдэнд нөхөх олговор олгох, ...хэлмэгдүүлэлтийн бусад үр дагаврыг арилгах ...-д оршино” гэсэн хуулийн зорилтын хүрээнд төр өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас хэлмэгдэгч болон түүний гэр бүлийн гишүүдэд учирсан/эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус/ хохирлыг арилгах нөхөх олговрын хэмжээ, боломжийг нэмэгдүүлэх зорилгоор 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулахдаа 13 дугаар зүйлийн 13.2. дахь хэсгийг нэмсэн байна.

9. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах,тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт “энэ хуулийн 23.1-д заасны дагуу орон сууц аваагүй ...хэлмэгдэгчид дараах нөхөх олговрыг доор дурдсанаар олгоно, гэж, 13.2.2-т “улс төрийн хилс хэрэгт холбогдуулан хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, хэлмэгдэгч  нас барсан бол түүний эхнэр/нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд ******* сая төгрөг, 23 дугаар зүйлийн 23.1-т Улс төрийн хилс хэрэгт шүүх болон түүнийг орлосон байгууллагын шийдвэрээр эрүүгийн ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, нас барсан хэлмэгдэгчийн эхнэр/нөхөр/ хэлмэгдүүлэлтийн улмаас гэр, орон сууц хөлслөх гэрээний үндсэн дээр эзэмшиж байсан орон сууцаа хураалгуулж одоо хүртэл орон сууцгүй байгаа бол байнга оршин суугаа аймаг, нийслэлийн Засаг дарга дараалал харгалзахгүйгээр орон сууц, гэр олгоно” гэж тус тус заасан.

10. Сум дундын 1 дүгээр шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 17-ний өдрийн 52 дугаар шийдвэрээр ******* нь хэлмэгдэгч ******* төрсөн охин мөн болохыг, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн “төрөл садангийн лавлагаа”-аар ******* нь хүсэлт гаргагч *******ын эх ба тэд төрөл садангийн холбоотой болохыг тус тус тогтоожээ. /хх- 13, 4/

11. Дээрхээс үзвэл, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 23.1-д заасны дагуу орон сууц аваагүй улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид дараах нөхөх олговрыг доор дурдсанаар олгоно”, 13.2.2-д “улс төрийн хилс хэрэгт холбогдуулан хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, хэлмэгч нас барсан бол түүний эхнэр/нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд ******* сая төгрөг”  гэснийг хууль тогтоогчийн хүсэл зоригоор тайлбарлавал, “уг нөхөх олговор нь зөвхөн тухайн зүйл, заалтад нэрлэн заасан этгээд болох хэлмэгдэгч, эсхүл түүний эхнэр /нөхөр/, эсхүл төрсөн болон үрчилж авсан хүүхдэд хамаатай” гэж үзэхээр байна.

12. Иймд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасан нөхөх олговрыг нэхэмжлэх эрхтэй этгээдэд уг хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1-10.1.3-т заасан этгээд хамаарна, өөрөөр хэлбэл эдгээр зүйл, заалтад нэрлэн зааснаас бусад хүнийг, тухайлбал, 10.1.4-т заасан хэлмэгдэгчийн төрсөн эцэг, эх, ах, эгч, дүү, ач, зээг, эсхүл нөхөх олговрыг нэхэмжлэх эрхтэй этгээд нас барсан тохиолдолд түүний “өв залгамжлагч”-ийг хамаатуулан ойлгохгүй буюу хуулийг дэлгэрүүлэн тайлбарлахгүй.

13. Түүнчлэн, Монгол улсын Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн дунд суудлын хуралдааны 27 дугаар магадлалаар Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1., 13.2.2-т заасан зохицуулалт нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж нэр бүхий иргэдээс хэлмэгдэгчийн ач,зээг Монгол улсын Үндсэн хууль болон олон улсын эрх зүйг зөрчиж, ялгаварлан гадуурхаж, нөхөх олговор авах эрхийг нь хассан гэсэн маргааныг Үндсэн хуулийн эрх зүйн маргааны шинжийг агуулаагүй гэж үзэх үндэслэл тогтоогдлоо гэж дүгнэн маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгсэхгүй болгосон байна.

14. Ийнхүү дээрх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасан этгээд гэснийг үгийн шууд утгаар тайлбарлах тул уг зүйл, хэсгийг хэрэглэхэд мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсгийг мөн хэрэглэхгүй буюу хуулийг системчлэн тайлбарлахгүй юм.

15. Дээрх үндэслэлүүдээр хүсэлт гаргагч ******* нь дээрх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2-т заасан нөхөх олговрыг авах 10 дугаар зүйлийн 10.1.3, 10.1.4-т заасан нэхэмжлэл гаргах эрхтэй этгээдэд хамаарахгүй байна.

16. Иймд анхан шатны шүүх Улс төрийн хилс хэрэгт хэлмэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэл/хүсэлт/-ийг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байх тул прокурорын давж заалдах гомдлыг хүлээн авч хангах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх  дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 28-ний өдрийн 285 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэл /хүсэлтийг/-ийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар прокурор нь  давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

   3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4.  Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

                    

                  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Л.АМАРСАНАА

                                                           ШҮҮГЧИД                                  Г.ДАВААРЕНЧИН

                                                                                                              Х.БАЙГАЛМАА