Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 209/МА2022/00046

 

“Цэлмэг хүдэр” ХХК-ийн нэхэмжлэлтэй
 иргэний хэргийн тухай

                                                                             Хэргийн индекс: 135/2021/00649/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч Г.Давааренчин, Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  03 дугаар сарын 10-ны өдрийн 383 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Цэлмэг хүдэр” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******т холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “Шатахуун зээлээр худалдсаны төлбөр 14,000,000 төгрөг гаргуулах” тухай,

Иргэний хэргийг хариуцагч *******ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Буяндэлгэр /онлайнаар/, хариуцагчийн өмгөөлөгч Б.Баттөр /онлайнаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагадаа:

1.а. “Цэлмэг хүдэр” ХХК-иас 2019 оны 07 дугаар сарын 21-ны өдөр ******* нь эхнэрийн хамт 14,000,000 төгрөгийн түлшийг  зээлээр авч нэг сарын дотор төлөхөөр тохиролцон гарын үсэг зурж авсан.

Ингээд төлөхгүй удсаар 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр эвлэрлийн гэрээ байгуулж, 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн дотор төлөхөөр тохиролцсон боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй.

1.б. Хариуцагч ******* нь “Цэлмэг хүдэр” ХХК-иас өөрийн биеэр зээлээр 14,000,000 төгрөгийн шатахууныг авсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй. Шатахууны үнэ 14,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.

  1. Хариуцагчийн  татгалзал, тайлбарын агуулга:

Нэхэмжлэлийг эс зөвшөөрч байна. “Цэлмэг хүдэр” ХХК-ийн захирал ******* шатахууны үнэ болох 14,000,000 төгрөгийг нэхэмжилжээ. Шатахууныг би хэрэглээгүй *******, ******* нар хэрэглэсэн. Би зөвхөн зуучлагч хийсэн. Шатахууны үнийг хариуцах боломжгүй. Иймд надад холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

  1. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.4, 196 дугаар зүйлийн 196.1.1-д тус тус зааснаар хариуцагч *******ээс 14,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Цэлмэг хүдэр” ХХК-д олгож,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227,950 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс 227,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Цэлмэг хүдэр ХХК-д олгож, ... шийдвэрлэжээ.

4. Хариуцагч ******* давж заалдах гомдолдоо:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Маргаан бүхий шатахууныг *******, ******* нар өөрсдийн тээврийн хэрэгслийг барьцаанд тавьж байж “Цэлмэг хүдэр” ХХК-аас авсан, одоо ч энэ барьцаанд тавьсан тээврийн хэрэгсэл нь “Цэлмэг хүдэр” ХХК-ийн мэдэлд байгаа гэж шүүх хуралд мэдүүлсээр байхад жинхэнэ хариуцагч биш надаас шатахууны үнийг гаргуулахаар шийдсэнийг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

           1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагч *******ийн гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлалгүй бүхэлд нь хянаж, гомдлыг  хангах үндэслэлгүй, харин  шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

2. Нэхэмжлэгч “Цэлмэг хүдэр” ХХК  нь хариуцагч *******т  холбогдуулан шатахууны төлбөр 14,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч  ...шатахууныг өөрөө авч хэрэглээгүй, бусдад авч өгсөн гэх агуулга бүхий тайлбар гарган маргасан байна.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ” гэж,

Хуулийн 26.3-д хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх, чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ гэж тус тус заасан.

Нэхэмжлэгчийн хувьд өөрийнх нь эрхийг зөрчсөн гэж үзэж буй этгээд иргэний хэрэгт хариуцагчаар ордог бөгөөд нэхэмжлэлд дурдсан, нэхэмжлэгчийн заасан этгээдийг тухайн хэрэгт хариуцагчаар оролцуулдаг.

4. Нөгөө талаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ заасан, түүний сонгож авсан этгээдийг биш, хариуцагчаар татагдсан этгээдийн хүсэлтээр өөр хариуцагчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчим, журмыг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл болно.

5. Нэхэмжлэгч “Цэлмэг хүдэр” ХХК-ийн нэхэмжлэлдээ хариуцагч гэж *******ийг зааж, түүнд холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба анхан шатны шүүх “Цэлмэг хүдэр” ХХК-н нэхэмжлэлтэй *******т холбогдох нэхэмжлэлд  “Иргэний хэрэг үүсгэсэн”, *******т нэхэмжлэлийн хувийг гардуулж, тайлбар авсан зэрэг нь хууль  зөрчөөгүй  байна.

6. Мөн анхан шатны шүүх Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар хариуцагч *******ийг нэхэмжлэгч байгууллагын гүйцэтгэх захирал ******* гэгчтэй шатахуун худалдах, худалдан авахаар хүсэл зоригоо илэрхийлсэн, ...гэж үзсэн дүгнэлт үндэслэлтэй байна.

7. Харин талуудын хооронд шатахуун зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж хэргийг Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.4-т зааснаар зүйлчлэн шийдвэрлэсэн нь хууль буруу хэрэглэсэн, талуудын хоорондох эрх зүйн харилцааг буруу тодорхойлсон, мөн зохигч нарт улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилан шийдвэрлэхдээ холбогдох хуулийг зөв оновчтой хэрэглээгүй  гэж үзэх үндэслэлтэй.

8. Хэрэгт авагдсан талуудын хооронд байгуулагдсан “эвлэрлийн гэрээ” /хх-3/, талуудын тайлбар зэргээс үзвэл талууд шатахуун худалдах, худалдан авах талаар амаар тохирч улмаар шатахууны төлбөр 14,000,000 төгрөгийг нэг сарын дотор төлөх талаар хэлэлцэн тохиролцжээ гэж үзэхээр байх тул  Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-н “хэлцлийг талууд хэлэлцэн тохиролцож амаар ...хийнэ” гэсэн хуулийн зохицуулалттай нийцэж байна.

Өөрөөр хэлбэл, талуудын хооронд шатахуун худалдах, худалдан авах хэлцэл амаар хийгдсэн байх тул тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан шатахуун худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

9. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг харилцан хүлээдэг.

10. Хариуцагч ******* нь шатахууны төлбөр болох 14,000,000 төгрөгийг төлөхөө илэрхийлэн “эвлэрлийн гэрээ” байгуулсан байх тул хариуцагчийг Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2-д зааснаар шатахуун буюу худалдан авсан хөрөнгийг хүлээн авсан гэж үзнэ.

11. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдан авагч буюу хариуцагч ******* нь хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь  гэрээнд заасны дагуу түүнд шилжүүлэх замаар нийлүүлсэн шатахууны үнийг шаардах эрхтэй байна.

12. Иймд хариуцагчийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан ... шатахууныг би аваагүй, жинхэнэ хариуцагч биш надаас шатахууны үнийг гаргуулахаар шийдсэнийг зөвшөөрөхгүй, шийдвэр үндэслэлгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн  агуулга бүхий гомдлыг хангахгүй орхиж, харин анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтад хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.2-т заасныг удирдлага болгон  ТОГТООХ НЬ :

           1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  03 дугаар сарын 10-ний өдрийн 383 дугаар  шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг  “Иргэний хуулийн  243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч *******ээс шатахууны төлбөр 14,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Цэлмэг хүндэр ХХК-д олгосугай”  гэж,

Шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227,950 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс  227,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Цэлмэг хүдэр ХХК-д олгосугай гэж, тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227,950  төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

   3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4.  Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

                    

                ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Л.АМАРСАНАА

                                                          ШҮҮГЧИД                                      Г.ДАВААРЕНЧИН

                                                                    Х.БАЙГАЛМАА