Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 2026/ДШМ/88

 

2026             01         20                                                                                  2026/ДШМ/88

 

Э.З-, Г.З- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Хулан,

цагаатгагдсан этгээд Э.З-ын өмгөөлөгч П.Амгаланбаатар,

цагаатгагдсан этгээд Г.З-гийн өмгөөлөгч С.Жавхлан, Б.Батбаяр,  

нарийн бичгийн дарга Э.Даваадулам нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2025/ЦТ/2478 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ц.Хулангийн бичсэн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 113 дугаар эсэргүүцлээр Э.З-, Г.З- нарт холбогдох эрүүгийн 2309016100458 дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Болортуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Б- овгийн Э-ын З-, ......, ял шийтгэлгүй, /РД:Э-/.

2. Б- овгийн Г-ын З-, ........, ял шийтгэлгүй, /РД:Г- /.

Э.З- нь “Г-” Холдинг ХХК-ийн охин компани болох “Г-” ХХК-ийн барилгын инженерээр ажиллаж байхдаа ашиг хонжоо олох зорилгоор компанитай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.10-т “...ажил олгогч, ажил олгогчийн төлөөлөгчийн хууль ёсны төлөөлөгчийн хууль ёсны үүрэгт даалгаврыг цаг тухайд нь бүрэн биелүүлэх” гэж заасны дагуу удирдлагаас өгсөн ажил гүйцэтгэх гэрээ байгуулах компанийг олж, үнийн саналыг харьцуулах эрх мэдлийг урвуулан ашиглаж “Г-” ХХК-ийн гэрээт ажилтан Г.З-той бүлэглэн “Г-” ХХК-иас 20 га, 50 га талбайн барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах ажил гүйцэтгэх гэрээ, 20 га, 50 га талбайн барилга байгууламжийн ажлын зохиогчийн хяналт гүйцэтгэх гэрээний үнийн дүнгийн саналыг нэмэгдүүлэн ирүүлэх талаар Г.З-той тохиролцож, уг нэмэгдүүлсэн гэрээний үнийн дүнгээр “Г-” ХХК-ийг төлөөлж “Г-” ХХК-тай дээрх гэрээнүүдийг байгуулж улмаар “Г-” ХХК-иас “Г-” ХХК-д шилжүүлсэн гэрээний төлбөрөөс 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хооронд Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Г.З-гийн эзэмшлийн Хаан банк дах Г-, Голомт банк дах Г- дугаарын дансаар дамжуулан нийт 7 удаагийн үйлдлээр 54.797.600 төгрөгийг шилжүүлэн авч, хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглаж “Г-” ХХК-нд их хэмжээний хохирол учруулсан,

Г.З- нь урьдчилан амлаж Э.З-ыг хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлж 2022 оны 06 дугаар сарын 24-нөөс 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хооронд Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Г-” ХХК-иас “Г-” ХХК-нд шилжүүлсэн гэрээний төлбөрөөс Э.З-ын эзэмшлийн Голомт банк дах Г-, Худалдаа хөгжлийн банкны ы-, түүний эхнэр Г.Э-ын эзэмшлийн Хаан банкны Э-, Голомт банкны Э- дугаарын дансууд руу нийт 7 удаагийн үйлдлээр 54.797.600 төгрөгийг шилжүүлж гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Э.З-т Эрүүгийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

 Г.З-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Нийслэлийн прокурорын газраас Б- овгийн Э-ын З-т Эрүүгийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, Б- овгийн Г-ын З-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, Э.З-, Г.З- нарыг цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Э.З-, Г.З- нарт холбогдох хэрэгсэхгүй болгосон эрүүгийн 2309016100458 дугаартай хэргийг Нийслэлийн прокурорын газраар дамжуулан хэрэг бүртгэлтэд буцааж, Э.З-, Г.З- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 183 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хууль ёсны өмчлөгч болох Э.З-т буцаан олгож, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Э.З-, Г.З- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Ц.Хулан бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...“Г-” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 37 дугаар тушаалаар Э.З-ыг үйл ажиллагааны газар, техникийн албаны барилгын инженер албан тушаалд 3 сарын туршилтын хугацаагаар, 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 47-А дугаартай тушаалаар жинхлэн ажиллуулахаар томилсон байдаг бөгөөд “Г-” ХХК-ийн Техникийн албаны дарга Д.Мэндсайханаас барилга, байгууламжийн зураг төсөл боловсруулах ажил гүйцэтгэх компанийг олж, харьцуулалт хийх үүрэг даалгаврыг Э.З-т өгсөн байдаг.

Улмаар Э.З- нь урьд хамт ажиллаж байсан Г.З-д ажил гүйцэтгэх санал тавьсан байхаас гадна “Г-” ХХК-тай 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулахад захиалагчийг төлөөлж Э.З- оролцсон байдаг. Э.З- нь компанийн гүйцэтгэх албан тушаалтан болох нь хэрэгт цугларсан түүнийг ажилд томилсон тушаал, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад баримтаар хангалттай нотлогдсон бөгөөд Г.З- нь “Г-” ХХК-тай хамтран ажиллах гэрээний дагуу ажилладаг байсан нь зүйлчлэлд нөлөөлөхгүй юм.

Гэвч анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан” гэсэн тусгай субъектийг Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсэгт заасан “компанийн эрх бүхий албан тушаалтан” гэх этгээдүүдтэй холбон, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж, төсөөтэй хэрэглэсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон боловч мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэг бүртгэлтэд буцаасан нь ойлгомжгүй, энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.

Мөн улсын яллагчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг шүүхийн шийдвэрт тусгаагүй, хэргийн үйл баримтад дүгнэлт хийгээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд Э.З-ын өмгөөлөгч П.Амгаланбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч З-ыг ажил олгогчтойгоо байгуулсан хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.10-д заасныг зөрчсөн үйлдэл гаргасан гэж үзэн, уг үйлдлээ гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлтэд дурдсан байна. Өөрөөр хэлбэл, яллах дүгнэлтэд хөдөлмөрийн гэрээний заалтыг зөрчсөн асуудлыг гэмт хэргийн шинжтэй гэж дүгнэж оруулсан байна. Гэтэл энэ нь мөн чанарын хувьд ажилтан, ажил олгогч хоёрын хооронд үүсэх хөдөлмөрийн маргаантай холбоотой асуудал бөгөөд хэрэв хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ зөрчиж тодорхой үйлдэл гаргасан бол уг асуудал нь хөдөлмөрийн гэрээгээр зохицуулагдах харилцаа юм. Ийм нөхцөл байдлыг гэмт хэргийн субъектийн шинжтэй гэж үзэн яллах дүгнэлтэд тусгасан нь үндэслэлгүй байна. З- нь ямар ажил, үүрэг гүйцэтгэдэг этгээд болохтой холбоотой нотлох баримтууд хэрэгт авагдсан бөгөөд энэ талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мөн мэдүүлэгтээ дурдсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлгээр гэрээний дагуу ажил, үүрэг гүйцэтгэх ажиллагаа бүрэн хийгдэж дууссан, ажил хэвийн явагдсан гэж тайлбарласан байдаг. Харин З- нь илүү бага үнийн дүнтэй гэрээ байгуулах боломж байсан байж магадгүй гэх таамаг шинжтэй асуудлыг л хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мэдүүлэгтээ дурдсан. Хэрэгт авагдсан баримтуудаас харахад зах зээл дээрх хамгийн боломжит, хамгийн бага үнийн дүнгээр гэрээ байгуулагдсан нөхцөл байдал тогтоогддог. Үүнтэй холбоотойгоор гурван компанийн зүгээс үнийн санал ирүүлсэн бөгөөд хамгийн бага үнийн санал, мөн хамгийн богино хугацаанд үүрэг гүйцэтгэх нөхцөлийг санал болгосон “Г-” ХХК шалгарч сонгогдсон байна. Энэхүү сонгон шалгаруулалт нь дан ганц миний үйлчлүүлэгч З-ын шийдвэрээр хийгдээгүй бөгөөд эрх бүхий албан тушаалтнууд болох Э-, М-, М- нар хоорондоо цахим шуудангаар харилцаж, хамтран сонгон шалгаруулалт хийж шийдвэрлэсэн нь тогтоогддог. Улсын яллагчийн зүгээс иргэний маргаан явагдаж байгаа мэтээр тайлбарлаж байгаа боловч одоогоор аль ч иргэний шүүхэд ийм маргаан байхгүй байна. Өөрөөр хэлбэл, мэдүүлгүүдэд зөвхөн бага үнийн дүнтэй гэрээ хийх боломж байсан байж магадгүй гэх агуулга дурдагдсанаас өөр бодит маргаан үүссэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна. З- нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажил, үүргээ гүйцэтгэж байгаа ажилтан гэдгийг дахин онцлон дурдмаар байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлд гэмт хэргийн субъект нь хуулийн этгээдийн удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан байхаар тодорхой заасан. Гэтэл улсын яллагчийн зүгээс З- нь гэрээнд гарын үсэг зурсан гэх үндэслэлээр гэмт хэргийн субъект мөн гэж тайлбарлаж байгаа бөгөөд үүнтэй уялдуулан Компанийн тухай хуулийн зохицуулалтыг иш татаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрт Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1, 84.2-т заасан зохицуулалтыг дурдсан байгаа бөгөөд үүнийг давж заалдах шатны шүүх шийдвэр гаргахдаа анхаарах шаардлагатай гэж үзэж байна. Уг хэрэг нь өмнө нь давж заалдах шатны шүүх, Дээд шүүхээр хэлэлцэгдэж, ажиллагаа дутуу байна гэсэн үндэслэлээр буцаагдаж байсан боловч буцаасны дараа ямар нэгэн нэмэлт ажиллагаа хийгдээгүй, хэрэг бахь байдлаараа дахин шүүхэд орж ирсэн нөхцөл байдалтай байна. Иймд өнөөдрийн байдлаар хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд авч үзэхэд, яллах дүгнэлтийн үндэслэл болгож буй үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэх үндэслэлтэй байна. Тиймээс анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд Г.З-гийн өмгөөлөгч С.Жавхлан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Цагаатгах тогтоол болон прокурорын эсэргүүцэл нь үндсэндээ нэг л асуудал дээр төвлөрч байгаа нь З- Эрүүгийн хуулийн 22.12 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субъект мөн эсэх асуудал юм. Прокурорын эсэргүүцэлд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 22.12 дугаар зүйлийг буруу тайлбарласан, мөн төсөөтэй хэрэглэсэн гэж хоёр үндэслэл дурдсан. Энэ асуудалд зөв, буруугийн дүгнэлт өгөхөөс илүүтэйгээр анхан шатны шүүхийн хийсэн тайлбар нь уг хэрэг өмнө нь давж заалдах шатны шүүхээр хянагдаж, тухайн магадлалд өгсөн тайлбарын хүрээнд хийгдсэн болохыг онцлон тэмдэглэх нь зүйтэй гэж үзэж байна. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 425 дугаар магадлалын 11-12 дугаар хуудсанд Эрүүгийн хуулийн 22.12 дугаар зүйлийн субъекттэй холбоотой дүгнэлтийг давж заалдах шатны шүүх өөрөө хийсэн байдаг. Уг магадлалд нэгдүгээрт, Эрүүгийн хуулийн 22.12 дугаар зүйлд заасан субъект нь Компанийн хуулийн 84.1-д заасан этгээдээр хязгаарлагдана гэж дүгнэсэн. Хоёрдугаарт, Компанийн хуулийн 84.1-д заасан хуулийн этгээдийн нэрийн өмнөөс эрх эдэлж, үүрэг хариуцлага хүлээх бүрэн чадвартай этгээд нь хууль зүйн хувьд Эрүүгийн хуулийн 22.12 дугаар зүйлийн субъект мөн гэж тайлбарласан байна. Иймд анхан шатны шүүх нь давж заалдах шатны шүүхийн дээрх магадлалын хүрээнд дүгнэлт хийсэн тул хуулийг төсөөтэй хэрэглэсэн гэж үзэх боломжгүй. Прокурор уг давж заалдах шатны шүүхийн магадлалыг эсэргүүцэн Улсын дээд шүүхэд гомдол гаргасан боловч хүлээн аваагүй. Өөрөөр хэлбэл, субъектийн асуудал өмнөх шатны шүүхээр нэгэнт тодорхойлогдсон бөгөөд уг тайлбарыг хэрэгт бодитойгоор тусган хэрэгжүүлэх зааврын дагуу анхан шатны шүүх хуульд нийцүүлэн шийдвэрлэсэн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Иймд энэ асуудлаар дахин зөв, буруу гэж нэмэлт тайлбар шаардлагагүй гэж үзэж байна. Субъекттэй холбоотой хоёр дахь тайлбарыг дурдвал, прокурорын байр суурийг зөв гэж үзсэн тохиолдолд ч З- нь “М-” ХХК-ийн гүйцэтгэх удирдах албан тушаалтан гэж үзэгдэх эсэх асуудал тухайн маргаантай үйл ажиллагаатай огт хамааралгүй. Учир нь мөнгө шилжсэн, гэрээ байгуулагдсан, зураг зурах, барилга бариулахтай холбоотой асуудал нь “Г-” гэх өөр компанийн үйл ажиллагаатай холбоотой бөгөөд “М-” ХХК-тай хамааралгүй байна. Хэдийгээр нэршлийн хувьд төстэй боловч эдгээр нь тус тусдаа, бие даасан хоёр өөр хуулийн этгээд юм. З- нь “Г-” компанийн эрх бүхий албан тушаалтан биш бөгөөд “М-” ХХК-тай байгуулсан гэрээтэй этгээд болно. Харин маргаан бүхий хоёр гэрээ нь бүгд “Г-” компанийн нэр дээр байгуулагдсан. Компанийн хуулийн 6.3-т зааснаар охин болон толгой компани нь бие биеийнхээ хариуцлагыг хүлээхгүй. Иймд З-ыг “М-” компанийн эрх бүхий албан тушаалтан гэж үзсэн тохиолдолд ч уг маргаантай асуудал нь “Г-” гэх өөр компанийн үйл ажиллагаанд хамаарах тул Эрүүгийн хуулийн 22.12 дугаар зүйлийн субъектээр үгүйсгэгдэх үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн төгсгөлд нь прокурорын зүгээс шүүх хуралдаанд буруу ойлголт төрүүлсэн тайлбар өгсөн тул залруулга хийх шаардлагатай гэж үзэж байна. Прокурорын тайлбараар манай үйлчлүүлэгчийг З-тай хуйвалдан, гэрээний үнийг зориудаар бага тогтоож, зөрүү мөнгө бий болгосон мэтээр тайлбарласан нь бодит байдалд нийцэхгүй. Хавтаст хэрэгт хоёрхон гэрээ байгаа бөгөөд эхний гэрээний үнэ 130 сая төгрөг байна. Прокурор 118 сая төгрөгөөр тохиролцож, 130 сая төгрөгөөр гэрээ хийсэн мэтээр тайлбарласан нь үндэслэлгүй. Хэрэгт авагдсан баримтаар “Г-” ХХК-аас анх 118.814.040 төгрөгийн үнийн санал өгсөн бөгөөд уг дүн нь НӨАТ ороогүй үнэ юм. НӨАТ-ыг нэмэхэд 130 сая төгрөг болж таарч байна. Мөн хоёр дахь гэрээтэй холбоотойгоор 65 сая төгрөгөөр үнийн санал өгсөн гэх нэг ч баримт хэрэгт байхгүй. Прокурорын дурдсан 65 сая төгрөгийн талаарх тайлбар нь аудитын тайланд дурдагдсан мэдээлэлд үндэслэсэн бололтой боловч бодит үнийн саналд хамаарахгүй. Иймд эхний гэрээ 130 сая төгрөгөөр, хоёр дахь гэрээ 110 сая төгрөгөөр тус тус үнийн санал өгч, уг үнээрээ гэрээ байгуулсан бөгөөд нийт дүн нь 240 сая төгрөг болсон. Үүний дагуу мөнгө шилжиж, З- өөрийн авсан мөнгөнөөс З-т тодорхой хэмжээний мөнгийг шилжүүлсэн байна. Хэрэв уг үйлдлийг хахуулийн шинжтэй гэж үзэх тохиолдолд Эрүүгийн хуулийн 22.12 дугаар зүйлд хамаарахгүй бөгөөд 22.13 дугаар зүйл буюу хахууль өгөх, авах гэмт хэрэгт хамаарах эсэхийг авч үзэх ёстой. Эсхүл Иргэний хуулийн зуучлалын харилцаа гэж тайлбарлах хоёрхон боломж байна. Гэтэл 22.13 дугаар зүйл нь буцаан хэрэглэгдэх боломжгүй тул 22.12 дугаар зүйлийг хүчээр хэрэглэсэн мэт нөхцөл байдал үүссэн гэж өмгөөлөгчийн зүгээс дүгнэж байна. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгөхийг хүсэж байна. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд Г.З-гийн өмгөөлөгч Б.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын зүгээс “хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдах албан тушаалтан” гэдэг ойлголтыг компанид энгийн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй ажилтнуудтай адилтган тайлбарлаж, “гүйцэтгэх” гэдэг нь удирдлагаас өгсөн үүргийг гүйцэтгэж буй бүх хүнийг хамаарна гэсэн агуулгаар эсэргүүцэл бичсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Ийм тайлбараар бол компанийн бараг бүх ажилтан гүйцэтгэх удирдах албан тушаалтанд хамаарч ойлгогдохоор байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд нийтийн албан тушаалтныг хуулиар тодорхой зааж өгсөн бөгөөд холбогдох хуулиудад тухайн байгууллагын эрх бүхий албан тушаалтнуудын жагсаалтыг тодорхойлсон байдаг. Үүнтэй адилтган үзвэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн  22.12 дугаар зүйл нь аж ахуйн нэгж, компанийн эрх бүхий албан тушаалтнуудтай холбоотой албан тушаалын гэмт хэргийг зохицуулж байгаа. Иймд албан тушаалын гэмт хэрэгт хамаарах субъектийн хүрээг хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй бусад этгээдээр тэлж тайлбарлах нь ямар ч хууль зүйн үндэслэлгүй. Хэрэв ийм байдлаар тайлбарлавал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд ч мөн адил нийтийн албан тушаалд хамаарахгүй этгээдүүдийг хамруулах боломж нээгдэж, хууль зүйн агуулга алдагдах эрсдэлтэй. Иймд уг хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлд заасан субъект байхгүй, өөрөөр хэлбэл гэмт хэргийн шинж хангагдахгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Гэхдээ энэ нь тухайн үйлдэлд мөн хуулийн 22.13 дугаар зүйлд заасан, эсхүл өөр төрлийн гэмт хэргийн шинж байх боломжийг бүрэн үгүйсгэж байгаа гэсэн үг биш юм. Ийм учраас хэрэг бүртгэлийн хэргийг нээлттэй үлдээсэн нь үндэслэлтэй байж болох талаар тайлбарлаж байна. Мөрдөн шалгах ажиллагааг нэмж явуулах боломжийн тухайд уг хэрэг өмнө нь шүүхээр орж, урьдчилсан хэлэлцүүлэг хийгдэн прокурорт буцаж, прокурор тодорхой мөрдөн шалгах ажиллагаа явуулсан боловч өмгөөлөгчдийн зүгээс удаа дараа хүсэлт гаргасан ажиллагаанууд бүрэн гүйцэд хийгдээгүй хэвээр үлдсэн. Ийм нөхцөлд нэгэнт хийгдсэн шалгалтын хүрээнд гэмт хэргийн шинж тогтоогдохгүй бол хэрэгсэхгүй болгох зарчмыг баримтлах нь зүйтэй гэж үзсэн. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Прокуророос Э.З- нь “Г-” Холдинг ХХК-ийн охин компани болох “Г-” ХХК-ийн барилгын инженерээр ажиллаж байхдаа ашиг хонжоо олох зорилгоор компанитай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.10-т “...ажил олгогч, ажил олгогчийн төлөөлөгчийн хууль ёсны төлөөлөгчийн хууль ёсны үүрэгт даалгаврыг цаг тухайд нь бүрэн биелүүлэх” гэж заасны дагуу удирдлагаас өгсөн ажил гүйцэтгэх гэрээ байгуулах компанийг олж, үнийн саналыг харьцуулах эрх мэдлийг урвуулан ашиглаж “Г-” ХХК-ийн гэрээт ажилтан Г.З-той бүлэглэн “Г-” ХХК-иас 20 га, 50 га талбайн барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах ажил гүйцэтгэх гэрээ, 20 га, 50 га талбайн барилга байгууламжийн ажлын зохиогчийн хяналт гүйцэтгэх гэрээний үнийн дүнгийн саналыг нэмэгдүүлэн ирүүлэх талаар Г.З-той тохиролцож, уг нэмэгдүүлсэн гэрээний үнийн дүнгээр “Г-” ХХК-ийг төлөөлж “Г-” ХХК-тай дээрх гэрээнүүдийг байгуулж улмаар “Г-” ХХК-иас “Г-” ХХК-д шилжүүлсэн гэрээний төлбөрөөс 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хооронд Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Г.З-гийн эзэмшлийн Хаан банк дах Г-, Голомт банк дах Г- дугаарын дансаар дамжуулан нийт 7 удаагийн үйлдлээр 54.797.600 төгрөгийг шилжүүлэн авч, хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглаж “Г-” ХХК-нд их хэмжээний хохирол учруулсан гэх үйлдлийг Эрүүгийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Г.З- нь урьдчилан амлаж Э.З-ыг хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлж 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хооронд Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Г-” ХХК-иас “Г-” ХХК-нд шилжүүлсэн гэрээний төлбөрөөс Э.З-ын эзэмшлийн Голомт банк дах Г-, Худалдаа хөгжлийн банкны ы-, түүний эхнэр Г.Э-ын эзэмшлийн Хаан банкны Э-, Голомт банкны Э- дугаарын дансууд руу нийт 7 удаагийн үйлдлээр 54.797.600 төгрөгийг шилжүүлж гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хавтас хэрэгт, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.Б-гийн: “...Манай “Г-” ХХК-д ажиллаж байсан Э.З- нь албан тушаалын байдлаа ашиглаж, хувьдаа ашиг хонжоо олох зорилгоор “Г-” ХХК-тай байгуулсан гэрээний урьдчилгаа төлбөрөөс мөнгө авч хувьдаа завшсан асуудалд компанид учирсан хохирлыг цаашид төлүүлэх байр суурьтай байна. Хэрвээ З- ашиг хонжоо олох зорилгогүй байсан бол манай компани “Г-” ХХК-тай анхнаасаа бага үнийн дүнгээр гэрээ байгуулах боломжтой байсан. З- ийм асуудал гаргаснаас биш бусад энэ том төслийн ажил амжилттай хэрэгжиж, үр дүнгээ өгөөд одоо компанийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. ...З- нь барилгын инженерээр ажиллаж байсан. Э.З- нь “Б-” Холдинг ХХК-аас баталсан Авлигаас урьдчилсан сэргийлэх журмын 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт заасан компанийн ажилтан албан тушаалтан нь өөрийн албан тушаал, ажлын чиг үүрэгтэй холбогдуулан аливаа этгээдээс үнэ бүхий зүйл хүсэх, шаардах, хүлээн авахыг хориглоно гэснийг зөрчсөн, мөн ажлын байрны тодорхойлолт, албан тушаалынх нь чиг үүрэгтэй бусдаас мөнгө, эд зүйл шан харамж авахгүй байх талаар заалтууд бий. Эдгээр заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна. ...” /3хх167/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.Б-гийн дахин өгсөн: “...”Б-” ХХК нь 2024 оноос хойш Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан компани. Тухайн компанийг 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс эрчимжсэн үхрийн аж ахуй, газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар “М-” ХХК худалдан авч 100 хувь өөрийн эзэмшилд шилжүүлсэн. Ингээд “Б-” ХХК-ийн нэршлийг 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр “Б-” ХХК болгон нэршлийг өөрчилж улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн. “Б-” ХХК нь өнөөдрийн байдлаар 100 хувь “М-” ХХК-ийн эзэмшилд байдаг. ...Э.З- нь “М-” ХХК-д 2022 оны эхээр ажилд орж, 2022 оны 08 дугаар сарын 23-ын өдрийн тушаалаар үндсэн ажилтнаар барилгын инженер албан тушаалд томилогдсон. "Б-" ХХК-д Э.З- нь ажил, албан тушаал хашиж байгаагүй бөгөөд “Б-” ХХК-ийн төслийн угсралт, усалгааны систем, цахилгаан ажил систем, зураг төсөл зэрэг ажлуудад "М-" ХХК-ийн нарийн мэргэжлийн ажилтнууд хариуцан ажилладаг байсан. Тиймээс "Г-" ХХК-тай гэрээ байгуулахдаа "Б-" ХХК-ийг төлөөлж Э.З- гарын үсэг зурсан байна. “Б-” ХХК нь 100 орчим ажилтантай бөгөөд голчлон газар тариалан, мал аж ахуйн чиглэлээр ажилладаг, толгой компани болох "М-" ХХК-д нарийн мэргэжлийн инженерүүд байдаг учир тухайн ажилтнууд авах шаардлагагүй байсан. ..."Г-" ХХК-тай байгуулсан 2 ажлын гэрээнд ямар нэгэн тендер шалгаруулалт зарлаагүй, яагаад гэвэл "Г- Холдинг" ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн худалдан авалтын журам үйлчилж байсан, тухайн журамд зааснаар 200.000.000 төгрөгөөс доош үнэлгээтэй ажил үйлчилгээнд тендерт шалгаруулалт зарлахгүй үнийн санал авч үнийн харьцуулалтын аргаар хийж гүйцэтгэж болдог учраас үнийн санал авч гэрээг байгуулсан. 200.000.000 төгрөгөөс дээш төсөвт өртөгтэй худалдан авалтад тендер шалгаруулалтад зарлаж компанийн гүйцэтгэх удирдлага тендерийн хороог байгуулж тухайн хороо нь тендер шалгаруулалтыг зохион байгуулдаг, 2023 оны 08 дугаар сараас байхаа худалдан авах ажиллагааны цахим сайт байгуулж тухайн сайт дээр тендер болон худалдан авалтыг зарлах болсон. "Г-" ХХК-тай байгуулсан 2 ажлын гэрээ нь тус тусдаа ажил байсан тул зарлагдаагүй. ...Компанийн тухайн жилийн бизнес төлөвлөгөөнд ерөнхий байдлаар төсөвлөдөг бөгөөд 20, 50 га талбайн барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах төслийг өмнө нь хамтран ажиллаж байсан аж ахуй нэгжүүдээс үнийн санал авах байдлаар төсвийг тооцоолсон. ..." /6хх172-173/,

гэрч Т.М-ийн: “...”Г-” ХХК нь өөрийн гэсэн тендер шалгаруулалтын журамтай. Уг журам нь “Б- Холдинг” ХХК-ийн гаргасан тендер сонгон шалгаруулалтын журамд нийцүүлж гаргасан журам байгаа. Уг журмын дагуу тухайн тендер сонгон шалгаруулах комисс байгуулагдаад комиссын худалдан авалтын мэргэжилтэн нь тендерийн материалаа бэлдэж гаргаад холбогдох байгууллагуудаас саналаа авдаг. Тухайн саналыг тендерийн хорооны хурлаар оруулахад түүнд хорооны гишүүн дүгнэлт өгөөд үүний дараагаар санхүү, үйл ажиллагаа хариуцсан захиралд хянуулж гарын үсгийг нь аваад эцсийн байдлаар гүйцэтгэх захирлаар зуруулдаг. Энэ процессын дагуу тендер сонгон шалгаруулалтын үйл ажиллагаа явуулдаг. Тухайн ажлыг хийж байгаа туслан гүйцэтгэгч компанийн ажлыг захиалагчийн талаас инженерийн албаны ажилтнууд хянана. Санхүүгийн албаны албан хаагчид санхүүгийн талаас нь хяналт шалгалт хийдэг. Одоогийн байдлаар манай компани инженерийн албаны 4 ажилтан байгаа бөгөөд дарга нь М- болон инженер З-, С- гэх хүмүүс ажиллаж байгаа. Ажил гүйцэтгэж дуусаад тооцоо нийлсэн актыг бүтээн байгуулалтыг авах талаас нь холбогдох албан тушаалтнууд нь гарын үсэг зурж хүлээн авдаг. ...” /3хх194-195/,

гэрч Д.М-ы: “...Манай компани ...Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутагт байрлах Чандаганы талд газар тариалангийн төсөл хэрэгжүүлж байгаа "С-" ХХК-нд хөрөнгө оруулж газар тариалан мал аж ахуй хосолсон хөдөө аж ахуйн цогц төслийг хэрэгжүүлж эхэлсэн. ...2022 оны 04 дүгээр сарын сүүлээр манай компани өөрийн хэрэгжүүлж байгаа төслийн хүрээнд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг Өлзийт багийн нутагт байрлах 20 га, 50 га талбайн барилга байгууламжийн зураг төслийн ажлыг хийлгэхээр болсон. Тухайн зураг төслийн ажлыг Канадын компанитай шууд хамтран ажиллах чадвартай Англи хэлний мэдлэгтэй мэргэжлийн боловсон хүчинтэй компаниар ажил хийлгэхээр төлөвлөж байсан ба энэ хүрээнд манай компани “С-” гэх компанитай тухайн газрын ерөнхий төлөвлөлтийг зургийг гаргуулахаар амаар тохироод ажиллахаар болсон байсан. Ингээд ажлын цар хүрээгээ тодорхойлох зураг тусгах барилга байгууламжуудыг тодорхойлж байсан. “С-” ХХК-ийн холбогдох албан тушаалтны хамт хийгдэх ажлаа газар дээр нь очиж үзээд ярьж тохироод эцэст нь үнийн саналаа авахад үнийн санал дээр маш өндөр буюу 240 сая төгрөгөөр зураг төслийг нь гаргахаар үнийн санал өгсөн байсан. Тухайн үнийн санал дээр мөн компанийн хийлгэх ажил бүрэн ороогүй байсан. Тухайлбал 20 га газрын хүн амьдрах газрын хэсгийн зураг бүрэн тусгагдаагүй зэрэг шалтгаанаар манай компанийн захирал тухайн компанитай хамтран ажиллахаас татгалзаж өөр компаниас олох үүрэг чиглэл өгсөн. Үүний дагуу би тухайн компаниас өөр компани олоорой гэдгийг З- инженерт хэлсэн. Ингээд Э.З- инженер өөр компани судалж харьцуулалт хийж “Г-” ХХК-г сонгож улмаар хамтран ажиллахаар болсон. Миний санаж байгаагаар тухайн ажлыг хийхээр “Г-” ХХК-аас өөр нэг компани байсан бөгөөд одоо би тэр компанийн нэрийг нь сайн санахгүй байна. “Г-” ХХК нь манай компанийн хүссэний дагуу шаардлагатай бүх зургийг нь нэг сарын дотор хийж өгөх нөхцөл хэлж байсан бөгөөд 20 болон 50 га газрын зургийг хийхэд 130 сая төгрөгөөр хийж гүйцэтгэхээр үнийн саналаа явуулсан. Энэ ажил хийх хугацаа маш давчуу байсан бөгөөд тухайн компанийн сонгон шалгаруулалт хийхгүйгээр шууд сонгосон. Яагаад гэхээр тухайн ажлыг хийх нь маш давчуу хугацаатай байсан. Зураг төслийн ажлын зураг хийхэд дунджаар 30-60 хоногт хийдэг бөгөөд энэ ажлыг хийхийн тулд тендер зарлаад ажлыг зургаа хийлгэхэд цаг хугацааны хувьд 9 сар гарсны дараагаар зураг дуусах төлөвтэй байсан. Тийм учраас тендер зарлахгүйгээр харьцуулсан судалгаа хийгээд тухайн компанийг сонгосон. Цаг хугацааны хувьд тухайн компанийг сонгохоос өөр аргагүй байдалд орсон байсан. Яагаад гэхээр 20 га болон 50 га газрын гүйцэтгэлийн компаниуд ажлын зургаа хүлээгээд байсан. Энэ талаар компанийн шууд удирдлага болох тухайн үеийн гүйцэтгэх захирал Т.М-д мэдэгдсэн. Ингээд тухайн компанитай 2022 оны 06 дугаар сарын сүүлээр хамран ажиллах гэрээ байгуулж ажлын зургийг эхлүүлсэн. Энэ компани нь гэрээнд заасан хугацаанд буюу тухайн оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс эхлээд зургаа өгч эхэлсэн. Одоогийн байдлаар тухайн ажил бүрэн дууссан ба гэрээнд заасны дагуу хоёр компани нь гэрээгээ дүгнэсэн дуусгавар болгосон байгаа. Тухайн зураг нийт 7 ширхэг барилга баригдахаар зураг хийгдсэн. ...” /3хх198-201/,

гэрч С.Г-ийн: “...”Г-” ХХК болохоор 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр үүсгэн байгуулагдсан. "Г-" ХХК-ийн охин компани бөгөөд Хөдөө аж ахуйн төслүүдийг хэрэгжүүлэх зорилготойгоор байгуулагдсан. Хөдөө аж ахуйн төслүүд гэхээр газар тариалан, үхрийн эрчимжсэн бордох аж ахуйг эрхлэх, цаашаа хөдөө аж ахуйн бусад төслүүдийг судлах, хэрэгжүүлэх зорилготой юм. "Г-" ХХК-тай хамааралгүй "Энсада групп"-ийн охин компани болох "С-" ХХК-ийн ” 90 хувийг 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр "Г-" ХХК худалдаж авсан. Ингээд "Г-" ХХК-нь "С-" ХХК-ийн гүйцэтгэх захирлыг томилохоор болж намайг “Г-” ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажлыг хийж байх үедээ, миний "Г-" группт буцаж орох хүсэлтийг минь хүлээн авч, тухайн үед шинэ компани болох "С-" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр томилсон. "Г-"-ийн охин компани болох "С-" ХХК-ийг худалдаж авсны дараа тус компанийн нэрийг солих шаардлага үүссэн. Ингээд 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр гэж санаж байна "С-" ХХК-ийн аж ахуйн нэгжийн нэр нь "Г-" ХХК болж өөрчлөгдсөн байдаг. ...Ер нь бол миний бие "С-" ХХК-ийн захирлаар 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр томилогдсоноос хойш тус оныхоо 03 дугаар сарын 25-ны өдрөөс 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг Өлзийт тосгоны нутаг дэвсгэрт байрлах газар тариалан, ажилчдын кемпэд өдөр тутмын үйл ажиллагааг хариуцан ажиллаж байсан. ..."Г-" ХХК-ийн толгой компани болох "Г-" ХХК дээр Бизнес хөгжлийн алба, төслийн удирдлагын албыг хариуцаж байсан Үйл ажиллагаа эрхэлсэн захирал албан тушаалтай Д.М-, Санхүү хариуцсан захирал албан тушаалтай Д. О-, "Г-" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Т.М- зэрэг эдгээр хүмүүс дээр дурдсан 5 гэрээний бүх төслүүдийн тендер сонгон шалгаруулалтын хороог байгуулах, сонгон шалгаруулах үйл ажиллагаануудыг Улаанбаатар хотод хийж байсан. Нэмж нэг зүйлийг тодорхой болгож хэлэхэд, миний ойлгож байгаагаар “С-” буюу "Г-" ХХК-ийн 10 хувийн хувьцаа эзэмшигч нь "Г-" гэж явдаг, мөн цаашдын төслүүдийн хэрэгжилт, хөрөнгө оруулалтад 10 хувийг хариуцах, санхүүжилт хийх тохироотойгоор анх байгуулагдсан гэж би ойлгож байгаа. Ийм учраас гэрээнүүдийг "С-" буюу "Г-" ХХК-ийн гүйцэтгэх захирал батлах ёстой болж таарсан учраас миний бие дээр дурдсан 5 гэрээг баталсан. Би зөвхөн гарын үсэг зурж, батлах ажлыг л хийсэн. Дээрх гэрээнүүд батлагдах үед би Хэнтий аймагт ажиллаж байсан, Улаанбаатар хотод 7 хоног бүрийн Даваа гарагт ирж хуралд сууж асуудлуудаа танилцуулж, шийдвэрлүүлж, "Г-" ХХК-д ажилд орж байгаа ажиллагсдын тушаал дээр гарын үсэг зурах, компаниас бусад байгууллагууд руу явуулж байгаа албан бичиг дээр гарын үсэг зурах зэрэг ажлуудыг хийдэг. Үүний хажуугаар дээрх гэрээнүүдийг би баталсан. Гэрээг батлахдаа гэрээг бүтэн унших, хугацаа надад байгаагүй, гол нөхцөлүүдийг шалгаж, хянаад зурж байсан. Үүнд гэрээний ерөнхий нөхцөл, хэрэгжих хугацаа, гэрээний үнийн дүн, төлбөрийн хуваарь аюулгүй ажиллагааны зүйл, заалт, үнийн санал зэргийг үзээд төгсгөлд нь "Г- ХХК-ийн гэрээг төлөөлж оролцож байгаа, хянан зөвшөөрч байгаа захирлууд, эрх бүх албан тушаалтнууд зурсан эсэхийг шалгаад, би өөрөө гарын үсгээ зураад өгдөг. Дээрх гэрээнүүдийг батлахад би ийм л оролцоотой ажилласан. Бусад бүх процесс ажиллагааг "Г-" ХХК хариуцаж явсан. ...Дүрэмд зааснаар би тушаал батлах, гэрээ хэлэлцээр байгуулах эрхтэй гэж үзэж байна. ..." /3хх206-207/,

гэрч Ө.С-гийн: “...Тухайн үед 2022 оны 05 дугаар сарын сүүлээр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн нутагт байрлах талбай дээр 100 га талбайн усалгааны системийг байгуулах ажлыг 2022 оны 06 дугаар сарын 15-ны дотор дуусгах, үүрэг даалгаврыг албаны дарга М-, гүйцэтгэх захирал М- нар өгч, дээрх компаниудтай гэрээ байгуулж, улмаар ажлыг талбай дээр хийж гүйцэтгэсэн. Миний бие гэрээнд захиалагч талыг буюу “Г-” ХХК-г төлөөлж гарын үсэг зурсан. М-, М- захирал болон тухайн үед санхүүгийн захирал байсан О- захирлаар хянуулж, Г- захирал баталж байсан. Энэ хоёр гэрээг боловсруулахад миний бие ажлын тоо хэмжээ, даалгаврыг гаргаж, талбай дээр хяналт тавьж ажилласан. "Г-" ХХК-нь анх зургийн ажил гүйцэтгэх гэрээг манай компанитай байгуулсан, дараа нь энэ гэрээ буюу зохиогчийн хяналтын гэрээг байгуулсан. Зохиогчийн хяналтын гэрээг байгуулахад миний бие болон Э.З- нар захиалагч талыг төлөөлж гарын үсэг зурсан, бусад дарга, захирлууд хянаж гарын үсгээ зурсан. Би өмнө нь "О-" ХХК-д Э.З-тай хамт ажиллаж байсан. Дараа нь "Г-" ХХК-д Барилгын инженер хэрэгтэй гэхээр нь би З-т санал тавьж, тэр манай ажилд орж ирсэн. Бид хоёр айхтар найз нөхдийн холбоо байхгүй, мэргэжилдээ сайн инженер гэж би боддог. “Г-" ХХК-ийн зургийн инженер З- гэх хүнтэй би 2023 оны 07 дугаар сард холбогдож зохиогчийн хяналтаа хийлгэх, зургийн иж бүрдлийг хангуулах асуудлаар холбогдож, анх З-ын мөнгө төгрөгийн асуудлыг мэдсэн. З- надад хэлэхдээ танайх зохиогчийн хяналтын гэрээний үлдэгдэл 30 хувиа өгөхгүй байна, танай З- надаас мөнгө нэхсэн, тийм учраас би түүнийг цагдаад өгчихсөн байгаа гэдэг асуудлыг яриад энэ талаар би олж мэдсэн. Мэдсэн зүйлийнхээ талаар би "Г-" ХХК-ийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Ш.М-ад хэлсэн, түүний дагуу "Г-" ХХК-ийн үлдэгдэл, төлбөрийн асуудлыг шийдвэрлэх, зохиогчийн хяналтыг хийлгэх, магадлалын нэгдсэн дүгнэлтийг улсын комисст зориулж гаргуулж авах асуудлаар З-той холбоотой байгаа. З-той сүүлд холбогдож энэ талаар мэдэхээс өмнө З- нь ажлаасаа гарчихсан байсан. Мөнгө авсан асуудлаасаа болж ажлаас халагдсан. Тэгээд З-ын ажлыг өөр хариуцах хүн байхгүй учраас би хариуцаж аваад З-той холбогдож эхэлсэн. ..хэдэн төгрөг, хэзээ, яаж авсан талаар би мэдэхгүй байна. ...” /3хх212-213/,

гэрч А.Э-ы: “...үхрийн фермийн усалгааны системийн гадна цахилгаан, гадна шугамын ажил хийх зарлагдаж байна та нар ирж төсөлтэй танилцаад хамтран ажиллаж болох уу гэсэн урилга өгсөн. Ингээд тухайн төсөлтэй нь танилцаад уг ажилтай нь хамтран ажиллахаар болсон. Тухайн үед дээрх ажлын төслийг З- инженер цахимаар танилцуулж байсан. Дээрх ажлыг 540 гаруй сая төгрөгөөр хийхээр болсон. Одоо тухайн ажлаа хийж дуусгаад актаар хүлээлгээд өгсөн байгаа. Төлбөр мөнгөө бол гэрээнд заасны дагуу авсан. ...” /3хх216-217/,

гэрч Э.Б-ийн: “...хоёр гэрээг байгуулах үйл ажиллагаа, ажлын явцыг манай компанийн гэрээт ажилтан Г.З- олж, ийм ажил байна, энэ ажил руу орох гэж хэлээд сонгон шалгаруулалтад орсон. Г.З- нь би энэ төслийг өөрөө хариуцаад дуусгачихъя гэхэд би зөвшөөрсөн, манай компани энэ төслөөс ямар ч ашиг аваагүй. Нэмэгдсэн өртгийн албан татвар 10 хувь, орлогын татвар 5 хувийг би авч үлдсэн. Гэрээ байгуулах үйл явц, бүх ажлыг З- өөрөө хариуцаж хийгээд миний бие гэрээнд гарын үсэг зурж зөвшөөрсөн. Бусад тодруулах асуух зүйл байвал З-гоос асуусан нь дээрх байх, надад тодорхой мэдээлэл байхгүй байна. Зургийн үнэ бол үнэхээр бага дүнтэй харагдаж байна. ...Компанийг төлөөлж Г.З-г энэ ажил, энэ төслөө хариуцаа гэдгийг би зөвшөөрсөн. Мөн З- энэ ажлыг өөрөө олж ирсэн байдаг. Төсөл хэрэгжиж дуусаад манай компани бүрэн гүйцэт төслөө гэрээнийхээ дагуу барилгын хөгжлийн төвөөр орж хянагдсан, магадлалын нэгдсэн дүгнэлт хүлээлгэж өгсөн, ингэснээр ажил дууссан. ...” /3хх221-222/,

гэрч А.Б-ын: “...Би ...2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр АСА3825252586 арлын дугаартай Тоёота Вангуард маркийн тээврийн хэрэгслийг япон улсаас Монгол улсад оруулж ирсэн. Би машин оруулж ирж Монгол улсад худалдан борлуулахдаа Өлзийт мотор нэртэй машин зардаг газраар дамжуулан худалдан борлуулсан бөгөөд 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Э овогтой 3 гэх хүнд худалдан борлуулж нэр шилжсэн байна. Тухайн хүнд уг машиныг нийт 36.000.000 төгрөгөөр худалдан борлуулсан бөгөөд төлбөр мөнгийг нь худалдан авсан хүн бэлнээр хийсэн байсан. Ингээд Өлзийт мотороос над руу машин худалдан борлуулсан мөнгө шилжин орсон. ...” /3хх234-235/,

гэрч Г.Э-ын: “...Би Б- дугаартай Хаан банкны данс болон Э- дугаарын Голомт банкны дансыг ашиглаад удаж байна. Миний Э- дугаарын Голомт банкны дансанд 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр ажлын хөлс гэсэн утгаар 30.000.000 төгрөг орж ирсэн. Тухайн мөнгийг манай нөхөр З- нь ажлын хөлс байгаа юм гэж хэлж байсан бөгөөд түүнээс Э.З-ын зээлийг төлөөд үлдэгдэл мөнгөөр нь Тоёота Вангуард маркийн тээврийн хэрэгсэл худалдан авахад зарцуулсан. Мөн 2022 оны 06 дугаар сард миний Б- дугаарын Хаан банкны дансанд эмнэлэг гэсэн утгаар 4.500.000 төгрөг орж ирсэн бөгөөд дээрх мөнгийг Э.З-ын зээлж шилжүүлж мөн үлдэгдэл мөнгийг нь хэрэглээндээ зарцуулсан. Тухайн мөнгийг Э.З- хэлэхдээ ажил хийж олсон мөнгө гэж хэлж байсан. Надад өөр мэдэх зүйл байхгүй. ...” /3хх238-239/,

гэрч Г.Т-гийн: “...Манай дүү З- нь барилгын инженер мэргэжилтэй, Алтай хотхоны тэнд нэг байгууллагад мэргэжлээрээ ажилладаг, яг ямар нэртэй байгууллагад ажиллаж байгаа, компанийнх нь нэрийг хэлж мэдэхгүй байна. “Г-” ХХК-ийн охин нэг компанитай хамтарч, Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хөдөө аж ахуйн үйл ажиллагаа явуулах зорилгоор баригдаж байгаа бүтээн байгуулалтын инженерийн зургийн ажлын төслийг авч ажилласан. З- надад хэлэхдээ захиалагч талын компанийн инженер З- гэх залуу нь гэрээ байгуулж, хамтарч ажиллах явцдаа дундаас нь мөнгө авсан, би мөнгөө З-т болон эхнэрийнх нь данс руу нь шилжүүлсэн гэж хэлж байсан. Ингээд тэр хүний мөнгө авсан асуудлыг би сонсож мэдээд, манай хуулийн фирмд хуульчаар ажилладаг байсан Д- гэх хүнд болсон асуудлыг тайлбарлаж хэлсэн. Д- нь “Г-” ХХК-д ажилладаг бөгөөд энэ асуудал ингэж мэдэгдсэн. Мөн бид хоёрыг хамт явж байхад хүртэл тэр залуу нь З- руу залгаад гэрээнийхээ үлдэгдлээс нь хэдэн төгрөг гаргаж өгөх юм бол, үлдэгдэл төлбөрийг танай компани руу шилжүүлэх ажлыг хурдан хийнэ гэж ярьж байсан. ...” /3хх241/ гэх мэдүүлгүүд,

Б- Холдинг” ХХК-аас 2023 оны 05 дугаар сарын 18-ны цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт бичгээр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, хавсаргасан баримтууд /1хх9-97/, “Г-” ХХК-аас ирүүлсэн ажилд томилогдсон тушаал, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээний хуулбарууд /1хх99-123/, “Б- Холдинг” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 04/346 дугаартай албан бичиг, түүний хавсралт /1хх125-161/, “Г-” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн албан бичиг, түүний хавсралтууд /1хх163-250, 2хх1-227/, Г.З-гоос мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасан өгсөн баримтууд /2хх228-244/, Худалдаа хөгжлийн банкны 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 6/7353 дугаартай албан бичиг, түүний хавсралтууд /3хх24, 70-71/, Э.З-ын эзэмшлийн Худалдаа хөгжлийн банк дахь ы- дугаартай, Голомт банк дахь Г- дугаартай, Г.Э-ын эзэмшлийн Голомт банк дахь Э- дугаартай дансны хуулгануудад үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /3хх74-76, 150-152/, Голомт банкны 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 14/хх/03-1544 дугаартай, 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 14/хх03-1498 дугаартай албан бичиг, тэдгээрийн хавсралт /3хх78-123/, Хаан банкны 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 29/11196 дугаартай албан бичиг, түүний хавсралт /3хх154-159/, “Г-” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /3хх243-244/, И-мэйл хаягт үзлэг хийсэн тэмдэглэл /4хх91-102/, Г.З-гийн эзэмшлийн Голомт банк дахь Г- дугаартай дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /4хх103-104/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /4хх105-106/, “Б-” компанийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, бүртгэлд бүртгүүлэх өргөдөл, компанийн дүрэм /5хх77-250/, “С-” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, бүртгэлд бүртгүүлэх өргөдөл, компанийн дүрэм /6хх1-44/, Хуулийн этгээдийн нэр өөрчлөгдсөн тухай лавлагаа /6хх176/ зэрэг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд авагдсан бөгөөд тэдгээрийг өөр хооронд нь харьцуулан шинжлэн судлахад Э.З-, Г.З- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэх үзэх хууль үндэслэл тогтоогдохгүй байна.

Гэмт этгээдийн гэмт үйлдлийг тогтоохын тулд гэмт хэрэг хэзээ гарсан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, санаа зорилго, гэм буруугийн хэлбэр зэрэг нотолбол зохих зүйлийг бүрэн нотолж, хэргийн үйл баримтыг сэргээн тогтоон түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангид тохирсон хэргийн зүйлчлэлийг зөв тогтоох чухал ач холбогдолтой.

Тодруулбал, анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг хянан шийдвэрлэхдээ хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж “...Гэмт хэргийн бүрэлдэхүүн нь объект, субъект, обьектив тал, субьектив тал гэсэн 4 хэсгээс бүрддэг ба эдгээрээс аль нэг нь үгүйсгэгдсэн буюу нотлогдоогүй тохиолдолд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй буюу гэмт хэргийн шинжгүйд тооцогдох, хэрэг хэрэгсэхгүй болох шууд нөхцөл үүснэ. Энэ гэмт хэргийн хувьд гэмт хэргийн субъект үгүйсгэгдсэн буюу нотлогдоогүй тул гэмт хэргийн шинжгүйд тооцож хэргийг хэрэгсэхгүй болгох шууд нөхцөл үүссэн байна. ...” гэж дүгнэн Э.З-, Г.З- нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Э.З-, Г.З- нарыг цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль ёсны байх шаардлагад нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Прокурор Ц.Хулан нь “...Анхан шатны шүүхээс тус эрүүгийн хэрэгт Компанийн тухай хуулийг холбон тайлбарлаж Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж, төсөөтэй хэрэглэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэр тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон атлаа мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна...” гэх эсэргүүцэл бичжээ.

Шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль нь прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийг шүүх хэлэлцээд тухайн этгээдийн үйлдсэн хэрэг нотлогдон тогтоогдвол гэм буруутайд тооцон шийдвэрлэх ба гэм буруугүй болон прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл буруу бол тухайн хэргийг хэрэгсэхгүй болгож хэргийг хэрэг бүртгэлтэд буцаахаар хуульчилсан. 

Өөрөөр хэлбэл шүүхийн шатанд шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчилж шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Долдугаар бүлэгт заасан яллагдагчийн эрхийг зөрчих үндэслэл үүснэ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлд заасан “Хуулийн этгээдийн эрх, мэдлийг урвуулан ашиглах” гэмт хэргийн үндсэн шинж нь хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан хувьдаа, бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан байхыг шаарддаг бөгөөд Э.З-, Г.З- нарын үйлдэл энэ гэмт хэргийн шинжийг агуулахгүй байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, гэмт хэрэг гарсан гэх цаг хугацаанд Э.З- нь “Г-” ХХК-д барилгын инженер гэх албан тушаалд туршилтын хугацаанд болон жинхлэн ажиллаж байсан /1хх108-109, 6хх186-195/, Г.З- нь “Г-” ХХК-тай хамтран ажиллах гэрээ /1хх206-208/-ний дагуу ажиллаж байсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субъект болохгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.  

Учир нь, хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлд заасан “Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах” гэмт хэргийг 20 дугаар бүлэгт буюу Авлигын гэмт хэрэгт хамаарахаар хуульчилан тогтоож өгсөн бөгөөд энэ гэмт хэргийн субъектийг хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан байхаар тодорхой заасан тул анхан шатны шүүхийн гэмт хэргийн субъект биш буюу гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр Э.З-, Г.З- нарыг цагаатгаж шийдвэрлэснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Түүнчлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байхыг шаарддаг бөгөөд Э.З-, Г.З- нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх буюу тухайн гэмт хэргийн сэдэл, санаа зорилго тогтоогдохгүй байх ба тэдгээрийн үйлдэл нь өөр гэмт хэргийн шинжтэй тохиолдолд дахин шалгах эсэх нь прокурорын эрх хэмжээний асуудал тул анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж шийдвэрлэснийг буруутган дүгнэх боломжгүй гэж үзлээ.

Иймд, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2025/ЦТ/2478 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Ц.Хулангийн бичсэн “цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2025/ЦТ/2478 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Ц.Хулангийн бичсэн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны  өдрийн 113 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                                              ШҮҮГЧ                                               Д.МӨНХӨӨ

                       ШҮҮГЧ                                             С.БОЛОРТУЯА