Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 184

 

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн  шүүгч Р.Алтанцэцэг даргалж 

          Улсын яллагч: Н.Цогтбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Энхжаргал

Шүүгдэгч: Н.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Нийн Нт холбогдох 1812000240043 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Архангай аймгийн Хашаат суманд төрсөн, ,, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Архангай аймгийн ,,, гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Нийн Н /РД:.../   

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Н.Н нь Архангай аймгийн Хашаат сумын Цайдам багийн нутаг дэвсгэр “Зэгст хошууны ар тал” гэх газраас 2017 оны 12 сарын 24-ний үед иргэн А.Цын эзэмшлийн нас гүйцсэн ингэн тэмээг хулгайлж 900 000 төгрөгийн хохирол учруулан бусдын малыг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүх хуралдаанд шүүгдэгч Н.Нын мэдүүлсэн: Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Үнэлгээгээр гарсан 900.000 төгрөгийг төлсөн бөгөөд хохирогчид 1.500.000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн байгаа гэв.  

Мөрдөн байцаалтын шатанд 1812000240043 дугаартай эрүүгийн хэргээс:                            

Хохирогч С.Бийн мэдүүлсэн: ...2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр манай хүүгийн эхнэр З манайх руу залгаад танай шар ингийг Н.Н алсан юм шиг байна гэхээр нь би Н.Н луу залгаж чи яагаад манай тэмээг алсан юм гэхэд манай хаваржаан дээр 3 тэмээ өвс идэж байхаар нь хөөсөн чинь нэг тэмээ дахиж ирж өвс идээд байхаар нь шургаагаар цохисон чинь үхсэн байна лээ. Би танайд очиж өөрөө уулзъя гэж хэлсэн. Тэгээд тухайн өдрөө Н.Н нь өөрийнхөө эхнэрийн хамт манайд ирээд 3 тэмээ манай хаваржаан дээр хураалттай байсан өвс идэж байхаар нь нэг шар зүсмийн ингийг нь дүү нь шургаагаар цохисон чинь үхсэн байна лээ. Тэгэхээр нь би гаргаж янзлаад махыг нь ачиж явж байгаад Лүн суман дээр баригдсан юм. Тэгээд би өөрөө малынх нь эзэнг олох гэж яваа гэж уулзаад бид нар хоорондоо ярьж байгаад тэмээний хохиролд манайх 1 500 000 төгрөгийг Н.Наар гаргуулан авсан. Н.Ныг танина. Олон жил  айл аймаг болон нутаглаж ирсэн. Хүүхэд наснаас нь мэднэ. Өвгөн бид хоёр настай хүмүүс болохоор өөрийнхөө тэмээнүүдийг хүү болох О нь маллаж хариулдаг юм. Тэгээд манай алуулдаг тэмээг манай хүү О 2017 оны 12 сарын 24-ний үеэр тэмээнүүдээ бөөгнүүлж бүртгэхэд бүх тэмээ нь тоо ёсоороо бүрэн, манай шар ингэ хүртэл байсан гэсэн. Тэгээд байж байтал 2017 оны 12 сарын 29-ний өдөр манай бэр манайх руу утсаар ярьсан. Тэгээд л алга болсонг мэдсэн. Манай тэмээнүүд өвөлдөө Н.Нын хаваржааны тэр хавиар бэлчдэг мал байгаа юм. Н.Н нь хэлэхдээ тухайн цохиж алдаг тэмээ нь зөв талынхаа гуяан дээр дөрвөлжин тамгатай, нас гүйцсэн, шар зүсмийн ингэ байсан гэсэн ба манай тэмээн дунд хүнээс худалдаж авч байсан шар зүсмийн нас гүйцсэн зөв талын гуяан дээрээ дөрвөлжин тамгатай ингэ байдаг юм. Тэгээд л манай ингэ болохыг мэдсэн. Хэрвээ би тэмээний арьс шир толгой зэргийг нь харвал танина. Манайх өөрийн гэсэн хэдэн тэмээтэй. Тухайн тэмээнүүдээ энэ жилийн малаар тооллогоор өөрийн хүү болох Ц.Оын нэр дээр тоолуулж дансалсан юм. Би тухайн тэмээгээ мэргэжлийн үнэлгээ гаргадаг байгууллагаар гаргуулах хүсэлттэй байна. Би өөрийн алдсан ингэнийхээ оронд Н.Наас 1 500 000 төгрөг төлбөрт авсан. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй. Тэмээгээ алдсанаа мэдээгүй байхад өөрсдөө эзнийг нь хайж ирсэн учраас гомдол санал байхгүй. Шүүх хуралдаанд оролцохгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 хуу/ 

 

Гэрч А.Цын мэдүүлсэн: ...2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр оройхон Н.Н манайд эхнэртэйгээ ирээд манай хаваржаан дээр хураалгаатай байсан өвсийг гурван тэмээ идээд нэг тэмээг нь явахгүй байхаар нь шургаагаар цохиод маргааш нь гол орж мөс авах санаатай явж байгаад үзэхэд миний цохисон тэмээ үхсэн байна лээ. Тэгэхээр нь дүү нь янзлаад махыг нь Улаанбаатар хот руу авч явж байгаад Лүн суман дээр цагдаад баригдсан юм. Тэгээд би өөрөө тэмээнийхээ эзнийг хайж явна, миний цохиж алсан тэмээ шар зүсмийн нас гүйцсэн зөв талын гуяан дээрээ дөрвөлжиндүү тамгатай ингэ байсан юм гэж ярьсан юм. Түүний манайхаас асуусан ингэ нь манай тэмээнээс нэг ингэтэй зүс, им тамгаараа тохирч байсан юм. Ер нь манай тэмээ Цайдамын нутгаар бэлчдэг юм. Манай тэмээнүүдийг манай хүү хардаг. Манай хүү 2017 оны 12 сарын 24-ний өдөр бүх тэмээгээ бөөгнүүлж бүртгэхэд бүгд бүрэн байсан ба манай алддаг шар ингэ хүртэл байсан гэсэн. Манай ингэ ижилсэж дассан учраас ганцаараа салаад яваад байдаггүй тэмээ байгаа юм. Би өөрөө маллаад 30 орчим жил болж байна. Өнгөрсөн жил өөрийнхөө тэмээнүүдийг өөрийн хүү болох Ц.Оын нэр дээр тоолуулж бүртгүүлсэн. Тухайн тэмээ нь манай тэмээнд 10 орчим жил болсон 4-5 удаа ботголсон тэмээ байгаа юм. Би арьсыг нь харвал зүсээр нь танина. Толгой нь эсвэл хошуу нь буурал шүд нь хугарч унасан содон шүдтэй ингэ байгаа юм...гэх мэдүүлэг /23-24 хуу/

 

            Гэрч Ц.Оийн мэдүүлсэн: ...Манай аавын тэмээтэй. Энэ жил тэмээгээ манай ах болох Ц.Оын дансанд тоолуулсан. Тэрнээс биш нилээд хэдэн тооны тэмээтэй. 2017 оны 12 сарын 30-ны үеэр манай аавын нэг шар хөгшиндүү ингэн тэмээ байдгыг Н.Н шонгоор цохиж алсан гэж сонссон. Тэгсэн сүүлд нь сонсоод байхад Төв аймгийн Лүн суман дээр цагдаад баригдаад буцаад ирсэн. Тэгээд аавын тэмээг алсан гэж өөрөө аавынд ирсэн гэж сонссон. Өөр зүйл сайн мэдэхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 25 хуу/

 

            Гэрч П.Нын мэдүүлсэн: ...2017 оны 12 сарын 24-ний өдрийн орчим манай нөхөр Архангай аймгийн Хашаат сумын Цайдам багт байдаг хаваржаа руугаа Архангай аймгийн Хашаат сумын Жаргалант багт байдаг өвөлжөөнөөс яваад орой нь ирэхдээ манай хаваржаан дээр байсан өвсний хамгаалалтыг эвдээд хураалттай өвсний дээрээс 2 үе өвсийг гурван тэмээ юу ч үгүй идсэн хашаан дотор зогсож байсан. Тэгээд хөөгөөд явуулсан чинь нэг тэмээ нь буцаж ирээд байхаар нь бүдүүн шонгоор цохичихлоо гээд ирж хоноод маргааш нь дахиад хаваржааныхаа хажуу талын голоос мөс авна, хаваржаагаа дахиж янзална гээд манай нөхөр явсан. Яваад ирэхдээ нөгөө өчигдөр цохисон тэмээ чинь хаваржааны саравчны зүүн талд үхсэн байна. Гэсгэлүүн хөлдөөгүй байхаар нь арьсыг нь хуулж янзлаад, хаваржааныхаа пүнзэн дотор үлдээгээд ирлээ гээд мөсөө ачаад гэртээ ирсэн. Түүнийг ирэх үед би гэртээ ганцаараа байсан. Харин манай дүү П.Ч нь орой хонио дагаад манайд ирсэн. Тухайн үед бол манай дүү манайд мал харж туслахаар 2017 оны 12 сарын 20-ны үеэр ирээд хэд хоноод л байж байсан. Тэгсэн тухайн өдөр манай дүү хониноос ирээд би Улаанбаатар хот орж гэртээ он гаргана, би маргааш өөрийнхөө жижиг тэргээр буцна гэж ярьсан.  Тэгээд тэр шөнө манай нөхөр надад хандаад дүү машинтайгаа явах гэж байгаа юм чинь нөгөө цохиж алсан тэмээнийхээ махыг дүүтэй би аваад хот орж зарж борлуулаад буцаад ирье гэсэн. Тэгээд маргааш нь буюу 12 сарын 26-ны өдөр манай нөхөр дүү хоёр хот явахаар болж манай дүүгийн машинтай тэр хоёр хаваржаа руу явсан.  Тэгсэн тухайн өдрийнхөө шөнө манай нөхөр над руу залгаад нөгөө ачиж явсан тэмээний мах нь цагдаагийн бичиг баримтгүй гээд Лүн сумын цагдаа дээр байна гэж ярьсан. Тэгээд 3 хоногийн дараа буюу 12 сарын 29-ний өдөр манай дүүгийн хамт буцаж ирээд тэмээний эзнийг өөрөө хайж олоод эзэнд нь хохирол мөнгийг бүрэн өгч барагдуулсан. Би нөхрийгөө хулгай хийж байна гэж бодсон бол тэр махыг ийш тийш нь явуулахгүй байсан. Тэрнээс биш манай нөхөр тэр айлын тэмээг зориудаар хулгай хийж авчраад гаргаж янзлаад зарж борлуулсан зүйл байхгүй. Харин санамсаргүй зүйлээс болоод нөгөө тэмээ нь үхээд тэгээд ямар махыг нь хаялтай биш гэж бодоод авч явсан байх. Тэгээд ч ер нь хүн тэмээгээ алдлаа гээд сурагласан бол бид хоёр үнэнээ хэлээд хохирол мөнгийг нь өгөөд өөрсдийн өвсний мөнгийг гаргуулж авна гэж бодож байна. Манай дүү ямар мах болох талаар мэдээгүй. Бид хоёр л хоорондоо унтаж амрахдаа, эсвэл дүүг малд явсан хойгуур нь ярилцсан. Манай нөхөр хаваржаанаас малын мах ачна, хот оруулж зарах хэрэг байна гэж дүүд хэлж байсан. Тэрнээс биш тэмээ цохиж алсан, махыг нь янзалсан талаар түүнд хэлээгүй...гэх мэдүүлэг /27-28 хуу/ 

Гэрч П.Чгийн мэдүүлсэн: ...2017 оны 12 сарын 20-ны үеэр Улаанбаатар хотод байдаг гэрээсээ хадам ахындаа хэд хоног мал харж өгч туслахаар ирээд тэднийд 7 орчим хоног туслаад гэрлүүгээ буцах болоод 2017 оны 12 сарын 26-ны өдөр Н.Н ахынхаас явах гэхэд манай хүргэн ах надад хандаад ах нь Улаанбаатар хот орж малын мах зарах хэрэгтэй байна, хамт явъя гэж хэлсэн. Тэгээд бид хоёр хамт явахаар болж тэдний Архангай аймгийн Хашаат сумын Цайдам багийн нутагт байдаг хаваржаан дээр очиж пүнзэн дотроос малын мах машиныхаа багажинд ачаад Улаанбаатар хот явж байгаад Лүн сумын цагдаагийн постон дээр шалгуулахад манай хүргэн ахын авч явсан мах нь цагдаагийн бичиг баримтгүй, дээрээс нь өөрийнх нь мал биш талаар манай ах Лүн сумын цагдаа нарт хэлсэн. Тухайн үед л би Н.Н ахыг тэмээний мах ачиж явж байгааг мэдсэн. Хэрвээ би хулгайн мах болох талаар урьд өмнө мэдсэн бол би тэр махыг ачиж явж өөртөө асуудал үүсгэхгүй байсан. Ямар малын мах болох талаар мэдээгүй. Ах л мах аваад явъя гээд өөрийнхөө хаваржаан дээр ирсэн учраас би элдэв зүйл бодолгүй ахаас ямар шалтгаантай мах болох талаар огт асуугаагүй. Би 51-78 УНЯ улсын дугаартай жижиг саарал өнгийн Соната маркийн машинтай юм. Би өөрийнхөө хадам ахаас худалдаж авч байгаа, харин тээврийн хэрэгслийн гэрчилгээн дээр манай дүү болох Жын нэр дээр байдаг бөгөөд тухайн машиныг манай хадам аав худалдаж авахдаа Улаанбаатар хотод оршин суудаг хүүхдийнхээ нэр дээр худалдаж аваад Улаанбаатар хотын дугаар авсан юм. Одоо манай дүү Ж нь Төв аймгийн Угтаал суманд амьдардаг. Ямар учиртай мах олох талаар манай эгч хүргэн ах хоёр ямар нэгэн зүйл яриагүй. Гэнэт л хамт Улаанбаатар хот явахаар болж хаваржаан дээрх пүнзнээсээ мах ачаад явсан. Тэрнээс биш би ямар нэгэн хөлс мөнгөөр огт яваагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 хуу/

 

Гэрч Л.Мийн мэдүүлсэн: ...2017 оны 12 сарын 26-ны өдөр Төв аймгийн Дүн суманд байрлах цагдаагийн постонд үүрэг гүйцэтгэж байх хугацаанд тус постонд үүрэг гүйцэтгэж байсан О.С нь 51-78 УНЯ улсын дугаартай Соната маркийн машиныг шалгахад малын гарал үүслийн гэрчилгээгүй мах ачиж явна гээд 2 этгээдийг машиныг бичиг баримтыг нь шалгуулахаар оруулж ирсэн. Тухайн үед тэр хоёрын П.Ч гэх залуу нь өөрийн овог нэрийг үнэн зөв хэлж Хашаат сумаас ахынхаа малын махыг ачиж яваа, миний бодлоор үхрийн мах байх би ямар мах ачсаныг мэдээгүй. Малын байран дээрээс нь л шууд ачаад наашаа гарсан гэж ярьсан. Харин Н.Н гэх залууг нь өөрийн овог нэрийг худлаа үнэн яриад мөн дээрээс нь регистрийн дугаараа худлаа хэлээд байсан. Тэгэхээр нь машинд ачиж яваа ямар учиртай мах болох талаар асуухад эхлээд Улаанбаатар хот руу хүнд өгөх гэж яваа тэмээний мах байгаа юм, миний эзэмшлийн тэмээ гэж ярьж байсан. Хэсэг хугацааны дараа дахин асуухад Н.Н нь надад хэлэхдээ манай малын өвөлжөөг эвдээд өвс идээд байхаар нь өвсний мөнгөө гаргуулж авах санаатай хүний тэмээг гаргаж янзлаад авч явж байгаа гэж ярьсан. Түүний дагуу бид нар Хашаат сумын цагдаад хэлж мэдэгдсэн. Надад П.Ч нь үнэнээр нь ярьж хэлж байсан. Тэр ярихдаа Улаанбаатар хот руу Н.Н ах хүнд өгөх гэж авч явж байгаа гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 хуу/

 

Яллагдагч Н.Нын мэдүүлсэн: ...Хэрэг болдог өдөр Архангай аймгийн Хашаат сумын Цайдам багийн Дэрст хошууны ард манай хаваржаа байдаг юм. Би хаваржаан дээр ирсэн чинь манай хаваржааны арын хашааг нураагаад хураачихсан байсан өвснөөс 3 тооны тэмээ идээд зогсож байсан. Тэгээд тэр гурван тэмээг хөөсөн чинь нэг тэмээ нь буцаж ирээд байхаар нь хашааны шонгоор тэмээний хүзүү хэсэгт нь цохичихсон юм. тэгээд би яваад өгсөн. Тэгээд маргааш нь хаваржаан дээрээ ирсэн чинь нөгөө тэмээ үхчихсэн байсан. Тэгээд очоод үзсэн чинь тэр тэмээ үхээд удаагүй бололтой биенд нь хүрээд үзсэн чинь халуунаараа байсан. Тэгэхээр нь би тухайн тэмээг нядалж махыг нь амбаарт хийчихсэн юм. Тэгээд маргааш нь манай хадам дүү Ч Улаанбаатар хот руу явна гэхээр нь би нөгөө гаргасан тэмээнийхээ махаа ачаад хамт Улаанбаатар хот руу явсан юм. Тэгээд манай дүү бид хоёр явж байгаад Төв аймгийн Лүн суман дээр цагдаад баригдаад ирсэн. Би тэр тэмээг ганцаараа гаргаж янзалсан. Ойр хавьд хүн байгаагүй учраас харсан үзсэн хүн байхгүй. Би мөнгө олох гэж тухайн тэмээг гаргасан юм. Маргааш нь очиход тэр тэмээ манай хаваржааны зүүнд талд хэвтээгээрээ үхсэн бололтой байхаар нь очоод үзсэн чинь үхчихсэн байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 хуу/

        2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 40 хуу/

Ял шалгах хуудас /хх-ийн 53-54 хуу/ зэрэг болно. 

 

Шүүхээс шүүх хуралдаанаар тогтоогдсон Архангай аймгийн Хашаат сумын Цайдам багийн нутаг дэвсгэр “Зэгст хошууны ар тал” гэх газраас 2017 оны 12 сарын 24-ний үед иргэн А.Цын эзэмшлийн нас гүйцсэн ингэн тэмээ хулгайлагдсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Н.Н нь Архангай аймгийн Хашаат сумын Цайдам багийн нутаг дэвсгэр “Зэгст хошууны ар тал” гэх газраас 2017 оны 12 сарын 24-ний үед иргэн А.Цын эзэмшлийн нас гүйцсэн ингэн тэмээг хулгайлж 900 000 төгрөгийн хохирол учруулан бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: шүүх хуралдаанаар шинжлэн судалсан хохирогч Ш.Батсүхийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр манай хүүгийн эхнэр З манайх руу залгаад танай шар ингийг Н.Н алсан юм шиг байна гэхээр нь би Н.Н луу залгаж чи яагаад манай тэмээг алсан юм гэхэд манай хаваржаан дээр 3 тэмээ өвс идэж байхаар нь хөөсөн чинь нэг тэмээ дахиж ирж өвс идээд байхаар нь шургаагаар цохисон чинь үхсэн байна лээ. Би танайд очиж өөрөө уулзъя гэж хэлсэн. Тэгээд тухайн өдрөө Н.Н нь өөрийнхөө эхнэрийн хамт манайд ирээд 3 тэмээ манай хаваржаан дээр хураалттай байсан өвс идэж байхаар нь нэг шар зүсмийн ингийг нь дүү нь шургаагаар цохисон чинь үхсэн байна лээ. Тэгэхээр нь би гаргаж янзлаад махыг нь ачиж явж байгаад Лүн суман дээр баригдсан юм. Тэгээд би өөрөө малынх нь эзнийг олох гэж яваа гэж уулзаад бид нар хоорондоо ярьж байгаад тэмээний хохиролд манайх 1 500 000 төгрөгийг Н.Наар гаргуулан авсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/, гэрч А.Цын мэдүүлсэн “2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр оройхон Н.Н манайд эхнэртэйгээ ирээд манай хаваржаан дээр хураалгаатай байсан өвсийг гурван тэмээ идээд нэг тэмээг нь явахгүй байхаар нь шургаагаар цохиод маргааш нь гол орж мөс авах санаатай явж байгаад үзэхэд миний цохисон тэмээ үхсэн байна лээ. Тэгэхээр нь дүү нь янзлаад махыг нь Улаанбаатар хот руу авч явж байгаад Лүн суман дээр цагдаад баригдсан юм. Тэгээд би өөрөө тэмээнийхээ эзнийг хайж явна, миний цохиж алсан тэмээ шар зүсмийн нас гүйцсэн зөв талын гуяан дээрээ дөрвөлжиндүү тамгатай ингэ байсан юм гэж ярьсан юм. Түүний манайхаас асуусан ингэ нь манай тэмээнээс нэг ингэтэй зүс, им тамгаараа тохирч байсан юм.” гэх мэдүүлэг /23-24/, гэрч Ц.Оийн мэдүүлсэн “2017 оны 12 сарын 30-ны үеэр манай аавын нэг шар хөгшиндүү ингэн тэмээ байдгыг Н.Н шонгоор цохиж алсан гэж сонссон. Тэгсэн сүүлд нь сонсоод байхад Төв аймгийн Лүн суман дээр цагдаад баригдаад буцаад ирсэн. Тэгээд аавын тэмээг алсан гэж өөрөө аавынд ирсэн гэж сонссон. Өөр зүйл сайн мэдэхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 25/, гэрч П.Нын мэдүүлсэн “2017 оны 12 сарын 24-ний өдрийн орчим манай нөхөр Архангай аймгийн Хашаат сумын Цайдам багт байдаг хаваржаа руугаа өөрийн Архангай аймгийн Хашаат сумын Жаргалант багт байдаг өвөлжөөнөөс яваад орой нь ирэхдээ манай хаваржаан дээр байсан өвсний хамгаалалтыг эвдээд хураалттай өвсний дээрээс 2 үе өвсийг гурван тэмээ юу ч үгүй идсэн хашаан дотор зогсож байсан. Тэгээд хөөгөөд явуулсан чинь нэг тэмээ нь буцаж ирээд байхаар нь бүдүүн шонгоор цохичихлоо гээд ирж хоноод маргааш нь дахиад хаваржааныхаа хажуу талын голоос мөс авна, хаваржаагаа дахиж янзална гээд манай нөхөр явсан. Яваад ирэхдээ нөгөө өчигдөр цохисон тэмээ чинь хаваржааны саравчны зүүн талд үхсэн байна. Гэсгэлүүн хөлдөөгүй байхаар нь арьсыг нь хуулж янзлаад, хаваржааныхаа пүнзэн дотор үлдээгээд ирлээ гээд мөсөө ачаад гэртээ ирсэн” гэх мэдүүлэг /27-28/, гэрч П.Чгийн мэдүүлсэн “2017 оны 12 сарын 20-ны үеэр Улаанбаатар хотод байдаг гэрээсээ хадам ахындаа хэд хоног мал харж өгч туслахаар ирээд тэднийд 7 орчим хоног туслаад гэрлүүгээ буцах болоод 2017 оны 12 сарын 26-ны өдөр Н.Н ахынхаас явах гэхэд манай хүргэн ах надад хандаад ах нь Улаанбаатар хот орж малын мах зарах хэрэгтэй байна, хамт явъя гэж хэлсэн. Тэгээд бид хоёр хамт явахаар болж тэдний Архангай аймгийн Хашаат сумын Цайдам багийн нутагт байдаг хаваржаан дээр очиж пүнзэн дотроос малын мах машиныхаа багаажинд ачаад Улаанбаатар хот явж байгаад Лүн сумын цагдаагийн постон дээр шалгуулахад манай хүргэн ахын авч явсан мах нь цагдаагийн бичиг баримтгүй, дээрээс нь өөрийнх нь мал биш талаар манай ах Лүн сумын цагдаа нарт хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31/, гэрч Л.Мөнх-Эрдэнийн мэдүүлсэн: “Хэсэг хугацааны дараа дахин асуухад Н.Н нь надад хэлэхдээ манай малын өвөлжөөг эвдээд өвс идээд байхаар нь өвсний мөнгөө гаргуулж авах санаатай хүний тэмээг гаргаж янзлаад авч явж байгаа гэж ярьсан. Түүний дагуу бид нар Хашаат сумын цагдаад хэлж мэдэгдсэн. Надад П.Ч нь үнэнээр нь ярьж хэлж байсан. Тэр ярихдаа Улаанбаатар хот руу Н.Н ах хүнд өгөх гэж авч явж байгаа гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/, Н.Нын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Тэгээд маргааш нь хаваржаан дээрээ ирсэн чинь нөгөө тэмээ үхчихсэн байсан. Тэгээд очоод үзсэн чинь тэр тэмээ үхээд удаагүй бололтой биенд нь хүрээд үзсэн чинь халуунаараа байсан. Тэгэхээр нь би тухайн тэмээг нядалж махыг нь амбаарт хийчихсэн юм. Тэгээд маргааш нь манай хадам дүү Ч Улаанбаатар хот руу явна гэхээр нь би нөгөө гаргасан тэмээнийхээ махаа ачаад хамт Улаанбаатар хот руу явсан юм. Тэгээд манай дүү бид хоёр явж байгаад Төв аймгийн Лүн суман дээр цагдаад баригдаад ирсэн. Би тэр тэмээг ганцаараа гаргаж янзалсан. Ойр хавьд хүн байгаагүй учраас харсан үзсэн хүн байхгүй. Би мөнгө олох гэж тухайн тэмээг гаргасан юм. Маргааш нь очиход тэр тэмээ манай хаваржааны зүүнд талд хэвтээгээрээ үхсэн бололтой байхаар нь очоод үзсэн чинь үхчихсэн байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Иймд Б овогт Нийн Ныг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Н.Н нь 7 хоног цагдан хоригдсон, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Н.Н нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байх ба Н.Н нь өөрийн үйлдсэн хэргийг хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч Н.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.5, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Нийн Ныг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Н.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Н.Нын тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Архангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлүүдэд тус тус заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Н.Н нь 7 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Н.Нт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Р.АЛТАНЦЭЦЭГ