Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 209/МА2022/00047

 

*******ийн нэхэмжлэлтэй
 иргэний хэргийн тухай

                                                                             Хэргийн индекс: 135/2022/00290/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч Г.Давааренчин, Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  03 дугаар сарын 23-ны өдрийн 484 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******ид холбогдох   

Нэхэмжлэлийн шаардлага: “Хүүхдүүдээ өөрийн асрамжид авч, хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай иргэний хэргийг,

Хариуцагч *******ийн гаргасан давж заалдах  гомдлыг үндэслэн, 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Х.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболд, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

Миний бие нь хариуцагч *******той 2010 онд анх танилцаж, 2015 оны 7 дугаар сард хурим хийж хамтран амьдарч эхэлсэн. 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр охин *******, 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр охин ******* нар төрсөн.

******* нь хамтын амьдралын эхний жилүүдээс эхлээд намайг хэл амаар доромжлох, гар хүрэх зэргээр элдэв муухай ааш зан гаргадаг байсан.

...Хоёр охин минь төрөх үед гэрлэлтээ батлуулаагүй байсан тул охид ******* миний нэрээр овоглосон. Миний бие 2018 оны 08 дугаар сард Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Эрүүл мэндийн төвд тарианы сувилагчаар ажилд орж, ******* мал маллаж бид 4 тус суманд ажиллаж амьдарч байсан. 2019 оны хавар ******* Улаанбаатар хотын Онцгой байдлын газарт ажилд орж улмаар 2019 оны 12 дугаар сард Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газарт гал сөнөөгчөөр шилжиж ирсэн. ...Цаашид хамтран амьдрах боломжгүй болсон.

Бид хамт амьдрах хугацаандаа 8,000,000 төгрөгийн үнэ бүхий ******* СБА дугаартай Приүс-20 маркын машин, 4,000,000 төгрөгийн үнэ бүхийн Дархан сум 15-р баг, Мангиртын  *******, ******* тоот гэр бүлийн хэрэгцээний газар, 18,800,000 төгрөгийн үнэ бүхий *******, ******* мал ахуйн эд хөрөнгийг бий болгосон.

Иймд охин *******, ******* нарыг ******* миний асрамжид үлдээж, хариуцагч *******оос 2 охинд минь хуулийн дагуу тэтгэлэг гаргуулж өгнө үү. ******* нь хоёр хүүхдийн эцэг гэдгээ хүлээн зөвшөөрдөг тул эцэг тогтоох шаардлагагүй гэж үзсэн гэжээ.

  1. Хариуцагчийн  татгалзал, тайлбарын агуулга:

*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, хоёр охиноо би өөрийн асрамжид авна. Иймд ******* миний асрамжид хоёр охиныг минь үлдээж өгнө үү гэжээ.

  1. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-т заасныг баримтлан хүүхдүүд болох *******, ******* нарыг эх *******ийн асрамжид үлдээж,

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн охин *******, 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин ******* нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /сурч байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, эцэг *******оос сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэх,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Хишигдэлгэрээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгөөс 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагч *******оос улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, ...  шийдвэрлэжээ.

4. Хариуцагч ******* давж заалдах гомдолдоо:

Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

4.а. *******, ******* нарыг *******ийн асрамжид үлдээж надаас хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэсэнд маш их гомдолтой байна.

4.б. Хэрэгт авагдсан 2 шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан *******ийн амьдардаг гэрийн зураг нь зөрүүтэй, үндэслэлгүй дүгнэлт гаргасан тул хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хоёр хүүхдийг эцэг ******* миний асрамжид үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хариуцагч *******ийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзлээ.

 2. Гомдлыг хангах үндэслэлгүй, харин анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний  өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

            3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг зөв тогтоосон, талуудын  тайлбар болон хэрэгт авагдсан хуулийн шаардлага хангасан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг үнэлсэн нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмыг зөрчөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

Харин улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилан шийдвэрлэхдээ холбогдох хуулийн зохицуулалтыг зөв хэрэглээгүйгээс шийдвэр хууль ёсны байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.  

            4. Хэргээс үзвэл нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ид холбогдуулан хүүхдүүдээ өөрийн асрамжид авч хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

           5. Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар нь 2010 онд танилцаж, хамтран амьдарч байсан байх ба зохигч нар албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй, тэдний дундаас 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр охин *******, 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр охин ******* нар төрсөн болох нь хүүхдүүдийн төрсний  гэрчилгээний хуулбар, талуудын тайлбар зэргээр тогтоогдсон, хариуцагч ******* нь охин *******, ******* нарын эцэг мөн болох тухайд  маргаагүй.

6.Талуудын хоорондын таарамжгүй харилцааны улмаас зохигч нар тусдаа амьдарч байгаа бөгөөд охин *******, ******* нар нь эх *******ийн асрамжид өсч, хүмүүжиж байгаа үйл баримт нь талуудын тайлбар болон Сэлэнгэ аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдсон байна.

7. Анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж хүүхдүүдийг эх *******ийнх нь асрамжид үлдээж, эцэг *******оос охин *******, ******* нарт тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасанд нийцжээ.

8. Хариуцагч ******* нь хүүхдийн асрамжийн талаар маргаж байх боловч анхан шатны шүүх Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх ашиг, тэдний нас, хүйс, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал зэргийг харгалзан *******, ******* нарыг эх *******ийнх нь асрамжид үлдээхээр шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй  байна.

9. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дэх хэсгийн  26.2.1-26.2.4 дэх заалтад эцэг, эхийн хүлээх үүргийг  тодорхой заасан. Тухайлбал,  хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ  асран хамгаалах,тэжээн тэтгэх, ...зэрэг үүргийг эцэг, эх адил хүлээнэ гэж,  

 Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийн  10.1.1-10.1.11 дэх хэсгүүдэд хүүхдийн эрхийг хангах талаар эцэг, эх, ...ийн хүлээх үүргийг  зохицуулсан. Тухайлбал, хүүхдэд гэр бүлдээ аз жаргалтай, хайр халамжтай, бүхий л талаар хөгжих орчныг бүрдүүлэх, хүүхдээ хүмүүжүүлэх, харилцааны соёл төлөвшүүлэх, хүүхдийг хөгжиж, төлөвшихөд нь дэмжин туслах, хүүхдийг наад захын хэрэгцээт зүйлээр хангах ... зэрэг үүргийг эцэг, эх хүлээнэ, дээрх хуульд заасан нөхцөл бололцоогоор хүүхэд хангагдах ёстой болохыг тус тус  хуульчлан зохицуулжээ.

10. Гэрлэлтээ бүртгүүлээгүй ч зохигч нарын дундаас төрсөн хүүхдийн хувьд эцэг, эх нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээсэн хэвээр байх бөгөөд  хүүхдийн  асрамжийн асуудал нь тэдгээрийн эцэг, эх болсны хувьд эдлэх эрх, үүрэгтэй нь салшгүй холбоотой юм.   

Эцэг, эх тусдаа амьдрах нь тэднийг Гэр бүлийн тухай хууль болон Хүүхдийн эрхийн тухай хуульд заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

11. Иймд хариуцагч *******ийн ...охин *******, ******* нарыг өөрийн асрамжид өгөхийг хүссэн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдохгүй байх тул гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

Харин анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтад хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.1 дэх хэсгийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 484 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтын “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 ... “гэснийг  “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1 ...” гэж өөрчилж, бусад хэсэг болон шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч *******оос давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 04 дүгээр сарын 27-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

           ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                              Л.АМАРСАНАА

                                                  ШҮҮГЧИД                                  Г.ДАВААРЕНЧИН

                                                            Х.БАЙГАЛМАА