Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 2026/ДШМ/156

 

 

 

 

    2026          02             03                                      2026/ДШМ/156

 

                                                        Б.Х-д холбогдох

                                             эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Одонтуяа /цахимаар/,

шүүгдэгч Б.Х, түүний өмгөөлөгч Ю.Тогмид,

нарийн бичгийн дарга Э.Даваадулам нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2025/ШЦТ/2768 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Хын өмгөөлөгч Ю.Тогмидын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Б.Х холбогдох 2503 00583 1054 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Болортуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.      

1. Б овгийн Бийн Х, 2000 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Говьсүмбэр аймагт төрсөн, 25 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “.............” ХХК-д нягтлан бодогч ажилтай, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо, Арцатын ам, Хангарьд Сити-2 хотхоны .............тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД:............./.

Б.Х нь 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 15 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн .. дугаар хороо, Баянгол зочид буудлын зүүн талын замд BMW маркийн .............УРА улсын дугаартай мотоциклийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 11.2-т заасан “Эгнээний хилийг тэмдэглэсэн зорчих хэсэг дээр жолооч тээврийн хэрэгслээрээ тухайн эгнээг голлож явна. Байр эзлэхийн тулд тэмдэглэлийг давахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтын 1.4, 1.5 заалтыг баримтална. Хоёр дугуйт мотоциклын жолооч эгнээг голлон дангаараа эзэлж явах эрхтэйгээс гадна мөн нэг эгнээнд хоёроос илүүгүй мотоцикл зэрэгцэн явж болно.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Я.Жгийн жолоодож явсан Yutong /Юутонг/ маркийн .............УЕХ улсын дугаартай нийтийн тээврийн хэрэгсэл болон Д.Эын жолоодож явсан Toyota Crown /Тоёота кроун/ маркийн .............УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдтэй мөргөлдөж, улмаар автобусны жолооч огцом тоормосолсны улмаас зорчигч Б.А унаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Б.Хын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Б овогт Бийн Хыг “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.Х оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхэлж тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Хаас нийт 8.400.000 гаргуулж хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн хохиролд 7.920.000 төгрөг, хохирогчийн эмчилгээний зардал 480.000 төгрөгийг хохирогч Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын ............тоотод оршин суух Б овогт Балдандоржийн А /РД:............/-д олгож, хохирогч энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хор, хор уршгийн хохирлоо цаашид баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Тогмид давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэн үеэс эхлэн өөрийн үйлдсэн хэргийг үнэн зөвөөр нь мэдүүлж, гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж байгаагаа илэрхийлж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болон цаашид гарах хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа.

Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр баталсан. Уг хуулиар “Сэтгэцэд учирсан хор уршиг”-ийг нотлох, үнэлж тогтоохтой холбоотой зохицуулалтуудыг нарийвчлан оруулж өгснөөрөө онцлогтой.

Шүүгдэгч Б.Хын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.Агийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд түүнд учирсан сэтгэцийн хор уршгийн хохирлыг түүний биеийн сэтгэлийн зовуурь, хувийн байдлыг харгалзан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 792.000 төгрөгийг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож 7.920.000 төгрөгийг гаргуулахаар дүгнэжээ.

Нөхөн төлбөр тооцох аргачлал, гуравдугаар зэрэглэл хүндэвтэр хохирлыг улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэг 9-15 хувь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлснээс 22,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл гэж заажээ.

Энэ нь нөхөн төлбөр тооцох аргачлалаар тооцож үзвэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 792.000 төгрөгийг 22,99 дахин нэмэгдүүлээд хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэг 9-15 хувьтай тэнцэх хэмжээгээр тооцож 2.731.212 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар байна.

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хүлээлгэх эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг бүрэн дүгнээгүй байна.

Иймд, шүүгдэгч Б.Хыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Х тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гэм буруудаа маргаагүй, хүлээн зөвшөөрч байна. Шүүгдэгч миний хувьд 98 сая төгрөгийн зээлтэй бөгөөд сард 1.800.000 төгрөгийн зээлийн төлбөрийг тогтмол төлж байгаа. Миний гар дээрээ авдаг цалин 2.100.000 төгрөг байдаг. Нөхөр, гурван хүүхдийн хамт амьдардаг бөгөөд Яармаг орчмын сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ муу байдлаас шалтгаалан хүүхдүүдээ Баянгол дүүргийн 3 дугаар хорооны сургууль, цэцэрлэгт зөөж сургадаг. Энэ нь өглөө хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт хүргэж өгөөд ажлын байрандаа 8 цагийн ажлаа хийж, орой 18 цагаас хойш дахин хүүхдүүдээ авч, буцаан гэртээ харьдаг өдөр тутмын зохион байгуулалттай. Ийм нөхцөлд миний 2.100.000 төгрөгийн цалингаас 1.800.000 төгрөгийг зээлийн төлбөрт төлөөд үлдсэн мөнгө нь хүүхдүүдийг зөөвөрлөх, шатахуун болон бусад өдөр тутмын зайлшгүй хэрэгцээнд зарцуулагддаг. Нөхрийн цалинтай нийлээд таван хүний өрхийн амьжиргааны түвшинтэй дүйцэхүйц хэмжээнд амьдарч байна. Хэрэв торгууль, төлбөрийг 5 сая төгрөгөөр тогтоож, 5 сарын хугацаанд төлөх, мөн хохирогчид 8 сая төгрөг олгох нөхцөл үүсвэл миний санхүүгийн байдал улам хүндрэх нөхцөл байдалд орж байна. Миний зүгээс чадах хэмжээндээ ажил хийж, төлбөрөө төлөхийг хичээж байгаа боловч жолооны эрх хасагдсан тул өдөр тутмын амьдрал, ажил хөдөлмөр эрхлэхэд хүндрэл учирч байна. Гэм буруугийн хувьд миний зүгээс маргаангүй бөгөөд цаашид ажлаа үргэлжлүүлэн хийхийн тулд хүүхдүүдийнхээ сургууль, цэцэрлэгийг шилжүүлэх шаардлага үүсэж байгаа. ...” гэв.

Прокурор Б.Одонтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Өмгөөлөгчийн зүгээс сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг 3 дугаар зэрэглэл тогтоогдсон байхад 10 дахин нэмэгдүүлж бодсон нь буруу аргачлал хэрэглэсэн гэх тайлбарыг гаргаж, үүнтэй холбогдуулан хүсэлт гаргасан гэж ойлголоо. Гэвч хавтаст хэргийн 78-80 дугаар хуудсанд дурдсанаар сэтгэцэд учирсан гэм хорын дүгнэлт нь 2 дугаар зэрэглэлээр тогтоогдсон бөгөөд уг зэрэглэл нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-аас 12.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээтэй байхаар тогтоосон байна. Үүний дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 792 мянган төгрөгийг 10 дахин нэмэгдүүлж, 7 сая 920.000 төгрөгөөр тогтоож, шүүхийн шийтгэх тогтоолд тусгасан байна. Өмгөөлөгчийн зүгээс 9-өөс 15 хувиар бодох, эсхүл 2 дугаар зэрэглэл, 3 дугаар зэрэглэлд харгалзах хувьчлалын талаар тайлбар хийж байгаа боловч уг хувьчлал нь сэтгэцэд учирсан гэм хорын хор уршгийг тооцох аргачлалд дурдсан жишиг ойлголт бөгөөд шүүхээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хэд дахин нэмэгдүүлэхийг тогтоон, тухайн хэмжээгээр бодож гаргах нь хуульд нийцсэн аргачлал гэж үзэж байна. Энэ жишгээр бусад шүүхүүд ч мөн адил сэтгэцэд учирсан гэм хорын 2 дугаар зэрэглэлд хамаарах тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-аас 12.99 дахин нэмэгдүүлэх хүрээнд, тухайлбал 7 дахин, эсхүл 10 дахин нэмэгдүүлэн бодож шийдвэрлэж байгаа практик тогтсон байна. Иймд анхан шатны шүүхээс уг хохирлын хэмжээг 10 дахин нэмэгдүүлж тогтоосон нь үндэслэл бүхий гэж үзэж, шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Тогмидын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гаргаагүй байна. 

Хавтас хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад,

шүүгдэгч Б.Х нь 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 15 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Баянгол зочид буудлын зүүн талын замд BMW маркийн .............УРА улсын дугаартай мотоциклийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 11.2-т заасан “Эгнээний хилийг тэмдэглэсэн зорчих хэсэг дээр жолооч тээврийн хэрэгслээрээ тухайн эгнээг голлож явна. Байр эзлэхийн тулд тэмдэглэлийг давахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтын 1.4, 1.5 заалтыг баримтална. Хоёр дугуйт мотоциклын жолооч эгнээг голлон дангаараа эзэлж явах эрхтэйгээс гадна мөн нэг эгнээнд хоёроос илүүгүй мотоцикл зэрэгцэн явж болно.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Я.Жгийн жолоодож явсан Yutong /Юутонг/ маркийн .............УЕХ улсын дугаартай нийтийн тээврийн хэрэгсэл болон Д.Эын жолоодож явсан Toyota Crown /Тоёота кроун/ маркийн .............УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдтэй мөргөлдөж, улмаар автобусны жолооч огцом тоормосолсны улмаас зорчигч Б.А унаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

               Хохирогч Б.А /хх29-30/, иргэний нэхэмжлэгч Д.Э /хх41-42/, гэрч Я.Ж /хх58/, Б.Хын яллагдагчаар өгсөн /хх98-99/ мэдүүлгүүд,

               гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх5/, дуудлага лавлагааны хуудас /хх6/, зам тээврийн осол дээр тогтоосон акт, бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлт /хх7-11/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх12-13/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх18-23/, Иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын “...Б.А нь гэмтлийн улмаас Эрүүл мэндийн байгууллагаас нийт 353.900 төгрөгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч, уг зардал нь Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан ...хохирлыг гэм буруутай этгээд Б.Хаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын ...дансанд төлүүлж өгнө үү. ...” гэх агуулга бүхий нэхэмжлэл /хх111/,

               2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн .... дугаартай “...А. “BMW” маркийн .............улсын дугаартай мотоциклийн жолооч Б.Х нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, Арван нэг. Тээврийн хэрэгсэл байрлан явах 11.2-т заасан “Эгнээний хилийг тэмдэглэсэн зорчих хэсэг дээр жолооч тээврийн хэрэгслээрээ тухайн эгнээг голлож явна. Байр эзлэхийн тулд тэмдэглэлийг давахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтын 1.4, 1.5 заалтыг баримтална. Хоёр дугуйт мотоциклын жолооч эгнээг голлон дангаараа эзэлж явах эрхтэйгээс гадна мөн нэг эгнээнд хоёроос илүүгүй мотоцикл зэрэгцэн явж болно.” гэх заалтыг зөрчсөн нь осол хэрэг үйлдэгдэх шалтгаан болсон гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байна. Б. “Yutong” маркийн .............УЕХ улсын дугаартай нийтийн тээврийн хэрэгслийн жолооч Я.Жамбалсүрэн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй байна. В. “Toyota crown” маркийн .............УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй байна. Г. Зорчигч Б.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн  заалт зөрчөөгүй байна. ...” гэх мөрдөгчийн магадлагаа /хх87/,

               “Хөрөнгө Эстимэйт үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн үнэлгээний тайлан, төлбөр төлсөн баримт, гэрэл зургийн үзүүлэлт /хх70-72/,

               Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн ЕГ0725/72334 дугаартай “...Б.Агийн биед бүсэлхийн 1.2-р нугалмын хөндлөн сэртэнгийн, баруун 12-р хавирганы далд хугарал, баруун бугалга, бүсэлхийн орчны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр 1-2 удаагийн үйлдлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. ...” гэх шинжээчийн дүгнэлт /хх61-62/, 

               Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн ЕГ0825/2378 дугаартай сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох тухай “...Б. А-гийн сэтгэцэд 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна. ...” гэх шинжээчийн дүгнэлт /хх78-80/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ. 

Анхан шатны шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Б.Хыг “Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Б.Агийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Учир нь, Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн субъект нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, Замын хөдөлгөөний дүрмээр биелүүлэхээр хүлээсэн үүрэгтээ хайнга хандсан нь бий болсон үр дагаврын үндэс болсон байх учиртай бөгөөд зам тээврийн ослын шалтгаан нөхцөл, үйл явдлын өрнөл, дараалал, осолд холбогдсон жолооч нарын Замын хөдөлгөөний дүрэм дэх хэм хэмжээг зөрчсөн эрэмбэ, хэр хэмжээ зэрэгт цогц байдлаар үнэлэлт дүгнэлт өгснөөр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангагддаг болно.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийхэд, зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан нь шүүгдэгчийн замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэм буруутай үйлдлээс шалтгаалсан болох нь тогтоогдсон байх ба анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв сэргээн тогтоож, хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

               Тодруулбал, хэргийн үйл баримтыг тогтоосон нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч Б.Х нь тээврийн хэрэгсэл /мотоцикл/-тэй замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмээр хүлээн зөвшөөрөгдсөн эгнээ байрыг зөв эзлэхгүйгээр бусдад аюул, хохирол учруулах, бусдын замын хөдөлгөөнд оролцох нөхцөл байдалд осолтой байдал бий болгож эгнээний хилийг тэмдэглэсэн зорчих хэсгийн цагаан зураасыг давж замын хөдөлгөөнд оролцсон болох нь:

               Хохирогч Б.Агийн “...Төв номын сангаас ХУД 120-н автобусны буудал дээр буухаар автобусанд суусан. Голын хаалга дээр зогсож байхад автобус гэнэт тоормос гишгэхэд би голын хаалганы хажуу талын бариулыг биеэрээ мөргөөд газарт унасан ба автобусанд сууж явсан үл таних эмэгтэй ирээд татаж босгосон. Автобус тэр дороо зогсоод 103-т дуудлага өгсөн ...Гэмтэл согог судлалын төв дээр ирж үзүүлсэн. ...Намайг автобусанд суухад сандал дүүрсэн байсан тул зогсоогоороо бариулаас барьж байсан. Мотоциклтой эмэгтэй хүн байсан. ...” /хх29-30/,

               иргэний нэхэмжлэгч Д.Эын “...Тэгсэн автобусны зүүн талд буюу зорчих хэсгийн үргэлжилсэн цагаан шугам дээгүүр мотоциклтэй хүн явж байгаад автобусыг шүргэхэд автобус огцом гишгэхэд нөгөө мотоциклтэй хүн миний машины зүүн талын урд кырло хэсгийг мөргөөд автобус болон миний машины урд унасан. ...” /хх41-42/,

               гэрч Я.Жгийн “...Зүүн талаас нэг мотоцикл гүйцэж ирээд эсрэг урсгалд явж байсан машинаас даялж автобус тал руу болоход өвдөгний хамгаалалт нь ч юм уу, нэг юм автобусны зүүн талтай шүргэлцээд цаашлахдаа эсрэг урсгалын машинтай шүргэлцээд автобусны зүүн тал руу мотоциклтойгоо унасан. Би шууд тоормос гишгэсэн. Автобусны дотор явж байсан хүн гэнэт тоормосолсноос болоод унаад бэртэж гэмтсэн. ...Мотоциклийн ...жолооч үргэлжилсэн давхар зураасаар явж байсан. ...” /хх58/,

               Б.Хын яллагдагчаар өгсөн “...Би тухайн өдрийн 15 цагийн орчимд “BMW” маркийн .............улсын дугаартай мотоциклийг жолоодож төв номын сангаас Зайсан орохоор зорчих хэсгийн дундуур цагаан зураас дээгүүр ертөнцийн зүгээр хойноосоо урагш чиглэлтэй явж байгаад Баянгол зочид буудлын харалдаа зам дээр эсрэг урсгалаас машин ирж байхаар нь өөрийн баруун гар тал руугаа шахахад миний явах чиглэлд явж байсан 2 дугаар эгнээний автобустай шүргэлцээд зүүн тийшээ болоод эсрэг урсгалд явж байсан кровн маркийн машины зүүн урд хэсгийг мөргөөд газарт унасан. Намайг автобустай шүргэлцэхэд автобус тоормос гишгэж, дотор нь зорчиж явсан хүн унаж гэмтсэн талаар 103 ирсний дараа мэдсэн. Автобус, кровн 2 өөр өөрийн эгнээгээр явж байсан би цагаан зураасан дээгүүр явж байгаад тэр 2-н дундуур багтана гэж бодсон...” /хх98-99/ гэх мэдүүлгүүд,

               зам тээврийн осол дээр тогтоосон акт, бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлт /хх7-11/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх12-13/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх18-23/, 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн .... дугаартай мөрдөгчийн магадлагаа /хх87/-аар тус тус тогтоогдсон бөгөөд дээрх нөхцөл байдлаас үүдэн хохирогч Б.Ад хүндэвтэр хохирол учирсан гэх үйл баримт бүрэн нотлогдсон байна.

Шүүгдэгч Б.Хын дээрх замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл нь уг осол гарах үндсэн шалтгаан болсон байх тул шүүгдэгчийн үйлдэл болон хохирогч Б.Ад учирсан хүндэвтэр гэмтэл хоёрын хоорондоо шууд шалтгаант холбоотой, шүүгдэгчийн гэм буруутай үйлдлээс болж хохирогчийн биед бүсэлхийн 1.2-р нугалмын хөндлөн сэртэнгийн, баруун 12-р хавирганы далд хугарал, баруун бугалга, бүсэлхийн орчмын цус хуралт гэмтэл учирсан гэж үзнэ.

Түүнчлэн, анхан шатны шүүх шүүгдэгч Б.Х эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэхдээ тус зүйл ангид заасан торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрх хязгаарлах ялын төрлөөс хамгийн хөнгөн ял болох торгох ялыг сонгон оногдуулсан байна.

Мөн анхан шатны шүүх 2.700.000-14.000.000 хүртэл төгрөгийн торгох ялын хэмжээнээс 5.000.000 төгрөгөөр торгохоор шийдвэрлэж, тухайн ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосон нь тухайн зүйл хэсэгт заасан торгох ялын дундаж хэмжээнээс бага байх бөгөөд энэ нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдалд тохирсон, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн, оногдуулсан ял хүндэдсэн гэж үзэх боломжгүй байна.

Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын 3.4 дэх хэсэгт “Энэ хэсгийн 3.3-т заасан хэмжээ нь хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн болон нөхөн төлбөрийн дээд хязгаар буюу “100 хувь” болно. Иймд гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан эмгэгийг таван зэрэглэлд ангилсан шалгуурын дагуу хувьчилж, хор уршгийн нөхөн төлбөрийн мөнгөөр илэрхийлэгдэх дээд хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөс тооцох үндсэн аргачлалыг баталсан. Сэтгэцийн хор уршгийн хэмжээ буюу 1-р зэрэглэл 0-3%, 2-р зэрэглэл 4-8%, 3-р зэрэглэл 9-15%, 4-р зэрэглэл 15-30%, 5-р зэрэглэл 31-99% гэж тогтоож, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1-150 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тооцно.” гэж заасан ба 2 дугаар зэрэглэл нь 4-8 хувь буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-12.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээгээр тооцохоор зохицуулсан байна.

Хавтас хэргийн 78-80 дугаар талд авагдсан Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн ЕГ0825/2378 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.Агийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг хоёрдугаар дугаар зэрэглэлээр тогтоосон байх тул анхан шатны шүүх хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг тооцон гаргахдаа 5-12.99 дахин нэмэгдүүлсэн тэнцэх гэж заасны дагуу гэмт хэрэг үйлдэгдэх үед дагаж мөрдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792.000 төгрөгийг 10 дахин нэмэгдүүлэн 7.920.000 төгрөг гэж тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй болно.

Иймд, дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Тогмидын гаргасан “сэтгэцийн хохирлыг 2.731.212 төгрөгөөр тооцон гаргуулах, шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлэх” агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэж, хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Харин, анхан шатны шүүх хохирогчид Б.А хохирол төлбөртэй холбоотойгоор бүсэлхий, нуруу, толгойн томографи хийлгэсэн 320.000 төгрөг, урдаа 2 дугуйтай алхуулагч авсан 65.000 төгрөг, наадаг памперс авсан 35.000 төгрөг, яс тэгшлэгч эмчилгээний улавч буюу өсгий түрий шилбэний хамгаалалт авсан 385.000 төгрөг, нийт 805.000 төгрөгийн эмчилгээ, үйлчилгээтэй хамааралтай 4 ширхэг баримт /хх138-139 тал/-ыг гаргаж өгсөн байхад эдгээрээс аль баримт нь шаардлага хангаагүй болоход дүгнэлт хийлгүй зарим хэсгийг хасаж, 480.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу байна.

Дээрх нотлох баримтууд нь гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохиролтой шууд шалтгаант холбоотой, хамааралтай, үнэлж дүгнэх боломжтой хохирогчийн эмчилгээ, үйлчилгээ хийлгэсэн баримтууд байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 5 дахь заалтыг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Хаас нийт 8.725.000 гаргуулж хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн хохиролд 7.920.000 төгрөг, хохирогчийн эмчилгээний зардал 805.000 төгрөгийг хохирогч Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын ............тоотод оршин суух Б овогт Балдандоржийн А /РД:............/-д олгосугай.” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Мөн, давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Х нь “Шүүгдэгч миний хувьд 98 сая төгрөгийн зээлтэй бөгөөд сард 1.800.000 төгрөгийн зээлийн төлбөрийг тогтмол төлж байгаа. Миний гар дээрээ авдаг цалин 2.100.000 төгрөг байдаг. Нөхөр, гурван хүүхдийн хамт амьдардаг ...миний 2.100.000 төгрөгийн цалингаас 1.800.000 төгрөгийг зээлийн төлбөрт төлөөд үлдсэн мөнгө нь хүүхдүүдийг зөөвөрлөх, шатахуун болон бусад өдөр тутмын зайлшгүй хэрэгцээнд зарцуулагддаг. Нөхрийн цалинтай нийлээд таван хүний өрхийн амьжиргааны түвшинтэй дүйцэхүйц хэмжээнд амьдарч байна” гэх тайлбар гарган оролцож, тэрээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хохирол төлбөрт 3.000.000 төгрөгийг Хаан банкны ............. тоот дансаар хохирогч Б.Ад төлсөн талаарх баримтыг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргаж өгчээ.

Шүүхээс оногдуулж буй ял нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх тул шүүгдэгчийн ар гэрийн нөхцөл байдал, боломж бололцоо, хүсэл сонирхолд нийцүүлэн ялыг багасган оногдуулах боломжгүй юм. Харин түүний хохирол төлбөрт 3.000.000 төгрөгийг хохирогч Б.Ад төлсөн болохыг магадлалд дурдах нь зүйтэй байна.

Түүнчлэн, хохирогчийн сэтгэцэд учирсан хохирол хор уршгийг зөв тооцон гаргуулсан атлаа шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “Дөрөв: Нөхөн төлбөр тооцох аргачлал: гуравдугаар зэрэглэл: хүндэвтэр хохирлын улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэг 9-15%, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлснээс 22.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл гэж заажээ” гэсэн агуулгын хувьд зөрчилтэй, техникийн шинжтэй алдаа гаргасныг зөвтгөх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2025/ШЦТ/2768 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

5 дахь заалтын “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Хаас нийт 8.400.000 гаргуулж хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн хохиролд 7.920.000 төгрөг, хохирогчийн эмчилгээний зардал 480.000 төгрөгийг хохирогч Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын ............тоотод оршин суух Б овогт Балдандоржийн А /РД:............/-д олгосугай.” гэснийг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Хаас нийт 8.725.000 гаргуулж хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн хохиролд 7.920.000 төгрөг, хохирогчийн эмчилгээний зардал 805.000 төгрөгийг хохирогч Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын ............тоотод оршин суух Б овогт Балдандоржийн А /РД:............/-д олгосугай.” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Б.Х нь хохирогч Б.Ад хохирол төлбөрт тооцон 3.000.000 төгрөг төлсөн болохыг дурдаж, шүүгдэгч Б.Хын өмгөөлөгч Ю.Тогмидын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.МӨНХТУЛГА

                                                ШҮҮГЧ                                    Л.ДАРЬСҮРЭН

                       ШҮҮГЧ                                     С.БОЛОРТУЯА