| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2026/00301/И |
| Дугаар | 103/ШШ2026/00355 |
| Огноо | 2026-03-20 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 103/ШШ2026/00355
2026 03 20 103/ШШ2026/00355
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн дүгээр хороо, Шуудан холбоо-22, өөрийн байранд байрлах, Голомт банк ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн дүгээр хороо, Наран хорооллын дугаар байрны тоотод оршин суух, Харуул овогт Даваасүрэнгийн Мөнхбатад холбогдох зээлийн гэрээний үүрэгт 4.421.925,17 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Голомт банк ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Зээлдэгч Харуул овогт Даваасүрэнгийн Мөнхбат нь Голомт банктай 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр *** тоот дижитал зээлийн эрх нээх гэрээ байгуулсан. Дээрх гэрээний дагуу 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 3.750.000 төгрөгийг жилийн 21 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, хүүгийн хамт эргүүлэн төлөх үүргийг хүлээн дижитал хэрэглээний зээл авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний дагуу зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлийн гэрээний үүргээ сайн дураар өнөөдрийг хүртэл биелүүлээгүй, 396 хоног хугацаа хэтрүүлээд байна. Иймд 2025 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар зээлдэгч Д.Мөнхбатаас ЗГ-**** тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 3.552.166,75 төгрөг, үндсэн хүү 837.212,59 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 32.545,83 төгрөг, нийт 4.421.925,17 төгрөгийг гаргуулж Голомт банкинд олгуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Мөнхбат нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Даваасүрэн овогтой Мөнхбат миний бие Голомт банкнаас нэхэмжилсэн 4.421.925,17 төгрөгийг төлөхөд маргах зүйлгүй гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Мөнхбат нь нэхэмжлэлийн шаардлага болох 4.421.925,17 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь хуульд нийцнэ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Голомт банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Харуул овогт Даваасүрэнгийн Мөнхбатад холбогдох зээлийн гэрээний үүрэгт 4.421.925,17 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Д.Мөнхбат нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85.701 төгрөгөөс 42.850,5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 42.850,5 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Д.Мөнхбатаас 42.850,5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Голомт банк ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.СОЛОНГО