| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сугар Болортуяа |
| Хэргийн индекс | 2208 02601 1315 |
| Дугаар | 2026/ДШМ/158 |
| Огноо | 2026-02-03 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Э.Ууганзаяа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 2026/ДШМ/158
2026 02 03 2026/ДШМ/158
Д.О, Б.Э нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Э.Ууганзаяа,
шүүгдэгч Д.О /цахимаар/, түүний өмгөөлөгч Ж.Баасанжав,
шүүгдэгч Б.Э /цахимаар/, түүний өмгөөлөгч Д.Содномдорж,
хохирогч Т.Т, түүний өмгөөлөгч М.Ундармаа,
нарийн бичгийн дарга Э.Даваадулам нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/2526 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Эын өмгөөлөгч Д.Содномдорж, шүүгдэгч Д.О, түүний өмгөөлөгч Ж.Баасанжав нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн Д.О, Б.Э нарт холбогдох 2208 02601 1315 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Болортуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Г овгийн Д О, 2000 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Архангай аймгийн Тариат суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сүхбаатар дүүргийн ,, дүгээр хороо, Алтайн ,,,,,,,,,,,,тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД:,,,,,,,,,,,,/.
2. Г тулгат овгийн Б.Э, 1984 оны 10 дугаар сарын 29-ний Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 40 настай, эмэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн .. дүгээр хороо, Шадивлан .... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД:........../.
Д.О, Б.Э нар нь бүлэглэн 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хохирогч Т.Тд Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Орчлон” 21 дүгээр хороолол, ХД .. дугаар байрны ... тоотын 2 өрөө орон сууцыг түрээслүүлнэ гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 20.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Д.О, Б.Э нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Г овогт Д О, Г тулгат овогт БЭ нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэн, бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О, Б.Э нарыг 06 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.О, Б.Э нарт биечлэн эдлүүлэхээр тогтоосон 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О нь хохирогч Т.Тд 2.100.000 төгрөг, шүүгдэгч Б.Э нь хохирогч Т.Тд 5.500.000 төгрөг тус тус нөхөн төлсөн болохыг дурдаж, шүүгдэгч Д.Оаас 7.900.000 төгрөг, шүүгдэгч Б.Эаас 4.500.000 төгрөг тус тус гаргуулж, хохирогч Т.Тд олгож, хохирогч Т.Т нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Д.О, Б.Э нараас нэхэмжлэх эрхтэйг дурдаж, шүүгдэгч Д.Оад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Б.Эд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн тоолж, Сонгинохайрхан дүүргийн Прокурорын 2025 оны 50 дугаар сарын 09-ний өдрийн 80 дугаартай тогтоолоор Сонгинохайрхан дүүргийн ...хороо, 21-р хороолол ХД-..-р байрны ... тоот улсын бүртгэлийн Ү-............... дугаартай орон сууцны шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан тогтоолыг хохирогч Т.Тын хохирлыг шүүгдэгч Б.Э барагдуулах хүртэл хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Эын өмгөөлөгч Д.Содномдорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Э нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирлын 55 хувийг барагдуулсан, бага насны буюу 1-5 насны хүүхэдтэй, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэлгүйгээр түүнд хорих ял оногдуулсанд гомдолтой байна. Б.Эд хорих ял оногдуулахгүйгээр зорчих эрхийг хязгаарлах, нийтэд тустай ажил хийлгэх, торгох зэрэг ялаас оногдуулах боломжтой байсан. Б.Э нь хохирогч Т.Таас авсан мөнгөө шууд Д.Оад шилжүүлсэн талаар анхан шатны шүүх тодорхой байдлаар шийтгэх тогтоолд дурдаагүй орхигдуулсан.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг өөрчлөлт оруулж, Сонгинохайрхан дүүргийн прокурорын 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 80 дугаартай тогтоолоор Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, 21 дүгээр хороолол, ХД-.. дугаар байрны ... тоот улсын бүртгэлийн Ү-.................. дугаартай орон сууцны шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Д.Оын өмгөөлөгч Ж.Баасанжав давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн тогтоол хэргийн бодит байдалтай нийцээгүй, хууль зүйн үндэслэлгүй өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хэрэг бүртгэлт мөрдөн байцаалт шүүх хуралдааны явцад дараах байдлыг нотолно”, 1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг гарсан байдал", 1.2, “гэмт хэргийг хэн үйлдсэн" мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн хэргийн бодит байдлыг тогтоох заалтын 1, 2 дахь заалтыг зөрчиж, шүүгдэгч Д.О нь хохирогчийг хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилсан үйлдлийг Б.Этай бүлэглэн хийсэн гэх байдал эргэлзээтэй, нотлогдон тогтоогдоогүй байхад гэм буруутайд тооцож, ял оногдуулсанд гомдолтой байна.
Т.Тыг залилсан гэх үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар үгүйсгэгддэг ба Д.О нь Б.Эыг “...орон сууц түрээслэх хүн олж өг...” гэж хэлсний дагуу Т.Тын фейсбүүк цахим хуудсанд “мөнгө зээлүүлээд хүүнд орон сууцанд сууна" гэсэн зарын дагуу холбон зуучилж өгдөг.
Уг хохирогчтой биечлэн уулзаж орон сууц түрээслэх талаар ямар ч яриа хийгээгүй хохирол төлбөр болох 20.000.000 төгрөгийг аваагүй атал бүлэглэж санаатай нэгдэж үйлдсэн гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна.
Учир нь, Б.Э тус орон сууцны эзэмшигч бөгөөд тухайн цаг хугацаанд хөлслүүлж байсан ба бодит байдлыг нуух замаар хийсэн гэж үзвэл тус орон сууцыг хөлслүүлж байсан нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдоно.
Шүүгдэгч Б.Оыг 20.000.000 төгрөгийг залилж авсан гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй бөгөөд хохирогчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр Б.Этай гэрээ байгуулж түүний дансанд мөнгөө шилжүүлсэн гэж тогтвортой мэдүүлдэг.
Шүүгдэгч Д.О нь цахим мөрийтэй тоглоом тоглохдоо Б.Эаас мөнгө авч тоглосон үйлдэлдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч чин санаанаасаа гэмшиж тухайн мөнгө нь Т.Тын мөнгө болохыг мэдсэн даруйд тодорхой хэмжээнд барагдуулж төлсөн.
Мөн анхан шатны шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын хуралдааныг хохирол төлбөр төлөхөөр завсарлуулах хүсэлт гаргаагүй байтал 5 хоногийн хүсэлт гаргасан хэмээн шийтгэх тогтоолд дурдсаныг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Иймд эрүүгийн хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг баримтлан хэргийн бодит байдалтай нийцүүлж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ..." гэв.
Шүүгдэгч Д.О давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Уг хэрэгт холбогдсоноос хойш шударгаар хөдөлмөр эрхэлж, хөгшин настай эцэг, эхээ асарч, хохирол өр төлбөрөө төлж барагдуулж байсан. Миний бие гэм буруу дээрээ огт маргаагүй ба хохирлоо бүрэн барагдуулсан. Хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа бөгөөд анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон зэргийг харгалзан үзэж 6 сарын хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. ...” гэв.
Хохирогч Т.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч нар хоорондоо ямар холбоотой байсныг мэдэхгүй. Миний хувьд байрандаа оруулна гэж л өгсөн. Тэр мөнгөөр би амьдралаа дээшлүүлэн байрны урьдчилгаанд өгөх гэж байсан. ...” гэв.
Хохирогч Т.Тын түүний өмгөөлөгч М.Ундармаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч нарын гаргасан гомдлын хувьд хэргийг хуулийн зүйлчлэлээр өөрчилж өгнө үү гэсэн агуулгатай гомдол гаргасан байна. Эын хувьд хэргийн үйл баримтын талаар маргаагүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирол, төлбөрийг төлсөн, бага насны хүүхэдтэй гэдэг үндэслэлээр хуулийн зүйлчлэлийг өөрчилж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан гэж ойлгож байна. Хэдийгээр хохирол, төлбөрийг барагдуулсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа анхнаасаа удаашралтай явагдсан. Хохирогч Т нь 2022 оны 7 дугаар сард гомдол гаргаснаас хойш нийтдээ 9 мөрдөн байцаагч, 2 прокурорын хяналтад байж өнөөдөр шүүхийн шатанд орж ирсэн байна. Энэ хугацаанд Э нь улсын хил даван гарч, Замын-Үүдээс цааш Эрээн хотод амьдарч байсан. Сард нэг удаа тойрч орж ирдэг нөхцөл байдалтай байсан. Хэрэв уг этгээдийг хилийн шалган нэвтрүүлэх дээр саатуулаагүй бол ял завших, хөөн хэлэлцэх хугацаа дуусах бүрэн боломжтой байсан. Энэ хугацаанд шүүхэд хэрэг иртэл хохирол, төлбөрийн талаар тухайн этгээд нэг ч удаа санал тавиагүй. Энэ үндэслэлээр гаргасан гомдол нь хэргийн зүйлчлэл, ялын төрөлд хамаарч байгаа болохоос биш өнөөдрийг хүртэл хохирогчид учруулсан хохирол, гэм, түүний нөхцөл байдлыг чин үнэн сэтгэлээсээ харгалзан үзсэн үйлдэл байхгүй гэж үзэж байна. Оын талаас Баасанжав өмгөөлөгч нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хамтран үйлдсэн байдал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлд зааснаар тогтоогдоогүй гэж тайлбарлаж байна. Гэвч О нь Тын эзэмшилд байгаа дансанд байсан мөнгийг Эын орон сууцыг түрээслэх нэрийдлээр хүмүүсийг урьдчилан холбож, уг мөнгийг Эаас авч өгсөн нөхцөл байдал тогтоогдсон. Хэрэв О энэ үйлдлийг хийгээгүй бол Этай уг үйлдэл хэрэгжих боломжгүй байсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтууд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан нотлох баримтууд бүрэн тусгагдсан. Уг гэмт хэрэг нь бүрэлдэхүүнтэй, хамтран үйлдсэн нь тодорхой байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад О нь 2,100,000 төгрөгийг төлсөн бөгөөд энэ нь өөрийн гэм бурууг илэрхийлж байгаа гэж үзэж байна. Өнөөдрийн байдлаар шүүгдэгч нар хохирлыг барагдуулсан гэж тайлбарлаж, энэ нь хөнгөрүүлэх нөхцөлд хамаарна гээд нэмээд хувийн байдлаа тодотгож ярьж байна. Хохирогч Т нь 2022 оны 7 дугаар сард 20,000,000 төгрөгийг өгсөн бөгөөд уг мөнгө нь тухайн хүний амьдралыг өөрчлөх боломжтой хэмжээний мөнгө байсан. Хохирогч нь 35 жил ажилласны дараа хуримтлуулсан мөнгөө өгсөн. Сэтгэцэд учирсан хор хохирлын талаар шүүхийн шийтгэх тогтоолд нарийвчлан тайлбарласан бөгөөд уг хор хохирол нь тухайн цаг хугацаанд хамаарах боломжгүй гэж үзсэн байна. Иймд хохирол, төлбөр төлөгдсөн эсэхийг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн дагуу шийдвэрийг хүчингүй болгож, өөрчлөлт оруулах нь зохимжгүй бөгөөд ингэснээр ийм төрлийн гэмт хэрэг илрүүлэх боломж алдагдана гэж үзэж байна. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэнд тооцохгүй бөгөөд маргаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ноцтой зөрчил гарсан нөхцөл байдал тогтоогдоогүй. Баасанжав өмгөөлөгчийн гаргаж өгсөн нотлох баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
Прокурор Э.Ууганзаяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нарын хувьд анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус журамлан бүлэглэн залилах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэж, шүүхээс шийтгэх тогтоол гарсан. Шүүхийн шийтгэх тогтоол нь хууль зүйн болон агуулгын хувьд зөрчилгүй, үндэслэлтэй гарсан шийдвэр гэж үзэж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол төлөх асуудлыг мөрдөгчийн зүгээс шүүгдэгч нарт удаа дараа тайлбарлаж, сануулж байсан. Гэвч шүүгдэгч нар нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд орж ирсний дараа, шүүх хуралдааны явцад шүүхээс тогтоосон хэмжээг хэсэгчлэн төлсөн байна. Өнөөдрийн байдлаар шүүгдэгч нарын өмгөөлөгчийн зүгээс гомдолд тусгагдсан агуулгын хүрээнд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн асуудлаар маргахгүй, хохирол төлсөн нөхцөл байдлыг дурдаж байгаа бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд эрүүгийн хариуцлага нь тухайн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн шинж, нийгмийн аюулын хэмжээнд тохирсон байх ёстой гэсэн агуулгыг баримталж байна. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдэгдсэн 2022 оноос хойш хохирогчийн зүгээс шүүгдэгч нараас хохирлоо нэхэмжилж, хохирлоо барагдуулах талаар хувь хүн, мөн мөрдөгч, прокурорт удаа дараа хандаж байсан боловч шүүгдэгч нар нь шүүхийн шийдвэр гарснаас хойш буюу 2025 оны 12 дугаар сарын 24-нөөс хойш, тухайлбал 2026 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр хохирлын төлбөрийг төлж эхэлсэн нөхцөл байдал тогтоогдож байна. Иймд өнөөдрийн байдлаар гэмшиж, хохирол төлж эхэлсэн нөхцөл байдал нь эрүүгийн хариуцлагын хэмжээг өөрчлөх үндэслэл болохгүй гэж үзэж байна. Учир нь үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, хэмжээ, гэм буруугийн хэлбэрт анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийж, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Б.Эын өмгөөлөгч Д.Содномдорж, шүүгдэгч Д.О, түүний өмгөөлөгч Ж.Баасанжав нарын гаргасан давж заалдсан гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Шүүгдэгч Д.О, Б.Э нар нь бүлэглэн 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хохирогч Т.Тд Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Орчлон” 21 дүгээр хороолол, ХД .. дугаар байрны ... тоотын 2 өрөө орон сууцыг түрээслүүлнэ гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 20.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Хохирогч Т.Т /1хх34-36/, гэрч Б.Т /1хх50-52/, гэрч У.У /1хх55-57/, гэрч Ж.М /3хх231-232/, яллагдагч Д.О /3хх..-46, 68-69/, 244-246/, яллагдагч Б.Э /3хх239-240/ нарын мэдүүлгүүд,
гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1хх27/, хохирогч Т.Тын Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргасан өргөдөл /1хх28/,
2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 2087 дугаартай зээлдүүлэгч Т.Т, зээлдэгч Д.Э нарын дунд байгуулагдсан зээлийн гэрээ, иргэний үнэмлэхийн хуулбар, Т.Тын Хаан банкны ................. тоот 20.000.000 төгрөг шилжүүлсэн дансны хуулга /1хх60-64, 131-134/,
Б.Эын Хаан банкны .................. тоот дансны хуулга /1хх67/, ................. тоот дансны хуулга /1хх85-107/, Б.Тийн Хаан банкны ................. тоот дансны хуулга /1хх68/,
Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, 21 дүгээр хорооллын ХД-.. дугаар байрны ... тоот хаягт байршилтай орон сууцны гэрчилгээний хуулбар /2хх248, 3хх1../,
2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 80 дугаартай “Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, 21 дүгээр хорооллын ХД-.. дугаар байрны ... тоот хаягт байршилтай орон сууцны шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан прокурорын тогтоол /3хх218-219/,
Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, 21 дүгээр хорооллын ХД-.. дугаар байрны ... тоот хаягтай орон байранд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3хх227-229/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 1048 дугаартай “...Т.Тын сэтгэцэд 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хүндэвтэр түвшинд илэрч байна. Дээрх шинжүүд нь хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна. Шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд хариулах боломжгүй. ...” гэх шинжээчийн дүгнэлт /3хх25-27/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан, шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Д.О, Б.Э нарыг бүлэглэн залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч Б.Эын өмгөөлөгч Д.Содномдорж “...Б.Э нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирлын барагдуулсан, бага насны хүүхэдтэй, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...мөн орон сууцны шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэсэн,
Шүүгдэгч Д.Оын өмгөөлөгч Ж.Баасанжав “...бүлэглэн үйлдэл нь эргэлзээтэй, нотлогдон тогтоогдоогүй. ...Шүүгдэгч Б.Оыг 20.000.000 төгрөгийг залилж авсан гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй бөгөөд хохирогчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр Б.Этай гэрээ байгуулж түүний дансанд мөнгөө шилжүүлсэн. ...Иймд гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ..." гэсэн,
Шүүгдэгч Д.О “...хохирол төлсөн болон хувийн байдлыг харгалзан үзэж хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргасныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Учир нь, Б.Э, Д.О нар нь 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хохирогч Т.Тд Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Орчлон” 21 дүгээр хороолол, ХД-.. дугаар байрны ... тоот орон сууцыг түрээслэн, зээлийн гэрээний хугацаа дуусах хүртэл түр хугацаагаар суулгана гэж 20,000,000 төгрөгийг авсан байх боловч бодит байдалд Б.Э нь 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Ж.М гэх иргэнээс 25 сая төгрөгийг 2 жилийн хугацаатай зээлж, зээлийн хүүнд нь тухайн орон сууцыг түрээсэлж, Ж.М нь амьдарч байсан байхаас гадна хохирогч Т.Таас авсан 20.000.000 төгрөгөөр Д.О нь мөрийтэй тоглоом тоглож алдсан үйл баримт тогтоогдож байна.
Дээрх нөхцөл байдал нь хохирогч Т.Тын “...2022 оны 07 дугаар сарын 25-ны өглөө ................. гэсэн дугаараас 9 цагт эрэгтэй хүн залгаад “Орчлон хорооллын .. дугаар байрны 2 өрөө байр байгаа, одоо эгч очиж үзүүлнэ, тан руу залгана” гээд салгасан. Үүнээс хойш 10 минутын дараа миний утас руу ................. дугаараас эмэгтэй хүн залгаад “байр үзүүлэх хүн байна, хаана очиж уулзах уу” гэхээр нь би Сонгинохайрхан дүүрэг дээр ажилдаг талаар хэлсэн чинь “Орчлон хорооллын ..-р байрны ... тоот манай байшин байгаа юм, байраа ороод үзчих” гэсэн. Тэгээд байр руу орж үзэхэд 6 ам бүлтэй айл байсан бөгөөд “тухайн айл нь манай 18.000.000 төгрөг зээлүүлээд байранд суугаад 1 жил болж байна, одоо мөнгөө буцааж авбал байрнаас гарна” гэж хэлж байсан. ...Сонгинохайрхан дүүргийн хажуу талын нотариатын газарт орж Б овогтой Этай зээлийн гэрээ хийж, 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс байранд нүүж орохоор болсон. Тэгээд би Эын Хаан банкны ................. дугаартай данс руу өөрийн Хаан банкны ................. дугаартай данснаас 20.000.000 төгрөг шилжүүлж өгсөн. Би 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Эын ................. дугаар руу залгахад утсаа авахгүй байсан. Тэгээд 27-ны өдөр утсаа аваад “Эгч таныг байрандаа оруулж чадахгүй болчихлоо, таны мөнгийг эргүүлж өгнө, та дансаа өгчих гэж хэлсэн”, түүнээс хойш утсаа авахгүй болсон. ...Тэгээд би цагдаад өргөдөл өгсөн. 07 дугаар сарын 29-ний өдөр Эын ажиллуулдаг гэх Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байх Цагааннуур хүнсний дэлгүүр дээр очсон чинь Э “би таны мөнгийг О гэдэг хүнд өгсөн, одоо ирнэ” гэсэн. Би дэлгүүрт нь хүлээж байхад цагдаа хувцастай дэд ахлагч цолтой Д овогтой О гэдэг хүн орж ирээд “би таны мөнгөөр мөрийтэй тоглоод алдчихсан, эргүүлж өгнө” гэж хэлсэн. Тэгээд би Эын дэлгүүрт мөнгөө авна гэж хоноод маргааш нь 07 дугаар сарын 30-ны өдөр Оын нэр дээр өргөдөл гаргасан. ...хохирлоо төлүүлмээр байна. ...” /1хх34-36/,
гэрч Ж.Мийн “...Энэ байрны жинхэнэ эзэмшигч нь Б.Э, Л.Баатарсүрэн гээд эхнэр, нөхөр 2 байдаг. Би энэ байранд 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр уг байрны эзэмшигч Б.Этай уулзаад уг байрыг түрээслэхээр болсон. Ингээд 2 жилийн хугацаатай 25 сая төгрөг зээлүүлж мөнгөний хүүнд нь уг байранд амьдрахаар болсон. 25 сая төгрөгөө Эд өгч гэрээгээ байгуулах гэтэл нотариат нь 25 сая төгрөг нь их хэмжээний мөнгө учир иргэн хооронд шилжүүлэхээр мөнгө хүүлэгч гэж үздэг тул аж ахуй нэгжийн нэрээр шилжүүлбэл болно гэж хэлсэн. Тэгээд би өөрийн хадам ах Х.Т “..........” ХХК-ийн нэрээр, харин Б.Э нь өөрийн төрсөн аав Х.Б “................” ХХК-ийн нэрээр хоорондоо гэрээ байгуулсан. ...” /3хх231-232/ гэх мэдүүлгүүд,
гэрч Б.Тийн “...2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Отай уулзахад “би гар утсаар нэг апп-аар орж тоглоом тоглоод мөнгөө өсгөж ломбардад тавьсан гар утсаа авмаар байна” гэж хэлсэн. Тэгээд миний гар утсаар онлайн покер тоглоом тоглож 1 цагийн дотор 300.000 төгрөгийг 1.000.000 төгрөг болгосон. Тэгээд бид 2 маргааш уулзъя гээд салсан. 2022 оны 07 дугаар сарын 23-ны өдөр ажлаасаа чөлөө авахаар явж байхдаа ээжийн ажиллуулдаг дэлгүүр дээр очиход О гэдэг цагдаатай тааралдсан. Тэгээд би ажил руугаа явсан чинь хамт явъя гээд хамт явж байсан чинь О “Баянгол дүүрэг, Элбэг их дэлгүүрийн урд талд байрлах GS-25 дэлгүүр оръё” гээд хамт орсон. Дэлгүүр ороод идэж, уух юм аваад тооцоо хийхэд миний дансанд 10.295.000 төгрөгийн үлдэгдлийг О хараад “2-лаа хамт өчигдөр тоглосон шиг тоглоё” гэж хэлээд миний данс руу 200.000 төгрөг хийчих гээд Хаан банкны ................. дугаартай данс руу миний Хаан банкны ................. дугаартай данснаас “Pizza” гэдэг утгаар шилжүүлсэн. Тэр мөнгөөр О тоглоод алдсан. О миний данс руу 300.000 төгрөг хийчих гээд “би өөрөө цэнэглэж тоглоно” гэсэн Хаан банкны ............. дугаартай өөрийнхөө данс руу 300.000 төгрөг хийлгэсэн. Ахиж тоглоод мөнгөө алдаад мөнгө нь дуусах үед “мөнгө дууслаа өсгөөд өгнө” гээд 400.000 төгрөг нэхээд байхаар нь Хаан банкны ................... дугаартай данс руу 1 гэдэг утга бичээд шилжүүлсэн. Хэсэг хугацааны дараа “мөнгөө алдчихлаа, би мөнгөтэй ширээнд тоглож алдсан мөнгөө олмоор байна” гээд 1.000.000 төгрөг өөрийнхөө Хаан банкны ................. дугаартай данс руу шилжүүлсэн. Тэгээд миний мөнгө дуусаад байж байхад ээж Э над руу 4.500.000 төгрөг шилжүүлсэн. Тэр мөнгө шилжиж орж ирсэн гэдгийг О мэдээд Хаан банкны ....................... дугаартай данс руу “Pizza” гэдэг утгаар 1.900.000 төгрөг шилжүүлсэн. Тоглож мөнгөө алдаад үлдэгдэл 170.000 төгрөгийг буцааж таталт хийж миний Хаан банкны ................. дугаартай данс руу шилжүүлж авсан. Жаахан байж байгаад ахин тоглохоор болоод Хаан банкны.................. дугаартай данс руу 240.000 төгрөг “Pizza” гэдэг утгаар шилжүүлээд мөнгөө дууссан. Тэгээд энэ мөнгөөр тоглоод алдсан бүх мөнгөө олчихно гээд О үлдэж би гэр рүүгээ харьсан. Маргааш нь би хөдөө явж аялж байгаад 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр ирсэн. Ирэхэд мөнгөө олж чадаагүй алдсан гэж байсан. ...Тухайн мөнгө нь манай ээж Эын мөнгө байсан. ...Ээж Эаас мөнгө нэхээд ажиллуулдаг дэлгүүрийн лангууны ар талд орж ирээд мөнгө нэхээд байдаг байсан. ...” /1хх50-52/,
гэрч У.Уын “...О над руу залгаад “Баянгол дүүргийн Эх нялхас дээр хүрээд ир” гэж хэлсэн. Би Эх нялхас дээр очоод залгахад “Эх нялхас эмнэлгийн урд талд байх хүнсний дэлгүүр дотор ороод ир” гэхээр нь тухайн дэлгүүрт очиход О нь дэлгүүр ажиллуулдаг Э гэх эмэгтэй болон хүүхдүүдтэй нь хамт байсан. Тэгээд намайг ороход бүгдээрээ нийлж хоол захиалж идсэн. Хоолоо идэж дуусахад О надад хэлэхдээ “Энэ эмэгтэйд 18.000.000 төгрөг байна, намайг онлайн покер тоглоод хожсон мөнгөнөөс нь өөрийн авах ёстой авлагаа ав гэж байна. Би 2-р утсаар зэрэг 1 ширээнд сууж тоглоод мөнгө хожно, чи надад гар утсаа өгчих” гэхээр нь өөрийн хэрэглэдэг Самсунг А-20 маркийн гар утсаа Оад өгсөн. Тэгээд О миний гар утсыг аваад Эд “мөнгөө хийчих тоглоё” гэж хэлэхэд Э “надад 18.000.000 төгрөг байна, бүгдийг нь авч тоглоод өсгөчих” гэж хэлсэн. ...Тэрнээс хэд хоногийн дараа О надад “Э эгч залгаад байна, миний тоглож алдсан мөнгө хүний мөнгө байсан, нөгөө хүн нь мөнгөө нэхээд байна” гэж хэлж байсан. ...Сүүлд 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Оыг тоглож байхад “өмнө нь алдсан мөнгө гаргаж өг” гэж хэлж байсан. ...тухайн мөнгийг ...Э байраа түрээслээд олсон гэж байсан. ...” /1хх55-57/,
яллагдагч Д.Оын “...Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед би Т.Т гэх хүн рүү утсаар ярьж байр түрээслүүлэх талаар бол ярьсан. Гэхдээ мөнгийг нь бол залилж аваагүй, авсан мөнгийг нь мөрийтэй тоглоод алдсан нь үнэн. ...Тухайн үед би Ттай “Сонгинохайрхан дүүргийн Орчлон хороололд түрээслэх байр байгаа та энэ хүнтэй яриарай гэж хэлээд Эын утсыг нь өгсөн. ...Бид 2-н дунд ямар нэгэн өр авлага байхгүй, ...Би хохирлын мөнгөнөөс 3 сая төгрөг төлсөн. Одоо мөнгө цуглуулж үлдсэн мөнгийг нь өгч барагдуулна. ...” /3хх..-46/, дахин өгсөн “...Э эгчтэй бүлэглэсэн зүйл байхгүй. Э эгчээс авсан мөнгөөр мөрийтэй тоглоод дуусгасан. Хохирлыг төлж барагдуулна. ...” /3хх68-69/, дахин өгсөн “...Би Б.Эд 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр зарын дагуу 5 сая төгрөг 1 өдрийн 10%-ийн хүүтэй зээлсэн. Энэ мөнгөний 4.3 сая төгрөгийг өгч үлдсэн 700.000 мянган төгрөгийг хүүтэй нь гэхээр 2.700.000 мянган төгрөг надад өгөх байсан боловч өгч чадаагүй. За ингээд Э нь хэсэг хугацааны дараа намайг дуудаад “Надад 18 сая төгрөг байна, чи энэ мөнгөөр цахим мөрийтэй тоглоом тоглоод хожсон мөнгөөрөө чи өөрийн 2.700.000 мянган төгрөгөө ав” гэж хэлсний үндсэн дээр тохиролцож би цахим мөрийтэй тоглохоор болсон. ...Ингээд нийт би Б.Эаас нийт 33.500.000 мянган төгрөгийг цахим мөрийтэй тоглоом сайт болон өөрийн дансыг цэнэглүүлж алдсан. ...Б.Эаас болж энэ хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байна. ...Цахим зар дээр байр түрээсэлнэ гэсэн зарын дагуу холбогдож хохирогч Тыг Б.Этай холбож өгсөн. Учир нь Б.Э нь байр түрээслэх хүн олж өгөөч надад Орчлон хорооллын ... тоотод 2 өрөө байр байдаг гэж байсан. ...Хохирогч Тд 2.100.000 мянган төгрөг өгсөн. Үлдсэн 17.900.000 мянган төгрөгийг хувааж төлье гэхээр хохирогч Т авахгүй, бөөнд нь нэг дор авна гээд миний өгье гэсэн 5 сая төгрөгийг аваагүй. Одоо цаашид хохирогчид сар бүрийн тогтсон хугацаанд 1-1.5 сая төгрөгийг төлж чадна. Цаашид 1 жилийн дотор төлж барагдуулах хүсэлтэй байна. ...” /3хх244-246/,
яллагдагч Б.Эын “...Оад ганцхан хохирогч Т.Тын мөнгийг өгөхөөс гадна охины хадгаламж, өөрийн мөнгө гээд 25 сая орчим төгрөг өгөөд авч чадахгүй, өөрөө өрөнд орж залилангийн хэрэгт яллагдагчаар татагдаад байна. ...” /3хх239-240/ гэх мэдүүлгүүд болон 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 2087 дугаартай зээлдүүлэгч Т.Т, зээлдэгч Д.Э нарын дунд байгуулагдсан зээлийн гэрээ, иргэний үнэмлэхийн хуулбар, Т.Тын Хаан банкны ................. тоот 20.000.000 төгрөг шилжүүлсэн дансны хуулга /1хх60-64, 131-134/, Б.Эын Хаан банкны ................. тоот дансны хуулга /1хх67/, ................. тоот дансны хуулга /1хх85-107/ зэрэг бичгийн баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэдийгээр Д.О, Б.Э нар нь урьд танилын харилцаатай биш, найз нөхөд, садан төрлийн холбоо байхгүй боловч амар хялбар аргаар ашиг хонжоо олох гэсэн шунахайн сэдэлттэйгээр үйлдлээрээ санаатай нэгдэж, хохирогч Т.Тыг “байрандаа амьдруулна” гэж хуурч, бодит байдлыг нууж түүний шилжүүлсэн 20.000.000 төгрөгөөр цахим орчинд мөрийтэй тоглож хохирогчид хохирол учруулсан байх тул шүүгдэгч нарын энэхүү үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна гэж давж заалдах шатны шүүх үзэв.
Тодруулбал, залилах гэмт хэргийн үндсэн шинжид гэмт этгээд бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлэх, хуурч мэхлэх аргаар авахын зэрэгцээ уг эд хөрөнгийг буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилготой байдгаараа иргэний эрх зүйн харилцаанаас яллагддаг бөгөөд шүүгдэгч Б.Э өөрийн эзэмшлийн орон сууцыг бусдад түрээслүүлсэн атлаа хохирогч Т.Тд түрээслүүлнэ гэж түүнээс мөнгө зээлж, зээлсэн мөнгөний хүүнд орон сууцандаа суулгахаар тохиролцсон. Энэхүү тохиролцоог хийхэд Д.О нь цахим орчноос хохирогчийн тавьсан зарын дагуу Б.Э, Т.Т нарыг холбож улмаар хохирогчийг хуурч, тухайн орон сууцанд оруулах боломжгүй гэдгийг мэдсээр байж бодит байдлыг нууж 20 сая төгрөгийг авсан шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж заасан шинжийг хангасан, гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Түүнчлэн, анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарыг тус тус 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь тэдний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, шударга ёсны зарчимд нийцсэн хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр болжээ.
Нөгөө талаар, шүүгдэгчийн ар гэрийн нөхцөл байдал, боломж бололцоо, хүсэл сонирхолд нийцүүлэн ялыг багасгах эсхүл өөрчлөн оногдуулах боломжгүй болно.
Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч Содномдорж давж заалдах гомдлын үндэслэлдээ “Сонгинохайрхан дүүргийн прокурорын 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 80 дугаартай тогтоолоор Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, 21 дүгээр хороолол, ХД-.. дугаар байрны ... тоот улсын бүртгэлийн Ү-.................. дугаартай орон сууцны шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч нарыг хохирогчид төлбөл зохих хохирол төлбөртэй гэж дүгнэж, шүүгдэгч Б.Эаас 4.500.000 төгрөгийг, Д.Оаас 7.900.000 төгрөгийг тус тус гаргуулахаар шийдвэрлэсэн байх бөгөөд дээрх хохирол төлбөрийг хохирогч Т.Тд төлж барагдуулах хүртэл хугацаагаар шүүгдэгч Б.Эын эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, 21 дүгээр хороолол, ХД-.. дугаар байрны ... тоот улсын бүртгэлийн Ү-.................. дугаартай орон сууцны шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан прокурорын тогтоолыг хэвээр үргэлжлүүлснийг буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Түүнчлэн, гуравдугаар хавтас хэргийн 25-27 дугаар талд Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 1048 дугаартай “...Т.Тын сэтгэцэд 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хүндэвтэр түвшинд илэрч байна. Дээрх шинжүүд нь хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна. Шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд хариулах боломжгүй. ...” гэх шинжээчийн дүгнэлт авагдсан, хохирогч Т.Т, түүний өмгөөлөгч “...Миний хохирол төлбөрийг барагдуулсан ч би сэтгэл санааны хувьд хохиролтой байна. 2022 оноос энэ бүх хугацаанд би 20.000.000 төгрөгөөс ашиг олох, байрны урьдчилгаанд өгөх боломжтой байсан. ...” гэсэн тайлбарыг өгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан боловч анхан шатны шүүхийн “...Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-д заасан зохицуулалт нь 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдөр дагаж мөрдөхөөс өмнө үйлдэгдсэн гэмт хэргийн хор уршгийг шийдвэрлэхэд үйлчлэх эрх зүйн үндэслэлгүй, хууль буцаан хэрэглэхгүй тул хохирогч Т.Тд сэтгэцэд учирсан гэм хорын нөхөн төлбөрийг олгох боломжгүй...” талаарх хууль зүйн дүгнэлт үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Б.Эын өмгөөлөгч Д.Содномдорж, шүүгдэгч Д.О, түүний өмгөөлөгч Ж.Баасанжав нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө шүүгдэгч Б.Э нь 4.500.000 төгрөгийн, шүүгдэгч Д.О нь 7.900.000 төгрөгийн хохирлыг хохирогч Т.Тд төлж барагдуулсан байгааг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэж заасны дагуу шүүгдэгч Д.О, Б.Э нарын 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 85 хоногийг тэдний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/2526 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Эын өмгөөлөгч Д.Содномдорж, шүүгдэгч Д.О, түүний өмгөөлөгч Ж.Баасанжав нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О, Б.Э нарын 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл 85 /наян тав/ хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
3. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор гаргуулахаар шийдвэрлэсэн 4.500.000 төгрөгийг шүүгдэгч Б.Э нь, 7.900.000 төгрөгийг шүүгдэгч Д.О нар нь тус тус хохирогч Т.Тд төлж барагдуулсан болохыг дурдсугай.
4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА