| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2026/00300/И |
| Дугаар | 103/ШШ2026/00361 |
| Огноо | 2026-03-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 103/ШШ2026/00361
2026 03 20 103/ШШ2026/00361
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн дугаар хороо, МН тауэрын 205 тоотод байрлах, Централ капитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн дугаар хороо, Замчингийн дугаар гудамжны тоотод оршин суух, ******* ******* овогт *******ийн *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 832.527 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Централ капитал ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Зээлдэгч Б.******* нь 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр манай банк бус санхүүгийн байгууллагын КМОВIMN цахим зээлийн үйлчилгээнд №17804 дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж, мөн өдөр 310.000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай, 25.700 төгрөгний шимтгэлтэй, хугацаа хэтэрсэн тохиолдолд сарын 4 хувийн хүүтэй тохиролцож зээлсэн. Б.******* нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, авсан зээлээ гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулалгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болно. Иймд №17804 дугаартай зээлийн гэрээний үүрэгт зээлийн үндсэн төлбөр 310.000 төгрөг, шимтгэл 25.700 төгрөг, хүү 496.827 төгрөг, нийт 832.527 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Б.******* миний бие эрүүл мэндийн асуудлаас болж 2023 онд ажлаасаа гарсан. Энэ хугацаанд миний авсан бусад зээл шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад очиж, бүх банкны данс битүүмжлэгдсэн. Тиймээс Централ капитал ББСБ-аас эвсан уг зээлийг өөрийн боломжоор 2026 оны 04 сарын 25 болон 2026 оны 05 сарын 25-ны өдөр хоёр хуваан төлөх хүсэлтэй байна гэжээ. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жавхаа шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Централ капитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.*******д холбогдох иргэний хэрэгт хариуцагчаас ирүүлсэн хариу тайлбартай уншиж танилцав. Хариу тайлбарыг зөвшөөрч байгаа тул эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Зохигчид эвлэрэн хэлэлцэж, хариуцагч Б.******* 832.527 төгрөгийг хоёр хуваан төлөхийг нэхэмжлэгч Централ капитал ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Централ капитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* овогт *******ийн *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 832.527 төгрөг гаргуулах иргэний хэрэгт хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлага 832.527 төгрөгийг 2026 оны 04 сарын 25-ны өдөр, 2026 оны 05 сарын 25-ны өдөр 2 хуваан төлөхөөр эвлэрсэн эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24.531 төгрөгөөс 12.265,5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 12.265,5 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Б.Шигүүндариас 12.265,5 төгрөгийг тус тус гаргуулж, Централ капитал ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.СОЛОНГО