| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүндсамбын Энх-Амгалан |
| Хэргийн индекс | 146/2018/0059/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/68 |
| Огноо | 2018-09-07 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 2018/ШЦТ/68
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж,
Нарийн бичгийн дарга А.Батцог,
Улсын яллагч Д.Алимаа,
Шүүгдэгч Д.Ш, түүний өмгөөлөгч Д.Дашцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Д.Шт холбогдох эрүүгийн 1827001160059 тоот хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны ..... өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа Өвөрхангай аймгийн .........гэх газар оршин суух, урьд ял шийтгэлгүй, гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овгийн Д.Ш
Холбогдсон хэргийн талаар:
Яллагдагч Д.Ш нь хохирогч Б.Б-ын 2017 оны 11 дүгээр сарын 20-ны үеэр Өвөрхангай аймгийн Бүрд сумын 2 дугаар багийн нутгаас алдсан 2 тооны алдуул адууг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш буюу 1.400.000 /нэг сая дөрвөн зуун мянган/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд:
Шүүгдэгч Д.Ш шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэгтээ: “Би 2018 оны 01 дүгээр сарын дундуур хар азаргатай адуугаа тарааж алдсан. Манай хар азарга 2 гүүтэй явж байна гэж дуулаад очтол мөн байсан. Азаргаа тухайн хоёр гүүнээс салгах гэтэл салахгүй болохоор хамт олж ирж адуундаа нийлүүлсэн. Би тухайн хоёр гүүг ойр байдаг айлуудаас асуусан боловч нэг ч хүн танихгүй байсан. Хавар болж 2018 оны 06 дугаар сард би адуугаа дэллэж байгаад нэг хээр гүүг нь хашаанд орохгүй болохоор уургалаад таттал зүүн хойд хөл нь хугарч гэмтсэн. Тийм учраас би тухайн гүүг зарж борлуулсан” гэв.
Хохирогч 1971 онд төрсөн Б.Б мөрдөн байцаалтанд 2018-07-03-нд өгсөн мэдүүлэгтээ: “Манайх Өвөрхангай аймгийн Бүрд сумын 4 дүгээр багт оршин суудаг. 2017 оны 11 дүгээр сарын 20-ны үеэр Өвөрхангай аймгийн Бүрд сумын 2 дугаар баг “Эрээн уул”гэх газраас азаргатай 18 тооны адуугаа алдсан. Тухайн үед сураг тавьж энэ тэрэнгээр эрж хайгаад олоогүй. 2018 оны 04 дүгээр сарын 20-ны үеэр би алдсан адуунаасаа 4 тооны адууг нь Хужирт сумын 1 дүгээр багийн нутгаас олсон. 2018 оны 06 дугаар сарын сүүлээр цагдаагаас над руу утсаар залгаж Ш гэдэг айлын адуунд танай тамгатай 1 хээр гүү байна гэнэ. Хоёр хээр гүү байсан сурагтай байна нэгийг нь зарчихсан юм шиг байна очоод мөн мөн байна уу үзээдэх гэсэн. Би 2018 оны 07 дугаар сарын 03-ны өглөө Ш гэдэг айлд очиж адууг нь шүүж үзэхэд манай нэг тооны хээр гүү адуунд нь байсан. Танай адуунд манай ахиад нэг гүү байсан сурагтай байна тэр хаана байна гэсэн чинь Ш гэж залуу танай хээр гүүний дэлийг нь засах гэсэн чинь хөл нь гэмтсэн тэгэхээр нь зарчихсан би тэр гүүг чинь төлөөд өгчихье гээд байсан. Ш надад хэлэхдээ манайхыг өвөл Зүүнбаян-Улаан сумын Цахиуртын бригад гэх газар өвөлжиж байхад танай хоёр тооны хээр гүү манай хар азаргатай адууг 3 сард дагаж ирсэн гэж хэлсэн. Манай адуу өвөл сарниж тараад хоёр хээр гүү маань Ш гэж айлын адуунд нийлсэн юм шиг байна лээ. Гэхдээ яг ямар учиртай тэдний адуутай нийлсэн талаар мэдэхгүй байна. Өнгөрсөн өвөл их цастай зудтай байсан учир айлын адуунууд их тарж сарнисан. Манайх зүрхэн тамгатай. Миний хоёр гүү зүүн талынхаа хаан дээрээ зүрхэн тамгатай зарим хүмүүс будан тамга гэж ярьдаг. Миний хоёр тооны хээр гүү нэг нь 5 настай, нөгөө нь 6 настай. 5 настай гүүгээ 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр, 6 настай гүүгээ 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр нийт 1.400.000 /нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр үнэлнэ. Би Ш-ээс зарсан гүүнийхээ хохирлыг авмаар байна. Өөр гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-25 дугаар хуудас/,
Гэрч 1983 онд төрсөн М.Э мөрдөн байцаалтанд 2018-07-04-нд өгсөн мэдүүлэгт: “...Би Өвөрхангай аймгийн Хужирт суманд хувиараа мал авч Улаанбаатар хот оруулж зардаг. Д.Ш гэж залуу 2018 оны өвөл надаас 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн малын өвс тэжээл авч дараа нь мөнгийг нь өгье гээд зээлж авч байсан. Түүний дараа Д.Ш надад мөнгөнийхөө оронд 3 тооны адуу өгөхөөр болсон. Би Д.Ш руу 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр залгаж өвөл өгсөн малын өвс, тэжээлийнхээ оронд авах 3 тооны адуугаа авъя гэж ярихад та хүрээд ир гэсэн тэгэхээр нь би өөрөө тухайн үед завгүй байсан болохоор О гээд өөрийнхөө том тэрэгийг Улаанбаатар хот руу бариулж явуулдаг залууг Д.Шынх руу машинтайгаа явуулсан. Тэр өдөр Д.Ш миний машинтай явуулсан О гэж залууд 2 тооны адуу өгч явуулсан байсан. Би Д.Ш руу гар утсаар залгаж яагаад 3 адуугаа гүйцэт өгч явуулсангүй бэ гэсэн чинь бусад адуугаа олсонгүй дараагийн ачилтан дээр чинь өгчихье гэж хэлсэн. Би Д.Шынхаас авсан 2 тооны адуу бусад газраас авсан малынхаа гарал үүслийн бичгийг 2018 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хийлгэсэн. Тэгээд Улаанбаатар хот орж ачиж явсан малаа Эмээлт зах дээр зарсан. Д.Ш надад 2 тооны гүү өгсөн. Нэг нь зүүн талын хаан дээрээ зүрхэн тамгатай, дэлийг нь зассан, 6 настай гүү байсан. Нөгөөх нь зүүн талын гуян дээрээ чандмань тамгатай, дэлтэй бор хээр гүү байсан. Би тухайн хоёр гүүг тус бүр 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр бодож өрөндөө авсан юм. Д.Ш надад хэлэхдээ ах би танд гэмтсэн хөлтэй хээр гүү өгсөн шүү гэж хэлсэн. Би хөл нь яасан юм эдгээд бороолчихсон юм уу гэсэн чинь үгүй ерөөөсөө хөл нь уургалаад татсан чинь хугараад гэмтчихсэн юм гэж надад хэлсэн. Тухайн хээр гүүний хөл нь зүгээр, дэлийг нь засчихсан тэдний тамганаас өөр тамгатай байсан...” гэсэн мэдүүлэг /хх 33-34 дүгээр хуудас/,
Гэрч 1975 онд төрсөн Р.Г мөрдөн байцаалтанд 2018-08-25-нд өгсөн мэдүүлэгт: “...Д.Ш нь 2018 оны 01 дүгээр сарын үеэр хар азаргатай адуугаа сарниулаад алдчихлаа гэж байсан. Тэр 2018 оны 02 дугаар сарын үеэр надад хэлэхдээ би хар азаргаа хоёр тооны хээр гүүтэй явж байхад нь олж авлаа танай адуу биш биз гэж надаас асуусан. Би тэдний адуунд очиж хоёр тооны хээр гүү харсан миний гүү биш байсан. Тэр хоёр гүү дэлтэй байсан. Би хараад манайх биш байхаар нь тамгыг нь анзаарч хараагүй. Д.Ш-ыг хар азаргатай адуугаа хайгаад явж байхад нь тэр хоёр тооны гүү хар азаргатай нь хамт гурвуулаа “Нударгын мод” гэдэг газар байсан гэсэн. Намайг очиж харахад тэр хоёр тооны хээр гүү л хар азаргатай адуунд нь байсан...” гэсэн мэдүүлэг /хх 37-38 дугаар хуудас/,
Гэрч 1975 онд төрсөн Г.Б мөрдөн байцаалтанд 2018-08-28-нд өгсөн мэдүүлэгт: “...Б.Б нь манай Өвөрхангай аймгийн Бүрд сумын цагдаагийн хэсэг дээр өөрийн биеэр 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр ирж өөрийнхөө адууг сарниулж алдчихаад олдохгүй байна гэж хэлээд надад бүртгүүлж байсан. Бүртгэл нь манай цагдаагийн хэсгийн алдуул малын бүртгэл дээр байгаа. Тухайн үед адуугаа эрж хайгаад олдохгүй байна ямар ч байсан бүртгүүлчихье гэж хэлээд бүртгүүлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх 45-46 дугаар хуудас/,
Шүүгдэгч Д.Ш нь 2017 оны 11 дүгээр сарын 20-ны үеэр Өвөрхангай аймгийн Бүрд сумын 2 дугаар багийн нутгаас алдсан 2 тооны алдуул адууг бусдын өмчлөлд байгаа мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдсон, энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгчийг яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтыг хангалттай цуглуулж тогтоосон, шинжээчийн дүгнэлт болон бусад баримт зэргийг хууль ёсны нотлох баримтууд гэж үнэлсэн бөгөөд шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гэм буруугийн асуудлаар тусгайлсан санал гаргаагүй болно.
Хэргийг Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн.
Иймд шүүгдэгч Д.Ш-т холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч Д.Ш-ыг алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Д.Ш нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тус тус харгалзан үзэж, түүнд шүүх ял оногдуулсан болно.
Энэ хэрэгт шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй болохыг,
шүүгдэгч Д.Ш-ын эзэмшлийн 1.000.000 /нэг сая/ төгрөгийн үнэ бүхий 2 тооны адууг битүүмжилсэн мөрдөгчийн санал бүхий прокурорын 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 29 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэснийг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН