Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 2026/ДШМ/58

 

2026             01            14                                                                               2026/ДШМ/58

 

Э.М-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Баасанбат, шүүгч Ц.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор П.Итгэл,

яллагдагч Э.М-, түүний өмгөөлөгч Т.Уянга, 

нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааны 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2025/ШЗ/7332 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч яллагдагчийн өмгөөлөгч Т.Уянгын гаргасан давж заалдах гомдлоор Э.М-д холбогдох 2503010741057 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв.

Д- овгийн Э-ын М-, ........, ял шийтгэлгүй, /РД:Э-/;

Яллагдагч Э.М- нь Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр Дамдинсүрэнгийн гудамж “Хард рок”-ын баруун талд “Сэлбэ” голын гүүрний зүүн талын явган хүний гарц дээр 2025 оны 08 сарын 26-ны өдөр “Тоуоta prius” маркийн Э- УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Г.Д-г мөргөж эрүүл мэндэд нь “баруун шуу ясны доод булуу, богтос ясны шөвгөн сэртэнгийн далд хугарал, зүүн шаант ясны эдийн няцрал, зүүн өвдөгний урд чагтан холбоосын суналт, зүүн шилбэний булчингийн хальсны урагдал, цус хуралт, баруун сарвууны эрхий, дунд, ядам хуруунд зулгаралт, дух,  баруун чамархай, баруун өгзөг, өвдөг, хоёр гуя, шилбэнд цус хуралт баруун шагайн үений зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн шуу, өгзөг, тавхайд зулгаралт” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Э.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд талуудын гаргасан хүсэлт, гомдлоор, эсхүл шүүгч өөрийн санаачилгаар дараахь асуудлыг хянан хэлэлцэж шийдвэр гаргана”, 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол” гэж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шинжээчийн дүгнэлт бүрэн бус, эсхүл шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон, эсхүл үндэслэлгүй, эсхүл үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй гэж үзвэл шүүх, прокурор, мөрдөгч шинжилгээ хийлгэх шийдвэр гаргаж, Шүүх шинжилгээний тухай хуулийн 27, 28 дугаар зүйлд заасан нэмэлт. эсхүл дахин шинжилгээ хийлгэнэ” гэж,

Шүүх шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт “Шинжээчийн дүгнэлт нь шинжилгээний бодит үр дүнг тусгасан, шинжлэх ухааны тодорхой арга зүйд тулгуурласан, шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд гарсан байна” гэж, 5 дугаар зүйлийн 5.2.8-д “шинжээч шинжилгээ хийхдээ шинжлэх ухааны үндэслэл бүхий арга аргачлал, шинжилгээ хийх үйл ажиллагааны стандартыг баримтлан шинжилгээг тал бүрээс нь бүрэн бодитой хийж, дүгнэлт гаргах бөгөөд дүгнэлтийн үндэслэлийг шинжээч өөрөө хариуцах” гэж тус тус хуульчилжээ. Иймд хохирогч Г.Д-гийн өмгөөлөгч Э.Батбаяраас гаргасан хүсэлтийг хүлээн авч, Тээврийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.М-д холбогдох                                       “2503010741057” дугаартай хэрэгт дахин шинжилгээ хийлгэсний эцэст хэргийг хянан шийдвэрлэх боломжтой ба дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Уянга  давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хохирогч Г.Д-д 2025 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 10 цаг 25 минутад хийсэн шинжилгээний дагуу 2025 оны 8 дугаар сарын 29-ны өдрийн “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №ЕГ0725/11107 тоот шинжээчийн дүгнэлт хийгджээ. Тус дүгнэлтээр хохирогчид учирсан гэмтлийн зэргийг “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам”-ын 3.2.1 заасны дагуу хохирлын хүндэвтэр зэрэг гэж тогтоосон байна. Тус дүгнэлттэй хохирогч 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдөр танилцаж гэмтлийн зэргийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна. Хохирогч тал шинжээчийн дүгнэлттэй санал нийлэхгүй бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.7 дугаар зүйлийн 2 ”Оролцогч шинжээчийн дүгнэлт, тайлбарыг үл зөвшөөрөх, тайлбар өгөх, шинжээчид асуулт тавих, нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргаж болно” гэж заасан.

Гэтэл хохирогч тал гэмтлийн зэргийг тогтоосон шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. Хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтооход хохирогч талд тухайн үүссэн байсан гэх гэмтэл мэдэгдэж байсан эсэх, мэдэх боломжтой эсэх, мөн “баруун шуу ясны дистал бугуйн үе дайрсан бугуйн үе дайрсан олон тооны жижиг ясны зөрүүтэй бяцарсан хугарал” гэх оношийг оруулаагүй дүгнэлтэд дурьдаагүй үүнээс болоод гэмтлийн зэрэг нэмэгдэнэ. Бугуйн үе хязгаарлагдсан гэжээ.

Хохирогч талд гэмтлийн зэрэг тогтооход ГССҮТ-д гавал, баруун шуу, зүүн өвдөг шагайн рентген авч баруун шуу ясны дистал булуу, богтос ясны шөвгөн сэртэн хугарсан гэжээ. Хохирогч талаас хугарсан бяцарсан хоёр ялгаатай гэж тайлбарлах ба бяцрах, хугарах хоёр ялгаатай байх ба энэ ялгаа нь гэмтлийн зэрэг тогтооход нөлөө үзүүлэх эсэхийг хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын холбогдох заалтаас тодруулахад бяцрал гэсэн утга бүхий 4.1.15.цээж, хэвлий, аарцгийн хөндий болон хэвлийн гялтангийн гаднах эрхтний ил, далд гэмтэл, цээж, хэвлий, аарцгийн хөндийн эрхтнүүд болон хэвлийн гялтангийн гаднах эрхтнүүд бяцрах, тасрах, урагдах, үүний улмаас цээж, үнхэлцэг, хэвлийн хөндийд цус, хий, агаар хуралдсан гэмтэл; гэсэн утга бүхий байх ба цээж хэвлийд хамаарах нөхцөл байна. Бяцрал хугарал тогтоох нь гэмтлийн зэрэгт ач холбогдолтой эсэх нь эргэлзээтэй, мөн Хохирогч анагаахын шинжлэх ухааны их сургуулийн оюутан, ээж нь Булган аймагт эмч, хэрэг учрал гарснаас нэлээн хугацааны дараа Булган аймагт шинжилгээ өгсөн гэх мэт эргэлзээтэй үйл баримтыг үндэслэн хэргийг прокурорын хяналтад буцаасан байх тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

Яллагдагч Э.М- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгчтэйгөө санал нэг байна.” гэв.

Прокурор П.Итгэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хохирогч нь шинжээчийн дүгнэлтэд “бяцарсан хугарал”-ын талаар дүгнээгүй байна гэж үзсэн. Прокурорын зүгээс анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсгт зааснаар шүүх хуралдааныг 60 хүртэл хоногоор хойшлуулж нэмэлт шинжээч томилж асуудлыг шийдвэрлэх боломжтой байсан гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл хэргийг прокурорт буцааж шийдвэрлэх асуудал биш байсан гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэрэгсэхгүй болгуулах саналтай байна. Хэргийг прокурорт буцааж шинжээч томилуулах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэргийг түргэн, шуурхай явуулах зорилтыг хангахгүй байна гэж харж байгаа.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Э.М-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Анхан шатны шүүхийн “дахин шинжилгээ хийлгэсний эцэст хэргийг шийдвэрлэх боломжтой” гэсэн үндэслэлүүдээр хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамж үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан “...Гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг... олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх...” зорилтыг хангах хүрээнд мөрдөгч, прокурор нь нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж, хянасны үндсэн дээр гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох үүргийг хэрэгжүүлж, шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох зарчмыг мөн хуулийн 1.7 дугаар зүйлд заасан байдаг.

Өөрөөр хэлбэл, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтад тулгуурлан мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хөдөлбөргүй, эргэлзээгүй нотолсноор шүүх хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийх нөхцөл бүрдэнэ.

Яллагдагч Э.М-д холбогдох хэрэгт 2025 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 0725/111107 дугаар шинжээчийн дүгнэлт авагджээ.  

Дээрх дүгнэлтэд хохирогчийн биед учирсан хохирлыг тогтоохдоо  баруун шуу ясны доод булуу хугарал богтос ясны шөвгөн сэртэнгийн далд хугарал, зүүн шилбэний булчингийн хальсны урагдал” гэх дүгнэлтийг гаргасан боловч бодит байдалд “баруун шуу ясны дистал бугуйн үе дайрсан олон тооны жижиг ясны зөрүүтэй бяцарсан хугарал” гэх оношийг оруулаагүй, дүгнэлтэд дурдаагүй гэх үндэслэлээр дахин шинжээчийн дүгнэлт гаргуулахаар хүсэлт гаргасан нь үндэслэлтэй байх ба энэ байдал нь хэргийн бодит байдлыг тогтооход болон шүүхийн шийдвэр хууль ёсны гарахад ач холбогдолтой байх тул нотлох баримтуудыг бүрэн шалгаж, шинжээчийн дүгнэлт нь үнэн зөв болохыг эргэлзээгүй байдлаар тогтоох нь зүйтэй.

Анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг прокурорт буцаасан тул шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, яллагдагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2025/ШЗ/7332 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, яллагдагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                                ДАРГАЛАГЧ,

                                ШҮҮГЧ                                                Ц.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                    ШҮҮГЧ                                                  Н.БААСАНБАТ

   

 

                               ШҮҮГЧ                                                Ц.МӨНХТУЛГА