Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 2026/ДШМ/59

 

2026          01             14                                                                                  2026/ДШМ/59

Б.Б-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Баасанбат, шүүгч Ц.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Я.Амарзаяа,

хохирогч Н.Г-,

хохирогч Ш.Ж-гийн өмгөөлөгч Ц.Алимаа,

нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал нарыг оролцуулан,

Баянзүрх, СүхБ-, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2025/ШЗ/7659 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч яллагдагч Б.Б-ын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2211020970807 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв.

Э- овгийн Б-ын Б-, ......., ял шийтгэлгүй, /РД:Б-/;

Яллагдагч Б.Б- нь үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд хохирогч Н.Г-ыг Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь “Оросын Холбооны Улсаас хөрөнгө оруулалт оруулж ирнэ, найдвартай Бүгд Найрамдах Солонгос Улсын виз гаргаж өгнө, одоо чиний мөнгийг гаргаж өгөх чадвартай түншлэлийн гүйлгээ байна, Хаан банкны зээл бүтсэн тул маргааш нөгөөдрөөс мөнгийг чинь өгөх гэж байна гэх зэргээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар хохирогчийг төөрөгдөлд оруулж, хохирогчоос 21.590.000 төгрөгийг Ж.Б-ын Хаан банкны Б- тоот, Б.Ч-гийн Хаан банкны Ч- тоот дансуудаар болон бэлнээр шилжүүлэн авч залилсан,

Мөн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр өөрийн танил хохирогч Ш.Ж-д “Орос улсын сангийн мөнгийг татахын тулд тодорхой хэмжээний мөнгө байршуулах хэрэгтэй, 2023 оны 12 дугаар сарын 15-наас өмнө нь 30.000 долларыг татах хэрэгтэй байна, хэрвээ энэ мөнгийг татаад авчихвал 15.000 долларыг нь 4 хоногийн дотор хоёулаа хувааж авна” гэж хэлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар хохирогчийг төөрөгдөлд оруулан, 9.000.000 төгрөгийг Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа өөрийн охин Б Х-гийн Хаан банкны Х- тоот дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, СүхБ-, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Хохирогч Н.Г-, Ш.Ж- нар нь шүүхийн хэлэлцүүлгийн явцад сэтгэл санаагаар маш их хохирсон тул сэтгэл санаанд учирсан хохирлоо тогтоолгох хүсэлт гаргаж байх тул, Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор “ хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх, төлбөрийн жишиг аргачлалын” дагуу сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоох шинжээчийн дүгнэлтийг гаргуулах, Иймд дээрх нөхцөл байдлуудыг шалгасны эцэст хэргийг хянан шийдвэрлэх нь байна. Яллагдагч Б.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Хаан банкны 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 29/556 дугаартай албан бичгээр ирүүлсэн 1 ширхэг сидиг /1хх 123/ хавсаргасан болохыг тус тус дурдаж хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Яллагдагч Б.Б-  давж заалдах гомдолдоо: “Хохирогч гэх Н.Г- нь 2021 оноос эхлэн хөрөнгө оруулах, хамтран ажиллах талаар иргэний хэлцэл байгуулж, харилцан үүрэг хүлээж сайн дурын үндсэн дээр ашиг олох нэгдмэл сонирхолтойгоор хамтран ажиллах иргэний эрх зүйн харилцаанд орсон байдаг. Миний бие хөрөнгө оруулах,  гэрээ эрх зүйн асуудлыг харилцан, хуульд нийцүүлэх, харин хохирогч гэх  Н.Г- нь шаардлагатай санхүүжилтийн бие даан босгох үүргийг хүлээн ажилласан. Би түүнээс 10.000.000 төгрөг хувиараа зээлсэн байдаг. Зээлийг хувийн хэрэгцээндээ зарцуулсан нь хууль бус үйлдэл гэж үү. Одоо нэхэмжилж буй 21.000.000 төгрөг ямар үндэслэлтэйг би мэдэхгүй байгаа. Паспорт визний асуудал дээр мөн л дээрх гэрээний  үүргийн биелэлтийг хангах үүднээс бид харилцан тохиролцож хийгдсэн үйлдэл паспорт гаргавал 2500$, виз гарвал 3000$ гэхчлэн тохиролцсон байдаг. Энэ мөнгө нь гадны хөрөнгө оруулахын тулд шаардагдахгүй байсан дэнчинг байрлуулахад зарцуулагдах байсан. Эдгээр ажлын үр дүн тодорхой бус болмогц урьдчилгаанд авсан 1000$ орчмын дүнтэй мөнгийг намайг залилсан мэтээр гүтгэж буй нь шударга ёсонд нийцэхгүй байна. 2021 онд Н.Г- нь анх 55.000.000 төгрөг нэхэмжилж эхэлсэн байдаг. Крипто валютын гадаад гүйлгээний асуудлыг иргэд хоорондоо зөвшилцөл хийгдсэн иргэний хэрэг гэж прокурор үзэж зүйл ангийг өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн байдаг. Мөн хавтаст хэргийн 95 дугаар хуудаст хохирогч Н.Г- нь би зөвхөн зээлсэн мөнгөө нэхэмжилж байна гэж мэдүүлсэн. Би түүнээс 10.000.000 төгрөгийг хувийн хэрэгцээнд зориулан зээлж өөрийн төрсөн эцэг Ж.Б-ын нэрийн дансаар хүлээн авсан. Бусад нэхэмжилж буй мөнгө нь үндсэн хэлцлийн үүргийн гүйцэтгэлийг хангах тухайлбал паспорт, виз гаргах, ОХУ-руу томилолтоор зорчих зэрэгт зарцуулагдсан болно. Иргэний журмаар бол зээлийн төлбөрийг анхны шаардлагаар гүйцэтгэх боломжтой гэдгийг би анхнаасаа мэдэгдсээр ирсэн байдаг. Харин энэ хүн таныг заавал шоронд суулгана эрүү үүсгэнэ, таньдаг цагдаа прокурор, шүүгч зөндөө байгаа гэхчлэн дарамталж сүрдүүлж заналхийлсээр өдий хүрлээ. Мөн яллах дүгнэлтэд дурдсан Б.Ч- гэгч хүнийг би огт танихгүй, уулзаж байгаагүй, мөнгө аваагүй байдаг. Энэ мэт байдлаар мөрдөн шалгах ажиллагаагаар нотолбол зохих байдал бүрэн хангагдаагүй гэж үзэж байна. Гүтгэж худал мэдүүлж Н.Г- гэгчийн хувийн мэдээллийг шалгаж хэрэгт хавсаргаж өгөх хүсэлт өгсөн ч хүлээн аваагүй. Надад байгаа мэдээллээр Н.Г- гэгч нь эрхэлсэн тодорхой ажилгүй 1995 оноос хойш Орос, Герман, Шингэний виз гаргана гэхчлэн маш олон иргэнийг хохироож, хуурамч бичиг баримт үйлдэх, залилан хийх хэргээр удаа дараа шалгагдаж байсан байдаг. Мөн надтай хамтарч ажиллаж байхдаа тодорхой тооны нэр бүхий иргэдийг гадаадад цагаачлуулна хэмээн мөнгө авч тэдгээр иргэд цагдаагийн байгууллагад хандсанаар миний нэр дээр анх гомдол гаргасан байдаг. Дээрх иргэдийн мөнгө крипто гүйлгээний дэнчин хэлбэрээр гадагш шилжсэн. Энэ үйлдэлд хонзогнож хийгдсэн үйлдэл гэж би ойлгож байгаа. Прокурорын яллах дүгнэлтэд зохиомол байдал үүсгэсэн, иргэдийг төөрөгдүүлж хууран мэхэлсэн гэж үздэг. Энэ нь  бодит байдал дээр тийм бус ОХУ-тай хийгдсэн гэрээ хууль ёсных, сангийн дансанд байршиж буй мөнгө хөрөнгө нь албан ёсных болохыг нотлохын тулд мөрдөх алба ямар ч ажиллагаа явуулаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх шаардлагатай байх тул миний гомдлыг харгалзан үзэж хуулийн дагуу шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.

Хохирогч Ш.Ж-гийн хувьд миний бие анхлан санал тавьсан ба тэрээр хэсэг хугацааны дараа өөрөө санал гаргаж, ашгаа тэнцүү хуваарилахаар тохиролцож, иргэний зээлийн гэрээ хийж харилцан баримт үйлдсэн байдаг. Үүнийгээ өөрийн өмгөөлөгчийн заавраар хэрэгт хавсаргаагүй бололтой байдаг. Би Ш.Ж-д мөн л анхнаасаа хэлж байсан. Та цагдаа, шүүх гэлтгүй иргэний журмаар яваад асуудлаа шийдвэрлүүл би 9.000.000 төгрөгийн зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангах боломжтой гэдгээ удаа дараа илэрхийлсээр ирсэн. Тэр мөнгөө заавал эрүүгийн шүүхээр авна гэдэг, мөрдөгч, прокурор, шүүгчдийг уярч, уйлж өрөвдтөл түүх зохиож ярьдаг. Олон жилийн өмнөөс мэдэх юм. Элчин сайдын яам, Худалдааны төлөөлөгчийн газарт цөөнгүй жил, үйлчлэгч, цэвэрлэгч, туслах ажилтан, нөхөр нь жолооч хийж дипломат халхавчаар хууль бус бизнес хийж хөрөнгөшсөн хүмүүс байдаг.  Ш.Ж-гаас мөнгө зээлсэн, тухайн үед хамт ажилладаг байсан. Орос найз Монголд ирж түүнээс 10.000 мянган ам доллар зээлж сангийн мөнгөнд дэнчин хийж байсныг нотлох баримт хавтаст хэрэгт бий. Түүнээс зээлсэн мөнгөний тодорхой хувийг хувийн хэрэгцээнд зарцуулсан нь хууль бус үйлдэл гэж үзэхгүй байна.  Хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаанд буцаахдаа шүүгдэгчийн гаргасан хүсэлтийг хүлээж авахгүй зөвхөн хохирогчийн сэтгэл санааны хохирлыг тогтоолгохоор шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үйлдэл гэж үзэж байна. Сэтгэл санааны хохирол дурдвал миний бие 2021 оноос хойш ажилгүй, гадагш зорчих боломжгүй орлогогүй, өдөр бүр шахан цагдаа прокурорын үүд сахиж байгаа хүн. Хэдийгээр надад хилийн хориг байхгүй ч хуулийн байгууллагын ажлыг хүндэтгэж ирсэн болно. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Прокурор Я.Амарзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн гэрч, хохирогч нарын мэдүүлэг, яллагдагч Б.Б-ын дансанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл гэх баримтуудаар шүүгдэгчийг гадаа улсын төрийн бус байгууллагатай хамтран ажилладаг болох нь тогтоогддог. Яллагдагч нь хохирогч нарыг хуурч, зохиомол байдлыг бий болгож хохирогч Г-, Ш.Ж- нараас нийт 30.590.000 төгрөг шилжүүлэн авч “залилах” гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байгаа өөрөөр хэлбэл хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж прокурорын зүгээс үзэж байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргаагүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан. Яллагдагч нь гомдолдоо “...Ч- гэх хүнийг танихгүй...” гэж тусгасан байна. Гэвч хохирогч Г- нь Ч-гийн “Ч-” тоот данс руу мөнгө шилжүүлэхэд тэрээр Г-ын данснаас орж ирсэн мөнгийг яллагдагч Б.Б-ын данс руу шилжүүлсэн үйл баримт болсон байдаг. Уг үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа. Анхан шатны шүүх хэргийг прокурорт буцаасан үндэслэл нь хохирогч нарын сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоолгох шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагатай гэж үзсэн байдаг. Прокурорын зүгээс анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүхийн шатанд дээрх асуудлыг шийдвэрлэх боломжтой байсан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл хэргийг прокурорт буцаахгүйгээр шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжтой байсан ажиллагаа гэж үзэж байна.” гэв.

Хохирогч Ш.Ж-гийн өмгөөлөгч Ц.Алимаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаанд буцаасан захирамж нь үндэслэлтэй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа. Яллагдагч Б.Б- нь миний үйлчлүүлэгч Ш.Ж-гийн амьдралаа залгуулдаг, амьжиргааны эх үүсвэр болох тэтгэврийн мөнгийг залилж авсан. Мөн миний үйлчлүүлэгчийн эд хогшлыг нь хүртэл авсан. Яллагдагч Б.Б- нь хохирогч Ш.Ж-д нийт 9.000.000 төгрөгийн хохирлыг учруулсан. Яллагдагч нь манай үйлчлүүлэгчээс мөнгө авахдаа өөрөөр хэлбэл залилах үйлдэл хийхдээ “...Оросын сангаас мөнгө орж ирнэ 4 хоногийн дараа гэхэд мөнгийг тань өсгөж өгнө...” гэж хэлэн итгэл үнэмшил төрүүлж, төөрөгдөлд оруулж залилсан байдаг. Миний үйлчлүүлэгч нь 2023 оны 12 дугаар сараас эхэлж байнга эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаа, түүний сэтгэл санааны байдал хэцүү байдаг үйлчлүүлэгчид маань байрны мөнгөө төлөх ч санхүүгийн боломж байхгүй байна. Яллагдагч нь уг хэргийн үйл баримтыг иргэний хэргийн маргаан гэж тайлбарладаг. Гэвч шүүгдэгч Б.Б-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангаж байгаа. Түүнийг залилах гэмт хэрэг үйлдсэн болохыг нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсан байгаа. Миний үйлчлүүлэгчийн сэтгэл санааны байдал хүнд байгаа тул сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг заавал тогтоолгох шаардлагатай гэж үзэж байна. Прокуророос шүүхэд гаргасан тайлбартаа “..сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохоор шинжээч томилох ажиллагааг хэргийг прокурорт буцаахгүйгээр шүүхийн шатанд шийдвэрлэх боломжтой байсан...” гэж тайлбарлаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримталж хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаанд буцаахгүйгээр шүүхийн шатанд шинжээч томилж болох хуулийн зохицуулалт байгаа бол татгалзах зүйлгүй байна.” гэв.

Хохирогч Ш.Ж- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна. Би яллагдагч Б.Б-ыг олон жилийн өмнөөс мэднэ.” гэв.

Хохирогч Н.Г- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байгаа. Уг хэргийн үйл баримт 3 жилийн өмнө гарсан. Хэрэг 3 жилийн хугацаанд шалгагдаж байгаа хохирогч нарын сэтгэл санааны хохирол, сэтгэцэд учирсан хор уршгийн тогтоолгох ёстой гэж үзэж байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ давж заалдах гомдолд аасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Прокуророос яллагдагч Б.Б-ыг үргэлжилсэн үйлдлээр Н.Г-аас 21.590.000 төгрөг, Ш.Ж-аас 9.000.000 төгрөгийг залилах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Б.Б-т холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаар хэлэлцээд “...хохирогч нарын сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоолгох мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцаах нь зүйтэй байна...” гэж дүгнээд прокурорт буцаахаар шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Шинэчлэн найруулсан Шүүхийн шинжилгээний тухай хуулиар “...сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох...” харилцааг зохицуулсан ба үүнтэй холбогдуулан Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай” тогтоол, мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаартай “Журам хүснэгт батлах тухай” тушаалын 1 дүгээр хавсралтаар “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”, 2 дугаар хавсралтаар “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ийг тус тус баталжээ.

Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт халдсан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас шууд учирсан хохирол, тухайн хохирол учруулснаас үүдэн гарах үр дагаврыг хор уршигт тооцдог.

Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бөгөөд мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тогтоохоор заасан байх тул нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж тогтоосны эцэст шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг хянан хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтын 1.4-т “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээ хийж, дүгнэлт гаргахад Шүүх шинжилгээний тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон холбогдох бусад эрх зүйн акт, энэхүү журмыг мөрдлөг болгоно” гэж,

мөн журмын 2.3-д “энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн эсэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны А/267 дугаар тушаалын зургаадугаар хавсралтаар баталсан “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар”-ыг танилцуулан баталгаажуулж, хавтас хэргийн материалд хавсаргана” гэж,

мөн журмын 2.6-д “Шинжилгээ хийлгэх хохирогч нь шинжилгээнд биечлэн хамрагдана. Шаардлагатай тохиолдолд хавтас хэргийн материал болон эмнэлгийн баримт бичиг, материалыг хамт ирүүлнэ” гэж тус тус заажээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаал, Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны тогтоолын дээрх хэм хэмжээний агуулгаас үзэхэд гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээнд хохирогчийг биечлэн хамруулахаар заасан, уг ажиллагааг мөрдөн шалгах ажиллагааны үед хийж гүйцэтгэх шаардлагатай байна гэж үзэв.

Хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох ажиллагааг явуулах мөрдөн шалгах ажиллагааг бүрэн дүүрэн явуулсны эцэст гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар яллах дүгнэлтэд тодорхой заавал зохино.

Иймд шүүгчийн захирамжид заасан үндэслэлээр хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тухайлан заасан нөхцөл байдлуудыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоосны эцэст шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг хянан хэлэлцэх нь зүйтэй байх тул яллагдагч Б.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, СүхБ-, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2025/ШЗ/7659 дүгээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, яллагдагч Б.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                               ДАРГАЛАГЧ,

                               ШҮҮГЧ                                                Ц.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                   ШҮҮГЧ                                                Н.БААСАНБАТ

   

                               ШҮҮГЧ                                             Ц.МӨНХТУЛГА