Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 111

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж,

нарийн бичгийн дарга Д.Т,

улсын яллагч Б.М,

гэрч Э.Д,

шүүгдэгчийн өмгөөлөгч О.Сл,

шүүгдэгч Х.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Б овогт Х.Д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1702001190051 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар /

Яллагдагч Х.Д нь 2017 оны 09 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө өөрийн оршин суух Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо 29 дүгээр байр 19 тоотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодис”-ын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий Каннабис гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Д мэдүүлэхдээ: “…2017 оны 9 дүгээр сарын 21, 22, 23-ны өдрүүдэд би архи уусан байсан. 23-ны өдөр нь Дашзэвэг гээд залуутай архи уугаад явж байсан юм. Энэ хайрцагийг Дашзэвэг гэдэг залуугийн халаасанд байсныг би тухайн үед нь харсан. Хэрэг үүссэний дараа Дашзэвэг ирж надаас “…үүнийг аргалаад гараад яваач” гэж гуйсан. Тухайн үед би хэргийг ийм байдалд хүрнэ гэж бодоогүй. Энэ сав нь минийх биш гэдгийг хэлж байна. Дөлгөөн бас гэрчлэх байхаа. Дөлгөөн, Дашка хоёртой хамт нилээн сууж байгаад Дашка явсан байгаа. Миний шээснээс яагаад илэрсэнийг мэдэхгүй байна. Бодвол хэрэглэсэн байх. Харин хадгалаагүй. Манай гэрт Дашка үлдээгээд явсан байсныг мэдээгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Э.Д мэдүүлэхдээ: …Х.Дэлгэрбат нилээн согтолттой. Д гээд найз нь халамцуу байдалтай байсан. …төмөр сав, тийм эд зүйлийг би эхэнд нь хараагүй сүүлд Дашка гээд залуу гараад явахдаа гутлын тавиур дээр тавьж байхыг харсан. ...Цагдаа ирээд Х.Д биеэ хянах чадваргүй байсан тул цагдаа нар гэрээр нь нэгжлэг хийгээд хутгыг нь хурааж байсан. Тэгж үед энэ зүйлийг гутлын тавиур дээрээс олсон. Надаа “…энэ юу юм гэхээр нь би “…мэдэхгүй” гэсэн. ...Энэ төмөр сав Х.Д биш гэдгийг мэдэж байна. Эхний удаагийн мэдүүлэг энэ хүнийг яагаад гар хөлөө зүссэн бэ гэдэг талаар асуусан. “…Гэрээс нь ийм юм гарсан, та мэдэх үү” гэсэн би “…мэдэхгүй” гэсэн. Хоёр дахь удаадаа сэтгэцэд нөлөөлөх бодисын талаар асуусан. Гэрт нь ийм юм байсан уу гэхээр нь байсан гэсэн. Хэнийх вэ гэж надаас асуугаагүй. Дотор нь юу байсан талаар мэдэхгүй гэсэн. Гутлаа тайлаад тавихдаа харсан. Мөн гутлын тавиурын хажууд сандал байдаггүй тул түшиж гутлаа тайлдаг. Гутлын тавиур нь яг хаалганы хажууд байдаг юм. Тэр үед гутлаа тайлахад дээр нь юм байгаагүй. Тэрийг яаж мэдсэн гэхээр Дашка гарахдаа тог гээд дуу гаргахаар нь би харсан юм. Тухайн үед Х.Дэлгэрбат хар подволк, хар хойд солонгосын тугтай юудэнтэй цамц, хар бэлтгэлийн өмдтэй байсан. Намайг ороход гутлын тавиур дээр энэ зүйл байхгүй байсан. Дашка гутлаа өмсөхдөө тог гэж дуу гаргаад гараад явахад нь энэ зүйл гутлын тавиур дээр үлдсэн. Энэ савыг Дашка гээд залуу гутлаа өмсөж байхдаа гутлын тавиур дээр барьсан зогсож байсан, хэнийх гэдгийг нь мэдэхгүй байна. 09 дүгээр сарын 26-ны өдөр намайг дуудаад “…өмнө ярьсан зүйл дээрээ гарын үсэг зур” гэсэн. Тэгээд зурсан. Намайг 26-ны өдөр асуугаагүй. Дашка гэдэг хүний биеэс нь гарч байгааг хараагүй. Гутлын тавиур дээр тавьж байхыг л харсан. Энэ савыг Дашкагийн биенээс гарсаныг бол би хараагүй. Дашка том өрөөнөөс коридорлуу яваад гутлаа өмсөхдөө тавьж байхыг л харсан.” гэв.

Мөрдөн байцаалтын шатанд Х.Д гэрчээр өгсөн  мэдүүлэг /хх-34/, 2017 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн эргүүлийн офицер, ахлах ахлагч Ж.Алтанхуягийн илтгэх хуудас /хх-6-7/, 2017 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Х.Д мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг тест ашиглан шалгасан ажиллагааны тэмдэглэл /хх-13/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /х-46/, эд мөрийн баримт Apple drop гэсэн бичигтэй ногоон өнгийн дугуй төмөр сав 1 ширхэгийг хураан авсан тухай тогтоол, тэмдэглэл, уг эд зүйлийг эд мөрийн баримтаар  тооцсон тогтоол /хх-24, 25, 28/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 9179 дугаартай “…Apple drop нэртэй төмөр савтай зүйл гэж хаягласан төмөр савтай ногоон өнгийн ургамал мэт зүйлд дельта-9 тетрагидроканнабинол агууламж илэрсэн” гэсэн дүгнэлт /хх-49-50/, мөрдөн байцаалтын шатанд Э.Дөлгөөний гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-31-32/, мөрдөн байцаалтын шатанд Т.Батболдын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-37-38/, мөрдөн байцаалтын шатанд Н.Мөнхцогтын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-39-40/, мөрдөн байцаалтын шатанд Ж.Алтанхуягийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-41-42/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-76/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-73/ зэрэг болно. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Бадамцэцэг нь Х.Д-ыг 2017 оны 09 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө өөрийн оршин суух Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо 29 дүгээр байр 19 тоотод НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодис”-ын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий Каннабис гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Шүүгдэгч Х.Д нь 2017 оны 09 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө өөрийн оршин суух Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо 29 дүгээр байр 19 тоотод НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодис”-ын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий Каннабис гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт ургамлыг хууль бусаар хадгалж байсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:

Мөрдөн байцаалтын шатанд Х.Д гэрчээр өгсөн. “…Шөнө бааранд орж үргэлжлүүлэн архи уугаад би нилээд согтоод нэг сэрэхэд Дашка явчихсан байсан. Ингээд 9 дүгээр сарын 23-ны өдөр би шартаад дахин архи уухаар найз Дөлгөөнийг дуудаж орой хамт архи уусан. Маргааш өглөө нь Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр гэнэт сэрээд хартал гараа зүсээд боолт хийсэн байдалтай, хажууд Дөлгөөн сууж байсан. Өөр надад санах зүйл байхгүй. Би мансууруулах бодис хэрэглэснээ огт санахгүй байна. 2013 онд хамгийн анх каннабис өвс татаж үзсэн. 2014 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 4 сарын баривчлах ялаар шийтгүүлсэн.” гэх мэдүүлэг /хх-34/,

мөрдөн байцаалтын шатанд Э.Д гэрчээр өгсөн: “…2017 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Дэлгэрбат руу утсаар залгахад “…гэртээ шартаад хэвтэж байна, хүрээд ирээч, ганц нэг пиво ууя” гэхэр нь гэрээсээ 21 цагийн үед гараад очсон. Нилээн хугацаанд юм ярингаа ууж байгаад 2-уулаа согтоод үүрээр 4-5 цагийн үед буйдан дээр унтах гэж байтал Д гэнэт гал тогооны өрөөний шүүгээнээс жижиг маслын хутга шүүрч аваад гараа зүсчихсэн. Би сандраад түргэн тусламж, цагдаа дуудсан. Гэтэл цагдаагийн албан хаагч нар ирээд болсон асуудлын талаар асууж байгаад Дэлгэрбатыг тайвшруулж байх зуур нь би буйдан дээр унтчихсан байсан. Гэтэл нэг мэдэхэд цагдаа нар намайг сэрээгээд “…босоорой, цагдаагийн хэлтэс рүү явъяа” гээд дагуулаад Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр ирсэн. Цагдаа дээр ирээд миний шээснээс мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг шалгана гээд тестээр үзээд намайг хар тамхи хэрэглээгүй байна гэж хэлсэн. Дэлгэрбатыг өөр өрөөнд оруулсан байсан бөгөөд “…ийм юм гарсан шүү” гээд надад үзүүлэхээр нь би юу хэлээд байгааг нь сайн ойлгоогүй. ...” гэх мэдүүлэг /хх-31-32/,

мөрдөн байцаалтын шатанд Т. гэрчээр өгсөн: “…Би 2014 оны 09 дүгээр сарын 24-нөөс 25-ны өдрийн жижүүрийн шуурхай албаны шуурхай бүрэлдэхүүний мөрдөгчийн үүрэг гүйцэтгэсэн. Ахлах алхагч Алтанхуяг, Ахлагч Мөнхцогт нар хар тамхи мансууруулах бодис хэрэглэсэн байж болзошгүй гэх 2 залууг авч ирээд надад хүлээлгэж өгсөн. Х.Д нь биеэ авч явах чадваргүй, Э.Дөлгөөн нь өөрийгөө авч явах чадвартай байсан. Ингээд Д-аас хураан авсан гэх дугуй савтай зүйлийг онгойлгож үзэхэд олсны ургамлын шинжтэй ногоон өнгийн хурц үнэртэй, нүдэнд харагдахуйц нунтаг зүйл байсан. Хажуу талын 24 цагийн дэлгүүрт орж жинлэж үзэхэд савны хамт 50 грамм, харин дангаар нь жинлэхэд грамм заахгүй байсан. Дараа нь 2 залууг мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашиглах талаар хэлэхэд өөрсдөө сайн дураараа зөвшөөрсөн тул 00-ын өрөөнд оруулж бие засуулахад Дөлгөөн ямар нэгэн илүү үйлдэл гаргалгүй саванд шээсэн. Харин Дт нь 00-ын уснаас хутгаж хийх гэж байхад нь болиулаад саванд шээлгэж авсан. Д нь их согтуу өөрийгөө удирдаж чадахгүй бас хөөрсөн байсан тул би тайвшруулж “…жаахан унтчих, сэрэхээр чинь болъё” гэхэд жаахан хэвтэж байгаад л босч ирээд орилоод байсан. Ингээд тестний үр дүнг харахад Дэлгэрбатын шээстэй тестээр 6 төрлийн мансууруулах бодисын түвшинд ТНС хэсэгт 1 зураас буюу хэрэглэсэн гэж заагаад, Дөлгөөнд 6 түвшинд 2 зураас буюу хэрэглээгүй гэж заасан.” гэх мэдүүлэг /хх-37-38/,

Мөрдөн байцаалтын шатанд Н.Мөнхцогтын гэрчээр өгсөн: “…Ахлах ахлагч Ж.Алтанхуягийн хамт үүрэг гүйцэтгэсэн. Жижүүрээс Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо 29 дүгээр байрны 19 тоотод “манай найз гараа зүсчихээд намайг ална, амиа хорлоно гээд айлгаад байна” гэсэн дуудлага ирсний дагуу уг хаяган дээр очиж шалгахад Дэлгэрбат гэх залуу маш их согтолттой, гараа зүссэн байдалтай, ширээн дээгүүр архи пивоны шилтэй ширээн доогуур 5-6 хутга хаячихсан байсан. Дэлгэрбат нь зүгээр суухгүй байн байн босч ирээд “зодолдох уу, үзэлцэх үү, архи уухуу” гэх мэт согтуурхаад байсан. Ингээд Дэлгэрбатыг аваад гарах гэтэл хувцасаа өмсөхгүй, гарахгүй “…та нар намайг дийлэхгүй буруу ажил хийж байна даа” гээд эсэргүйцэхээр нь гавлах гэтэл гараа зүссэн боодолтой байсан болохоор гавлахгүйгээр авч явах болсон. Гэтэл “…би бие засмаар байна 00 ормоор байна” гээд байхаар нь 00-ын өрөө рүү оруулахад гарч ирэхгүй удаад байхаар нь хойноос нь яваад ортол ногоон өнгийн дугуй үнэртэй зүйл үнэрлэж байснаа бид нарыг хараад газар шидчихсэн. Тэрийг нь аваад хартал хурц үнэртэй, нунтаг ногоон өнгийн сэжигтэй зүйл байхаар нь автал өөдөөс ноцолдоод булааж авах гээд байсан.” гэх мэдүүлэг /хх-39-40/,

Мөрдөн байцаалтын шатанд Ж.Алтанхуягийн гэрчээр өгсөн: “…Болсон асуудлын талаар асуухад “…манай найз согтуу амиа хорлоно гээд гараа зүсчихлээ, би гарыг нь боочихоод гараад ирлээ, намайг бас ална гээд байхаар нь айгаад энд зогсож байна” гэхээр нь дотогш орох гэтэл хаалга нь цоожтой, онгойлгож өгөхгүй, 10-аас 15 орчим минут тогшиж байтал дотроос нэг залуу хаалга онгойлгосон. Хаалга онгойлгосон залуугийн зүүн гарны шуунаас цус гойжсон, архи пивоны шил, хутганууд хөглөрсөн байдалтай, цусаа гоожуулаад орилж хашгираад байхаар нь түргэний эмч ирээд гарыг нь боох гэтэл эмчийн өөдөөс эсэргүүцээд гараа болгохгүй арай гэж эмч үзээд боолт хийгээд явсан. …Арай хийж хувцасыг нь өмсүүлээд гарах гэтэл нөгөө залуу “…би бие засмаар байна” гээд байхаар нь 00-ын өрөө рүү оруултал дахиад янз бүрийн асуудал гаргах болов уу гэж бодоод 00-ын өрөөний хаалгыг онгойлготол суултуур дээр суучихсан нэг дугуй савтай зүйл үнэрлэж байснаа бид 2-ыг хараад савтай зүйлээ газар шидсэн. Тэр зүйлийг аваад харахад жижиг дугуй савтай нунтаг өвс байхаар нь аль алийг нь аваад цагдаагийн хэлтэс дээр ирээд мөрдөгч Батболдод хүлээлгэж өгсөн.” гэх мэдүүлэг /хх-41-42/,

2017 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн эргүүлийн офицер, ахлах ахлагч Ж.Алтанхуягийн илтгэх хуудас /хх-6-7/, 2017 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Х.Дэлгэрбатын мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг тест ашиглан шалгасан ажиллагааны тэмдэглэл /хх-13/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /х-46/, эд мөрийн баримт Apple drop гэсэн бичигтэй ногоон өнгийн дугуй төмөр сав 1 ширхэгийг хураан авсан тухай тогтоол, тэмдэглэл, уг эд зүйлийг эд мөрийн баримтаар  тооцсон тогтоол /хх-24, 25, 28/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 9179 дугаартай “…Apple drop нэртэй төмөр савтай зүйл гэж хаягласан төмөр савтай ногоон өнгийн ургамал мэт зүйлд дельта-9 тетрагидроканнабинол агууламж илэрсэн” гэсэн дүгнэлт /хх-49-50/,

шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Э.Дөлгөөний мэдүүлсэн: “…Гэрээс нь ийм юм гарсан, та мэдэх үү” гэсэн би “…мэдэхгүй” гэсэн. Хоёр дахь удаадаа сэтгэцэд нөлөөлөх бодисын талаар асуусан. Гэрт нь ийм юм байсан уу гэхээр нь “…байсан” гэсэн. Хэнийх вэ гэж надаас асуугаагүй. Дотор нь юу байсан талаар мэдэхгүй гэсэн. …Энэ савыг Дашка гээд залуу гутлаа өмсөж байхдаа гутлын тавиур дээр барьсан зогсож байсан, хэнийх гэдгийг нь мэдэхгүй байна. …Гутлын тавиур дээр тавьж байхыг л харсан. Энэ савыг Дашкагийн биенээс гарсаныг би хараагүй. Дашка том өрөөнөөс коридорлуу яваад гутлаа өмсөхдөө тавьж байхыг л харсан.” гэх мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Х.Д сэтгэцэд нөлөөт ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой тул ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэснийг хангах үндэслэлгүй байна гэж үзэв.

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “…Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.” гэж заасан байна.

Хэдийгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэрэгт хамаарч, уг гэмт хэрэгт хохирол учирсан байхыг шаардахгүй хэдий ч шүүгдэгч гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрөөгүй, мөн шүүгдэгч өмнө нь ийм төрлийн гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан зэрэг түүний хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй ба хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Apple drop” гэсэн бичигтэй төмөр сав 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Х.Д ял шийтгэл оногдуулахдаа хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.