Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 207/МА2022/00062

 

 

2022 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 207/МА2022/00062

 

 

Д.*******ы хүсэлттэй

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, шүүгч С.Уранчимэг, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 142/ШШ2022/00524 дугаар шийдвэртэй,

Хүсэлт гаргагч Д.*******ы хүсэлттэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгч Д.*******ы гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.*******, нарийн бичгийн дарга Г.Энэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.******* шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Данзанлхагвын ******* миний бие нь 1965 онд Ховд аймагт төрсөн. Нутагтаа дунд сургууль дүүргэж, Төмөр замын техникумд суралцан төгссөн. Миний бие нь 1993 оны 7 сар хүртэл Төмөр замын 6-р ангид ажиллаж байгаад ажлаасаа гарч Эрдэнэт өртөөний вокзалын 4-ийн 4-р байрны 57 тоотод гэр бүлийн хамт амьдарч эхнэр ХОТШ банканд ажиллаж би вокзалын задгайд хашаа барьж хэдэн үхэр маллаж, өсгөж, сүү сааль ашиг шимийг нь авч амьдралдаа нэмэрлэн амьдрах болсон. Манай аймаг бэлчээр хүрэлцэхгүй тул би гэр бүлийн хамт Булган аймгийн Сэлэнгэ суманд мал маллахаар шилжин суурьшиж одоог хүртэл 200-600 тооны малыг тогтвортой маллаж байна. Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн вокзалд мал маллаж байсан байдал, малын тоо 1999 онд 6 үхэр тоологдсоноос өөр бүртгэл олдохгүй, аймгийн Архивт Баян-Өндөр сумын малын А дансны 1990-1994 он, 1995 1997 он, 1998 оны баримт шилжиж ирээгүй учраас тэдгээр оны миний малын тоо олдохгүй байна. Манай гэр бүлийг вокзалд амьдарч, гэр бүл нь ажил хийж намайг хувийн малаа маллаж байсныг тэр үеэс одоог хүртэл вокзалд амьдарч байгаа П.Цэрэнханд Оюунбилэг нар гэрчилнэ. Миний бие хуульд заасан журмын дагуу Нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн тооцуулж, малчнаар ажилласан хугацаагаа тооцуулан тэтгэвэрт гарах хүсэлтэй байгаа юм. Иймд намайг 1993 оноос 2000 он хүртэл Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн вокзалын задгай хэсэгт мал маллан амьдарч байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дугаар сарын 08-ны өдрийн 142/ШШ2022/00524 дугаар шийдвэрээр:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Олхонууд овогт Данзанлхагвын ******* /РД:*******/-ы Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн Вокзалын задгай хэсэгт 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлтээс Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн Вокзалын задгай хэсэгт 1993 оноос 1997 оныг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Д.*******ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хүсэлт гаргагч Д.******* шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Намайг 1998-2000 онд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн Вокзалын задгайд малчнаар ажиллаж байсныг тогтоосон боловч мөн хаягт 1993-1997 онд мал маллан амьдарч байсан буюу малчнаар ажиллаж байсныг тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болголоо. Миний бие Төмөр замд ажиллаж байгаад ажлаасаа гарч 1993 оноос 2000 он хүртэл Баянцагаан баг, Вокзалын задгайд мал маллаж байсан бөгөөд 1993-1997 оны малын А дансны бүртгэл байхгүй нь миний буруу биш засаг захиргааны байгууллагатай холбоотой юм. Угаасаа жил бүр сумын мал тооллогын комисс ирж байгаа малыг тоолоод явдаг байсан ба малчинд А дансны нэг хувь гэж өгдөггүй байсан. Сүүлдээ А дансны нэг хувь өгдөг болсон, одоо батламж өгдөг болсон юм байна лээ. Намайг мал маллаж амьдарч байгаад сүүлдээ 2001 оноос бэлчээр өвөлжөө хүндрэлтэй болж Сэлэнгэ сум руу шилжсэнийг тэнд амьдарч байсан олон түмэн, баг захиргааныхан бүгдээрээ мэдэх ба шүүхэд тодорхойлсон гэрчүүд ч үүнийг хэлсэн байгаа. Орхон аймгийн Нийгмийн даатгалын зөвлөлийн хурлын 2022 оны 02 сарын 23-ны 11 дугаартай тэмдэглэл, 11/1 тогтоолд 1997 онд мал маллаж байсан гэж үзэх боломжтой гэснийг шүүх дор хаяж харгалзан үзэж энэ оныг харьцуулан судлах 1993-1995 онд боломжтой байсан. Иймд анхан шатны шүүхийн 2022 оны 04 сарын 08-ны 00524 тоот шийдвэрт өөрчлөлт оруулж миний 1993-1997 онд мал маллаж малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ :

Хүсэлт гаргагч Д.******* нь малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Олхонууд овогт Данзанлхагвын *******ы /РД:*******/ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн Вокзалын задгай хэсэгт 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлтээс Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн Вокзалын задгай хэсэгт 1993 оноос 1997 оныг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хяналаа.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Г.Оюунбилэг, П.Цэрэнханд нарын тодорхойлолтоор тогтоогдож байна гэсэн атлаа малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоохдоо хүсэлтийн зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлгүй болжээ.

Хүсэлт гаргагч Д.*******ы шүүхэд гаргасан давж заалдсан гомдол нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хүлээн авах боломжтой юм.

Хүсэлт гаргагч Д.*******ыг Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн Вокзалын задгай хэсэгт 1994 оны 01 дүгээр сарын 01-нээс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг хэрэгт авагдсан нотлох баримтууд болон Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн Засаг дарга, иргэн Г.Оюунбилэг, П.Цэрэнханд нарын тодорхойлолтыг үндэслэн тогтоох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хүсэлт гаргагч Д.******* нь 1993 оноос малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэж хүсэлт гаргаж байгаа боловч тэрээр шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа 1993 оны 7 дугаар сар хүртэл Төмөр замын 6 дугаар ангид ажиллаж байгаад ажлаасаа гарсан гэх боловч энэ талаар баримт хэрэгт авагдаагүй байх тул 1993 оныг тогтоох боломжгүй болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хүсэлт гаргагч Д.*******ы давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 142/ШШ2022/00524 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг ... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Олхонууд овогт Данзанлхагвын ******* /РД:*******/-ы Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн Вокзалын задгай хэсэгт 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлтээс Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн Вокзалын задгай хэсэгт 1993 оноос 1997 оныг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай... гэснийг ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6.-д зааснаар Олхонууд овогт Данзанлхагвын ******* /РД:*******/-ы Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн Вокзалын задгай хэсэгт 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай... гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 зүйлийн 59.3.-т зааснаар хүсэлт гаргагч Д.*******ы давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт төлсөн 70.200 төгрөгийг буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ

ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР