Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2018/0480

 

В” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч

Б.Т-ийн нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

                         

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Н нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2018/0422 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А болон гуравдагч этгээд “Б” ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлоор, “В” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т-ийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2018/0422 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 34 дүгээр зүйлийн 34.8, 35 дугаар зүйлийн 35.1.5, 35.3.3, 37 дугаар зүйлийн 37.2, 39 дүгээр зүйлийн 39.1.1, 39.1.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “В” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/558 дугаар захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, “В” ХХК-ийн газар эзэмших эрхийн хугацаа сунгахгүй байгаа үйлдлийг хууль бусад тооцож, нийслэлийн Засаг даргын 2009 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 165 дугаар шийдвэрийн дагуу олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг хууль, журамд заасны дагуу сунгахыг хариуцагчид даалгаж,

 2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасны дагуу нэхэмжлэгчийн ““В” ХХК-д 2725 м.кв газрыг эзэмшүүлэх захирамж гаргахыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А давж заалдах гомдолдоо: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2018/0422 дугаар бүхий шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч шүүхийн шийдвэрт бүхэлд нь гомдол гаргаж байна.

Нэг: Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн нэхэмжлэлийн шаардлагад нийслэлийн Засаг дарга нь 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/558 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, “В” ХХК-ийн газар эзэмших эрхийн хугацаа сунгахгүй байгаа эс үйлдэхгүйг хууль бусад тооцож, “В” ХХК-д 2725 м.кв газрыг эзэмшүүлж гэрээний хугацаа сунгахыг хариуцагчид даалгах” бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцээд гэсэн мөртлөө шүүхийн шийдвэр гаргахдаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.1, 106.3.1, 106.3.3-д заасныг тус тус үндэслэсэн байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж гэсэн нь хууль зүйн хувьд үндэслэлгүй хэрэв тийн шийдвэрлэсэн юм бол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.13 дахь заалтыг барих байсан.

Хоёр: Дээрх маргаан бүхий нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/558 дугаар захирамж нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хөндөөгүй, төрийн Захиргааны байгууллага “В” ХХК-д 2009 оны 165 дугаар захирамжаар орон сууц үйлчилгээний зориулалтаар 5 жилийн хугацаатай газар эзэмшүүлэх эрх олгосон бөгөөд энэхүү захирамжийн үйлчлэх хугацаа дуусгавар болсон, мөн тухайн 2725 м.кв талбай бүхий газар дахин эзэмшүүлэх боломжгүйг анхан шатны шүүх дүгнэлтийг хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн нь буруу гэж үзэж байна.

Учир нь дээрх газарт нэхэмжлэгч орон сууц барьсан, мөн хойд урд талд орон сууцны дундын авто зам байгаа, гуравдагч этгээдийн барилга байгууламж байх бөгөөд нэхэмжлэгч газраа бүрэн ашиглах боломжгүй, газраа эдийн засгийн эргэлтэд оруулах боломжгүй байх тул газар эзэмших эрхийн хугацааг сунгахгүй байх нөхцөлийг шүүх дүгнэлт өгсөнгүй. Иймд дээрх шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд “Б” ХХК давж заалдах гомдолдоо: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2018/0422 дугаартай шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргаж байна.

“В” ХХК-г төлөөлөн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр О.О нь нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Б-д холбогдуулан: Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/558 дугаар захирамжаар “Б” ХХК-д эзэмшүүлэхээр дахин олгосон хууль бус захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Үүний дараа дахин “В” ХХК-г төлөөлөн Б.Т 2017 оны 09 дүгээр сарын 29-ны өдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Б-д холбогдуулан

1. Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 30 өдрийн А/558 дугаар захирамжийг хүчингүй болгуулах,

2. “В” ХХК-ийн газар эзэмших эрхийн хугацаа сунгахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бусад тооцох,

3. “В” ХХК-д 2725 м.кв газрыг эзэмшүүлэх,

4. Гэрээний хугацаа сунгахыг даалгах гэсэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 болон мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2 дахь заалтыг зөрчсөн гэж дараах гомдлыг гаргаж байна.

 Нэг: “В” ХХК нь маргаан бүхий газрыг 2009 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 165 дугаар шийдвэрийг үндэслэн 5 жилийн хугацаатай эзэмшиж гэрчилгээг 2009 оны 05 дугаар сарын 05-ны өдөр гарсан. Газар эзэмших эрхийг хугацааг Газрын гухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасны дагуу эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах бөгөөд дараах бичиг баримтыг хавсаргана. 37.1.1-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээ”, 37.1.2-т “Газрын төлбөр төлсөн баримт”, 37.1.3-д “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээр гарсан дүгнэлтийг хэрэгжүүлсэн талаарх тодорхойлолт”, 37.2-т “Аймаг нийслэл, сум, дүүргийн засаг дарга хугацаа сунгуулах хүсэлтийг хүлээн авсанаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах шийдвэр гаргана” гэж хуульчилсан. Хуулийг хүн бүр дагаж мөрдөж, мөн шүүх хуулийг хүрээнд хэргийг шийдвэрлэх ёстой.

Хавтас хэрэгт авагдсан баримтад нэхэмжлэгч нийслэлийн Засаг даргад хандан эзэмших эрхийг гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлт огт гаргаж байгаагүй. “В” ХХК нь нийслэлийн Засаг даргад хандсан энэ хүсэлтийг Засаг дарга хүлээн авч хэрхэн шийдвэрлэсэн талаах хэрэгт ямар ч нотлох баримт байхгүй. Хавтас хэргийн 63 болон 103 хуудсанд авагдсан “В” ХХК-ийн хүсэлт нь Нийслэлийн Өмчийн харицааны газарт хандаж хүсэлт гаргасан байдаг.

Нийслэлийн Засаг даргад хандаж хүсэлт гаргаагүй.

“В” ХХК-ийн Нийслэлийн Өмчийн харилцааны газарт гаргасан хүсэлтийн утга нь зөвхөн газрын гэрээг сунгуулах хүсэлт бөгөөд газрын гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлт биш байхад үүнийг анзаараагүй. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ  шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт:

Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т: Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах шийдвэрийг гаргах эрхийг Засаг даргад олгосон боловч нийслэлийн Засаг даргын  газрын асуудлыг хариуцсан Нийслэлийн Өмчийн харилцааны газраар дамжуулан хүсэлтээ гаргах, иргэн хуулийн этгээдээс газар эзэмших эрхийн хугацааг сунгах хүсэл зоригыг илэрхийлсэн, хүсэлтэндээ тусгасан байхаас бус нэр томьёог хуульд зааснаар бичих албагүй. Харин тухайн тохиолдолд төрийн байгууллага хууль зүйн туслалцааг үзүүлэх, чиглүүлэх боломжтой гэсэнд гомдолтой. Үндэслэл нь:

1. “В” ХХК-ийн газрын эзэмших эрхийн хугацааг сунгуулах хүсэлтийг гаргаагүй газрын гэрээний хугацааг сунгуулах хүсэлтийг Нийслэлийн Өмчийн харилцааны газарт гаргасан. Нийслэлийн Өмчийн харилцааны газар нь нийслэлийн Засаг даргад хандаж гаргаагүй хүсэлтийг нийслэлийн Засаг даргад танилцуулаагүй. Нийслэлийн Өмчийн харилцааны газар нь “В” ХХК-ийн дээрх хүсэлтийг нийслэлийн Засаг даргад танилцуулсан гэх баримт хэрэгт байхгүй. Тийм ч учраас Нийслэлийн Өмчийн харилцааны газраас хүсэлтийн хариуг “В” XХК-д өгсөн байдаг. Энэ  шийдвэрийг эс зөвшөөрвөл нийслэлийн Засаг даргад гомдол гаргах эрх нь байхад энэ гомдлыг гаргаагүй. Гомдол гаргасан баримт хэрэгт байхгүй.

2. Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлд газар эзэмшигч хугацаа сунгуулах хүсэлтийг зөвхөн Засаг даргад гаргахаар хуульчилсан. Нийслэлийн Өмчийн харилцааны газарт энэ эрхийг олгоогүй.

3. “В” ХХК нь Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.2, 37.1.3-д заасан баримт бичгүүдийг хавсаргаагүй энэ хуулийн заалтыг биелүүлээгүй байхад шүүх хуульд нийцсэн хүсэлт гаргасан мэт дүгнэсэн.

Хоёр: Шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагыг хүрээнээс хэтэрсэн асуудлаар дүгнэлт хийсэн. Үүнд шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “Хэрэв дээрх шийдвэрийг захиргааны байгууллага хуулийн дагуу биелүүлсэн, захиргааны байгууллагын үйл ажиллагаан дахь хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим хангагдсан бол “В” ХХК-д орон сууц үйлчилгээний зориулалтаар олгогдсон 2725 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгагдаж, тухайн газрын хууль ёсны эзэмшигчээр нэхэмжлэгч “В” ХХК нь тогтоогдсоноор нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/558 дугаар захирамж гарах нөхцөл бүрдэхгүй байжээ” гээд Иймд “В” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой.

“В” ХХК нь шүүхийн шийдвэрийг нийслэлийн Засаг дарга биелүүлэхгүй байгаа талаар шүүхэд нэхэмжлэл гаргаагүй. Газар эзэмших гэрээний хугацаа сунгахыг даалгах нэхэмжлэл гаргасан. Өмнө нь захиргааны хэргийн шүүхээс 2009 оны 165 дугаар захирамжийг сэргээсэн .Энэ захирамжаар олгогдсон эзэмших эрхийн хугацаа дууссан. Сунгуулах хүсэлтийг нийслэлийн Засаг даргад гаргаагүй гэж маргаж байхад шүүх хэрэгт хамааралгүй, нэхэмжлэлийн шаардлагад огт дурдаагүй, шүүхээр хэлэлцэгдээгүй нөхцлийг үндэслэл болгосон нь ойлгомжгүй битүү утгыг агуулсан, нэхэмжлэгчид давуу байдал тогтооохыг илт оролдсон шийдвэрийг гаргасанд гомдолтой.

Гурав: Хэрэв нотлох баримтаар авагдсан Нийслэлийн Өмчийн харилцааны газрын танилцуулгад “В” ХХК нь эзэмшил газартаа нийтийн орон сууц барьж “И М” сууц өмчлөгчдийн холбоонд хүлээлгэн өгсөн гэх, мөн нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар зэргээр нотлогдож байхад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасны дагуу гуравдагч этгээдээр “И М” СӨХ-г оролцуулаагүйгээр “В” ХХК-д 2725 м.кв талбай бүхий газрыг эзэмшүүлэхээр  газар эзэмших эрхийн хугацааг сунгахыг нийслэлийн Засаг даргад даалгасанд гомдолтой.

Дөрөв: “В” ХХК-ийн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэцэх хугацаа дууссан. Нийслэлийн Өмчийн харилцааны газраас албан бичгийн хариуг хүсэлтэд дурдсан хаягаар явуулахад Нийслэлийн Өмчийн харилцааны газарт буцаасан. “В” ХХК нь хаягтаа байдаггүй, утас нь холбогдохгүй учир буцаасан хариу хүргүүлээгүй гэж шүүх дүгнэсэн нь буруу, нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой. Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянав.

Нэхэмжлэгч “В” ХХК нь шүүхэд нийслэлийн Засаг даргад холбогдуулан 1/ Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/558 дугаар захирамжийг хүчингүй болгуулах,

2/ “В” ХХК-ийн газар эзэмших эрхийн хугацаа сунгахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бусад тооцож, гэрээний хугацаа сунгах,

3/ “В” ХХК-д 2725 м.кв газрыг эзэмшүүлэх захирамж гаргахыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд “В” ХХК-д маргаан бүхий газрыг нийслэлийн Засаг даргын 2009 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 165 дугаар шийдвэрийг үндэслэн 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэж 2009 оны 05 дугаар сарын 05-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна. Энэ өдрөөс эхлэн газар эзэмших хугацааг тоолох ёстой. Ингэж тооцож үзвэл уг хугацаа 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдөр дуусахаар байна.

Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасны дагуу газар эзэмших эрхийг хугацааг эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах ёстой. Уг хүсэлтдээ дараах бичиг баримтыг хавсаргахаар хуульчилжээ.

37.1.1-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээ”, 37.1.2-т “Газрын төлбөр төлсөн баримт, 37.1.3-д “байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээр гарсан дүгнэлтийг хэрэгжүүлсэн талаархи тодорхойлолт”.

Нэхэмжлэгчээс хугацаа сунгуулахаар гаргасан гэх аль ч албан бичиг, хүсэлтэд дээрх баримтыг бүрэн хавсаргаагүй байжээ. Харин хугацаа дууссан хойно нэхэмжлэгчээс гаргасан 2014 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 1/17,  2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 50 дугаартай албан бичгүүдийг хариуцагч хүлээн авсан нь тогтоогдож байна. Мөн Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан хугацаанд гаргасан гэх 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 1/9 дугаар албан бичгийг хариуцагч хүлээн авсан гэх баримт алга. Энэ огноо, дугаар тавигдсан бичгийг зөвхөн нэхэмжлэгчээс л гаргаж өгчээ.

Түүнчлэн хэрэгт авагдсан баримтад нэхэмжлэгч нийслэлийн Засаг даргад хандан эзэмших эрхийг гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлт огт гаргаж байгаагүй байх бөгөөд хавтас хэргийн 63 болон 103 хуудсанд авагдсан “В” ХХК-ийн хүсэлт нь Нийслэлийн Өмчийн харилцааны газарт хандаж гаргасан байна.

Цааш нь нарийвчлан авч үзвэл “В” ХХК-ийн Нийслэлийн Өмчийн харилцааны газарт гаргасан хүсэлтийн утга нь зөвхөн газрын гэрээг сунгуулах хүсэлт бөгөөд газрын гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлт биш гэж үзэхээр байна.

Захиргааны хэргийн шүүх нь аливаа хэрэг маргааныг шийдвэрлэхдээ сэргэх эрх байгаа эсэх, ямар эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар нэхэмжлэл гаргаж буйг сайтар анхаарах ёстой. Энэхүү тохиолдолд нэхэмжлэгч өөрийн газар эзэмших эрхээ сэргээлгэхийг хүсэж байна. Харин гуравдагч этгээд болон хариуцагчийн зүгээс газар эзэмших эрхийн хугацааг нь дууссан гэж тайлбарлан маргаж байна.

“В” ХХК-д сэргэх эрх байна уу, уг компанид одоо 2725 м.кв газрыг эзэмшүүлэх боломжтой юу, анхан шатны шүүхийн шийдвэр биелэгдэх бодит боломжтой юу гэдэгт давж заалдах шатны шүүх анхаарав.

Шүүхийн шийдвэр эрх зүйн маргааныг эцэслэн шийдвэрлэхэд чиглэгдэх ёстой бөгөөд нэг шүүхийн шийдвэр дараагийн маргааны эх үүсвэр байх ёсгүй.

”В” ХХК, “Б” ХХК-иудын хоорондын газрын маргаан 2008 оноос эхлэлтэй бөгөөд иргэний болон захиргааны хэргийн шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолуудаар өмчлөлийн хийгээд газрын маргаануудыг эцэслэн шийдвэрлэж байсан бөгөөд энэхүү хэрэгт хамааралтай бүх шүүхийн шийдвэрүүд нотлох баримтаар хэрэгт авагдсан байна.

“В” ХХК бүхэлд нь эзэмших ёстой гэж үзэж байгаа 2725 м.кв газар дээрээ нэхэмжлэгч өөрөө нийтийн орон сууц барьсан, нэг барилга ашиглалтад орж, иргэд амьдарч байгаа. Энэ талаар Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 604 дүгээр шийдвэр гарах үед” В” ХХК нь 40 айлын орон сууц барьсан, орон сууц болон худалдааны төв рүү орох орц гарц, автомашины зогсоол, зам талбайн зориулалтаар нийтээр ашиглаж байгаа болох нь хэргийн оролцогчдод илэрхий болсон, энэ талаар маргаагүй байна. Мөн тухайн газар дээр “В” ХХК-аас өөрийн эзэмшлийн газрын холбогдох хэсгийг нийтийн эзэмшилд шилжүүлж, харин үлдсэн хэсгийг нэхэмжлэгчид эзэмшүүлэх байдлаар энэхүү шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх шаардлагатай хэмээн шийдвэрийн Үндэслэх хэсэгт дүгнэж байжээ.

Түүнчлэн тухайн газар дээр “Б” ХХК “О” худалдааны төвийг барьсан, уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоогдсон хуулийн хүчин төгөлдөр шийдвэртэй, газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлсөөр ирсэн, төрийн захиргааны байгууллагаас удаа дараа 916 м.кв газрыг эзэмшүүлэх захирамж гаргаж байжээ. Мөн тухайн газрыг чөлөөлүүлэхийг хүссэн “В” ХХК-ийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр тогтоолтой байна.

Дээрх байдлаас дүгнэн үзэхэд одоо “В” ХХК-д “О” худалдааны төв болон нийтийн зориулалттай 40 айлын орон сууцны доорх газрыг оролцуулан, мөн орон сууц болон худалдааны төв рүү орох орц гарц, автомашины зогсоол, зам талбайн зориулалтаар нийтээр ашиглаж байгаа газрыг оролцуулан 2725 м.кв газрыг эзэмшүүлэх бодит боломжгүй байна. Хэрвээ “В” ХХК-д эзэмшүүлбэл дахин уг газар дээр байгаа үл хөдлөх эд хөрөнгүүдийг нүүлгэх, албадан чөлөөлөх маргааныг “В” ХХК үүсгэхээр байна.

Мөн Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2011 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 147 дугаар тогтоолоор “...“Б” ХХК-д 916 м.кв газрыг шилжүүлэхдээ хариуцагч Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.2-т заасныг хэрэгжүүлээгүй буюу “В” ХХК-ийг газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх хүсэлт гаргаагүй байхад шилжүүлсэн нь хууль бус, “В” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна” гэж дүгнэсэн байх тул гуравдагч этгээд “Б” ХХК-ийн давж заалдах гомдол үндэслэлтэй. Учир нь энэ тогтоол нь “Б” ХХК огт газар эзэмшүүлж болохгүй гэсэн дүгнэлтийг хийж хүчингүй болгоогүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2018/0422 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 34 дүгээр зүйлийн 34.8, 35 дугаар зүйлийн 35.1.5, 35.3.3, 37 дугаар зүйлийн 37.1, 37.2, 39 дүгээр зүйлийн 39.1.1, 39.1.4-д заасныг тус тус баримтлан “В” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т-ийн гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/558 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, “В” ХХК-ийн газар эзэмших эрхийн хугацаа сунгахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бусад тооцож, “В” ХХК-д 2725 м.кв газрыг эзэмшүүлж гэрээний хугацаа сунгахыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А болон гуравдагч этгээд “Б” ХХК-ийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгож, хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Д.БАТБААТАР

                               ШҮҮГЧ                                                              Ц.САЙХАНТУЯА

                               ШҮҮГЧ                                                              Э.ЗОРИГТБААТАР