Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 224

 

Д.Н-ийн нэхэмжлэлтэй,

 Дорноговь аймгийн Засаг дарга,

тус аймгийн Газрын харилцаа,

барилга хот байгуулалтын газарт холбогдох

захиргааны хэргийн тухай

 

            Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч, шүүгч:          Ч.Тунгалаг

            Шүүгчид:                         Г.Банзрагч

                                                    Б.Мөнхтуяа

                                                    М.Батсуурь

            Илтгэгч шүүгч:               Д.Мөнхтуяа

            Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

            Нэхэмжлэлийн шаардлага: “Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн #2019-2074 дугаартай дахин цахим дуудлага худалдааны ялагчтай байгуулах гэрээг байгуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тухайн гэрээг байгуулахыг хариуцагчид даалгах, Дорноговь аймгийн Засаг даргын 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдааг дахин зохион байгуулах тухай” А/592 дугаар захирамжийн холбогдох хэсэг буюу хавсралтын 4 дэх заалт хууль бус байсан болохыг тогтоолгох”, 

Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 115/ШШ2020/0001 дүгээр шийдвэр,

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 17-ний өдрийн 184 дүгээр магадлалтай,

            Шүүх хуралдаанд оролцогч: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А нарыг оролцуулж,

            Нэхэмжлэгч Д.Н-ийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1.  Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 115/ШШ2020/0001 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 33 дугаар зүйлийн 33.1.2, Иргэний хуулийн 197 дугаар зүйлийн 197.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Н-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн #2019-2074 дугаартай газрын дахин цахим дуудлага худалдааны ялагч нэхэмжлэгч Д.Н тэй гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тухайн дуудлага худалдааны ялагчийн гэрээг нэхэмжлэгч Д.Н тэй байгуулахыг Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт даалгаж, Дорноговь аймгийн Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдааг дахин зохион байгуулах тухай” А/592 дугаар захирамжийн холбогдох хэсэг буюу хавсралтын 4 дэх заалтыг хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэжээ.

2.  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 17-ний өдрийн 184 дүгээр магадлалаар: Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 01 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Н-ийн гаргасан “Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн #2019-2074 дугаартай дахин цахим дуудлага худалдааны ялагчтай байгуулах гэрээг байгуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тухайн гэрээг байгуулахыг хариуцагчид даалгах, Дорноговь аймгийн Засаг даргын 2019 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдааг дахин зохион байгуулах тухай” А/592 дугаар захирамжийн холбогдох хэсэг буюу хавсралтын 4 дэх заалт хууль бус байсан болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Ц.Оюунсайханы давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн байна.

Хяналтын гомдлын үндэслэл:

           3. Нэхэмжлэгч Д.Н  хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “.... Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 184 дүгээр магадлалаар дүгнэлт хийхдээ “хэдийгээр” Засгийн газрын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 10 дугаар тогтоолоор батлагдсан Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журмын 10.4-т “энэ журмын 10.1-т заасан дуудлага худалдаанд 1 оролцогч оролцох хүсэлт гаргасан тохиолдолд дуудлага худалдааны анхны үнэ дээр өсгөн хэлэх үнийн доод хэмжээг нэмж дуудлага худалдаагаар худалдан авах үнийг тогтоох бөгөөд тухайн оролцогч зөвшөөрвөл түүнийг дуудлага худалдааны ялагч гэж үзнэ” гэж заасан байдаг ч хариуцагчийн энэхүү тайлбараас гадна 1 болон 3 дахь дуудлага худалдааны оролцогчдын тоо, түүнчлэн үнийн санал зэргээс үзэхэд 2 дахь дахин цахим дуудлага худалдаанд ямар ч оролцогчгүйгээр 7,700,000 төгрөгөөр нэхэмжлэгч ялсныг тухайн дуудлага худалдааг бодитой явагдсан гэж үзэхэд эргэлзээтэй” гэж үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй бөгөөд хууль, журамд байхгүй зохицуулалт хэрэглэсэн нь харагдаж байна.

          4. Газрын тухай хууль, Засгийн газрын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 10 дугаар тогтоолоор батлагдсан Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журамд “хэдийгээр” гэсэн тодотголтой заалтыг миний бие хайгаад олохгүй байгаа бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх ч мөн ямар нэг хууль, журмаас зүйл заалт дурдаж үндэслэл болгоогүй нь ч эндээс харагдаж байна.

          5. Мөн дээрх магадлалд хянагдсанаар дуудлага худалдааны анхны үнийг 7,200,000 биш 720,000 төгрөг гэж, дэнчингийн хэмжээг 720,000 биш 72,000 гэж газрын биржийн цахим сайтад тус тус алдаатай мэдээлсэн нь сонирхогч иргэдийн хувьд төөрөгдөлд оруулах, хямд үнэтэй байгаагаас үзэхэд байршлын хувьд өөр газар байх гэсэн эргэлзээ төрүүлсэн байх бүрэн боломжтой гэсэн нь бас л үндэслэлгүй гэж үзэж байна.

           6. Өөрөөр хэлбэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг нь зөвхөн тухайн дуудлага худалдаанд оруулж буй газар нь өмнө нь харилцан адилгүй үнээр дуудлага худалдаанд өндөр үнэ хүрч байсан учраас 7,700,000 төгрөгөөр нэхэмжлэгч Д.Н  авах нь шударга бус хэтэрхий хямд үнээр авах гээд байна гэсэн агуулга бүхий л дүгнэлт хийснээс өөрөөр ямар нэг бодитой үндэслэлээр хуулийн ямар заалтаар анхан шатны шүүх буруу шийдвэр гаргасан талаарх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.

          7. Хэрэв Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг өмнө нь болон одоо мөн цаашид жишиг байдлаар эсвэл тайлбарласан байдлаар нь Газрын биржийн цахим сайт үйл ажиллагаандаа үндэслэл болговол өмнө нь энэ газар өндөр үнэ хүрч байсан эсвэл хүрэх ёстой тийм учраас чи ийм хямд буюу доогуур үнээр худалдан авах нь бодитой бус байна гэсэн байдлаар хэзээ ч дуусашгүй үргэлжлэх, газрын үнэ хэд ч хүрч болох байдлаар дүгнэсэн байна.

         8. Гэтэл яг энэ харилцааг зохицуулсан зохицуулалт буюу Газрын тухай хууль, Засгийн газрын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 10 дугаар тогтоолоор батлагдсан Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам нь хэрэгжихийн зэрэгцээ салбар хариуцсан төрийн захиргааны төв байгууллага буюу Барилга, хот байгуулалтын яамнаас баталсан журмын дагуу суурь үнийг нь тухайн газрын байршил, хэмжээ, зориулалтыг нь үндэслэн тогтоох аргачлалыг нь баталсан байдаг.

         9. Мөн анхны үнэ болон дэнчингийн хэмжээг алдаатай мэдээлсэн боловч энэ нь нэхэмжлэгч миний алдаатай үйлдэл эсвэл хууль журам зөрчсөн үйлдэл биш бөгөөд дээр нь Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт гаргаснаар Газар эзэмших эрхийн #2019-2074 дугаартай дахин Цахим дуудлага худалдааны зар тавигдсан www.mle.mn газрын биржийн цахим сайтад 2 ч удаа хийгдсэн үзлэгээр тухайн газрын байршил, хэмжээ, зориулалт нь сонирхогч иргэдийг төөрөгдөлд оруулахаар байгаагүй бөгөөд харин ч анхны дуудлага худалдааны он сартай, анхны дуудлага худалдаанд хэрэглэгдэж байсан зураг, мэдээлэл, тайлбартайгаа байсан болох нь тогтоогдсон болно.

         10. Давж заалдах гомдлын 1 үндэслэл болсон иргэн Ц.Ариунбаяр ч гэсэн анхны дуудлага худалдаанд оролцож бүрэн хэмжээний мэдээлэл авсан байх үндэстэй. Гэтэл дахин цахим дуудлага худалдааны ерөнхий мэдээлэл болох байршил, хэмжээ, зориулалт нь яг хэвээрээ буюу өмнөх зурагтай зар нь тавигдсан байхад оролцохгүй эсвэл оролцсон этгээдэд гомдол гаргах нь ойлгомжгүй байна.

        11. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 1-д “давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон бол дараах шийдвэрийн аль нэгийг гаргана” гээд 121.1.1-д нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох” гэж заажээ.

         12. Мөн хуулийн 121.2-д “хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт цугларсан, шүүх хуралдаан болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан боловч шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, эсхүл хуулийг буруу хэрэглэсэн бол давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх энэ хуулийн 121.1.1, 121.1.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргана” гэж тус тус заажээ.

         13. Гэтэл давж заалдах шатны шүүх дүгнэлт хийхдээ анхан шатны шүүх ямар нотлох баримтыг буруу үнэлсэн, эсхүл хуулийг буруу хэрэглэсэн талаарх бодитой бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр зөвхөн тухайн газар эзэмших эрхийг 7,700,000 төгрөгөөр авах гэж буй нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж хууль, журамд байхгүй зүйл заалтаар дүгнэж байгаа нь өөрөө үндэслэлгүй бөгөөд ойлгомжгүй байна.

         14. Тус дуудлага худалдаанд тухайн үед оролцогчид ямар ч үнийн санал хэлж болох бөгөөд аль нэг дуудлага худалдаанд хэлэгдэж байсан үнийн дүнтэй жишиж өмнөх үнийн дүнгээс хэт зөрүүтэй байна гэсэн үндэслэлээр дуудлага худалдааг хүчингүй болгож болохгүй юм. Энэ нь Газрын тухай хууль, Засгийн газрын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 10 дугаар тогтоолоор батлагдсан Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журмын аль алинд нь байхгүй зохицуулалт бөгөөд газрын биржийн цахим сайтаар газрын дуудлага худалдааг хэзээ ч зогсохгүй, үнэ хэд ч хүрч мэдэхээр, хэдэн ч удаа дуудлага худалдаа давтагдах нөхцөл байдалтай мэтээр дүгнэж байгаа нь сонирхолтой.

         15. Мөн давж заалдах шатны шүүх “дуудлага худалдааны анхны үнийг 7,200,000 биш 720,000 төгрөг гэж, дэнчингийн хэмжээг 720,000 биш 72,000 төгрөг гэж газрын биржийн цахим сайтад тус тус алдаатай мэдээлсэн нь сонирхогч иргэдийн хувьд төөрөгдөлд оруулах, хямд үнэтэй байгаагаас үзэхэд байршлын хувьд өөр газар байх гэсэн эргэлзээ төрүүлсэн байх бүрэн боломжтой” гэсэн дүгнэлт хийж байгаа нь үндэслэлгүй бөгөөд дахин цахим дуудлага худалдааны Зар мэдээлэлд тухайн газрын талаарх мэдээлэл анх тавигдсан хэвээр буюу хаана байрлалтай, ямар хэмжээтэй, ямар зориулалттай болох нь илт тодорхой бөгөөд сонирхогч этгээд хэн ч эргэлзээгүйгээр тухайн газар мөн болохыг мэдэх боломжтой гэдэг нь хэрэгт авагдсан баримтууд зохигчдийн тайлбар мөн www.mle.mn газрын биржийн цахим сайт болон түүнд үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр хангалттай нотлогдох юм.

         16. Иймд, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 184 дүгээр магадлалыг бүхэлд нь хүчингүй болгон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

17. Давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтуудад холбогдуулан Газрын тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

18. Нэхэмжлэгч Д.Н ээс шүүхэд хандан, “Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн #2019-2074 дугаартай цахим дуудлага худалдааны ялагчтай байгуулах гэрээг байгуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тухайн гэрээг байгуулахыг хариуцагчид даалгах, Дорноговь аймгийн Засаг даргын 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдааг дахин зохион байгуулах тухай” А/592 дугаар захирамжийн холбогдох хэсэг буюу хавсралтын 4 дэх заалт хууль бус байсан болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “... газар эзэмшүүлэх цахим дуудлага худалдаанд хамгийн өндөр санал өгч ялагч болсон байхад ... гэрээ байгуулахгүй байгаа нь хууль бус, ... , Дорноговь аймгийн Засаг даргын 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн А/592 дугаар захирамжаар газар эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдааг дахин зохион байгуулахаар шийдвэрлэсэн нь ... миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн” гэж, хариуцагчаас “...2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн #2019-2074 дугаартай цахим дуудлага худалдаа нь ... /хуульд заасан журмын дагуу/ зарлагдаагүйгээс иргэн Д.Н  ганцаараа оролцож, 7,700,000 төгрөгийн санал өгч ялсан, ... /бусад этгээдээс/ гаргасан гомдлыг хянаад уг дуудлага худалдааг хүчингүйд тооцож дахин дуудлага худалдааг зохион байгуулсан, ... Засаг даргын 2019 оны А/592 дугаартай захирамжаар дахин дуудлага худалдааг зохион байгуулахад иргэн Д.Н  өөрийн хүсэлтээр оролцож, мөн ялагч болсон, ... нэхэмжлэгч Д.Н-ийн эрхийг зөрчөөгүй...” гэж тус тус маргажээ.

19. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад баримтуудаас үзвэл Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт, ХААН банкны баруун талд байрлах 0,09 га газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, газар эзэмших эрхийг дуудлага худалдаагаар олгох, анхны үнийг 7,200,000 төгрөгөөр тогтоосон, цахим дуудлага худалдаа анх 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр явагдаж, дуудлага худалдаанд 5 этгээд оролцож, хамгийн өндөр үнийн санал буюу 194,700,000 төгрөгийн үнээр ялсан этгээд нь төлбөрөө хугацаанд нь төлөөгүйгээс дахин дуудлага худалдаа зарлагдсан, 2 дахь дуудлага худалдааны зарыг Газрын биржийн www.mle.mn сайтад 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр байршуулахдаа “дуудлага худалдааны анхны үнэ 720,000 төгрөг /дэнчингийн хэмжээ 72,000 төгрөг/” гэж алдаатай зарласан, уг алдааг 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр цахим сайтад зассан, 26-ны өдрийн дуудлага худалдаанд нэхэмжлэгч Д.Н  ганцаараа оролцож, дуудлага худалдааны анхны үнэ 7,200,000 төгрөгийг нэмэгдүүлж, 7,700,000 төгрөгийн үнэ санал болгож, ялагч болсон, уг дуудлага худалдааг “... хууль зөрчсөн” гэх үндэслэлээр иргэн Ц.Ариунбаяр гомдол гаргасан, талууд эдгээр үйл баримтуудтай маргаагүй байна.

 20. Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор батлагдсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын 7.2-т дуудлага худалдааны зард заавал тусгах мэдээллийг тоочин заасан, журамд тусгайлан заасан мэдээллийн аль нэг нь дутуу эсхүл буруу зарлагдсан тохиолдолд, уг зарыг “хуульд нийцсэн” гэж үзэхгүй, мөн журмын    10.2-т заасан “... дахин дуудлага худалдааны зар...” нь агуулга, хэлбэрийн хувьд үнэн зөв, бүрэн гүйцэт байхыг шаардана, анхны үнэ, дэнчингийн хэмжээг алдаатай буруу мэдээлсэн зарыг “хууль ёсны” гэж шүүх дүгнэх боломжгүй, энэ талаар анхан шатны шүүх буруу дүгнэлт хийсэн байна.

21. Иймд, цахим дуудлага худалдааны 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр байршуулсан зар  “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын 7.2-т нийцээгүй, холбогдох алдаатай мэдээллийг залруулж, цахим сайтад 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр дуудлага худалдааны зарыг байршуулснаар мөн журмын 10.2-т заасан “... 14-өөс доошгүй хоног”-ийн хугацаа тоологдох учиртай, энэ үндэслэлээр 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн дуудлага худалдааг хүчингүй болгож, дахин дуудлага худалдаа зарлахаар шийдвэрлэсэн хариуцагчийн шийдвэр газар эзэмшүүлэх дуудлага худалдаа явуулах талаарх дээрх журмыг зөрчөөгүй, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан “... анхны үнэ болон дэнчингийн хэмжээг алдаатай мэдээлсэн боловч энэ нь нэхэмжлэгч миний алдаатай үйлдэл эсвэл хууль журам зөрчсөн үйлдэл биш” гэх гомдлыг хүлээж авах боломжгүй.

22. Өөрөөр хэлбэл, шүүх “нэхэмжлэгч Д.Н-ийн хууль зөрчсөн үйлдлээс болж дуудлага худалдаа хүчингүй болсон” гэж дүгнээгүй, газар эзэмших эрхийн дуудлага худалдаа нь Засгийн газраас баталсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-д нийцэж явагдах учиртай, уг журамд нийцээгүй явагдсан дуудлага худалдааг шүүх зөвтгөх боломжгүй, “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын 7.2, 10.2-т заасныг зөрчиж явагдсан дуудлага худалдаанд ганцаараа оролцож, “7,700,000 төгрөгөөр ялагч болсон” гэх үндэслэлээр нэхэмжлэгч Д.Н-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй.  

23. Түүнчлэн, Дорноговь аймгийн Засаг даргын 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн  А/592 дугаар захирамжаар газар эзэмшүүлэх дуудлага худалдааг дахин зохион байгуулахаар шийдвэрлэсний дагуу 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулагдсан цахим дуулага худалдаанд 4 этгээд оролцсоны дотор нэхэмжлэгч Д.Н  өөрөө оролцож ялагч болсон байх тул маргаан бүхий захирамжийн улмаас нэхэмжлэгч Д.Н-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэхгүй, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

24. Эдгээр үндэслэлээр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 17-ний өдрийн 184 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Н-ийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Н ээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ч.ТУНГАЛАГ

             ШҮҮГЧ                                                                   Д.МӨНХТУЯА