Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 1002

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж, нэхэмжлэгч “Э*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.А*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Ү*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Энх-Амар нарыг оролцуулан хийж, 

Нэхэмжлэгч “Э*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, Сант асар төв, ******* тоот. Утас: 99*******, 99

Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн А-236 дугаар “Газар ашиглах эрх цуцлах тухай” тушаалыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь: 

“Э*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.А******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Манай компани Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны А-491 дүгээр тушаалаар Улаанбаатарт хот, Хан-Уул дүүргийн нутагт орших Богдхан Уулын Дархан цаазтай газар тусгай хамгаалалттай газар нутгийн Н******* ******* нэртэй газарт 1.0 га талбайг аялал жуулчлалын зорилгоор 5 жилийн хугацаатай ашиглаж байна. Өнгөрсөн хугацаанд дээрх газар хашаа татаж худаг гаргах, зураг төсөл боловсруулах, газар ашиглахтай холбоотой техникийн нөхцөл, зөвшөөрлүүдийг гаргуулах зэрэг тодорхой ажлуудыг хийж гүйцэтгэсэн бөгөөд газрын төлбөрийг цаг тухай бүр нь төлж ирсэн. 2016 онд бидний одоо ашиглаж буй газрыг бидэнд мэдэгдэлгүйгээр өөр этгээдэд өгсөн гэх мэдээллийг сонсоод Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас тодруулга автал манай компанийн газар ашиглах эрхийг 2015 оны А-236 дугаар сайдын тушаалаар цуцалсан гэсэн албан хариу өгсөн. 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр манай компани тус яаманд гомдол гаргасан бөгөөд өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй байна. Тиймээс Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуучлалын сайдын 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн хууль бус, үндэслэлгүй гарсан “Газар ашиглах эрх цуцлах тухай” А-236 дугаар тушаалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ. 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Ү******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлд  Байгаль орчин, аялал жуулчлалын яам газар олгох асуудлын хүрээнд ямар эрх хэмжээ эдлэх талаар буюу Монгол улсын Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан эрх хэмжээ эдлэх талаар заасан байдаг. Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь хуулиар олгогдсон эрх хэмжээгээ хэтрүүлээд, Монгол Улсын Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасан үндэслэлээр газрын гэрчилгээг хүчин төгөлдөр бус болгосон нь манай байгууллагын эрх ашгийг зөрчсөн гэж үзэж байгаа юм. Тухайн газар нь аялал жуулчлалын зориулалттай газар бөгөөд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7 дахь хэсэгт зааснаар барилга байгууламж барих ёстой. Барилга байгууламж барих бол тухайн орон нутгийн Төр, захиргааны төв байгууллагаас барилгын норм дүрэмд заасан стандартыг хангасан зураг төслийг батлуулж, тэр зургийн дагуу барилга байгууламжийг барих зохицуулалт Барилгын тухай хуулиар зохицуулагдсан байдаг. Харин манай зүгээс барилга байгууламж бариагүй ч гэсэн тухайн барилгыг барьж эхлэх үйл явцтай холбоотой бэлтгэл ажлыг ханган ажиллаж байсан. Мөн хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байгаа юм.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь газар эзэмших гэрчилгээг цуцлахдаа өөрийн эрх хэмжээнээс хальсан нөхцөл байдлаар тушаал гаргасан нь манай компанийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчиж байна” гэв.

 “Э*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.А******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэг жил гаруй хугацаанд Хан-Уул дүүргийн Засаг дарга болон Дархан цаазат газраар хөөцөлдсөөр байгаад 1 жилийн дараа гэрээ хийсэн. Цахилгааны техникийн нөхцөлд хашаа барьсан, барилгын 2 эскиз зураг хийж, Хотын ерөнхий төлөвлөгөөний газарт 2-3 удаа эскиз зургаа батлуулах гэж хандаж байсан. Тэр хугацаанд түр хүлээнэ үү гэх хариуг өгдөг байсан. Газрын төлбөрийн тухайд 2014 оны 4 дүгээр улирлыг дуустал бүх тооцоогоо төлсөн талаарх Хан-Уул дүүргийн газрын албаны тооцооны баримтын актыг хэргийн материалд хавсаргасан байгаа. Иймд 2 жил газар дээрээ үйл ажиллагаа явуулаагүй, газрын төлбөрийг төлөөгүй гэх асуудал манай компанийн хувьд байхгүй юм. 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр газар ашиглах эрх цуцалсантай холбоотой албан ёсны тайлбар мэдэгдлийг өгнө үү гэх албан бичгийг хүргүүлж байсан.  Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас уг бичгийн хариу нь 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр ирсэн. Үүний дараа манай байгууллагаас гаргасан шийдвэрээ дахин хянаж үзнэ үү, манай байгууллагаас үйл ажиллагаа явуулж байсан, газрын төлбөрөө төлж байсан талаарх тайлбаруудыг хүргүүлсэн боловч хариу ирээгүй юм. Хуульд заасны дагуу 30 хоногийн дотор эрх бүхий байгууллагаас хариу ирээгүй. Тэгээд мөн 5 дугаар сарын 20-ны өдөр дахин албан бичиг явуулсан боловч хариу ирээгүй учир шүүхэд нэхэмжлэлээ гаргасан” гэв. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Захиргааны хэрэг хянан шйдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээд захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор тухайн байгууллага, албан тушаалтныг шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргана гэж заасан байдаг. Гэтэл нэхэмжлэгч “Э*******” ХХК-ийн зүгээс хуульд заасан хугацаанд дээд шатны байгуулагад гомдол гаргаагүй байна. Иймд гомдол гаргах хугацаа дууссан байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д******* нь шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр тус шүүхэд  “Э*******” ХХК нь нэхэмжлэлээ гаргасан байдаг. Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн албан бичгээр газар ашиглах эрхийг цуцалсан талаар мэдэгдсэн байгаа юм. Ийм учраас энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан үндэслэлийг бүрдүүлж хэргийг буцаах үндэслэл бүрдэж байна гэж үзэж байна.

Гэрээнд газрын төлбөрийг төлөх талаар заасан байдаг. Гэрээндээ газрын төлбөр төлөх талаар заасан байна гэдэг нь талууд гэрээний үүргээ биелүүлэх бөгөөд тухайн компани үүргээ биелүүлээгүй байна гэж үзэхээр байна. Гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт төлбөрөө хугацаандаа төлөөгүй бол алданги төлнө гэж заасан байдаг. Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайд нь гэрээний 3 дугаар зүйлийн 3.6 дахь хэсэг болон Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасан нөхцөл бий болсон тохиолдолд газар ашиглах эрх болон зөвшөөрлийг хүчингүй болгоно гэж заасан байдаг. Мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 2 дугаар зүйлд  Монгол Улсын Үндсэн хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Газрын тухай хуулиудын дагуу энэ хуульд заасны дагуу хамтдаа хэрэгжинэ гэсэн заалттай. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь өөрийн эрх хэмжээнийхээ хүрээнд газар олгох эрхтэй, мөн цуцлах эрх нь сайдад өөрт нь байгаа. 

Тусгай хамгаалалттай газар нутгийн 39 дүгээр зүйлд хориглосон заалт байдаг. Уг заалтаар тусгай хамгаалалттай газрыг ашиглаж байгаа этгээд бусдад дамжуулан хориглох бөгөөд анх маргаан бүхий газрыг н.Г эзэмшдэг байсан. Өөрийн хүсэлтийн дагуу “Э*******” ХХК-нд шилжүүлсэн боловч хориглосон үйл ажиллагааг хэрэгжүүлсэн байгаа юм. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 2 дугаар бүлэгт Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын газар цуцлах эрхтэй болох талаарх зохицуулалт байгаа. Гэрээний 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэг, Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн холбогдох заалтыг ашиглан газар ашиглах эрхийг цуцлана гэж заасан байгаа. Мөн гэрээндээ нарийвчлан заасан байдаг. Энэ эрхийг хүлээн зөвшөөрөөд Хан-Уул дүүргийн Засаг дарга гарын үсэг зураад гэрээгээ байгуулсан болно. Иймд энэ эрх нь хууль болон гэрээний үндсэн дээр  Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын бүрэн эрхийн асуудал мөн” гэв. 

Гуравдагч этгээд “М” ХХК-иас шүүхэд ирүүлсэн тайлбартаа: 2015 оны 7 дугаар сард Хан-Уул дүүрэг Богд хан уулын Дархан цаазат тусгай хамгаалалттай газарт Н******* *******д аялал жуулчлалын зориулалтаар төсөл боловсруулан ажиллахаар 2.1 га газрыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас зохих зөвшөөрлийн дагуу авсан билээ. Компанийн төслийн хүрээнд зайлшгүй хийгдэх шат дараалалтай ажил болох Аялал жуулчлалын цогцолборын иж бүрэн эскиз, байгууламжийн зураг, үүн дээр үндэслэн ерөнхий үнэлгээний дүгнэлт болон нарийвчилсан үнэлгээг хийлгэсэн болно. Улмаар тус газарт үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрдэхгүй, өмнөх компаний газар ашиглах эрх нь цуцлагдсан гэх боловч маргаантай өдийг хүрлээ. Энэ нь компаний төсөл боловсруулах үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж зогсонги байдалтай боллоо. Иймд тус газрын маргааныг эцэслэн шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн Д.Г /“Э*******” ХХК-ийн захирал асан/ аялал жуулчлалын зориулалтаар ашиглаж байсан Богдхан уулын Арцатын ******* дахь 1 га газраа өөрийн үүсгэн байгуулсан “Э*******” ХХК-ийн нэр дээр шилжүүлэх хүсэлтийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гаргасныг үндэслэн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын Сайдын 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А-491 дүгээр тушаалаар “Э*******” ХХК-нд Богдхан уулын Арцатын ******* дахь 1 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатай ашиглуулахаар шийдвэрлэсэн байна.

Гэтэл Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын Сайдаас 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдөр А-236 дугаар тушаалаар “үйл ажиллагаа явуулаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй” гэсэн үндэслэлээр “Э*******” ХХК-ийн тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах зөвшөөрлийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг үндэслэн цуцалсан байх бөгөөд үүнийг эс зөвшөөрч “Э*******” ХХК-иас шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1, 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газрын нутаг дэвсгэрийг тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр иргэн, аж ахуйн нэгж, байгууллага ашиглуулах шийдвэрийг гаргах бүрэн эрхтэй байх бөгөөд мөн хуулийн 2 дугаар зүйлийн 1-д  заасанчлан тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Газрын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

Шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хийгээд хариуцагч болон гуравдагч этгээдийн хариу тайлбар болон маргаан бүхий акт болох дурдсан үндэслэлийг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтад тулгуурлан үзэхэд:

1. “Үйл ажиллагаа явуулаагүй” гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Тодруулбал, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан эзэмшиж ашиглаагүй” бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор заажээ. 

Нэхэмжлэгч “Э*******” ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А-491 дүгээр тушаалаар Дархан цаазад Богдхан уулын Арцатын ******* дахь 1 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатай ашиглах эрхтэй болсон байх бөгөөд Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газрын даргын 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2011/179 тоот Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээг үндэслэн 2013 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн Засаг дарга, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргатай “Газар ашиглах тухай” гурвалсан гэрээг байгуулан, 2012 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр ”Ш” ХХК-тай зураг төсөл боловсруулах гэрээ байгуулан, 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр “Зочид буудал болон аялал жуулчлалын цогцолборын цахилгаан хангамжийн техникийн нөхцөл”-ийг Эрчим хүчний яамны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар батлуулан, Төсөл хэрэгжүүлэхтэй холбоотойгоор 2013 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны Иргэдийн нийтийн хурлаар асуудлыг хэлэлцүүлж, иргэдийн саналыг авах ажлыг зохион байгуулан, 2013 оны 8 дугаар сарын 29-ний өдөр “Ц” ХХК-тай хашааны ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр “Т” ХХК-тай “Н хотель” барилгын эскиз зураг, ерөнхий төлөвлөгөө, архитектур төлөвлөлтийн иж бүрэн зураг төслийг гүйцэтгүүлэх гэрээ байгуулан, уг зураг төсөлтэйгээ холбогдуулан Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаагаар төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг хийлгэн, баталгаажуулан, барилгын ажлаа эхлүүлэхэд шаардлагатай зураг төслөө батлуулахаар Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт 2014 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 1/03 тоот албан бичиг, 2015 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 02/651 тоот албан бичиг, 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 02/1852 тоот албан бичгүүдээр тус тус хандаж байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

Гэвч “Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 10 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт эдийн засаг, нийгэм, хот төлөвлөлт, экологийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэсэн шинэ суурьшлын бүсийг бий болгох замаар хүн амын хэт төвлөрлийг бууруулах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг сайжруулах зорилгоор Богдхан уулын дархан цаазат газрын ойр орчмын газрыг улсын тусгай хэрэгцээнд авах асуудлыг судалж, санал боловсруулах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа”-тай холбоотойгоор барилгын зураг төслийг батлах, барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг олгох боломжгүй гэсэн хариуг Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас удаа дараа өгч байсан нь нэхэмжлэгчээс үл хамаарах шалтгааны улмаас “Э*******” ХХК нь тухайн зөвшөөрөл бүхий газартаа үйл ажиллагаа явуулах боломжгүй байсныг  нотолж байна.

2. “Газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй” гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Тодруулбал, Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар “Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага зохих хууль тогтоомж, гэрээний дагуу газрын төлбөр төлөх” ба “Э*******” ХХК-ийн Хан-Уул дүүргийн Засаг дарга, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргатай 2013 оны 5 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай” гурвалсан гэрээний 2.4.в-д зааснаар нэхэмжлэгч нь “газрын төлбөрийг тэнцүү хэмжээгээр улирал бүрийн эхний сарын 25-ны дотор Хан-Уул дүүргийн газрын албаны ... дансанд” төлөх үүрэг хүлээжээ. 

Хэрэгт авагдсан нотлох баримт болон Хан-Уул дүүргийн Газрын албаны 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 09/1626 тоот лавлагаагаар нэхэмжлэгч “Э*******” ХХК нь тус албаны Улаанбаатар хотын банкны дансанд 2012.07.13 3960000 төгрөг, 2013.07.29 7920000 төгрөг, 2014.02.21 3960000 төгрөг, 2014.02.21 1980000 төгрөг, 2014.02.21 2970000 төгрөг, 2015.06.05 4950000 төгрөг, 2016.02.15 3960000 төгрөг, 2016.02.18 4620000 төгрөгийг газрын төлбөрт тус тус төлсөн” болох нь нотлогдож байна.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт “Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээд захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор тухайн байгууллага, албан тушаалтныг шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргана гэж заасан байдаг. Гэтэл нэхэмжлэгч “Э*******” ХХК-ийн зүгээс хуульд заасан хугацаанд дээд шатны байгуулагад гомдол гаргаагүй байна” гэж маргажээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасанчлан дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдол гаргах энэхүү 30 хоногийн хугацаа нь ашиг сонирхол нь зөрчигдсөн этгээд уг захиргааны актыг “хүлээн авсан, эсхүл мэдсэнээс хойш” тоологдох бөгөөд хэрэгт цугларсан материалаас үзэхэд “Э*******” ХХК-ийн газар ашиглах эрхийг цуцалсан тухай Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын Сайдын 2015 оны А-236 дугаар тушаалыг нэхэмжлэгчид мэдэгдэх ажиллагааг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газар, Хан-Уул дүүргийн Засаг дарга болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны аль нь ч хийгээгүй болох нь тогтоогдож байна.

Түүнчлэн нэхэмжлэгч “Э*******” ХХК-иас тусгай зөвшөөрлийг нь цуцалсантай холбоотойгоор 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд гаргасан өргөдлийг шийдвэрлэсэн Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын албан үүргийн түр орлон гүйцэтгэгч  Ч.Бын 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 09/1730 тоот албан бичгийг нэхэмжлэгч компанид хүргүүлсэн ”Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4-р хороо, Баянгол хүнсний захын байр” гэх хаяг нь нэхэмжлэгчээс газар ашиглах зөвшөөрөл хүсэн Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд болон Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд гаргаж өгсөн хаягаас зөрүүтэй байх бөгөөд хаяг нь тодорхойгүй гэх шалтгааны улмаас Монгол шуудан ХК-иас буцаалт хийгдсэн байна.

Иймд  “Э*******” ХХК-ийн газар ашиглах эрхийг цуцалсан Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А-236 дугаар тушаалд дурдсан “үйл ажиллагаа явуулаагүй, газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй” гэх хоёр үндэслэл тогтоогдохгүй байхад  тус компанийн газар ашиглах эрхийг цуцалсан нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан “хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн” зарчимд нийцэхгүй, “нэхэмжлэгчийн гомдол гаргах хугацаа өнгөрсөн” гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэв. 

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг  тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн  40.1.5,  40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг тус тус үндэслэн нэхэмжлэгч “Э*******” ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын Сайдын 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн А-236 дугаар тушаалын “Э*******” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Г.МӨНХТУЛГА