Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 77

 

    Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж тус шүүхийн танхимд Нарийн бичгийн дарга Б.Ариунбаяр Улсын яллагч Н.Бадам Хохирогч Д.Ганболд Хохирогч өмгөөлөгч Д.Даваахүү Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: Сэлэнгэ аймаг Сайхан сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******од холбогдох 1833000680059 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Ховд аймгийн Цэцэг суманд 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр төрсөн, бүрэн бус дунд боловсролтой, тракторын жолооч мэргэжилтэй, ам бүл-2, эхнэрийн хамт Сэлэнгэ аймаг Баруунбүрэн сумын 1 дүгээр баг, Амарбаясгалант гэх газарт оршин суух, хувиараа мал малладаг, урьд өмнө Сэлэнгэ аймаг дахь сум дундын 3 дугаар шүүхийн 2002 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 3/26 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260 дугаар зүйлийн 260-2 дэх хэсэгт зааснаар 02 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, Боржгон овогт **************. Холбогдсон хэргийн талаар Шүүгдэгч ******* нь 2018 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр, Амарбаясгалант гэх газарт иргэн Д.Ганболдыг зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ын өгсөн: “…Урьд өмнө мөрдөн байцаалтын шатанд миний өгч байсан мэдүүлэг бүгд үнэн. Холбогдсон хэргээ хүлээн зөвшөөрч байна гэм буруугаа ойлгож байгаа учраас би шүүхийн хэлэлцүүлэгт дахин мэдүүлэг өгөхгүй. ...Д.Ганболдын эмчилгээний зардал, зам зардал, өмгөөлөгч авсан зардал нийт 2501000 төгрөгийг би төлөх болно. Бид хоорондоо эвлэрсэн. Хохирол төлбөр төлөх талаар гэрээ хийсэн байгаа. ...гэх мэдүүлэг. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Ганболдын өгсөн: “2018 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Орхон аймгаас Цогоо гэх хүнийг гэртээ авч ирж машинаа янзлуулж байхад ******* ирсэн. ******* Цогоо хоёр нэг газар хамт ажиллаж байсан найз нөхөд явсан юм байна лээ. Тэгээд ******* найздаа гээд Цогоод нэг шил 0,5л архи өгч Цогоо, ******* хоёр хувааж уусан. Би тэр архинаас нь уугаагүй юм. 7-8 жилийн өмнө манай дэлгүүрт ******* нь согтуу ирээд намайг элдэв янзаар харааж доромжилж байсан юм. Тэгээд тухайн үед би цагдаа дуудаад өгсөн. Түүнээс болоод юм бодоод яваад байдаг юм шиг байгаа юм. Тухайн өдөр би машинаа засуулсан гээд сэтгэл хөөрөөд *******, Цогоо хоёрт нэг шил 0,75л архи өгөөд *******, Цогоо, мөн Бөөгий гэх найзынхаа хамт гол дээр очиж нөгөө архиа хувааж ууцгаасан юм. Ингээд архиа ууж дуусаад би машинаа үзээд үлдсэн. ******* Бөөгийг бааз хүргэж өгөхөөр явсан. Тэгээд би гол дээрээс гэртээ ирэхэд ******* нь манай эхнэртэй хэрэлдэж муудсан байдалтай байсан. Намайг ирэхээс өмнө ******* нь манай эхнэрийг зодох гээд байхаар нь Цогоо гэрээс дагуулж гаргаад нэг удаа цохисон гэж байсан. Тэгээд намайг машинаасаа буугаад байж байтал ******* нь үгийн зөрөөгүй шууд миний нүүр рүү 2 удаа цохисон. Тэгээд би ухаан балартаад газар суусан. Ингээд Цогоо хүүхдийн хамт намайг гэрт өргөж оруулсан байна лээ. ******* нь намайг цохиж зодсоноос болж миний хоёр шүд хугарсан. Нэг нүд юм харж болохгүй болтлоо хавдсан байсан. Эмчилгээний зардал 1694000 төгрөг, зам зардал 322000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 600000 төгрөг нийт 2616000 төгрөг болж байгаа. Үүнээс зам зардал болох 322000 төгрөг нь баримттай эмчилгээний зардал 1694000 төгрөг, үүнээс ******* нь анх намайг эмнэлэгт очиж үзүүлэхэд 115000 төгрөгийг өгсөн. Тиймээс 1694000 төгрөгөөс 115000 төгрөгийг хасаад 1579000 төгрөгийг, мөн өмгөөлөгчийн хөлс 600000 төгрөгийг нэхэмжилж байгаа юм. ...1579000 төгрөгийг баримтгүй ямар учраас нэхэмжилж байгаа юм гэхээр би өөрөө мөнгө төгрөг байхгүй учраас эмчилгээ хийлгэж чадахгүй өнөөдрийг хүрээд байгаа. Ямар хэмжээний эмчилгээний зардал гарах талаар ******* нь өөрөө сонсож байсан эмч нь хүртэл хэлж байсан учраас би *******оос дээрх мөнгөө авч байж л эмчилгээ хийлгэх боломжтой байгаа юм. ******* нь ч өөрөө миний нэхэмжилж байгаа мөнгийг төлнө гэж байгаа. ... гэх мэдүүлэг. Эрүүгийн 1833000680059 тоот хавтаст хэргээс Гэрч Б.Мөнхзул мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би машинтай дөнгөж хөдлөөд хүмүүс орилолдоод байхаар нь очсон чинь Д.Ганболд газар өвдөглөчихсөн хамраас нь цус гарсан байдалтай байсан. ******* цохисон юм шиг байдалтай байхаар нь гэртээ харь гээд явуулсан. ...гэх мэдүүлэг /Хх-ийн 27-28 дугаар хуудас/, Гэрч П.Отгонбаяр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...*******, Цогоо хоёр мотоциклтой хүрээд ирсэн. Тэгээд гэр рүү ороод ирэхээр нь би Цогоо машин тэргээ засч болсон бол өртөг мөнгөө аваад яв би энд хүн ихтэй ажил ихтэй байна гэсэн чинь ******* хойноос нь орж ирэхээр нь битгий хүн ажил хийж байхад хүн үймүүлээд бай гэсэн чинь чи муу зулаатай шаалцсан гичий минь, ноднин Хөтөл явахдаа шаалцсан биз дээ гэхээр нь би өөдөөс нь чи ч гэсэн Хуягаагийн эхнэртэй явалдаа биз дээ гэсэн чинь муу сайн луйварчид, гуйлагчид, гуйж явдаг гэх мэтээр хэл амаар доромжилоод орилоод байсан. Тэгсэн машин янзалж байсан Цогоо чирж гаргаад эргэж орж ирэхдээ нэг цохьчихлоо ямар ядаргаатай чавганц шиг юм бэ гэж байсан. Тэгээд байж байтал манай нөхөр машинтайгаа гадаа ирээд машинаасаа буугаад л байж байтал 2-3 удаа цохиод унагаачихсан. ...нүүр хэсэгт нь л 2-3 удаа цохиод манай нөхөр сөхрөөд унасан юм. ...гэх мэдүүлэг /Хх-ийн 25- 26 дугаар хуудас/, Шинжээч Д.Туяаг мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2018 оны 07 дугаар сарын 25-нд би Д.Ганболдыг өөрийн биеэр нь үзэж дүгнэлт гаргасан. Үзлэгээр мэдрэлийн талын үзлэгт нүдний алимны чичирхийлсэн хөдөлгөөн хөндлөн чиглэлд илэрнэ, хэсэг газрын үзлэгээр, зүүн нүдний зовхинд 7.3х6см хэмжээтэй хөхөлбөр ногоовтор, салстад тод улаан өнгийн цус хуралттай, үүдэн дээд 2 шүдний хазах хэсгийн паалан хугарсан, сөрдгөр хурц үзүүртэй байсан. А/Д-129/86 судасны цохилт -80 удаа байсан. Дээрх гэмтлийг дүгнэлтийн 2 дах заалтад хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой гэж хариулсан байгаа. Д.Ганболдын биед учирсан гэмтэл нь гараар хүчтэй 2-3 удаа цохиход үүсэх боломжтой. Д.Ганболдын зүүн нүдний зовхинд илэрсэн цус хуралтын өнцгөөс харахад уг гэмтэл нь 2018 оны 07 дугаар сарын 22-ны өдөр үүссэн байх боломжтой. ... гэх мэдүүлэг/Хх-ийн 15 дугаар хуудас/ Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /Хх-ийн 6 дугаар хуудас/, Д.Ганболдын Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /Хх-ийн 7-8 дугаар хуудас/, Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн №775 дугаартай дүгнэлт: 1.Д.Ганболдын биед тархи доргилт, 2 шүдний хугарал, зүүн нүдний зовхины цус хуралт тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1, 2.4.2-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. 4.Д.Ганболдын биед учирсан гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг 10 хувиар алдагдуулна. ... гэх дүгнэлт /Хх-ийн 10 дугаар хуудас/ Хохирол нэхэмжилсэн баримт/Хх-ийн 20-24 дүгээр хуудас/ *******ын иргэний үнэмлэхний лавлагаа/Хх-ийн 35 дугаар хуудас/ *******ын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/Хх-ийн 36 дугаар хуудас/ Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /Хх-ийн 44-45 дугаар хуудас/, Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын багийн Засаг даргын тодорхойлолт /Хх-ийн 40-41 дүгээр хуудас/ Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Үнэлгээ тогтоох комиссын акт/Хх-ийн 47 дугаар хуудас/зэрэг нотлох баримтуудыг оролцогчдын хүсэлтээр шинжлэн судалсан болно. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна. Шүүгдэгч *******ыг гэм буруутайд тооцох талаар: Шүүгдэгч ******* нь 2018 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр, Амарбаясгалант гэх газарт үл ялих зүйлээс шалтгаалан иргэн Д.Ганболдын нүүрэн тус газарт гараараа 2 удаа цохиж 2 шүдийг нь хугалж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: ...Хохирогч Д.Ганболд мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...Тэгээд би засуулсан машинаа шалгаад ойр орчмоор явж байгаад гэртээ ирсэн чинь машинаасаа дөнгөж буугаад байж байтал ******* намайг үгийн зөрүүгүй цохиход би ухаан алдсан юм. Тэгээ нэг сэрсэн нүд юм харж болохоо больчихсон. Тэгээд эхнэртэйгээ хамт Хөтөлийн эмнэлэгт ирж үзүүлсэн. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 17-19 дүгээр хуудас/, яллагдагч ******* мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...Д.Ганболд нь цаагуур хийдийн тэрүүгээр машинтайгаа торйч давхиж давхиж байснаа гэрийнхээ гадаа ирснээ намайг араас цохиод авахаар нь би зөрүүлээд нэг цохисон тэгээд намайг хөөгөөд байхаар нь би яваад өгсөн юм. ...гэх мэдүүлэг /Хх-ийн 29-30 дугаар хуудас/,Дархан-уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн №775 дугаартай дүгнэлт/Хх-ийн 10 дугаар хуудас/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******оос гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ. Шүүгдэгч *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн прокурорын яллах дүгнэлт хуулийн шаардлагад нийцсэн байна. Шүүгдэгч *******од оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж үзлээ. Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна гэж дүгнэлээ. Шүүх шүүгдэгч *******од эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, хэргийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь шүүгчийн дотоод итгэлээр дүгнэж, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялаар шийтгэж, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй байна гэж үзлээ. Хохирол төлбөрийн талаар: Хохирогч Д.Ганболд нь эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол болон зам зардал, өмгөөлөгчийн хөлс нийт 2501000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар нэхэмжилснийг шүүгдэгч ******* нь 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлж гэрээ байгуулсан байна. Тиймээс шүүгдэгч *******оос 2501000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Ганболдод олгох зүйтэй байна гэж үзлээ. Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, прокурорын тогтоолоор шүүгдэгч *******ын өмчлөлийн нэг тооны үхрийг битүүмжилсэн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1 дүгээр зүйлийн 5.1, 5.2, 5.3, 5.4 дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дах хэсгийн 8.8, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3, 2.4, 3 дах хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Борж гон овогт *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ******* нь 500000 төгрөгийн торгох ялыг 06 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******од өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******оос 2501000 төгрөгийг гаргуулж, -Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 1 дүгээр баг, Амарбаясгалант гэх газарт оршин суух, Хохирогч Чонос овогт *******од олгосугай.

7.Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй болохыг дурдсугай.

8.Энэ хэрэгт шүүгдэгч *******ын өмчлөлийн нэг тооны үхрийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

9.Шүүгдэгч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

12.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд *******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭМӨНХ