| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэд Мөнхтулга |
| Хэргийн индекс | 2510000000868 |
| Дугаар | 2026/ДШМ/60 |
| Огноо | 2026-01-14 |
| Зүйл хэсэг | 10.1.1, |
| Улсын яллагч | Э.Оргилбат |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 2026/ДШМ/60
М.Т-өд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Баасанбат, шүүгч Ц.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Э.Оргилбат,
яллагдагч М.Т-ийн өмгөөлөгч Ж.Төмөрхуяг,
нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2025/ШЗ/7017 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Э.Оргилбатын бичсэн 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 46 дугаар эсэргүүцлээр М.Т-өд холбогдох 2510000000868 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв.
Б- овгийн М-ын Т-, ........, ял шийтгэлгүй, /РД:М-/;
Яллагдагч М.Т- нь 2025 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 25 дугаар хороо М- хороолол 719 дүгээр байрны зүүн талд байх “М-” супермаркет дэлгүүрийн урд талын саравчинд тус хорооллын 715 дугаар байрны 62 тоотод оршин суух хохирогч Д.С-той хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, нүүр, толгой хэсэгт нь гараараа цохиж, цээж хэсэгт нь өшиглөж зодсоны улмаас хүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: М.Т-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр үйлдсэн 736 тоот яллах дүгнэлт дэх эрүүгийн хэргийн дугаар нь яллагдагчид прокуророос гардуулсан яллах дүгнэлтийн эрүүгийн хэргийн дугаартай өөр хоорондоо илт зөрүүтэй байгаа нь нэг хэрэгт хоёр өөр яллах дүгнэлт үйлдэгдсэн гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан яллах дүгнэлтийн ижил хувийг яллагдагчид гардуулах ёстой атал хэргийн хувиас өөр яллах дүгнэлт гардуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан яллах дүгнэлтийн хувийг яллагдагчид гардуулах хуулийн шаардлагыг зөрчсөн гэж үзнэ. Хяналтын прокурорын яллах дүгнэлт нь яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн талаархи хамгийн товч, тодорхой, ойлгомжтой, хөдөлбөргүй нотлох баримт дурдсан “толь" мөн болохын хувьд нягталж байвал зохино. Энэ талаар болон яллагдагчийн өмгөөлөгчөөс гаргасан “прокурорын яллах дүгнэлт зөрүүтэй, гэрчийн мэдүүлэг дэх цаг хугацаа зөрүүтэй үндэслэлээр хэргийг прокурорт буцаалгах” тухай хүсэлт үндэслэлтэй байна. Дээрхи үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан нь М.Т-өд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх хууль зүйн үндэслэл болохгүй. Харин өмгөөлөгч нь “...оролцогчийн эрхийг зөрчсөн,...мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх,...шинжээч томилуулах...” талаарх хүсэлтээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд хүсэлт гомдлоо гаргах эрхийнхээ дагуу мөрдөгч, хяналтын прокурорт хандаж шийдвэрлүүлбэл зохино. Иймд яллагдагч М.Т-өд холбогдох эрүүгийн 2510000000868 дугаартай хэргийг Хан-Уул дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч М.Т-өд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Прокурор Э.Оргилбат бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, түүнийг баталсан шинжээчийн дүгнэлт зэргийг бусад нотлох баримтуудтай харьцуулан хэргийн үйл баримтыг тогтоож, хууль зүйн дүгнэлт хийн хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог. Эрүүгийн 2510000000868 дугаартай хэрэгт авагдсан үйл баримтуудаар яллагдагч М.Т- нь 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 25 дугаар хороо, М- хороолол, 719 дүгээр байрны зүүн талд байх “М-" супермаркет дэлгүүрийн урд талын саравчинд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас амь хохирогч Д.С-ыг зодож алсан болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогддог. Прокуророос М.Т-ийг 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас амь хохирогч Д.С-ыг зодож алсан гэх үйлдэлд 2025 оны 10 дугаар сарын 09-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, эрүүгийн 2510000000868 дугаартай хэргийн дугаар олгогдсон, яллагдагч М.Т- нь прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолтой танилцаж, улмаар мэдүүлэг өгсөн нь өөрийгөө ямар хэрэгт яллагдагчаар татагдсан болохыг, ямар хэрэг яллагдаж байгаагаа мэдэх эрхийг нь хангасан гэж үзэж байна. Харин прокурор 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 736 дугаар яллах дүгнэлт үйлдэхдээ техникийн шинжтэй алдаа буюу хэргийн 251000000868 дугаарыг буруу бичиж, улмаар яллах дүгнэлтийг яллагдагч М.Т-өд гардуулагдсан, харин хэргийг шүүхэд шилжүүлэх үед цахим бүртгэлд хэргийн дугаар алдаатай бичигдсэн нь мэдэгдсэн тул яллах дүгнэлтэд бичигдсэн хэргийн дугаарыг зөвтгөж хүргүүлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.4 дэх хэсэгт "прокурорын яллах дүгнэлтэд гарсан үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй алдааг засуулах хүсэлт” гэж заасны дагуу улсын яллагчийн зүгээс урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд эрүүгийн хэргийн дугаар буруу бичигдсэнийг засуулахаар санал, хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүхээс хүлээж аваагүй, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн бөгөөд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолд хэргийн дугаар зөв бичигдсэн, хэргийн агуулгад ямар нэгэн өөрчлөлт ороогүй, үг, үсэг, тоо, тооцооны техникийн шинжтэй алдааг урьдчилсан хэлэлцүүлгийн үед засаж залруулах, яллах дүгнэлтийг дахин гардуулж өгөх боломжтой, хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэн яллагдагч М.Т-өд холбогдох хэргийг шийдвэрлэж, хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх боломжтой юм.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ”Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ", мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Мөрдөгч энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу нотлох баримт цуглуулж, шалгаж, бэхжүүлнэ” гэж заасан. Тодруулбап, мөрдөгч мөрдөн шалгах ажиллагааны явцад аливаа нотлох баримтыг энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэх ба яллагдагч, түүний өмгөөлөгчийн гаргаж өгсөн эд зүйл, баримт бичиг, мэдээлэл, бусад баримтыг мөрдөгч хүлээн авч, тэмдэглэл үйлдэн хавтаст хэрэгт тусгаж хавсаргаж, тодорхой мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг. Эрүүгийн 2510000000868 дугаартай хэрэгт мөрдөгч нь гэрч С.Н-гээс хууль заасан үндэслэл журмын дагуу 2025 оны 06 дугаар сарын 07-ны өдөр мэдүүлэг авсан.
Гэрч С.Н- нь мэдүүлэгтээ “...Өчигдөр буюу 2025 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 16 цагийн орчимд” гэж хэргийн үйл баримтын талаар мэдүүлэгтээ өгсөн байх бөгөөд энэ нь гэрчийн хувьд цаг хугацааг андуурч мэдүүлэг өгсөн гэж үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл, мөрдөгч нь гэрч С.Н-гээс 2025 оны 06 дугаар сарын 07-ны өдөр буюу гэмт хэрэг үйлдэгдсэнээс 1 хоногийн дараа мэдүүлэг авсан байх бөгөөд харин гэрч С.Н- нь хэргийн үйл баримтын талаар ярихдаа цаг тооны бичгээр болоогүй цаг хугацаа буюу 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдөр гэж мэдүүлснийг мөрдөгч нь асуултаар тодруулж, зөвтгөх арга хэмжээ аваагүй байна.
Гэвч шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоохоор хуульчилсан бөгөөд амь хохирогч нь хэзээ, ямар үйлдлийн улмаас нас барсан талаар талаарх гэрч С.Н-гийн мэдүүлэг нь бусад гэрчүүдийн мэдүүлэгтээ хэрхэн нийцэж байгаад, нотлох баримтыг хүртээмжтэй байдалд дүгнэлт хийж шийдвэрлэх, шаардлагатай гэж үзвэл шүүх хуралдаанд гэрч С.Н-г биечлэн оролцуулж, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг нь үнэн зөв эсэхийг, хэргийн үйл баримтын талаар хэрхэн мэдүүлж байгааг тодруулах боломжтой байсан. Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 7017 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэв.
Яллагдагч М.Т-ийн өмгөөлөгч Ж.Төмөрхуяг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь үндэслэлтэй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Яллах дүгнэлтээс миний үйлчлүүлэгч М.Т-өд 2 эрүүгийн хэрэг байгаа мэтээр харагдаж байгаа тул хэргийг прокурорт буцааж үүссэн нөхцөл байдлыг залруулах шаардлагатай гэж өмгөөлөгчийн зүгээс харж байгаа. Мөн яллах дүгнэлт болон яллагдагчаар татсан тогтоол нь агуулгын хувьд зөрүүтэй байна. Хавтаст хэрэгт авагдсан яллах дүгнэлтэд “...мөрдөгч эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах санал ирүүлснээр...” гэж бичиж яллах дүгнэлт үйлдсэн байдаг. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд мөрдөгчөөс эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах санал ирүүлснийг прокурор хянаж үзээд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдэж мөрдөн шалгах ажиллагаа явуулснаар яллах дүгнэлт үйлдэх ёстой. Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх хуралдаанд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгүүлэх хүсэлтийг гаргаж шийдвэрлүүлсэн. Өнөөдрийн байдлаар манай үйлчлүүлэгч нь 7 сар 14 хоногийн хугацаагаар цагдан хоригдож байна. Энэ хугацаанд миний үйлчлүүлэгчээс ганц ч удаа өмгөөлөгчтэй мэдүүлэг тайлбар аваагүй. Прокурор нь хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд яллагдагчтай уулзаж яллагдагчийн нөхцөл байдлыг мэдэж байх ёстой гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа. Прокуророос уг хэргийн үйл баримтын талаар гэрч тодорхой мэдүүлсэн, гэрч нь яллагдагч М.Т-ийг шууд заасан гэх үндэслэлээр нэмэлт шинжээч томилох нөхцөл байдлууд байхад үүнд хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн. Хохирогчийн хумснаас илэрсэн биологийн дээж нь миний үйлчлүүлэгчийн ДНХ-тэй тохирохгүй байгаа. Мөн миний үйлчлүүлэгчийн хумснаас илэрсэн ДНХ нь хохирогчийн ДНХ-тэй тохирохгүй байгаа. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд ДНХ буюу биологийн дээжтэй холбоотой зөрүүтэй нөхцөл байдал үүсэж байхад дүгнэлт хийгээгүй. Зөвхөн нэг хүний бусдад дамжуулан хэлсэн мэдээллээр түүнийг гэрч гэж үзэж, гэрч нь М.Т-ийг шууд заасан гэж үзэж дүгнэлт хийж байгаа нь үндэслэлгүй байна. Яллах дүгнэлтэд гарсан алдаа болон шинжээч томилуулах бусад нөхцөл байдлуудтай холбоотой нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэх хүсэлтийг анхан шатны шүүхэд гаргахад шүүхээс өмгөөлөгч миний гаргасан хүсэлтийг дэмжиж хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаанд буцааж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхээс “...хэргийг прокурорт буцах хүртэлх хугацаанд яллагдагчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлье...” гэж үзсэн боловч прокурор эсэргүүцэл бичиж үргэлжлүүлэн цагдан хорьсон байдаг. Миний үйлчлүүлэгчийг ямар ч үндэслэлгүйгээр 1 сар 14 хоногийн хугацаагаар цагдан хорьсон байна. Яллах дүгнэлтэд зурагдсан байгаа прокурорын гарын үсэг нь Э.Оргилбатын гарын үсэг биш. Мөн яллах дүгнэлтийн 2 дахь хуудасны 3 дахь догол мөрөнд 2025 оны 10 дугаар сарын 09-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан гэж тусгасан байдаг. Үүнээс миний үйлчлүүлэгч нь 2025 оны 10 дугаар сарын 09-ны өдөр хүртэл хууль бусаар цагдан хоригдсон гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Прокурор яллах дүгнэлтдээ миний үйлчлүүлэгчийг 2025 оны 10 дугаар сарын 09-ны өдөр яллагдагчаар татсан гэж байгаа боловч түүнийг 06 дугаар сарын 09-ний өдөр яллагдагчаар татсан байдаг. Өмгөөлөгчийн зүгээс яллах дүгнэлт болон яллагдагчаар татах тогтоолд гаргасан алдааг “залруулаарай” гэж прокурорт хандаж байсан боловч тэрээр алдааг залруулалгүй хэргийг шүүх рүү шилжүүлсэнд харамсаж байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх саналтай байна. Мөн миний үйлчлүүлэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа болон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч өгнө үү гэж хүсэж байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзвэл яллагдагч М.Т-өд холбогдох хэргийг “Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх” шаардлагатай гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.
Прокуророос яллагдагч М.Т-ийг нь 2025 оны 6 дугаар сарын 06-ны өдөр “М-” супермаркет дэлгүүрийн урд талын саравчинд тус хорооллын 715 дугаар байрны 62 тоотод оршин суух хохирогч Д.С-той хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, нүүр, толгой хэсэгт нь гараараа цохиж, цээж хэсэгт нь өшиглөж зодсоны улмаас хүнийг алсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно. ...” гэж тус тус заасан зохицуулалтын хүрээнд мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.
Анхан шатны шүүхээс мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлыг нотолж тогтоогоогүй байхад хэргийн бодит байдлыг зөв тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шууд нэрлэн заасан бөгөөд нотолгооны зүйлд хамаарах эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад онцгой ач холбогдолтой юм.
Өөрөөр хэлбэл, нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлийг зайлшгүй нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, тухайн этгээд гэм буруутай эсэхийг шийдвэрлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ба хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тодорхойлоход чухал ач холбогдолтой.
Дээрх шүүгчийн захирамжид заасан нөхцөл байдлыг шалгахгүйгээр прокурорын эсэргүүцэлд дурдсан хэрэгт авагдсан баримтуудад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэх нь хэргийн бодит байдлыг тогтоох, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт өгөхөд учир дутагдалтай байна.
Учир нь Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр үйлдсэн 736 дугаар яллах дүгнэлт дэх эрүүгийн хэргийн дугаар нь яллагдагчид прокуророос гардуулсан яллах дүгнэлтийн эрүүгийн хэргийн дугаар, мөн гэрчийн мэдүүлгүүдэд дэх цаг хугацаа зэрэг нь өөр хоорондоо илт зөрүүтэй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн 32.10 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байх тул дээрх үндэслэлээр хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2025/ШЗ/7017 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Э.Оргилбатын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2025/ШЗ/7017 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Э.Оргилбатын бичсэн 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 46 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Ц.МӨНХ-М-
ШҮҮГЧ Н.БААСАНБАТ
ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА