| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 2409033561309 |
| Дугаар | 2026/ДШМ/180 |
| Огноо | 2026-02-06 |
| Зүйл хэсэг | 11.5.1., |
| Улсын яллагч | С.Чимэдцэеэ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 2026/ДШМ/180
2026 02 06 2026/ДШМ/180
С.Т-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Алтантуяа, шүүгч Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор С.Ч,
хохирогч Т.Н-ийн өмгөөлөгч Ш.Ж,
яллагдагч С.Т, түүний өмгөөлөгч Г.Ц,
нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2025/ШЗ/7629 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурорын бичсэн 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 02 дугаартай эсэргүүцлээр С.Т-т холбогдох эрүүгийн ................. дугаар хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Яллагдагч С.Т нь ..... дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа 23 давхар барилгыг бариулж буй “А” ХХК-тай “Гадна хамгаалалтын саравчны ажил гүйцэтгэх гэрээ”-г өөрийн “М” ХХК-иар 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр байгуулж, барилгын ажил гүйцэтгэж эхлэхээсээ өмнө бусдад аюул учруулж болзошгүй байдлаас сэргийлэх арга хэмжээг аваагүй буюу Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийн 40.1.5 дахь заалтад заасан “барилгын ажлын талбайн орчны хөдөлмөр хамгааллын дэглэмийг сахиулж, гуравдагч этгээдийг барилгын ажлаас шалтгаалсан болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээг авах” үүргээ, “Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн 4.11-дэх хэсэгт заасан “...үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлүүд байнга үйлчилж болох бүсийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх хаалт хамгаалалтаар, харин үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлүүд тохиолдож болзошгүй бүсийг дохио санамж, анхааруулга, аюулгүйн тэмдэг бүхий хаалтаар хашиж тусгаарласан байвал зохино” үүргээ тус тус биелүүлээгүйн улмаас 2024 оны 10 дугаар сарын 01-ний орой 22 цагийн орчимд буюу харагдах орчин хязгаарлагдмал байх үед скүтэртэй зорчиж байсан Т.Н нь газраас 17 см өндөрт угсарсан хөндлөн төмрийг мөргөж унаснаар эрүүл мэндэд нь баруун атгаал ясны далд хугарал бүхий хүндэвтэр хохирол учирсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: С.Т-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон оролцогч нарын өгсөн мэдүүлэг тайлбаруудаас дүгнэхэд, шүүхийн хэлэлцүүлэгт нотолбол зохих байдал буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/;”, мөн 1.6 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл” гэснийг мөрдөн шалгах ажиллагаагаар бүрэн биш хийсэн байна. Өөрөөр хэлбэл, гэм буруутай этгээдийг тодорхойлохдоо тухайн осол гарахад хүргэсэн шалтгаан, гэмт хэрэг үйлдэгдэхэд хүргэсэн үйл явц, түүнд нөлөөлсөн хүчин зүйлс, үйлдэл ба үр дагаврын шалтгаант холбоо зэрэг нөхцөл байдлуудад зөв дүгнэлт хийж, яллах болон цагаатгах нотлох баримтыг нэгэн адил цуглуулан, хэргийг бүх талаас нь шалгаж бүрэн бодитой тогтоох шаардлагатай байна.
1. Хэрэгт дурдагдаад буй гадна хамгаалалтын саравч хийхэд зөвшөөрөл авдаг эсэх, хаанаас авдаг, захиалагч, гүйцэтгэгч нарын хэн нь авах ёстой байсныг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоох, үүнээс улбаалан захиалагч тал болох “А” ХХК нь энэ хэрэгт оролцогч болох эсэхэд дүгнэлт хийх,
2. Гүйцэтгэгч компанийн саравч барих ажил үргэлжилж байх үед цагдаагийн байгууллагаас эрх бүхий хэн гэдэг албан хаагч, ямар шалтгаан, үндэслэлээр ирж зогсоосон болох. Хэрэв цагдаагийн байгууллагаас ирж ажлыг зогсоосон бол аюулгүй байдлыг хэн хариуцах ёстой байсан,
3. Прокурор нь “...шинжээч нь бодит байдлаас зөрүүтэй дүгнэлт гаргасан, хуулиас давсан дүгнэлт гаргасан” гэх тайлбар өгдөг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шинжээчийн дүгнэлтийг шүүх, прокурор, мөрдөгч, өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах үүрэггүй. ...” гэж заасан байдаг хэдий ч шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болохын хувьд дээрх дурдагдсан асуудлуудаар шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах шаардлагатай байна. Иймд шүүх тус хэргийг яллагдагч С.Т-ийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжгүй байх тул хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр Сүхбаатар дүүргийн прокурорын газарт буцааж, яллагдагч С.Т-т урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Прокурор бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгчийн захирамжийг 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч танилцаад хэргийг прокурорт буцаасан үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасанчлан хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэн эс зөвшөөрч байна.
Шүүгчийн захирамжид “... 1. Хэрэгт дурдагдаад буй гадна хамгаалалтын саравчийг хийхэд зөвшөөрөл авдаг эсэх, хаанаас авдаг, захиалагч, гүйцэтгэгч нарын хэн нь авах ёстой байсныг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоох, үүнээс улбаалан захиалагч тал болох “А” ХХК нь энэ хэрэгт оролцогч болох эсэхэд дүгнэлт хийх, 2. Гүйцэтгэгч компанийн саравч барих ажил үргэлжилж байх үед цагдаагийн байгууллагаас эрх бүхий хэн гэдэг албан хаагч, ямар шалтгаан, үндэслэлээр ирж зогсоосон болох. Хэрэв цагдаагийн байгууллагаас ирж ажлыг зогсоосон бол аюулгүй байдлыг хэн хариуцах ёстой байсан, 3. Прокурор нь “...шинжээч нь бодит байдлаас зөрүүтэй дүгнэлт гаргасан, хуулиас давсан дүгнэлт гаргасан...” гэх тайлбар өгдөг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...Шинжээчийн дүгнэлтийг шүүх, прокурор, мөрдөгч, өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах үүрэггүй...” гэж заасан байдаг хэдий ч шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болохын хувьд дээрх дурдагдсан асуудлуудаар шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах шаардлагатай байна. ...” гэжээ. Тодруулбал, шүүхээс хийж гүйцэтгэх шаардлагатай гэж үзсэн 1 дүгээр заалтын хувьд, хэрэгт цугларсан баримт буюу Г.Ч-ийн мэдүүлгээр хэрэг учрал гарсан гэх ... дүүргийн 1 дүгээр хороо, .... тоотод баригдаж буй 23 давхар барилгыг түүний хамаарал бүхий “А” ХХК нь барьж байгаа болох нь тогтоогддог билээ. Улмаар барилга орчмын газраар зорчих хүмүүсийн аюулгүй байдлыг хангах зорилгоор саравч хийх шаардлага тавигддаг ба тус барилгын карказ өндөр болж эхэлсэнтэй холбоотойгоор саравчийг нэмж өргөсгөх шаардлага тулгарсан байна. Ийнхүү 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр “М” ХХК-тай 24/03 дугаартай “Гадна хамгаалалтын саравчны жил гүйцэтгэх гэрээ”-г байгуулснаар уг ажлыг “М” ХХК гүйцэтгэх болсон нь тогтоогддог. Өөрөөр хэлбэл, “М” ХХК-ийг саравчны ажлыг хийх “ерөнхий гүйцэтгэгч” гэж үзэх үндэслэлтэй юм. Мөн Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.11 дэх заалтад барилга байгууламжийг тайлбарласнаас үзэхэд “хамгаалалтын саравч”-ийг орон сууцны барилгын ажлын салшгүй нэг хэсэг бөгөөд зайлшгүй хийгдэх шаардлагатай, аюул, ослоос сэргийлэх зорилго бүхий хаалтын шинжтэй “байгууламж” гэж үзэхээр байна. Тус хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийн 40.1.5 дахь заалтад “барилгын ажлын талбайн орчны хөдөлмөр хамгааллын дэглэмийг сахиулж, гуравдагч этгээдийг барилгын ажлаас шалтгаалсан болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээг авах” чиг үүрэгтэй хэмээн барилгын ажил гүйцэтгэгчийн үүргийг тодорхойлсноос дүгнэхэд, саравчийг байгуулах нь хуулиар зөвшөөрөгдсөн, зайлшгүй хийгдвэл зохих ажил болох нь харагдана. Энэ талаар яллах дүгнэлтдээ мөн дурдсан. Иймд хэрэгт цугларсан Г.Ч, С.Т нарын мэдүүлгээр тогтоогдож байгаа нөхцөл байдал болох уг саравчны ажил шинээр хийгдэж буй ажил биш бөгөөд өмнө нь тус хаалт хэмжээний хувьд ялгаатай байдлаар хийгдсэн байсан. Барилгын тухай хуулиар барилгын ажлын явцад бусдыг гэмтэхээс хамгаалах, сэргийлэх арга хэмжээг авах ёстой зэргээс тус саравчийг хийхэд зөвшөөрөл авдаг эсэх, хэн авах ёстой болохыг тогтоох нь хэрэгт шууд хамааралгүй, ач холбогдолгүй гэж үзэж байна. Шүүгчийн захирамжийн 2 дахь заалтын хувьд саравч барих ажлыг цагдаагийн байгууллагаас зогсоосон үндэслэл, албан тушаалтныг тогтоох нь хэргийг шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай мөрдөн шалгах ажиллагаа гэж үзэхгүй байна. Учир нь, гүйцэтгэгч “М” ХХК нь байгууламж хийх ажлыг нэгэнт гүйцэтгэж эхэлсэн, бусдын амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй бүтээцийг хэдийн угсарсан, хэн зогсоосноос үл хамааран тухайн бүтээж, байгуулж, угсарсан байдлаар нь ажлаа зогсоосон үйлдлийг “барилга байгууламжийн ажил үргэлжилж байгаа” гэж үзэх үндэслэл болно. Тодруулбал, Барилгын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт зааснаар “барилгын ажлыг түр зогсоох” гэх ойлголтод 7 сар ба түүнээс дээш хугацаагаар үйл ажиллагаа явуулахгүй байхыг ойлгохоор хуульчилжээ. Иймд тус ажлыг хэн, ямар шалтгаанаар зогсоосноос үл хамааран хөдөлмөр, аюулгүй байдлыг хууль, дүрэмд заасны дагуу хангах шаардлага тавигдана. Гуравдугаарт, шүүгчийн захирамжид дурдсанчлан прокурор нь шинжээчийн дүгнэлтийг яллах дүгнэлтдээ баримтлаагүй, дурдаагүй, яллах үндэслэл болгоогүй бөгөөд шинжээчийн дүгнэлтээр хөдөлмөр, аюулгүй байдлыг хариуцах этгээд гэж тогтоосон “А” ХХК бус, харин “М” ХХК, түүний холбогдох албан тушаалтныг яллагдагчаар татсан үндэслэлээ хууль зүйн дүгнэлт хэсэгтээ дэлгэрэнгүй тайлбарласан билээ. Мөрдөгчөөс уг асуудалд хөдөлмөр, аюулгүй байдлын шинжээч томилж, дүгнэлт гарсан тул уг дүгнэлтийг хэрэгт тусгах нь зүй нь хэрэг бөгөөд харин С.Т-ийг яллагдагчаар татахад, мөн яллах дүгнэлт үйлдэхэд баримтлаагүй, баримтлаагүй шалтгаан, үндэслэлээ ч тухай бүрт дурдсан байдаг. Түүнчлэн шүүгчийн захирамжид ч “М” ХХК-ийг гүйцэтгэгч, “А” ХХК-ийг захиалагч хэмээн бичсэнээс дүгнэхэд, уг хэргийн оролцогч нарын статусыг прокурор болон шүүх нь адил харж байна гэж үзэхээр байна. Иймд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсэгт заасанчлан хөдөлмөр, аюулгүй ажиллагаатай холбоотой бүхий л арга хэмжээг “М” ХХК хариуцвал зохих нь тодорхой, талуудын хооронд байгуулсан гэрээгээр аюулгүй ажиллагааг хариуцах этгээдийг тодорхойлоогүй зэргээс шинжээчийн дүгнэлт заавал шаардлагагүйгээр буюу хуулийн зохицуулалтын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой, шүүгчийн хэргийг прокурорт буцаасан захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байна. Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2025/ШЗ/7629 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.
Яллагдагч С.Т-ийн өмгөөлөгч Г.Ц тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокуророос “А” ХХК болон “М” ХХК-иудын хооронд гэрээ байгуулагдсан учраас “М” ХХК хариуцлага хүлээх ёстой гэж үздэг. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дээрх 2 компанийн хооронд ямар ч гэрээ байгуулагдаагүй болох нь илэрхий харагддаг. Гэрээ байгуулагдаагүй, зөвшөөрөл аваагүй боловч “А” ХХК нь “М” ХХК-иар саравч бариулж байсан. Саравчийг барьж байх үед цагдаагийн албан хаагч ирж “хийж байгаа зүйлээ зогсоо” гэх шаардлагыг тавьж, тууз татаад явсан, үүний дараа тухайн хэсгээр хүн явж бэртсэн. Хүн бэртсэний маргааш нь манай үйлчлүүлэгчийг цагдаагийн газраас дуудсан, түүнийг цагдаагийн газарт байхад нь “А” ХХК-иас хүн ирж манай үйлчлүүлэгч С.Т-т хандаж “үүн дээр гарын үсэг зурах ёстой” гэж хэлээд нэг баримт дээр гарын үсэг зуруулж явсан байдаг. Манай үйлчлүүлэгч С.Т нь хэрэг бүртгэлийн ажиллагааны шатанд өмгөөлөгчгүйгээр анх удаа мэдүүлэг өгөхдөө “...сая ирээд гарын үсэг зуруулсан...” гэж мэдүүлсэн. Уг хэргийн хүрээнд тухайн саравчийг зөвшөөрөлтэй барьсан, зөвшөөрөлгүй барьсан эсэхийг тодруулах шаардлагагүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Өөрөөр хэлбэл, дээрх асуудлыг тодруулах нь хэрэгт ач холбогдолгүй. Өмгөөлөгчийн зүгээс үйл ажиллагааг зогсоосон цагдаагийн 2 албан хаагч нь таслан зогсоох шаардлагагүй үйл ажиллагааг таслан зогсоосон эсэхийг тодруулж, ямар нэгэн дүрэм журам зөрчсөн эсэхийг тогтоох шаардлагатай байсан гэж үзэж байна. Саравч барих үйл ажиллагаа нь манай үйлчлүүлэгч С.Т-ийн үйлдлээс хамаарахгүйгээр зогссон. Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд прокуророос “...шинжээчийн дүгнэлтийг яллах талын нотлох баримтад тусгаж өгөөгүй, яллахдаа баримтлаагүй. Учир нь, хэргийг нотлоход ач холбогдолгүй...” гэх тайлбарыг гаргадаг. Прокурор нь энэ хэргийн үйл баримттай холбоотой, өөрөөр хэлбэл барилгын чиглэлээр мэргэшсэн субъект биш, тийм ч учраас хэргийн үйл баримтаас хамаарч шинжээч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцдог. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд дүгнэлт гаргасан шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй гэж үзвэл дахин шинжээч томилж эргэлзээг арилгах ёстой. Харин энэ хэргийн тухайд дахин шинжээч томилуулах шаардлагагүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа. Хэрэгт 2-оос дээш шинжээчийн дүгнэлт авагдсан, тэр дүгнэлтүүд нь хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримттай нийцэж байна гэх агуулгатайгаар эхний шинжээчийн дүгнэлтийг хүлээж авах боломжгүй гэх тайлбарыг гаргавал энэ нь өөр асуудал, гэтэл энэ хэрэгт ганцхан шинжээчийн дүгнэлт гарсан. Мөн тухайн дүгнэлтэд “А” ХХК нь холбогдох дүрэм, журмыг зөрчсөн гэж дүгнэсэн байхад, прокурорын зүгээс шинжээчийн дүгнэлтийг үнэлэхгүй гэж үзэж байгааг үндэслэлгүй дүгнэлт гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Яллагдагч С.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тус шүүх хуралдаанд хэлэх тайлбаргүй. ...” гэв.
Хохирогч Т.Н-ийн өмгөөлөгч Ш.Ж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ хэргийн үйл баримтын тухайд барилгын үндсэн гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчийн хооронд асуудал үүссэн. Барилгын тухай хуульд үндсэн гүйцэтгэгч нь туслан гүйцэтгэгчийн эцсийн хариуцлагыг хүлээх зохицуулалтай. Өөрөөр хэлбэл, “М” нь хариуцлага алдвал үндсэн гүйцэтгэгч хариуцлага хүлээнэ. Тодруулбал, “М” ХХК-ийн захирал яллагдагчаар татагдсан тохиолдолд үндсэн гүйцэтгэгч компани болох “А” ХХК-ийг иргэний хариуцагчаар татах шаардлагатай гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Анхан шатны шүүхийн шүүгч захирамждаа “тухайн шаардлага тавьсан цагдаа нараас мэдүүлэг авах замаар асуудлыг тодруулах шаардлагатай” гэж дүгнэсэн. Өмгөөлөгчийн зүгээс захирамжийн дээрх заалтыг ач холбогдолгүй гэж үзэж байгаа. Харин захирамжийн бусад заалтыг үндэслэлтэй гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээлгэх, иргэний хариуцагчаар “А” ХХК-ийг тогтоолгох саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
Прокуророос С.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүхээс “...Нотолбол зохих байдал буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/;”, мөн 1.6 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл” гэснийг мөрдөн шалгах ажиллагаагаар бүрэн биш хийсэн байна. Өөрөөр хэлбэл, гэм буруутай этгээдийг тодорхойлохдоо тухайн осол гарахад хүргэсэн шалтгаан, гэмт хэрэг үйлдэгдэхэд хүргэсэн үйл явц, түүнд нөлөөлсөн хүчин зүйлс, үйлдэл ба үр дагаврын шалтгаант холбоо зэрэг нөхцөл байдлуудад зөв дүгнэлт хийж, яллах болон цагаатгах нотлох баримтыг нэгэн адил цуглуулан, хэргийг бүх талаас нь шалгаж бүрэн бодитой тогтоох шаардлагатай гэж үзэж, гадна хамгаалалтын саравчийг хийхэд зөвшөөрөл авдаг эсэх, хаанаас авдаг, захиалагч, гүйцэтгэгч нарын хэн нь авах ёстой байсныг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоох, үүнээс улбаалан захиалагч тал болох “А” ХХК нь энэ хэрэгт оролцогч болох эсэхэд дүгнэлт хийх, гүйцэтгэгч компанийн саравч барих ажил үргэлжилж байх үед цагдаагийн байгууллагаас ирж ажлыг зогсоосон бол аюулгүй байдлыг хэн хариуцах ёстой байсан, прокурор нь “...шинжээч нь бодит байдлаас зөрүүтэй дүгнэлт гаргасан, хуулиас давсан дүгнэлт гаргасан” гэх тайлбар өгдөг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шинжээчийн дүгнэлтийг шүүх, прокурор, мөрдөгч, өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах үүрэггүй...” гэж заасан байдаг хэдий ч шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болохын хувьд дээрх дурдагдсан асуудлуудаар шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах шаардлагатай байна. …” гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцаажээ.
Хэрэг бүртгэлтээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг шалган тогтоох ёстой.
Ингэхдээ, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд зааснаар мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэхдээ мөрдөн байцаалтын шатанд нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон эсэх, хэрэгт цугларсан нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг хөдөлбөргүй тогтооход хүрэлцэхүйц байх шаардлагыг хангасан эсэх, нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх ажиллагаанд хуульд заасан журмыг зөрчсөн эсэх, оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг үндэслэлгүйгээр хасаж, хязгаарласан эсэхийг шүүх бүхэлд нь шалгаж, хууль ёсны ба үндэслэл бүхий шийдвэр гаргах үүрэгтэй.
Шүүх хуралдаанаар тухайн хэрэгт хамааралтай нотлох баримт бүрийн эх сурвалжийг магадлан шалгаж, тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судалж, харьцуулан үнэлэх замаар гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийг яллах, эсхүл цагаатгах үндэслэл, хэргийн зүйлчлэл болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг хөдөлбөргүй тогтоосноор шүүхээс хэргийн бодит байдалд нийцсэн шийдвэр гаргах, гэм хорын хохирлыг үндэслэлтэй зөв шийдвэрлэх нөхцөл бүрдэнэ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хууль тогтоогчоос “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний бие махбодид удаан хугацаагаар эрүүл мэндийг нь сарниулж хөдөлмөрийн чадварын гуравны нэгээс дээшгүйг алдагдуулсан гэмтэл болгоомжгүй учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан бөгөөд “...Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй ...” гэсэн үндсэн шинжид хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр, гэрээ хэлцлийн дагуу гүйцэтгэх үндсэн чиг үүргийг огт хэрэгжүүлээгүй эсхүл хангалтгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүйн аль алиныг хамааруулан үздэг бөгөөд энэ нь эс үйлдэхүй, үйлдлийн аль ч хэлбэрээр илрэн гарч болох тул эс үйлдэхүйн улмаас бусдад хүндэвтэр хохирол учруулсан тохиолдолд гэмт хэрэгт тооцно.
Шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 24/10 дугаартай “...Хэрэгт авагдсан материалд “А” ХХК, “М” ХХК хоорондоо 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр “Гадна хамгаалалтын саравчны ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан байх бөгөөд тус гэрээнд хөдөлмөрийн аюулгүй байдлыг хэн хариуцах нь тодорхой бус байх тул Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь “Захиалагч, ерөнхий болон туслан гүйцэтгэгч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг хангах, болзошгүй тохиолдлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас ажилтанд учирсан хохирлыг нөхөн төлөх, амь нас, эрүүл мэндийн даатгалд хамруулах зэрэгт зайлшгүй шаардагдах хөрөнгө, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг гэрээнд тодорхой тусгана. Хэрэв гэрээнд энэ талаар тусгаагүй бол тухайн асуудлыг ерөнхий гүйцэтгэгч хариуцна”, мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх “Ажил олгогч нь үйлдвэрлэлийн цех, тасаг, хэсэг, ажлын байр бүрт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, нийтлэг шаардлага, стандартын хэрэгжилт, ажлын байран дахь эрсдэлийн үнэлгээний дагуу авагдсан арга хэмжээний биелэлтэд дотоод хяналт тавина” зэрэг заалтуудыг ХХК-иуд нь хэрэгжүүлж ажиллана. ...“А” ХХК нь Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь “барилгын ажлын талбайн орчны хөдөлмөр хамгааллын дэглэмийг сахиулж, гуравдагч этгээдийг барилгын ажлаас шалтгаалсан болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээг авах”, мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.4 дэх “Ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох үнэлэх, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийгээгүй” заалтуудын дагуу тус үйлдвэрлэлийн орчинд хийх ажиллагаатай холбогдуулан тухайн ажлын байрны аюулыг тодорхойлж, эрсдэлийг үнэлж, техник, зохион байгуулалтын холбогдох арга хэмжээ авч, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллах үүрэгтэй. Ажлын байрны эрсдэлийн үнэлгээ гэдэг нь ажилтны хөдөлмөрлөх явцад үүсч болзошгүй аюул осол түүнээс үүдэлтэй, учирч болох хохирлын эрсдэлийн хамрах хүрээг тодорхойлж үнэлэлт дүгнэлт өгөх үйлдлийг хэлдэг. Аж ахуйн нэгж байгууллага нь ажлын байранд учирч болзошгүй аюул, ослыг урьдчилан судалж, түүнд хяналт тавьж ажиллахыг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль, түүнтэй холбогдуулан гаргасан дүрэм журмаар журамласан байдаг. ...Явган зорчигчдод аюул, осол учруулахаас сэргийлсэн хамгаалалтын саравч нь барилгын ажлын талбайн үйлдвэрлэлийн орчин байх бөгөөд энэ нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.21 дэх “үйлдвэрлэлийн орчин” гэж “аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааны талбай, гадна орчныг”, 7 дугаар зүйлийн 7.2 дахь “Аж ахуйн нэгж, байгууллагын үйлдвэрлэлийн орчин нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, шаардлага хангасан байна” заалтуудад заасан байх бөгөөд мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.5.5 дахь “Ажлын байр, үйлдвэрлэлийн орчны аюул, эрсдэлгүй байдлыг хангах” заалтыг “А” ХХК нь хэрэгжүүлж ажиллах үүрэгтэй. ...” гэсэн дүгнэлт /хх 44-45/ хэрэгт авагджээ.
Хэрэгт авагдсан баримтаар, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хот байгуулалт, хөгжлийн газрын “Барилгын ажлын зөвшөөрлийн хугацааг 2024.04.19-ний өдрөөс 2025.12.30-ны өдрийг хүртэл хугацаанд сунгалт хийжээ. Уг барилгын захиалагч компани нь “А” ХХК, гүйцэтгэгч компани нь “Д” ХХК байх бөгөөд “А” ХХК нь 2022.05.03-ны өдрийн 001/2022 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ /хх 102/ авчээ.
Түүнчлэн, барилгын гадна талын саравчны ажил гүйцэтгэх гэрээг “М” ХХК нь гүйцэтгэгчээр, “А” ХХК нь захиалагчаар 2024.09.26-ны өдрийн 24/03 дугаартай гэрээ /хх 50-52/ байгуулжээ.
Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг “Барилгын ажил гүйцэтгэгч дараахь чиг үүрэгтэй”-ийн 40.1.5 дахь заалт “барилгын ажлын талбайн орчны хөдөлмөр хамгааллын дэглэмийг сахиулж, гуравдагч этгээдийг барилгын ажлаас шалтгаалсан болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээг авах” гэж,
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсэгт “Захиалагч, ерөнхий болон туслан гүйцэтгэгч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг хангах, болзошгүй тохиолдлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас ажилтанд учирсан хохирлыг нөхөн төлөх, амь нас, эрүүл мэндийн даатгалд хамруулах зэрэгт зайлшгүй шаардагдах хөрөнгө, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг гэрээнд тодорхой тусгана. Хэрэв гэрээнд энэ талаар тусгаагүй бол тухайн асуудлыг ерөнхий гүйцэтгэгч хариуцна” гэж,
“Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн 4.11-дэх хэсэгт “...үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлүүд байнга үйлчилж болох бүсийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх хаалт хамгаалалтаар, харин үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлүүд тохиолдож болзошгүй бүсийг дохио санамж, анхааруулга, аюулгүйн тэмдэг бүхий хаалтаар хашиж тусгаарласан байвал зохино” гэж тус тус заажээ.
Дээрх хуулийн хэм хэмжээ нь иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор тодорхой субьектүүдийн эрхлэж байгаа үйл ажиллагаатай нь уялдуулан хуулиар үүрэг хүлээлгэж, уг үүргээ биелүүлээгүйгээс бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан үйлдэлд хариуцлага хүлээлгэх цогц зохицуулалт болно.
“А” ХХК, “Д” ХХК, “М” ХХК-иудын аль нэгний эс үйлдэхүйтэй хамааралтай болох, эсхүл уг компаниуд бүгд буруутай эсэхийг тогтоох нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр зэргийн гэмтлийг аль компанийн эс үйлдэхүйгээс, эсхүл уг компаниудын хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйтэй холбоотойгоор учирсан болохыг нэг мөр тогтоох шаардлагатай байна.
Мөн дээр дурдсан шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 24/10 дугаартай дүгнэлтийн эргэлзээ бүхий байдалд дахин дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байх бөгөөд нарийвчлан тодруулах шаардлагатай байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог.
Дээрх зорилтын хүрээнд мөрдөн шалгах ажиллагаа нь зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу явагдах бөгөөд мөрдөгч, прокурор нь хуулиар зөвшөөрсөн арга, хэрэгслээр яллах болон цагаатгах нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоосноор эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны болон бодит үнэнийг тогтоох зарчмууд хангагдана.
Иймд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих зүйл нотлогдоогүй” үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан журмын дагуу прокурорт буцаасан нь үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2025/ШЗ/7629 дүгээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Ц.МӨНХ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР