| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 160/2018/0164/Э |
| Дугаар | 169 |
| Огноо | 2018-07-31 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Б |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 169
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж,
Улсын яллагч: Б.Батсайхан
Шүүгдэгч: Н.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Мөнх-Өлзий нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Н Бд холбогдох 1812003670208 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Дугаар /С% Цэцэрлэг
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр Архангай аймгийн Хангай суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй,... гэх газарт оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Х овогт Н Б /РД:.../
Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Н.Б нь 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр...гэх газарт иргэн С.Хтай малын бэлчээрийн асуудлаас болж маргалдан зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтын шатанд 1812003670208 дугаартай эрүүгийн хэргээс:
Хохирогч С.Хын мэдүүлсэн: ...Манайх .. гэх газарт зусланд бууж амьдардаг. Манайх энэ газарт 17 жил мал маллаж амьдарч байна. 2018 оны 07 дугаар сарын 01-ний өглөө гэрээсээ баруун тийш үхрээ бэлчээрт гаргаад тууж явтал цаанаас нь Г гэгч Хангай сумын залуу гэрээсээ гарч ирээд манай үхрийг буцаагаад мотоциклиор туучихаад буцаад хоньруугаа яваад өгсөн. Би эргэж мотоциклио авч очиж уулзахаар очиход цаашаа яваад өгсөн. Эргэж ирээд тусгалтай үхрүүдээ хашаад байж байтал манай сувиа үхрүүд өөрсдөө бэлчээрт явж байхад нь цаанаас нь Гын ах гэх Б гэгч нь манай үхрүүдийг цаанаас буцааж туугаад ирсэн. Тэгэхээр нь наанаас нь тосож уулзахаар очиход намайг шууд мотоциклиос бууж ирээд шууд заамдаж аваад гараараа олон удаа цохиж газар унагааж хөлөөрөө өшиглөсөн. Бы дүү болох Г нь ахыгаа салгаж байгаа гэж намайг миний нүүр лүү цохиж байгаа харагдсан. Би тухайн үед ухаан санаа балартаж хэсэг хугацаанд юу болсон талаар мэдээгүй өнгөрсөн байсан. Намайг Б, Г хоёр хоёулаа зодсон. Б нь над руу чамайг алчихъя гээд намайг зодоод байсан дүү Г нь салгаж байгаа гээд л завсар зайгаар цохиод байсан. Б нь анх мотоциклиосоо бууж ирээд миний дээлнээс заамдаж аваад нүүр лүү хэд хэдэн удаа цохисон. Би яг хэдэн удаа цохисон талаар санахгүй байна. Унагаагаад дээрээс дэвсээд байсан. Тухайн үед ухаан санаа орж гараад балартаад байсан. Дүү нь болох Г нь миний нүүр лүү бас цохисон. Яг хэдэн удаа цохиж өшиглөсөн талаар тоог нь мэдэхгүй байна. Миний зүүн нүдний дээд хэсэгт язралт өгч сумын эмнэлэгт 4 ширхэг оёо тавиулсан. Зүүн нүд хөхөрсөн, хамар хавдсан, зүүн хавирга орчмоор хүндүүр өвчтэй, тархи толгой маш их өвдөж байна. Б Г нартай одоогоос 2, 3 жилийн өмнө бас үхэр хөөгөөд хэрүүл маргаан хийж байсан. Газрын бэлчээр дээрээс болж маргаан хийсэн. Өнөөдөр өглөө манай үхрүүдийг бэлчээр дээрээс нь буцааж хөөгөөд байсан. Тэгээд л маргалдаж шууд намайг зодсон. Уг нь энэ газар нутагт манайх 17 жил амьдарч байгаа айл байгаа юм. Би зодуулсандаа маш их гомдолтой байна. Миний бие толгой тархи маш их өвдөж байна. Манайх 100 гаруй тооны үхэртэй. Өөр мал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 08-09 хуу/
Гэрч М.Б мэдүүлсэн: ...Манайх Архангай аймгийн Тариат сумын Хорго багийн Гичгэнэ гэх газарт байдаг. 2018 оны 07 дугаар сарын 01-ний өглөө манай нөхөр С.Х үхрээ бэлчээрт гаргаад явган араас нь туугаад явж байхад нь цаанаас нь Г үхрийг нь буцааж хөөсөн байсан. Тэгээд сувиа үхрүүд нь нилээд хол бэлчээрт гарчихсан байхад нь Гын ах Б нь цаанаас нь мотоциклиор туусан байсан. Тэгээд манай нөхөр ирж очиж уулзахаас гээд явсан. Удалгүй гадаа хүүхдүүд орилолдоод байхаар нь гарсан чинь манай нөхрийг зодчихсон нүүр нь тэр чигтээ цус болчихсон дээлийн энгэр нь нилэнхийдээ цус болчихсон ирсэн. Би тухайн үед гэртээ гэрийнхээ ажлыг хийгээд байж байсан болохоор манай нөхрийг зодож байсныг харж чадаагүй. Манай нөхрийн дүү болох Бхүүхэд Б гэж 8 дугаар ангийн хүүхэд манай нөхөртэй хамт малд явж байсан. Миний хувьд эдгээр хүмүүстэй хэрүүл маргаан хийж байгаагүй. Манай нөхөр одоогоос 2, 3 жилийн өмнө бас малын бэлчээрээс болж манай малын бэлчээр гэж муудалцаад өнгөрч байсан. Тухайн үед нэг их сүртэй зүйл болоогүй өнгөрч байсан. Манай нөхрийн биед зүүн нүдний дээд талд 4 ширхэг оёо тавиулсан. Тэгээд сумын эмнэлэгээс аймгийн эмнэлэгт үзүүл гэсэн бичиг хийж өгсөн. Даралт нь өндөр, тархи толгой нь өвдөж байна гэж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 хуу/
Гэрч Н.Гын мэдүүлсэн: ...Би 2018 оны 07 сарын 01-ний өглөө 06 цаг өнгөрөөж босч үхрээ хурааж ирээд 09 цагийн үед хониндоо явсан. Тэгээд өөрийн байгаа гэрээсээ баруун хойшоо тугалтай үхрээ тууж байгаад Х ахын үхрийн урдхан талд манай 5 үхэр, 2 бор яагаан үнээ, нэг тарлан үнээ, доголон сартай хар үнээ, сартай хар хайнаг явж байсан. Эдгээр үхрээ айлын үхэртэй нийлчих байх гээд ялгаад тууж байтал Х ах нэг хүүхэдтэй явган араас ирж чамайг ална буудаж ална гээд намайг зөндөө заналхийлж чулуу шидээд байсан. Тэгээд би үхрүүдээ нуурын зах руу оруулчихаад яваад өгсөн. Эргээд харахад намайг буудаж ална гээд орилоод байсан. Тэгээд би хониндоо явж байтал өөдөөс буу үүрчихсэн мотоцикльтой хүн давхиад байсан. Хэн явж байсныг таниагүй. Би хонио орхиод айгаад цаашаа зугтаагаад явсан. Тэр хүн манай хонин дээр ирээд буцаад явсан. Би Х ахыг буудаж ална гээд байхаар нь ирж байна гэж бодсон. Тухайн үед бороо орж байсан тул хүн нь танигдахгүй байсан. Тэгээд удалгүй үнээгээ сааж дуусаад ах Бы хамт тугалтай үнээгээ тууж явж байхад өөдөөс Х ахын сувиа голдуу үнээ хайнагууд манай үхэртэй нийлсэн. Бид хоёр үнээгээ ялгаад явж байтал Х ах ардаа багавтар хүүхэд суулгачихсан мотоцикльтой давхиж ирээд чулуу шидээд байсан. Дараа нь манай ахтай барьцалдаж авсан. Би очиж ахыг салгахад тэр хоёр зууралдаад салахгүй байсан. Тэгээд арай гэж Б ахыг салгаад явж байхад Х ах араас нэхэж ирээд хэрүүл хийж зууралдаад байсан. Би салахгүй болохоор нь хоёр удаа түлхэж унагаасан. Тэгээд бүр болохгүй болохоор нь Х ахыг дарж авч хэсэг суулгасан. Би Х ахын үхрийг хөөж туугаагүй. Өөрийн 5 үхрээ ялгаж авч хөөж тууж явса би айлын үхэр туугаагүй. Би Б ахтай зууралдаж зодоон хийхэд нь салгасан. Би Х ахад нэг ч удаа гар хүрээгүй. Б ах бид хоёрыг өөрсдийн үхэр малаа ялгаж байхад учир зүггүй ирээд чулуу шидээд унасан. Тэгээд л хоорондоо маргалдаж муудалцаад зодоон хийсэн. Х ах бид нарыг үхэр хөөж туусан гэж байсан. Бид нарын хувьд өөр айлын үхэр мал туусан юм болоогүй. Намайг 5 үхрээ ялгаж авсан чинь ирээд чулуу шидээд ална гээд хараагаад байсан. Б нь миний төрсөн ах байгаа юм. Хтай ямар нэгэн холбоо байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 хуу/
Насанд хүрээгүй гэрч Б.Бын мэдүүлсэн: ...2018 оны 07 сарын 01-ний өдөр манай ээжийн ах Хын хамт Өлзий жалгад үхрээ тууж явж байхад Н.Б, түүний дүү Н.Г нар ирээд үхрээ манай өвөлжөө хашаа руу туулаа блэчээр идүүлээд гэж хэлээд маргалдаж Х ахыг Н.Б ах барьж аваад нүүр толгой хэсэг рүү нь цохисон. Мөн хөлөөрөө хавирга руу нь өшиглөсөн. Тэгээд байж байхад Б ахын дүү Г салгах гэж зууралдаж байхдаа Х ахын дээрээс дараад газар унагасан. Тэгээд Х ахыг Б ах зодчихоод Г тэр хоёр гэрлүүгээ явсан. Харин Х ах гэртээ хариаад Тариат сумын төв рүү эхнэр Б хамт явсан. Би хөдөө үхрээ хараад үлдсэн. Газар нутаг малын бэлчээрээс болж зодоон болсон. Өвөлжөө хашаа руу үхрээ туулаа гээд Б ах Х ахтай маргалдаж байгаад зодсон. Манай ээжийн ах С.Хыг Н.Б ах ирээд малаа манай өвөлжөө хаваржаа руу туулаа гээд заамдаж аваад толгой хэсэг рүү нь гараараа цохиж хөлөөрөө хавирга руу өшиглөж байсан. Харин Н.Г нь ирээд зодоон хийж байсан ахыгаа салгах гэж байгаад Х ахын дээрээс дарж унасан. Би өөр зүйл хараагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 хуу/
Яллагдагч Н.Бы мэдүүлсэн: ...Би 2018 оны 07 сарын 01-ний өдөр үхрээ хариулж явахад Тариат сумын иргэн С.Х гэдэг хүн над дээр ирээд чи манай үхрийг хөөлөө гэж ирээд чулуугаар намайг цохиод байхаар нь би Х ахын дээлнийх нь энгэрээс барьж аваад дээрээс нь дарж хавсарч унасан. Унаад намайг цохиод байхаар нь би өвдгөөрөө цээж хавирга хэсэг рүү нь 2-3 удаа өвдгөлж цохисон. Тэгж байхад манай дүү Н.Г ирээд бид хоёрыг салгасан. С.Х ах шууд би шүүх цагдаад чамайг өгнө гээд Тариат сум руу эхнэртэйгээ хамт явсан. Зодоон болсоны дараа би араас нь явж гэрт очиход Тариат сум руу явсан байсан. Би уучлал гуйх гэж очиход хүлээж аваагүй. Бид хоёр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Малын бэлчээрээс болж хэрүүл маргаан хийсэн. Би Тариат сумын Хорго баг Өлзий жалга гэх газар иргэн С.Хтай маргалдаж хавсарч унагаад дээрээс нь 2-3 удаа өвдгөөрөө өвдгөлж хэрүүл маргаан хийсэн. Өөр цохиж зодсон зүйл байхгүй. Харин намайг өөрөө цохиж зодсон. Би хөгшин хүн гээд юм хэлээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 36-38 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 296 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...1.С.Хын биед гэмтэл учирчээ. 2. С.Хын биед зүүн талын 6, 7, 8-р хавирганы зөрөөтэй хугарал, тархи доргилт, нүүрний зөөлөн эдэд няцралт, баруун нүдний дээд зовхинд, зүүн нүдний дотор хэсгээр цус хуралт, хамрын таславчийн мурийлт, 2 хөмсөгний голд, хамрын нурууны зүүн дээд хэсэгт, цээжний зүүн урд дээд хэсэгт, цээжний зүүн доод хэсэгт, хэвлийн баруун дээд хэсэгт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 3. Учирсан гэмтлүүд нь тус тусдаа шинж байдлаараа шинэ гэмтэл байна. Хэрэг болсон гэх 2018 оны 07 сарын 01-ний өдөр үүссэн байх боломжтой. 4. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох, шүргэх, нидрэгдэх үйлчлэлээр үүснэ. 5. Хөдөлмөрийн ерөнхий чадварыг 15-30 хувиар алдагдуулах ба эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамааран эргэн сэргэх боломжтой. 6. Зүүн талын 6, 7, 8-р хавирганы зөрөөтэй хугарар гэмтлүүд нь “Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2-3-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр гэмтэлд, тархи доргилт, нүүрний зөөлөн эдэд няцралт, баруун нүдний дээд зовхинд, зүүн нүдний дотор хэсгээр цус хуралт, хамрын таславчийн мурийлт гэмтлүүд нь “Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2-4-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд, 2 хөмсөгний голд, хамрын нурууны зүүн дээд хэсэгт, цээжний зүүн урд дээд хэсэгт, цээжний зүүн доод хэсэгт, хэвлийн баруун дээд хэсэгт зулгаралт гэмтлүүд нь тус тусдаа “Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2-6-д зааснаар биеийн гадаргуугийн 1 хувьд хүрэхгүй байх тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...гэх дүгнэлт /хх-ийн 22-23 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 42 хуу/
Хохирогчийн хүсэлт /хх-ийн 51 хуу/ зэрэг болно.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Архангай аймгийн Тариат сумын Хорго багийн Өлзий жалга гэх газарт иргэн С.Х нь бусдад зодуулж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв.
Шүүгдэгч Н.Б нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Архангай аймгийн Тариат сумын Хорго багийн Өлзий жалга гэх газарт иргэн С.Хтай малын бэлчээрийн асуудлаас болж маргалдан зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: шүүх хуралдааны үед шинжлэн судалсан:
хохирогч С.Хын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “Намайг уулзахаар очиход шууд мотоциклиос бууж ирээд заамдаж аваад гараараа олон удаа цохиж газар унагааж хөлөөрөө өшиглөсөн. Бы дүү болох Г нь ахыгаа салгаж байгаа гэж намайг миний нүүр лүү цохиж байгаа харагдсан. Би тухайн үед ухаан санаа балартаж хэсэг хугацаанд юу болсон талаар мэдээгүй өнгөрсөн байсан. Н.Б нь над руу чамайг алчихъя гээд намайг зодоод байсан дүү Г нь салгаж байгаа гээд л завсар зайгаар цохиод байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 08-09 хуу/
гэрч М.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “Удалгүй гадаа хүүхдүүд орилолдоод байхаар нь гарсан чинь манай нөхрийг зодчихсон нүүр нь тэр чигтээ цус болчихсон дээлийн энгэр нь нилэнхийдээ цус болчихсон ирсэн. Би тухайн үед гэртээ гэрийнхээ ажлыг хийгээд байж байсан болохоор манай нөхрийг зодож байсныг харж чадаагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 хуу/
гэрч Н.Гын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “Тэгээд удалгүй үнээгээ сааж дуусаад ах Бы хамт тугалтай үнээгээ тууж явж байхад өөдөөс Х ахын сувиа голдуу үнээ хайнагууд манай үхэртэй нийлсэн. Бид хоёр үнээгээ ялгаад явж байтал Х ах ардаа багавтар хүүхэд суулгачихсан мотоцикльтой давхиж ирээд чулуу шидээд байсан. Дараа нь манай ахтай барьцалдаж авсан. Би очиж ахыг салгахад тэр хоёр зууралдаад салахгүй байсан. Тэгээд арай гэж Б ахыг салгаад явж байхад Х ах араас нэхэж ирээд хэрүүл хийж зууралдаад байсан. Би салахгүй болохоор нь хоёр удаа түлхэж унагаасан. Тэгээд бүр болохгүй болохоор нь Х ахыг дарж авч хэсэг суулгасан.” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 хуу/
гэрч Б.Бын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “2018 оны 07 сарын 01-ний өдөр манай ээжийн ах Хын хамт Өлзий жалгад үхрээ тууж явж байхад Н.Б, түүний дүү Н.Г нар ирээд үхрээ манай өвөлжөө хашаа руу туулаа бэлчээр идүүлээд гэж хэлээд маргалдаж Х ахыг Н.Б ах барьж аваад нүүр толгой хэсэг рүү нь цохисон. Мөн хөлөөрөө хавирга руу нь өшиглөсөн. Тэгээд байж байхад Б ахын дүү Г салгах гэж зууралдаж байхдаа Х ахын дээрээс дараад газар унагасан. Тэгээд Х ахыг Б ах зодчихоод Г тэр хоёр гэрлүүгээ явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 хуу/
Н.Бы мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Би 2018 оны 07 сарын 01-ний өдөр үхрээ хариулж явахад Тариат сумын иргэн С.Х гэдэг хүн над дээр ирээд чи манай үхрийг хөөлөө гэж ирээд чулуугаар намайг цохиод байхаар нь би Х ахын дээлнийх нь энгэрээс барьж аваад дээрээс нь дарж хавсарч унасан. Унаад намайг цохиод байхаар нь би өвдгөөрөө цээж хавирга хэсэг рүү нь 2-3 удаа өвдгөлж цохисон. Тэгж байхад манай дүү Н.Г ирээд бид хоёрыг салгасан.” гэх мэдүүлэг /хх-ийн 36-38 хуу/
хохирогч С.Хын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 296 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 22 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Х овогт Н Быг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч Н.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Н.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Н Быг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Быг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бд оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш сард 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөгөөс доошгүй төгрөгөөр тооцож 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Н.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Бд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ