| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэд Мөнхтулга |
| Хэргийн индекс | 2507000000218 |
| Дугаар | 2026/ДШМ/150 |
| Огноо | 2026-02-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Ганбагана |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 2026/ДШМ/150
К.Ө-ид холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч Ц.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Ганбагана,
шүүгдэгч К Ө-ийн өмгөөлөгч У.Болортуяа,
нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2025/ШЦТ/245 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч У.Болортуяагийн гаргасан давж заалдах гомдлоор К.Ө-ид холбогдох 2507000000218 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв.
Н- овгийн К-гийн Ө-, ......., ял шийтгэлгүй, /РД:К-/;
Шүүгдэгч К.Ө- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2025 оны 08 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Ц.Э-ийг “хасаг гэж хэллээ” гэх шалтгааны улмаас түүний толгой руу цохиж дээд уруулд шарх, хамар, уруулд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: К.Ө-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “К.Ө-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирог санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.Ө-ийг 120 /нэг зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.Ө- нь шүүхээс оногдуулсан 120 (нэг зуун хорь) цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч К.Ө- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч К.Ө-ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч У.Болортуяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “К.Ө-ийн хувьд гэрчээр, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ, мөн шүүх хуралдааны үед болон хавтаст хэрэгт авагдсан гэрч Т.О-ын мэдүүлэгт "К.Ө- босч ирээд Түвшинг цохисон тэгээд уучлаарай гээд байж байтал тэр хэд яваад өгсөн” гэх мэдүүлэг /хх 20-21/-т дурдагдсанаар өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байгаа нь тогтоогддог. Түүнчлэн хохирогчийн зүгээс хэрэгт авагдсан хохирлын баримт байдаггүй боловч К.Ө- нь сайн дураар хохирогчоос уучлалт гуйж 450.000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд хохирогчийн зүгээс “гомдол саналгүй” гэдгээ мэдүүлдэг.
Мөн шүүгдэгч К.Ө-ийн хувьд хохирогчийн зүгээс удаа дараа үндэс, угсаагаар нь доромжилсноос болж тус гэмт хэрэг гарсан байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн”, 1.4-т “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэх хуульд заасан хэд хэдэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгчийн дуудсан цагт хүрэлцэн ирж, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлж оролцсоор ирсэн болно. К.Ө-ийн хувьд эх, дүүгийн хамт амьдардаг ба одоогоор ажил хийж, гэр бүлийнхээ амьдрал ахуйд тусалдаг. Хэргийн зүйлчлэл болон гэм буруу дээр маргахгүй ба К.Ө-ийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч Ц.Э-, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Ц- нарын зүгээс “гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй байх тул К.Ө-ийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү.” гэв.
Прокурор Г.Ганбагана тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар К.Ө-ид холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд дурдсан асуудалд үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч К.Ө- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2025 оны 08 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Ц.Э-ийг “хасаг гэж хэллээ” гэх шалтгааны улмаас түүний толгой руу цохиж дээд уруулд шарх, хамар, уруулд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:
гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 5/,
насанд хүрээгүй хохирогч Ц.Э-ий “Тэнд М-, Б-, Д-, А-, Н-, Ө-. Э-, Т-, А-, О- нар байсан. Тэд нар 2 литрийн савтай пиво ууцгаасан, би пивоноос огт уугаагүй. Би К.Ө-ийн хорооны ах нарыг хасаг гээд хэлчихсэн юм. Тэгсэн чинь К.Ө- уурлаад намайг машинаас буулгаад юм ярья гэж байснаа гэнэт миний хамар руу 2, 3 удаа мөргөж хамраас цус гаргасан тэгснээ шанаа уруу 2, 3 удаа гараараа цохисон. Тэгэхэд Н-, Т- хоёр салгаад би шууд машинд суугаад зугтаасан. Гэртээ орох гэтэл К.Ө- машинтай ирээд намайг дахиж барьж аваад миний уруул руу нэг удаа цохисон чинь амнаас их хэмжээний цус гарсан чинь дахиж намайг цохих гэж дайраад би цустайгаа холилдоод гэртээ ороход ээж босоод намайг Налайхын эмнэлэгт дагуулж очоод уруулд 5 оёдол тавиулсан, миний хамар хугарч, шүд хөдөлсөн. /хх 11-12/,
гэрч Т.О-ын “Би тухайн үед машин дотроо сууж байхад К.Ө- буцаж ирээд Ц.Э- намайг тэр хэдэд хасаг ал гээд ярьсан байна, би Ц.Э-тэй уулзчихаад явна гэсэн. Э-, А- хоёр Н-гийн машины цаана юм яриад зогсож байхад К.Ө- очоод юм ярьж байх үед удаагүй Ц.Э- намайг машин дотор сууж байхад орилоод гүйж ирснээ “найзууд байж найзуудын дунд яс хаялаа” гээд байсан. К.Ө- газар унасан хэвтэж байснаа босож ирээд машинаа бариад Ц.Э-ий араас дагаад явсан. Ц.Э- би чамайг хасаг ал гэж хэлсэн тэгээд намайг цохиоч гээд нүүрээ өгөөд байсан, тэр үед К.Ө- нүүр хэсэгт нь нэг цохиод авахад Ц.Э-ий уруул хэсгээс цус гарч эхэлсэн. Тэгэх үед К.Ө- уучлаарай андаа нүүрээ угаачих гээд цусыг нь угааж өгсөн.” /хх 20-21/,
Шүүх шинжилгээний газрын Налайх дүүргийн шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 351 дугаар “Ц.Э-ий биед дээд уруулд шарх, хамар, уруулд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Ц.Э-ий биед учирсан дээд уруулд шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Хамар, уруулд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь эрүүл мэндийн сарниулахгүй тул эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3 хэсэгт зааснаар зэрэгт хамаарахгүй.” /хх 27-28/,
Шүүгдэгч К.Ө-ийн нас тоолсон тэмдэглэл /хх 13/,
Шүүгдэгч К.Ө-ийн яллагдагчаар өгсөн: “би дэлгүүр яваад 6 ширхэг 2,5 литрийн пиво авчраад бид нар хувааж ууж байхад Ц.Э- манай ах нарын талаар О-, А- хоёрт “наад хасаг гөлөгнүүдтэй битгий харьцаад байгаач” гээд яриад байхаар би очоод “би ч гэсэн хасаг ш дээ” гээд Ц.Э-д хэлсэн. Тэгсэн чинь Ц.Э- намайг “чи тэгээд яаж чадах юм” гээд А-ыг дуудсан. А- хүрээд ирэхэд би А-ыг “чи ч гэсэн хасаг шүү” гээд би А-ыг нэг цохиод авсан. Тэгсэн чинь А- намайг газар унагааж дарж байхад Ц.Э- одоо тэгээд цохиоч хасаг минь гээд орилоод байсан. Тэр үед А- намайг орхиод машин руу гүйгээд яваад өгсөн, тэгэх үед нь би босож ирээд Ц.Э-ийг баруун гараараа уруул хэсэгт нь нэг удаа цохиж авахад Ц.Э- машин руу гүйгээд яваад өгсөн. Тэгээд араас нь яваад гэрийнхээ гадаа хүрээд ирэхээр нь “хоёулаа уулзъя” гээд хэлэхэд Ц.Э- намайг “чамайг хасаг гэж хэлээгүй шүү, танай ах нарыг чинь хэлсэн шүү хасаг минь” гэхэд миний уур хүрээд ахиад уруул хэсэгт нэг удаа цохиод унгасан. Тэгэхэд Ц.Э- газар унаад босож ирэхэд ам хэсэг нь цус гарсан босоод ирсэн, өөр цохисон зүйл байхгүй. Би хүний биед хөнгөн гэмтэл учруулсан гэдгээ сайн дураараа хүлээн зөвшөөрч үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна.” /хх 36-37/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэдийд, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч К.Ө-ийн гэм буруутай эсэх, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч У.Болортуяа “К.Ө-ийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч “гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж заажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн зохицуулалт нь шүүхэд үүрэг болгосон бус эрх олгосон заалт бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг үндэслэлийн хүрээнд тухайн хэрэгт шүүхээс хийж буй хууль зүйн дүгнэлтээс хамааруулан хэрэглэх эсэхийг шийдвэрлэдэг.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх зохицуулалтыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэх үндэслэл үүсдэг.
Тиймээс шүүхэд үүрэг болгоогүй, эрх олгосон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг хэрэглээгүй тохиолдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэнд тооцохгүй бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрийг заавал хүчингүй болгох, эсхүл өөрчлөх үндэслэл болохгүй.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч К.Ө-ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 120 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн ялаас чөлөөлөх талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2025/ШЦТ/245 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА
ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА