| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 320/2026/00033/И |
| Дугаар | 320/ШШ2026/00576 |
| Огноо | 2026-03-24 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 320/ШШ2026/00576
| 2026 оны 03 сарын 24 өдөр | Дугаар 320/ШШ2026/00576 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ш.М
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 320/2026/00033/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.М , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш.М нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргаж байна.
1. Хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Би 8 дугаар ангиа 1986 онд төгсөөд илгээлт авч, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдэлд 1986 оны 7 дугаар сараас 1989 оны 9 дүгээр сар хүртэл төллөх хонь маллаж байгаад хугацаат цэргийн албанд татагдсан. Цэргийн албанаас 1991 оны 9 дүгээр сард халагдаж ирээд, үргэлжлүүлэн Соёл нэгдэлдээ 1992 оны 6 дугаар сарыг дуустал төллөх хонь малласан. Одоо өндөр насны тэтгэвэрт орох болтол миний ажилд орсон, гарсан зарим тушаал олдохгүй, хөдөлмөрийн дэвтрийн бичилт дутуу зэргээс дээрх ажилласан жил тооцогдохгүй байна.
Иймд намайг Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдэлд 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл, 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү гэв. (хавтаст хэргийн 1 дэхь тал)
2. Нэхэмжлэгчээс: Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас гарсан иргэний үнэмлэхийн лавлагаа, Хөвсгөл аймгийн Архивын хэлтсийн 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 11/876 дугаар албан бичиг, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдлийн даргын 1986 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Ажилд томилох тухай №17 дугаар тушаал, тус тушаалын хавсралтын архивын хуулбар, Илгээлтийн эзэн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын тамгын газрын 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 3/370 дугаар албан бичиг, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн цалин хөлсний лавлагаа, 70 дугаар дансны архивын хуулбарууд, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдлээс олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын лавлагаа, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газрын Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон мэдээлэл зэрэг баримт өгсөн. (хавтаст хэргийн 2-15 дахь тал)
3. Шүүх: Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Ш.М ын ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт, иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл зэрэг баримтын архивын хуулбар гаргуулж, нэхэмжлэгчийн хүсэлтээр Б.Б , З.М нарыг гэрчээр дуудан, мэдүүлэг авч, нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 20, 21-23, 30-33 дахь тал)
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хүсэлтийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Ш.М нь өндөр насны тэтгэвэрт орох болсон тул ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж , шүүх хуралдаанд хүсэлтийн шаардлагаа тодруулж байна.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдсон.
4. Нэхэмжлэгч Ш.М Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдэлд 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд, 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, (хавтаст хэргийн 1 дэхь тал)
1986 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн Шв овогтой М нь...мал аж ахуйг хөгжүүлэх ариун үйлст биечлэн оролцож...сурах ариун хөдөлмөрт бадрангуй эх оронч чин эрмэлзлэлээ илэрхийлж байгаа тул МХЗЭ-ийн хүндэт илгээлт олгов гэх бичилттэй Илгээлтийн эзэн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, (хавтаст хэргийн 5 дахь тал)
Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдлээс 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Швын М т олгосон 01. 1986 оны 07 сарын 01. Соёл нэгдлийн 1-р бригадад хоньчноор томилов. Нэгдлийн даргын 1986-07-25-ны 17-р тушаалаар гэх бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, (хавтаст хэргийн 14 дэхь тал)
Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдлийн даргын 1986 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Тушаах нь: 1. Ерөнхий боловсролын сургуулиас МХЗЭ-ийн илгээлтээр МАА-д хуваарилагдан ирсэн 30 сурагчдыг хонин суурьт...нэгдүгээр хавсралтаар баталсугай... гэх бичилттэй Ажилд томилох тухай №17 дугаар тушаал, тус тушаалын Баянзүрх сумын 8 жилийн дунд сургуулиас МАА-д ажиллах МХЗЭ-ийн илгээлтийн эздийг ажилд хуваарилсан 17-р тушаалын 1 дүгээр хавсралт 1986.06.17. Овог нэр: ...19. Шв М , бригад: 1, хэний суурьт халамжлан хүмүүжүүлэгч нь: Шв, ямар ажилд: хоньчин... гэх бичилттэй хавсралтын архивын хуулбар, (хавтаст хэргийн 4 дэхь тал)
Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын тамгын газрын 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 3/370 дугаар албан бичгээр ирүүлсэн Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Ш.М ын 1986 оны 9 дүгээр сараас 1987 оны 10 дугаар сард, 1988 оны 1 дүгээр сараас 1989 оны 9 дүгээр сард, 1991 оны 4, 5 дугаар сард, 8 дугаар сараас 1992 оны 6 дугаар сард Баянзүрх сумын Соёл нэгдэлд ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний лавлагаа, 70 дугаар дансны архивын хуулбарууд, (хавтаст хэргийн 6-13 дахь тал)
ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн картын ...5. Овог нэр: Шв 6. Нэр: М ...14. Ажилладаг байгууллага: Соёл нэгдэл, ажилд орсон он: 1987, цех, тасаг бригад: 1-р хэсэг, эрхэлдэг ажил: хоньчин, эрхэлж эхэлсэн он: 1987, оршдог сум: Баянзүрх сум...бүртгэсэн он, сар, өдөр: бүртгэгчийн нэр: Цэцгээ 1988.10.13... гэх бичилттэй архивын хуулбар, (хавтаст хэргийн 21 дэхь тал)
Гэрч Б.Б ын ...Ш.М 1986 онд 8А ангийг, би 8Б ангийг төгсөж байсан. Ш.М 1986 оны 07 сараас илгээлтийн эзэн болж, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдэлд 1989 оны 10 сар хүртэл хоньчноор ажиллаж байсан. 1989-1991 онд цэргийн алба хаасан. Цэргээс ирээд мөн Соёл нэгдэлд 1991 оны 10 сараас 1992 оныг дуустал малчнаар ажилласан.. ...Би...Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдэлд 1988 онд трактоын жолоочоор ажиллаж байсан. 1989 оны 10 сард Ш.М тай хамт цэрэгт яваад хамт ирж байсан. Ирээд 1991 оны 10 сараас Соёл нэгдэлд грушик, слессариар 1992 он дуустал ажилласан... гэх мэдүүлэг, гэрч З.М гийн ...Ш.М нь 1986 онд 8-р анги төгссөн. Тэгээд илгээлтийн эзэн болоод аав, ээжийнхээ хамт Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдэлд 1986 оны 07 сарын үеэс 1989 оны намар цэргийн албанд татагдах хүртэл төллөх эм хонь маллаж байсан. Цэргээс ирээд 1991 оны намраас 1992 оны 07 сар хүртэл малчнаар ажилласан...Аав нь улсын аварга малчин Шв гэж хүн байсан. Дан төл мал, хурга малладаг байсан. Шв гуайнх их олуулаа. 9 хүүхэдтэй...Би Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдэлд 1986 оны 07 сараас 1988 оны 09 сар хүртэл малчнаар...тууварчнаар 1992 он хүртэл ажилласан... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдлоо. (хавтаст хэргийн 32-33 дахь тал)
Нэхэмжлэгч Ш.М ын шүүхэд гаргасан хүсэлт, хэрэгт цугларсан нотлох баримтыг дүгнээд түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ , 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч Ш.М өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.
Иймд Ш.М ын Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдэлд 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд, 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
6. Хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтыг үнэлээгүй. Үүнд: Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын лавлагаа нь Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газарт гаргасан байх тул энэ хэрэгт хамааралгүй, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газрын Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон мэдээлэл, иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл зэрэг баримтууд хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй байна. (хавтаст хэргийн 15, 16, 22, 23 дахь тал)
7. Нэхэмжлэгч Ш.М т холбогдох ажилд томилж, чөлөөлсөн тушаал байхгүй тухай Хөвсгөл аймгийн Архивын хэлтсийн 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдлийн даргын 1989, 1991-1992 оны тушаал шүүж үзэхэд Ш.М ыг малчнаар томилж, чөлөөлсөн тушаал байхгүй тул холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна гэх бичилттэй 11/876 дугаар албан бичиг, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдсон тул хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно. (хавтаст хэргийн 3 дахь тал)
8. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Шарнууд овогт Швын М ын, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдэлд 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд, 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА