Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 861

 

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Н,  улсын яллагч П.Д, шүүгдэгч Ч.Э, Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,   

           Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор П.Д-с Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт М овогт Д.Б, И овогт Ч.Э нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1806032560960 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

            1. Монгол улсын иргэн, 

2. Монгол улсын иргэн, 

            Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Ч.Э, Д.Б нар нь бүлэглэн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт М.С, Э.Н нарыг зодож бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Э мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

Шүүгдэгч Д.Б: Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

            Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргасан өргөдөл /хх-н 4/, мөрдөн шалгах ажиллагааны явцад М.С хохирогчоор мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 7-8, 18-20/, хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Н өгсөн мэдүүлэг /хх-н 12-14/, М.С биед үзлэг хийсэн Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 4729 дугаартай дүгнэлт /хх-н 36/, Э.Н биед үзлэг хийсэн Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 4728 дугаартай дүгнэлт /хх-н 42/, мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Б яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 60-61/, мөрдөн шалгах ажиллагааны явцад Ч.Э яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 64-65/, Д.Б урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 66/, Ч.Э урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 75/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 67, 76/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

            Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор П.Д-с шүүгдэгч Ч.Э, Д.Б нар нь бүлэглэн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт М.С, Э.Н нарыг зодож бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.   

            Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус заасан журмыг баримтлан хэргийг хянан шийдвэрлэв.

            Шүүгдэгч Ч.Э, Д.Б нар нь бүлэглэн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт М.С, Э.Н нарыг зодож бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:   

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Э.Н өгсөн "...2018 оны 04 дүгээр сарын 09-ний орой Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо офицерүүдийн ордны замын урд талд гэр рүүгээ харих гээд нөхөр Сэрдамбын хамт Ургах Наран хороолол руу хүн суулгаж авч явах гээд зогсож байсан юм. Тэгсэн манай нөхөр машинаас буучихсан байсан юм. Тэгээд удаад байхаар нь толиндоо харсан чинь манай нөхөр тэр нэг залуутай маргалдаж байх шиг байсан. Тэгэхээр нь би буугаад очсон юм. Тэгсэн манай нөхрийн нүүр рүү нь гараараа түлхээд тэгэхээр нь би салгах гээд хүрсэн чинь эхнэр нь хэрүүл хийгээд байсан. Тэгээд дайраад байхаар нь би жирэмсэн 2 сартай гэж уул нь хэлсэн юм. Тэгсэн нөхрийн цаад талаас гар нь давж орж ирээд намайг зүүн шанаа руу 2-3 удаа цохисон, үснээс зулгаагаад машин руу түлхсэн. Тэгээд айгаад машиндаа суусан юм. Манай нөхрийг эхнэр нөхөр 2 чирээд сараалжин хашаа руу түлхээд ямар ч байсан нөхөр нь манай нөхрийг цохиод эхнэр нь үснээс нь зулгаагаад байсан. Би айгаад тэгсэн цаанаас хүмүүс ирж салгасан. Манай машинд 2 эрэгтэй, 1 эмэгтэй хүн сууж байсан ба тухайн хүмүүс бууж салгаж тус болсон юм. Манай нөхрийн баруун гарын ядам хуруу тэнийхгүй болчихсон гар нь дээд талдаа хавдчихсан байсан. Баруун хацарны дээд хэсэг нүднийхээ доод талд маажуулсан, уруулныхаа баруун хэсэгт маажуулсан байсан, хоолой нь юмаар боочихсон юм шиг улайсан байсан, зулай хэсгээр нилээн өвчтэй байна гээд байсан. Хоёулаа л манай нөхрийн биед бэртэл гэмтэл учруулсан юм. Тухайн эхнэр нөхөр хоёр хоёулаа согтуу байсан” гэх мэдүүлэг /хх-н 13-14/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч М.С өгсөн "...Тэгээд намайг нөхөр нь машин руу цээж хэсгээс хүчтэй түлхсэн, тэгсэн эхнэр машинаас бууж ирсэн. Манай эхнэр Н явъя гэж хэлтэл Наранбулагын үснээс нь зулгаагаад манай машин руу хүчтэй түлхээд зүүн талын чих болон шанаа хэсэг рүү нь гараараа тэр эмэгтэй хүчтэй 2-3 удаа цохисон. Тэгээд би салгах гээд очтол нөхөр нь намайг мангасдаж түлхээд баруун гарын дунд, ядам хурууг мушигаад би эвгүй болоод зогссон. Тэгээд би хуруугаа хүчтэй угзарч татсан чинь нөхөр нь миний хоолойг боосон, тэгсэн эхнэр нь үснээс зулгааж би хөл алдаж газар унасан чинь хоёулаа намайг чирээд блокон хашаатай хайсан төмөр рүү нуруугаар түлхсэн арай нуруу хүрээгүй. Тэгээд эхнэр нь ирээд миний баруун нүдний доод хэсэгт хумсаараа маажсан. Нөхөр нь болох Б миний нүүр рүү хүчтэй алгадаж түлхсэн, тэгсэн толгой дүүрэн сонин болсон. Баруун гарын дунд болон ядам хурууг мушгиснаас болж 2 хуруу хөдлөхгүй байсан, хоолой боогоод хүзүү тойрч улайсан. Эхнэр нь баруун нүдний доод хэсэгт маажиж үснээс зулгаасан" гэх мэдүүлэг /хх-н 8/

Шүүх эмнэлгийн шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 4729 дугаартай:

          1. М.С биед тархи доргилт, баруун хацар, хүзүүнд цус хуралт, баруун гарын ядам хурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо,

          2.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ,

          3. Дээрх  гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,

          4. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэх дүгнэлт /хх-н 36/

Шүүх эмнэлгийн шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 4728 дугаартай:

          1. Э.Н биед зүүн шанаа хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн чихний гэдсэнд цус хуралт, умайн булчингийн цочрол бүхий гэмтэл тогтоогдлоо,

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг болон хэд хэдэн удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ,   

          3. Дээрх  гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,

          4. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэх дүгнэлт /хх-н 42/

          шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар нь гэм буруу дээрээ маргахгүй байгаа мэдүүлэг зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Б, Ч.Э нарт холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлсөн, прокурорын сонсгосон ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн,  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул тэдгээрийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Хохирогч Э.Н, М.С нар нь “өөрт учирсан хохиролд 110.000 төгрөгийг хүлээн авсан. Цаашид гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй хоорондоо эвлэрсэн” гэх /хх-н 113/ баримт хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.    

Шүүх шүүгдэгч Д.Б, Ч.Э нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөр төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзлээ.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар ирсэн зүйлгүй, шүүгдэгч Д.Б, Ч.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.