Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 2026/ДШМ/151

 

2026             02            03                                                                             2026/ДШМ/151

 

Э.О-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч Ц.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор П.Итгэл,

нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2025/ШЦТ/2806 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.О-ы гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2503011751113 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 119-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв.

Б- овгийн Э-ийн О-, ........, ял шийтгэлгүй, /РД:Э-/;

Шүүгдэгч Э.О- нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр согтуугаар Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Улиастайн замд “Nissan X-trail” загварын Э- УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Э.О-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “Шүүгдэгч Э.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.О-ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 02 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Э.О-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих буюу эмнэлгийн хяналт, эмчилгээнд очихоос бусад тохиолдолд Багахангай дүүрэг болон Төв аймгийн Баян сумын нутаг дэвсгэрээр тогтоож, Багахангай дүүрэг болон Баян сумын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, Э.О-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Налайх, Багахангай дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Э.О-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 /нэг/ ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт нь үлдээж, Э.О- нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э.О-  давж заалдах гомдолдоо: “Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, өөртөө гомдож, шаналж хийж байгаа зүйлдээ гомдож дахин ийм зүйл гаргахгүй тул надад оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг торгох ял болгон өөрчилж өгнө үү.” гэжээ.

Прокурор П.Итгэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Э.О-д холбогдох хэргийг анхан шатны шүүх хэлэлцээд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ангид заасан үндэслэл журмын дагуу, тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор ялыг оногдуулсан. Шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогдсон. Тухайн үйлдэлд дээрх ял тохирсон байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

1. Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:

Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хх 3-5/

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт 3.27 промилл согтолттой гэх /хх 6/

Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх 23/ зэргийг харьцуулан шинжлэн судлахад,

Э.О- нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр согтуугаар Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Улиастайн замд “Nissan X-trail” загварын Э- УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шалгаж, үнэлэх боломжтой гэж үзлээ.

Анхан шатны шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Э.О-ы үйлдлийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Э.О-ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэж тус тус заасан бөгөөд шүүгдэгч Э.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь  хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарласан ялын хугацаанд шүүгдэгч Э.О-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих буюу эмнэлгийн хяналт, эмчилгээнд очихоос бусад тохиолдолд Баганхангай дүүрэг болон Төв аймгийн Баян сумын нутаг дэвсгэрээр тогтоож, Баганхангай дүүрэг болон Баян сумын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт тохирсон байх бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

Шүүгдэгч Э.О- “оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг торгох ял болгон өөрчилж өгнө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг бүхэлд нь хүлээн авах үндэслэлгүй байна.

Гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь тухайн гэмт хэргийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, үр дагавартай шууд холбоотой ойлголт бөгөөд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлын үнэ цэнэ, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээгээр тодорхойлогдоно.

Тодруулбал, шүүхээс оногдуулж буй ял нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэр хэмжээ, нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэрт тохирсон тухайн хүнийг цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгод нийцүүлэн ялын төрөл, хэмжээг сонгон оногдуулдаггүйг дурдвал зохино.

Шүүгдэгч Э.О- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, бусдад төлөх хохирол төлбөргүй хэдий ч өмнө нь 2025 оны 02 дугаар сарын 02-ны өдөр согтуугаар тээврийн  хэрэгсэл жолоодож Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасуулсан байх бөгөөд эрхээ хасуулсан хугацаандаа үйлдсэн зөрчилдөө гэмшээгүй, засрал хүмүүжил олоогүй, дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зэрэг нь түүний хувийн байдлыг илтгэх хүчин зүйл болж байна.

Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2025/ШЦТ/2806 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.О-ы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2025/ШЦТ/2806 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.О-ы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                           Б.БАТЗОРИГ

 

 

                                   ШҮҮГЧ                                                     С.БОЛОРТУЯА

 

   ШҮҮГЧ                                                        Ц.МӨНХТУЛГА