Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 209/МА2022/00052

 

*******, ******* нарын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

                                                                             Хэргийн индекс: 135/2021/00966/и

           Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Байгалмаа даргалагч илтгэгчээр, шүүгч Г.Давааренчин, Д.Буянжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  03 дугаар сарын 21-ний өдрийн 462 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******,

                    ******* нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Өсөх трейд” ХХК,

                  ******* нарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага:

“Засвар хийсэн зардал, түрээсийн гэрээний төлбөрт шилжүүлсэн мөнгө, шинжээчийн дүгнэлт гаргуулсан төлбөр, засварын ажилтай холбоотой банкнаас авсан зээлийн хүүгийн төлбөр, цахилгаан, дулааны төлбөр, гэрчилгээний  үнэ, нийт 29,759,600 төгрөг гаргуулах” тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай,

“Түрээсийн төлөгдөөгүй төлбөр болох 15,790,210 төгрөг гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай,

Иргэний хэргийг нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ийн гаргасан давж заалдах  гомдлыг үндэслэн, 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд цахимаар: Хариуцагч “Өсөх трейд” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мягмарсүрэн,

Шүүх хуралдаанд тахимаар: Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Одончимэг, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага:

1.а. Хариуцагч ******* нь биднийг тус объектыг өөрсдийнхөө зардлаар засчих юм бол 3 сарын түрээсийн төлбөрийн хөнгөлөлт үзүүлье гэсэн тул засвар хийсэн. Засварыг ажлыг хийхдээ 180 м.кв газрыг бүхэлд нь зассан. Засварын ажилд зарцуулсан 18,000,000 төгрөг, түрээсийн гэрээ хийлгүйгээр төлсөн 5,000,000 төгрөг, нийт 23,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

1.б. Хураамж буюу “Өсөх трейд” ХХК-ийн цахилгааны төлбөр 546,000 төгрөг, дулааны  төлбөр 825,000 төгрөг, интернэтийн төлбөр 45,800 төгрөг нийт 1,416,800 төгрөг, ажлын хөлс 7,042,000 төгрөг, материалын үнэ 9,676,800 төгрөг, тохирлын гэрчилгээ, галын дүгнэлт гаргуулсан зардал 180,000 төгрөг, түрээсийн төлбөрт шилжүүлсэн 5,000,000 төгрөг, шинжээчийн дүгнэлт гаргуулсан төлбөр 1,200,000 төгрөг, банкнаас авсан зээлийн хүүний төлбөр 5,244,000 төгрөг нийт 29,444,000 төгрөг болгож нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.

  1. Хариуцагчийн  татгалзал, тайлбарт:

2.а. Нэхэмжлэгч нар нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасныг зөрчсөн. Хариуцагч нь нэхэмжлэгчид үйл ажиллагаагаа эхлэх байр болон хөрөнгийг шилжүүлэн өгсөн гэтэл уг объектыг ашиглан тогтмол ашиг олж байж нийт ашигласан 7 сарын түрээсийн төлбөр болох 14,000,000 төгрөгөөс төлсөн нь 4,880,000 төгрөг, үлдэгдэл 9,120,000 төгрөгийг төлөөгүй байна.

Нэхэмжлэгч нарын хийсэн засварын ажил нь 180 м.кв байрны хэсэг газрын ханын обой, тэкний арын тавиур, үүдний вакум хаалга,буйдан бүрээсийг шинэчилсэн 2018 оны дулааны төлбөр, цахилгааны төлбөр, интернэтийн төлбөр нийт 5,000,000 төгрөг зарцуулсан. Иймд 18,000,000 төгрөгөөр засвар хийсэн гэдгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү.

  1. Хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагадаа:

Нэхэмжлэгч *******, ******* нараас түрээсийн төлөгдөөгүй төлбөр 9,120,000 төгрөг, түрээсэлж байх хугацаанд ашигласан цахилгаан, дулаан, интернэт, усны төлбөр нийт 1,203,110 төгрөг, түрээсэлж байх хугацаанд эвдэлж хэмхэлсэн  эд зүйлсээ засварлаж авсан засварын зардал 4,363,100 төгрөг, дугуй засварын 2019.01.24-2019.07.24 өдрийг хүртэл төлсөн түрээсийн төлбөр 1,104,000 төгрөг нийт 15,790,210 төгрөгийг гаруулж өгнө үү гэжээ.

  1. Нэхэмжлэгчээс сөрөг нэхэмжлэлийн татгалзал, хариу тайлбартаа:

******* нь засвар хийсний хариуд гурван сар түрээсийн төлбөр авахгүй, бид хоёрын нэрийг гүйцэтгэх захирлаар томилж компанийн хувь эзэмшүүлэн, засварын ажилд гаргасан мөнгийг буцааж өгнө гэж тохиролцсон. Гурван сарын түрээсийн төлбөрт 1,000,000 төгрөг өгчих гээд авсан. Бид тохиролцсоны дагуу 2019 оны 2 сарын дундуур хүртэл засварын ажил хийж дуусгаад 2,3,4 сард түрээсгүй байж, 5 сараас эхэлж түрээсийн төлбөрөө төлсөн. Гэтэл засвар хийж байсан, түрээсгүй суулгана гэж итгүүлсэн саруудын түрээсийг, түрээсэлж байх хугацаанд ашигласан цахилгаан, дулаан, интернэт, усны төлбөрийг хугацаанд нь төлж байсан учраас нэхэж байгаа сөрөг нэхэмжлэлийн үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

  1. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.2, 224 дугаар зүйлийн 224.1, 222 дугаар зүйлийн 222.4-т зааснаар Өсөх трейд ХХК-аас 14,445,991 төгрөгийг нь гаргуулж, *******, ******* нарт олгож, үлдэгдэл нэхэмжлэлийн шаардлагын 5,544,009 төгрөгийн хэрэгсэхгүй болгож,

Нэхэмжлэгч *******, ******* нараас 1,104,000 төгрөгийг гаргуулж, хариуцагч Өсөх Трейд ХХК-д олгож, үлдэгдэл 8,016,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр төлсөн 274,450 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр төлсөн 32,220 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлдээ 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотын банк дахь төрийн сангийн 100190000941 тоот дансанд төлсөн 234,155 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр тушаасан 160,870 төгрөгийг тус тус Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Өсөх трейд ХХК-аас нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан дүн болох 14,445,991 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 230,180 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч нарт олгож, нэхэмжлэгч *******, ******* нараас нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан дүн болох 1,104,000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 31,046 төгрөг, Төрийн сангийн орлогоос 160,780 төгрөг тус тус гаргуулж *******д олгож,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагч Өсөх Трейд ХХК-аас шинжээчийн зардалд 960,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ,******* нарт олгож, ... гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж  шийдвэрлэжээ.

6. Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах гомдолдоо:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрээр “Өсөх трейд” ХХК-аас 14,445,991 төгрөг гаргуулж нэхэмжлэгч нарт олгож нэхэмжлэлийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Нэхэмжлэгчийн зүгээс дээрх төлбөр дээр түрээсийн төлбөрт шилжүүлсэн 5,000,000 төгрөг, шинжээчийн дүгнэлтээр элэгдэл хорогдол тооцон хассан 1,439,406 төгрөг, зээлийн хүүний төлбөр буюу хохирол 5,244,000 төгрөг нийт 11,683,406 төгрөгийг нэмж гаргуулах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

Иймд гомдлыг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг  бүхэлд нь хянан үзэв.

2. Нэхэмжлэгч тал ...түрээсийн төлбөрт шилжүүлсэн 5,000,000 төгрөг, шинжээчийн дүгнэлтээр элэгдэл хорогдол тооцож хассан 1,439,406 төгрөг, зээлийн хүүний төлбөр буюу хохирол 5,244,000 төгрөг нийт 11,683,406 төгрөгийг нэмж гаргуулах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан байна.  

3. Анхан шатны шүүх:  ...талуудын хоорондын тооцоолол болон үйл баримтад  дүгнэлт хийж  Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.2, 224 дүгээр зүйлийн 224.1, 222 дугаар зүйлийн 222.4-т зааснаар үндсэн  болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /3-р хх-128-133/         

4. Анхан шатны шүүх нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх” журмыг бүрэн хэрэгжүүлээгүй, хэргийн үйл баримт болон нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй, талуудын хооронд үүсэн маргааны эрх зүйн үндэслэлийг зөв тодорхойлоогүй  нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

5. Хэргээс судлан үзвэл: Нэхэмжлэгч *******, ******* нар нь хариуцагч Өсөх трейд ХХК болон ******* нарт холбогдуулан 180 м.кв талбай бүхий 00-н өрөөг түрээслэх ам тохиролцооны дагуу түүнд засвар хийсэн зардал 18,000,000 төгрөг, түрээсийн төлбөрт төлсөн 5,000,000 төгрөг, нийт 23,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг анх шүүхэд гаргасан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нийт 29,444,000 /өөрсдийнх нь дүгнэснээр/ төгрөг гаргуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, нэмэгдүүлсэн байна. /3-р хх-97/.

            6. Хариуцагч Өсөх трейд ХХК-н итгэмжлэгдсэн төлөөлөгч *******  тайлбар /1-р хх- 36-39, шүүх хуралдааны тэмдэглэл 3-р хх-123/-таа ...анх шүүхэд гаргасан 23,000,000 төгрөгийн болон нэмэгдүүлсэн 29,444,000 төгрөгийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж, 

7. Хариуцагч нь ...түрээсийн төлөгдөөгүй 9,120,000 төгрөг, түрээслэх хугацаандаа ашигласан төлбөр нийт 1,203,110 төгрөг, эвдэлж хэмхэлсэн эд зүйлсээ засварлаж авсан зардал 4,363,100 төгрөг, дугуй засварын түрээсийн төлбөр болох 1,104,000 төгрөг нийт 15,790,210 төгрөгийг гаргуулах  тухай  сөрөг нэхэмжлэлийн шаардлага  гаргасан/1-р хх-60-77, 2-р хх- 1-4/, 

Нэхэмжлэгч *******, ******* нар нь  ...Өсөх трейд ХХК-н хоёр  давхар буудал, караокены чиглэлээр үйл ажиллагаа явуулах зориулалттай объектыг тодорхой болзол нөхцөлтэйгөөр түрээслэхээр тохиролцсон, объект нь үйл ажиллагаа явуулах боломжгүй, ариун цэврийн шаардлага хангахгүй учраас засвар хийх санал тавьж тохиролцсоны дагуу 2019 оны 02 сарын дундуур засвар хийж, түрээсгүй байлгана гэсэн 3 сар нь өнгөрөөд 05 сараас түрээсийн төлбөрөө хэвийн төлж байсан, ... түрээсэлж байх хугацаанд төлөх ёстой төлбөрүүдийг хэвийн төлж байсан, объектыг тохижуулж засаж өгсөн, дугуй засварын түрээсийн төлбөрийг авч дулааны төлбөрт төлдөг байсан, ...гэж татгалзлаа тодорхойлон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж  тус тус маргажээ. /1-р хх- 101-105/ .

8. Талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтууд зэргээс үзвэл: нэхэмжлэгч *******, *******, хариуцагч Өсөх трейд ХХК-г төлөөлж буй ******* нар нь тухайн үед аман хэлцлээр Өсөх трейд  ХХК-н байр  болох үйлчилгээний зориулалттай 180 м.кв объектыг тодорхой хугацаагаар болзол нөхцөлтэйгөөр хоёр талын итгэлцлийн үндсэн дээр түрээслэх, төлбөрт сар бүр 2,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон, 

Дээрх тохиролцооны дагуу нэхэмжлэгч *******, ******* нар нь уг объектод тодорхой хэмжээний засварын ажил хийсэн, хариуцагч талын  дугуй засварын түрээсийн төлбөрийн 1,104,000 төгрөгийг  нэхэмжлэгч нар авч хэрэглээний зардалд төлсөн гэх, мөн нэхэмжлэгч нар нь тухайн объектыг тодорхой хугацаагаар эзэмшиж, ашигласны  төлбөрт 5,000,000 төгрөг төлсөн гэх хэргийн үйл баримт тогтоогдсон, энэ  талаар талууд маргаагүй. 

9. Гэвч талуудын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байх боловч талууд гэрээг анх амаар тохирч  байгуулсан, энэ нь хуульд заасан бичгээр байгуулах хэлбэрийн шаардлагыг хангаагүй.

Мөн сүүлд бичгээр байгуулсан гэх боловч тухайн объект нь үл хөдлөх эд хөрөнгө учир Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т заасан улсын бүртгэлийн байгууллагад  бүртгүүлэх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 10. Тодруулбал, талуудын хооронд түрээсийн гэрээ байгуулагдсан боловч хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангаагүй учир гэрээ хүчин төгөлдөр бус байна. Энэ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-д заасан “Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ” энэ шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус болохыг хуулийн  318.4-т хуульчлан зохицуулсан, өөрөөр хэлбэл уг хуулийн агуулга, шаардлагад нийцээгүй,  зөрчсөн  гэж үзэх үндэслэлтэй байна.

11. Нэгэнт талуудын хооронд байгуулагдсан хэлцэл хүчин төгөлдөр бус болсон тул хэлцэл хийсэн талууд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй. Хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасан тул уг зохицуулалт нь үндсэн болон сөрөг нэхэмжлэлд хэрэглэх ёстой хэм хэмжээ гэж үзнэ.

          12.Дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч талын нэмж 11,683406 төгрөг гаргуулах тухай давж заалдах гомдлын зарим хэсэг болох түрээсийн төлбөрт шилжүүлсэн 5,000,000 төгрөг гаргуулах гэсэн хэсгийг хангах үндэслэлтэй гэж  шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

13. Нэхэмжлэлийн шаардлага 29,444,000 төгрөгөөс засварын ажлын хөлс 12,931,191 төгрөг, түрээсийн төлбөрт төлсөн  5,000,000 төгрөг, шинжээчийн зардал 1,200,000, хэрэглээний зардалд төлсөн гэх 1,416,800 төгрөг нийт 20,547,991 төгрөгийг хариуцагч Өсөх трейд ХХК-иас гаргуулж, үлдэх 8,896,009  төгрөгийг,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас дугуй засварын түрээсийн төлбөрийн  1,104,000 төгрөгийг нэхэмжлэгч *******, ******* нараас гаргуулж,  хариуцагч Өсөх трейд ХХК-д олгож, үлдэх 14,686,210 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

14.Улсын тэмдэгтийн хураамжийг  хуваарилан шийдвэрлэхдээ хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй байх тул зөвтгөн өөрчлөлт оруулах нь  зүйтэй байна.

15. Түүнчлэн хэргээс үзэхэд:  нэхэмжлэгч тал нь 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага /3-р хх-97/ гаргасан байх ба шүүх, нэхэмжлэлийн хувийг хариуцагч талд гардуулах, тайлбар авах гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр  хүртэл хойшлуулсан байна. Тус шүүх хуралдаанд хариуцагч тал нь цахимаар оролцжээ. /3-р хх- 95/

16. Нэхэмжлэгч талын  нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хариуцагч талд гардуулж өгсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул энэ талаар давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч талаас тодруулахад “хүлээн авсан” гэдгээ илэрхийлсэн, энэ талаар  маргаагүй.

Мөн хэргийн 122-р талд авагдсан  анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд нэхэмжлэгч тал танхимаар, хариуцагч тал  цахимаар тус тус шүүх хуралдаанд оролцсон байх бөгөөд нэхэмжлэгч нь нэмэгдүүлсэн 29,444,000 төгрөгийн шаардлагын талаар тайлбар гаргасан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Мягмарсүрэн нь ... 29,444,000 төгрөгийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй  ...гэх тайлбар гарган мэтгэлцжээ./3-р хх-123/.

Дээрхээс  дүгнэвэл:  нэхэмжлэгч талын  нэмэгдүүлсэн шаардлагыг хариуцагч талд гардуулж өгсөн баримт хэрэгт авагдаагүй байх боловч хариуцагч тал нь “гардаж аваагүй” гэж маргаагүй, энэ талаар гомдол гаргаагүй, мөн шүүх хуралдааныг хойшлуулсан хугацаанаас үзэхэд  нэмэгдүүлсэн шаардлагыг эсрэг талд гардуулж, хариу тайлбар өгөх, нотлох баримт гаргах эрхийг хангаж, талуудыг  мэтгэлцэх боломжоор хангасан гэж үзэхээр байна. 

17. Цаашид талуудын тэгш эрхийг хангах үүднээс хэрэгт авагдах ёстой хэргийн хөдөлгөөний стандарт баримтуудыг хэрэгт хавсаргаж байхыг анхаарах нь зүйтэй болохыг магадлалаар  тэмдэглэн хүргэж  байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.2-т заасныг удирдлага болгон  ТОГТООХ НЬ :

           1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 462 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.2, 224 дүгээр зүйлийн 224.1, 222 дугаар зүйлийн 222.4-т зааснаар  “Өсөх трейд” ХХК-аас 14,445,991 төгрөгийг нь гаргуулж, *******,******* нарт олгож, 5,544,009 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг

            “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 318 дугаар зүйлийн 318.4 -д заасныг баримтлан хариуцагч Өсөх трейд ХХК-иас  20,547,991 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******, ******* нарт, нэхэмжлэгч *******, ******* нараас 1,104,000 төгрөгийг гаргуулж хариуцагч “Өсөх трейд” ХХК-д тус тус олгож, үндсэн нэхэмжлэлийн үлдэх 8,896,009 төгрөгийн, сөрөг нэхэмжлэлийн үлдэх 14,686,210 төгрөгийн шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,     

              тогтоох хэсгийн 2 дахь “Нэхэмжлэгч *******, ******* нараас 1,104,000 төгрөгийг гаргуулж, хариуцагч  “Өсөх трейд” ХХК-д олгож, 8,016,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн заалтыг  хасаж,  

             тогтоох хэсгийн 3 дахь заалтыг 2 дахь заалт болгон  “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар ...” гэснийг

 “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар ...” гэж   өөрчилж,

            тогтоох хэсгийн  4 дэх заалтыг 3 гэж, 5 дахь заалтыг 4 гэж, 6 дахь заалтыг 5 гэж тус тус дугаарлаж , энэхүү  заалтуудыг  хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр  зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч *******ээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 201,886 төгрөгийг  шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

   3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4.  Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

                           

        

 

                            ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                   Х.БАЙГАЛМАА

                                                    ШҮҮГЧИД                                   Г.ДАВААРЕНЧИН

                                                           Д.БУЯНЖАРГАЛ