Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 2026/ДШМ/211

 

 

 

 

 

 

  2026             02             13                                        2026/ДШМ/211

 

С.Э, Ц.Т нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Лхагваа,

шүүгдэгч С.Э, түүний өмгөөлөгч Э.Баярбаатар,

шүүгдэгч Ц.Т, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт,

нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2025/ШЦТ/2765 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Т, түүний өмгөөлөгч Б.Б, шүүгдэгч С.Э-ийн өмгөөлөгч Э.Б нарын тус тус гаргасан давж заалдах гомдлуудаар С.Э, Ц.Т нарт холбогдох эрүүгийн ...... дүгээр хэргийг 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч С.Э нь 2025 оны 7 дугаар сарын 18-ны өдөр “өвс” гэх хэрэглээний нэршилтэй, делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг сэтгэцэд нөлөөт бодисыг ..... аймгийн нутаг дэвсгэрээс түүж, хууль бусаар бэлтгэсэн, улмаар Ц.Т-тэй бүлэглэж, 2025 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө ..... дүүргийн .... дугаар хороо, .... дүгээр байрны ... тоотод гялгар уут бүхий улаан өнгийн хагарсан шилний хамт 329.7 грамм жинтэй, “өвс” гэх нэршилтэй делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг өөрсдийн хууль бус хэрэгцээнд ашиглахаар буюу худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

шүүгдэгч Ц.Т нь С.Э-тай бүлэглэж 2025 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө ..... дүүргийн .... дугаар хороо, .... дүгээр байрны .... тоотод гялгар уут бүхий улаан өнгийн хагарсан шилний хамт, 329.7 грамм жинтэй, “өвс” гэх нэршилтэй делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, Нэгдсэн Үндэстний байгууллагын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас С.Э-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Ц.Т-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч С.Э-г “хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн” гэмт хэрэгт, шүүгдэгч С.Э, Ц.Т нарыг бүлэглэж “хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцож, шүүгдэгч С.Э-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ц.Т-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч С.Э, Ц.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээтэй давхардуулан Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, цагдан хорьж эдлэх ялыг 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн тоолж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол С.Э, Ц.Т нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 3 дахь хэсэгт тус тус зааснаар Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхгийг Монгол банкинд шилжүүлж, таггүй өнгөгүй хуванцар сав 1 ширхэг, хар өнгийн тагтай, улаан өнгийн цаасан шошготой дотроо шингэн зүйлийн агууламжтай хуванцар сав 1 ширхэг, тугалган цаас, шаазан аяга, цагаан өнгийн зиплок уут бүхий ногоон өнгийн ургамал мэт зүйл 22 грамм, улаан өнгийн хагарсан шил мэт зүйлтэй, ногоон өнгийн ургамал мэт 329.7 грамм зүйлийг устгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, шилжүүлсэн эд мөрийн баримтын жагсаалт болон хэрхэн устгагдсан баримтыг хэрэгт хавсаргахыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст даалгаж, шүүгдэгч С.Э, Ц.Т нар бусдад төлөх төлбөргүй, баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, нэгтгэсэн болон тусгаарлагдсан хэрэг үгүй, тэдгээрийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.Т давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Миний бие анх удаагаа гэмт хэрэгт холбогдож, түүнээс хойш хийсэн үйлдэлдээ гэмшиж дахин ийм үйлдэл гаргаагүй. Миний хийсэн үйлдэл нийгэмд хор уршиг учруулдаг гэдгийг хоригдож, засан хүмүүжих хугацаандаа ухаарч, ойлгосон. Би дахин ийм үйлдэл хийхгүй, миний амьдрал, ажил мэргэжлийг харгалзан үзэж, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ц.Тийн өмгөөлөгч Б.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Энэ гэмт хэргийг үйлдсэн хүн болгонд хорих ял оногдуулах хууль зүйн үндэслэл төдийлөн байхгүй. Ялын бодлогыг чангатгана гэдэг нь хүн болгонд хорих ял оногдуулна гэсэн үг биш, ялыг ялгамжтай, тохиромжтой оногдуулах хууль зүйн үзэл санаа байдаг гэдгийг хэлэх нь зүйтэй байна. Үйлчлүүлэгчдээ хууль зүйн зөвлөгөө өгч байхад миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаагаа удаа дараа илэрхийлж байсан. Хавтаст хэрэгт шүүгдэгч Ц.Т-ийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд хангалттай авагдсан. Миний үйлчлүүлэгч урьд гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй. Шүүгдэгч Ц.Т гэмт хэрэгт холбогдох болсон шалтгаан, нөхцөлөө тайлбарлахдаа “сошиалаас мэдээлэл авч, сонирхон хэрэглэсэн” гэж хэлсэн. Мөн урьд энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж, мансууруулах бодис худалдаалах зорилгоор түүж, бэлтгэн, жижиглэсэн нөхцөл байдал тогтоогддоггүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хууль ёсны зарчим, нийгэмд аюултай гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай этгээдэд оногдуулах эрүүгийн хариуцлага, ял нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон байхыг хуулиар шаарддаг. Миний үйлчлүүлэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж ойлгосон, түүний хувийн байдал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо тууштай байр суурьтай байсныг харгалзан үзэж, түүнд оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч С.Э-ийн өмгөөлөгч Э.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…С.Э-ийн тухайд гэмт хэрэг үйлдэх үедээ 18 нас 2 сартай байсан. Мөн мэргэжлийн хуульч, өмгөөлөгч нараас хууль зүйн зөвлөгөө, туслалцаа аваагүйн улмаас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргаж өгөөгүй хэдий ч анхнаасаа гэмт хэрэг үйлдсэн талаар эс маргаж хэргийн үйл баримт бодит байдлыг үнэн зөвөөр мэдүүлсэн. Тэрээр насны хувьд амьдралын гараагаа дөнгөж эхлүүлэхээр амьдралд хөл тавьж эхэлж буй улс эрх орны ирээдүй болсон залуу хүнийх нь хувьд түүнд хорих ялыг зайлшгүй оногдуулах шаардлага зүй ёсоор тавигдах хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байна. Тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад саад учруулсан таслан сэргийлэх арга хэмжээг аливаа хэлбэрээр зөрчсөн зүйлгүй ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэдгийг анхан шатны шүүх зөв дүгнэсэн. С.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргаагүй зэрэг бусад нөхцөл байдлыг харгалзан” оногдуулсан ялыг хөнгөрүүлэх буюу хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх зэрэг байдлаар шийдвэрлэх хууль зүйн боломжтой гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Энэ гэмт хэрэг нийгэмд аюултай гэдгийг ойлгож, ухамсарлаж байгаа. Шүүгдэгч С.Э нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэх үедээ 18 нас хүрч байсан. Анх шүүгдэгч С.Э-тай уулзаж, гэм буруугийн тал дээр маргах эсэх талаар ярихад маргахаас татгалзаж байсан. Шүүгдэгч С.Э анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж байгаагүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад үзлэг, нэгжлэгтэй холбоотой зөрчлийн шинжтэй асуудал байж болзошгүй, үүн дээр маргахгүй, би гэмт хэрэг үйлдсэн, энэ бол туйлын буруу зүйл гэдгийг ойлгож, ухамсарлаж байна” гэж хэлдэг. Шүүгдэгч С.Э-ийн хувийн байдлын тухайд бага насандаа эцгээ алдаж, өнчирсөн, ээж, дүү нарын хамт амьдардаг зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж түүнд хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч С.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Амьдралд хөл тавиад удаагүй байж хайхрамжгүй, тэнэг үйлдэл гаргасандаа харамсаж байна. Хайртай гэр бүл, намайг өсгөсөн ээж, аав, эмээ, өвөө, 3 дүүдээ сайн хүү, сайн ах байж чадаагүйдээ харамсаж байна. Би өмнө нь хорих гэж ийм хэцүү газар байдгийг, хайхрамжгүй хийсэн үйлдлээсээ болж эрх чөлөөгөө хасуулж, 4 хананы дунд хоригдон, сэтгэл санаагаараа өөрийгөө хохироож, өөрийн амьдралд том хар толбо үлдээж, хайртай хүмүүсийнхээ итгэлийг эвдэж, сурч боловсрох насандаа өөрийн ирээдүйгээ сүйтгэсэндээ харамсаж байна. Та бүхэн надад нэг удаа боломж олгож, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

Прокурор тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх шүүгдэгч С.Э-д 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ц.Т-т 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, шүүгдэгч нарын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Шүүгдэгч тал эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, өөрөөр хэлбэл, хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар солиулах агуулгаар давж заалдах гомдол гаргасан. Монгол Улс залуучуудын эх орон гэж хэлэгдэж байгаа орон юм. Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын хор аюул нь үндэсний аюулгүй байдалд нөлөөлдөг, ургийн гажигтай болгодог. Нийгэмд аюулын шинж чанар өндөртэй гэдэг агуулгаар шүүгдэгч нарт хорих ял оногдуулах санал гаргасныг анхан шатны шүүх хүлээн авч, шүүгдэгч нарт хуульд заасан хамгийн бага хэмжээгээр хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх С.Э, Ц.Т нарт холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг шүүгдэгч Ц.Т, түүний өмгөөлөгч Б.Б, шүүгдэгч С.Э-ийн өмгөөлөгч Э.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч С.Э нь 2025 оны 7 дугаар сарын 18-ны өдөр “өвс” гэх хэрэглээний нэршилтэй, делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг сэтгэцэд нөлөөт бодисыг ..... аймгийн нутаг дэвсгэрээс түүж, улмаар Ц.Т-тэй бүлэглэж, 2025 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө .... дүүргийн ... дугаар хороо, ... тоотод гялгар уут бүхий улаан өнгийн хагарсан шилний хамт 329.7 грамм жинтэй, “өвс” гэх нэршилтэй делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалж, бэлтгэсэн гэмт хэрэг,

шүүгдэгч Ц.Т нь С.Э-тай бүлэглэж 2025 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө ..... дүүргийн .... дугаар хороо, .... тоотод гялгар уут бүхий улаан өнгийн хагарсан шилний хамт, 329.7 грамм жинтэй, “өвс” гэх нэршилтэй делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, Нэгдсэн Үндэстний байгууллагын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалж, бэлтгэсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

гэрч А.Т-ийн “...2025 оны 7 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнийн 2 цаг болж байх орчимд гэрт эвгүй үнэр цонхоор орж ирээд үнэртээд байсан тул нөхөр бид хоёр сэрчихсэн. Цонх хаах гэхээр бүгчимдээд унтаж чадахгүй байсан. Тухайн хурц үнэр 2 хоногийн өмнө мөн адил гэрт үнэртэж байсан. Тэр өдрөө шөнийн 1 цагийн үед гэрээсээ гарч байр тойроод 2 тоот айлын цонхны доор ирэхэд манай гэрт үнэртээд байсан хурц үнэр үнэртсэн. Би хаалгыг нь тогшиход 30 орчим насны эрэгтэй хүн хаалга онгойлгосон, манай гэрт үнэртэж байсан үнэр гэрээс чинь үнэртээд байна, юун үнэр вэ гэж асуухад ахуйн хортон шавьжийн бясааны хор цацсан юм гэж хэлэхээр нь ийм үнэртэй байж болж байгаа юм уу гэж асуучихаад гэр рүүгээ орсон. ... Тэгээд 2025 оны 7 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө 2 хоногийн өмнө үнэртсэн үнэр дахин үнэртэхээр нь тухайн залууд хэлээд нэмэргүй юм байна гэж бодоод цагдаад дуудлага өгсөн. ...” /1хх 60-61, 77/,

гэрч Ц.О-ын “… Би том өрөөнд нь утсаа үзээд сууж байхад Ц.Т нөгөө дүүтэйгээ хамт гал тогооны өрөөнд нэг зүйл хийгээд байсан, би юу хийгээд байгаа юм бол гэж бодоод гал тогооны өрөө рүү орох үед “өвс” гэх зүйлийг ундааны сав ашиглаад сорж байсан. Тэр үед нэг тийм хурц юм шиг эвгүй үнэр үнэртээд байсан. Би тэр хоёроос юу юм бэ гэж асуух үед Ц.Т надад “өвс” байгаа юм гэж хэлж байсан. Ц.Т надад өвс хэрэглэдэг талаараа хэлж байсан болохоор би тэр үед нэг их юм бодоогүй юм. Би өрөөнд буцаж ороод утсаа үзээд сууж байхад гаднаас хаалга тогшоод цагдаа нар орж ирсэн. ...” /1хх 64-66, 74-75/,

шинжээч Р.Н-ийн “...Шинжилгээнд “7” гэсэн хаягтай гялгар ууттай улаан өнгийн хагарсан шил мэт зүйлтэй ногоон өнгийн ургамал мэт зүйл ирсэн. Механик бохирдол буюу улаан өнгийн хагарсан шил мэт зүйлээс ногоон өнгийн ургамал мэт зүйлийг ялгаж авах боломжгүй учраас цэвэр жинг нарийвчлан тогтоох боломжгүй байна. ...” /1хх 80-81/,

шүүгдэгч С.Э-ийн яллагдагчаар өгсөн “...Би яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...Улаанбаатар хот руу машинтай шороон зам дагуу явж байгаад бие засах гээд машинаас буухад зам дагуу “өвс” гэх нэршилтэй мансууруулах төрлийн ургамал ургасан байсныг хараад 5-6 мөчирийг таслаад халаасандаа хийсэн. ...Ц.Т ахын найз охин гэх эмэгтэй ирээд бид 3 тэдний гэр рүү орсон. Би .... аймгаас түүсэн өвсөө гаргаж ирээд “энийг татаж үзэх үү” гэж асуухад Ц.Т ах ундааны сав гаргаж ирээд хажуу талаас нь цоолоод нүх гаргаад өвсөө тунгалан цаасан тавиад ундааны савны амсараар нь сорж татсан. ...” /1хх 175/,

 шүүгдэгч Ц.Т-ийн яллагдагчаар өгсөн “...Би яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...Тухайн өдөр 2025 оны 7 дугаар сарын 19-ний өдөр орой би гэртээ тухайн үед үерхаж байсан Ц.О-тай хамт .... дүүргийн ... дугаар хороо, .... тоотод гэртээ байж байхад орой 20-21 цагийн хооронд С.Э фэйсбүүк чатаар холбогдоод надаас нэг гутал авна гэсэн. Тэгээд 22-23 цагийн хооронд ирсэн. Тэр үед нь би байрныхаа гадаа хүлээгээд ганцаараа пиво уугаад сууж байсан. Тэгээд С.Э ирээд хамт манай гэрт орсон. Тэр үед гэрт Ц.О байсан. Тэгээд манай гэрт ороод сууж байхдаа С.Э хөдөөнөөс “өвс” буюу каннабис зулгааж ирсэн “хамт хэрэглэх үү” гэсэн. Тэгээд тухайн үед өвс нь нойтон байсан. Тэгээд С.Э бид хоёр хэрэглэсэн. Ц.О нөгөө өрөөнд байсан. Уурлаад юу хийгээд юу хэрэглээд байгаа юм гээд байсан. Гэхдээ өрөөнд бол орж ирээгүй байсан. Үнэр нь муухай үнэртээд байсан. Тэгээд байж байхад цагдаа нар орж ирсэн. ... Харин үүдэнд хогийн саван дотор байгаа ууттай өвс нь С.Э-ийн авчирсан өвсний иш нь, дээд талыг нь бид хоёр хуурч байгаад хэрэглэсэн байсан. ...” /1хх 184-185/ тус тус мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн ЕГ0325/5007 дугаартай “…Шинжилгээнд ирүүлсэн “Т 2025.07.19” гэж хаягласан хуванцар савтай шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “Т 2025.07.19” гэж хаягласан шээсний дээжээс (tetrahydrocannabinol) илэрч байна. ...” /1хх 89-92/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн ЕГ0325/5008 дугаартай “…Шинжилгээнд ирүүлсэн биологийн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “Т” гэж хаягласан цуснаас тетрагидроканнабинол (tetrahydrocannabinol) илэрсэн. ...” /1хх 94-97/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн ЕГ0325/5005 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн биологийн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “Э” гэж хаягласан цуснаас тетрагидроканнабинол (tetrahydrocannabinol) илэрсэн. ...” /1хх 100-103/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн ЕГ0325/5079 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн эд мөрийн баримт нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн таггүй өнгөгүй хуванцар сав, хар өнгийн тагтай, улаан өнгийн цаасан шошготой, дотроо шингэн зүйлийн агууламжтай өнгөгүй хуванцар сав, Монгол Улсын ........... серийн дугаартай 50 төгрөгийн мөнгөн дэвсгэртээс Делта 9 тетрагидроканнабинол (Delta-9-Tetrahydrocannabinol) илэрсэн. Делта 9 тетрагидроканнабинол (Delta-9-Tetrahydrocannabinol) нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтана. ...” /1хх 107-111/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн ЕГ0325/5077 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “7” гэсэн хаягтай гялгар ууттай улаан өнгийн хагарсан шил мэт зүйлтэй ногоон өнгийн ургамал мэт зүйлээс делта 9 тетрагидроканнабинол (delta 9 tetrahydrocannabinol) илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг болно. “6” гэсэн хаягтай аяган доторх ногоон өнгийн ургамал мэт зүйл, “8” гэсэн хаягтай 1 гэж дугаарласан гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйл, 2 гэж дугаарласан гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйл зэргээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын агууламж илрээгүй. “6” гэсэн хаягтай аяган доторх ногоон өнгийн ургамал мэт зүйлийн аягатай үеийн жин 285,3 г, цэвэр жин 4,7 г, “7” гэсэн хаягтай гялгар ууттай улаан өнгийн хагарсан шил мэт зүйлтэй ногоон өнгийн ургамал мэт зүйлийн шилтэй үеийн жин 329,7 г, “8” гэсэн хаягтай 1 гэж дугаарласан гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай үеийн жин 9,9 г, цэвэр жин 5,9 г, 2 гэж дугаарласан гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай үеийн жин 13,1 г, цэвэр жин 11,4 г байна. ...” /1хх 114-121/ тус тус дүгнэлтүүд,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 10-17/, шүүгдэгч Ц.Т-ийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, түүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 18-26/, шүүгдэгч С.Э-ийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, түүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 27-35/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж тогтоосон, тухайн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийх боломжтой байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шалгаж үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч С.Э-г “өвс” гэх нэршилтэй хориглосон, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, хадгалсан гэм буруутайд, Ц.Т-ийг “өвс” гэх нэршилтэй хориглосон, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч С.Э-ийн “өвс” гэх хэрэглээний нэршилтэй, делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг сэтгэцэд нөлөөт бодисыг ...... аймгийн нутаг дэвсгэрээс түүж, улмаар С.Э, Ц.Т нар бүлэглэж хэрэглэсэн, хэрэглэж байсан орон байранд нь хийсэн үзлэгээр улаан өнгийн хагарсан шилний хамт, 329.7 грамм жинтэй, “өвс” гэх нэршилтэй делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай бодис байсныг үндэслэн тэднийг үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Харин шүүх, шүүгдэгч С.Э-г “өвс” гэх нэршилтэй хориглосон, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар “түүж бэлтгэсэн” гэснийг “олж авсан” гэж гэмт хэргийн шинжийг буруу дүгнэснийг зөвтгөн өөрчлөлт оруулав.

Гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь тухайн гэмт хэргийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, үр дагавартай шууд холбоотой. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцохоор хуульчилсан.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нь донтуулах болон сэтгэцэд хүчтэй нөлөөлөл үзүүлж, өөрийгөө удирдан жолоодох чадварыг алдагдуулж, сэтгэцийн өвчлөл үүсгэдэг аюултай нөлөөлөл бүхий бодис юм.

Тухайн гэмт хэрэг нь олон нийтийн аюулгүй байдалд ноцтой хохирол учруулж болохуйц, нийгмийн хор аюул ихтэй тул энэ төрлийн бодисын хор хөнөөлөөс хүн амын эрүүл мэнд, удмын санг хамгаалах, түүнээс урьдчилан сэргийлж, энэхүү бодисын хууль бус эргэлттэй тэмцэх, таслан зогсоох зорилгоор мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, хадгалах, бусдад өгсөн, мөн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг хууль бусаар тариалсан, ургуулсан үйлдлийг Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцсон.

Шүүгдэгч Ц.Т болон түүний өмгөөлөгч Б.Б, шүүгдэгч С.Э-ийн өмгөөлөгч Э.Б нар “...гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй ба харин хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэх агуулгаар давж заалдах гомдлуудыг гаргажээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрхэд хамаарна.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаардана.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж хуульчилжээ.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон ялын зөв, зохистой төрөл хэмжээг сонгон оногдуулах, түүний үндэслэлийг шийдвэртээ тодорхой тусгах нь хуулийг тайлбарлан хэрэглэх үйл ажиллагааны салшгүй чухал хэсэг мөн.

Үүний нэгэн адил шүүхээс шүүгдэгчид оногдуулсан ялд дүгнэлт хийхдээ үндэслэлийг няцааж буй шалтгаан, хууль хэрэглээний алдааг тодорхой тайлбарлах шаардлагатай. 

Ингэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлууд шинээр тогтоогдсон, анхан шатны шүүх харгалзаж үзээгүй нөхцөл байдал илэрсэн, давж заалдах шатны шүүх хурлаас өмнө хохирлыг бүрэн барагдуулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдал зэргийг харгалзан хуульд нийцүүлэхүйц замаар шударга ёсны зарчмыг хангадаг.

Хэрэгт авагдсан 329.7 грамм жинтэй, “өвс” гэх сэтгэцэд нөлөөт бодисыг талаар шинжээч Р.Н “улаан өнгийн хагарсан шил мэт зүйлээс ногоон өнгийн ургамал мэт зүйлийг ялгаж авах боломжгүй учраас цэвэр жинг нарийвчлан тогтоох боломжгүй байна” /1хх 80-81/ гэж мэдүүлсэн байх бөгөөд Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн ЕГ0325/5077 дугаартай “... “7” гэсэн хаягтай гялгар ууттай улаан өнгийн хагарсан шил мэт зүйлтэй ногоон өнгийн ургамал мэт зүйлийн шилтэй үеийн жин 329,7 г байна. ...” /1хх 114-121/ гэсэн дүгнэлт зэргээс үзэхэд, тухайн сэтгэцэд нөлөөт бодисын нийт хэмжээнд хагарсан шил мэт зүйлийн жин орсон болох нь тогтоогдож байна.

Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч С.Э, Ц.Т нарын анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргаагүй, мансууруулах бодисын агууламжтай ургамал нь өвс, түүний хэмжээ бага зэрэг нөхцөл байдлыг харгалзан анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Э-д 1 жил 1 сар, шүүгдэгч Ц.Т-т 1 жилийн хугацаагаар тус тус оногдуулсан хорих ялуудыг зорчих эрхийг хязгаарлах ял болгон өөрчилж, тэдний оршин суух газрын харьяалах Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох хязгаарлалт тогтоож, энэ талаар гаргасан шүүгдэгч болон тэдний өмгөөлөгч нарын гомдлыг хүлээн авч шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э-ийн цагдан хоригдсон 64 хоногийг түүнд оногдуулсан 1 жил 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаас хасаж, биечлэн эдлэх ялыг 10 сар 26 хоногийн хугацаагаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т-ийн цагдан хоригдсон 64 хоногийг түүнд оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаас хасаж, биечлэн эдлэх ялыг 9 сар 26 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон солихыг сануулав.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих нэмэлт, өөрчлөлтүүдийг оруулж, шүүгдэгч Ц.Т болон түүний өмгөөлөгч Б.Б, шүүгдэгч С.Э-ийн өмгөөлөгч Э.Б нарын хорихоос өөр төрлийн ял оногдуулах талаар гаргасан гомдлыг хүлээн авч, шүүгдэгч Ц.Т, С.Э нарыг нэн даруй суллахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2025/ШЦТ/2765 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

            1 дэх хэсгийн “...С.Э-г “хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн” гэмт хэрэгт...” гэсэн хэсгийг “...С.Э-г хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан гэмт хэрэгт...” гэж,

            2 дахь заалтын “...Шүүгдэгч С.Э-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял,

            “...Шүүгдэгч Ц.Т-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. ...” гэснийг “...Шүүгдэгч С.Э-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, түүнийг өөрийн оршин суух газрын харьяалах Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох хязгаарлалт,

            “...Шүүгдэгч Ц.Т-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, түүнийг өөрийн оршин суух газрын харьяалах Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох хязгаарлалт тус тус тогтоосугай...” гэж тус тус өөрчилсүгэй.

            2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э-ийн цагдан хоригдсон 64 хоногийг түүнд оногдуулсан 1 жил 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаас хасаж, биечлэн эдлэх ялыг 10 сар 26 хоногийн хугацаагаар,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т-ийн цагдан хоригдсон 64 хоногийг түүнд оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаас хасаж, биечлэн эдлэх ялыг 9 сар 26 хоногийн хугацаагаар тогтоосугай...” гэсэн,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т, С.Э нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон солихыг тус тус мэдэгдсүгэй...” гэсэн тус тус нэмэлт заалт оруулсугай.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

4. Шүүгдэгч Ц.Т, С.Э нарыг нэн даруй сулласугай.

5. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                        ДАРГАЛАГЧ,

                        ШҮҮГЧ                                                Г.МӨНХТУЛГА

                        ШҮҮГЧ                                                Д.МӨНХӨӨ

                        ШҮҮГЧ                                                Т.ӨСӨХБАЯР