Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 320/ШШ2026/00597

 

 

 

 

 

2026 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 320/ШШ2026/00597

Хөвсгөл аймаг

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба би

Нэхэмжлэгч:  Л.С

Хариуцагч:  Б.Б

Нэхэмжлэлийн шаардлага: Зээл 10,000,000 (арван сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг, 2026 оны 2 дугаар сарын 06-ны хүлээн авч, 320/2026/00426 дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Нэхэмжлэгч Л.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 10,000,000 төгрөгийг аман гэрээ байгуулж, Б.Б ад зээлдүүлсэн. Өөрөө надаас анх мөнгө зээлээч гэж хэлэхдээ хүүтэй зээл гэж хэлсэн боловч өдий болтол үндсэн төлөлт болон хүүгийн төлбөрт нэг ч төгрөг төлөөгүй. Энэ хугацаанд би тус иргэнээс байнга зээлийн төлөхийг шаардахад өгнө гэдэг боловч өдийг хүртэл надад нэг ч төгрөг өгөөгүй.

Иймд Б.Б аас миний зээлдүүлсэн мөнгө болох 10,000,000 төгрөгийг гагуулж өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 1-5 дахь тал)

1.1. Нэхэмжлэгч Л.С шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжпэгч Л.С би хариуцагч Б.Б тай эвлэрч, нэхэмжлэлийн шаардлагаас 5,000,000 төгрөгийг гаргуулахаас татгалзаж, 5,000,000 төгрөг авахаар эвлэрсэн. Хариуцагч Б.Б 5,000,000 төгрөгийг 2026 оны 4 дүгээр сараас 2027 оны 2 дугаар сард 400,000 төгрөгийг сар бүр, 2027 оны 3 дугаар сард 600,000 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэснийг зөвшөөрч байна гэжээ. (хавтаст хэргийн 44 дэхь тал)

2.  Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Л.С ээс миний биед холбогдуулан 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Уг нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие 2023 оны 05 сарын 16-нд С ээс 10,000,000 төгрөгийг авч, өөрийн 60,000,000 төгрөгийг нэмээд 70,000,000 төгрөгийг өөрийн дотны хүндээ туслах зорилгоор зээлээд одоог хүртэл авч чадаагүй байгаа. Үүнийг нотлох нотариатаар батлуулсан баримт бий, би өөрөө хохирсон боловч хүнээс зээлсэн хариуцлагаа ухамсарлан, 2023 оны 05 сарын 21-ний өдрөөс эхлэн нийт 39 удаагийн гүйлгээгээр өөрийн Худалдаа хөгжлийн банкны *** тоот данснаас С ийн *** /хаан/ тоот данс руу 9,316,000 төгрөгийг С-д-Б аас гэсэн утгатайгаар шилжүүлж өрийг төлсөн. Үүнийг батлах нотолгоо болох Худалдаа хөгжлийн банкны тамга гарын үсэг бүхий 45 хуудас баримтыг хавсаргав. Мөн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар бидний хооронд хүү төлөх бичгээр үйлдсэн гэрээ байхгүй тул хүү болон нэмэлт төлбөр төлөх хууль зүйн үндэслэлгүй.

Иймд нэхэмжлэлийг шаардлагаас миний төлсөн 9,316,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Үлдсэн 684,000 төгрөг дээр эвлэрлийн гэрээ байгуулах хүсэлтэй байна гэжээ. (хавтаст хэргийн 17 дахь тал)

2.2. Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Би Л.С тэй эвлэрч, нэхэмжлэлийн шаардлагаас 5,000,000 төгрөгийг төлөхөөр болсон. 5,000,000 төгрөгийг 2026 оны 4 дүгээр сараас 2027 оны 2 дугаар сард 400,000 төгрөгийг сар бүр, 2027 оны 3 дугаар сард 600,000 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэжээ. (хавтаст хэргийн 45 дахь тал)

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.С нь хариуцагч Б.Б ад холбогдуулан зээл 10,000,000 (арван сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч хоорондоо эвлэрч, нэхэмжлэгч Л.С нэхэмжлэлийн шаардлагаас 5,000,000 төгрөг гаргуулахаас татгалзан, хариуцагч Б.Б 5,000,000 төгрөгийг 2026 оны 4 дүгээр сараас 2027 оны 2 дугаар сард тус бүр 400,000 төгрөгийг, 2027 оны 3 дугаар сард 600,000 төгрөгөөр хуваан төлж барагдуулахаар тохиролцсон тайлбарыг шүүхэд ирүүлсэн. Энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй болно.

Нэхэмжлэгч Л.С ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 174,950 төгрөгөөс 87,475 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Б аас 5,000,000 төгрөгийн дүнд төлөх улсын тэмдэгтийн хураамж 94,950 төгрөгийн тал хувь болох 47,475 төгрөгийг гаргуулан, тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Л.С ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Б ад холбогдох зээл 10,000,000 (арван сая) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч 5,000,000 (таван сая) төгрөг гаргуулахаас татгалзан, хариуцагч Б.Б 5,000,000 (таван сая) төгрөгийг 2026 оны 4 дүгээр сараас 2027 оны 2 дугаар сард тус бүр 400,000 төгрөгөөр, 2027 оны 3 дугаар сард 600,000 төгрөгөөр хуваан төлж барагдуулахаар нэхэмжлэгч Л.С тэй тохиролцон, эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,950 төгрөгөөс 87,475 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Б аас улсын тэмдэгтийн хураамж 47,475 төгрөг гаргуулан, тус тус нэхэмжлэгч Л.С д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА