Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 213/МА2022/00009

 

 Б.*******ын нэхэмжлэлтэй

******* ******* ******* ХХК-д холбогдох иргэний хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Л.Нямдорж, Т.Даваасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 131/ШШ2021/00814 дүгээр

шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.*******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч ******* ******* ******* ХХК-д холбогдох

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Сүхбаатарын гудамж Бодьцамхаг, Бодь Интернэшнл ХХК-ийн байранд байрлах, 207577 регистрийн дугаартай Голомт банк ХХК,

 Өлзийт паласе, 6 давхар худалдаа үйлчилгээний төвийн 1 дүгээр давхрын 104 тоотод байрлах 30 м.кв талбайд ногдох үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан хэсгээр Голомт банк ХХК-д зээлийн гэрээний үүргээ биелүүлж, тус хэсгээр банкны барьцаанаас чөлөөлүүлэх, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг Б.*******ын нэр дээр гаргуулж өгөхийг ******* ******* ******* ХХК-д даалгах шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагч байгууллагын гаргасан давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн хэргийг 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхзаяа, хариуцагч байгууллагын төлөөлөгч О.Батбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Р.Цогдэлгэр нар оролцов.

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Бямба овогтой ******* нь ******* ******* ******* ХХК-аас Баянхонгор сумын Номгон 1-р баг Мэргэн-2 хүнсний дэлгүүрийн залгаа урд буюу аймгийн хуучин авто вокзалын баруун талд ХҮ-4 тоотод баригдаж байгаа 6 давхар худалдаа үйлчилгээний төвийн 1-р давхарт 104 тоотод 30 м.кв талбайтай 1 өрөө байрыг худалдах, худалдан авах гэрээ байгуулан худалдаж авсан. Тус барилга нь 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ашиглалтад орсон. Тухайн байрны төлбөр болох 36000000 /гучин зургаан сая/ төгрөгийг 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр төлж дуусган гэрээ байгуулсан болно.

Уг гэрээний 4.7 дахь заалт /тус барилгыг барьж дуусаж ашиглалтад оруулахад бэлэн болсноос хойш 30 хоногийн дотор гүйцэтгэгч захиалагчийн өмчлөлд дээрх дурдсан байрыг холбогдох баримт бичгийн хамт шилжүүлэн өгөх бөгөөд албан ёсоор захиалагч талын өмч болоход дэмжлэг үзүүлнэ/ гэж заасан байх боловч тус компани нь дээр дурдсан гэрээний заалтыг биелүүлээгүй өдийг хүртэл үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөөгүй болно.

 Ашиглалтад орсон хугацаанаас хойш удаа дараа олон удаа үл хөдлөх хөрөнгийг гэрчилгээгээ гаргуулж авахаар хандсан боловч тухайн барилга Голомт банкны зээлийн барьцаанд байгаа гэсэн шалтгаан хэлж гэрчилгээ гаргаж өгөлгүй өдийг хүрч байгаа боловч манайх зээлийн барьцаанд байгаа болбол болохгүй байгаа юм байх гэж хойшлуулж хүлээсээр байсан. Гэтэл 2020 онд барилгын 1 давхарт байрлах манайхаас бусад обьектуудын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгсөн байснаас харахад манай гэрчилгээг л гаргаж өгөхгүй байгаа нь илт харагдаж байна. Барилга ашиглалт орсноос хойш өдийг хүртэл хугацаа өнгөрч байхад үл хөдлөх хөрөнгийг гэрчилгээг гаргаж өгөхгүй хохироож байгаад иргэн миний бие гомдолтой байна.

 Иймд иргэн миний хүсэлтийг хүлээн авч ******* ******* ******* ХХК-аас үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхзаяа шүүхэд гаргасан нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагадаа:

Миний бие ******* ******* ******* ХХК-аас Баянхонгор сум Номгон 1 дүгээр баг, Мэргэн 2 хүнсний дэлгүүрийн замын урд буюу аймгийн хуучин Авто вокзалын баруун талд ХҮ-4 тоотод баригдсан 6 давхар худалдаа үйлчилгээний зориулалттай барилгын 1 давхарт 104 тоотод 30 м.кв талбайтай 1 өрөө байрыг худалдаж авсан. Тухайн байрны төлбөрийг 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 100 хувь төлж дуусгасан боловч өнөөдрийг хүртэл үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөөгүй болно.

Тус компани нь анх 2766,75 мкв талбайтай үл хөдлөхийн гэрчилгээ гаргуулж авснаас хойш 2 удаа хэмжээнд өөрчлөлт оруулж уг барилгын 1 давхарт байрлах супермаркет, бичиг хэргийн дэлгүүр, цэцгийн дэлгүүр зэрэг обьектуудын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг 2020 оны 01 дүгээр сард гаргаж өгсөн байна. Мөн 3 давхарт байрлах шүдний эмнэлгийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг энэ онд гаргаж өгсөн. Үүнээс харахад миний худалдаж авсан үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг л гаргаж өгөөгүй үлдээд байна.

Иймд: Иргэн миний худалдаж авсан 30 м.кв талбайд ногдох үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан хэсгээр зээлийн гэрээний үүргээ биелүүлэх болон тус хэсгээр Голомт банкны барьцаанаас чөлөөлүүлэх мөн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулж өгөхийг ******* ******* ******* ХХК-нд даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхзаяа анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Манайх 2018 онд ******* ******* ******* ХХК-аас үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан. 2018 оны 07 дугаар сард мөнгөө өгч дууссан. Үл хөдлөхийн гэрчилгээ хэзээ гарах бэ гэхэд 2018 оны 09 дүгээр сарын сүүлчээр 10 дугаар сарын эхээр гарчихна гэж хэлсэн. Үүнээс хойш гэрчилгээний талаар маргаантай байсаар өдий хүрч байна. 2020 оны эхээр манайд зарсан байраа худалдаж авмаар байна гэсэн. Тэгэхээр нь би 2 жил гэрчилгээ өгөөгүй байж танайд буцааж зарахгүй гэж хэлсэн. Сүүлд нь гэрчилгээ нь мөд гарах боломжгүй болсон байна. Буцаад худалдаж авъя гэхээр нь манай зүгээс метр квадратыг нь 1.500.000 бодоод худалдаж аваад мөнгийг нь бүрэн өгчих гэж ярьсан. Голомтоос зээл авах гэж байгаа тэгээд зээл гарахаар манай мөнгийг бүрэн өгнө гэж хэлсэн. Зээл нь гарангуут манайхтай уулзаагүй, утсаар яриагүй. Дараа нь утсаар залгаад дансаа явуулчих танайд 10.000.000 төгрөг өгье гэж хэлсэн. Анхнаасаа мөнгө бүтэн өгнө гэж тохирсон байж 10.000.000 төгрөг өгнө гэхээр нь би зарахгүй гэдгээ хэлсэн. Тэгээд шүүхэд хандсан. Нэхэмжлэлийн шаардлага ихэсгэсэн учир нь Голомтоос ирсэн материалаас харахад барьцаа хөрөнгө нь хангалттай учраас Голомт банкнаас гэрчилгээгээ авч болох юм шиг байсан гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч О.Батбаатар шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

  Иргэн О.Батбаатар миний бие иргэн *******аас Өлзий Палас төвийн 1-р давхарт 30 м.кв үйлчилгээний өрөөг захиалан бариулах гэрээ байгуулан ашиглалтад орсон үеэс ******* нь өөрийн эрхийн хүрээнд ашигласаар өдийг хүрсэн. Анхандаа л гэрчилгээ нь ойрын жилүүддээ гарах боломжгүй, бүхлээр нь Голомт банкинд зээлийн барьцаанд тавигдсан байгаа гэдгээ *******т хэлсэн байдаг. Тус зээлийн хугацаа нь 2025 онд дуусна. Энэ хугацаанд *******ын гэрчилгээг нь салгаад өгөөч гэж 2 удаа хүсэлт тавьж байсан боловч зээлийн дүн буураагүй нөхцөлд гэрчилгээ салгах боломжгүй гэдэг хариулт Голомт банк өгсөн.

Эцэст нь тус өрөөг манай тал буцааж худалдаж авах талаар хүсэлт тавьж иргэн ******* зөвшөөрч, миний бие мөнгийг нь өгөх шатандаа явж байна гэжээ.

... Олсон орлогоосоо байрыг буцаан худалдаж авах саналтай байна. Тухайн төлөх мөнгийг 2 жилийн дотор хэсэгчлэн төлнө. Гэрчилгээ гарахыг хүлээвэл цаг хугацаа алдах учраас метрийг квадратыг нь 1.500.000 төгрөгөөр бодоод буцааж худалдаж авмаар байна гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Мөнх-Эрдэнэ шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

 ******* Хийморь Өөдөө ХХК /РД:3124339/-н Голомт банк дахь ЗГ610519332, ЗГ6105118036 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож иргэн О.Батбаатарын өмчлөлийн Ү-0320005274 тоот улсын бүртгэлийн дугаартай, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1-р баг, Номгон Чандмань-1 гудамж 120 байр, 0 тоотод байрлалтай, худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг ЗГ610519332, ЗГ6105118036 тоот Ипотекийн гэрээ байгуулан, барьцааны эрхийг бүртгүүлсэн байна.

2021 оны 12-р сарын 09-ний өдрийн байдлаар зээлийн төлөлтөд хугацаа хэтрэлт үүсч ******* Хийморь Өөдөө ХХК нь Монгол банкны Актив ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журмын дагуу чанаргүй зээлд ангилагдаж банкны эрх ашгийг ноцтойгоор зөрчиж байгаатай холбоотой банкны зүгээс барьцаа хөрөнгө хэсэгчлэн чөлөөлөх боломжгүйг мэдэгдэж байна гэжээ.

 Манай зүгээс хоёр хүний маргаан учраас тухайн хүмүүс эвлэрээд зээл нь хугацаа хэтрэлтгүй хэвийн байвал холбогдох хороодын хурлаар хэлэлцээд шийдвэрлэж болно гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.*******ын нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хангаж, ******* ******* ******* ХХК болон Голомт банк ХХК-ийн хооронд байгуулагдсан 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 6105109332 тоот гэрээ, түүнд нэмэлт өөрчлөлт оруулсан 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 6105109332-А тоот мөн 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 6105118036 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Баянхонгор сумын 1 дүгээр багийн 120 дугаар байрны 0 тоот хаягт байрлах 2220,41 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгөөс 30 м.кв талбайд ногдох хэсгээр зээлийн гэрээний үүргээ биелүүлж, тус үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг Б.*******ын нэр дээр шилжүүлэн өгөхийг хариуцагч ******* ******* ******* ХХК-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасныг баримтлан ******* ******* ******* ХХК нь 37,500,000 төгрөгийн дүнгээр зээлийн гэрээний үүргээ нэн тэргүүнд гүйцэтгэж, ингэснээр Голомт банк ХХК нь барьцаалагдсан 2220,41 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгөөс тус барилгын 1 давхрын 104 тоотоор хаяглагдсан маргаан бүхий 30 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлж өгөх, барьцаанаас чөлөөлөгдсөн даруйд ******* ******* ******* ХХК нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг Б.*******ын нэр дээр шилжүүлэн өгөх замаар шүүхийн шийдвэрийг биелүүлж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 408150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 408150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******т олгож шийдвэрлэжээ.

 Хариуцагч ******* ******* ******* ХХК давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 131/ШШ2021/00814 дугаартай шийдвэрийг хүлээн авч, эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Өлзийт паласе төвийн 1-р давхарт байрлах 30 м,кв үйлчилгээний өрөөг захиалан бариулах гэрээ байгуулан ашиглалтанд орсон үеэс ******* нь эзэмшиж ашигласаар байгаа. Тус Өлзийт паласе төвийн барилгыг бүхэлд нь Голомт банкинд зээлийн барьцаанд тавьж, зээл гаргуулсан бөгөөд зээл төлөгдөх хугацаа 2025 онд юм. Тус зээлийн талаар *******т хэлж, үл хөдлөхийн гэрчилгээ гарах боломжгүй байгааг тайлбарласан. Сүүлийн 2 жилийн цар тахлын улмаас бизнесийн үйл ажиллагаа доголдолтой байгаагаас шалтгаалан банкны зээл төлөлт удаашралтай байгаа тул банкны зүгээс тус 30 м.кв байрыг банкны барьцаанаас чөлөөлөх боломжгүй гэдгээ хэлсэн. Манай зүгээс *******т тухайн байрыг буцааж худалдан авах талаар хүсэлт тавьж, ******* нь зөвшөөрсөн байсан.

Голомт банкны зээлийн төлөлтийн тухайд зээлийн графикийн дагуу сард /12.000.000/ төгрөгийн төлөлттэй, 37.500.000 төгрөгийг нэн тэргүүнд төлөх боломжгүй. Банкны зүгээс зээлээ төлж дууссаны дараа байрыг бүхэлд нь барьцаанаас чөлөөлөх боломжтой байдаг.

Мөн шийдвэрт улсын тэмдэгтийн хураамж 408.150 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байна. учир нь уг нэхэмжлэл нь үл хөдлөхийн гэрчилгээ гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай 70.200 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлөх байтал гэрээний үнийн дүнгээс болон эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй гэж 2 давхардуулан тэмдэгтийн хураамж төлүүлж байгаад гомдолтой байна.

Иймд Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 131/ШШ2021/00814 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Энхзаяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээнэ үү гэв.

Хариуцагчийн төлөөлөгч О.Батбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгоно уу гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу хариуцагч байгууллагын төлөөлөгч О.Батбаатарын давж заалдах журмаар бичсэн гомдлын үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянахад:

Нэхэмжлэгч Б.*******ын нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* ******* ХХК -д холбогдох Өлзийт паласе, 6 давхар худалдаа үйлчилгээний төвийн 1 дүгээр давхрын 104 тоотод байрлах 30 м.кв талбайд ногдох үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан хэсгээр Голомт банк ХХК-д зээлийн гэрээний үүргээ биелүүлж, тус хэсгээр банкны барьцаанаас чөлөөлүүлэх, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг Б.*******ын нэр дээр гаргуулж өгөхийг ******* ******* ******* ХХК-д даалгахыг хүссэн хэргийг хянан шийдвэрлэсэн Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 131/ШШ2021/00814 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч байгууллагын төлөөлөгч О.Батбаатар гомдол гаргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэхдээ хэргийн оролцогчоо зөв тодорхойлж чадаагүйгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил гаргажээ.

******* ******* өдөө ХХК-ийг үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нь О.Батбаатар, гүйцэтгэх захирал нь Бат-Эрдэнийн Гэрэлчулуун болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм зэрэг эрх зүйн баримт бичгүүдээр тогтоогдсон байна./хэргийн 13-18 дугаар тал/

Нэхэмжлэгч Б.******* нь нэхэмжлэлдээ, хариуцагчаар ******* ******* өдөө ХХК-ийг зааж, анхан шатны шүүх хариуцагч ******* ******* ******* ХХК-д холбогдуулан иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа компанийг шууд төлөөлөх болон төлөөлөх эрх олгогдсон этгээдэд нэхэмжлэлийн хувийг гардуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах байтал төлөөлөх эрх нь тодорхойгүй О.Батбаатарт нэхэмжлэлийн хувийг гардуулсан нь хэргийн оролцогчоо зөв тодорхойлоогүй гэж үзэх үндэслэл болж байна.

Энэ нь Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.3-т хувь хүн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байгаа тохиолдолд уг этгээд компанийн гүйцэтгэх захирал байна. Мөн хуулийн 83 дугаар зүйлийн 83.8-т гүйцэтгэх удирдлага нь.... компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна гэж зааснаар компанийн захирал нь компаниа шүүхэд төлөөлөх эрх бүхий этгээд бөгөөд өөрөө оролцох боломжгүй бол төлөөлөгчөө томилох эрхтэй байхад О.Батбаатарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шууд татан оролцуулсан нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн үндэслэл болж байна.

Анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гаргасан зөрчлийг давж заалдах шатны шүүх зөвтгөн шийдвэрлэх, хэргийн шийдвэрлэлт болон хариуцагчийн төлөөлөгч О.Батбаатарын гомдол зэрэгт эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, хариуцагчийн төлөөлөгч О.Батбаатарын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 131/ШШ2021/00814 дүгээр шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн төлөөлөгч О.Батбаатарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар төвлөрсөн төсвийн данснаас буцаан гаргаж, ******* ******* ******* ХХК-д олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасныг баримтлан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч талууд давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 ДАРГАЛАГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ

ШҮҮГЧИД Т.ДАВААСҮРЭН

Л.НЯМДОРЖ