Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 164

 

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн  шүүгч Р.Алтанцэцэг даргалж 

          Улсын яллагч: Ш.Наранчимэг 

Шүүгдэгч: З.Х

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнх-Өлзий нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Зн Хт холбогдох 1812001260133 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр Архангай аймгийн,, суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт,,, гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Зн Х /РД:..../   

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч З.Х нь 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө Архангай аймгийн Хотонт сумын Хотонт баг Булштын үзүүр гэх газраас иргэн П.Ө 1 тооны гүүг хулгайлж, 650 000 төгрөгийн хохирол учруулан бусдын малыг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:  

Мөрдөн байцаалтын шатанд 1812001260133 дугаартай эрүүгийн хэргээс:                            

Хохирогч П.Ө мэдүүлсэн: ...2018 оны 01 дүгээр сарын 28-ны орой манай адуу Хотонт сумын Хотонт багийн нутаг Улаан хужирт гэх газрын Булштын үзүүр нэртэй газар байсан. Маргааш нь буюу 30-ны өглөө адуун дээрээ очиход миний хүрэн зээрд зүсмийн имгүй, зөв талынхаа гуяан дээр бундан тамгатай гүү байхгүй, унага нь үлдсэн байсан. Би ойр хавиар нь хайгаад олдохгүй байхаар нь үхчихсэн юм байх гэж бодоод харьсан. Улаанбаатар хотоос өвс ачиж ирсэн 2 машинтай хүмүүс адуу ачиж байгаа гэдэг дам яриаг сонссон. Тэгээд сураглаад тухайн 2 машиныг хайгаад явж байхад Хотонт сумын Хотонт багийн нутаг А гэдэг айлын гадна буюу Сумт гэх газар нэг машин зогсож байсныг олсон юм. намайг яваад очиход танихгүй залуучууд адуу ачиж байсан. Би ачиж байсан адуун дотор нь өөрийнхөө алдсан хүрэн гүү байгаа эсэхийг харах гэтэл А гэх айлын гадаа худалдаж авч байгаа адуу нь хашаатай байсан. Манай хүрэн зээрд зүсмийн гүү Аийн гэрийнх нь гадаа шахуу байсан. Би өөрийнхөө гүүг таниад энэ гүүг хэн гэдэг хүн авчирч өгсөн талаар жолооч гэх залуугаас асуухад энэ гүү миний худалдаж авсан адуун дотор байсан үгүйг би мэдэхгүй байна. Адуу худалдаж авахдаа зураг авсан. Тэр авсан зургаа үзнэ гэж хэлээд наад гүү чинь хаанаас ирснийг мэдэхгүй гэж хэлсэн. Би Хотонт сумын төвд ирээд цагдаа дагуулаад очиход тухайн жолооч Х гэх хүн өгсөн гэж хэлсэн. Алдсан гүүгээ нэг сая төгрөгөөр үнэлж байна. Би гүүгээ алдаад машинтай хайж 200 000 төгрөг зарцуулсан. Мөн миний гүүг 2 өдөр хашаад өёөдүүлээд хаячихсан. Тэрнээсээ болоод унага хаясан. Тэжээлдээ орчихсон байгаа. Би гүүгээ олж авснаас хойш өнөөдрийг хүртэл тэжээж байна. Гомдолтой байна...гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 хуу/ 

 

Хохирогч П.Ө дахин мэдүүлсэн: ... 2018 оны 01 сарын 28-29-нд шилжих шөнө Архангай аймгийн Хотонт сумын Хотонт багийн нутаг Булштын үзүүр гэх газраас өөрийн адуун сүргээсээ бундан тамгатай өнжмөл дэлтэй хүрэн зүсмийн гүүгээ хулгайд алдсан. Манай гүү унагатай байсан ба унагыг адуунд үлдээгээд гүүг нь тасдаж туугаад хулгайлж авч явсан байсан. Би хулгайд алдсан гүүгээ З.Хаас буцааж авсан боловч нэг их удалгүй 10 гаран хоногт тэжээгдэж байгаад үхчихсэн. Би гомдолтой байна. З.Х манай гүүг адуунаас тасдаж туун хулгайлж авч явсаны улмаас манай гүү хээл хаяж үхсэн учир З.Хаас нэг тооны гүү нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 хуу/

 

             Гэрч О.О мэдүүлсэн: ...З.Х намайг гэртээ байхад ганцаараа орж ирээд зарсан гүүгээ сольж авмаар байна гэж хэлчихээд гэрээс гараад явсан. Манай дээд талын байранд хашаатай байсан адуунаас нэг тооны адуу гаргаад туучихсан. Би нөхрөө хониноос ирэхээр нь энэ талаар хэлсэн. Орой нь манайд Ө гуай орж ирээд сууж байгаад гарсан. Дараа нь нөхөр А надад Ө ахын гүүг энд зарчихсан байна. З.Х зарсан юм шиг байна гэж хэлсэн. Ө ах гүүгээ хүний машин гуйж ачаад аваад явсан. Тэр үед гэрийн гадаа гүү хулгайлсан байна гэж яриад байсан. Манай гэрийн гадаа адуу авч байсан залуучууд юм яриад байсан. Дараа нь нэг гүү үхчихлээ гээд хаячихаад яваад өгсөн...гэх мэдүүлэг /21-22 хуу/

 

            Гэрч Д.Аийн мэдүүлсэн: ...2018 оны 01 сарын сүүлээр манай нутагт Улаанбаатар хотоос адуу авахаар урт том ачааны машин Өндөр-Улаан сумын гаралтай танихгүй залуучууд ирсэн.  Манай гадаа машинаа тавьчихаад нутгийн иргэдээс адуу худалдаж авсан. Тэр залуучууд ирэхдээ өвс ачиж ирээд хойшоо Хынд очиж өвсөө өгөөд тэр хавиас нь адуу худалдаж аваад ирсэн. Орой ирээд худалдаж авсан адуугаа буулгаж хойд талын байранд хашсан. Би маргааш өглөө нь хонинд явсан. Намайг хониноос үдээс хойш гэртээ ирсэн чинь Х ирсэн. Хашаатай адуунаас дэлтэй хүрэн зүсмийн байдсан гүүг гаргаж хөөгөөд урд зүг рүү хөөсөн. Хөөсөн гүү нь урд талд айлын адууны захад байсан. Адуу худалдаж авсан залуучууд Бургалтай гэх газар луу явсан байсан. Орой харанхуй болохоос өмнө Ө ах машинтай ирээд гэрийн баруун урд байсан дэлтэй хүрэн зүсмийн байдсан гүүг хөөгөөд манай гэрийн гадаа авчирсан. Ө ах энэ гүү яагаад танай гадаа ирчихсэн юм гэж асуусан. Намайг хонинд яваад ирэхэд Х ирээд хотоос ирсэн залуучуудын адуунаас уг гүүг гаргасан гэж манай эхнэр ярьсан гэдгийг хэлсэн. Тэр үед хотоос ирсэн залуучуудын худалдаж аваад хашсан адуунаас Х дур мэдэн нэг гүү гаргасан гэж ярьж байсан. Уг гүү нь манай урд байгаа талаар хэлсэн. Х нөгөө залуучуудтай хамт машинтай ирсэн. Ө ах Хтай хэрүүл хийгээд байсан. Би очоогүй. Х ямар зүсмийн адуу зарсан талаар би мэдэхгүй байна. Ө ах минийх гээд аваад явсан хүрэн зүсмийн байдсан гүүний оронд Х хар саарал зүсмийн гүү өгсөн. Тэгтэл тэр хар саарал гүү нь манай гадаа ачигдах гэсээр байгаад үхчихсэн. Тэр залуучууд машинаараа чирж хаясан...гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 хуу/

 

            Гэрч Г.О мэдүүлсэн: ...2018 оны 01 сарын сүүлээр манай нөхөр Ө адуугаа бэлчээрт нь очиж бүртгээд ирэхээс гээд явсан. Удалгүй ирээд утсаар ярьж надад нэг тооны гүү хулгайд алдчихсан бололтой байхгүй байна гэж ярьсан. Орой нь намайг гэртээ харихад нөхөр маань ирээгүй байсан. Шөнө машинтай ирээд гэртээ орж ирээд хулгайд алдсан гүүг минь сумын төвөөс зүүн зүгт Жандгана гэх газарт байдаг А гэх айлын гадаа адуу авч байсан хүмүүст зарчихсан байна. Хулгайлсан хүн нь Х гэж манай сумын залуу байгаа талаар ярьсан. Х эхлээд аваагүй гэж хэлчихээд гүрийж байсан гэсэн. Харин худалдаж авсан залуу нь Х адуу хашиж байгаад дотроос нь барьж өгсөн гэж үнэнийг нь хэлж байж хүлээлээ гэж хэлсэн. Хыг би танина...гэх мэдүүлэг /26-27 хуу/ 

Гэрч Б.Н мэдүүлсэн: ... 2018 оны 02 дугаар сарын сүүл шиг санагдаж байна Архангай аймгийн Хотонт сумын төвийн хойд талд байх газраас Хадаа гэгч хүнээс хээр зүсмийн азарга, хүрэн зүсмийн байдсан гүү зэргийг нийт 680 000 төгрөгөөр худалдаж авсан. Хээр азаргыг 450 000 төгрөгөөр, хүрэн зээрд байдсан гүүг 230 000 төгрөгөөр тус тус худалдаж авсан юм. Гэтэл хүрэн зээрд зүсмийн байдсан гүү нь хулгайн адуу байсан юм байна лээ. Намайг 2 адуу авсаны маргааш өдөр нь Хадаа над руу утсаар яриад чамд дахиад адуу заръя манайд хүрээд ирээрэй гэсэн юм. Ингээд очтол намайг дуудаж уулзаад надад хандаж хүрэн зээрд байдсаа өрөвдөөд буцаагаад авчихлаа, оронд нь энийг авчих гээд саарал зүсмийн гүү өгсөн юм. Тухайн миний худалдаж авсан адуу А гэдэг айлынд үлдсэн байсан. Ингээд саарал гүүг нь ачаад Аийн гадаа давхиад очтол хашааных нь гадаа олон хүмүүс байсан. Х авсан хүрэн зээрд байдсан гүүг уячихсан байсан. Ингээд хулгайн адуу байсныг мэдсэн. Уг адуунууд ямар им тамга байсанг мэдэхгүй. Хулгайн адуу гэдгийг эхлээд мэдээгүй юм. Хадаатай төлбөр тооцооны асуудал байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 28-30 хуу/

 

Гэрч Ц.Эмэдүүлсэн: ...Манайх 2018 оны 1 сарын сүүлээр Улаанбаатар хотоос ирж адуу мал худалдаж авч байсан танихгүй хүмүүст хээр зүсмийн азаргаа 450 000 төгрөгөөр зарсан. Гэхдээ яг хэдэн төгрөгөөр зарсан талаар нарийн сайн мэдэхгүй байна. Маргааш нь манай нөхөр Х саарал зүсмийн гүүг мөн зарсан байсан. Тэр гүү нь А гэдэг айлын гадаа үхчихсэн гэж сонссон. Өөр адуу зараагүй. Манай адуу зөв талынхаа гуяанд Ш үсгэн тамгатай, имгүй, манайх энэ өвөл адуугаа нилээд үхүүлээд хоёр азарга адуутай үлдсэн. Гэхдээ миний хувьд адууныхаа талаар сайн мэдэхгүй байна. Манай нөхөр Х хариулж малладаг. Манай нөхөр Х бид хоёр хониноосоо зарах хэдэн хонийг өөрийнхөө машинаар ачиж Хотонт суманд Улаанбаатар хотоос хүмүүс ирж мал худалдаж авч байна гэхэд нь зарж байсан. Тэгтэл дараа нь уг хүмүүс Улаанбаатар хотоос өвстэй ирсэн, өвс авах уу гэж манай нөхөрт хэлсэн байх. Манайх өвс худалдаж аваад оронд нь азаргаа өгсөн. Манай нөхөр надад хэлэхдээ азаргаа зарчихлаа гэж хэлсэн. Өөр зүйл яриагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 хуу/

 

Яллагдагч З.Хын мэдүүлсэн: ...2018 оны 01 сард Улаанбаатар хотоос хүмүүс ирээд манай нутгаар мал худалдаж авч байсан.  Би тэр хүмүүст  өмнө нь хэдэн хонь болон үхэр зарсан байсан. Тэгээд дараа нь тэр хүмүүст адуу зарахаар болоод 2018 оны 01 сарын 28-ны орой 18 цагийн орчим би адуугаа олж ирэхээр өөрийн хар зүсмийн нас нийлсэн морийг унаад Хотонт сумын Булштын үзүүр гэх газар луу адуундаа явсан. Манай адуу Булштын үзүүрийн ойролцоо бэлчиж байсан юм. Тэгээд би өөрийн адууг тууж явж байгаад гэнэт хулгай хийх санаа төрөөд өөрийнхөө адуун дунд айлын адуунаас нэг тооны хүрэн зүсмийн гүүг хулгайлж тасдаж туугаад гэртээ авч ирсэн. Намайг адуугаа туугаад ирж байхад надаас адуу худалдаж авсан гэж ярьж тохирсон хүмүүс манайд ирж байсан. Тэгээд би адуугаа хашаад хээр зүсмийн өөрийнхөө азаргыг мөн хулгайлж ирсэн хүрэн зүсмийн гүү хоёрыг барьж аваад мал худалдаж авч байсан хүмүүст зарсан.  Би азаргаа 40 гаран боодол өвсөнд өгсөн. Хулгайлсан гүүгээ 180 000 төгрөгөөр зарж борлуулсан юм. тэгээд маргааш өдөр нь Ө мэдээд адуугаа аваад явсан. Би мах зарсан хүндээ орных нь өөр саарал зүсмийн гүүг өөрийнхөө адуунаас гаргаж өгсөн. Надад тухайн үед мөнгөний хэрэг болоод байсан болохоор хулгайн гэмт хэрэг үйлдэх болсон юм. Би тухайн үед ганцаараа явсан. Би тэр үед өөрийнхөө эзэмшлийн хар зүсмийн нас нийлсэн морийг унаж явсан. Би өөрийнхөө адууг болон хулгайлсан гүүгээ хөлөөр нь туугаад гэртээ авч ирсэн. Би 2018 онд А дансандаа нийт 400 гаран тооны бод бог мал тоолуулсан. Би П.Ө хохирлыг төлсөн. П.Ө өөрийнхөө адууг надаас буцаагаад авсан. Өнжмөл дэлтэй бундан тамгатай хүрэн зээрд зүсмийн адуу байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 49-51 хуу/

        2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 81 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 36 хуу/

2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 145 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 40 хуу/

Ял шалгах хуудас /хх-ийн 54 хуу/ зэрэг болно. 

 

Шүүхээс шүүх хуралдаанаар тогтоогдсон 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө Архангай аймгийн Хотонт сумын Хотонт баг Булштын үзүүр гэх газраас иргэн П.Ө 1 тооны гүү хулгайлагдсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв. 

 

Шүүгдэгч З.Х нь 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө Архангай аймгийн Хотонт сумын Хотонт баг Булштын үзүүр гэх газраас иргэн П.Ө 1 тооны гүүг хулгайлж, 650 000 төгрөгийн хохирол учруулан бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: шүүх хуралдаанаар шинжлэн судалсан 

хохирогч П.Ө мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “Би Хотонт сумын төвд ирээд цагдаа дагуулаад очиход тухайн жолооч Х гэх хүн өгсөн гэж хэлсэн. Алдсан гүүгээ нэг сая төгрөгөөр үнэлж байна. Би гүүгээ алдаад машинтай хайж 200 000 төгрөг зарцуулсан. Мөн миний гүүг 2 өдөр хашаад өёөдүүлээд хаячихсан. Тэрнээсээ болоод унага хаясан. Тэжээлдээ орчихсон байгаа. Би гүүгээ олж авснаас хойш өнөөдрийг хүртэл тэжээж байна. Гомдолтой байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 хуу/,

гэрч О.О мэдүүлсэн: “З.Х намайг гэртээ байхад ганцаараа орж ирээд зарсан гүүгээ сольж авмаар байна гэж хэлчихээд гэрээс гараад явсан. Манай дээд талын байранд хашаатай байсан адуунаас нэг тооны адуу гаргаад туучихсан. Би нөхрөө хониноос ирэхээр нь энэ талаар хэлсэн. Орой нь манайд Ө гуай орж ирээд сууж байгаад гарсан. Дараа нь нөхөр А надад Ө ахын гүүг энд зарчихсан байна. З.Х зарсан юм шиг байна гэж хэлсэн. Ө ах гүүгээ хүний машин гуйж ачаад аваад явсан. Тэр үед гэрийн гадаа гүү хулгайлсан байна гэж яриад байсан. Манай гэрийн гадаа адуу авч байсан залуучууд юм яриад байсан. Дараа нь нэг гүү үхчихлээ гээд хаячихаад яваад өгсөн.” гэх мэдүүлэг /21-22 хуу/

гэрч Д.Аийн мэдүүлсэн: “Ө ах энэ гүү яагаад танай гадаа ирчихсэн юм гэж асуусан. Намайг хонинд яваад ирэхэд Х ирээд хотоос ирсэн залуучуудын адуунаас уг гүүг гаргасан гэж манай эхнэр ярьсан гэдгийг хэлсэн. Тэр үед хотоос ирсэн залуучуудын худалдаж аваад хашсан адуунаас Х дур мэдэн нэг гүү гаргасан гэж ярьж байсан. Уг гүү нь манай урд байгаа талаар хэлсэн. Х нөгөө залуучуудтай хамт машинтай ирсэн. Ө ах Хтай хэрүүл хийгээд байсан. Би очоогүй. Х ямар зүсмийн адуу зарсан талаар би мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 хуу/

            гэрч Г.О мэдүүлсэн: “Шөнө машинтай ирээд гэртээ орж ирээд хулгайд алдсан гүүг минь сумын төвөөс зүүн зүгт Жандгана гэх газарт байдаг А гэх айлын гадаа адуу авч байсан хүмүүст зарчихсан байна. Хулгайлсан хүн нь Х гэж манай сумын залуу байгаа талаар ярьсан. Х эхлээд аваагүй гэж хэлчихээд гүрийж байсан гэсэн. Харин худалдаж авсан залуу нь Х адуу хашиж байгаад дотроос нь барьж өгсөн гэж үнэнийг нь хэлж байж хүлээлээ гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /26-27 хуу/ 

гэрч Б.Н мэдүүлсэн: “2018 оны 02 дугаар сарын сүүл шиг санагдаж байна Архангай аймгийн Хотонт сумын төвийн хойд талд байх газраас Хадаа гэгч хүнээс хээр зүсмийн азарга, хүрэн зүсмийн байдсан гүү зэргийг нийт 680 000 төгрөгөөр худалдаж авсан. Хээр азаргыг 450 000 төгрөгөөр, хүрэн зээрд байдсан гүүг 230 000 төгрөгөөр тус тус худалдаж авсан юм. Гэтэл хүрэн зээрд зүсмийн байдсан гүү нь хулгайн адуу байсан юм байна лээ. Хулгайн адуу гэдгийг эхлээд мэдээгүй юм. Хадаатай төлбөр тооцооны асуудал байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 28-30 хуу/

З.Хын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Тэгээд би өөрийн адууг тууж явж байгаад гэнэт хулгай хийх санаа төрөөд өөрийнхөө адуун дунд айлын адуунаас нэг тооны хүрэн зүсмийн гүүг хулгайлж тасдаж туугаад гэртээ авч ирсэн. Намайг адуугаа туугаад ирж байхад надаас адуу худалдаж авсан гэж ярьж тохирсон хүмүүс манайд ирж байсан. Тэгээд би адуугаа хашаад хээр зүсмийн өөрийнхөө азаргыг мөн хулгайлж ирсэн хүрэн зүсмийн гүү хоёрыг барьж аваад мал худалдаж авч байсан хүмүүст зарсан.  Би азаргаа 40 гаран боодол өвсөнд өгсөн. Хулгайлсан гүүгээ 180 000 төгрөгөөр зарж борлуулсан юм. Тэгээд маргааш өдөр нь Ө мэдээд адуугаа аваад явсан. Өнжмөл дэлтэй бундан тамгатай хүрэн зээрд зүсмийн адуу байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 49-51 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Иймд Б овогт Зн Хыг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч З.Х нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Монгол эмээл 1 ширхэг, ногт 1 ширхэг, хазаар 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Хын гэм хэрэг үйлдэж ашигласан нас нийлсэн хар зүсмийн морь буюу морийг хураах боломжгүй бол түүний үнэнд 650 000 /зургаан зуун тавин мянга/ төгрөг албадан гаргуулж орон нутгийн орлогод оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Хохирогч П.Ө нь “З.Х манай гүүг адуунаас тасдаж хулгай хийсний улмаас гүү хээл хаячихсан учир З.Хаас 1 тооны гүү нэхэмжилж байна.” гэж мэдүүлсэн боловч дээрх гүү нь хэдийд, яаж үхсэн болох, түүнийг нотлох фото зураг болон бусад нотлох баримтыг ирүүлээгүй тул З.Хаас энэ шийтгэх тогтоолоор гүүний үнийг гаргаж олгох боломжгүй ба харин нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шийтгэх тогтоолоор хохирлыг гаргаж шийдвэрлээгүй учир шүүгдэгч З.Хын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан морь буюу морины үнийг улсын орлогод оруулж, хохирогчийн гэмт хэргийн хор уршгийг арилгах үүрэг хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч З.Х нь хулгайлсан малыг буцаан өгсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байх ба З.Х нь өөрийн үйлдсэн хэргийг хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч З.Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.5, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Зн Хыг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч З.Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсоноос хойш 1 сарын хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах арга хэмжээ авах үүрэг хүлээлгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч З.Хын тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Архангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч З.Х нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлүүдэд тус тус заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Хын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан нас нийлсэн хар зүсмийн морь буюу морийг хураах боломжгүй бол морины үнэнд шүүгдэгч З.Хаас 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөг албадан гаргуулж улсын орлогод оруулсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан монгол эмээл 1 ширхэг, ногт 1 ширхэг, хазаар 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7. Шүүгдэгч З.Х нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор гаргах хохирол төлбөргүй, хохирогч П.Ө нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж бусад учирсан хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх  тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч З.Хт хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Р.АЛТАНЦЭЦЭГ