| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэд Мөнхтулга |
| Хэргийн индекс | 2509012931226 |
| Дугаар | 2026/ДШМ/152 |
| Огноо | 2026-02-03 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | О.Даваахүү |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 2026/ДШМ/152
А.Б-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч Ц.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор О.Даваахүү,
шүүгдэгч А.Б-, түүний өмгөөлөгч Б.Ганбаатар,
нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,
Баянзүрх Сүхбаатар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2025/ШЦТ/2767 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганбаатарын гаргасан давж заалдах гомдлоор А.Б-д холбогдох 2509012931226 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв.
Ө- овгийн А-гийн Б-, ......., /РД:А-/;
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 2087 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн.
Шүүгдэгч А.Б- нь 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Л.М-тай фейсбүүк цахим хэрэгслээр харилцаж 500.000 төгрөг зээлэх үү гэж асуухад нь "мөнгө зээлэх боломжтой харин чи надад гар утас зардаг газраас өөрийнхөө нэр дээр гар утас зээлээр аваад өг, зээлээ би өөрөө төлнө" гэж итгүүлэн хуурч, үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр "М-" дэлгүүрээс айфоне 16 загварын гар утас 1 ширхэг, 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр "Токи апплейкшн"-аар айфоне 16 загварын гар утас 1 ширхэг, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "М-" дэлгүүрээс айфоне 16 про загварын гар утас 1 ширхэг нийт 3 ширхэг гар утсыг авч нийт 10.400.000 төгрөгийн хохирол учруулан залилсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: А.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх Сүхбаатар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “Шүүгдэгч А.Б-ыг “хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг авч залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-ыг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-д оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.Б-аас хохиролд 9.700.000 төгрөгийг гаргуулан хохирогч Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, нийтийн байрны 0 тоотод оршин суух Л.М-д олгож, хохирогч энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо цаашид баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, А.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “А.Б- анхнаасаа гэм буруугаа хүлээсэн ч анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцсон учир хувийн байдлыг тодорхойлох баримт бичиг гаргаж хэрэгт хавсаргаагүй. Бодит хохирол төлөгдөөгүй зэрэг шалтгаанууд эрүүгийн хариуцлага оногдуулахад нөлөөлсөн гэж үзэхээр байна. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 2087 дугаар шийтгэх тогтоолоор 800.000 төгрөгийн торгох ял оногдуулсныг бүрэн төлж дуусгасан. А.Б- хүнд өвчтэй эх, бага насны хүүгийн хамт амьдардаг өрх толгойлсон эмэгтэй бөгөөд хохирогч Л.М-д учруулсан 9.700.000 төгрөгийг давж заалдах шүүх хуралдааны өмнө бүрэн төлж барагдуулах тул түүнд оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тэнсэх, эсхүл хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч А.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие амар хялбар аргаар мөнгө олж өөрийгөө хүнд нөхцөлд оруулж, хөнгөн хандсандаа маш их харамсаж, гэмшиж байна. Хохирол учруулсан найзаасаа уучлалт гуйж байна. Миний бие эх, хүүгийн хамт амьдардаг. Хүү 5 настай. Ээж минь хүнд өвчтэй, элэг солиулах заалттай, байнгын асаргаа, эмчийн хяналтад байж эмчилгээ хийлгэдэг. Миний энэ нөхцөл байдлаас болж ээж хүү хоёр минь хүнд нөхцөлд байгаад маш их харамсаж байна. Миний ар гэрийн нөхцөл байдал, гэм буруутайгаа маргаагүй, хүлээн зөвшөөрсөн зэрэг байдлыг харгалзан хорих ялаас өөр ял оногдуулж өгнө үү. Би цаашдаа өөрийн хүч хөдөлмөрөөр амьдрах болно. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэдгээ амлаж байна.” гэв.
Прокурор О.Даваахүү тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт хэрэгт дутуу авагдсан нөхцөл байдал байсан. Давж заалдах шатны шүүх хуралдаан дээр шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргаж өгч байна. Улсын яллагчийн зүгээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, бага насны хүүхэдтэй зэргийг харгалзан, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс 6 сарын хугацаанд гарахыг хязгаарлах буюу зорчих эрх хязгаарлах ял оногдуулах ялын санал гаргасан. Харин шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгчид 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн. Шүүгдэгчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад өмнөх хэрэгтэйгээ нэгтгүүлж шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргасан боловч тухайн хүсэлтийг гаргах хугацаанд өмнөх шүүх хуралдаан болсон нөхцөл байдал тогтоогдсон. Иймд прокурорын зүгээс анхан шатны шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч А.Б-д Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс 6 сарын хугацаанд гарахыг хязгаарлах, зорчих эрх хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэх нь хуульд нийцсэн байна гэж үзэж байна.” гэв.
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч А.Б- нь 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Л.М-тай фейсбүүк цахим хэрэгслээр харилцаж 500.000 төгрөг зээлэх үү гэж асуухад нь "мөнгө зээлэх боломжтой харин чи надад гар утас зардаг газраас өөрийнхөө нэр дээр гар утас зээлээр аваад өг, зээлээ би өөрөө төлнө" гэж итгүүлэн хуурч, үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр "М-" дэлгүүрээс айфоне 16 загварын гар утас 1 ширхэг, 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр "Токи апплейкшн"-аар айфоне 16 загварын гар утас 1 ширхэг, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "М-" дэлгүүрээс айфоне 16 про загварын гар утас 1 ширхэг нийт 3 ширхэг гар утсыг авч нийт 10.400.000 төгрөгийн хохирол учруулан залилсан болох нь:
хохирогч Л.М-гийн “Би 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр эхлээд А.Б-аас 500.000 төгрөг асуусан. Хариу чи надад гар утас зээлээд өгчих өө би 500.000 төгрөг өгнө гэж хэлсэн. Би шууд 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөө Хүнсний 4 дэлгүүрийн хажууд байдаг “М-” дэлгүүрээс Айфоне 16 маркийн гар утас лизингээр, 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Unitel” салбараас Токи апплейкшн ашиглаад Айфоне 16 маркийн гар утас зээл авч өгсөн. 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр “М-оос Айфоне 16 про маркийн гар утас өөрийн нэр дээр зээл аваад А.Б-д өгсөн. А.Б- нь би энэ зээлүүдийг төлнө санаа зоволтгүй гэж хэлсэн учир би итгээд гар утас зээлээр авч өгсөн. Тэгээд А.Б- нь зээлээ төлөхгүй зугтаад ор сураг байхгүй алга болсон учир би цагдаа мэдэгдсэн. Бид хоёрын дунд гэрээ хийсэн зүйл байхгүй. Чи надаа гар утас зээлээр аваад өгвөл би тодорхой хэмжээний мөнгө өгнө гэж хэлсэн. Мөн би чиний нэрээр зээлээр авсан гар утасны зээлээ би төлж барагдуулан гэж хэлсэн учир би итгээд зээл авч өгсөн. Оронд нийт 700,000 төгрөг авсан байгаа... Надаас гар утас зээлээр авхуулаад нэг ч төгрөг төлсөн зүйл байхгүй... Надад 14,400,000 төгрөгийн хохирол учирсан." /хх 14-15/ гэсэн мэдүүлэг,
хохирогч Л.М- "М-" ХХК-иас 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 6.029.910 төгрөгийн үнэ бүхий 'iphone 16 promax black 256gb" гар утас 1 ширхгийг зээлээр авсан талаарх зээлийн мэдээлэл бүхий баримт /хх 61/,
Писи молл" дэлгүүрээс ''iphone 16 pink 128gb Myea ЗХ/А" загварын 1 ширхэг гар утсыг 4.413.095 төгрөгийн лизингээр худалдан авахаар "Хэрэглээний зээл" ХХК-тай Л.М- нь 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр БА-СТГ/2024-241770 дугаартай "Санхүүгийн түрээсийн гэрээ" хийж авсан баримт /хх 63-71/,
Дамно үнэлгээ" ХХК-ийн 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн СБ1-25-200 дугаартай хөрөнгийн үнэлгээ гаргасан шинжээчийн дүгнэлт "Шинжилгээний объектын 2024 оны 11 сарын 05-ны өдрийн зах зээлийн үнэлгээ нийт 10.400.000 төгрөгөөр үнэлэгдэв." гэсэн дүгнэлт /хх 27-30/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.
Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч А.Б- ямар гэм буруутай, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, шинжлэн судалсан нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч А.Б-ыг “хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг авч залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганбаатар “гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн байдлыг харгалзан тэнсэх, эсхүл хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаардана.
Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалт нь шүүх заавал хэрэглэх хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт бөгөөд шүүх дээрх зүйл, хэсгийг хэрэглээгүй явдал нь Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарахгүй юм.
Давж заалдах шатны шүүх шүүгдэгч А.Б-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг 6 сарын хорих ял болгон хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 11 дэх хэсэгт “...Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална.” гэж,
Хүүхдийн эрхийн тухай конвенцын 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...шүүх, захиргааны болон хууль тогтоох байгууллагаас хүүхдийн талаар явуулах аливаа үйл ажиллагаанд юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулна.”, 2 дахь хэсэгт “...хүүхдийг хамгаалах, халамжлах зорилгоор хууль тогтоох болон захиргааны бүхий л зохистой арга хэмжээг авна.” гэж тус тус зааснаар шүүгдэгч А.Б-ын хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэхийг зохих байгууллага албан тушаалтанд даалгах ёстой байтал энэ талаар шийдвэрлээгүй орхигдуулсан байх тул дээрх ажиллагааг зайлшгүй хийх нь зүйтэй гэж үзлээ.
Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулж, гомдлыг хүлээн авч шийдвэрлэв.
Шүүгдэгч нь хохирогч Л.М-д хохиролд 9.700.000 төгрөг төлсөн болохыг болохыг дурдсугай.
Шүүгдэгч А.Б- нь 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл нийт 61 /жаран нэг/ хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх Сүхбаатар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2025/ШЦТ/2767 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-ыг 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.”,
3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-д оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж тус тус өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар Д.А-ад хууль ёсны асран хамгаалагч тогтоохыг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгасугай.” гэсэн нэмэлт заалтыг оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар А.Б- нь 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл нийт 61 /жаран нэг/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
4. Шүүгдэгч А.Б- нь хохиролд 9.700.000 /есөн сая/ төгрөг төлсөн болохыг дурдсугай.
5. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА
ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА