| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 2508001440597 |
| Дугаар | 2026/ДШМ/212 |
| Огноо | 2026-02-13 |
| Зүйл хэсэг | 17.3.1., 28.5.1., |
| Улсын яллагч | Д.Рэгзэдмаа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 2026/ДШМ/212
2026 02 13 2026/ДШМ/212
С.У-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Д.Р,
шүүгдэгч С.У, түүний өмгөөлөгч Б.Ч,
нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2025/ШЦТ/04 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.У-ын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн ..................... дугаар хэргийг 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч С.У нь 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр нь цахим орчинд “Өндөр дүнтэй зээл гаргана, апп-н зээл хаалгуулж, буцаад хүүтэй эргүүлэн төлнө, ээжийн амийг авраач” гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хохирогч Б.Ч, Э.Э, Б.Н, Э.Э, Г.Г, Э.Д, Ц.О нараас нийт 25,378,609 төгрөгийг шилжүүлэн авсан гэмт хэрэгт,
- мөн 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдөр .... аймгийн ...... сумын нутаг дэвсгэрт байрлах Хилийн цэргийн ..... дугаар ангид ахлах шалгагчаар томилогдон ажиллаж, 2025 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс хойш хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж эргэж ирэлгүй цэргийн албанаас оргон зайлсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас С.У-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, мөн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч С.У-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Цэргийн алба хаагч цэргийн албанаас зайлсхийх зорилгоор цэргийн анги, байгууллагад алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж явсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.У-ыг 2 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч С.У-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.У-т оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.У-ын энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 45 хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.У-аас нийт 26.731.170 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Ч-д 1.700.000 төгрөг, хохирогч Э.Э-т 1.500.000 төгрөг, хохирогч Б.Н-д 1.000.000 төгрөг, хохирогч Э.Э-т 1.310.000 төгрөг, хохирогч Г.Г-т 2.668.609 төгрөг, хохирогч Э.Д-т 2.700.000 төгрөг, хохирогч Ц.О-д 14.500.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Хилийн цэргийн .... дугаар анги /Ч.Т-/-д 1.352.610 төгрөгийг тус тус олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч С.У-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч С.У давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж, Хил хамгаалах газраас намайг ажлаас халсан бичиг баримтыг авч хэрэгт хавсаргаж, Г-ийг гэрчээр байцаалгаж, хуульд заасан үндэслэл журмын дагуу ажлаас халагдсан ба хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ангийн байрлалаа дур мэдэн орхиж яваагүй, чөлөөг 72 цагаас хэтрүүлж цэргийн албанаас оргон зайлах гэмт хэрэг үйлдээгүй болохыг үнэн зөвөөр шалгуулах гомдлыг гаргаж байна. ...” гэв.
Шүүгдэгч С.Уын өмгөөлөгч Б.Ч тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч давж заалдах гомдолдоо “хохирогч Б.Ч-д учруулсан 1.700.000 төгрөгийг мөрдөн байцаалтын шатанд төлж барагдуулсан” гэдэг асуудлыг дурдсан. Хохирогчтой энэ талаар уулзахад “гомдол саналгүй, мөрдөн байцаалтын шатанд хохирол төлбөрийг барагдуулсан нь үнэн” гэх холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгч байна. Одоо нийт 6 хохирогчоос үлдэх 5 хохирогчид 22.674.609 төгрөгийн хохирол төлөх тооцоо гарч байна. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч Б.Ч-д төлсөн 1.700.000 төгрөгийг төлж барагдуулсанд тооцуулах саналтай байна. Энэ үйлдэлд шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэлийн тухайд тусгайлан гаргах саналгүй. Хоёрдугаарт, миний үйлчлүүлэгч давж заалдах гомдолдоо “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдээгүй” гэж дурдсан. Анхан шатны шүүх хуралдаанд мөн ийм байр суурьтайгаар оролцсон. Хууль, Цэргийн нийтлэг дүрэмд “цэргийн офицер, ахлагч, цэргийн гэрээт албаны байлдагч анги, байрлалаа 12 цагийн дотор орхиж явсан, чөлөөг 72 цагаас хэтрүүлсэн тохиолдолд гэмт хэрэгт тооцож, хуулийн байгууллагад шилжүүлэх” талаар зохицуулсан. Үүнийг ойлгож, мэддэг. Гэвч миний үйлчлүүлэгч мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлэг өгөхдөө эргэлзээтэй нөхцөл байдлуудын талаар мэдүүлсэн. Өөрөөр хэлбэл, “цэргийн ангиасаа явахдаа боомтын дарга М.Э-аас 3 хоногийн чөлөө авч, Улаанбаатарт ирээд байж байх явцад чөлөөний хугацаа дуусаж, салбарын захирагч М.Э гэдэг хүн рүү өргөдлөө цахимаар явуулсан. “Чиний өргөдлийг авсан, чи наашаа яваад хэрэггүй” гэж хэлсэн учраас болчихсон гэж бодож байтал тушаал, шийдвэр чинь гарч байгаа гэдэг асуудал яригдсан. Түүнээс биш буцаж очих боломж байсан” гэж тайлбарладаг. Хавтаст хэрэгт авагдсан С.У-ын мэдүүлэгт “яах аргагүй миний гар утас руу энэ хүн бичиг явуулсан байсан, гэвч гар утсаа сольсон учраас бичиг нь надад байхгүй” гэсэн асуудал тавьдаг. Эдгээр нөхцөл байдлыг харахад миний үйлчлүүлэгч тухайн салбарынхаа дарга руу чөлөө сунгуулах бичиг явуулж байсан болох нь нотлогдож байна. 2 дугаар хавтаст хэргийн 196 дугаар талд авагдсан Хилийн цэргийн .... дугаар ангийн захирагчийн албан бичгийг уншиж судлахад, .... аймгийн ..... сумын цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөлдөө миний үйлчлүүлэгчийг “анги, байрлалдаа ирээгүй, албаны бэлэн байдал алдагдуулж, шалтгаангүйгээр 8 хоног ажил тасалсан” гэдэг үндэслэлээр хуулийн байгууллагад хандсан байсан. Өөрөөр хэлбэл, үүнийг харахад 3 хоногийн чөлөө авч, чөлөөний хугацаа хэтэрсэн учраас хуульд заасны дагуу ангийн захирагч руу өргөдөл явуулсан нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно гэж заасныг зөрчсөн гэж үзэж, тухайн үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
Прокурор тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч “Хохирогч Б.Ч-ын 1.700.000 төгрөгийн хохирлыг төлсөн баримтыг мөрдөн байцаалтын шатанд гаргаж өгсөн” гэж давж заалдах гомдолдоо дурдсан. Хавтаст хэрэгт уг баримт авагдаагүй байсан учраас анхан шатны шүүх шүүгдэгчээс 1.700.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Ч-д, нийт 7 хохирогчид 26.000.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Хоёр дахь асуудлын тухайд, “тухайн үед захирагчаасаа аман байдлаар чөлөө авсан” гэдэг асуудал яригддаг. Гэрч М.Э “тухайн цаг хугацаанд бэр гуйх гэж байгаа хэмээн амаар чөлөө гуйсан, би хувиараа чөлөө өгч чадахгүй гэж хариулсан, ажилдаа ирэлгүй 3 хоног болчихоор нь .... дугаар ангид мэдэгдсэн” гэж мэдүүлсэн. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн тайлбарлаж байгаа шиг чөлөө авсан гэдэг үйл баримт тогтоогддоггүй. Шүүгдэгч “3 хоногийн чөлөө амаар аван Улаанбаатар хот, .... дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст сэжигтнээр мэдүүлэг өгч, дүүргүүдэд шийтгэх тогтоолд дурдагдсан хэргүүдэд шалгагдаж эхэлсэн” гэж бичсэн байна. Шүүгдэгч 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хохирогч нарыг залилж, гэмт хэрэг үйлдсэн. Шүүгдэгчийн цэргийн ангиас явсан цаг хугацаа нь 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр байдаг. Тиймээс цагдаагийн газарт очиж, сэжигтнээр мэдүүлэг өгсөн гэдэг нөхцөл байдал тогтоогддоггүй. Улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх үүн дээр үндэслэж, шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулсан нь үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Прокуророос шүүгдэгч С.У нь 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр нь цахим орчинд “Өндөр дүнтэй зээл гаргана, апп-н зээл хаалгуулж, буцаад хүүтэй эргүүлэн төлнө, ээжийн амийг авраач” гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хохирогч Б.Ч, Э.Э, Б.Н, Э.Э, Г.Г, Э.Д, Ц.О нараас нийт 25.378.609 төгрөгийг шилжүүлэн авсан,
- мөн 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдөр ...... аймгийн ..... сумын дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хилийн цэргийн ..... дугаар ангид ахлах шалгагчаар томилогдон ажиллаж, 2025 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс хойш хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж эргэж ирэлгүй цэргийн албанаас оргон зайлсан тус тус үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, мөн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Прокурор хэргийг шүүхэд шилжүүлэх үндэслэлтэй гэж үзвэл яллах дүгнэлт үйлдэн харьяалах шүүхэд хүргүүлнэ...” гэж, 2 дахь хэсэгт “Яллах дүгнэлт нь тэмдэглэх, тогтоох хэсэг, хавсралтаас бүрдэнэ.” гэж, 3 дахь хэсэгт “Яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт дараахь зүйлийг тусгана.”гэж, 3.1-т “яллагдагчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, биеийн байцаалттай холбоотой бусад мэдээлэл” гэж, 3.2-т “яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга, гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, учруулсан хохирол, зайлшгүй шаардлагатай нотлох баримт” гэж, 4-т “яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт дараахь зүйлийг тусгана” гэж, 5-т “яллах дүгнэлтийн хавсралтад дараахь зүйлийг тусгана” гэж, 6-т “...Прокурор яллах дүгнэлтийн хувийг яллагдагчид гардуулж, хавтаст хэргийн материалыг ажлын 3 өдрийн дараа харьяалах шүүхэд шилжүүлэх тухай яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид мэдэгдэнэ.” гэж, 7-т “...Яллагдагч яллах дүгнэлтийг гардаж авахаас татгалзвал энэ тухай тэмдэглэл үйлдэж, шаардлагатай бол дуу-дүрсний бичлэгээр баримтжуулж хэргийг шүүхэд шилжүүлнэ...” гэж, 8-т “...Өмгөөлөгч хэргийг шүүхэд шилжүүлэхээс өмнө энэ хуулийн 32.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан яллагдагчийг шүүхэд шилжүүлэхтэй холбоотой санал, хүсэлтийг бичгээр гаргаж, хэрэгт хавсаргаж болно...” гэж, 9-т “...Төрийн нууцад хамаарах мэдээлэл агуулсан яллах дүгнэлтийг яллагдагчид бүрэн танилцуулан, төрийн нууцад хамаарах хэсгийг уншигдах боломжгүй байдлаар нууцалж, гардуулан өгнө...” гэж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “…Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана. …” гэж тус тус заасан байх бөгөөд прокурорын яллах дүгнэлт үйлдсэний дараа яллагдагчаас мэдүүлэг авчээ.
Тухайлбал, прокуророос яллагдагч С.У-т холбогдуулан 2025 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 859 дугаартай яллах дүгнэлт /4хх 4-18/ үйлдсэний дараа 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр яллагдагчид эрх, үүрэг тайлбарлан түүнээс мэдүүлэг /4хх 48-50/ авч, тус хэргийг 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ.
Яллах дүгнэлт үйлдсэний дараа яллагдагчид эрх үүрэг тайлбарлаж, улмаар мэдүүлэг авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн үзэл баримтлал, зорилго, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх, яллагдагчийн эрхийн зохицуулалттай зөрчилдсөн ажиллагаа болжээ.
Прокуророос шүүгдэгч С.У-ын 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдөр ..... аймгийн ..... сумын нутаг дэвсгэрт байрлах Хилийн цэргийн .... дугаар ангид ахлах шалгагчаар томилогдон ажиллаж, 2025 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс хойш хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж эргэж ирэлгүй цэргийн албанаас оргон зайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйчилсэн нь хууль хэрэглээний хувьд эргэлзээтэй болжээ.
Учир нь, ..... аймгийн ..... дахь ..... прокурорын газраас 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдөр шүүгдэгч С.У-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /3хх 205-208/ үйлдэн 2025 оны 7 дугаар сарын 24-ний өдөр шүүгдэгч С.У-аас яллагдагчаар мэдүүлэг /3хх 215-216/ авсан байх бөгөөд уг прокурорын газраас 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 02 дугаартай прокурорын тогтоол /3хх 224-225/-оор эрүүгийн хэргийг харьяаллын дагуу Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт шилжүүлжээ.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас 2025 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 214 дүгээр прокурорын тогтоол /4хх 1-4/-оор эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулан тухайн өдрөө яллах дүгнэлт үйлджээ.
Уг тогтоолд шүүгдэгч С.У-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлсэн байх бөгөөд тогтоол болон яллах дүгнэлтэд энэ талаар дүгнэлт хийлгүй орхигдуулжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Цэргийн алба хаагч цэргийн албанаас зайлсхийх зорилгоор цэргийн анги, байгууллагад алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж явсан, эсхүл албан томилолт, амралтын чөлөө дууссан, эсхүл эмнэлгээс гарсны дараа эргэж ирээгүй бол” гэж гэмт хэргийн шинжийг томъёолсон байх бөгөөд мөн тухайн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т “...офицер, ахлагч үйлдсэн бол...” гэж гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг тусгажээ.
Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Б/1147 дугаартай тушаал /3хх 194/-аар С.У-ыг Хилийн цэргийн .... дугаар ангид ахлах шалгагчаар томилж, офицерын бүрэлдэхүүнд /дэслэгч/ оруулсан бөгөөд Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/2681 дугаартай тушаал /3хх 195/-аар дэслэгч С.У-ыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн ба Албанаас халагдах офицер, ахлагч нартай тооцоо бодсон актыг 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр акт /3хх 192/ тус тус үйлджээ.
Өөрөөр хэлбэл, прокурорын яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлсэн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгов.
Прокурор энэ хэрэгт дахин яллах дүгнэлт үйлдэхдээ С.У-ын залилах гэмт хэргийн үйл баримтыг нэг бүрчлэн тодорхой тусгахын зэрэгцээ цэргийн албанаас оргон зайлах гэмт хэргийн үйл баримтыг найруулгын хувьд ойлгомжтой тусгавал зохино.
Шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон тул шүүгдэгч С.У-ын гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.
Шийтгэх тогтоолыг хүчингүй болгосонтой холбогдуулан шүүгдэгч С.Ут урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2025/ШЦТ/04 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч С.У-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР