2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 193/ШШ2026/00462

 

 

 

 

 

 

 

 

 

                2026         03           17

                                   193/ШШ2026/00462

            

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******,*******,******* тоотод оршин суух, *******ын ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, ******* 2 дугаар хороо, ******* *******-д холбогдох,

“Нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, жирэмсний болон амаржсаны тэтгэмж 8,324,688 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн өмгөөлөгч Л.Нинжбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1.Нэхэмжлэгч М.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ******* Овогтой ******* нь Налайх дүүргийн эрүүл мэндийн төвд 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс ‘‘Хөдөлмөрийн гэрээ”-ний дагуу Амбулаторийн тасагт Нүдний эмч тушаалтайгаар ТҮЭМ-6 зэрэглэлийн цалин хөлстэйгөөр ажиллаж эхэлсэн. Ийнхүү эмчээр ажиллаж байгаад 2025 оны 10 сард жирэмсний болон амаржсаны амралтаа авсан. Гэвч эмчийн магадалгаагаа Налайх дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст хүргүүлэхэд таны жирэмсний болон амаржсаны тэтгэмж бодох эрх үүсээгүй байна гэсэн. Тус асуудлыг тодруулахад ажил олгогч болох Налайх дүүргийн Эрүүл мэндийн төв нь 2024 оны 10 сараас хойш нийгмийн даатгалын шимтгэлийг огт төлөөгүй эсэн үндэслэлээр татгалзсан байсан. Тус асуудлаар эмнэлгийн удирдлагуудтай уулзсан боловч эрүүл мэндийн төвийн санхүүжилт хүрэлцэхгүй байгаа, ажилтны цалин хөлсийг тогтмол өгөхийн тулд бусад зардлыг түр хугацаанд хойшлуулсан гэсэн хариуг өгсөн. Миний хувьд өөрийн сар бүрийн цалин хөлснөөс Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21.1-т зааснаар холбогдох шимтгэлийг суутгуулж цалин хөлсөө авдаг байсан хэдий ч ийнхүү тэтгэмжээ авч чадахгүй байгаад гомдолтой байна. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 6.1-д “Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг нийтдээ 12 сар ба түүнээс дээш хугацаанд, үүнээс жирэмсний амралт авахын өмнөх сүүлийн 6 сард тасралтгүй төлсөн ... даатгуулагч эх жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй” мөн хуулийн 7.1-д “Даатгуулагч эхэд жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг жирэмсний амралт авсан сарын өмнөх шимтгэл төлсөн сүүлийн 12 сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас 100 хувиар тооцож 120 хоногийн ... хугацаанд тус тус олгоно. ” гэж заасан. Гэтэл ажил олгогч нийгмийн даатгалын санд хуульд заасны дагуу нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүйн улмаас тэтгэмж гаргуулах боломжгүй болсон байна. Иймээс, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 33.1.6-д зааснаар даатгуулагч нь “ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл нь төлөгдөөгүй ...нийгмийн даатгалын байгууллагад хуульд заасан хугацаанд гаргаж өгөөгүйн улмаас тэтгэвэр, тэтгэмж ... авч чадаагүй, эсхүл хугацаандаа бүрэн аваагүй бол учирсан хохирол, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхэд гарсан зардлыг ажил олгогчоор төлүүлэх; эрхтэй гэж заасны дагуу жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг ажил олгогчоос гаргуулах хүсэлтэй байна. Иймд нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, жирэмсний болон амаржсаны тэтгэмжид 8,324,688 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

            2.Хариуцагч Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх шаардлагын талаар Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвөөс Налайх дүүргийн Нийгмийн даатгалын газарт төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн өр үүссэн нь ажил олгогчийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээс бус, дараах нөхцөл байдлаас шалтгаалсан гэж үзэж байна. 2021 оны 3 дугаар сараас гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоонд шилжсэн; 2023 оны 7 дугаар сараас Сангийн яам, Эрүүл мэндийн яамнаас зардлын эрх нээж эхэлсэн, Засгийн газрын 240 дүгээр тогтоолоор 2023 оны 7 дугаар сараас ажилтнуудын үндсэн цалинг 10 хувиар нэмэгдүүлсэн боловч энэ үед санхүүгийн эрх хаагдсан нь шимтгэлийн өр үүсэхэд нөлөөлсөн, 2024 оны 1 дүгээр сард зардлын эрх нээгдсэн ч санхүүжилтэд хязгаарлалт тогтоож, шимтгэлийг 50,000,000 төгрөгөөс 56,000,000,000 төгрөгөөр төлөхөөр бууруулсан, Бодит байдалд байгууллага сар бүр 160,000,000 төгрөгөөс 180,000,000 төгрөгийн шимтгэл төлөх шаардлагатай тул сар бүр 104,000,000 төгрөгөөс 124,000,000 төгрөгийн өр үүсэх нөхцөл бүрдсэн, Засгийн газрын 2024 оны 128 дугаар тогтоолоор цалинг 10 хувиар нэмэгдүүлсэн ч суурь үнэлгээ нэмэгдээгүй, 382 дугаар тогтоолоор алслагдсан дүүргийн 20 хувийн нэмэгдлийг олгосон боловч нөхөн олговор олгогдоогүй тул байгууллага өөрийн санхүүжилтээс гаргасан, Эрүүл мэндийн даатгалын сангаас олгох санхүүжилтэд хязгаарлалт үргэлжилсэн, 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн Засгийн газрын 238 дугаар тогтоолоор цалинг 8 хувиар нэмэгдүүлсэн, 2025 оны 3 дугаар сард гүйцэтгэлийн квот тогтоож, хэвтэн эмчлүүлэх тусламж үйлчилгээг хязгаарласан, 2025 оны 10 дугаар сард дахин гэрээлэлт хийснээр санхүүжилт буурч, гүйцэтгэлд хүрэх боломж багассан, Гүйцэтгэлийн санхүүжилт нэхэмжилсэн дүнгээс 2634 хувиар буурч олгогдож байгаа. Дээрх нөхцөл байдлаас шалтгаалан нийгмийн даатгалын шимтгэл төлөхөд хүндрэл үүссэн. Иймд М.*******гээс нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Манай байгууллага хуульд заасан хугацаанд тайлангаа тогтмол хүргүүлж ирсэн. Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас шимтгэлийн өрийн асуудлыг шийдвэрлэсэн тохиолдолд төлөх боломж бүрдэнэ. Хоёрдугаарт, жирэмсний болон амаржсаны тэтгэмжийн талаар М.******* нь 2023 оны 10 дугаар сарын 5-наас нүдний эмчээр ажиллаж байгаад 2025 оны 10 дугаар сард жирэмсний болон амаржсаны амралтаа авсан. Налайх дүүргийн Нийгмийн даатгалын газраас 2025 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 327 дугаар албан бичгээр шимтгэлийн өр барагдуулаагүй тул Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.6-д заасны дагуу ажил олгогч хариуцна гэж тайлбарласан. Харин Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 4 дугаар зүйлийн 4.1.6-д нийгмийн даатгалын байгууллагын үүргийг, 4 дугаар зүйлийн 1.16-д тэтгэмжийн ойлголтыг, 30 дугаар зүйлийг 30.1-д шимтгэлийн өрийн бүрэлдэхүүнийг, 31 дүгээр зүйлийн 31.1.3-д шимтгэлийн өрийг хөөн хэлэлцэх хугацаагүйгээр төлүүлэх зохицуулалтыг тус тус заасан. Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн шимтгэлийн өр нь удирдлагын буруутай үйл ажиллагаанаас бус, эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн бодлогын өөрчлөлт, квот, хязгаарлалтаас шалтгаалсан. Сангийн яамнаас олгосон шимтгэл төлөх квот тухайн сард хүрэлцээгүй, энэ нь ажил олгогчийн хяналтаас гадуур нөхцөл байсан. Иймд шимтгэлийг бүрэн төлөх боломж байгаагүй. Энэ талаар 20232025 онуудад Эрүүл мэндийн яам, нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар болон Налайх дүүргийн Нийгмийн даатгалын газарт удаа дараа албан бичгээр хандсан. Налайх дүүргийн Эрүүл мэндийн төв нь 1996 оноос хойш 31 жилийн хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг тогтмол төлж ирсэн байгууллага. Гэтэл Налайх дүүргийн Нийгмийн даатгалын газар даатгуулагчдад тэтгэвэр, тэтгэмж олгохдоо үүргээ биелүүлэлгүй, шимтгэл төлөөгүй асуудлыг ажил олгогчийн буруутай үйлдэл мэтээр тайлбарлаж, тэтгэмж олгохгүй байгаа нь даатгуулагчийг хохироож байна. Иймд Нийгмийн даатгалын ерөнхий хуульд заасны дагуу М.*******д жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгох үүрэг нь Налайх дүүргийн Нийгмийн даатгалын газарт хамаарах тул Эрүүл мэндийн төвөөс уг тэтгэмжийг олгох боломжгүй. Иймд нэхэмжлэлийн уг шаардлагыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

3.Нэхэмжлэгчээс хэрэгт дараах баримтуудыг гаргаж өгсөн. Үүнд: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 3 тал/, Налайх дүүргийн*******ны тодорхойлолт /хх 4 тал/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 5 тал/, М.*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх 6 тал/, Налайх дүүргийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 327 тоот албан бичиг  /хх 7 тал/, М.*******гийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх 8 тал/, албан тушаалын тодорхойлолт /хх 9-12 тал/, Налайх дүүргийн Эрүүл мэндийн төв ажил олгогч, ажилтны байгуулсан хөдөлмөрийн гэрээ /хх 13-17 тал/, М.*******гийн тэтгэмжийн тооцоолол /хх 41 тал/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх 42 тал/, нийгмийн даатгалын шимтгэлийн талаарх баримт /хх 43-45 тал/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

4.Хариуцагчаас хэрэгт дараах баримтуудыг гаргаж өгсөн. Үүнд: Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 134 тоот албан бичиг /хх 56-57 тал/, мөн газрын 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 1/318 тоот албан бичиг / хх 58-59 тал/, Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 134 тоот албан бичиг /хх 60-61 тал/, 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 357 тоот албан бичиг /хх 62 тал/, 2025 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 103 тоот албан бичиг, түүний хавсралт /хх 63-64 тал/, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1/330 тоот албан бичиг /хх 65 тал/, 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1/326 тоот албан бичиг /хх 66 тал/, 2025 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 1/105 тоот албан бичиг, түүний хавсралт /хх 67-68 тал/, 2025 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 1/62 тоот албан бичиг /хх 69-71 тал/, 2025 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 1/70 тоот албан бичиг /хх 72 тал/, 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 1/264 тоот албан бичиг /хх 73-74 тал/, 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 595 тоот албан бичиг /хх 75 тал/, 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 1/523 тоот албан бичиг /хх 76 тал/, шийтгэлийн хуудас /хх 77 тал/, Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 492 тоот албан бичиг /хх 78 тал/, мөн газрын 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 526 тоот албан бичиг /хх 79 тал/, 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 345 тоот албан бичиг /хх 80-81 тал/,төсвийн тайлан /хх 67-118/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

          Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

5.Нэхэмжлэгч М.******* Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвд холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгаж, жирэмсний болон амаржсаны тэтгэмжид 8,420,375.92 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

6.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ  ... Налайх дүүргийн эрүүл мэндийн төвд 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс ‘‘Хөдөлмөрийн гэрээ”-ний дагуу Амбулаторийн тасагт Нүдний эмч тушаалтайгаар ТҮЭМ-6 зэрэглэлийн цалин хөлстэйгөөр ажиллаж байгаад 2025 оны 10 сард жирэмсний болон амаржсаны амралтаа авсан. Жирэмсний болон амаржсаны тэтгэмжээ авахаар Налайх дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст хандахад  жирэмсний болон амаржсаны тэтгэмж бодох эрх үүсээгүй,  ажил олгогч Налайх дүүргийн Эрүүл мэндийн төв 2024 оны 10 сараас хойш нийгмийн даатгалын шимтгэлийг огт төлөөгүй гэсэн үндэслэлээр тэтгэмж олгохоос татгалзсан. Эмнэлгийн удирдлагуудтай уулзсан боловч эрүүл мэндийн төвийн санхүүжилт хүрэлцэхгүй байгаа, ажилтны цалин хөлсийг тогтмол өгөхийн тулд бусад зардлыг түр хугацаанд хойшлуулсан гэсэн хариуг өгсөн. Миний хувьд өөрийн сар бүрийн цалин хөлснөөс Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21.1-т зааснаар холбогдох шимтгэлийг суутгуулж цалин хөлсөө авдаг байсан хэдий ч ийнхүү тэтгэмжээ авч чадахгүйд хүрсэн тул ажил олгогч Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвөөс жирэмсний болон амаржсаны тэтгэмж 8,420,375.92 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгаж өгнө үү гэж тайлбарласан.

7.Хариуцагч Налайх дүүргийн Эрүүл мэндийн төв ... Налайх дүүргийн Нийгмийн даатгалын газарт төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн өр үүссэн нь ажил олгогчийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээс бус, эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн бодлогын өөрчлөлт, квот, хязгаарлалтаас шалтгаалсан. Сангийн яамнаас олгосон шимтгэл төлөх квот тухайн сард хүрэлцээгүй, энэ нь ажил олгогчийн хяналтаас гадуур нөхцөл байсан. Иймд шимтгэлийг бүрэн төлөх боломж байгаагүй. Налайх дүүргийн Нийгмийн даатгалын газар даатгуулагчдад тэтгэвэр, тэтгэмж олгохдоо үүргээ биелүүлэлгүй, шимтгэл төлөөгүй асуудлыг ажил олгогчийн буруутай үйлдэл мэтээр тайлбарлаж, тэтгэмж олгохгүй байгаа нь даатгуулагчийг хохироож байна. Иймд Нийгмийн даатгалын ерөнхий хуульд заасны дагуу М.*******д жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгох үүрэг нь Налайх дүүргийн Нийгмийн даатгалын газарт хамаарах тул Эрүүл мэндийн төвөөс уг тэтгэмжийг олгох боломжгүй  гэж маргасан.

8.Шүүх хуралдаанд гэрч ... М.*******гийн хувьд нийгмийн даатгалын шимтгэл 2024 оны 10 сараас хойш төлөгдөөгүй байсан нь үнэн. 2026 он гарсаар хоёр сарын төлбөрийг нөхөн төлсөн. Өнөөдрийн байдлаар 2024 оны 12 дугаар сарыг хүртэлх шимтгэл нь төлөгдсөн байгаа. Сар бүр орж ирж байгаа гүйцэтгэлийн санхүүжилт нь тухайн сарынхаа нийт зардлыг нөхөх боломжгүй. Зөвхөн ажилчдын гарт олгох цалинг тавих хэмжээний санхүүжилт орж ирдэг учраас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөхгүй хуримтлагдсаар өр үүссэн гэж мэдүүлсэн.

9.Хариуцагчаас Налайх дүүргийн Нийгмийн даатгалын газрыг хамтран хариуцагчаар татуулах хүсэлт гаргасан, нэхэмжлэгчээс зөвшөөрөөгүй тул хамтран хариуцагчаар татаагүй болно.

10.Нэхэмжлэгч М.******* нь Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвд нүдний эмчээр ажиллаж байгаад жирэмсний болон амаржсаны амралтаа авсан талаар талууд маргаагүй, нүдний эмчээр ажиллаж байсан нь албан тушаалын тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт,  хөдөлмөрийн гэрээ зэрэг баримтаар, 2025 оны 12 дугаар сарын 03-нд О.Биндэрьяаг төрүүлсэн, тэтгэмж олголтын байцаагчаас жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг тооцсон тооцооллыг ирүүлсэн байна. /хх 41-42 тал/

11.Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.6-д энэ хуулийн 7.2.4-т заасан даатгуулагчийн хөдөлмөрийн чадвараа түр алдсаны, жирэмсний болон амаржсаны тэтгэмж авч байх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс ажил олгогчийн төлөх шимтгэлийн хувь хэмжээгээр тооцож, ажил олгогч сар бүр нийгмийн даатгалын зохих санд төлнө.

 Нэхэмжлэгч М.*******гийн нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч Налайх дүүргийн Эрүүл мэндийн төв 2024 оны 09 сарыг дуустал хугацаанд төлсөн харин 2024 оны 10 дугаар сараас 2025 оны 11 дүгээр сарыг хүртэл хугацаанд төлөөгүй байна. /хх 8 тал/

12.Нийгмийн даатгалын тухай ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д ажил олгогч даатгуулагчийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүр тооцон суутгаж, ажил олгогчийн цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос тооцсон шимтгэлийн хамт тухайн сард багтаан нийгмийн даатгалын санд төлнө, 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар ажил олгогч энэ хуулийн 21.1-д заасан хугацаанд төлөөгүй, эсхүл дутуу төлсөн бол нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлнэ.

Хариуцагч Налайх дүүргийн Эрүүл мэндийн төв нь нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх үүргээ биелүүлээгүй шалтгаанаа төсвийн санхүүжилттэй холбож  тайлбарлаж, холбогдох албан бичгүүд, төсвийн тайланг  шүүхэд нотлох баримтаа гаргаж өгсөн хэдий ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангаагүй тул нотлох баримтаар үнэлээгүй.

13.Налайх дүүргийн Нийгмийн даатгалын газраас дээрх нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг нөхөн төлүүлсэн болон нөхөн төлүүлэхээр хуульд заасан арга хэмжээг авах үүрэгтэй, мөн  ажил олгогч нийгмийн даатгалын шимтгэл төлөх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь даатгуулагчийн буюу нэхэмжлэгчийн буруутай үйлдэл гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй.

14.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн  6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар тэтгэмжийн даатгалын шимтгэлийг нийтдээ 12 сар ба түүнээс дээш хугацаанд, үүнээс жирэмсний амралт авахын өмнөх сүүлийн 6 сард тасралтгүй төлсөн дараах даатгуулагч эх жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй.

15.Нэхэмжлэгч нь хүүхэд асрах хугацаандаа хүүхэд төрүүлсэн, жирэмсний болон амаржсаны тэтгэмжээ авах эрхтэй бөгөөд Нийгмийн даатгалын газраас жирэмсний болон асрамжийн тэтгэмжээ авахаар нотлох баримтаа бүрдүүлж өгөхөд  ажил олгогч Налайх дүүргийн эрүүл мэндийн төв нийгмийн даатгалын шимтгэл дутуу төлсөн үндэслэлээр татгалзсан нь хуульд нийцэхгүй байна.

Налайх дүүргийн нийгмийн даатгалын газрын тэтгэмж тогтоолт, олголт хариуцсан байцаагчаас М.*******гийн жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудсыг үндэслэн жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг 8,324,688 төгрөг гэж тооцоолол гаргаж өгсөн /хх 41 тал/.

Нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд тооцооллын алдаа гаргасан тул нэхэмжлэлийн шаардлага 8,420,375.92 төгрөгийг нэхэмжилсэн, шаардлагаа багасгаж жирэмсний болон амаржсаны тэтгэмжид 8,324,68 төгрөг нэхэмжилж байна гэж тайлбарласан.

16.Хариуцагч Налайх дүүргийн Эрүүл мэндийн төв нь ажил олгогчийн хувьд нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх үүрэгтэй бөгөөд төсвийн санхүүжилтээс шалтгаалж дутуу төлсөн, өр үүссэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна.

17. Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвөөс нийгмийн даатгалын шимтгэл дутуу төлсний улмаас жирэмсний болон амаржсаны тэтгэмжээ авах хүртэл хугацааны зардал, болон хохирлоо нэхэмжлэх эрх нэхэмжлэгчид хуулиар олгогдсон. Жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг хохирол гэж үзэх боломжгүй. Хохиролд нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүйгээс үүссэн шууд бодит зардал хамаарна.

18.Иймд нэхэмжлэгчийн Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвөөс жирэмсний болон амаржсаны тэтгэмж 8,324,688 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Харин нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвд даалгах шаардлагын хувьд ажил олгогч нь Нийгмийн даатгалын тухай ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д ажил олгогч даатгуулагчийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүр тооцон суутгаж, ажил олгогчийн цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос тооцсон шимтгэлийн хамт тухайн сард багтаан нийгмийн даатгалын санд төлнө.

Иймд хуулиар хүлээсэн үүргээ Налайх дүүргийн Эрүүл мэндийн төв хэрэгжүүлж, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй хугацааг нөхөн төлөхийг  даалгах шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь хуульд зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 149,676 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгчид олгож, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.2, 116, 118 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.16, 32 дугаар зүйлийн 32.2.2, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1.2, 6 дугаар зүйлийн 6.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар 43.2.7, зааснаар Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвөөс нэхэмжлэгч М.*******гийн жирэмсний болон амаржсаны тэтгэмж 8,324,688 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч М.*******гийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвд даалгасугай.

2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 149,676 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч М.*******д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвөөс 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2. дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Э.ДУЛМАА