2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 193/ШШ2026/00461

 

 

 

 

 

 

 

 

 

2026 03 17

193/ШШ2026/00461

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

  Нэхэмжлэгч: *******,******* тоотод оршин суух, ******* овогт*******ын ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******, ******* /РД:*******/-д холбогдох,

ажилгүйдлийн тэтгэмж 7,744,279 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Серк нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1.Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Би 2017 оны 7 дугаар сараас 2025 оны 6 сар хүртэл тухайн Налайх эрүүл мэндийн төвийн дотрын тасгийн ээлжийн сувилагчаар ажилласан. 2025 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. Налайх эрүүл мэндийн төв нь 2024 оны 9 сараас 2025 оны 6 сар хүртэл миний ажилласан хугацааны сүүлийн 9 сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй тул нийгмийн даатгалын сангаас олгогдох ажилгүйдлийн тэтгэмж болох 7,744,279 төгрөгийг олгох боломжгүй болсон. Иймд Налайх Эрүүл мэндийн төвд ажиллаж байх хугацааны Эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх, ажилгүйдлийн тэтгэмж болох 7,744,279 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

  2.Хариуцагч Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч 2025 оны 6 дугаар сар хүртэл сувилагчаар ажиллаж байсан. 2024 оны 9 сараас 2025 оны 6 дугаар сар хүртэлх Нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй гэж нэхэмжлэлд дурдсан байна. Налайх дүүргийн Нийгмийн даатгалын газраас нэхэмжлэгчид хариу өгөхдөө хуримтлагдсан өр авлага үүссэн тул Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 32.6-д заасныг үндэслэн хариу өгсөн. Тус хуулийн 4.1.16-д "тэтгэмж" гэж нийгмийн даатгалын хууль тогтоомжид заасны дагуу эрх үүссэн даатгуулагч хөдөлмөрийн чадвараа түр алдах, жирэмсний болон амаржсаны амралт эдлэх, ажилгүй болох тохиолдолд өөрт нь, нас барахад түүний гэр бүлийн гишүүнд нэг удаа олгох мөнгөн хөрөнгийг хэлнэ гэж заасан. Манай байгууллагын буруугаас болж энэхүү мөнгө төлөгдөөгүй биш харин Сангийн яамнаас олгосон квоттой холбоотой. Манай байгууллагаас үүссэн нөхцөл байдлын тухайд олон байгууллага руу бичиг явуулж байсан. Манайх 1995 оноос өнөөдрийг хүртэл цаг хугацаандаа Нийгмийн даатгалын шимтгэлээ төлж олон жил ажиллаж байна. Нэхэмжлэгч Г.*******д тэтгэмж олгох үүргээ манай зүгээс хохироогоод байгаа зүйл байхгүй. Налайх дүүргийн Нийгмийн даатгалын газрын үйл ажиллагаатай холбоотой. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3.Нэхэмжлэгчээс хэрэгт дараах баримтуудыг гаргаж өгсөн. Үүнд: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 2 тал/, Налайх дүүргийн оршин суудаг талаарх тодорхойлолт /хх 4 тал/, Г.*******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 5 тал/, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт болон тэтгэмжийн хуваарь /хх 6-7 тал/, Налайх дүүргийн Эрүүл мэндийн даргын 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Б/97 дугаартай тушаал /хх 8 тал/, Налайх дүүргийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 219 тоот албан бичиг /хх 9 тал/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

4.Хариуцагчаас хэрэгт дараах баримтуудыг гаргаж өгсөн. Үүнд: Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 134 тоот албан бичиг /хх 43-44 тал/, мөн газрын 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 1/318 тоот албан бичиг / хх 45-46 тал/, 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 345 тоот албан бичиг /хх 47-48 тал/, 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 357 тоот албан бичиг /хх 49 тал/, 2025 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 103 тоот албан бичиг, түүний хавсралт /хх 50-51 тал/, 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1/326 тоот албан бичиг /хх 52 тал/, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1/330 тоот албан бичиг /хх 53 тал/, 2025 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 1/105 тоот албан бичиг, түүний хавсралт /хх 54-55 тал/, 2025 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 1/62 тоот албан бичиг /хх 56-58 тал/, 2025 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 1/70 тоот албан бичиг /хх 59 тал/, 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 1/264 тоот албан бичиг /хх 60-61 тал/, 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 595 тоот албан бичиг /хх 62 тал/, 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 1/523 тоот албан бичиг /хх 63 тал/, шийтгэлийн хуудас /хх 64 тал/, Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 492 тоот албан бичиг /хх 65 тал/, мөн газрын 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 526 тоот албан бичиг /хх 66 тал/, төсвийн тайлан /хх 67-118/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            5. Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвд холбогдуулан ажилгүйдлийн тэтгэмж 7,744,279 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах тухай   нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

  6.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ ... Налайх дүүргийн Эрүүл мэндийн төв миний цалингаас суутгаж авсан нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын санд шилжүүлээгүйн улмаас ажилгүйдлийн тэтгэмжийг Налайх дүүргийн нийгмийн даатгалын газар олгоогүй. Иймд ажилгүйдлийн тэтгэмжээ Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвөөс гаргуулна гэж тайлбарлаж байна.

7.Хариуцагч Налайх дүүргийн Эрүүл мэндийн төв нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй үндэслэлээ ... Манай байгууллагын буруугаас болж энэхүү нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй биш харин Сангийн яамнаас олгосон квоттой холбоотой. 2021 оны 3 дугаар сараас гүйцэтгэлийн төсвийн бүтцэд шилжсэн өөрчлөлтийн улмаас өр үүсэж эхэлсэн. Зардал тавигдсан боловч шимтгэл төлөх квотыг бууруулсан. Засгийн газрын 128 дугаар тогтоолоор цалинг 10 хувь нэмэгдсэн бөгөөд алслагдсан дүүргийн 20 хувийн нэмэлт зэрэг өгөөгүй. Эрүүл мэндийн яам болон даатгалын сангийн санхүүгийн хязгаарлалт одоог хүртэл үргэлжилж байна. Энэхүү асуудлын хүрээнд бид тухай бүр төлөлтийн тайланг хүргүүлж ажилласан. Нэхэмжлэгчийн ажилгүйдлийн тэтгэмжийг Нийгмийн даатгалын газрын буруу тайлбартай холбоотой. Г.*******д тэтгэмж олгох хуулиар хүлээсэн үүргээ Нийгмийн даатгалын төвийн газар биелүүлээгүй гэж маргаж байна.

8.Ажилгүйдлийн даатгалын тэтгэмж гаргуулах шаардлагын тухайд:

8.1.Нэхэмжлэгч Г.******* 2017 оны 7 дугаар сараас 2025 оны 6 сар хүртэл тухайн Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн дотрын тасгийн ээлжийн сувилагчаар ажиллаж, 2025 оны 05 дугаар сарын 30-ний өдрөөс ажлаас чөлөөлсөн үйл баримтад талууд маргаагүй бөгөөд нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Б/97 дугаартай Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын тушаал, зохигчийн тайлбараар тогтоогдсон.

8.2.Харин ажлаас чөлөөлөгдсөн тул ажилгүйдлийн тэтгэмжээ авахаар Налайх дүүргийн Нийгмийн даатгалын газарт хандахад Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх заалтад ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг нийтдээ 24 сар ба түүнээс дээш хугацаанд, ажилгүй болохын өмнөх сүүлийн 9 сар тасралтгүй төлсөн бол ажилгүйдлийн тэтгэмж авах эрх эрхтэй. Ажил олгогчоос ажилгүйдлийн даатгалын шимтгэл сүүлийн 9 сар тасралтгүй төлөөгүйн улмаас ажилгүйдлийн тэтгэмж авах эрх үүсээгүй учир тэтгэмж олгогдоогүй. Хэрэв ажилгүйдлийн даатгалын шимтгэл тасралтгүй төлөгдсөн бол Г.*******д Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу нийт 7,744,279 төгрөг тооцоологдож байна гэж Налайх дүүргийн Нийгмийн даатгалын газраас 2026 оны 02 дугаар сарын 11-нд албан бичгээр хариу өгсөн байна.

8.3.Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 4.1.2.-д "даатгуулагч" гэж нийгмийн даатгалын хууль тогтоомжид заасан тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн нөхөн сэргээлтийн зардлын төлбөр авах зорилгоор нийгмийн даатгалын санд урьдчилан шимтгэл төлж даатгуулсан Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг , 4.1.6."нийгмийн даатгалын байгууллага" гэж нийгмийн даатгалын сан бүрдүүлж, даатгуулагчид тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн нөхөн сэргээлтийн зардлын төлбөр, ажил олгогчид үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардал олгох, шимтгэлийн хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх зэрэг үйл ажиллагаа эрхэлж байгаа хуулийн этгээдийг хэлнэ.

8.4.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2.1, 9 дүгээр зүйлийн 9.1-д заасны дагуу даатгуулагч нь ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй.

Ажил олгогч нь дээрх үүргээ биелүүлээгүй гэх шалтгаанаар ажилгүйдлийн тэтгэмж олгохоос татгалзсан нь даатгуулагчийн хууль ёсны эрх ашиг, сонирхлыг зөрчиж байна.

Налайх дүүргийн Эрүүл мэндийн төв нь тус байгууллагын гүйцэтгэлийн санхүүжилт хүрэлцэхгүйн улмаас өглөг, авлага хуримтлагдаж өр үүссэн. Ажилчдынхаа цалинг эхний ээлжид тавьж, нийгмийн даатгалын шимтгэлийг дараа сарын цалингийн урьдчилгаанд өгч, зарим сард нийгмийн даатгалын шимтгэлд мөнгө шилжүүлж байгаа гэж тайлбар гаргаж маргасан.

8.5.Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар Нийгмийн даатгалын газар нь нийгмийн даатгалын шимтгэл төлөгч буюу ажил олгогч Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвд холбогдуулан дутуу төлсөн даатгалын шимтгэлийг шаардах эрхтэй.

8.6.Харин нэхэмжлэгч нь авах ёстой тэтгэмжээ авч чадаагүйн улмаас үүссэн бодит хохирлоо ажил олгогчоос шаардах эрхийг нь Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.6.-д ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл нь төлөгдөөгүй, дутуу, эсхүл хугацаа хожимдож төлөгдсөн, шимтгэл төлөлтийн тайланг ирүүлээгүй, тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн нөхөн сэргээлтийн зардлын төлбөр авах баримт бичгийг даатгуулагчид болон нийгмийн даатгалын байгууллагад хуульд заасан хугацаанд гаргаж өгөөгүйн улмаас тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн нөхөн сэргээлтийн зардлын төлбөрийг авч чадаагүй, эсхүл хугацаандаа бүрэн аваагүй бол учирсан хохирол, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхэд гарсан зардлыг ажил олгогчоор төлүүлэх эрхтэй.

8.7.Шүүх хуралдаанд гэрч гаас ... 2024 оны 12 сар хүртэл нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн, түүнээс хойших хугацаа төлөгдөөгүй. 2 дугаар сарын сүүлийн хагасын цалин бүрэн олгогдох боломжгүй тул бүр цалингийн өр үүссэн. Санхүүжилтээ харж байгаад цалингаа тавьж, үлдэгдэл төлбөрөө гүйцэтгэлийн дүнгээрээ төлж байгаа, үүнд мөн нийгмийн даатгалын шимтгэл тодорхой хэмжээгээр төлж байгаа гэв.

8.8.Нэхэмжлэгч Г.******* нь ажилгүйдлийн даатгалын тэтгэмжээ ажил олгогч Налайх Эрүүл мэндийн төвөөс нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй бөгөөд харин хохирол, зардлаа шаардах эрхтэй.

8.9. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг нийтдээ 24 сар ба түүнээс дээш хугацаанд, үүнээс ажилгүй болохын өмнөх сүүлийн 9 сар тасралтгүй төлсөн, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан байгууллагад бүртгэлтэй, ажил идэвхтэй хайж байгаа Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд заасан өндөр насны тэтгэврийн ердийн насанд хүрээгүй даатгуулагч ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй.

Даатгуулагч буюу нэхэмжлэгч Г.******* нь 2017 оны 07 сараас 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвд ээлжийн сувилагчаар ажилласан. Ажил олгогч Налайх дүүргийн Эрүүл мэндийн төв нь даатгуулагч Г.*******гийн нийгмийн даатгалын шимтгэлийг дутуу төлсөн, Налайх дүүргийн Нийгмийн даатгалын газар даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл дутуу төлөгдсөн байгааг тогтоох үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй, ажил олгогчоос нийгмийн даатгалын шимтгэлийг дутуу төлсөн үйлдэлд нэхэмжлэгчийг /даатгуулагчийг/ шууд буруутгах үндэслэл тогтоогдоогүй.

Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 11 дүгээр зүлийн 11.5-д нийгмийн даатгалын байгууллага ажилгүйдлийн тэтгэмжийг даатгуулагчийн арилжааны банкан дахь дансаар дамжуулан сар бүр олгоно гэж заасан. Налайх дүүргийн Нийгмийн даатгалын газраас Г.*******д Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу 7,744,279 төгрөг олгогдохоор байна гэж өргөдөлд хариу өгсөн. Нэхэмжлэгч Г.******* ажилгүйдлийн тэтгэмж 7,744,279 төгрөг нэхэмжилсэн.

8.10. Иймд нэхэмжлэгч Г.*******гийн ажилгүйдлийн тэтгэмж 7,744,279 төгрөгийг хариуцагч Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвөөс гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл тогтоогдоогүй, хариуцагч нь Эрүүл мэндийн төв биш байна гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

9.Нэхэмжлэгч Г.******* хариуцагч Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийг эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн төлөхийг даалгах шаардлага гаргасан нь үндэслэлтэй.

9.2.Хариуцагчаас энэ шаардлагад маргаагүй бөгөөд зөвшөөрсөн тайлбар гаргасан.

9.3. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал төлснийг баталгаажуулах үүрэгтэй.

10. Иймд нэхэмжлэгчийн хариуцагч Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвд холбогдуулан гаргасан нэхэжлэлийн шаардлага болох эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн төлөхийг Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвд даалгах нь зүйтэй.

11.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 138,858 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвөөс 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.*******д олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1.  Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2.1, 9 дүгээр зүйлийн 9.1, 11 дүгээр зүйлийн 11.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.*******гийн 2024 оны 12 дугаар сараас 2025 оны 06 дугаар сар хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг хариуцагч Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвд даалгаж, хариуцагч Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвөөс ажилгүйдлийн тэтгэмж 7,744,729 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 138,858 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвөөс 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.*******д олгосугай.

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2. дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Э.ДУЛМАА